Friday, November 15, 2013

Өөрчилж болно гэхдээ...

Өөр хийчихмээр ажил олдохгүй болохоор нь ингээд цагаан толгойгоор оролдож байгаа юм байх даа. Яахав өөрчилж сайжруулах асуудал байж болно, түүнийгээ сайн бодож боловсруулсан гарах үр дагаврыг бас нягтлан шалгасан байх хэрэгтэй байх л даа. Ерээд онд нэг хэсэг хүүхдийг монгол бичгээр сургаж байна гээд бичиг үсэггүй болгох шахсан. Уг санаа нь зөв байсан байж болох ч ямар ч бэлтгэлгүй (ядаж багш нар нь өөрсдөө тэр бичгээ сайн сурсан байсан эсэх нь тодорхойгүй), ном сурах бичгийн асуудал шийдэлгүй адгуу ажил болоод үр дүн гараагүй байх. Өнөөдөр тэр сургамжийг мартсан бололтой, хутга бариад дайраад байна уу гэж бодогдох юм. Дүрмээ өөрчлөхөд хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Наад зах нь сургуулийн сурах бичгүүд цаашлаад албанаы бичиг баримт өөрчлөгдөж таарна. Нэг айлын бичиг баримт биш түүнийг өөрчилж шинэчлэхэд хэдэн зуу, мянган хүн ажиллах хэрэгтэй болно. Ийм тооцоо байдаг юм болов уу? Хасагдаж байгаа үсэг орсон нэр овогтой хүмүүс төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ солих хэрэгтэй болно, түүнтэй холбоотойгоор нөгөө элдэв диплом сэртификат (наад зах нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэл), жолооны үнэмлэх, хаягийн өөрчлөлт гээд явж өгнө шүү дээ.
Дор хаяж Улаанбаатарт үүнтэй холбоотой хэдэн гудамж талбайн нэр өөрчлөгдөх вэ гэсэн судалгаа байхгүй гэдэгт нэг их эргэлзэхгүй байгаа. Нэг тийм олон ааштай хүүхэд шиг харсан сарвайсан болгоноо өөрчлөөд шинэчлэл болчихно гэж андуураад байна уу.
Яг өөрчилье гэвэл нэг жижиг бүлэг хүнээр бага шиг зардлаар судалгаа хийлгээд үр дагаварын тооцоо, цаашлаад хэл шинжлэлийн талаас нь нягтлах ажил эхлээд хийлгээд, дараа нь улсын төсөв энэ зардлыг шингээж чадах уу, олон нийтийн санаа бодол ямар байна гэдэгт үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй байхаа.
За ингээд дүрмээ өөрчиллөө гэж бодъё. Тэр тохиолдолд сургуульд хуучин дүрмин талаар бас заах уу? Заахгүй гэвэл хойч үеийнхэн чинь нөгөө хасагдсан үсэгтэй "хуучны" ном судар уншиж ойлгох чадваргүй болох уу? Заалаа гэвэл ингэж шинэ дүрэм гаргахын хэрэг байна уу? Яаж ч бодсон энэ зуун жилдээ хүмүүс хасагдсан үсгийг мэддэг байх шаардлагатай л байх биз дээ (ганц хоёр жилд багтаагаад бүх номыг шинэ дүрмээр хэвлэж чадахгүйгээс хойш).
ИНгээд бодохоор нэг нөхөр дүрмийн өөрчлөлтийг сурах бичгийн хүрээнд сэтгэж бас хэдэн бор төгрөг олчих санаатай зүтгээд байна гэсэн хар төрөөд болохгүй л байгаа юм.