Friday, August 31, 2012

Лион (Lyon)

Зунжингаа дэмий тэнээд блог бичихгүй амарчихсан чинь буцаад бичих гэсэн бодол гар хоёр эвлэхгүй төсөөрчихжээ. Уг нь мартахаасаа өмнө бичиж үлдээмээр юм зөндөө л байх яг суугаад бичих гэхээр хаашаа ч юм үргээд алга болчих юмаа. Ерөнхийдөө компютерийг тойрсон маягаар амьдарч байх шив.
Өнөөдөр зун аялаж явахдаа хоног төөрүүлсэн Лион хотын хэдэн зураг оруулъя гэж бодлоо. Энэ Францын гурав дахь том хот, яг хотдоо хагас сая орчим оршин суугчидтай харин ойр дагуул хот дүүргийг оруулбал сая хагас болчихдог юм байна. Гарал үүсэл нь Ромын хаанчлалын үетэй давхцах урт түүхтэй энэ хот 16-р зуунд Европт ном хэвлэдэг гол төв байжээ. 
Дүрст бичлэгийг анх энэ хотын оршин суугч ах дүү Лүмиер зохион бүтээсэн гэдэг, тэр утгаараа киноны өлгий нутаг байх нь. Цагтаа Лионд нэхсэн торго тун чиг гайхамшигтайд тооцогддог байсан гэнэлээ. 


















Өнөө үед Лион хоол ундаараа алдартай, Францын гастрономийн нийслэл гэх нь бий. Тансаг зэрэглэлийн ресторан олон ч энэ хотын bouchon (бушон) хэмээх хоолны газар олонд хамгийн их хүрдэг болов уу. Ийм газрууд нэг их үнэтэй биш манайхны хэлдэгээр толгой цувдайгаар сайхан хоол хийцгээнэ: төрөл бүрийн цэлцэгнүүр, зайдас, үхэр гахайн ялз чанасан толгойн мах гээд... Торго нэхэх үйлдвэрийн ажилчид ийм хоол иддэг байсан гэлцдэг.
Бидний орсон хоолны газар 15 еврогийн зууш, хоол, дэссэрт орсон оройн хоолны меню санал болгосон. Мэдээж нутгийн дарсаар даруулаад сайхан байлаа. Муу хүн идсэнээ гэдэг ч Францаар явчихаад хоол унд ярихгүй байх хэцүү.

Дараа тухтай хэд хонох юм байна гэж сэтгэлдээ тэмдэглээд цааш хөдөлсөн дөө.

Tuesday, August 21, 2012

Их өөрчлөлтийн босгон дээр


Аймаар сүртэй гарчиг байна уу? Хүмүүст тэгэж санагдахгүй байх л даа, харин манай гэр бүлийн хувьд том өөрчлөлт гарах гээд л. Хүү маань оюутан болоод гэрээсээ нүүх гэж байгаа юм. Уг нь цагийн зайтай Эдинбүрг-д (би өөрөө өдөр болгон явдаг) гэсэн ч өдөр болгон харахгүй ярихгүй гэхээр тийм. Охин анх дуулаад би ахтайгаа хамт явна гэж баахан дэвхэрсэн. Хөөрхий минь ганцаараа хэцүүдэх байх даа.
Хүүгийн хувьд бие дааж ганцаараа амьдарна гэхээр сайхан байх шиг. Би ч гэсэн тээр жил хоног тоолон байж гэрээсээ явж байснаа санадаг л юм. Ээж аав маань бас над шиг хямарсан болов уу? Муу дүү минь эгчийгээ санасан л байх даа.
Би нээрээ нялцаахай байгаа биз. Миний ажилладаг хот уулзъя гэвэл өдөр бүр болно, утас интэрнэт байна, тэр хүүхэд чинь өлсөөд байвал хагас бүтэн сайнд гүйгээд л ирнэ ш дээ, юун сүртэй юм гэж ирээд дотоод хүн загнах. Өдөр тутмын уулзах ярихдаа биш хүүхэд насаа үдэж их амьдралын босгон дээр ирсэн болохоор нь ингэж догдолж бас санаа зовж яваа юм байлгүй дээ хөөрхий. Амьдралаа гэж...

Thursday, August 9, 2012

Сайхан амарлаа


Сайхан амарлаа, тэнүүлч хүн чинь ёстой хөлийнхөө улын загатнааг гартал явлаа. Дээр Амстэрдам орсон тухайгаа бичсэн билээ. Тэндээс гараад даруй 4000 гаруй км зам туулжээ. Явсан газрын маршрутыг дор тоймлов.

Авсан зурагнуудаасаа шилж байгаад хэдэн бичлэг хийх материал бүрдсэн байхаа. Харин ингэж яваад олимп сайн үзэж чадсангүй (интэрнэтэд холбогдож чадсангүй, зурагтаар эд нар өөрсдийгөө л гаргах юм). Манайхан энэ жил мундаг байнаа, ямар ч гэсэн 5 медальтай юм байна. 29 хөн тамирчин явуулаад 5 медаль авдаг улс байдаг ч юм уу. Манай залуучууд урамтай байна шүү.