Tuesday, December 30, 2008

Нүүдлийн замд өнгөрүүлсэн зул сарын баяр

За ингээд манайх гэдэг айл бууринаасаа хөдлөөд хоёр долоо хоног илүү болсон ч зорьсон газраа арай хүрээгүй л явна. Нэгэнт замд яваагийнх далиманд нь юм үзээд шинэ хуучин танилуудынхаараа зочлоод авдаг хэрэг гээд Дублин, Парис бас Норманд нутгийн жижиг тосгоныг зорьсон нь тэр. Нүүж яваа улс ачааны ихдээ түүртсэн хэдий ч жил тойрон ажлаас өөр юм бодоогүй надад ингээд зугаалж явах сайхан л байна.
Бидний амралтынхаа ихэнх цагийг өнгөрөөж буй газар бол 400 орчим хүн амтай Нормандын жижиг тосгон юм. Энд тэнд харагдах жижиг ойг эс тооцвол эргэн тойрны газар тэр чигээрээ тариан талбай. Тэнд дунд хааяахан туулай, үнэгхэн үе үе үзэгдэнэ. Туулайн тоо толгой нэмэгдээд талбай сүйтгэх нь ихсэв гээд эртээд машинтай хэдэн хүн ирж агнаж байх нь харагдсан.
Норманд нутаг Францын хамгийн үржил шимтэй хөрстэй нутгийн нэг гэнэ. Тийм ч учраас энэ хавийг баян нутаг гэлцдэг юм билээ. Өвсөн дээр алхахад бамбалзаад 12 сарын сүүл гэхэд сахлаг өндөр өвс нь ногооноороо нээрээ л юу ч тарьсан ургачихмаар санагдаж байна лээ шүү. Тариан талбайд дөнгөж соёолж буй буудай үзэгдэв. Энд жилд хоёр ургац авдаг юм уу гэж сонирхвол үгүй гэнэ. Буудайг намрын сүүл өвлийн эхээр тариалж зуны сүүлчээр хураадаг. Гарц сайтай сортын буудай удаан ургадаг гэнэ. Нэг га газраас 10 тонн буудай авдагийг сонсоод их гайхсан юм байна. Бороо ихтэй жил харин гарц муу буудай нь сайн боловсорч чаддаггүй гэнэ. Манайд болохоор эсрэгээрээ шүү дээ.
Эндээс арваад км яваад Ла Маншийн хоолойн эрэгт хүрнэ. Далайн эрэг дээр байх Fecamp гэх хот усан зогсоолтой, загасчдын хот аж. Хот өөрөө бараг л мянгаад жилийн түүхтэй байх юм. Цонх дээврийг улаан тоосгоор эмжсэн цахиур чулуун байшин олон харагдана. Энэ нутгийн архитектурын онцлог гэмээр юм уу даа. Энд францчууд үүх түүх уламжлалаа хадгалахын тулд маш их хүчин чармайлт гаргадгийг дурдах нь зүйтэй санагдана. Хүмүүс хуучны байшингаа тордож суухыг шинэ байшин барихаас илүүд үзнэ. Ямар гоё ч гэдэг юм уу сонирхолтой байшин хаахнуур байдаг талаар олон цагаар хуучилцгаадаг юм байна лээ. Бидний байгаа байшин ч гэсэн мөн л тэр нутгийн онцлогийг хадгалсан цахиур чулуун байшин барагцаалбал 150 орчим жилийн настай болов уу.
Эндээс арай зайдуу Сена мөрний хөндийд байх үнээний фермтэй айлд бас зочилсон юм байна. Битүү байранд 50-60 орчим саалийн үнээтэй хоёр хоног тутам 4000 орчим литр сүү тушаадаг гэнэ. Үнээгээ цахилгаан саалтуураар саахад сүү шууд хөргүүртэй том торхонд орно. Сүүний машин тэр торхноос шууд сүүгий нь юүлээд авчихдаг юм байна лээ. Миний хувьд ингэж юм үзэж явах сонин сайхан байлаа. Дараа франц хоол ундны тухай тусад нь бичнээ. Fecamp хотод авсан хэдэн зургаа оруулав.
Ингээд манайхаар зочилсон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ирэх жил эрүүл энх аз хийморьтой яваарай гэж ерөөе.





Friday, December 19, 2008

Баяртай Нью Иорк!!!!

Ингээд долоон жил амьдарч муу сайн ч гэсэн дасал болсон бууриа сэлгэж, далайг гатлан шинэ газрыг зоривоо. Явахаасаа өмнө ажлаа амжуулах гээд салах ёс гүйцэтгэж чадаагүй мэт санагдаад зорьсон газраа хүрэхээсээ өмнө хэдэн үг халтарлаж суугаа минь энэ. Дэлхийд байдаг бүх л орноос ирсэн найман сая гаруй хүмүүс энэ хотыг гэрээ хэмээн нэрлэж, түүнээс ч олон хүн энд ирэхсэн гэж мөрөөддөг бизээ. Манай гэр бүлийн хувьд энэ хот ээлтэй сайхан газар байсан хэдий ч том хотын амьдрал бас нэг л таарамгүй оргиж байснаас нүүх гэж эртнээс мөрөөдсөн билээ. Ямар ч гэсэн хүсэл эхнээсээ биелж далайг гатлан Европыг зорьж буй нь энэ.

Хэн нэгэн дээхэндээ надад хэцүү газар байлаа ч гэсэн амьдарч буй газраа муулж болдоггүй юм гэж захисаныг санаж гомдол тавихгүйг хичээх боловч бас л яаж ийгээд муу үг унагаачих гээд байдаг юм. Юу ч гэсэн энэ хот миний охины төрсөн нутаг билээ. Аянд гараад ядрахын цагт охин маань гэртээ харья гэж гуйдаг юм. Хэдий бид эндээс нүүж яваа гэж тайлбарласан боловч бяцxан ухаандаа сайн ойлгож бас чадахгүй байгаа бололтой. Баяр гуниг бүхнийг минь хуваалцаж ижил дасал болсон найз нөхдөө бас үлдээж буй билээ. Хүний амьдралд долоон жил гэдэг урт хугацаа эн хооронд олон газраас ирсэн улстай сайхан нөхөрлөж мөр зэрэгцэн ажиллах боломж таарсаныг завшаан гэж боддогоо.

Юутай ч гэсэн ингээд удаан суусан газраа орхин нүүлээ. Шинэ газар бидэнд ээлтэй байна гэж найднам. Та бүхэндээ ч гэсэн тун удахгүй шинэ газрын сонин хачин дуулгана гэж амлая.

Thursday, November 20, 2008

Оньсого #51

Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Үр нь хар
Үндэс нь цагаан
Гэзэг нь ногоон
Гэдэс нь цүзгэр, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхний хариулт бүтэн сайн өдөр хүртэл нийтлэгдэхгүй гэдгийг дахин сануулмаар байна. Ингээд та бүхэн оньсогоо тааж болгооно уу?

Tuesday, November 18, 2008

Шинэ лого


Хуучин лого


Шинэ лого (уг нь цэнхэр өнгөтэй юмсан энд улаан өнгөтэй буугаад ер болохгүй юмаа)

Манай сургууль лого эмблэм солих баяр хийвээ. Нүдэнд дасал болсон өвгөн эрдэмтний танил царайг дугуйрсан шат шиг харагдах ДНХ молекулын дүрсээр сольсон нь тиймхэн санагдсан ч энд тэнд хүний дүрстэй эмблэм буулгаж хэвлэх түвэгтэй байдаг гэсэн зөвтгөл сонсогдоно. Нэг их сүртэй баяр ёслол хийнэ гэж санаанд ч ороогүй байтал хэдэн өдрийн турш сургуулийн ойр орчинг цэвэрлэж будаж засаад, шинэ танилцуулганы зураг авч байна энэ тэр гээд баахан бужигнасан юм.

Ёслолын ажиллагаанд ажлынхаа энэтхэг, япон хоёр хүүхэнтэй хоцроод очвол чухал улсууд нь үгээ хэлээд дууссан бололтой харин амьд хөгжимтэй сургуулийн цэнгээнт бүжгийн клубын оюутнууд бүжиглэж харагдав. Оюутны хооллох танхимыг их л хөрөнгө зарсан байдалтай чимэглэж, тэр том танхимын хана тойроод зассан ширээнүүдээр олон газрын хоол унд, жимс чихэр, дарс ундаагаар орж гарсан улсыг дайлж байна. Бид гурав ч яахав дуртай юм болохоороо sushi хийж буй ширээний ойр тухалж бүжиглэж буй улсыг харж зогсов. Тэр дунд өндөр туранхай, зузаан нүдний шилтэй, тавь гарсан орой дээрээсээ халцарч яваа статистикийн багш маань их л идэвхтэй бүжиглэж байгаа нь нүдэнд тусав. Манай энэтхэг хүүхэн бид хоёр хоёулаа түүний уйтгартай нэг хэмийн лецкэнд сууж байсны хувьд хөөх ийм бүжигчин гэж хэлэх аргагүй хүн дээ гэлцээд гайхан зогстол, хажууд зогссон япон хүүхэн маань бид хоёрт "та хоёр амаа" гэхэд нь сэхээ авч хоёулаа амаа ангайн гайхаж зогссоноо ухаарч бөөн инээдэм болов. Ер нь өдөр тутам ажлын шугамаар уулзаж явсан улс баяр хөөр болоод дуу бүжиг болж байгааг харахад бас сонин байлаа.

Тэндээс гарахад хүн бүрт ууттай бэлэг тарааж байна. Шинэ логотой футболка, малгай, тэмдэглэлийн дэвтэр гээд бас бус зүйл хийж. Шинэчилж хэвлэсэн сургуулийн танилцуулгад манай лабораторийн хоёр гурван хүмүүсийн гоё зураг орсон нь дурсгалтай санагдав. Гараад явсан тэр хавиар дүүрэн ижил уут барьсан хүмүүс. Яагаад ч юм сургуульд байхдаа шинэ жилийн тоглолт тараад явахад хүүхэд бүр ижил ууттай бэлэг бариад явдаг байсан санаанд оров.

Saturday, November 15, 2008

Хүйтэн ба дулаан газрын сэтгэхүй

Сүүлийн хоёр өдөр 11 сард тэр бүр тохиодоггүй (миний санаж байгаагаар) 17-18 градус хүрч дулаараад хүйтний улиралд сэтгэл зүйн болоод эд материалын бэлтгэлээ хангачихсан байсан намайг бас л донсолгож орхив. Би гэдэг хүн хүйтрээд эхлэнгүүт зуны хувцасаа далд хийгээд дулаан хувцасаа гаргаж бэлддэг юм. Энд ирсээр хэд хэдэн удаа далд хийсэн хувцасаа буцааж ухах хэрэг гардаг ч гэсэн засрахгүй л 11 сартай уралдаад өвлийн бэлтгэлээ хангачихдаг. Ерөөсөө манайд бол 11 сар гарсан бол эргэж дулаараад байдаггүйдээ дасссаных ч байж болох.

Сүүлийн хоёр өдөр энэ хавийн улс футболка шортоор гангарч намар ерөөсөө болоогүй мэт аашлах нь сонин санагдана. Миний хувьд халууцаж байсан ч хувцасаа нимгэлчихвэл даарчих гээд байгаа юм шиг санагдаад ер болдоггүй юм. Сэтгэл зүйн хувьд өвөлд бэлдсэн бол дулаарах хамаагүй бололтой юмаа. Нээрээ дулаан хувцас гэснээс ажаад байхад дулаан газраас ирсэн улс хүйтний улиралд тааруулж хувцаслаж чаддаггүй нь бас л нутагтаа дасан зохицсоны шинж бизээ. Энд цас ороод хүйтэрч эхэлмэгц зузаан малгай өмсөж, ороолтоор нүүрээ битүү шахуу ороосон энэтхэгчүүд олон таарна. Нүүр царайг нь харвал их даарсан шинжтэй, харин доошлуулаад ажвал хөлдөө сандайл жийсэн байх нь олонтаа. Хүйтний улиралд хөл дулаан байхын чухлыг сайн ойлгодоггүй бололтой юм билээ.

Хэдэн жилийн өмнө нэг их цастай өдөр хүүгээ энэтхэг найзтай нь гадаа тоглуулаад орхисон юм. Авах гээд ирвэл хүүгийн найзын дүү охин учиргүй уйлчихсан аав нь яахаа мэдэхгүй дэмий сандрах. Яасан ийсэн гээд байсан охиндоо дан өмд, усны гутал өмсүүлээд гарсан байгаа юм. Цасаар тоглоод даарсандаа охин уйлж байсан нь тэр байж. Манайх ойр байсан тул гэртээ оруулж хөл гарыг нь дулаацуулаад ийм үед давхар өмд, дулаан гутал өмсүүлж байх хэрэгтэй гэж тайлбарлаж билээ.

Шинэ газрын уур амьсгалд дасна гэдэг тийм амар биш юмаа даа.

Sunday, November 9, 2008

Түүхэнд үлдэх өдөр


Америкт ирсээр гурав дах ерөнхийлөгчийн сонгууль үзэж буй хэдий ч энэ удаагийн сонгууль олон шалтгааны улмаас онцлог болж өнгөрлөө. АНУ түүхэнд анх удаа өнгөт арьстан ерөнхийлөгчтэй болов. Сонгуулийн дүн гарахад зөвхөн америкт биш дэлхийн олон улс оронд баярласан хүмүүс цуглаж шинэ эрин үе эхэлж байгааг зарлав. Обама ямар ерөнхийлөгч байж ажлаа хэр сайн хийхийг цаг хугацаа харуулах боловч Кенийн малчин залуугийн хүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгчөөр сонсогдсон нь үнэхээр онцгой үйл явдал билээ. Энэ сонгуулийн дүн африк гаралтай америк залууст итгэл найдвар, үлгэр дууриал болж байгаа бөгөөд арьсны өнгийг чухалчлах үзэл үеэ өнгөрөөж байгаагийн дохио юм болов уу.

Миний ярилцсан хүмүүсийн ихэнх нь ардчилсан намыг дэмжигчид байсан нь шинжлэх ухааны салбарт ажиллагсадын үзэл бодлын нэг илэрхийлэл байх гэж боддог юм. Сонгуулийн өмнөх өдөр зарим нь Обамагийн ялалтанд итгэж баярлаж байхад зарим нь ялагдах вий хэмээн болгоомжлон догдолж байлаа. Сонгуулийн дүн гарахад бүгд тайвшран амьсгаа авахдаа америк хүмүүсийн саруул ухаан ялав гэж дүгнэцгээж байв. Миний танилуудын олонх нь Бушийг хоёр удаа сонгосон түмэнд итгэх итгэл алдарсан байсан гэдгээ хүлээцгээсэн юм. Энд бас Обамаг хүндлэн биширч саналаа өгсөн нэг хэсэг байхад хүнд нь биш зарчмын хувьд ардчилсан намын нэр дэвшигчид саналаа өгсөн нэг хэсэг бас бий. Дээр хэлсэнчлэн Обама чухам ямар ерөнхийлөгч болох вэ гэдгийг цаг хугацаа шалгана, харин энэ сонгуулийн дүн америкийн түүхэнд арьс өнгөөр ялгаварлах үзлийг давсан чухал алхам болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хэдий хүн бол гарал үүсэл арьсны өнгө хамаарахгүй эрх тэгш байх ёстой гэж тунхаглаад хагас зууныг үзэж байгаа ч амьдралд энэ үзэл амь бөхтэй оршсоор байгаа юм. Зүгээр энгийн жишээ авахад африк гаралтай хэн нэгэн цагаан голдуу хүмүүсийн оршин суудаг хэсгээр явж өнгөрсөнийхөө төлөө зодуулах тохиолдол космополитан гэгдэх Нью Иорк хотын дүүргүүдэд гарсаар л байгаа. Нөгөө талаар хар бор голдуу улс оршин суудаг хэсгийн сургууль, эмнэлэгийн чанар тааруу байдаг. Энэ бүлгийнхэн эмзэг, бага орлоготой бүлгийн дийлэнхийг эзэлдэг. Хэрэв хар арьстай залуу эрэгтэй бол цагдаа зогсоож шалгах магадлал өндөр. Эдийн засгийн болоод оршин сууж байгаа байршилаасаа болоод энэ бүлгийн залуус гэмт хэрэгт холбогдох тохиолдол өндөр байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөр учраас хорт хавдар болоод зүрх судасны ужиг өвчин энэ бүлгийн хүмүүст оношлогдох эмчлэгдэх магадлал бага гээд амьдралын хэм хэмжээ арьсны үзлээс хамаарах жишээ олныг дурдаж болно.

Дээр дурдсан жишээ зөвхөн цагаан хүмүүс бусдыг ялгаварлаад байгаагаас биш африк гаралтай хүмүүс өөрсдөө хэцүү байдлаас гарах гэж тэмцэх биш нөгөө л боолчлол дарангуйлалд автаж байсан өнгөрсөнөө дурсаж цагаан хүмүүсийг буруутгаж байдаг. Олонх нь бид хар учраас яаж ч зүтгээд юмны оргилд хүрч чадахгүй гэсэн үзэл түгээмэл байгаа нь ажиглагддаг юм. Обама сонгогдсоноор арьсны өнгө зорьсондоо хүрэхэд саад болохгүй, хөдөлмөрч чанар хамгийн чухал болохыг харуулж чадсан гэж боддог. Олон мянган залуус өнөөдөр мөрөөдөлд дээвэр үгүй, зүтгэвэл хүрч болно гэсэн найдвар олж харсан болов уу. Ингээд бодохоор Обама сонгогдсон энэ сонгууль түүхийн хуудсанд томоор бичигдэх үйл явдал болов гэж бодож, хүмүүс гарал үүслээсээ хамааралгүй тэгш эрхтэй амьдрах цагийн эхлэл тавигдав хэмээн магнай тэнийв.

Saturday, November 1, 2008

Шинэ ба хуучны зааг

Хоёр ажлын зааг гээч хэцүү эд байдаг бололтой. Манайх гэдэг айл нүүж суух гээд аж ахуйн олон асуудал шийдэх гэтэл шинэ хуучин хоёр дарга хоёулаа зэрэг зэрэг юм нэхээд байвал яахав. Хуучин даргын хувьд бол ойлгомжтой намайгаа явахаас өмнө хийж байсан болоод хийж байгаа ажлаа дуусгаж авах гээд өдөр бүр өсгий дараастай за юу болж байна гэсэн асуулт хагас цаг тутамд тавиад л. Шинэ дарга болохоор шинэ ажлынхаа талаар ийм юм уншиж бай, ийм юм олоод мэдээд ийм төсөл бичээдэх гээд тушаал хүсэлт аль нь мэдэгдэхгүй эмайл бичээстэй. Гэтэл би гэдэг хүн ганцаараа, виз, нүүдэл суудал, онгоцны билет, бичиг баримт гээд яах аргагүй хэрэгтэй юмаа бэлдмээр байдаг. Очоод орох байр сууцны байрлал, гайгүй сургууль хаагуур байна гэж тагнаастай. Болдог бол биеэ гурав хуваачихмаар өдрүүд үргэлжилж байх шив.

Болсон болоогүй авах хэцүү хаях хэцүү хэдэн новшоо яадаг юм билээ гээд толгойтой үсээ цайлгах шахуу юм болов. Эрх биш долоон жил амьдарсан айлд олон юм цуглах юмаа. Хэрэгтэй хэрэггүй ном, хүүхдийн тоглоом, хувцас хунар гээд юу эс байхав. Нэг бүрээр бодохоор тийм их үнэтэй цайтай юм алга боловч хагацаж боломгүй зүйл олон цуглажээ. Жигнүүр, хайртай тогоо, хайруулын таваг, хар хүний бэлэглэсэн хэдэн таваг, гурилын мод, элдүүр, хайртай заазуур гээд наад зах нь. За яахав бүгдийг нь ачаад явъя гэхээр үнэ өртөг нь дийлдэхгүй шинжтэй. Хэд хэдэн хувилбараар ангилж нэг үзэв, бас нэг л болохгүй шинжтэй. Орондоо ороод санаандаа хэдэн новшоо хэдэн янзаар хайрцаглаж үзнэ. Яршиг хаячихъя гэсэн чинь амьдарлынхаа нэг хэсгийг тасдаад хаях гээд байгаа юм шиг оргиод болдоггүй. Уг нь бол орлуулж болдоггүй юм гэж байдаггүйсэн. Дээр анх америкт ирээд хүмүүсийн их новш цуглуулдагийг гайхсан тухайгаа бичиж байсан өөрөө бас тэдний өрөөсөн дугуй болоод орхив уу даа энэ чинь.

Хэдий эндээс явахын хүслэн болж үглэн дуулж байсан хэрнээ яг явахаа болсон бас эвгүй юмаа. Сурсан дассан газраасаа явна гэдэг нас ахих тусам хэцүү болдог бололтой. Долоон жилийн хугацаанд олон ч хүнтэй танилцаж, ойр дотно орж гардаг болсон байх юм. Өглөө бүр охиныг минь инээмсэглэн угтдаг асрагч бүсгүй, зовлон жаргалаа хуваалцаж ижил дасал болсон ажлын маань хэд, сайхан зантай хүүхдүүдийн маань эмч, тогтмол ирсэнгүй гэж банга хүртээх орос шүдний эмч, хүүгийн маань ганц найз горзгор бор энэтхэг хүү, хүүхдүүдээ хамт гадаалуулдаг олон орны бүсгүйчүүд гээд үгүйлэгдэх хүмүүс олон болжээ. Охин маань өөрөө сайн ухаарахгүй ч төрсөн гэрээсээ явах гэж байдаг. Дараа том болсон хойноо би Бронксын уугуул гэж ярихад нь гайхах хүн олон гарах байх даа.

За тэгээд шинэ хуучны зааг дээр иймэрхүү сэтгэл хөдөлгөж бас үймүүлсэн олон бодол толгойд эргэлдэх юм даа.

Унгас ямар үүрэгтэй вэ?

Өнгөрсөн долоо хоногт хүний биенээс ялгарах хийн тухай сонирхолтой нээлтийн тухай
BBC news мэдээлжээ. Энэ хийн эвгүй үнэр хүний гэдсэнд байх олон сая бичил биетний ялгаруулах хүхэрт устөрөгчийн буруу гэж үздэг аж. Харин Америкийн Жонс Хопкинсийн анагаахын дээд сургуулийн судлаачид хулганы судасны хананы эсүүд CSE энзимийн туламжтайгаар мөн ийм хий ялгаруулдаг болохыг тогтоожээ. Энэxүү хий ялгарахад судасны хана тэлж цусны даралт буурдаг аж. Хулганы ийм энзимийн үйл ажиллагааг зогсоочихвол цусан дахь хүхэрт устөрөгчийн хэмжээ эрс буурч цусны даралт жирийн хулганыхаас илүү өндөр байсан гэнэ. Ингэхээр унгас цусны даралтын түвшинг зохицуулах үүрэгтэй ба хойшдоо шинэ маягийн эмчилгээ эм бий болгох боломж бий нээгдэж байгаа аж. Энэхүү судалгааны нийтлэл Science сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Thursday, October 30, 2008

Оньсого #50

За байз оньсогоо долоо хоног бүр таалгаж чадахгүй алдаг оног болгочихжээ. Гэхдээ байгаа хэдээ боломжоороо тавихыг хичээж байгаа минь энэ. Ингээд энэ удаад ийм оньсого таалгая:

Дээрээс нь харахад
Дэрэвгэр ногоон
Дэргэд нь очиход
Бөндгөр ногоон, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхэн тааж болгооно уу?

Sunday, October 26, 2008

Нэг тэмээ халтирвал...

Хүүтэйгээ хэн нэгний хийсэн үйлдэл өөр олон хүнд хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүлж суутал хүү маань:
- Аа тийм нөгөө монголд нэг тийм зүйр үг байдаг шүү дээ. Нэг тэмээ халтирвал мянган тэмээ халтирна гэж гэв.
Би эхэндээ учрыг нь сайн ойлгосонгүй, тэрүүхэндээ юу билээ гэж бодож бас үзэв. Нягтлаад асуугаад байсан нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үгийг хүү маань буруу цээжилсэн нь тэр байжээ. Хавьд инээгээгүйгээр нулимсаа гартал инээв. Охинтойгоо хуваалцах санаатай ах чинь нэг тэмээ халтирвал мянган тэмээ халтирна гэнээ гэсэн охин маань миний өөдөөс гайхаж харж байснаа
- Би бас халтираад ойчсон гэнэ.
Дүлий хэлгий хоёрын үлгэр шиг юм болж таарав.

Wednesday, October 22, 2008

Эрүүл мэндтэй холбоотой хоёр мэдээ

Японы судлаачид хүмүүсийн хоол идэх хурд жинд хэрхэн нөлөөлдөг талаар 3000 хүн оролцсон сонирхолтой судалгаа хийжээ. Хам хум хурдан иддэг эрчүүд илүүдэл жинтэй болох эрсдэлээ 84% иар, харин эмэгтэйчүүд 50% иар нэмдэг аж. Хоолоо түргэн иддэг хүмүүс ихэнх тохиолдолд шаардлагатай хэмжээнээс илүү их иддэг, энэ нь ходоод дүүрлээ гэсэн мэдээлэл тархинд хурдан хүрэхэд саадтай байдагтай холбоотой гэнэ. Үүнтэй холбоотой хоолоо яаралгүй сайн зажилж тухтай идэх, ийм хэвшлийг хүүхдүүдэд багаас нь тогтоох нь чухал гэсэн зөвлөмж гарчээ. Намайг бага байхад хоолоо халуун дээр нь хурдан ид гэж шаарддаг байсан, тэр хэрээрээ би бас хоёр хүүхдээ шавдуулах гээд байдаг буруу юм байнаа.

Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс dementia буюу Alzheimer өвчнөөр өвчлөх тохиолдол цөөхөн байдгийг Италид хийсэн судалгаа харуулжээ. Сүүлийн үеийн хэд хэдэн ажил тархиа идэвхтэй байлгах нь эд эсийн үхжилийг удаашруулдаг гэж харуулаад байгаа юм байна лээ. Настай хүмүүс интернэтээр мэдээлэл хайх хамгийн үр ашигтай урдчилан сэргийлэх арга болох тухай дээхнэ уншсан юм байна. Интернэтээр мэдээлэл хайх тархийг зүгээр ном уншихаас илүү идэвхжүүлдэг гэсэн байсан. Шатар тоглох, үгийн сүлжээ бөглөх гээд ой тогтоол, бодлого шаардсан үйлдлүүд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Мэдээллийг British Journal of Medicine, Neurology сэтгүүлүүдээс авав.

Tuesday, October 21, 2008

Ховор юм үнэ цэнэтэй

Бага байхдаа эмээгээ гурилтай шөл хамгийн сайхан хоол гэхийг сонсоод гайхдагсан. Хүүхэд байхад ховор юм сонин байдаг хойно хааяахан хийдэг нарийн хоолонд дуртай байсных юм болов уу. Одоо болохоор гурилтай шөл идэх дуртай хэдий ч гурил зуурахдаа хойрго болохоор хааяа л хийж иддэг юм. Тэр үед хоёр хүүхдийн маань нар гарах шахна. Хоёулаа хамар дээрээ хөлсөө бурзайлгаж ирээд л идэхийг нь харахаар өхөөрдмөөр. Гурилтай шөл хийсний маргааш бага охин маань шөлөө идье гэж нэхдэг нь инээдтэй. Юм ховор байх тусмаа үнэ цэнэтэй байдгийн жишээ юм болов уу.

Энд ирсэнийхээ дараа хүүхэдтэй монгол айлд зочлохдоо яаж гар хоосон байх вэ гээд дэлгүүр зүглэнэ. Чихэр жимс нь элбэг дэлбэг байж л байдаг болохоор хүүхдэд сонин биш байх шиг харагддаг юм. Багахан байхад дэлгүүрт зөвхөн өвөл зардаг алимны үнэр гудмаар нэг үнэртээд хорвоо дээр түүнээс илүү амттан гэж үгүй юм шиг санагддагсан. Энэ тухайгаа хүүдээ ярихаар жигтэйхэн их гайхдаг юм.

Одоо бол зав зайгаараа хааяахан ордог орос дэлгүүрийн баавгайтай чихэр л энэ хоёрт сонин сайхан зүйл байгаад байх шиг. Саявтар ээж маань илгээмжээр хэдэн ширхэг ааруул явуулсаныг хоёр гуравхан хоногт худалч хүнд бараг булаацалдаад дуусгаж орхисон. Дууссан хойно охин маань ааруул нэхэж сандаргав. Ааруул тавьж сурдаг ч юм уу гэсэншүү юм бодоод л сууж байна даа.

Monday, October 20, 2008

Кино бөөндсөн нь

Жаахан зав гармагц нь үзье гэж бодож байсан хэдэн киног энэ хагас бүтэн сайнд бөөндөж үзэв.

1. Dan in real life. Найруулагч Питэр Хэджсийн найруулсан 2007 оны инээдмийн драм ангилалтай энэ киног Стийв Карэл (Steve Carell), Жулиет Бинош (Juliette Binoshe) нар гол дүрд тоглосон гэж дуулаад үзэхсэн гэж бодсон юм байна. Гурван охинтой бэлэвсэн эр дахин хайр сэтгэлтэй учирч байгааг хөгжилтэй боловч бас уянгалагаар гаргасан нь сайхан санагдав. Түүнээс гадна өнөр өтгөн айлын халуун дулаан уур амьсгал, өсөн том болж байгаа охидын хүмүүжлийн асуудал гээд сэтгэлд ойр дотно аятайхан кино болж гэж дүгнэв. Стийв Карэл телевизийн Оффис хэмээх ситкомоор алдаршсан жүжигчин боловч "Little Miss Sunshine" кинонд гутралд автсан залуугийн дүрийг чадварлаг гаргаж, олон янзын дүрд чадмаг хувирч чадах жүжигчин гэдгээ харуулаад байгаа билээ.


2. Run fat boy run. Давид Швиммэрийн (телевизийн Найзууд ситкомын Россын дүрд тоглосон жүжигчин) найруулсан 2007 оны романтик инээдмийн кино. Хүн өөрийгөө ялахын чухлыг харуулах гэж зорьсон болов уу. Эхэлсэн ажлаа хэзээ ч дуусгаж үзээгүй залуу хүүгийнхээ ээжийн сэтгэлийг эргүүлэхийн тулд марафон уралдаанд бэлтгэн гүйж байгаа тухай хөнгөн бөгөөд хөгжилтэйгөөр харуулсан кино байлаа. Жирэмсэн сүйт бүсгүйгээ хуримын өдөр орхиж зугтаагаад олон жилийн дараа хийсэн алдаагаа ойлгож, бүсгүйн сэтгэлийг эргүүлэхийн тулд ямар нэг юмыг эцсийг нь хүртэл хийх чадвар бий гэдгээ нотлох хэрэг Дэннис гэх залууд гарна. Хэзээ ч спортоор хичээллэж байгаагүй тэр олон гунигтай бас хөгжилтэй олон бэрхшээл даван зорьсондоо хүрсэн тухай өгүүлжээ.


3. Монгол. Сергеи Бодровын энэ киноны талаар сайн саар олныг сонсоод үзэхгүй байхаар шийдсэн боловч хүүгийнхээ хүсэлтээр үзэж таарав. Энэ киног үзсэн гадныхан сайн кино болж гэж дүгнэсэн боловч монгол хэлтэй хүн үзэхдээ кино урлаг гэдэг талаас нь дүгнэхэд тун хэцүү санагдсан. Жишээ нь, аав нь цэвэр өвөр монгол аялагаар ярихад хүү нь ар монгол аялагаар хариу хэлж байx юм. Гол дүрийн жүжигчид монголоор ярихыг хичээсэн нь сайшаалтай ч ихэнхдээ юу хэлж байгаа нь ойлгогдохгүй нэг тиймэрхүү. Мэдээж монгол үзэгчдэд зориулсан биш юм чинь гэж өмөөрч болох боловч найруулагч нь өөрөө монгол хэлгүй нь алхам тутам мэдрэгдээд байх шиг санагдав. Чингэс хаанд тоглосон япон жүжигчин бас л юу хэлж байгаагаа сайн мэдэрч чадаагүйгээс болсон болов уу дүрээ сэтгэлд шингэтэл гаргаж чадаагүй ерөнхийдөө нэг тийм идэвхгүй, эхнэрийнхээ амаар байдаг хүн шиг гарчээ. Монгол хүн хийгээгүй болохооор монгол зан заншил, сэтгэхүйг гаргах хэцүү биз гэж бодсон ч хүмүүсийн юг нь шагшаад байгааг бас сайн ойлгосонгүй ээ. Уг нь Бодров найруулагчийг сайн гэж хүндэлж явдаг боловч сэтгэл жаахан гонсгор үлдэв.

За иймэрхүү хагас бүтэн сайн өнгөрөх шив дээ.

Saturday, October 11, 2008

Биологийн чиглэлээр АНУ-д судалгаа хийж, боловсрол эзэмших талаар

Биологи, анагаах ухааны судалгаа эрчимтэй урагшилж тэр хэмээр энэ салбарт суралцах ажиллах боломж улам олон болж байгаа юм. Чухам энэ салбарт зүтгэж ажил амьдарлын захад хүрсэн олон хүний нэг нь би билээ. Энэ талаар монголд байгаа залуустаа өөрийн мэдэж буй баримтад тулгуурлаж тодорхой ойлголт өгье гэж саналаа.

АНУ-ын их дээд сургуулиуд болоод анагаахын сургуулиудын олонх нь биологийн салбартаа PhD зэрэг олгох програмтай байдаг. Энэ салбарын програм ихэнх тохиолдолд тэтгэлэгтэй байдгаараа бусад салбараас ялгаатай. Ямар нэг их дээд сургуулийн бакалаврын зэргээс дээш боловсролтой, англи хэлний түвшин тогттох TOEFL тэстэнд тогттоосон түвшнээс дээш оноо авсан, ерөнхий боловсролын түвшин тогтоох GRE шалгалтанд мөн тогтоосон түвшнээс дээш оноо авсан судалгааны ажил хийх сонирхолтой, бас ямар нэг лабораторийн судалгааны туршлагатай байвал бүр сайн хүмүүст ямар нэг сургуулийн PhD програмд хамрагдах боломж бий. Дээрх хоёр шалгалтын тогтоосон түвшинг ихэнх сургуулиуд өөрийн үзэмжээр тогтоосон байдаг. Нэртэй том сургуулиудын босго оноо өндөр харин жижиг сургуулидынх арай доогуур байх жишээтэй. Сургуульд элсэх материал дунд элсэгчийн хувийн захидал (чухам яагаад энэ чиглэлээр суралцах хүсэлтай байгаа болоод зэрэг эзэмшсэний дараа юу хийх бодолтой байгаа зэргийг агуулсан захиа), мөн өмнөх сургууль ажиллаж байсан газрын тодорхойлолт захиа чухал байр суурь эзэлнэ. Энэ хоёр материал тухайн хүний хувийн зан чанарыг илүү тодорхойлдог болохоор тэр байх. Ажилсаг болоод амбицтай хүмүүст америкчууд дуртай байдаг.

АНУ-ын ихэнх сургуулиудад энэ програмын үргэлжлэх хугацаа тухайн хүний ажлын явцаас хамаарч 5-6 жил байдаг. Энэ хугацаанд зэрэг горилогч дор хаяж нэг нийтлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байх ёстой гэсэн нийтлэг дүрэм бас бий. PhD програм дүүргэсний дараа чухам ямар болоод хэдэн нийтлэл хэвлүүлсэн бэ гэдэг тухайн хүнийг ажилд авах гол шалгуур болно. Тийм болохоор PhD програмдаа ажлын сэдэв болоод удирдагчаа зөв сонгох их чухал байдаг. Сүүлийн хэдэн жил информатикийн чиглэлээр дээд сургууль төгсөгчдийг биологийн програмд элсүүлэх сонирхол их болсон нь технологийн хөгжилтэй бас холбоотой юм. Ойрын хэдэн жил програм бичиx болоод том database ашиглан анализ хийх чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ улам их нэмэгдэх төлөвтэй байгаа. Ер нь бакалаврын зэргээ өөр мэргэжлээр авсан ч биологийн судалгаанд сонирхолтой гэдгээ харуулж чадсан түүxч, математикч хүмүүс надтай хамт суралцаж байлаа.

Зэрэг хамгаалсаны дараа хүмүүст судалгаа хийх, их дээд сургуульд багшлаx, хувий биотехнологийн компаниудад ажиллах боломж бий. Хувийн байгууллагад ажиллагсдаас бусад тохиолдолд цалин мөнгө тийм өндөр биш боловч өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа улсын ажлын баталгаа эдийн засгийн өсөлт бууралтаас шууд хамаарал байхгүйгээс гадна, дэлхийн олон оронд ажиллах боломж нээгддэг билээ. Нэгэнт шаардлага их байдаг тул судалгаа хийдэг хүмүүст ажлын виз, эсвэл байнга оршин суух зөвшөөрөл бусад мэргэжлийнхнийг бодвол харьцангуй амархан олддог. Жишээ нь, АНУ-д анагаах ухааны салбарт ажиллагсдад ажлын Н1 визний тооны хязгаар хамаардаггүй, тодорхой сэдвээр амжилттай ажиллаж байгаа хүмүүс шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үндэслэлээр ногоон карт хүсэх эрхтэй.

Хэн нэгэнд хэрэг болох болов уу гэж бичив.

Friday, October 3, 2008

Нүүдэл суудал

Ажлаа дуусахаар дураараа тарвалзаж амар сайхандаа жаргах юм бодсон чинь том эндүүрэл байжээ. Хойшлуулж далд хийгээд байсан хувийн болоод хувьсгалын ажлууд шил шилээ даран цуварч гарч ирээд би гэдэг хүн нөгөө юм бичиж байснаасаа завгүй болж хоцров.

Ойрын хэдэн долоо хоног надаар нүүдэл суудал л байх шив дээ. Манай сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтанд ороод манай лаборатори шинэ сайхан байшинд ажиллах завшаан тохиосон юм. Нүүх суух асуудал нэлээн дээр тавигдаж байсан ч тохироо бүрдээгүй удаж удаж саявтар л нэг юм нүүв. Миний бодсон шиг юмаа баглаад л зөөдөггүй гэнэ. Тусгай нүүлгэдэг компани ирж хамаг юмыг хаяглаж бүртгээд хайрцаглаад хүргээд өгдөг гэнэ. Бодоход амархан юм шиг боловч олон жилийн хур новштой газар чинь бүгдээ бүртгэж авна гэдэг өөрсдөө баглаад нүүлгэснээс их цаг хугацаа хөдөлмөр ордогийг харж гайхав. Бусдын жишгийг дагаад хий гэснийг нь хийгээд яваад байсан өдөр хоног сунжирч одоо болтол тохижиж амжаагүй баарцагласан юм болчихоор бухимдмаар ч юм шиг. Ажлыг зохион байгуулалттай болгож байна гэж түвэг учруулдаг улсыг сайн ойлгохгүй л байна. За тэгээд нүүгээд нэг их сайхан байшинд орчихлоо гэсэн бас бишээ. Цэлгэр сайхан талбайтай ч гэрэлтүүлэг муутай бас зоорь шиг хүйтэн. Хүйтэн байна гээд гомдол тавьсан өөдөөс үнэтэй модон тавилгынхаа эдэлгээг уртасгахын тулд зориуд сэрүүхэн байлгаж байгаа юм гэдэг байгаа. Модон тавилга ажиллаж байгаа улсын эрүүл мэндээс илүү чухал юм байх даа. Намар дөнгөж эхэлж буй ч манайхан өвлийн хувцасаа олон давхарлаж зарим нь малгай бээлийтэй сууж байвал яахав. Нүүдлээс хойш хоёр долоо өнгөрсөн хэдий ч ажил жигдрээгүй дээр нь тохь муутай болохоор нэг тиймхэн.

Хувийн амьдралд ч гэсэн өөрчлөлт гарч удалгүй далайн цаанатай хөгшин Европыг зорин нүүх болоод гэртээ бас л бужигнаж эхлэв. Яг гараад явтал хоёр сар гаруй хугацаа бий ч бичиг баримт, виз, элдэв зөвшөөрөл, шинэ хууль дүрэм гээд хийх ажил дээр дээрээсээ давхардаад заримдаа шөнийн нойр хулжаачих юмаа. Хэдий эндээс л явахсан гэж удаан хүссэн ч яг цагтаа тулахаар очиж үзээгүй шинэ газар, нүүр тулж байгаагүй улстай ажиллана гэж бодохоор яах бол гэсэн айдас болгоомжлол дагаастай. Хэдэн жилийн өмнө бол юу ч бодохгүй, толгой хаялаад гарч өгөх байсан биз. Нас явахаар санаа зовох юм нэмэгдээд нэг тийм дарамттай болчих юмаа. Энэ миний хувьд хамгийн их шаналж эргэлзэж байж гаргасан шийдвэр байваа.

Thursday, October 2, 2008

Оньсого #49

Долоо хоног нүд ирмэх зуур өнгөрчээ. Түрүүний оньсогоноос хойш юу ч бичиж амжаагүй байтал энэ долоо хоногийн оньсого таалгах цаг болчихсон байх юм. Олонтой хуваалцах сонин элбэг ч сууж бичих завдал болохгүй л яваад байна. За даа нэмж шалтаг тоочилгүй оньсогоо таалгая:

Хөлгүй мөртөө гүйдэг
Хумсгүй мөртөө авирдаг
Далавчгүй мөртөө нисдэг
Бууцгүй мөртөө нүүдэг, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд...

Thursday, September 25, 2008

Оньсого #48

Завгүй завгүй гэсээр оньсого таалгалгүй зөндөө удчихжээ. Одоо завсарлахгүйгээр оньсогоо таалгаад байж болох байхаа. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Тэнгэрээс тэлээстэй
Тэр модноос уяатай
Газраас гагнаатай
Ганц модноос уяатай, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд коммэнтээр үлдээе. Хариуг тавих хүртэл та бүхний үлдээсэн коммэнт харагдахгүй болохыг анхаарна уу?

Tuesday, September 16, 2008

Өвөө

Цайны цагаар гэртээ ирээд хооллож суутал гар утсанд мэссэж ирэх чимээ гарав. Хэдий ийм юм болохыг мэдэж хүлээж байсан ч цээжин дотор ямар нэг ёг хийх шиг. Гэр лүүгээ залгавал өвөө чинь өөд болчихлоо, миний охин сэтгэлээ бариарай гэх ээжийн дуу.

Гурван долоо хоногийн өмнө бие нь муудаад эмч нар найдваргүй гэхэд, за даа бага л зовоосой доо гэж залбирч байсан хэдий ч зүгээр болоод босоод ирээсэй гэсэн горьдлого тасраагүй юмдаг. Наян нэг насалж амьдралын жамаар насыг элээсэн дээ гэж бодсон ч ойр дотныхоо хэн нэгийг алдахтай эвлэрэхэд хэцүү ажээ.

Миний өвөө насаараа тээврийн жолооч хийсэн буурал. Өвөөгийн тухай хамгийн анхны дурсамж мөн л түүний машины кабинаас эхтэй. Ээж аав маань сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад өвөө маань ойрхон гарахдаа намайг эмээ болоод ээж аавын минь хооронд зөөдөг байваа. Замд яваа хүн чинь дуулж зам хороодог юм шүү дээ гэхэд нь жинхнээсээ дуучин болчихсон юм шиг санаж уушигныхаа хэмжээгээр авч өгдөгсөн. Дуулж дуусаад албан ёсоор ёсолж өвөөгөө алгаа таш гэж шаарддаг байж билээ. Өвөө маань чангаар инээж байгаад замын энхэл донхолгүй хэсэг тааруулж рулиэ тавьж байгаад алгаа ташдаг байж билээ. Явж ирэхдээ хоолой сөөчихсөн байх нь элбэг. Эмээ хүүхэд хөөрөгдөж орилуулж байдаг хачин хүн шүү гээд зэмлэхэд том цагаан шүдээ ярсxийлгэж чанга гэгч нь хөхөрдөг байж билээ.

Хамгийн сүүлд хариад буцахдаа уйлан үдсэн түүнийг дандаа л уйлж байх юм. Уулзаж л таараа шүү дээ гэснээ бодохоор уур ч хүрэх шиг. Хөөрхий дөө нас дээр гараад яах ч билээ гэж бодож байсан болов уу. Ингээд бодохоор юмыг дандаа хожуу ухаарах юм даа би. Нас ахих тусам ойр дотны буурлууд маань явж сэтгэлд том том хар нүх үлдээчих юм даа.

Saturday, September 13, 2008

Том хүн болсон нь

Рестораны үйлчлэгч бид хоёрыг хараад дараагийн ширээ сулартал хорин минут болно, хүлээж чадах уу гэлээ. Бид ч хүлээе хүлээе гээд гадагшаа гарч сүүдрэвчний дор байх урт вандан сандал дээр суув. Чанх өөдөөс Abercrombie&Fitch фирмийн нүцгэн шахуу эрэгтэй хүний зурагтай томоос том сурталчилгааны самбар засах болсон хуучин барилгын ханыг эзэгнэж харагдана. Бороо зөөлөн шиврээд салхигүй байсан болоxоор нэн таатай. Нэлээд хугацааны дараа анх удаа санаа зовох, яарч сандрах хэрэггүй, тэр ч бүү хэл ямар нэг шаналгаатай бодол толгойд эргэлдэхгүйгээр хачин сурталчилгааны самбар харж суух үнэхээр сонин бөгөөд таатай мэдрэмж төрж байлаа.

Гудамжаар явах хүмүүс сүүлийн хэдэн сар Бронкст харж дассан хүмүүсээс арай өөр ганган хээнцэр санагдана. Яагаад ч юм хорвоо ертөнцийг тэс өөр нүдээр харж байх шиг эсвэл тэс өөр орчинд орчихсон юм шиг санагдах юм. Энэ миний ажлаа дуусгасаны маргааш төрсөн бодол байлаа. Амьдрал ингээд дуусахгүй ч амьдарлын нэг үе дуусч "том хүн болох нь энэ". Энэ дашрамд манайхаар зочилж, санаа тавьж байсан та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

Friday, September 5, 2008

Алимтай бялуу болоод бас бус...

Хоёр хоногийн өмнө бичсэн ажлаа хураалгаад амьсгаа авахтай болов. Хураалгахын өмнө хүн амьтан дайчилж элдэв алдаа мадаг байх вий гэж шалгаж шалгаж хураалгасныхаа дараа үзсэн өмнө нь үзэгдэж харагдахгүй байсан алдаанууд хэд хэдээрээ буржийгаад байж байх юмаа. Дахиад нэг засварлах боломж бий, тэр үед их л нарийн шалгахаас. Уг нь ажлын талаар бичье гэж бодоогүй юмаа. Юмаа хураалгачихаад жаахан завтай болонгуутаа уулзсан хүн амьтны талаар бичих гэж л ийм гарчиг тавьсан юм.

Манай дарга зуны гурван сард судалгааны ажил хийх сонирхолтой ахлах сургуулийн хүүхдүүд лабораторидоо ажиллуулах дуртай. Миний энд байх хугацаанд манайхаар лав таван хүүхэд дамжсан юмдаг. Франц гаралтай Дафни, оросын еврэй Лариса, ортодокс еврэй Питэр, нэг их шүтлэггүй еврэй Бэн, хятад гаралтай залхуу Франк гээд бүгд л хичээл номондоо сайн сониуч бөгөөд бас угсаа гарал, шашин шүтлэгээсээ хамаараад өөр өөр ааштай хүүхдүүд байлаа. Дашрамд хэлэхэд залхуу Франк ердөө ч залхуу биш, харин шаардлага өндөртэй аав нь залхуу гэдэг болохоор тэгээд үлдчихсэн хэрэг. Дафни, Лариса, Питэр нар одоо бүгд дээд сургуулийн оюутнууд болсон. Харин Бэн маань энэ жил ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд элсэн орж байгаа юм байна. Тэр өнөөдөр ээжийнхээ жороор хийсэн алимтай бялуу өөрөө хийж ирж биднийг дайлав.

Бэний эмээ манай сургуульд профессор байгаад тэтгэвэрт гарсан сүрхий хөгшин бий. Тэр эмээ ноднин жил ач хүүгээ бараг л чихдэж авчирч манай даргад тушаасан юмдаг. Сайн дураараа ирээгүй болохоороо ч тэр үү бусдаасаа арай өөр. Чинээлэг айлын хүү гэдэг нь харангуут анзаарагдана. Ноднин ирэхдээ гранж маягийн замбараагүйдүү урт үстэй, ерөнхийдөө идэвхгүй ч юм шиг хүү байж билээ. Тэгсэн хэрнээ ресторан, үзвэр гэх мэтийн сэдвээр яриа гарахад хамгийн түрүүнд оролцож, заримдаа ажил хийж байгаа хэн нэгнийг шоглож загнуулдаг байлаа. Ямар ч гэсэн бүтэн зун ажиллаад дуусах хэрд хийж байгаа ажилдаа сонирхолтой болж байгаа нь илт мэдрэгдсэн юмдаг. Энэ бас нэг талаар хүнийг голохгүй уйгагүй юмаа тайлбарлаж өгдөг даргын гавьяа гэх үү дээ.

Бэн энэ жил ахлах сургуулиа төгсөөд Сэнт Луйсын Вашингтоны их сургуульд оржээ. Үсээ богинохон засуулаад овоо намба суусан санагдав. Гэхдээ сургуульдаа энэ намар биш өвлөөс явж эхэлнэ. Тэр болтол нэгэн фото зурагчны туслахаар Израйл яваx гэж байгаа. Ирээд Нью Орлэансын үерт нэрвэгдсэн хүмүүст туслахаар сайн дураараа хэдэн сар ажиллах сонирхолтой байгаа гэж ярив. Нээрээ нэг жилийн дотор хэнэггүйхэн дүрсгүй хүү тодорхой зорилготой том эр хүн болж өссөнийг хараад бахархах сэтгэл төрөв. Тэр сургуулийн амралт эхлэнгүүт нэг найзтайгаа хамт Европоор аялаад ирсэн сониноосоо бас хуваалцав. Аялалын тэмдэглэл хөтөлж хөөрхөн вэб сайт хийжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авч амжаагүй тул энд тавихаасаа түдгэлзэв.

Хийсэн алимтай бялуу нь жигтэйхэн сайхан амттай болжээ. Манай ажлынхан ам уралдан магтаад үртэс ч үлдээхгүй хуваагаад идчихсэн. Зургийг нь авдаг байж гэж идсэнийхээ дараа санав. Бялуу идэж байхдаа хоёр жилийн өмнө манайд түр хэдэн сар ажилласан япон залууг дурсацгаав. Яагаад түүний тухай ярих болсоноо санадаггүй ээ, ямар ч гэсэн орой болгон идэх гэж байгаа хоолныхоо зургийг авдаг залуу байж билээ. Нэлээн урт хугацаанд ийм зураг авч мянгаад зурагтай болсон тэр түүгээрээ орчин цагийн урлагийн бүтээл хийх санаатай гэдэгсэн. Хүний сонирхолоо гэж. Саявтар тэр бас ирээд явсан, хоолны зураг авахаа болиод өдөр бүр иддэг тарагны саваа цуглуулдаг болсон гэнэ. Хоёр жилийн дараа тэр савнуудаа өрөөгөөрөө нэг тарааж байгаа зургийг нь авах юм байхаа. Бас л сонин сэтгэж байгаа юм шүү.

Нээрээ ойрд еврэй хүмүүсийн тухай нэлээн бичжээ. Эд нар их сонин ёс заншилтай улс. Еврэй сургуульд сурч байгаагийн хэргээр тэдний соёл түүхтэй танилцах завшаан таарсан хэрэг. Энэ талаар ажлаа дуусахаар хэдэн бичлэг хийе гэж бодоод л байна.

Thursday, August 28, 2008

Хонгилын үзүүрт гэрэл харагдав

Хоёр хүүхэд, хар хүнээсээ өөр хүний царай харалгүй хэд ч хоносон юм бүү мэд. Өнөөдөр ажилдаа очиж хүн амьтантай хүн шиг ярилцаж, амьдрал гэдэг ийм байдаг билүү гэж гайхав гэсэн. Ажлын газрын сонин, шинэхэн хов жив сонсох таатай байна лээ шүү. Одоо арав гаруй хоног гүрийчихвэл ч болчих гээд байдаг. Угаасаа тэвчээр муутай уйдамхай надад хоног ойртох тусам улам хэцүү болоод байх шиг санагдах юмаа. Яршиг ингээд хаячихъя гэж танхайрч нэг үзэв. Дуусдаг юм бол дахиж ийм юмтай орооцолдохгүй гэж нэг тунив. Сэтгэлийн хат муутай хүн нэг даваа давах гэж ная хувирч, гомдол тавьж, үглэж дуулаад ойр хавийнхаа хүмүүсийг овоо зовоогоод авлаа шүү.

Үдээс хойно ажил дээрээ очиж еврэй найзтайгаа хувь болоод хувьсгалын асуудал ярилцаж өнгөрүүлэв. Хувьсгалын асуудал тийм сонирхолтой биш. Хувийн асуудлын хувьд их сонинтой. Найз маань ч гэж уг нь надаас олон дүү залуу л даа, ёс заншлаа хатуу барьдаг, санаандаа таарах еврэй бүсгүй олж гэрлэх зорилготой нэгэн. Энэ хэдэн жил ээж аавынх нь хажуугаар би ч бас хошуу нэмж, еврэй сургуульд явдагийн хэрэг юу билээ энэ тэр гээд амар заяа үзүүлээгүй юмдаг. Жил гаруйн өмнө байна уу даа тэр намайг төгсөхөөс өмнө найз бүсгүйтэй болж, би эндээс явахаасаа өмнө тэр бүсгүйтэй нь танилцана гэж тохирсон юм л даа. Өнөөдөр харин нэг бүсгүйтэй уулздаг болоод овоо удаж байгаа, энэ бүтэн сайнд эцэг эхүүд нь уулзалдах юм гэсэн сонин сонсож баярлав. Манай хүн ч царай нь гэрэлтээд жигтэйхэн жаргалтай харагдаад сэтгэл нэг л өег. Нэг зорилго ч гэсэн миний оролцоогүй бүтэв гэж өөрийгөө магтав.

Monday, August 25, 2008

Заримдаа олон үг дэмий...

Олимпийн аварга Бадар-Ууганы сүүлчийн тэмцээнийг үзэх гэж шөнө хугасласан ч америкийн NBC суваг үзүүлсэнгүй ээ. Маргааш нь бичлэгээр боксын шигшээ тоглолт үзүүлэхдээ хятад тамирчдыг гаргаад бусдыг нь хасчихдаг юм байна. Тэр тоглолтыг үзэх гэж интэрнэтээр хайгаад олоогүй байснаа өнөөдөр Орлоо-гоос олж баярлав. Улаанбаатар телевизийн шууд дамжуулсан бичлэг байна. Ямар ч гэсэн оллоо гээд үзсэн телевизийн тайлбарлагч хамаг урмыг маань хугалж орхив. Халамцуу ч юм уу гэмээр цахиртсан чанга хоолойгоор бокс тайлбарлаж байгаа хүнийхээ урдуур ороод утга авцалдаагүй юм орилоод байх юмаа. Уг нь тэмцээн болсон танхимын уур амьсгал их сайхан байх шиг. Олон мянган хөгжөөн дэмжигчид танхимыг доргитол уухайлж, дуулж байлаа. Тэр уур амьсгалыг хэсэг хугацаанд ч гэсэн тайлбаргүй сонсгосон бол. Тэмцээний үе хоорондын завсарлагаар дасгалжуулагч тамирчиндаа юу гэж хэлэх бол гэж чих тавьсан боловч тайлбарлагч залуу тийм боломж олгосонгүй. Тэмцээнд ялах агшинд аварга маань камер уруу хараад юм хэлээд байсан тайлбарлагч бас л " Манай монголчуудын баяр хөөр үргэлжилж байна. Олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боллоо" гэх мэт утга авцалдаа муутай юм чанга хашгираад сонсож чадсангүй. Тэр хүний сэтгэл хөдөлж баярлаж байгааг ойлгож байгаа ч сэтгүүлч, сурвалжлагч хүний professionalism (монголоор юу гэж орчуулахаа мэддэггүй ээ) гэгч огт алгаа. Заримдаа ч юу байхав тэр танхимд болж буй үйл явдалд ямар ч тайлбар хэрэггүй байсан болов уу.

Ер нь спортын тэмцээн тайлбарлах ур чадвартай улс цөөхөн байдаг юм уу даа. Миний бага байхад тэмцээн тайлбарлаж байгаа улс их сайхан илүү дутуу сул үг унагалгүй ойлгомжтой тайлбарладаг байсан санагдана. Наадмын бөх намуун дуугаар сайхан тайлбарладаг улс олон байлаа. Энэ талаар тусгай хүн мэргэшүүлж бэлтгэхгүй бол болохгүй болжээ. Эднийхнийг харж байхад алив спортын тэмцээнийг тухайн төрлөөр мэргэшсэн голдуу тамирчин байсан хүмүүс тайлбарлах нь бий. Тийм хүмүүс элдэв нарийн ширийн зүйлийг гярхай ажиглаж, арга техникийг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж чаддаг. Жишээ нь, усанд сэлэлтийн талаар сайн мэдэхгүй би тэмцээн үзэж суугаад, дүрэм журам, бассеины төгсгөлд хүрээд эргэх техник ч юм уу аливаа тамирчны гаргасан алдаа юм уу, эсвэл юугаараа илүү гэдгийг нь ойлгож авдаг. Гимнастик, усанд шумбалт, хөнгөн атлетик, бөх, бокс бүгд ялгаагүй. Тэрнээс тухайн тайлбарлаж байгаа хүний сэтгэлийн хөдлөл үзэгчдэд хамаагүй мэт. Харамсалтай нь энэ бичлэгээс ойлгож мэдэх юм цөөхөн байлаа.

Телевиз гэдэг нийтэд хүрч байгаа мэдээллийн хэрэгсэл утгаараа зөв яриа, хэллэг хэрэглэдэг байх ёстой юм шиг. Ингээд болхи, буруу ярьдаг улс гараад байхаар хүүхэд залуусын хэлний боловсролд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Энгийн чөлөөтэй хэв маяг гэдэг болхи буруу ярих гэсэн үг бас биш юмаа. Уг нь би телевизэд мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг гэж бодоод байдаг, андуурсан байх нь ээ. Илүү үгтэй хүн бас л дуугүй байж чадсангүй үглэж орхив. Энэ талаар бодож яваа хүн олон байдаг бизээ.

Sunday, August 24, 2008

Талархал

Ямар ч гэсэн дөрвөн жилд нэг удаа болдог спортын наадам болоод өнгөрлөө. Монголчууд бидний хувьд амжилт арвинтай, мартагдашгүй сайхан наадам боллоо. Хүч чадлаа дайчилж, нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийтэл баярлуулсан тамирчиддаа талархаад ханашгүй. Олимпийн аварга болсон Түвшинбаяр, Бадар-Ууган болоод мөнгөн медалиар энгэрээ мялаасан Гүндэгмаа, Сэрдамба нартаа нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, гэрээсээ хол яваа бидэнд баяр бахдал авчирсанд баярлалаа. Тэд олон залууст спортоор хичээллэх урам зориг, эр чадлын үлгэр дууриал болсон гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн олон наадамд илүү их амжилт гаргана гэж найднам.

Одоо Лондонгийн наадам хүртэл дөрвөн жил бий. Энэ дөрвөн жилд амжилтаа бататгаж цаашлаад ахиулахын төлөө улам шургуу бэлтгэж, биднийгээ дахин дахин баярлуулаарай гэж ерөөе.

Saturday, August 23, 2008

Нойр хулжихуй..

Би гэдэг хүн жаахан санаа зовох юм гарангуут нойр хулждаг зуршилтай. Өчигдөр олимпийн мэдээ уншиж байгаад алтан медалийн төлөө маргааш манай Сэрдамбатай тулах хятад боксчин нутагтаа байгаа юм чинь ялна гэдэгтээ итгэлтэй байгаа гэж ярьсаныг олж харсан санаа зовоогоод нойрыг маань хулжуулчихав. Энэ боксчин хэрдээ олныг шуугиулж байгаа юм билээ. Уламжлалт тулааны урлагийн элемент бокстой хослуулдаг ч гэх шиг. Хятадын боксын төрөлд анхны алтан медаль авчрах найдлага энэ тэр гээд. Хэрэгт дурлаад оролцсон тэмцээнүүдийг нь сөхөж үзвэл сүрхий юмаа. Гэхдээ Улаанбаатарт болсон тэмцээнд Сэрдамбатай хүч үзээд ялагдаж байжээ. Тэгэхээр манай хүн ялах найдлагатай гэсэн үг. Манай тамирчны сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаагаас их юм шалтгаалах болов уу. Шартайхан хүн бол энэ нөхөр яасан их өөртөө итгэлтэй байх юм гээд улам дайчин үзэх байх. Хятадын найдварыг нутагт нь дарж чадвал тэр чухам хамгаас илүү амттай ялалт байх болов уу. Хэ хэ хэд хоногийн өмнө медаль байвал ямар ч яахав шүү юм бодож сууснаа одоо болохоор алт авахгүй бол яанаа гээд унтаж чадахгүй, давруу гэдэг нь.

Бадар-Ууганы хувьд Кубын боксчинтой хүч үзнэ. Ийм тийм гэсэн мэдээлэлгүй болохоор таахад хэцүү. Кубын боксчид сайнаараа алдартай болохоор амаргүй л байх болов уу. Тэмцээнийг булхайтай шүүж байна гэсэн хэл ам тасрахгүй байгаа болохоор илт давуу ялж чадахгүй бол бас хохироод үлдэх вий гэсэн муу санаа салахгүй юмаа. Хоёр тамирчин маань энд шөнө байхад тоглоно, догдлоод бас унтаж чадагүй болох нь ээ. Ямар ч л гэсэн медаль авна гэдэг амжилт, гэхдээ санаа амралгүй эцсээ хүртэл харамсах зүйлгүй үзэлцээд алт аваасай гэж хүсье.

За ингээд ажлын болоод унтах цагийг минь хумсалсан олимп ингээд өндөрлөх нь. Хов жив сонсох нь ээ, энэ олимп зохион байгуулалт сайтай болсон хэдий ч сэтгэл хөдлөх зүйл бага байлаа гэсэн гомдол мэр сэр үзэгдэнэ. Бүх юм нь нэг тийм хиймэл албархуу уур амьсгалтай. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл цаанаасаа зааж өгсөн уриа лоозонтой гээд л байх юм. Угаасаа хятад гэхээр сүжиг алдардаг надад бас л тиймэрхүү санагдав. Харин манай тамирчдын хувь урд өмнө байгаагүй амжилттай сайхан олимп боллоо. Одоо олсон хүрсэндээ сэтгэл ханалгүй цаашаа илүү их амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлж, улам шаргуу бэлтгэл хийгээд 2012 онд бүр илүү амжилт гаргаасай.

Monday, August 18, 2008

Гайхалтай...



Энэ олимпийн нэг онцлог гэх юм уу даа, гуч гарсан эмэгтэйчүүд өндөр амжилт гаргаж байгаа нь бахдалтай санагдав. Марафон гүйлтэнд алтан медлаь хүтсэн Румыны Константина Томеску 38 настай. Тэрээр түрүүлнэ гэсэн тааварт багтаж байгаагүй боловч замын дунд хэрд бусдаас тасарч давуу байдлаа хадгалсаар түрүүлсэн аж. Түүнийг түрүүнд гарахад нь тайлбарлагч ийм эрт тасрах тун аюултай, хамаг энергиэ эрт барчихна гэж байсан боловч хойно хоцорсон түрүүлэх найдлагатай гэсэн гүйгчдийн хэн нь гүйцэж чадсагүй. Дөчин хэдэн км гүйнэ гэдэг аймаар их хатуужил тэвчээр шаардана, тийм болохоор уралдаанаа гүйцээсэн хүн сүүлийн байранд орсон ч бай магтмаар бахадмаар харагддаг юм.


Германы нэрийн өмнөөс тэмцээнд орсон узбек гаралтай 33 настай Оксана Чусовитина гимнастикийн vault төрөлд мөнгөн медаль авчээ. Тэрбээр залуудаа ЗXУ-ын гимнастикийн шигшээ багийн гишүүн байсан бөгөөд хэдэн жилийн өмнө цусны хорт хавдар туссан хүүгээ эмчлүүлэх зардал олохын тулд гимнастикт эргэн орсон гэдэг. Хүч чадлаас гадна уян хатан чанар шаарддаг энэ төрөлд ийм насандаа медаль авна гэдэг үнэхээр гайхалтай.


Энд Америкийн усанд сэлэтийн тамирчин Дара Торрэсийг дурдахгүй байх аргагүй. Гурван төрөлд мөнгөн медаль зүүсэн тэр 41 настай, Бээжингийн олимп түүний оролцсон дөрөв дэх наадам болж байгаа юм байна. Өөрийнхөө охин байж болох насны охидтой эн тэнцүү үзэлцсэн тэр алт зүүж чадаагүй ч гэлээ олимпийн медальд хүрсэн хамгийн хөгшин сэлэгч болжээ. Сүүлийн жилд гурван ч удаа мэс засалд орсон түүний тэвчээр хатуужлыг бахархмаар.

Манай тамирчид ямар ч байсан гурван медальтай болох нь. Алт, мөнгөн медаль авчихсан гэж бодохоор нэг л сайхан. Аз таарвал дөрөв тав ч болох юм билүү. Ямар ч гэсэн боксчид болоод чөлөөт бөхийнхөндөө өндөр амжилт хүсье.

Thursday, August 14, 2008

Олимпийн аварга!!!!!




Жүдо бөхийн -100 кг ийн жинд хүч сорьсон Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн болжээ. Ингээд манайх анхны олимпийн аваргатай боллоо. Бөөн баяраа, бөөн, бөөн баяраа. Түвшинбаяртаа маш их баярлалаа.

Wednesday, August 13, 2008

Сайхан мэдээ

Хийн гар бууны 25 метрийн төрөлд манай тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль авчээ. Хүрэл медалийн эзнээр Германыг төлөөлж буй Д. Мөнхбаяр тодорсон нь бас л сайхан сонсогдов. Олон хүн Гүндэгмааг алтын оосроос атгаад алдав гэж харамсаж байгаа ч ямар ч гэсэн медальд хүрсэн нь миний хувьд онцгой сайхан мэдээ байлаа. Медаль авчирсан Гүндэгмаадаа баярлалаа. Одоо боксчид маань нэгийг дуулгах болов уу гэсэн найдвар үлдлээ. Боломж бүрийг алдалгүй ашиглаж биеэ дайчилж чадвал алт авах бололцоо бийг дурдах нь зүйтэй болов уу.

Боксыг тойрсон хэл ам тасрахгүй байгааг бас бодолцоx хэрэгтэй болох болов уу. Америкийн боксчин ялагдсаныхаа дараа шүүгчид хятадын тамирчны талд илт орж ялалт өгсөн хэмээн гомдол гаргажээ. Өчигдөр болсон спротын гимнастикийн эмэгтэй баг хятадад ялагдсаны дараа америкийн багийн дасгалжуулагч бас гимнастикийн дэвжээний хятад зохион байгуулагч нар манай тамирчны анхаарлыг сарниулж алдаа хийхэд хүргэсэн гээд бас хэл ам хийгээд авсан. Тамирчны нэр дуудсаны дараа эхлэх дохио өгөхөө зориудаар удаасан гэжээ. Хэдий энэ төрөлд оролцож байгаа тамирчид дор хаяж 16 настай байх ёстой ч хятадын шилдэг тамирчдын нэг 14 настай гэсэн хэл ам олимп эхлэхээс өмнө гараад авсан. Олон улсын олимпийн хороо паспортан дээрээ 16 настай гэж бүртгэгдсэн болохоор яаж ч чадахгүй гэсэн байх юм. Ингээд бодохоор хятадууд авсан алтан медалийн тоогоор америкаас түрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулав. Харамсалтай нь олимпийн хороо энэ бүгдийн хажуугаар нүдээ аниад өнгөрч байх шив дээ. Өчигдрийн New York Times сонинд хэрвээ америкчууд ийм шуугиан тарьсан бол, зөвхөөн олимпийн хороо ч биш америкчууд өөрсдөө нарийн учрыг олж буруутай этгээдийг шийтгэх байсан гэжээ.

Түмээгийн өмнөх бичлэгт оруулсан сэтгэгдэл дээр манай тамирчдын нээлтэнд өмссөн хувцас хятадын тамирчдынхаас ялгарсангүй гэснийг уншаад би ч бас сэтгэл дундуур байснаа хэлье гэж бодлоо. Угаасаа нээлт үзэхдээ хаанахын хэн гоё хувцас өмсөв гэж хардаг зуршилтай. Энэ жил эрэгтэй эмэгтэй тамирчдаа өөр өөр өнгийн хувцасаар гоёсон улс их сайхан харагдах шиг санагдав. Ер нь тийм тод өнгийг зоригтой хоршуулсан нь содон сайхан харагдах юмаа. Францын бүсгүйчүүдийн зүүсэн өргөн улаан бүс, Шведийн эмэгтэйчүүдийн өмссөн дал дээлний энгэртэй төрийн далбааныхаа өнгөөр хийсэн цамц бусдаас содон сайхан харагдав уу гэж бодсон. Америкчууд өөрийн алдарт загвар зохион бүтээгч Ралф Лорэний загвараар хийсэн хувцасаар гоёв. Нэг их онцгой биш ч давгүй сайхан болжээ. Надад африкийн тамирчдын үндэсний олон өнгө хосолсон хувцас өвөрмөц бөгөөд хүний нүд булаамаар харагдаж байлаа. Польшууд бүсгүйчүүддээ хослол биш гоёмсог улаан даашинз өмсүүлсэн нь аятайхан харагдахаас гадна ямар нэг хэлбэрт баригдахгүйгээр сайхан хувцалаж болохыг харуулав. Шинэ Зеландынхан маорийн уламжлалт хээ хуар болсон хар хувцас бас л гоё байсан. Ер нь төрийн далбааны өнгө дээрээ уламжлалаа тусгасан хувцас олон байлаа. Манайхан хүний нүд булаам содон харагдаж чадсангүй ээ. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг юм болов уу. Миний бодлоор загвар зохион бүтээгчдийн дунд уралдаан зохиож байгаад шалгаруулбал сайхан санаа оноо гарах юм болов уу. Ер нь үндэсний онцлогоо барихад буруудах зүйлгүй мэт. Манайхан өвлийн олимпод том үнэгэн малгайгаа өмсдөг нь ямар ч гэсэн бусдын анхаарал татаж чадаад байх шиг харагддаг. Зүгээр л өнгө өнгийн дээлээ өмсөөд гарахад л болчихмоор харагдаад байдаг юмаа. Наадмаар сурын талбай дээр олон өнгийн дээл өмссөн бүсгүйчүүд урамтай сайхан харагддаг даа.

За даа тэгээд амжилт гаргаж чадаж байвал хувцас ч яамай гэж бодсон ч илүү амтай хүн дуугай байж бас чадсангүй ээ. Одоо үлдсэн хэд хоногт тэмцээнтэй тамирчиддаа өндөр амжилт хүсье.

Tuesday, August 12, 2008

Сэтгэлийн тэнхээ буюу ялаx хүсэл

Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн тоглолт олон сая хүний (энэ удаад тэр бумаар тоологдоно) анхаарлын төвд байж, тамирчдын ур чадал, сэтгэлийн тэнхээг гайхан шагших боломж олгодог билээ. Миний хувьд энэ жил ажил давхцаад, цагийн зөрөөнөөс хамаараад тэр бүр үзэж чадахгүй байгаа ч интэрнэт гэгчийн ачаар элдэв сонин хачин сонсож сониуч зангийнхаа хорхойг дарж байна даа.

Өмнөд хөршийнхөн олон үзүүлэлтээр урдах олимпийн наадмуудыг давсан нээлт хийлээ гээд л амтай болгон шагшив. Ашигласан технологи, зарсан хөрөнгө, оролцсон хүмүүсийн тоог ажвал үнэхээр сүр хүчийг үзүүлье гэсэн эрмэлзлэл харагдана. Мөнгөөр зодсон боловч нэг тийм сэтгэлд дотно уянгалаг зүйл харагдсангүй гэж дүгнэв. Миний хувьд хүний сэтгэлд хүрэх талаасаа Афиний, Сиднеин, бас Барселоны нээлтэнд хүрсэнгүй ээ. Гэхдээ энэ бол миний хувийн бодол. Өнөөндөр New York Times сонинд нээлтийн ажиллагаанд эх орны тухай дуу дуулсан охин өөрөө дуулаагүй, харин түүнээс арай царай муутай гэж үнэлэгдсэн өөр охин дуулж, талбайд гарсан охин амаа хөдөлгөж байсан талаар сонирхолтой нийтлэл бичжээ. Уг нь хүүхэд бүр л хөөрхөн гэж боддог гэснээс намайг багад нөгөө айхавтар том хурлын илэрхийлэлт ч юм уу, ямар нэг том албан тушаалтанд цэцэг гардуулах хүүхдийг бас л царайлаг, хувцас хунар сайтайгаар нь жагсаан байж шалгаруулдаг байсан санагдчихлаа. Уг нь олимпийн тоглолт өөлөх гэж биш тамирчдын гаргасан амжилт, энэ амжилт сэтгэлийн тэнхээтэй холбоотой тухай бичих гэсэн боловч гол сэдвээсээ хазайж орхилоо.

Энд хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд хүрэл медал авсан Салуквадзе Нино (Salukvadze Nino) хэмээх Гүрж бүсгүйн тухай бичмээр санагдав. Нутаг оронд нь дайн дэгдэж, гэр бүлийнхнийхээ төлөө санаа зовоод шөнө унтаж чадаагүй тэрбээр асар их тэвчээр зааж медальд хүрсэн нь бахархмаар. Медалийн тавцанд мөнгөн медаль авсан орос бүсгүйтэй найрсаг тэврэлдэж, спортын дэвжээ гэдэг улс төр, үзэл бодлын зөрчилдөөнөөс ангид юм гэдгийн үлгэрлэн үзүүлж чадав.

Эрэгтэйчүүдийн 4x400 метрийн өврөөрөө даллах сэлэлтийн буухианд баараггүй түрүүлнэ хэмээн яригдаж байсан Францын баг Америкчуудад хожигдов. Францын багийн найдвар Алан Бернард тэмцээний өмнө Америкчуудыг хожих гэж ирсэнээ зарлаж шуугиан тарьсан билээ. Миний бодлоор энэ тун болчимгүй алхам байж, эсрэг багийнхандаа дутагдаж байсан хор шар, түрүүлэх хүслийг улам оволзуулсан болов уу гэж санагдсан юм. Америкчууд алдарт Фелпсийн хүчээр ч биш харин буухианы хамгийн сүүлийн тойргийн тамирчин Жэйсон Лийзакийн гайхам зүтгэлээр дэлхийн рекорд эвдсэн амжилтаар алтан медалийн эзэд боллоо. Америкийн телевизийн тайлбарлагч тэмцээний өмнө тамирчдын дарааллыг ямар ч хувилбараар бодсон Францчуудыг гүйцэж чадахгүй нь дээ гэж байсаныг бодоход үнэхээр таавар будилуулсан үзүүлэлт болов. Нөгөө талаар түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг Францчууд ам гараагүй бол америкчууд тэгтэлээ түрүүлэх хүсэл нь овозохгүй л байсан болов уу.

Францын бас нэг том найдвар болох усанд сэлэгч Лори Манаду бас л нутаг нэгнүүдээ гонсойлгов. Афиний олимпод 17 настай оролцож алтан медалийн эзэн болсон түүнд алдар хүнд хүндэдсэн бололтой. Элдэв хов живний бай болж байсан нь сэтгэл санаанд нь бас нөлөөлсөн бололтой. Алт битгий хэл ямар ч медаль авч чадсангүй. Магадгүй дэндүү залуугаараа алдаршсаны гор байж мэдэх. Лори Афинд түрүүлсэнийхээ дараа хатуу шаардлагатай дасгалжуулагчаа сольж, италийн сэлэгч найз залуутайгаа хамт амьдрахаар итали уруу нүүсэн том алдаа байсан бололтой. Италичууд түүнийг өөрийн шилдэг тамирчидтай хамт бэтгэл хийхийг зөвшөөрсөнгүй, бас нөгөө найз залуугаасаа салав. Энэ салалт итали, францын шар хэвлэлийг хэдэн сарын турш тэжээсэн билээ. Энэ бүхэн амжилтанд хүрэхийн тулд уйгагүй ажиллах, гаргасан амжилтандаа сэтгэл ханахгүй үргэлж сайжрахын төлөө тэмүүлэхгүй бол байгалиас заяасан авьяас дангаараа бүхний хариулт биш гэдгийг харуулаад байх шиг. Манаду бүсгүйн хувьд тэр өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан байж, тэгээд дайснаа дийлж чадсангүй гэж санагдав.

Ялалт гэдэг нэр төрийн хэрэг, тийм ч учраас ялалтын төлөө бүхнээ зориулж зүтгэж тэр хэрээрээ амжилтанд хүрч байгаа тамирчдыг хараад бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юмаа. Хэдий медальд хүрэх найдлагаүй ч ядуу зүдүү, дайн дажны хөлд нэрвэгдсэн газраас олимпод оролцох эрх авч ирсэн тамирчид бол албан ёсоор цол дуудуулахгүй ч олимпийн аваргууд мөн юм.

Манайхнаас боксчид маань нэгийг дуулгах болов уу гэж найднам. Сэтгэлээ хатааж, одоо л ялахгүй юм бол гэсэн бодлоо хөвчилж чадвал манайханд чадал бол бий. Аравдугаар байранд орсон хүндийг өргөгч Баярмаагаар бас л бахархаж сууна. За тэгээд үлдсэн тамирчид маань амжилт гаргах болтугай.

Thursday, August 7, 2008

Оньсого #47

Энэ долоо хоногийн оньсого:

Худаг биш байтлаа устай
Хонь биш байтлаа хорголтой
Мах биш байтлаа улаан
Бөмбөг биш байтлаа бөөрөнхий, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе.

Tuesday, August 5, 2008

Аав

Ороо морины ганган толгойд
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй
Олноос онцгой миний ааваа
Олондоо хүндтэй дуучин хүн байсан

Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн

Миний аав адуучин ч байсангүй, дуучин ч байсангүй. Гэсэн хэрнээ энэ дууг сонсохоор миний л аавыг хэлсэн юм шиг санагдаж нулимс өөрийн эрхгүй гарах юм. Санаж байгаа мөрүүд энэ. Энэ дууг бүтнээр нь мэдэх хүн байвал өгч туслаарай.

Дуучин байгаагүй ч сайхан дуулдаг хүн байлаа миний аав. Залуудаа багшийн дээдийн цахилгаан хөгмийн хамтлагт гитарчин байжээ. Бага байхад тухайн үедээ нэрд гарч байгаа дууг тоглож дуулдаг байв. Цайны цагаар гэртээ ирж цайлчихаад намуун сайхан хоолойгоор дуулж байгаад явдагсан. Нас ахиад ирэхдээ гитараа болиод ардын голдуу тэр дундаа уртын дуу эвлэг сайхан аялчихдаг болсонсон. Хаана яаж сурсаныг нь манайхны дунд мэдэх хүн байхгүй л болов уу.

Тааж болохгүй амьдралын жам гэж бодовч аавыг минь арай л эрт аваад явчихаа юу даа гэсэн гомдол салахгүй юмаа.

Friday, August 1, 2008

Дуулиан тарьсан эмүүд

Энэ долоо хоногт дуулиан тарьсан хоёр эм бий болсоныг зарлав. Эхнийх нь болох Alzheimer өвчнийг зогсоох чадалтай Rember гэгч эмийг английн судлаачид бүтээжээ. Дэлхийн хүн амын наслалт ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хурдацтай уртасч, насжих тусам өвчлөлтийн эрсдэл нэмэгдэх энэ өвчин олон орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлжээ. Өмнөд солонгост гэхэд л эрүүл мэндийн салбарт зарагдах төсвийн 50% нь энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн асаргаанд явдаг аж. Энэ өвчин чухам юунаас болж үүсдэг нь тогтоогдоогүй байгаа ч удмын болоод гадаад орчны хэд хэдэн хүчин зүйл нэрмээс болдог гэнэ. Rember эмийг туршсан 321 өвчтөний ой санамж 81% иар сайжирсаныг тэмдэглүүштэй амжилт хэмээн үзэж, энэ айхавтар өвчнийг эмчлэх найдвар төрлөө хэмээн олон орны эрдэмтэд үнэлжээ. Уг эм Alzheimer өвчний шинж тэмдэг болох мэдрэлийн эсүүдэд үүсдэг уургийн талст үүсэх явцыг зогсоох замаар өвчтөнүүдэд таатай нөлөө үзүүлдэг байна.

Дараагийн ололт нь америкийн судлаачдын бий болгосон биеийн хөдөлгөөний нөлөөг ихэсгэх чадвартай AICAR ба GW1516 гэсэн хоёр эм аж. Эдгээр эмийг туршсан хулганууд жирийн үеийнхээс 44% иар илүү хурдтай бас 77% иар удаан хугацаагаар гүйх чадвартай болдог гэнэ. Эм PPAR-delta гэсэн мастер генд үйлчлэх замаар бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд чихрийн шижин өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэх болно гэж тооцжээ. Хөдөлгөөн багатай над шиг улсад нэг их чармайлт гаргалгүй жин хасаж бас биеийн тамир хийдэг улсад илрэх таатай үр дүн гарах юм байна. Харин ийм эм худалдаанд гарвал хамгийн түрүүнд тамирчид хүч тамирын сэргээш болгон хэрэглэх магадлалтай учир олон судлаачид тийм ч таатай биш хүлээж авч байгаа аж. Ийм эм уусныг илрүүлэх тест аль хэдийн зохион бүтээчихсэн юм байхаа.

Энэ хоёр ажил анагаах ухаанд ямар ч гэсэн их том ололт юм. Ямар нэг эм бүтээхэд дор хаяж 6-9 жил зардаг гэж бодохоор олон хүний нөр их хөдөлмөр шүү.

Thursday, July 31, 2008

Оньсого #46

Оньсого таах цаг болжээ. Нэг ийм оньсого таалгая.

Эрээн дээсийг
Эвхэж болдоггүй, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхэн тааж болгооно уу?

Monday, July 28, 2008

Олимпийн парадокс


Өчигдөр нийтийн телевизийн сувгаар олимпийн наадмын түүхийн тухай сонирхолтой баримтат кино үзүүлэв. Эртний Грекийн наадам болоод орчин үеийн наадмыг харьцуулсан нь сонирхолтой санагдсан юм. Эртний Грекийн олимпийн наадамд оролцогчид өнөөгийн мэргэжлийн тамирчид шиг нэг төрлийн спортоор дагнан мэргэшиж байжээ. Тухайн үед наадамд нэг нь л түрүүлдэг хоёрдугаар бас гуравдугаар байр гэж байсангүй. Наадамд түрүүлэх нэр төрийн хэрэг байсан ба түрүүлж чадаагүй нь гэр бүл, нэг хотынхныхоо элэг доог болдог байж. Харин ялагч нь алдар хүндээ дуудуулж, бурхадтай дүйцэх хэмжээний хүндэтгэл үздэг байжээ. Тийм болохоор тамирчид дөрвөн жилийн турш алдар хүндийн оргилд хүрэхийн тулд уйгагүй хичээллэдэг байсан гэнэ. Эртний Грекийн олимпийн наадам 1200 жилийн турш тасралтгүй явагдаж байгаад xристийн шашин түгэхэд зогсчээ. Учир нь энэ наадмыг Олимпийн ууланд амьдрах Зевс бурханд зориулан зохион байгуулж байсан нь христийн шашны номлолд таараагүйтэй холбоотой аж.

Харин 19-р зууны сүүлээр Европын язгууртан голдуу гаралтай хүмүүс Олимпийн наадмыг сэргээжээ. Хэдий эртний грекийн нэрийг зээлдсэн ч гэлээ зарчмын хувьд эртний олимпоос тун өөр болгон шинэчилсэн гэнэ. Түрүүлэх биш оролцох нь чухал гэсэн уриа эртний наадамтай ямар ч холбоогүй аж. Чухам энэ үед олимпийн наадамд мэргэжлийн тамирчид биш сонирхогчид оролцох ёстой гэсэн дүрэм гаргасан юм байна. Энэ нь цаагуураа биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг оролцуулахгүй гэсэн санаа байжээ. Жишээ нь сэлүүрт завиар уралдахад өдөр тутам завь сэлүүрдэн хоолоо олдог нэгэнтэй ямар нэг язгууртан залуу уралдахад хэн түрүүлэх нь ойлгомжтой гэж үзэж л дээ. Үүгээрээ грект хэн хүссэн нь оролцдог байсан зарчмаас тэс өөр, цаагуураа явцуу хүрээний цөөхөн хүний наадам болоход хүрчээ.

Он жил өнгөрсөөр өнөө үед хурд, хүч, чадалтай хэн боловч оролцох эрхтэй болсоноороо дэлхийн сая сая хүний хүсэн хүлээдэг наадам болсон билээ. Олимпийн наадамд түрүүлэх нэр төрийн хэрэг учраас оролцогчид оролцох нь чухал гэсэн уриагаа бараг л мартаж, харин түрүүлэхийн төлөө эртний грекийн тамирчдыг санагдуулам эрчимтэй сургуулилалт хийдэг болжээ. Үүний нэг жишээ өмнөд хөршийн маань тамирчидаа бэлтгэх арга барил болох болов уу. Түрүүлэхийн төлөө яахаас ч буцахгүй байдал хээл хахууль, сэргээш хэрэглэх гээд олон сөрөг үйлдэл дагуулдаг. Зүүн германд төрийн бодлогын хэмжээнд тамирчиддаа сэргээш хэрэглүүлж байсан нь сүүлд олон хүний эрүүл мэндийг хохироосон эмгэнэлт хэрэг болоод дууссан билээ. Сэргээшийн асуудал ингээд дуусаагүй мөнгөтэй улсын хэрэглэдэг арга улам нарийсч өнөөдрийн хувьд илрүүлэх аргагүй сэргээш бий болгож хэрэглэдэг болсон гэх. Шинжилгээ хийдэг улс хожмоо илрүүлэх арга олсон хойноо шинжлэх гэж зарим дээжийг хадгалдаг гэсэн байх юм. Иймэрхүү үйлдэлүүд өнөөгийн олимпийн тоглолтыг энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг гэхэд хэцүү болгож орхисон юм шиг санагддаг юм.

Сонирхолтой нь олимпийн бэлэг тэмдэг болсон таван цагираг болоод бамбарын буухиа анх Берлиний 1936 оны олимпийн наадамд анх гарчээ. Энэ нь Гитлер дэлхий дахинд сүр хүчээ үзүүлэх нэг арга байсан гэж түүхчид үздэг аж. Олимпийн таван цагираг эртний грекийн наадамтай ямар ч холбоогүй, тухайн үед дэлхий дахинд тийм гэж үнэмшүүлэхийн тулд олимпийн ууланд германчууд аваачиж булсан гэсэн баримт олджээ.

Үүх түүх нь иймэрхүү. Хэн ч гэлээ өөрийн нутгийн тамирчнаа түрүүлээсэй хэмээн хүсэн хүлээж, сэтгэл догдлон хүлээдэг. Тэдний нэг нь би билээ. Хэдий манайхаас олимпийн аварга төрөөгүй ч авсан медалийн тоогоо хүн амтайгаа харьцуулаад үзвэл чамлахааргүй гэж санадаг. Мэдээж илүү амжилт гарвал баярлах ч оролцоод ирсэн нэгнээ урмаар дэмжээсэй гэж бодох юм. Атений олимпийн эмэгтэй марафон гүйлтийн тэмцээнд хамгийн сүүлдэж ирсэн монгол охиноор би бахархдаг. Яагаад гэвэл тэр замын дундаас буцсангүй ямар ч гэсэн эхлэснээ дуусгаж чадах сэтгэлийн тэнхээ гаргасан учраас. Барианаас өмнө тэмцээнээ дуусгасан олон хүн дотор тэр үед түрүүлэх найдлагатай гэсэн Английн алдарт Радклиф байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Нутаг нэгт тамирчдыг маань азын тэнгэр ивээх болтугай.

Thursday, July 24, 2008

Оньсого #45

Энэ долоо хоногт Жаагий найзын өгсөн нэг хөгжилтэй оньсого таалгая.

Хоёр уулын хооронд
Хоньчин хүү исгэрнэ, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхэн тааж болгооно уу?

Thursday, July 17, 2008

Оньсого #44

Хийж байгаа болон хийх гэж байгаа ажилдаа түүртээд өнгөрсөн долоо хоногт оньсого таалгаж чадсангүй ээ. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Хоолойгүй байж дуутай
Сонсохгүй байж чихтэй
Хараагүй байж нүдтэй
Сумгүй байж нумтай, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд. Та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, July 16, 2008

Сүүлийн үед...

Манайхаар орж гардаг та бүхнээсээ ойрд сонин содон мэдээ дуулгаж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Би гэдэг хүн ажлаа дуусгах хугацаагаа товлочихоод хоёр сарын дотор юмаа дуусгах гээд амьсгаа дээрдсэн хүн компьютэрийн дэлгэцнээс салж чадахгүй л сууна. Ажил дуусах нэг даваа дуусахад цаана нь бас шинэ ажил олох гэж хэцүүхэн даваа хүлээж буй. Олдсон жаахан цагаа ажлын зар харж өнгөрөөж байх шив. Зүгээр хараад өнгөрөх биш CV-гээ шинэчилж ийш тийш явуулж байхгүй бол болохгүй шинжтэй. Нүүдэлчний удам болохоор тэр үү, буйраа сэлгэж холоо явмаар санагдаад байх юм.

Гадуур америкийн эдийн засаг хямралд оржээ гээд л шуугиж байна. Бензин тос, байр, унаа, хоол ундны үнэ мэдэгдэхүйц нэмэгдээд оюутны тэтгэлэгээр амьдардаг мань мэтийг эмзэг бүлгийн гишүүн болгочих гээд хэцүү юмаа. Шинжээчдийн ярьж байгаагаар ямар ч гэсэн хэсэг хугацаанд сэхэхгүй бололтой. Илүү зантай хүн ихээхэн чих тавьчихвал нойр хүрэхээ байх тул тэгэсгээд орхив.

Энэ долоо хоногт английн King's College-ийн судлаачид никотин Alzheimer өвчтэй хүмүүсийн ой ухаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нөлөө тамхи татахад биш харин никотины бэлдмэлийг эмээр уухад л гарна гэнэ. Арваад жилийн өмнө тамхичид ийм төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэл багатай байдаг гэж уншаад удам зүйн хичээлийн paper бичихдээ дурдчихсан чинь багшид таалагдаагүй бололтой дүнгээ хасуулчихсан юмдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийн дундаж нас өндөр болсонтой холбоотой ийм өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь неирологийн салбарт мөнгө хаях шалтгаан болоод байгаа. Бодоод байхнаа neuroscience-аар мэргэшдэг ч байж уу.

Ойрд охин маань монгол явъя гэж шалдаг болоод гэрээ санаж байгаа намайгаа тэрүүхэндээ гуниглуулж орхих юм. Хойтон жил явнаа миний хүү гэхээр тийм би хойтон жил монгол явна гэж онгироод л. Хөөрхий хойтон жил гэдгийг яаж ч ойлгох вэ дээ. Харин маргааш гэдгийг сайн мэддэг болсон байна лээ. Маргааш ямар нэг сонирхолтой юм хийнэ гэвэл одоо унтъя гээд л яарчихдаг юм.

Нутаг гэснээс энэ жил наадам ч тэмдэглэх сөхөө гарсангүй шив дээ. Харин манай хүний ажлынхан нийлж BBQ-дэж, наадам гэж нэрлээгүй ч нэг оройг сайхан өнгөрөөсөн юм байна. Очсон айл Sleepy Hollow гэх газар байдаг нь ижил нэртэй номыг санагдуулав. Монголоор "Морь унасан толгойгүй хүн" гэдэг шиг санах юм. Тэр номын үйл явдал энэ газар болдог юм байна. Гэрийн эзэд Тринидад Тобаггод 200 гаруй жилийн өмнө суурьшсан энэтхэгчүүдийн үр удам агаад гучаад жилийн өмнө амреикт ирж суужээ. Нутгаасаа гараад удаагүй ч энэтхэг ёс заншлаа хаяагүй, дээр нь Карибийн тэнгисийн арлуудын ёс заншлыг бас нэмээд нэг тийм холимог соёлтой хүмүүс байх нь их сонин санагдав.

За би гэдэг хүн иймэрхүү эрээвэр хураавар сонинтой. Ажлынхаа ард гарч байгаад сонин хачны эрэлд мордоноо. Тэр болтол тэсээд намайг мартчихалгүй байж байгаарай даа. Харин долоо хоног бүр оньсогоо таалгаж байнаа.

Tuesday, July 8, 2008

Sunday, July 6, 2008

Persepolis


Маржан Сатрапи (Marjane Satrapi) хэмээх иран гаралтай бүсгүйн өөрийн амьдрал дээр тулгуурласан комик номноос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино 2007 онд Каннын кино наадмын шүүгчдийн шагнал хүртжээ. Арван настай байхад нь иранд исламын хувьсгал гарч, хаант засаг унасан, цаашлаад иран иракийн дайн тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлсөнийг өсөж яваа хүүхдийн бодлоор илэрхийлсэн нь хүний сэтгэл хөндөхгүй байх аргагүй.
Болж байгаа үйл явдал бидний монголчуудын үзэж туулсанаас өөр ч гэсэн аргагүй байдалд орон нутаг орноо орхиж, хүний нутагт дасан зохицохын хэцүүг харуулсан нь миний үзэж өнгөрүүлсэнтэй нэг л ойрхон санагдсан юм. Дайн болоод эрх чөлөөгүй байхын зовлон, хайртай ээж, аав, эмээгээсээ хол хүний газар ганцаардахын зовлонг сэтгэлд хүрэхээр энгийн хүүрнэжээ.

Friday, July 4, 2008

Гэрэлт цох


Нью Иоркт 6 сарын сүүлээс 7 сарын дунд хүртэл Lampyridae овогт багтах гэрэлт цоx элбэг үзэгддэг. Эдгээр цох люцифэраз (luciferase) энзимын хүчээр хэвлийн доод хэсгээс fluorescense гэрэл цацруулдаг бөгөөд цохны энэ чанарыг биологийн ухаанд ген, уургийн шинж чанарыг тодорхойлоход өргөн хэрэглэдэг.
Гэрэлтэх хугацаа богино болохоор зургийг нь авахад амаргүй юмаа. Харин видео бичлэгээр хоёр ч цохны гэрэлтэхийг буулгаж авсанаа олзуурхаж энд тавилаа.

Thursday, July 3, 2008

Оньсого #43

За ээлжит оньсогоо таалгая.

Сээргүй сэртэн
Сэмжгүй голдон
Ясгүй бие
Яргүй мод, тэр юу вэ? Хариуг бүтэн сайнд Отгоогийн хүсэлтээр сэтгэгдлээр үлдээе.

Sunday, June 29, 2008

Оньсого #42 хариу

Эхний оньсогоны хариу сар, дараагийнх нь од байлаа. Ганаа, Мөнхбаатар хоёр зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Thursday, June 26, 2008

Оньсого #42

Сүүлийн хоёр долоо хоног оньсого зөв таасан хүн таарсангүй ээ. Энэ удаад арай амархан хоёр оньсого тавилаа.

Ганга мөрний эрэг дээр
Ганц цагаан шувуу сууна, тэр юу вэ?

Үдэш ургасан цэцэг
Өглөө босоход хагдарна, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд.

Sunday, June 22, 2008

Оньсого #41 хариу

Энэ оньсогыг багадаа сонсож байсан болохоор олон хүн таах болов уу гэж бодсон зөв таах хүн гарсангүй. Оньсогонд орсон олон үгийн утгыг мэдэхгүй юм гэсэн коммэнт олон үлджээ. Зарим үгийг чадан ядан тайлбарласан боловч тус болоогүй бололтой. Оньсогоны хариу сонгино байлаа. Сонгины иш отго нь, сахал мундаа гэж үндэс, хурц үнэрийг нь заарь хэмээн дүрсэлжээ. Оньсого таах гэж оролдсон та бүхэнд баярлалаа. Ямар ч гэсэн шинэ оньсогоноос гадна хэдэн шинэ үг сурсан байх гэж найдаж байна.

Thursday, June 19, 2008

Ховорхон..

Ид ажилтай үеэр Euro2008 болоод сэтгэл санаа хоёрдуулж, ажил цалгардуулах юмаа. Миний хувьд юм бичихэд үдээс хойш нэг цагаас тав зургаа хүртэл хамгийн үр бүтээлтэй цаг. Цагийн зөрүү тооцохоор хөл бөмбөгийн тоглолт яг давхцаад, ажил хийсэн нэртэй компьютэрийн өмнө сууж байвч нүд нөгөө дэлгэц үрүү хялайгаастай. За яахав одоо хэдхэн хоног үлдлээ.

Дэлхийн аварга, европын аваргаар л хөл бөмбөг үздэг би мэдлэг муутай ч тэрүүхэндээ аль нэг багийг таалаад дэмжихээр ихэнхдээ хожигдчихоод байдаг талтай. Жишээ нь, дэмжиж байсан франц, чехийн багууд хожигдоод хасагдаж орхисон. Харин өчигдөр өнөөдөр хоёр ховорхон таарах азтай өдрүүд байлаа. Дэмжиж байсан оросууд шведийг, германчууд португалийг хожоод, ажлаа цалгардуулсан ч сэтгэлийн асар их ханамжтай шөнө дөлөөр сууж байна даа. Яагаад энэ хоёр баг гэхээр би гэдэг хүн аль таарууг нь сонгож дэмжих гээд байдаг зуршилтай. Сонголт ийм болохоор хожигдоод байдаг нь аргагүй ч юм уу. Оросууд ЗXУ задарсанаас хойш том тэмцээнд амжилт гаргаж байгаагүй гэнэ. Харин энэ жил өнгөтэй сайн баг гарчээ, дандаа залуухан хүүхдүүд. Харин германы хувьд тойргийн тоглолтонд тийм сайн байгаагүй, португали болохоор шуугиан тарьсан алдартнуудаар дүүрэн. Бас нэг шалтгаан гэвэл итали португалийн багийн тоглолт надад таалагддаггүй юмаа. Сиймхий ашиглаж эсрэг багийнхнаа түлхэж ёврохдоо мэргэжлийн мөртлөө өөрсдөд нь хүрэв үү үгүй юу баашлаад хэвтчихдэг талтай. Үгүй надад л тэгэж харагдаад байдаг, дүрэм журам сайн мэдэхгүй болохоор буруу ч байж болох.

Харин том мөрөөдөл үзүүр түрүүнд хорват испани хоёр үлдвэл сайхнаа. Тэгвэл аль нь ч түрүүлсэн хамаагүй ээ. Ингэж хөвсөлзөж байгаа хэрнээ нэгнийх нь ч нэрийг мэдэхгүй тууж яваа. Таарсан ч хөгжөөн дэмжигч бол...

Оньсого #41

Оньсого таалгах цаг болчихжээ. Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Орой дээрээ отготой
Оочин дундаа сахалтай
Сахлан дундаа мундаатай
Мундаан дундаа заарьтай, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавья. Та бүхэн тааж болгооно уу?

Тайлбар:
Хүмүүс зарим үгний утгыг ойлгохгүй байна гэсэн коммэнт үлдээжээ. Ингээд зарим үгсийн тайлбар нэмж бичлээ.
мундаа - залаа сэрвээ
заарь - содон үнэр гаргадаг булчирхай юм байна. Харин отго бол нөгөө хэргэм зэрэгтэй хүмүүсийн малгайны чимэг (отго жинс гэж ярьдаг даа). Одоо ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье.

Tuesday, June 17, 2008

Ижил хүйстэнээ сонирхох олдмол чанар биш

Он удаан жилийн туршид ижил хүйстэн байх нь нэг төрлийн өвчин эсвэл ямар нэг байдлаар гаж юманд дуртай улсын асуудал хэмээн тэд олон нийгэмд гадуурхагдаж иржээ. Ардчилсан нийгэм тэдний эрхийг хамгаалах улмаар бусадтай адил тэгш эрх эдлүүлэхийн төлөө олон зүйл хийж байгаа ч чухам хүн яагаад ижил хүйстэн болчихдог нь тодорхойгүй, хүмүүс мөн л буруу хүнд уруу татагдсанаас эсвэл ямар нэг өвчин мөн биш талаар маргалдсаар л.

Ямар ч гэсэн энэ бол төрөлхийн онцлог мөн гэсэн анхны баталгаа өнөөдрийн PNAS (Proceedings of the National Academy of Sciences of the USA) (1) сэтгүүлд хэвлэгджээ. Шведийн Каролинска их сургуулийн судлаачид ижил хүйстэн эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тархины MRI болоод PET дүрслэлийг heterosexual эрэгтэй эмэгтэй хүмүүсийнхтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дээрх дүгнэлтэнд хүрчээ.

Эрэгтэй хүмүүсийн тархины баруун хэсэг зүүн хэсгээсээ том тийм ч учраас баруун зүүн тэгш хэм алдагдсан байдаг бол эмэгтэй хүний тархи тэгш хэмтэй баруун зүүн талын хооронд ялгаагүй байдаг аж. Тэгвэл ижил хүйстэн эрэгтэйн тархины бүтэц heterosexual эмэгтэйн бүтэцтэй ижил, харин ижил хүйстэн эмэгтэйнх heterosexual эрэгтэй хүний тархины бүтэцтэй ижил байдаг аж. Судалгаанаас тархины бүтцийн энэ ялгаа нь хүүхдийг эхийн умайд байх үед бий болоx магадлалтай гэнэ.

Энэ судалгаа шинжлэх ухаанд анх ижил хүйстэн хүмүүсийн онцлогийг харуулсан ажил болжээ. Үүний үр дүнд ийм хүмүүс тархины бүтэц, үйл ажиллагааны онцлогоос хамаарч бэлгийн өөр чиг хандлагатай болсон учир тэднийг гадуурхах нь утгагүй хэрэг гэдэг батлагдсан болно.

1. Savic I., and Lindstrom P. (2008) PET and MRI show differences in cerebral asymmetry and functional connectivity between homo- and heterosexual subjects. PNAS

Sunday, June 15, 2008

Оньсого #40 хариу

Энэ удаагийн оньсого олны танил биш байжээ. Саарал ганцаараа таах гэж оролдов. Оньсогоны хариу эмээл байлаа. Эргээд харвал мэддэггүй хүн таахад хялбар биш байжээ. Ямар ч гэсэн оньсого таах гэж оролдсон та бүхэндээ баярлалаа. Ирэх долоо хоногт арай амархан оньсого тавья.

Saturday, June 14, 2008

Ертөнцийн бүсгүйчүүд бүгд адилхан юм уу даа

Охиныг маань багад нь харж байсан Франц бүсгүй нутаг буцах болж, тоглоомын талбайд танилцацгаасан хэдэн бүсгүйчүүд нийлж парти зохион байгуулаваа. Колумби, Бразил, Франц, Энэтхэг, Австри, Израйл, Мексик намайг тоолбол нэг монгол нийлээд арав гаруй хүүхнүүд дашрамд дурдахад бүгд ээжүүд нийлж нэг оройг сайхан өнгөрөөв. Америкт байгаа хэрнээ бидний дунд америк хүүхэн байсангүй ээ. Ажил мэргэжлийн хувьд гурван эмч, эдийн засгийн багш, бизнес эрхлэгч, хоёр хуульч, нэг зураач үлдсэн нь биологичид байв.
Ярьж суухад зан заншил, хэл соёл өөр ч гэсэн эх хүн, эмэгтэй гэсэн утгаараа олон зүйл дээр санал нэг байх юмаа. Яриа ерөнхийдөө хүүхдүүдийн асуудал уруу хэлбийж ийм хоёр сэдэв голлож байх юмаа:

1. Хүүхдүүдээ хэрхэн commercial сэтгэхүйгээс хол өсгөх вэ? Бусад газар ямар байдгийг мэдэхгүй, энд бол эмэгтэй хүүхдийн хувцас ягаан өнгөтэй, дээр нь Диснейн ямар нэг гүнжийн зурагтай байх нь элбэг. Дээр нь Барби, Братз гээд хүүхэлдэйгүй бол хүн биш болчих гээд байдаг талтай. Бид яахаараа эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ягаан юм уу цэнхэр биш харин ногоон, шар, улбар шар, хүрэн өнгийн хувцас хийж болдоггүй юм бол гэж ярилцав. Охидтой улс аль болох эндхийн стереотип маягаас зайлсхийдэг арга барилаа солилцов. Хөвгүүдтэй ээжүүд буу шийдмээс хол байх гэсэн хандлага их байнаа. Бүгдийг хорих хаашаа гэхдээ хорвоо ертөнц Диснейн хэдэн гүнжээр хязгаарлагдахгүй, бас ягаан цэнхэр хоёроос өөр олон гоё өнгө бий гэдгийг ойлгуулах нь чухал юм уу даа.

2. Бэлгийн хүмүүжлийн тухай яриа голлож байнаа. Европоос ирсэн хүүхнүүд багаас нь хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьдаг бол бусад нь аль болох энэ сэдвээс зайлсхийдэг болох нь ажиглагдав. Энэ талаар хамгийн нээлттэй улсын нэг болох Голландад өсвөр насны охидууд жирэмслэх нь хамгийн бага байдаг бол, харьцангуй хуучинсаг консерватив үзэлтэй латин америкийн орнуудад энэ тоо хамгийн өндөр байдаг гэнэ. Франц бүсгүй хүүхдүүддээ 3-4 настайгаас нь эхэлж эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биейин онцлог, хүүхэд яаж төрдөг талаар тайлбарлаж эхэлдэг бол Колумбийн католик шашны сургуулиар хүмүүжсэн бүсгүй иймэрхүү мэдээллийг 18 настайдаа бэлгийн хүмүүжлийн хичээл дээр дурдах төдий сонсжээ. Мэдээлэл нээлттэй байх тусам сөрөг үр дагавар багасдаг ажээ.
Миний хувьд энэ талаар эцэг эхээсээ ер сонсож байсангүй. Сургуульд ч нэг их сүрхий зааж сургасан нь үгүй. Одоо харин цаг үе өөрчлөгдөөд арай нээлттэй болсон гэж найдна.
Хүүхдүүдэд яаж энгийнээр ийм асуудлыг тайлбарлаж өгдөг арга барил бас сонин байлаа. Ямар ч гэсэн хүүхэд эцэг эхийн оролцоотойгоор бий болдог гэдгээс эхэлдэг юм байна. Яваандаа хүүхэд яаж төрдөг, цаашлаад хүүхэд яаж бий болдог талаар нас биед нь тохируулж тайлбарлаад байвал нэгэнт нууц биш учраас хүүхэд тэр болгон ийм асуудал уруу хэт их сонирхоод байдаггүй гэнэ. Аав нь ээжийнх нь умайд үр суулгаж хүүхэд бий болдог гэж тайлбарлах их аятайхан арга санагдав. Миний хувьд хүүдээ энэ талаар яаж тайлбарлахаа мэдэхгүй будилж явсан учир хүмүүсийн туршлагаас сонсоход таатай байлаа.
Дөрөвдүгээр ангид байхдаа хамгийн анх эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өвдөгөө нийлүүлбэл жирэмсэн болдог хэмээн ангийнхаа охины амнаас анх сонсоод тэрхэндээ хөвгүүдээс аль болох хол суух гэж хичээдэг байж билээ. Мексик найз маань бассэйнд орвол жирмэсэн болох магадлалтай гэж сонсоод усанд сэлэхгүй удснаа сонин болгож хөөрөв. Буруу мэдээлэл буруу үр дагавартай болохоор аль болох илэн далангүй, үнэн бодитоор тайлбарлах нь чухал болохыг олон хүний яриа батлав.
Хүүхдүүдээсээ хол цагаа сайхан өнгөрөөх гэсэн бид хэд ингээд хүүхдүүдийн тухай ярьсаар тарж одов. Ертөнцийн хүүхнүүд хоорондоо адилхан юмаа даа.

Thursday, June 12, 2008

Juno


"Чамд үнэхээр хайртай хүн бол чамайг муу сайн бүхэнтэй чинь яг байгаагаар нь хайрлаж чадна. Муухай ч бай сайхан ч бай тэр хүн чиний хонгоноос нар манддаг гэж итгэдэг" хэмээн аав нь 16 тай охиндоо хайр сэтгэлийн талаар зөвлөгөө өгөхдөө хэлсэн үг жигтэйхэн их таалагдав. Найруулагч Жэйсон Райтманы найруулсан "Juno" гэдэг кино үзсэн минь энэ. Нас залуу ч хэрсүү, бие даасан охин жирэмсэн болчихоод тулгарсан асуудлаа хэрхэн шийдэж байгаа нь сонирхолтой байлаа. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд үзүүлбэл сургамжтай санагдав. Сүүлийн үед хүүдээ ухаарал хайрласан кино үзүүлэх гэж их хичээж байнаа.
Энэ кино зохиолоороо өнгөрсөн жилийн Оскарын шагнал хүртсэн бөгөөд гол дүрд тоглосон Эллэн Пэйж шидэг эмэгтэй дүрд нэр нь дэвшсэн юм.

Оньсого #40

Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Ангаан тангаан мод
Алаг тэхийн эвэр
Зуун бухын арьс
Зусмал зээрийн шандас, тэр юу вэ?

Бүтэн сайнд хариуг нийтлэе.

Wednesday, June 11, 2008

Statue of Liberty


Эрх чөлөөний хөшөө Нью Иорк хотод айлчилсан хэн бүхний үзэж харах зүйлсийн жагсаалтанд тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Нью Иоркод амьдарсан энэ хэдэн жил ирсэн буцсан бүгдийг дагуулж очсоноо тоолбол арваад удаа явсан байх юм. Энэ хөшөөг 1886 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Францын ард түмнээс бэлэг болгосон юм гэдэг. Уг хөшөө Манхаттан арлаас урагш байрлах Эрх чөлөөний (Liberty island) арал дээр байрлах бөгөөд нутаг дэвсгэрийн хуваариар Нью Жерси мужид багтах ч Нью Иорк хотын бүрэлдэхүүнд ордог аж.
Эрх чөлөөний хөшөөний эх загварыг Фрэдэрик Бартолди хэмээх уран барималч гаргасан бөгөөд дотоод заслын загварыг Эйфэлийн цамхагийг зохион бүтээгч Александр Эйфэл хийжээ. Хөшөө францын ард түмний хандиваар санхүүжигдэн босчээ.
Ган тулгууртай цэвэр зэс хөшөө нэг гартаа бамбар, нөгөө гартаа бичигтэй хавтан барьсан эмэгтэйг дүрсэлсэн. Бамбарын галын уг эх зэс байсан боловч сүүлд цэвэр алт болгожээ. Хөшөөний эх дүр эртний Ромын боолчлол дарлалаас аврагч бурхан Либэртасаас санаа авсан гэдэг. Хөшөө урагшаа алхсан байрлалтай нэг хөлд нь тасарсан гав гинжийг дүрсэлсэн байдаг. Хөшөөний анхны арай жижиг хувилбар 1870 онд хийгджээ. Энэ хувилбар одоо Парис хотын Люксэмбүргийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг аж. Норвегоос олборлож, Франц, Бельгид цэвэршүүлсэн зэсээр бүтсэн хөшөөг Нью Иорк хот уруу 350 хэсэг болон тээвэрлэж угсарсан байна. Хөшөөний арван нэгэн хошуутай од хэлбэрийн суурийн эхийг америкийн архитект Ричард Хант (Richard Hunt) зохиосон юм байна. Сууринаасаа бамбар хүртэл 46.5 метр өндөр хөшөөг босгоход 113 тонн ган, 27 тонн зэс оржээ.
Эрх чөлөөний хөшөөг ойрхоноос үзье гэвэл Манхаттаны урд үзүүрт байх Battery park-аас билэт авч усан онгоцоор Liberty арал орж болно. Усан онгоц замдаа Эллисийн арал дээр бас зогсдог болохоор тэнд байх музейг бас үзэж болно. Амралт баярын өдрүүдээр өглөө эртхэн очихгүй бол билэт зарагдаад дуусчихдаг гэмтэй. Билэт олдсон ч зарим үед урт дараалалд хэдэн цаг зогсдог нь цаг давчуу яваа нэгэнд хэцүү. Харин усан онгоцны зогсоолд ойрхон Staten Island ferry зогсоол бий. Энэ ferry Манхаттан Staten island хоёрын хооронд явдаг үнэгүй тээврийн хэрэгсэл бөгөөд эрх чөлөөний хөшөөний хажуугаар нэлээн зайтай явж өнгөрдөг. Ингэж үзэхэд цаг хэрийн хугацаа хэрэгтэй.

Tuesday, June 10, 2008

Yves Saint Laurent


Өнгөрсөн долоо хоногт Францын алдарт хувцасны загвар бүтээгч Ив Сан Лоран өөд болжээ. Франц улс төрийн хэмжээний хүндэтгэл үзүүлж, ерөнхийлөгч нь тэнд харагдав. Мэдээж алдар цуутай загварын ертөнцийнхөн, жүжигчид бүгд очжээ. Миний хувьд нэртэй загвар бүтээгчдийг нэг их сонирхоод байдаггүй. Энэ нь нэгд хувцас хунарт нэг их анхаарал тавьдаггүйтэй, бас нөгөө талаар үнэтэй фирмийн хувцас авч өмсөх бэл бэнчин нэгэнт үгүй болохоор дэмий сонирхоод яах билээ. Цаашилбал нөгөө загварын шоу энэ тэр харж байхад гуалиг загвар өмсөгчдийн мөрөндөө тохсон хувцаснуудаас надад зохиж таарах юм ховор харагдаад байх шиг болохоор энэ талын мэдлэг тун муу ч дээрх их хүндлэл сониуч занг минь хөдөлгөж орхив.
Тэгвэл Ив Сан Лоран гэгч хорин нэгэн насандаа Кристиан Диорын ахлах загвар бүтээгч болсон ба сүүлийн тавин жилд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өөрлөгдөж байгааг соргог мэдэрч тэдний хувцаслалтанд хувьсгал хийсэн хүн гэнээ.
Түүний хийсэн бүтээсэн моод мэдэхгүй над мэтэд ч хүртээлтэй гэнэ шүү. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эрс өөрчлөгдөж, улам бүр олон эмэгтэй ажил эрхлэх болсон байна. Үүнийг дагаад ажил хэрэгч эмэгтэйд зориулсан хувцасны загвар зохиох хэрэгцээ бий болжээ. Тухайн үед бэлэн хувцас худалдаж авах нь бэлтэй улсын хэрэг байж. Ив Сан Лоран ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан сонгодог загвар бий болгосон ба өмдийг эмэгтэйчүүдийн өдөр тутмын өмсгөлийн нэг болгоход том үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Чухам энэ хүний ачаар бэлэн хувцас нийтийн хүртээл болох эхлэл тавигджээ.
Ив Сан Лоран загварын ертөнцөд хамгийн их нөлөөтэй бүтээгчийн тоонд ордог байжээ. Түүний бүтээл олон олон бүтээлчдэд уран бүтээлийн санаа авчирч, тухайн цаг үедээ загварын чиг хандлагыг тодорхойлдог байсан гэнэ.
Өмднөөс салдаггүй надад хүндэлж дурсах хүн нэгээр нэмэгдсэн нь энэ. Нээрээ өмд өмсөж болдоггүйсэн бол яанаа гэж бодогдов.

Тайхар чулуу


Баатар эр аймшигт аварга могойн нүхийг таглаж тавьсан гэх домогтой Тайхар чулуу. Энэ домгийг мэдэх хүн эхээр нь бичиж тусална уу?
Эрээн мяраан болтол нэр усаа сараачсан нь сэтгэл эмзэглүүлсэн юм. Болдог бол бүгдийд нь угаагаад хусаад хаячихмаар. Алдартай хаан эсвэл цэргийн жанжин шиг би энд ирэв гэж бичих нь юунд хэрэгтэйг ер ойлгохгүй юм.

Monday, June 9, 2008

Whale Rider


Уламжлалаа хадгалж үлдэхийн тулд шинэчлэл заавал хэрэгтэй юм гэдгийг энэ кино хэлээд байна уу гэж бодлоо. Шинэ Зеландын Маори овгийнхны соёл, уламжлалаа хадгалж үлдэх гэсэн тэмцэл, тэртээ холоос халим хөлөглөн ирсэн овгийн ахлагчийн тухай домог, саад тотгорыг жижигхэн биедээ баймгүй тэнхээгээр даван туулж байгаа охин гээд сэтгэл хөдөлгөсөн сайхан кино байлаа. Найруулагч Ники Каро гэгч найруулсан 2002 оны энэ киноны гол дүрд тоглосон Кийша Касл Хьюс (Keisha Castle-Hughes) охин тэр жилдээ Оскарын шагналын шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшиж байжээ.
Томчууд хүүхдүүд аль алинд нь тохирсон болохоор гэрээрээ сууж байгаад үзсэн, дараа нь хүүтэйгээ энэ талаар ярилцав. Аа тийм маорийн хака бүжиг үзэх дуртайнх энэ кинонд бүжиг, бас бус урлагийн талаар учрыг нь тайлбарлаад сайхан гаргасан байна лээ.

Sunday, June 8, 2008

Оньсого #39 хариу

Энэ оньсогоны хариу хараацай шувуу байлаа. Sol@ce, Хикари, Заяа, Бадка, Саарал, Бум Эрдэнэ нар зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Thursday, June 5, 2008

Оньсого #39

Оньсого таалгах өдөр иржээ, ийм нэг оньсого таалгая.

Үйлэн хар нөмрөгтэй
Үзүүр салаа сүүлтэй
Өвс шавран гэртэй
Өт хорхойн идэштэй, тэр юу вэ?

Энэ оньсогыг мөн л "Монгол ардын оньсого" номноос авлаа. Тааж болгооно уу, хариуг бүтэн сайнд.

Wednesday, June 4, 2008

Чулуутын голын хэдэн зураг




Аавтайгаа хамгийн сүүлд хамт явсан аялалын маршрут Хар Хорин, Тэрхийн цагаан нуур байлаа. Замдаа Архангайн нутагт Чулуутын гол дээр хоёр хоног саатаж, аав, дүү хоёр загасчилсан юм. Дүү маань "алив аав ахиухан загастай газар олоод буучихъя" гэж бөөн инээдэм болсонсон. Хоёр жилийн дараа яг тэгэж явсан замаараа дахиад нэг явах завшаан таарсан ч аав минь байгаагүй болохоор нэг юм дутуу сэтгэл дундуурхан санагдаж билээ. Гэхдээ л энэ нутгаар дахин дахин очмоор санагдаад байдаг юм.