Sunday, May 22, 2016

Хаврын синдром

Сонгуулийн сургаар миний хаврын синдром бас хөдлөх шинжтэй. Уг нь бичиж байгаа ажлаа дуусгах хугацаа товлоод, өдрийн ажлаа төлөвлөөд жигтэйхэн зохион байгуулалттай үзэж тарж байснаа сонгуультай холбоотой мэдээ тасрахаа байхтай зэрэгцээд ажилдаа анхаарал төвлөрөхийг байлаа хөөрхий. Сонгууль дандаа хэл ам дагуулж, талцуулж байдаг нь нэг их шинэ юм биш л дээ. Гэхдээ жил ирэх тусам хэрүүлийн шалтгаан агуулга улам дордоод байх шиг. 
Коммунист систем сольсон цагаас хойш би гэдэг хүн хийж байгаа бүхэнтэй нь санал нийлдэггүй ч АН болоод тэдний нөхдийг дэмжиж ирсэн билээ. Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал байлгүй ч яахав, амьдрал үргэлжлэх тул сайжрах юм байна. Харин энэ удаад сонгуулийн тойрог хувааж байгаа, хуулийн нэр солих гэж гаргасан тайлбар, зарим хүмүүсийн хэмжээгүй эрх энэ тэр бас арай л биш юмаа. Миний хувьд сонголтгүй сонгууль, түрүүний сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн тул гадаадад байгаа хүмүүсийн санал өгөх эрх тодорхойгүй тул ингээд өнгөрөх юм шиг байна. 
Гэхдээ зүгээр манай тал танай тал эсвэл манай талын бүдүүн дарга танай бүдүүн дарга гэхээс өмнө сонгогчид бид өөрсдөө чухам ямар нийгэм байгуулж яаж амьдрах хүсэлтэй, ямар итгэл үнэмшилтэй вэ гэдгээ эргэж нэг бодох ёстой юм шиг байгаа юм. 
Миний хувьд хамгийн чухал асуудал хүний эрх тэгш байдлын хууль эрхийн асуудал, хуулийн хэрэгжилт хамгийн чухал. Манай сонгуулийн өнгө төрхөнд эдийн засгийн үзүүлэлт, амлалт зонхилдог. Хар ухаанаар бодвол эдийн засаг сайн байвал эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэх тул нэгдүгээр асуудал байх нь зөв. Гэтэл бодит байдал дээр тийм байж чаддаг уу?
Надад тодорхой тоо баримт энд алга. Тэгвэл манай эдийн засаг хурдан өсч байсан үед эмч, багш нарын цалингийн өсөлт эдийн засгийн өсөлттэй бодитой уялдаж байсан уу? Эмнэлэгийн ор, хүн амд оногдох эмч, сувилагчийн тоо нэмэгдсэн үү? Жилд баригдах сургуулийн тоо эдийн засагтай уялдаад илүү олон байж чадсан уу? Ухаан нь засаг татвар гэж цуглуулсан орлогынхоо хэчнээн үр ашигтай төсөлд хэчнээн нь хэрэггүй юманд зарцуулагдаж байгааг мэдэх нь чухал. Гэхдээ улс төрчид иймэрхүү тоо баримтыг янз бүрийн аргаар мушгиж хүмүүсийг төөрөгдүүлэх нь бий. Зөвхөн манайд ч биш хаа сайгүй тийм. Өрсөлдөж байгаа хоёр улс төрчийн гаргаж ирж байгаа тоо баримт дандаа зөрдөг. За тоо тийм байж. Тэгвэл арай өөрөөр дүгнэж цэгнэх арга бий юу?
Миний хувьд иргэн бүр банкинд эсвэл гудсан дороо хадгалсан мөнгөнийхөө тооноос үл хамаарч нийгмийн үйлчилгээнд тэгш эрхтэй байх ёстой гэдэг хамгийн чухал зарчим. Манай засгийн газраас олон улсад чансаагаар дээгүүр ордог их дээд сургуульд тэнцсэн хүмүүст санжүүжилт олгодог гэж би ойлгоод байгаа. Харвардад тэнцлээ, төгслөө гээд магтаал дагуулсан мэдээ цахим ертөнцөөр дүүрэн. Энэ нь сайн хэрэг. Харин энд бид ийнхүү санхүүжилт авсан хүмүүс/хүүхдүүдийн хэд нь улсын сургууль тэр дундаа хотын захын болоод хөдөө орон нутгийн сургуулийн төгсөгчид вэ гэж асуух ёстой юм. Өөрөөр хэлбэл боловсролын чанар хөрөнгө мөнгө, газар зүйн хэр их байрлалаас шалтгаалдаг вэ гэсэн асуулт. Үүнтэй ижлээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжид дээрх хүчин зүйл хэр их нөлөөтэй вэ? 
Бодит байдал дээр өндөр үнэтэй хувийн сургуульд сурдаг хүүхэд, хотын захын гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн сурагчийн сурах боловсрох орчин, боломж, ирээдүйд нээгдэх үүд хаалга маш их ялгаатай. Хүнлэг энэрэнгүй, эрх тэгш нийгмийн зорилго нь иймэрхүү зөрөөг багасгах, хүүхэд бүр амьдралд хөл тавихдаа ирээдүй нь эцэг эхийн нийгмийн гарал, хөрөнгөнөөс үл хамаарч адил тэгш боломжтой байх явдал гэж би ойлгоод байдаг. Гэтэл энэ талаар сонгуулийн үеэр хэн ч ярьдаггүй. Хичээлийн агуулга, програмийг шинэчлэх тухай гарч ирсэн засаг болгон ямар нэг шинэ юм гаргаж сэдээд хэдэн жилийн турш бужигнуулж байгаад дуусдаг. Сурагч бүрийн мэдээлэл, мэдлэгт хүрэх боломжийн эрх тэгш байдлын талаар дурдсан сайд болоод ИХ-ын гишүүн таарч байсангүй ээ. 
Ингэхээр сонгогчид улсын төсөв, нийгмийн халамжтай холбоотой амлалтаас илүү тухайн улс төрчийн нийгмийн талаарх төсөөлөл бүр мөрөөдөл нь юу вэ? Тухайн хүний итгэл үнэмшил, зарчим нь юунд тулгуурласан байна вэ гэдгийг харж сонгох нь зөв байх. Олон улс төрч, авилгачдыг, хулгайчдыг зайлуулна гэсэн уриатай гэрч ирдэг. Хүмүүс ч тийм хүмүүсийг талархан дэмждэг. Гэтэл тэд шүүгч, прокурор биш. Их Хурлын гишүүн болонгуутаа хүмүүсийг яллаж, шийтгэх эрхтэй болчихгүй. Харин ч улс орны хөгжил, нийгмийн бодлогын дүр зураг, тодорхой төсөөлөлгүй хүн хууль тогтоогч болохоор нийгмийн чухал асуудлууд шийдэгдэхгүй, нөгөө байдаг хэрүүл маргаанаар дүүрсэн дөрвөн жилийн цикл болчихдог талтай.
ИХ-ын гишүүний үндсэн ажил нь бодлого, хууль боловсруулж батлах. Тиймээс сонгогчид өмнө нь ИХ-д сууж байсан гишүүн бол ямар хууль боловсруулж, ямар хуулийн төсөлд яаж саналаа өгч байсныг нь сонирхох, шинээр нэр дэвшигч байгаа бол бодлогын асуулт тавьж байж хэнд саналаа өгөхөө шийдэх нь чухал байха. Хууль эрхийн орчин зөв бол нийгмийн сөрөг үзэгдэл аяндаа багасна, тэгш бус байдал аяндаа намжина. 




Буруу мэдээлэл уршигтай

Өчигдөр улаан бурхан өвчний эсрэг вакцинтай холбоотой ийм жиргээ анхааралд өртөв.

Ямар үндэслэлтэй ийм цуурхал тараагаад байна гэсэн эмч нарын зөвлөгөө болоод ийм нийтлэл байна гэж хариулсан. Монцамэгийн нийтлэлд зулбах эрсдэл нэмдэг тул бага сартай жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхгүй л гэсэн байх юм. Өрхийн эмч нар хоёр сар хэртээ жирэмсэн болохгүй байхыг сануулж гарын үсэг зуруулж сурагтай. Гарын үсэг зуруулдаг нь вакцин хийлгэж байгаа хүнд эрсдэлийн талаар мэдээлэл өгсөний л баталгаа.
Улаан бурханы вакцин жирэмсэн болоод жирэмсэн болохыг оролдож байгаа эмэгтэйчүүдэд хийлгэхгүй байхыг зөвлөдөг нь үнэн. Учир нь энэ вакцин идэвхгүйжүүлсэн вирус агуулдаг "амьд вакцин" юм. Жирэмсний эхэн үед улаан бурханаар өвдөх нь урагт нөлөөтэй, янз бүрийн гажиг үүсгэдэг тул эрсдэл бий болгохгүйн тулд ингэж зөвлөдөг болно. Яг вакцинаас болж ураг өвчилсөн бүртгэгдсэн тохиолдол Их Британийн засгийн газрын цахим хуудсанд тавьсан нийтлэлээс үзвэл байхгүй. Хэрэв вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дотор жирэмсэн болох, эсвэл вакцин хийлгэх үедээ жирэмсэн байсан бол харьяа эмнэлэгтээ мэдэгдэх хэрэгтэй гэж эдний эрүүл мэндийн үндэсний албанаас зөвлөдөг. Ингэж зөвлөхдөө урагт янз бүрийн өөрчлөлт орох магадлал маш бага тул санаа их зовох хэрэггүй гэсэн байх юм.
Жирэмсэн бол вакцин хийлгэхгүй байх нь зөв, вакцин хийлгэсэн бол 28 хоногийн дотор жирэмснээс сэргийлэх арга хэмжээ авах нь бас зөв. Энэ вакциний эрсдэл бол онолын эрсдэл юм шүү дээ. Харин ямар нэг шалтгааны улмаас дээрх зөвлөгөөг дагаж чадаагүй бол учиргүй сандрах, үр хөндүүлэх ч шаардлага байхгүй.  Мэргэжлийн эмчээс л зөвлөгөө ав. Интэрнэтээр шуугисан бүхэн үнэн биш. Ингэж шуугин хүний сэтгэл санаа үймүүлэхийн хор уршилг мэдээлэл байхгүй байснаасаа илүү ч байж мэднэ.

Friday, May 20, 2016

Венец

Өчигдөр зурагтаар Венецийн тухай баримтат кино гарч байна. Жуулчлалын хот, сувгаар хүн зөөх гондола завь, багт наадам гэж мэдэхээс энэ хотын сонирхолтой түүхийг өрдөө ч мэддэггүй байжээ. Венэцийг олон зууны турш Доож (doge) хэмээх хотын язгууртнуудын сонгосон хүн захирдаг байж. Доож хэргэмийг duke буюу гүн хэмээн дүйцүүлж болно гэх ч Венецийн доож удам залгадаггүй сонгогддог тул арай өөр. Венецийн Доожийн ордонд тус хотын захирч асан  өөрийгөө хаан болгон өргөмжлөхийг завдсан нэгээс бусад бүх Доожийн хөрөг бий гэнэ. 
Хотын оршин суугчдын хандиваар бий болсон төв талбай Piazza San Marco Венецийнхний яс чанарын  бэлэгдэл, иргэний бахархал гэдэг. Өглөө эрт талбайг шүүрдэх урт шүүртэй эр 22 жил талбайг цэвэрлэж буй гэнэ. "Өглөөдөө энэ талбай зүгээр сайхан биш үлгэрийн юм шиг хүн алмайруулам. Би өглөө бүр эндээс тийм сайхан таашаал авдаг. Зарим өглөө би тэр дор сууж нар мандахыг харахад нар намайг яг л үнсэж буй мэт мэдрэмж төрдөг. Эндхийн уугуул бидэнд ч гэсэн энэ талбайд ирэх бүрд анх ирж байгаа мэт санагддаг. Яг л өдөр бүр өөртөө дурлуулах эмэгтэй хүн шиг". Ай италичууд нээрээ яагаад ийм уянгалаг хүмүүс вэ?