Thursday, July 31, 2008

Оньсого #46

Оньсого таах цаг болжээ. Нэг ийм оньсого таалгая.

Эрээн дээсийг
Эвхэж болдоггүй, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхэн тааж болгооно уу?

Monday, July 28, 2008

Олимпийн парадокс


Өчигдөр нийтийн телевизийн сувгаар олимпийн наадмын түүхийн тухай сонирхолтой баримтат кино үзүүлэв. Эртний Грекийн наадам болоод орчин үеийн наадмыг харьцуулсан нь сонирхолтой санагдсан юм. Эртний Грекийн олимпийн наадамд оролцогчид өнөөгийн мэргэжлийн тамирчид шиг нэг төрлийн спортоор дагнан мэргэшиж байжээ. Тухайн үед наадамд нэг нь л түрүүлдэг хоёрдугаар бас гуравдугаар байр гэж байсангүй. Наадамд түрүүлэх нэр төрийн хэрэг байсан ба түрүүлж чадаагүй нь гэр бүл, нэг хотынхныхоо элэг доог болдог байж. Харин ялагч нь алдар хүндээ дуудуулж, бурхадтай дүйцэх хэмжээний хүндэтгэл үздэг байжээ. Тийм болохоор тамирчид дөрвөн жилийн турш алдар хүндийн оргилд хүрэхийн тулд уйгагүй хичээллэдэг байсан гэнэ. Эртний Грекийн олимпийн наадам 1200 жилийн турш тасралтгүй явагдаж байгаад xристийн шашин түгэхэд зогсчээ. Учир нь энэ наадмыг Олимпийн ууланд амьдрах Зевс бурханд зориулан зохион байгуулж байсан нь христийн шашны номлолд таараагүйтэй холбоотой аж.

Харин 19-р зууны сүүлээр Европын язгууртан голдуу гаралтай хүмүүс Олимпийн наадмыг сэргээжээ. Хэдий эртний грекийн нэрийг зээлдсэн ч гэлээ зарчмын хувьд эртний олимпоос тун өөр болгон шинэчилсэн гэнэ. Түрүүлэх биш оролцох нь чухал гэсэн уриа эртний наадамтай ямар ч холбоогүй аж. Чухам энэ үед олимпийн наадамд мэргэжлийн тамирчид биш сонирхогчид оролцох ёстой гэсэн дүрэм гаргасан юм байна. Энэ нь цаагуураа биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг оролцуулахгүй гэсэн санаа байжээ. Жишээ нь сэлүүрт завиар уралдахад өдөр тутам завь сэлүүрдэн хоолоо олдог нэгэнтэй ямар нэг язгууртан залуу уралдахад хэн түрүүлэх нь ойлгомжтой гэж үзэж л дээ. Үүгээрээ грект хэн хүссэн нь оролцдог байсан зарчмаас тэс өөр, цаагуураа явцуу хүрээний цөөхөн хүний наадам болоход хүрчээ.

Он жил өнгөрсөөр өнөө үед хурд, хүч, чадалтай хэн боловч оролцох эрхтэй болсоноороо дэлхийн сая сая хүний хүсэн хүлээдэг наадам болсон билээ. Олимпийн наадамд түрүүлэх нэр төрийн хэрэг учраас оролцогчид оролцох нь чухал гэсэн уриагаа бараг л мартаж, харин түрүүлэхийн төлөө эртний грекийн тамирчдыг санагдуулам эрчимтэй сургуулилалт хийдэг болжээ. Үүний нэг жишээ өмнөд хөршийн маань тамирчидаа бэлтгэх арга барил болох болов уу. Түрүүлэхийн төлөө яахаас ч буцахгүй байдал хээл хахууль, сэргээш хэрэглэх гээд олон сөрөг үйлдэл дагуулдаг. Зүүн германд төрийн бодлогын хэмжээнд тамирчиддаа сэргээш хэрэглүүлж байсан нь сүүлд олон хүний эрүүл мэндийг хохироосон эмгэнэлт хэрэг болоод дууссан билээ. Сэргээшийн асуудал ингээд дуусаагүй мөнгөтэй улсын хэрэглэдэг арга улам нарийсч өнөөдрийн хувьд илрүүлэх аргагүй сэргээш бий болгож хэрэглэдэг болсон гэх. Шинжилгээ хийдэг улс хожмоо илрүүлэх арга олсон хойноо шинжлэх гэж зарим дээжийг хадгалдаг гэсэн байх юм. Иймэрхүү үйлдэлүүд өнөөгийн олимпийн тоглолтыг энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг гэхэд хэцүү болгож орхисон юм шиг санагддаг юм.

Сонирхолтой нь олимпийн бэлэг тэмдэг болсон таван цагираг болоод бамбарын буухиа анх Берлиний 1936 оны олимпийн наадамд анх гарчээ. Энэ нь Гитлер дэлхий дахинд сүр хүчээ үзүүлэх нэг арга байсан гэж түүхчид үздэг аж. Олимпийн таван цагираг эртний грекийн наадамтай ямар ч холбоогүй, тухайн үед дэлхий дахинд тийм гэж үнэмшүүлэхийн тулд олимпийн ууланд германчууд аваачиж булсан гэсэн баримт олджээ.

Үүх түүх нь иймэрхүү. Хэн ч гэлээ өөрийн нутгийн тамирчнаа түрүүлээсэй хэмээн хүсэн хүлээж, сэтгэл догдлон хүлээдэг. Тэдний нэг нь би билээ. Хэдий манайхаас олимпийн аварга төрөөгүй ч авсан медалийн тоогоо хүн амтайгаа харьцуулаад үзвэл чамлахааргүй гэж санадаг. Мэдээж илүү амжилт гарвал баярлах ч оролцоод ирсэн нэгнээ урмаар дэмжээсэй гэж бодох юм. Атений олимпийн эмэгтэй марафон гүйлтийн тэмцээнд хамгийн сүүлдэж ирсэн монгол охиноор би бахархдаг. Яагаад гэвэл тэр замын дундаас буцсангүй ямар ч гэсэн эхлэснээ дуусгаж чадах сэтгэлийн тэнхээ гаргасан учраас. Барианаас өмнө тэмцээнээ дуусгасан олон хүн дотор тэр үед түрүүлэх найдлагатай гэсэн Английн алдарт Радклиф байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Нутаг нэгт тамирчдыг маань азын тэнгэр ивээх болтугай.

Thursday, July 24, 2008

Оньсого #45

Энэ долоо хоногт Жаагий найзын өгсөн нэг хөгжилтэй оньсого таалгая.

Хоёр уулын хооронд
Хоньчин хүү исгэрнэ, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе. Та бүхэн тааж болгооно уу?

Thursday, July 17, 2008

Оньсого #44

Хийж байгаа болон хийх гэж байгаа ажилдаа түүртээд өнгөрсөн долоо хоногт оньсого таалгаж чадсангүй ээ. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Хоолойгүй байж дуутай
Сонсохгүй байж чихтэй
Хараагүй байж нүдтэй
Сумгүй байж нумтай, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд. Та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, July 16, 2008

Сүүлийн үед...

Манайхаар орж гардаг та бүхнээсээ ойрд сонин содон мэдээ дуулгаж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Би гэдэг хүн ажлаа дуусгах хугацаагаа товлочихоод хоёр сарын дотор юмаа дуусгах гээд амьсгаа дээрдсэн хүн компьютэрийн дэлгэцнээс салж чадахгүй л сууна. Ажил дуусах нэг даваа дуусахад цаана нь бас шинэ ажил олох гэж хэцүүхэн даваа хүлээж буй. Олдсон жаахан цагаа ажлын зар харж өнгөрөөж байх шив. Зүгээр хараад өнгөрөх биш CV-гээ шинэчилж ийш тийш явуулж байхгүй бол болохгүй шинжтэй. Нүүдэлчний удам болохоор тэр үү, буйраа сэлгэж холоо явмаар санагдаад байх юм.

Гадуур америкийн эдийн засаг хямралд оржээ гээд л шуугиж байна. Бензин тос, байр, унаа, хоол ундны үнэ мэдэгдэхүйц нэмэгдээд оюутны тэтгэлэгээр амьдардаг мань мэтийг эмзэг бүлгийн гишүүн болгочих гээд хэцүү юмаа. Шинжээчдийн ярьж байгаагаар ямар ч гэсэн хэсэг хугацаанд сэхэхгүй бололтой. Илүү зантай хүн ихээхэн чих тавьчихвал нойр хүрэхээ байх тул тэгэсгээд орхив.

Энэ долоо хоногт английн King's College-ийн судлаачид никотин Alzheimer өвчтэй хүмүүсийн ой ухаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нөлөө тамхи татахад биш харин никотины бэлдмэлийг эмээр уухад л гарна гэнэ. Арваад жилийн өмнө тамхичид ийм төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэл багатай байдаг гэж уншаад удам зүйн хичээлийн paper бичихдээ дурдчихсан чинь багшид таалагдаагүй бололтой дүнгээ хасуулчихсан юмдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийн дундаж нас өндөр болсонтой холбоотой ийм өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь неирологийн салбарт мөнгө хаях шалтгаан болоод байгаа. Бодоод байхнаа neuroscience-аар мэргэшдэг ч байж уу.

Ойрд охин маань монгол явъя гэж шалдаг болоод гэрээ санаж байгаа намайгаа тэрүүхэндээ гуниглуулж орхих юм. Хойтон жил явнаа миний хүү гэхээр тийм би хойтон жил монгол явна гэж онгироод л. Хөөрхий хойтон жил гэдгийг яаж ч ойлгох вэ дээ. Харин маргааш гэдгийг сайн мэддэг болсон байна лээ. Маргааш ямар нэг сонирхолтой юм хийнэ гэвэл одоо унтъя гээд л яарчихдаг юм.

Нутаг гэснээс энэ жил наадам ч тэмдэглэх сөхөө гарсангүй шив дээ. Харин манай хүний ажлынхан нийлж BBQ-дэж, наадам гэж нэрлээгүй ч нэг оройг сайхан өнгөрөөсөн юм байна. Очсон айл Sleepy Hollow гэх газар байдаг нь ижил нэртэй номыг санагдуулав. Монголоор "Морь унасан толгойгүй хүн" гэдэг шиг санах юм. Тэр номын үйл явдал энэ газар болдог юм байна. Гэрийн эзэд Тринидад Тобаггод 200 гаруй жилийн өмнө суурьшсан энэтхэгчүүдийн үр удам агаад гучаад жилийн өмнө амреикт ирж суужээ. Нутгаасаа гараад удаагүй ч энэтхэг ёс заншлаа хаяагүй, дээр нь Карибийн тэнгисийн арлуудын ёс заншлыг бас нэмээд нэг тийм холимог соёлтой хүмүүс байх нь их сонин санагдав.

За би гэдэг хүн иймэрхүү эрээвэр хураавар сонинтой. Ажлынхаа ард гарч байгаад сонин хачны эрэлд мордоноо. Тэр болтол тэсээд намайг мартчихалгүй байж байгаарай даа. Харин долоо хоног бүр оньсогоо таалгаж байнаа.

Tuesday, July 8, 2008

Sunday, July 6, 2008

Persepolis


Маржан Сатрапи (Marjane Satrapi) хэмээх иран гаралтай бүсгүйн өөрийн амьдрал дээр тулгуурласан комик номноос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино 2007 онд Каннын кино наадмын шүүгчдийн шагнал хүртжээ. Арван настай байхад нь иранд исламын хувьсгал гарч, хаант засаг унасан, цаашлаад иран иракийн дайн тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлсөнийг өсөж яваа хүүхдийн бодлоор илэрхийлсэн нь хүний сэтгэл хөндөхгүй байх аргагүй.
Болж байгаа үйл явдал бидний монголчуудын үзэж туулсанаас өөр ч гэсэн аргагүй байдалд орон нутаг орноо орхиж, хүний нутагт дасан зохицохын хэцүүг харуулсан нь миний үзэж өнгөрүүлсэнтэй нэг л ойрхон санагдсан юм. Дайн болоод эрх чөлөөгүй байхын зовлон, хайртай ээж, аав, эмээгээсээ хол хүний газар ганцаардахын зовлонг сэтгэлд хүрэхээр энгийн хүүрнэжээ.

Friday, July 4, 2008

Гэрэлт цох


Нью Иоркт 6 сарын сүүлээс 7 сарын дунд хүртэл Lampyridae овогт багтах гэрэлт цоx элбэг үзэгддэг. Эдгээр цох люцифэраз (luciferase) энзимын хүчээр хэвлийн доод хэсгээс fluorescense гэрэл цацруулдаг бөгөөд цохны энэ чанарыг биологийн ухаанд ген, уургийн шинж чанарыг тодорхойлоход өргөн хэрэглэдэг.
Гэрэлтэх хугацаа богино болохоор зургийг нь авахад амаргүй юмаа. Харин видео бичлэгээр хоёр ч цохны гэрэлтэхийг буулгаж авсанаа олзуурхаж энд тавилаа.

Thursday, July 3, 2008

Оньсого #43

За ээлжит оньсогоо таалгая.

Сээргүй сэртэн
Сэмжгүй голдон
Ясгүй бие
Яргүй мод, тэр юу вэ? Хариуг бүтэн сайнд Отгоогийн хүсэлтээр сэтгэгдлээр үлдээе.