Tuesday, April 29, 2008

Хүнсний хямрал

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөдөр дэлхийн орон бүрт ямар нэгэн нөлөө үзүүлж эхлэв. Хамгийн түрүүнд ядуу зүдүү орны олон улсын байгууллагын тусламжинд дулдуйдаж амьдардаг хүмүүс өртөж, яах ийхийн зуургүй өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэв. НҮБ-ын хүнсний програм ямар нэг аргаар санхүүгжилтээ нэмэхгүй бол тэднийг тэжээж чадахгүйгээ зарлалаа. Монголд маань талх, гурил, будааны үнэ эрс өсч, тэтгэврийн хөгшид үүнд засгийн газрыг буруутган жагсаал цуглаан зохион байгуулж байх юм. Гайти, Индонезид энэ үнийн өсөлт нийгмийн тогворгүй байдал үүсгээд төрийн эргэлт гаргах шахлаа. АНУ-ын хүнсний бөөний худалдааны төвүүд нэг хүнд худалдах будаа, гурил, тоcны хэмжээнд хязгаарлалт хийжээ. Ийм хязгаарлалтыг америкчууд 30 аад оны хямралаас хойш үзээгүй билээ.

Ингэхэд яагаад ийм байдалд хүрчихэв? Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнсний зүйлийн үнэ өссөн нь тийм ч их гайхаад байх хэрэг биш гэнэ. Сүүлийн гучаад жил дэлхийн хүн амын эрс өсөлт, Энэтхэг, Хятадын эдийн засгийн өсөлт, байгалийн баялагийн хомсдол, экологийн сүйрэл бүгд үүнд буруутай гэнэ.

Газрын тосны нөөц дундарч буй ч хэрэглээ өсч байгаа нь биднийг энергийн өөр үүсвэр эрэхэд хүргэсэн билээ. Спиртээр тэжээгдэх машины хөдөлгүүр ч зохион бүтээв. Үүний үр дүнд спиртийн түүхий эд болох эрдэнэ шишийн үнэ зөвхөн сүүлийн нэг жил 37% иар өсөж, газар газрын тариалнчид улаанбуудай тариалж байсан газраа ашгаа бодоод эрдэнэ шиш тариалж эхэлсэн байна. Шар буурцагны тариалалт сүүлийн жилд дариу 87% иар өссөн нь бас л энэхүү ургамлыг тариалах сонирхол бий болгожээ. Ингээд ирэхээр будаа болоод улаан буудай тариалах газар хомсдож түүнийг дагаад буудайны үнэ 130%, болоод будааны үнэ 74% иар тус тус өсчээ. Мэдээж хомсдол бий болсоныг ашиглаж улаан буудайн гол экспортлогчид болох Орос, Казахстан, Канадууд буудайн үнэ болоод экспортын татвараа нэмчихлээ. Энэхүү үнийн өсөлт буудай экспортлогч орнуудад ашигтай хэрэг болж байгаа юм байна.

Хүн амын өсөлт болоод газар тариаланд ашиглах боломжтой газар багасч байгаа нь хүнсний нөөц багасаж байгаатай бас л холбоотой. Хүн амын тоо өсөөд зогсохгүй нэг хүний хэрэглэх хүнсний хэмжээ ч бас сүүлийн хэдэн жил эрс өсчээ. Жишээ нь, 1980 онд хятад улсын нэг хүнд оногдох үхрийн махны хэрэглээ 20 кг байв. Тэгвэл энэ 2007 онд 50 кг болж өсчээ. Махны хэрэглээ өсөх нь эргээд цэвэр усны нөөцөнд халгаатай. Фермийн аргаар малласан үхрийн 1 кг мах бий болгоход 10000-20000 литр ус зарцуулдаг гэнэ. Бэлчээрийн үхэрт энэ тоо хамаарахгүй болов уу. Харин нэг кг буудайнд 1000-2000 литр ус зарцуулагддаг. Зөвхөн махаар жишээ авахад энэ. Тэгвэл цаана нь сүү, өндөг, ногоо, жимсний хэрэглээ бас л жил тутам тогтмол өсөж байгаа шүү дээ.

Экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас болоод үер усны гамшиг, цөлжилт бас л газар тариаланд тохиромжтой газрын нөөцийг багасгаж байгаа бас нэг хүчин зүйл юм. Багахан газраас илүү ашиг олоод авчих гэж элдэв химийн бодисоор хөрсийг бохирдуулна. Ингээд бодохоор даяарчлалын өнөө үед бүх юм хоорондоо уялдаа холбоотой, тийм болохоор байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхийн тулд бүх хүн хамтран хүчин зүтгэх хэрэгтэй болох нь ээ.

Саяхан нэг сонин дээр одоо хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө. Тун удахгүй хувцасны үнэ нэмэгдэнэ гэж бичсэнийг уншсан юм. Яагаад гэвэл тариаланчид үнэ нь өсч байгаа буудай, будаа, эрдэнэ шиш, шар буурцаг тариална. Хямдхан хөвөн тариалах сонирхол хэнд байх билээ. Хувцасаа өөрсдөө оёдоггүй бидэнд бас л тааруухан мэдээ.

Бидний хувьд ядаж улаан буудай болоод хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ өөрсдөө болгодог болчихсон. Уг нь хүн ам цөөтэй манайд болчихмоор л санагдаад байх юм.

Sunday, April 27, 2008

Оньсого #33 хариу

Энэ долоо хоногийн оньсогыг Ганаа ганцаараа зөв таалаа. Хариу нь шумуул байсан юм. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн баасанд дахиад нэг шинэ оньсоготой уулзъя.

Saturday, April 26, 2008

George Harrison Tribute-Tom Petty, Jeff Lynne & Prince


Дуртай дуу бас Prince, сүүлийн хэсгийн гитарын гоцлол тасархай.

Thursday, April 24, 2008

Оньсого #33

Мэддэг оньсого дууссан учир энэ булангаа хаадаг ч юм уу гэж бодож байтал Ганга эгч, Жаагий хоёр сонин сайхан оньсого хэдийг явуулжээ. Ямар ч гэсэн хэсэг хугацаанд та бүхэнд сонирхуулах оньсоготой болж тун их баярлав. Энэ удаад Жаагий найзынхаа өгсөн нэгэн оньсого таалгая.

Сууж байгаа нь шувуу шиг
Шунаж байгаа нь чоно шиг, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд нийтлэе.

Wednesday, April 23, 2008

Хавар


Модод цэцэгсээрээ гоёод ирж яваа цаг гэж цаанаа л нялхамсуу, зөөлхөн байх юмаа. Нэг гэм нь энд хавар гэж хэлж амжаагүй байхад шахуу зун болчихдог талтай. Энэ Central Park -т авсан зураг.

Tuesday, April 22, 2008

Earth day

Энэ өдрийг АНУ -д байгал хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр гучаад жил болжээ. Миний энд өнгөрөөсөн хэдэн жилээс сүүлийн хоёр гурван жил нь энэ өдрийг арай илүү өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон юм шиг ажиглагддаг. Хүрээлэн байгаа байгал орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, озоны цоорхой, байгалийн нөөц баялаг дундарч байгаа гээд тулгамдсан асуудлууд эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болсон учраас тэр биз дээ.
Энэ жил сонин хэвлэлээр хувь хүн хүрээлэн байгаа орчноо хамгаалахад юу хийж болох талаар олон сонин зөвлөгөө нийтэлсэн нь санаанд нийцлээ. Нэг өдөр юм чинь гээд гарсан зөвлөгөөнүүдийг биелүүлэхийг хичээлээ.
Хувь хүний хүрээлэн буй орчиндоо үзүүлүэх нөлөөг "carbon footprint" гэсэн нэгжээр илэрхийлдэг. Энэ нь тухайн хүн хэр их нүүрстөрөгч бий болгож байгааг хэмжих гэсэн оролдлого юм. Дэлхийд амьдрах амьд биет болгон амьсгалах, хооллох, бодисын солилцоо явуулахдаа нүүрстөрөгч бий болгож байдаг. Бусад амьтан ургамалтай харьцуулахад хүний бий болгож байгаа нүүрстөрөгч асар их, бид зөвхөн хооллож амьсгалахдаа биш өөрсдийн амьдрах тав тухтай орчноо бий болгох, тээвэр, хувцаслах тэр ч байтугай зугаацахын тулд нүүрстөрөгч үйлдвэрлэдэг билээ.
Өнөөдөр би энд бидний өдөр тутам өргөн хэрэглэдэг зүйлийн нэг болох гялгар уутны тухай бичмээр санагдлаа. Өнөө үед хаана ч гэсэн дэлгүүрээс юм худалдаж авахад, худалдаж авсан барааг гялгар уутанд хийж өгдөг. Эндхийн нэг супермаркет жилд 900 мянган уут хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Гэтэл Нью Иорк хэмээх энэ том газар хэдэн мянган дэлгүүр хоршоо бий гэж үзвэл жилд хэрэглэдэг уутны тоо хэдэн зуун саяар тоологдох нь ээ. Америкчууд жилд 100 тэрбум уут хог дээр хаядаг гэсэн тооцоо хаа нэгтээ харж байсан санагдана. Түүнээс зөвхөн 0.6% нь л дахин боловсруулагддаг аж. Тэгвэл 100 сая уут зөвхөн үйлдвэрлэхэд 430 мянган галлон (нэг галлон дөрвөн литртэй тэнцэнэ) газрын тос зардуулдаг гэнэ. Харин ганц ширхэг гялгар уут хөрсөнд задрахад 1000 жил хэрэгтэй. Ингээд бодохоор гялгар уут гээч манай дэлхийг бохирдуулахад том хувь нэмэр оруулж байгаа биз.
Манайх гэдэг айл хоолны цүнх, даавуун тор хэдийг аваад хэдэн сарын нүүр үзэж байна. Дэлгүүр очихдоо цүнх саваа аваад очно. Эндхийн олон дэлгүүрүүд өөрийн савтай ирсэн улсыг бүртгэж янз бүрээр урамшуулдаг болоод байгаа. Ингэснээр манайхаар хөглөдөг уутны хог байхгүй болсон, дээр нь байгал дэлхийдээ хэрэгтэй зүйл хийж байна гэж бодохоор сэтгэл өег сайхан байгаа.
Сан Франциско хот том дэлгүүрүүдийн сүлжээнд гялгар уут хэрэглэхийг хорьсон гэж манай эндхийн сонинд бичжээ. Францад уутаа дэлгүүрээс худалдаж авна. Худалдаж авсан уут урагдахад дэлгүүр үнэгүйгээр нөхөж өгдөг нь сайхан санагдаж байсан.
Миний багад монголд гялгар тор нүдний гэм байлаа. Айл бүр даавуун тороор хүнсээ цуглуулдаг байсан нь зөв зуршил байжээ. Миний блогоор орж гардаг та бүхэндээ гялгар тор хэрэглэхээс аль болох татгалзаарай гэж уриалах байна. Хүний өөрийн нутагт байх нь хамаагүй, ингэхэд бид чинь нэг л дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ.
Нэмээд алив цахилгаан хэрэгсэлээ хэрэглээгүй үедээ залгуураар нь салгах, хүнгүй өрөөний чийдэнгээ унтрааж байх, хогоо ангилж хаях, сайн хаагддаггүй усны цоргоо засах, жижгээр савласан ус хэрэглэхээс зайлсхийх гээд цаг зав, мөнгө шаардахгүй олон зүйлийг хийж болох нь ээ. Хүн бүр сэтгэл гаргавал үр дүн нь бидний үр ач нартаа хүргэх бэлэг болох юм шүү.

Sunday, April 20, 2008

Сүүлийн оньсогоны хариу

Оньсогоны хариу тарвага байлаа. Саарал, Сэгсгэр, Anonymous, Mind, Жаагий, Одко нар зөв таажээ. Та бүхэндээ баярлалаа.
Жаагий хэд гурван оньсого явуулна гэсэн байсан. Оньсогонуудаа peakfinder@yahoo.com хаягаар явуулж болно шүү. Хүмүүс сонирхолтой оньсого өгвөл хойшид тогтсон цагтаа нийтэлж байнаа.

Friday, April 18, 2008

Гүүр


Нэг ийм гүүрээр Архангайд явж байхдаа гарсан юм. Дараа нь "Шар нохойн там" кинон дээр хараад нэг их танил дотно санагдаж билээ. Хэзээ ч барьсан юм, засахгүй бол болохгүй болчихсон ч хэнэггүйхэн бид тоохгүй гарчихна. Харин хамт явсан гадныхан бараг л залбирал хийсэн байх шүү.

Thursday, April 17, 2008

Сүүлийн оньсого

Энэ хэдэн сар та бүхэнтэй мэддэг оньсогоо таалцаж сайхан байлаа. Энд таалгасан оньсогын олонхийг эмээ маань бидний багад зааж өгсөн юм. Мэддэг хэд маань дуусахад блог андууд маань бас шинэ сайхан оньсого явуулж олон сайхан оньсого шинээр сурсандаа баяртай байгаа шүү. Ингээд надад үлдсэн ганц оньсогоо таалгая.

Газар дор
Гантай шар тос, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавина. Та бүхэн тааж болгооно уу?

Monday, April 14, 2008

Эрээвэр хураавар бодлууд

Одоо л толгой дахиа цэгцэлж, хийснээ эмхлээд ажлаа дуусгая гээд л шийдэв үү үгүй юу ажилтай уралдаад өдөр тутмын гэр зуурын асуудлууд тэр ч байтугай хорвоо ертөнцөд болж байгаа бүхэн уралдан толгойд эргэлдэж чамгүй зүдрээж орхих юмаа. Нэлээн хэд хоногийн өмнө манай тэнхимийн профессор бид хоёр ертөнцийн зовлонг яаж нимгэлэх сэдвээр хоёр цаг гаруй яриад шийдвэр гаргаж чадаагүй билээ. Сүүлдээ нөгөөх маань ерөөсөө энэ мэдээ унших дэмий, тэртээ тэргүй юуг ч шийдэж чадахгүй байж, дэмий сэтгэлээ зовоохын нэмэр гээд явчихлаа. Ингэхээр хэт их юм уншиж мэдэхийн хэрэг байхгүй гэсэн үг гэж үү? Логикоор бодвол тийм хэдий ч чихээ таглаад дүлий дүмбэ оргих бас нэг л бишээ. Бидний ярианы завсар бас нэг ийм санаа байсан юм. Хаа нэг бөглүү газар амьдраад, өдөр тутам тохиох бэрхшээлийг давж туулж чадаж байвал жаргалтай гэж. Гэхдээ над шиг илүү зантай хүн тийм газар очвол элдэв юм олоод мэдчих юмсан гэж загатнаад бас жаргалтай байж чадахгүй л болов уу.

Өнөөдөр Даяар Монгол сонинд Түвдүүдийг дэмжсэн нийтлэл олж уншаад баярлав. Зохиогч нь манай засгийн газрын албан ёсны байр суурийг шүүмжилжээ. Би ч гэсэн Гадаад хэргийн яамны гаргасан мэдэгдлийг анх уншаад яасан хулчгар мэдэгдэл вэ гэж бодсон ч яагаад ийм мэдэгдэл гаргасныг нь бас цаагуураа ойлгож байсан юм. Гэхдээ л цогтой тэмцэгч улс төрчдөөс хэн ч дуугараагүй нь жаахан гонсойлгосныг нуух юун. Гэснээс Түвдийн асуудал тэгэсгээд замхрах шинжтэй. Яахав Их Британий ерөнхий сайд, Германы канцлер, НҮБ-ийн дарга нар олимпийн нээлтэд оролцохгүй гэж мэдэгдэв. Бушийг үүгээр явуулахгүй гэж овоо дарамталж байгаа сурагтай. Тэгсэн манай ерөнхийлөгчийг хятадууд нээлтэнд урив гэж нэг сонин дээр бичжээ. Малигар шар ерөнхийлөгчид маань үгүй гээд хэлчих зориг бий болов уу. Уг нь өөрөө чамгүй шүтлэгтэй нэгэн гэж харагдаад байдагсан.

Дэлхий даяар улаан буудай, будаа, шар буурцаг, эрдэнэ шишийн үнэ огцом өсөж дэлхийн банк болоод бусад олон улсын байгууллагыг сандаргаж байгаа гэнэ. Хамгийн түрүүнд хөгжил буурай орнуудад хүнд цохилт болно, олныг хамарсан өлсгөлөн ч нэрвэж мэднэ гээд хүндээр нэрвэгдэх улсын жагсаалт гаргасан манай монгол тэр дунд нь давхиж явах юм. Арга ч үгүй биз, бид чинь хүнсээ бараг тэр чигээр нь гаднаас авдаг юм чинь. Харин улаан буудайгаа гадагш зардаг Казах мэтийн улсад их хожоотой байх нь ээ.

Хорвоо дэлхийд иймэрхүү байхад энэ хавийн америкчууд инээдтэй дуулиан тариад л юм мэдсэн шинжгүй алхаж явах юм. Нью Иорк хотын бахархал болсон Yankee багийн стадион шинээр барих ажил саявтар эхэлсэн юм. Гэтэл Бостоны Red sox багийн дэмжигч хараал хийж байгаа нь энэ гээд стадионы сууринд Red sox-ын дүрэмт цамцыг булаад, түүнийгээ зарласан нь бөөн дуулиан болж Нью Иоркчууд даруй $30 000 доллар зарж байж тэр цамцыг ухаж гаргасан гэх шив. Угаасаа Yankee, Red sox хоёр багийн дунд нэг тийм хараал энэ тэр гэсэн яриа байдаг нь Babe Ruth хэмээх тоглогчоос эхтэй гэнэ. Babe Ruth уг нь Бостоны багт тоглодог байжээ. Багийн удирдлагууд яагаад ч юм түүнийг Нью Иоркийн багт наймаалж орхисон нь хэрүүлийн алим болж тэр багаасаа явахдаа Бостон хэзээ ч Нью Иоркийн багийг хожихгүй хэмээн харааж л дээ. Сонирхолтой нь Бостоны баг олон жилийн турш Нью Иоркийн багт хожигдсон нь хараалын тухай явган яриаг улам дэвэргэж. Харин хоёр жилийн өмнө байна уу даа, Бостон Нью Иоркийн багийг хожиж, тэмцээний аварга болсон юм. Иймэрхүү хэрэг сонин хэвлэлийн нүүрэнд залраад, сүр дуулиан болоод байхаар хорвоогийн зовлон яаж ч нимгэрэх вэ дээ.

За за би ч гэсэн ажлаа бодох минь. Баабарын эхлээд өөрийгөө өөд нь тат билүү нэг тиймэрхүү үг хэлсэн нь санаанд орчихлоо. Өөрийнхөө асуудлыг цэгцлэхгүй байж яаж улс орон, хорвоо дэлхийн асуудлыг шийдэх вэ дээ. Ёстой нөгөө галзуу хүний өдрийн тэмдэглэл болчих шиг боллоо. Миний толгой доторх нэг иймэрхүү байдалтай.

Sunday, April 13, 2008

Оньсого #31 хариу

Энэ оньсогоны хариу зэрэглээ байлаа. Саарал, Mind, Жаагий, Заяа, Тэнэмэл бүсгүй нар зөв таажээ. Нэг хүн миний нэрээр хариу бичсэн байх юм. Намайг шоглосон юм байлгүй.
Ямар ч гэсэн оньсого таалцсан хэн бүхэнд талархсанаа илэрхийлье.

Friday, April 11, 2008

Golden Gate Bridge

Хэдэн жилийн өмнө Сан Франциско хот уруу хурлын далимаар очих боломж таарч хэд хоног сайхан зугаалж билээ. Америкт очиж үзсэн бүх хотуудаас Сан Франциско хамгийн гоё санагдсан юм. Зугаалаад ирэхэд уулзсан бүхэн " Golden gate" гүүр үзэв үү гэж асуугаад, намайг үзээгүй гэхээр гайхаж толгойгоо сэгсэрцгээгээд л. Мэдээж тэр гүүрийг үзье гэж зорин хоёр ч удаа очсон боловч гүүрийг манан халхлаад харуулаагүй юм л даа.

Гүүрийн эсрэг талд нарлаг сайхан мөртлөө зөвхөн гүүрийг л манан бүрхчихсэн байлаа. Байшин барилга нь Газар Дундын тэнгисийн эрэг орчмыг санагдуулам.

Толгод дунд барьсан хот өгсүүр гудамж ихтэй, явган явахад нэлээн хүч шаардаж байсан. Удаан алхасны маргааш хөлний булчин жигтэйхэн их хөндүүрлэчихсэн байж билээ.

Thursday, April 10, 2008

Оньсого #31

Энэ долоо хоногийн оньсого:

Ачаатай тэмээ туйлах шиг
Арагтай унгас хийсэх шиг
Уулын толгой товолзох шиг
Усны долгио гүвэлзэх шиг, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариу уламжлал ёсоор бүтэн сайнд тавина.

Sunday, April 6, 2008

Хөлөг онгоц хөдөлчихлөө.

"This ship has sailed." гэсэн өгүүлбэр америкт өдөр тутам олон сонсогддог. Үгчилж орчуулбал энэ хөлөг онгоц хөдөлчихлөө гэсэн үг. Харин энгийн ярианд бол аль хэдийн болоод өнгөрсөн үйл явдал, одоо дахиад өөрчлөх аргагүй гэсэн утгаар хэрэглэнэ. Манайхаар бол өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ гэж дүйцүүлж болохоор санагддаг.

Оньсого #30 хариу

Энэ оньсогоны хариу худаг ухах байлаа. Жаахан хэцүү байв уу олон хүн таах гэж оролдсонгүй. Болжгоно, Тэнэмэл бүсгүй хоёр таах гэж оролдсоныг тэмдэглэж хэлье. Таах гэж оролдсон та хоёрт болон гоё оньсого явуулсан Арсун нартаа баярлалаа.

Friday, April 4, 2008

Кофегоо уугаарай

Анагаах ухаан хөгжиж, хүн ам урт наслах болсоны хэрээр насжилттай холбоотой өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч, ялангуяа үйлдвэрлэл хөгжсөн орнуудад энэ нь толгойны өвчин болоод байгаа билээ. Сүүлийн үед өвчтөний тоо эрс өсч байгаа өвчний тоонд Алзхаймэрийн өвчин (Alzheimer disease, монголоор яг чухам юу гэдгийг олж мэдэж чадсангүй, манайхан зөнөглөх гээд байдаг шиг) билээ. Хүн хөгшрөхийн хэрээр тархи цусны хаалтын чадвар буурч, холестрин тархинд нэвтэрч тархины эсүүдийн үйл ажиллагаа алдагдуулсанаар өвчтөний ой санамж муудаж, яваандаа ойр дотныхоо хүмүүсийг ч танихгүйд хүргэдэг. Ийм болсон хүмүүс гол төлөв бие даан амьдрах чадвараа алдаж, асрамжийн газар очихоос өөр аргагүйд хүрдэг нь тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулдаг болжээ. Энэ хэрээр уг өвчнийг эрчимтэй судалж байгаа бөгөөд саявтар америкийн судалгааны нэг бүлэг сонирхолтой судалгаа хийснээ Journal of Neuroinflammation сэтгүүлд хэвлүүлжээ.
Уг судалгаанд тос ихтэй хүнсээр тэжээсэн туулайнуудын заримд нь кофэйн нэмж өгөхөд, холестриний тархинд нэвтрэх чадвар эрс багасчээ. Гарсан үр дүнгээ кофэйн тархи цусны хаалтыг бэхжүүлэх чадвартай хэмээн тайлбарласан байна. Мөн тэднээс хамааралгүй өөр судалгааны бүлэг кофэйн биш зүгээр л өдрийн ганц аяга кофегоор туулайнуудаа дайлсан нь мөн ижил үр дүнд хүргэсэн байна.
Дээр дурдсан судалгаануудыг бусад эрдэмтэд ч кофены ач тусыг баталсан анхны барин тавин баталгаа мөн гэж үнэлсэн байна. Угаасаа кофе ашигтай ашиггүй гэсэн олон маргаан явдаг ч, энэ тохиолдолд яах аргагүй ашигтай гэж гарсан юм байна. Өдөрт ганц аяга кофе уухад л тархиа холестринээс гайгүй сайн хамгаалчихна байна шүү. Кофегүй байж чадахаа байсан надад бол сайхан мэдээ байлаа. Хүмүүсээ кофегоо ууцгаагаарай.

Thursday, April 3, 2008

Оньсого #30

Энэ удаад Арсун найзын өгсөн оньсого таалгая.

Цавчаад байхад бүдүүрээд байдаг
Тайраад байхад уртсаад байдаг, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд нийтлэе. Та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, April 2, 2008

Гэртээ

Охиноо айлд тавих болсон учраас бичих ажлаа гэртээ хийдэг хүн боловоо. Ганцаараа байгаа болохоор бодлоо төвлөрүүлж, элдэв хүмүүсийн ярианд сатаарахгүй гэж тэр. Аа бас жаахан ханиад хүрчихсэн болохоор аяга цайгаа гэртээ чанаад уучихна гээд л нэг их тухтай бодол төрөөд сэтгэл өндөр эхэлсэн чинь хогоо шүүрдэж тоосоо арчмаар санагдаад болдоггүй ээ. Жирийн үед ердөө ч хог шүүрдэж, тоос арчмаар санагддаггүй л юмсан. Хогоо шүүрдэж тоосоо арчаад суусан гэдэс өлсөөд, хоолоо халааж идсэний дараа кофегоо чанаж уугаад за одоо л нэг гэсэн хүүхдээ авах цаг болчихов. Хувийн зохион байгуулалтгүй хүн гэж ийм байдаг байхаа. Маргаашнаас ажил дээрээ очиж суухаас...

Tuesday, April 1, 2008

Ээжийгээ санаад л...

Хагас жил ээждээ эрхэлж, ар гэртээ санаа зовохгүй явсан маань дуусгавар болж, өчигдөр ээжийгээ JFK онгоцны буудал орж гаргаж өгөвөө. Өөрөө хоёр хүүхдийн ээж болж гуч гарсан ч эгээ л таван настай хүүхэд шиг аашлан ээжийгээ хормойдон уйлмаар санагдаад хэцүүхэн байлаа. Өөрийнхөө ажлыг хойш тавиад хэл мэдэхгүй хүний газар хоёр зээгээ асарч, хөгшин болсон охиноо эрхлүүлсэн ээжийн минь сэтгэл агуу юмаа. Яваад өгсөн хойно нь гэр эзгүйрэх шиг эвгүй гэдэг нь. Болдогсон бол гэртээ хариад ээжийнхээ хажууд санахын зовлон мэдэхгүй нам тайван амьдрахсан.
Хүүгээ өглөө босоод эмээгээ үгүйлэх болов уу гээд эртлэн босч сүүтэй цай чанасан ч амт нь ээжийн минь чанасан цайтай яаж дүйцэх вэ дээ. Охин маань өнөөдөр шинэ асрагчийндаа очоод өглөөжингөө уйлсан гэв. Өчигдөр орой л эмээгээ асуугаад, хүн хайгаад байсан юм хөөрхий. Хэсэг хугацааны дараа хатуужин дасах бизээ. Цаг агаар хүртэл миний дотор юу болж байгааг мэдсэн юм шиг бүрсийгээд, бороо дусагнаад муухай байнаа. Хажуугаар нь энэ жилийн өвөл ямар урт болж байнаа. Уг нь өдийд дулаараад хаврын уур амьсгал аль хэдийн орчихдогсон.