Wednesday, January 15, 2014

Шинэ оны мэндээ гээд бас бус гомдол араас нь

Та бүхэн шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ. Удаан алга болсон шалтгаануудаа жагсаавал нэлээн урт болох шинжтэйн дээр тэр дунд нь шалтгаан гэж тооцохооргүй зүйлс цохиж яваа тул олон юм нуршаад яах вэ. Уг нь нэлээн олон юм бодож төлөвлөөд л, материал цуглуулаад яваа юм. Дээр оролцсон хурал, түүнээс хойш хэвлэгдсэн нэлээн олон сонин судалгааны ажлын үр дүн гээд бичих юм олон байнаа. Над шиг нь ингээд бичих гэж мунгинаж байтал манай сонин хэвлэлээр тэс хөндлөн олныг төөрөгдүүлсэн юм шил шилээ даран гарч ирээд тэр тухай илүү амламаар ч юм шиг тэгсэнээ өөрийнхөө бодсоноор биш хүний бичсэний хариу бичих нэг тийм амтгүй, тэрэндээ ч юм уу нэг тийм хойрго байх юмаа.
Шинэ онд ихийг бичнэ гэж худлаа амлахгүй ээ. Учир нь манайд ирье гээд нэг хүн хаалга тогшиж эхэлсэнээ одоо бүр чанга гэгч нь өшигчөөд байдаг болсон. Бид хэд ирье гэсэн амьтныг чинь тосоод авъя гээд нэр мэр бэлдсэн шиг хоног тоолж сууна даа. Баярлах хэдий ч нас тогтсон хойно ирсэн хүнийг тун болгоомжтой тойлохгүй бол бас хэцүү л байдаг юм байна. За миний шалтгаан энэ.
Он гараад хэд хэдэн удаа тун хачин мэдээ хэдийг олж уншаад энэ талаар дуугарах юм шүү гэж бодож явсан өнөөдөр энд нэг ачтай буянтай залуу тун сайхан тод томруунаар бичсэн байнаа. Вакцин эсэргүүцэгчдийг би ерөнхийдөө мунхагдуу хүмүүс гэж ойлгож явдаг юм. Аливаа зүйлийг шүүмжилж болно, гэхдээ тэр шүүмжлэл баримттай, логиктой байх ёстой. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, эм, вакцинтай холбоотой асуудалд бол бүр нухацтай хандах ёстой. Харин манайд вакцин эсэргүүцдэг хүмүүс ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй баримт дээр биш ердөө нэг тийм сэтгэлийн хөдлөл, хөөрөл, ам дамжсан яриа дээр нь YouTube дээрх бичлэгүүдийг баримт болгон ашигладаг.
Болормаа гэдэг сэтгүүлчийн нийтлэл дээр вакцинаас болж эрүүл мэнд амь насаараа хохирсон хоёр хүүхдийн асуудлыг хөнджээ. Мэдээж нэг хохирол нэгхэн гэх биш иймэрхүү тохиолдол дахин гаргахгүйн төлөө ажиллах, вакцины хадгалалт тээвэрлэлт хаана ямар технологоор үйлдвэрлэсэн гэдэгт чанга хяналт тавих, эмч эрүүл мэднийн ажилтан нарт өндөр шаардлага тавих ёстой. Харин зүгээр хэн нэгний золгүй явдал дээр дөрөөлж бусдад буруу ойлголт өгөх, ерөөсөө вакцин гэдэг хор гэх маягийн явуулга хийнэ гэдэг бол хорлон сүйтгэгчээс нэг их дээрдэхгүй гэмт хэрэг мөн.
Ямар ч эм вакцинд харш нөлөө бий. Бидний хамгийн их хэрэглэдэг аспирин гэхэд л цус бүлэгнэх чадвар муутай нэгэнд үхэл авчрах чадалтай, түгээмэл хэрэглдэгддэг антибиотикт хурц харшилтай хүмүүс бас байдаг. Шинэ гарч байгаа эм бэлдмэлд чухам өвчний шинж тэмдгийг дарах/эдгээх чадвар болоод харш нөлөө хэр түгээмэл болох дээр үндэслэж зөвшөөрөл олгодог.
Өнгөрсөн жил барьж байгаа барилгын дээрээс ямар нэг зүйл унаж хүний амь хохирсон тохиолдол дор хаяж хоёр удаа гарсан. Тэглээ гээд хэн ч энэ ерөөсөө хүний аминд халгаатай юм, барилга барихаа больчихъё гэж хэн ч яриагүй биз дээ. Харин аюулгүй байдал, барилга барих зөвшөөрөл ажлын хариуцлагын тухай ярьсан байх. Вакцины хувьд ч гэсэн вакцин хийхгүй гэх биш, хувь хүний хариуцлага, хадгалалт, тээвэрлэх, үйлдвэрлэлийн баталгаат байдал гэж ярайх нь зөв. Ямар нэг харш нөлөө гарсан тохиолдлыг нарийн бүртгэж, учир шалтгааныг тодруулж дахин тийм тохиолдол гаргахаас урдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай ярихаас хүүхэддээ хор шахуулахгүй гээд сонин сонин юм ярьж бичээд байх утгагүй асуудал юм. Тэгээд л сүржигнэж бичээд байсан мөртлөө өнгөрсөн оны сүүл дээр хятадын эмийн компанийн үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн олон нярай урд хөршид эндсэн тухай хэн ч дуугарахгүй байгаа нь чухам энэ асуудлыг нухацтай судалж учир зүйг нь олъё гэсэн сэтгүүлч байхгүй зүгээр л нэг сонингийн зай бөглөж дуулиан тарих гэсэн сонирхол байгааг илчлээд байгаа юм биш үү.
Жинхэнэ мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч байсан бол ядаж л чухам хаана ямар компани үйлдвэрлэсэн вакцин байсан бэ, урд хөршид асуудалд ороод байгаа вакцин манайд орж ирсэн биш биз гээд олон талын судалгаа хийж, мэргэжлийн хүмүүстэй зөвлөж байгаа чамбай нийтлэл бичиж болох л байсан. Үгүй ядаж вакцин огт хийхгүй бол сэргийлж болох өвчнөөр хэдэн хүүхдийн амь хохирох тухай судалгаа тоо гаргаад ирэх ухаан байна уу?
Вакцин хийлгэх зөвхөн өөрийнхөө хүүхдийг халдварт өвчнөөс хамгаалж байгаагаас гадна хараахан тухайн өвчний вакцин хийлгэж амжаагүй нярайг бас хамгаалж байгаа хэрэг юм шүү дээ. Нэгэнт хотжиж, хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулж байгаа бол вакцинжуулах нь эцэг эхийн үүрэг. Хэнтэй ч уулздаггүй уул хаданд амьдардаг бол яахав хувийн асуудал болох юм биз. Наад захын жишээ АНУ-д хүүхдээ сургуульд оруулахдаа хийлгэх ёстой вакцинаа бүгдийг хийлгэсэн гэсэн бүртгэлээ авчирч оруулдаг гэдгийг бас дурдах хэрэгтэй байхаа.
Энэ нийтлэлийн хариуг их аятайханаар тодорхой тоо баримттай бичсэнийг дээрх холбоосоор орж үзнэ бизээ.
Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг юм уу нэг тиймэрхүү хичээл манайд сэлгүүлчийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад ордог юм болов уу даа. Уг нь аливаа асуудал хөндөхдөө баримтан дээр тулгуурлах ёстой зарчим гол баймаар. Би гэдэг хүн хувийн блогтоо би ингэж тэгэж бодож байна гэж бичих нэг өөр, нэр хүндтэй сонин хэвлэлд нийтлэл бичдэг сэтгүүлчийн төвшин нэг өөр. Цалин аваад бусдад мэдээлэл хүргэх үүрэгтэй хүмүүс гоомой хандах, зарчимгүй байх гэдэг их хортой эд юмаа. Хуучин нийгмээс үлдсэн юм ч юм уу, цаасан дээр бууж, цахим хуудаснаа тавигдсан бүхэн үнэн гэсэн нэг гэнэн зан хүмүүст бий. Чухам түүн дээр нь дөрөөлж юу дуртайгаа бурдаг бол бас нэг тийм. Ажаад байхад харин өөрийн сайн дураараа блог бичиж байгаа хүмүүс арай нухацтай юм бичээд байх шиг санагддаг юм, бүгдийг үзээгүй болохоор бас ингэж хэлэх нь өрөөсгөл болох байхаа. Тэдэн үг бичээд тэдэн цаас авна гэж тооцдоггүй болохоор худлаа үнэн юм ярих шаардлага нь үгүй юм бизээ.

Аан тэр Ганчимэг сэтгүүлчийн Тэмүүжин сайдын тухай бичсэн нийтлэл бүр их сонин эд байна лээ. Чухам ямар зорилготой бичсэнийг нь ойлгоогүй. Би 5 жил гэртээ суухдаа дүүгээ өсгөж, гэр орны ажил хийсэн, Тэмүүжин сайд бол яав ч өөдтэй юм хийгээгүй гэсэн таамаг юм уу, аймаар заналтай. Залуу насандаа яг чухам юу хийхээ мэдээгүй, боломж олдоогүй, өөрийгөө хайж хэдэн жил явсан, тэр бүү хэл буруу замаар явсан нэгэн ухаараад амьдралаа өөд татахад буруу нь юу байх вэ. Харин ч эцэг эхийнхээ бэлдсэн замаар бэлдсэн мөнгийг нь өгч сураад амьдрал үзэлгүй зөөлөн суудалд заларсан хүмүүс чинь амьдралын сайн мууг үзсэн нэгнээс дээр байж чадах ч юм уу. Дараа бодоод байсан өширхсөн нэгний захиалгаар л бичсэн байх гэсэн хар төрж энэ тэр. Би тэр сайдыг сайн мэдэхгүй л дээ, зүгээр л нийтлэлийн өнгө аяс, бичсэн логик нь тэгэж санагдсан.

Эртээд дээ BBC цахим хуудсан дээр жирэмсэн эмэгтэйчүүд самар сайн идэж байвал хүүхэд нь самрын харшилтай төрөх магадлал буурна гэсэн мэдээ гарсан байсан юм.


Тэр өдөр нь яг адилхан зурагтай нийтлэл монгол хуудсан дээр жирэмсэн байхдаа самар идвэл хүүхэд самрын харшилтай болох эрсдэл өснө гээд яг эсрэг мэдээ тавьчихсан байлаа. Чадахгүй мэдэхгүй юмыг мэдэмхийрч хүний толгой эргүүлж байснаас зүгээр орхичихож болдоггүй л юм байх даа.