Wednesday, October 24, 2012

Далайн эрэг дээр амарсан нь

Дундуур нь хадуурсаар байгаад нөгөө амралтын аялалын тэмдэглэлээ тасалдуулсан байна, тэр хооронд бас мартсан санасан юм олон болж байна уу даа. Лион хотоос гараад урагшаа давхисаар Лө Лаванду (Le Lavandou) гэдэг Газар дундын эрэг дээр орших жижиг хотод очсон юм. Биднийг урьсан айлынх Сан Клээр (Saint Claire) хэмээх элсэн эрэгтэй их ойр байртай юм. Тэр байрандаа жил тойрон байхгүй л дээ, ах дүүгээрээ ээлжлээд зуны амралтаа өнгөрүүлдэг гэсэн. Энд болохоор гол төлөв дундаж давхаргын хүмүүс амралтаа өнгөрөөх дуртай газар гэнэ. Өглөөнөөс орой болтол далайн эрэг пиг байх юм билээ. Очсон өдөр их халуун байлаа, дээр нь манай машин АС байхгүй, жигтэйхэн халууцсан хүмүүс буунгуутаа усанд булхаж сэрүүцэв. Далай тув тунгалаг, цэв цэнхэр, эхний сэтгэгдэл ер нь л дажгүй. 




Бид уг нь долоо хононо гэж төлөвлөж гарсан, тэр оройдоо нөгөө хүлээж авсан хүмүүс чинь ийм сайхан байхад арав хоноод яв гээд байх. Дахин халуунд машинаар хол явна гэдгээс айсандаа тэгье тэгье гэчихсэн буруудсан байна лээ ккк. Яагаад гэж үү? Ерөнхийдөө их халуун болохоор далайн эрэг дээр хэвтэхээс өөр юм хийх боломж бага. Өглөө айлын эзэн эрт босож элсэн дээр байраа авна. Алчуур, шүхэр, эвхдэг сандал, хөвдөг матраасаа дэлгэнэ. Оройтвол зай олдохгүй. Бид босож цайлаад далайн эрэг дээр үдийн хоол болтол хэвтэнэ. Үдийн хоолны дараа байрандаа даахан унтаж байгаад дахиад далайн эрэг очиж оройн хоол болохоор буцаж ирнэ. Эхний хоёр хоног унтаад л идээд л сайхан амарч байгаагаа гайхаад л байснаа гурав дах өдрөөс нь уйдна биз дээ. Хийдэг ганц  активити нь усанд сэлэх. Би болохоор сайндаа 400 орчим метр сэлээд уйдаж орхино. Хүлээж авсан айлын эзэд гэрийн ажилд оролцуулахгүй, хүнээр хамаг юмаа хийлгээд байхаар бас санаа зовоод тиймэрхүү, арав хоногийг ёстой арай гэж барсан. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үнэн болж таарав уу? Дээр нь идээд хэвтээд байхаар жин нэмээд бүр замбараагаа алдсан. Дундуур нь ганц хоёр сонин газраар өдрийн аялал хийсэн (тэр талаар дараа жич бичнэ). АС-гүй машинтай хүмүүс чинь хайлчих гээд бас их олон явж болоогүй ээ.


Харин охинд маань л их сайхан байсан даа. Тэгсэн хойтон далайн эрэг явахдаа энэ тэр гэж биднийг сандаргасан шүү. Хойтон өөр тийшээ явна гэж байж арай өрөнд оролгүй үлдсэн. Одоо болтол далайн эрэг дээр амарсанаа яриад л зураад л байдаг юм.




Францчуудын ихэнх нь зун Газар дундын тэнгисийн эргээр амардаг юм шиг байгаа юм. Хүн пиг, францчуудаас гадна итали, герман, голландууд олон байсан. Биеэ борлуулах уралдаан гэлтэй, хүүхнүүд нь topless байх нь олонтаа. Бид очингуутаа тэр хавийн хамгийн цагаан хүмүүс байснаа удалгүй бусдаас ялгарахаа больсон. Нээрээ ёстой сайхан борлосон шүү. Өдөржин хэвтэж байгаа юм болохоор жигдхэн их гоё борлосон. Одоо болтол ил далд байсны ялгаа харагдсаар л байгаа.


Америкт далайн эрэг дээр аврагчид нь өндөрлөсөн сандал дээр суугаад л шүгэлдээд л байдаг энд тийм юм байхгүй. Аврагчид нь харагдахгүй. Харин нэг өдөр бидний ойролцоо гэнэт 4-5 хүн ирээд сууцгаах шиг болсон аврагчид байсан. Тэнд байсан хүүхэн наранд цохиулж унасан уу нэг тиймэрхүү асуудал болоход анхан шатны тусламжийн тариа хийж, дусал залгаад аваад явсан байх. Ямар ч чимээ шуугиан гаргахгүй сүрхий юм билээ.

Гайхалтай санагдсан юм гэвэл далайн эрэгтэй ойр мөртлөө Францын өмнөд хэсэг их хуурай цөлөрхөг байсан. Би чинь тийм их усны эрэг дээр байгаа юм чинь их чийгтэй байх гэж санасан тийм биш. Бидний байсан хотын эргэн тойрон сайхан уултай, харин их хуурай тул галын аюулаас сэргийлж хүн гаргадаггүй гэсэн. Ер нь айлууд ч гэсэн цэцэрлэгтээ газар хуурай өвс ургамлын хог байлгаж болохгүй гэсэн журамтай гэнэлээ.
Өдөрт их халуун хэрнээ далайн ус заримдаа хүйтэн байдаг нь далайн салхитай холбоотой гэнэ. Харин хойно Ла Маншийн хоолойд бол ингэж халбал ус нь бүв бүлээн гоё байдгаас өөр юм.

Энд усан үзэм их тарьдаг юм байна лээ. Усан үзэм чинь халуун дулаан бол цөлөрхөг газар муу хөрсөнд сайн ургадаг гэхэд нь гайхав. Францийн хамгийн өргөн хэрэглээний Cotes du Rhone гэх дарс энэ нутгийнх.

Энэ аялалын дараа нөхөр бид хоёр хааяа нэг 9 сард халууны илч бууж хүний хөл татарсан хойно явбал зүгээр юм гэж дүгнэв. Тэр үеэр хөлсний байрны үнэ ч бас гайгүй буудаг юм шиг байна лээ. Бид ч яахав айлд зочилсон, харин тэнд байр хөлслөж амарна гэвэл жижгэвтэр 2-3 өрөө байр дунджаар долоо хоногийн 1000 евро гэв үү аймаар толгой эргэмээр тоо дуулдсан. Бидэнтэй ойр эрэг дээр хэвтдэг байсан залуу хос ойрхон их хуучны байранд (тохижилт муутай) сарын 1000 еврогоор амарч байгаагаа их олзуурхан ярьж байсан.

Байшин барилга нь цонхоо сүүдэрлэж нарнаас халхалсан том тагтнуудтай (сүүлийн үеийнх нь), харин хуучны барилгууд нь цонхныхоо гадна давхар халхавчтай байдаг юм билээ. Өдрийн цагаар түүнийгээ тас хаачихна. Тэр хавийн тосгонууд нь дандаа уулан дээр, арай сэрүүнийг бодсон нь тэр юм уу гэж бодсон.

Хүн гэж хачин амьтан хойно нэг их халууцаад л, аахилаад л, гомдол тавиад байсан Шотландад буцаж ирээд сар болсоныхоо дараа пээ тэр халуун газар луугаа дахиад явах юмсан гэсэн бодол төрсөнийг нуухгүй ээ. Энэ эргийн зурагнууд нэг их онц биш байгаа. Ирийсэн хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй аваад байх эвгүй байсан тул олон зураг дарсангүй.

Wednesday, October 17, 2012

Сонин юм үзнэ гэж..


Үгүй өнгөрсөн хэд хоног яасан их сонин хачин сонсогдовоо. BBC -ийн мэдээн дээр Лениний хөшөөг буулгалаа гэсэн мэдээ хоёр билүү гурав хоногийн өмнө гарсаныг уншаад нэг их юм бодолгүй өнгөрсөн юм. Тэгсэн энэ үйл явдал монголчууд Ленин багшдаа маш их хайртай хэвээр байгааг тодруулсан үйл явдал болжээ. Ухаан нь Ленин багш чинь монголын тусгаар тогтнолын төлөө их хөөцөлдөж бидэнд гавьяа байгуулж өгсөн хүн гээд байх шиг байгаа юм. Миний бодлоор нөхцөл байдлыг зөв дүгнэж хөдөлсөн тэр үеийн монголын төрд зүтгэж явсан улсын гавьяа. Нөхцөл байдал манайд ашигтай таарсан (тусгаар улс болоход). Зөвлөлт засаг болоод Ленинд монголыг өөрийн нөлөөнд байлгах ашиг сонирхол байсан учраас энэ үйл хэрэгт оролцсон гэж боддог. Хүмүүс Ленин сайн хүн байсан тэр муу Сталин л бүгдийг буруу тийш эргүүлсэн гэж боддог бололтой юм. Тийм тал бий байх, гэхдээ коммунист дэглэм тогтооход хүч хэрэглэх, гайгүй чинээлэг нэгний хөрөнгийг хураах, хорих лагерь байгуулах энэ тэр чинь угаасаа Ленин багшийн чинь санаа гэдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөгөөтэйгүүр коммунизм гэдэг санаа сайхан байж болно гэхдээ амьдрал дээр болдоггүйг өнгөрсөн зуунд ийм дэглэмээр замнасан орнууд бэлэхнээ харуулсан биз дээ. Соронзон өнөөдөр Лениний бодитой намтар хэвлэгдсэн бол хүмүүст ухаарал өгөх байж гэж бичсэнтэй санал нийлж байна. Сайн мууг ялгаж салгаж олонд дуулгах л хэрэгтэй юм. Хэний сонирхол байдаг юм манайхан коммунист дэглэмдээ их л өршөөнгүй хандах юм даа. Саяхан шахуу л шинэ хуучин МАХ намууд чинь бид чинь чухам коммунист биш гээд л байснаа өдий болтол Ленин багшаа шүтсээр л байгаа юм биш үү. Би хувьдаа тэр хөшөөнд нэг их ач холбогдол өгч байгаагүй юм, одоо бодохоор нураасан нь зөв. Нураагаагүй учраас хүмүүс гайгүй залуу байсан гээд буруу ойлгоод байдаг юм шиг байна.

Тэгсэн өнөөдөр нэг ийм нийтлэл мэдээллийн хуудаснуудад харагдлаа. Нөгөө Ленин багшаа баахан магтжээ. Тэгээд сүүлдээ Н. Энхбаярыг ч зүйрлүүлэх гээд байх шиг ккк. Хэдэн сарын өмнө баривчлагдахад нь манай даргыг оросын цагаан хаан шиг хэлмэгдүүлж байна гээд л зарлаад байсан, тэр хэлмэгдүүлэл чинь Лениний тушаалаар хэрэгжсэн байтал өнөө манай дарга Лениний хөшөө шиг хэлмэгдэж байна гэх гээд байгаа бололтой. Өө тийм зоригт бүргэд торны цаана шаналж байна ч гэнэ үү. Шууд л өнгөрсөн зууны далаад он шиг л сонсогдож байгаа биз. Нээрээ тэр үед Ленин багшийг магтсан яруу найргийг тоймлосон сонирхолтой нийтлэл энд байгаа, үзээрэй. Бялдуучлахын туйл гэж тийм байдаг байх. Алиман сар шиг Ленин багш гэж ирээд л ккк.

Аа тийм дээрх нийтлэлд Ленин багш 54 настайдаа цус харваж нас барах хүртлээ 54 боть ном бичсэн мундаг хүн гэж магтсан байна лээ. Та нар дунд тэр 55 ботиос нь уншсан хүн байна уу. Би сургуульд байхдаа юунаас билээ болоод Лениний нэг ботиор шагнуулсан юм. Сөхөж хараагүй ш дээ, сүүлд нь манай аав ээж хоёр завсар нь мөнгөө хадгалдаг байсан юм кк. Хулгай орвол Лениний номыг хэн ч сонирхохгүй гэсэн логикоор. Нөгөө талаар их юм бичиж болно, онолдож болно, гэхдээ түүний бичиж хүн төрлөхтөнд юу авчирсан билээ гэдгийг бодох л хэрэгтэй. Үнэндээ Гитлэр Сталин Ленинд тийм их ялгаа байхгүй (миний хувьд).

Түүний үхлийн тухай 90 онд оюутан болчихоод Чехэд байхдаа их сонин юм олж уншсан юм. Оросууд угаасаа нэртэй цуутай хүмүүсээ нас барахаар нь тархийг нь авч хадгалдаг л даа. Юу ч билээ нэртэй тийм хүрээлэн бий. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы тагнуул тэр хүрээлэнгээс Лениний тархиний хэсгийг хулгайлсан гэж байгаа. Тэрийг нь бүр сүүлд баруун германы эмч судлаачид үзээд тэмбүүгээр үхсэн байна гэж тодорхойлсон гэж бичсэн байлаа. Тэр үед би нь тийм юм уншаад нүд ам орой дээрээ гарч байлаа. Сүүлд дээ 2004 онд New York Times дээр бас тиймэрхүү утгатай нийтлэл гарсан байсан Дүгнэлтийг Израйлчууд тэр Лениний өвчний түүхээс нь үндэслэж хийсэн гээд. Нэрийг нь дараад шинж тэмдэг өвчлөлийн түүхийг нь ямар ч эмчид үзүүлсэн тэмбүү гэдэг гэж.. Оросууд уруу тархинаас нь жаахныг өгчих шинжилгээ хийе гэсэн Оросууд зөвшөөрөөгүй юм гэнэ лээ.

Гэснээс Энxбаярын үсийг солонгос уруу явуулаад шинжлүүлсэн хордсон гэж гарсан. Одоо америк уруу явуулж юунаас хордсоныг тогтооно гэсэн мэдээ түрүү долоо хоногт яваад байсан. Тэр бас их сонион.. Хүний үсийг шинжлэхдээ ердийн үсэнд байдаггүй ямар химийн бодис байна гэж шинжилнэ биз дээ. Тэгээд үсэнд байдаггүй тийм бодис байна, тийм учраас тийм юмнаас хордсон байна гэж... Харин хордсон байна харин юунаас хордсоныг мэдэхгүй гэдэг шинжилгээний хариу жаахан жогорхойтой сонсогдоод байгаа биз? Монголчуудын цуу ярианд итгэмхийг гөөмөн их далимдуулах юмаа даа. Цаашилбал тэр явуулсан үс нь Энхбаярынх гэдгийг яаж батлах юм бэ? Тиймдээ тулбал шүүх цагдаагаас гэрч байлцуулж битүүмжилж явуулна биз дээ. Хэний шийдвэрээр яаж тэр үсийг нь явуулсан нь сонин..

Бялдууч гэснээс Дагвадоржийн тухай хийсэн нэвтрүүлгийн тухай бас их олон хүн бичжээ. Зарим нь хэт дөвийлгөж магтлаа, зарим нь яадгийн гавьяа байгуулсан хүн хүн зодсон ч яадгийн гэж ирээд л.. Сониучирхаад үзлээ. Пээ бүү үзэгд.. 15 минутаас илүү тэссэнгүй, яасан ч нялуун... Эвий эвий монголчуудын зовлонг үүрч байгаа юм гэж ирээд л Ийсүс маягийн хүн юм уу хаашаа юм. Яруу найрагч Лхагвасүрэн гуайн үнэлгээ миний толгойд шууд буурч байна лээ ш дээ. Энэ бас бид юмыг дандаа хар цагаанаар хардагийн жишээ. Монголын 100 алдартан билүү, Дагвадорж орох нь зөв л дөө. Сайн барилдсан, аварга болсон, нутгийнхнаа баярлуулсан тэр бүгд үнэн. Гэхдээ тэр болгон чинь танхайрч хүнд гар хүрэх эрх өгдөггүй л байхгүй юу. Та нар санаж байна уу, хэдэн жилийн өмнө хөл бөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтон дээр Зидан италийн тоглогчийг мөргөөд талбайгаас хөөгддөгийг.. Зидан яах аргагүй мундаг хөл бөмбөгч нутагтаа ч нэртэй, тэр тоглолт түүний зодог тайлах тоглолт байсан. Ердөө л тэрхэн мөчид уураа барьж чадаагүй хүн мөргөсөн, тэр мөргөлт багийнхаа хожих боломжийг үгүй хийсэн. Тэгэхэд Францууд Зиданийг өмөөрөөгүй ш дээ. Яагаад гэвэл нутгийнхаа нэрийг өргөж явсанаа бас шавартай хутгасан учраас тэр. Дараа нь хэвлэлээр итали нөхөр чинь Зиданы ээжийг нь доромжилсон байх энэ тэр гээд баахан таамаглал дэвшүүлсэн. Яг дүрэм ёсоороо бол Зидан хөөгдөхгүй л байсан. Яагаад гэвэл түүний хүн мөргөхийг талбай дээр байсан шүүгчдээс хэн нь ч хараагүй. Шүүгч дараа нь дэлгэцнээс мөргөхийг нь хараад шийдвэр гаргасан. Зидан ямар нэг тайлбар эсвэл өөрийгөө зөвтгөх юу ч хэлээгүй, яагаад гэвэл тэр буруу юм хийснээ ойлгосных байх. Угаасаа тэр хүнд хүрэх гэдэг хууль бус үйлдэл учраас. Дагвадоржийн хувьд ч тэр тийм л логик үйлчлэх ёстой. Сумогийн дэвжээг өөрөө л сонгосон, нэгэнт сонгосон хүн дүрэм журманд нь захирагдах л ёстой байсан. Бааранд хүн зодсон гэдэг хууль зөрчсөн асуудал, цаанаас нь өдөөн хатгасан гээд биеэ өмөөрдөг нь илүү. Нэгэнт олны танил байх тийм асуудал дагуулдаг тэр хэмжээгээр өөрийгөө зохицуулаад аваад явах ёстой байсан байх. Лхагвасүрэн гуайн Дагвадорж монголын төлөө барилдсан гэсэнтэй санаа нийлсэнгүй. Тэр хүн өөрийнхөө л төлөө барилдсан, өөрийнхөө л төлөө тийм спорт сонгосон, аваргалаад өөрөө л их мөнгөтэй болсон, тэрийг нэг их эх оронч энэ тэр гэсэн уянгын халилтай хутгаад байх хэрэггүй. Би Дагвадоржийг сайн бөх гэж бодож явдаг (зодог тайлсанаас нь хойш сумо үзэхээ байсан), сайн бөх гэдгээрээ түрүү бариад зодоон цохион хийчихээд өөрийгөө зөвтгөөд байдагт нь дургүй.

Зодоон гэснээс тэр төрийн ордонд нэг нэгэндээ гар хүрдгүүдэд ч бас энэ хамаарна. Намайг хэл амаар доромжилсон гээд барьж авч зодоод байдаг хуулинд нийцэхгүй. тэр дундаа хууль тогтоогчид нь өөрсдөө тийм байж болохгүй. Их Британийн парламэнтийн гишүүн ноднин бааранд агсан тавьсан гээд шууд огцруулж байна лээ ш дээ. Тиймэрхүү дүрэм журам байх хэрэгтэй байх. Саяхандаа эдний нэг сайд дугуйгаараа зөвхөн машин ордог хаалгаар орох гэж зүтгээд шаардлага тавьсан цагдааг "f****ng pleb" (pleb гэдэг нь хүнийг доогуур гаралтай гэж доромжилсон үг юм гэсэн) гэж хараасан гээд одоо огцрохоос өөр замгүй байдалд орчихоод байгаа. Манайхан болохоор Хүрэлсүхийг өмөөрсөн маягтай байна лээ. Бид ч гэсэн бас сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсоны дохио юу.

Ёоx яасан урт болчиховоо, ам нээснийх уушиг нээгээд Цэдэнбалын тухай хэдэн үг. Энэ хаанаас ухуулга хийгээд байгаа юм тэр хүнийг магтаад байдаг болчихож. Дөчин жил төр барьсан, улс орныг хөгжүүлсэн гэж ирээд. Миний бодлоор тэр хөгжил гэдэг нь тэр хүнтэй хүнгүй ирэх байсан юмаа. Шийдвэр Улаанбаатарт биш Москвад гардаг байсан юм хойно. Оросууд үгэнд нь орох хүнээ л тавина биз дээ. Өөрийн бодолтой, холыг хардагуудыг нь бүгдийг нь хороочихсон биз дээ, цаана нь хэн үлдэх нь ойлгомжтой биш гэж үү.

Monday, October 15, 2012

"Дэлхийд байхгүй гайхамшиг"-ийг зөвхөн монголоос...


(Гарчгийг хашилтанд хийсэн болохыг анхаарна уу?)

Егөөдөлгүй монгол гайхамшиг олон бий, маргах хүн гарахгүй биз. Харин хэвлэлээр хаана ч байхгүй гайхамшиг гэж худлаа сурталдах, бусдыг төөрөгдүүлмээр мэдээлэл түгээх явдал улам нэмэгдээд байх шиг. Тэдний хэлж ярьж байгааг нягталж залруулдаг газар хүн гэж байдаггүй бололтой. Би саявтар уншсан хоёр ярилцлаганд залруулга хийж илүү амалмаар санагдаад болдоггүй ээ.
Эхнийх нь хорт хавдар эмчилдэг ид шидтэй цайны талаар нэг ийм ярилцлага байх юм. Гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй гурвалжин будаатай цай дотооддоо үйлдвэрлээд Япон уруу экпортлох гэж байгаа компанийн технологичийн яриа юм байна. Хальт харвал яах аргагүй сайхан мэдээ. Мэдээж дотооддоо юм үйлдвэрлэж гадагшаа зарна гэдэг эдийн засгийн хувьд, мөн нэрлэж байгаа сайн чанарууд нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гээд.
" “Шимт” гурвалжин будааны цайнд төрөл бүрийн эрдэс бодис, уураг, антиоксидант нэгдэл ихээр агуулагддаг. Тиймээс цусан дахь холестриний хэмжээг бууруулж, цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Инсулины нийлэгжилтийг сайжруулан, сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Тиймээс сахарын өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Хүний биеийн бүдүүн, нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж илүүдэл жинг багасгана. Өдөр тутам уудаг цай шигээ тогтмол хэрэглэвэл биеэс хорт бодис гадагшилж нүүрний арьсыг толигор болгодог. Мөн хүний биеийн дархлааг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Манайд зарагдаж байгаа бусад төрлийн гэдэс цэвэрлэдэг цайнууд дандаа гаднаас орж ирж байгаа. Тиймээс гэдэс цэвэрлэдэг гэсэн ерөнхий нэрээр л авч хэрэглэж байгаа болохоос ямар үйлчилгээтэй гэдгийг тэр болгон мэддэггүй. Харин дотооддоо үйлдвэрлэж байгаа энэ цай монгол, орос заавартай. Кофейнгүй учир орой унтахын өмнө ууж болдог. Хамгийн гол давуу чанар нь гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хүний биед сайн нөлөөтэй гэдгийг нь туршилтаар баталгаажуулсан байгаа. " гэсэн байх юм. Харин энэ бүх шинжийг тавхан хүн дээр туршиж тогтоожээ. Таван хүн оролцсон судалгаа дээр дурдсан шиг тийм олон үзүүлэлтээр сайн үр дүн гардаг нь бас л сонин. Тав гэдэг чинь статистик ч хийж болохгүй жижиг тоо шүү дээ. Уг нь сайхан амттай цай, гурвалжин будааны ийм ийм чанар бий, цайны найрлаганд орсон учраас эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ гээд л хэлчихсэн бол болох байлаа. Магад тэр цай нь үнэхээр гайхам чанартай байхыг үгүйсгэж бас болохгүй л дээ. Туршилтаар батлагдсан гэж хэлэх эрхийг дор хаяж зуугаас дээш хүн оролцсон судалгаан дээр тулгуурлана шүү дээ. Нөгөөтэйгүүр өөрсдөө гурвалжин будаагаа гаднаас авчирдаг мөртлөө (хаанаас авчирдагаа дурдаагүй байна лээ) бусдыг компаниуд гаднаас цайгаа оруулж ирдэг гэж шүүмжилсэн байгаа юм. Гадаадын түүхий эдийг тэнд нь хольж цай хийх, монголд авчирч хольж цай хийхийн ялгаа нь юунд байхыг сайн ойлгохгүй л байна.
Манайхаан гэж сая сая хүн орсон судалгаан дээр тулгуурлаж гаргасан вакцинийг эсэргүүцээд л сүйд болдог хэрнээ, таван хүн дээр хийсэн туршилтны үр дүн сайн байсан гэхэд нь ямар ч асуулт тавилгүй хүлээж аваад л, сонин дээрээ дурайтал нь хэвлэх...

Удаах нь ардын жүжигчин Ш. Чимэдцэеэгийн ярилцлага. Чадалтай хоолойтой сайн дуучин гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Харин 3 октав дамнасан дуу дуулаад интернетэд тавьсан хүн дэлхийд байхгүй гэдэг нь бас л уншигч манийгаа басамжилж байгаа юм шиг дуулдав. Ердийн ямар нэг сургуулилт хийж байгаагүй хүн 1-1.5 октав ноот дуулж чадна. Харин дуучны сургуулилт хийсэн хүн 2.5-3 болгох боломжтой. Дөрөв түүнээс дээших нь харин ховор юм гэнэлээ. Гурав ба түүнээс дээш октавын цараатай дууны жишээг нэрлэвэл:
Mariah Carey 5 октавын цараатай хоолойтой. Түүний дуулсан Emotion дуу 4 октавын ноот агуулдаг. David Bowie -ийн Fame дуу мөн 4 октав дуугардаг. Rihanna -ийн Pon de Reply, Chrisette Michele  -ийн If I had my way дуу тус тус 3 октавын цараатай. Эдгээр дуунуудыг интэрнэтээс амархан олж болно. Цаашлаад 4 октавын цараатай дуучдын заримаас нь дурдвал: Kate Bush, Michael Jackson, Freddy Mercury . Гуравтай нь: Amy Winehouse, Annie Lennox, Cher, Tina Turner, Whitney Houston, Maria Callas etc. Миний ойлгосноор олон октавын цараатай, сонсогчдын чихэнд наалдахуйц дуу бичих нь харин хэцүү гэдэг. Олон өнгө дээш доош явахаар чихэнд уянгалаг сонстох тал дээрээ тааруу болдог гэсэн. Тэр утгаар нь авч үзвэл дууг бичсэн Жанцанноров гуай мундаг. Дуулсан Чимэдцэеэ нь мундаг боловч дэлхийд ганцаараа биш. Манайхан миний дууг магтахгүй байна гээд жаахан гомдоллосон маягтай ярьсан байна лээ.
Хэт дөвийлгөх гэдэг харин ч сайхан уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуулж мэдэх аюултай. Уншигч сонсогчдоо хөгжмийн боловсрол муутай гэж дорд үзээд ч байгаа юм шиг, зүгээр нэг ийм бүтээл хийлээ, 3 октавын цараатай дуу би өмнө нь дуулж байгаагүй юм гээд л ярьсан бол өөр хэрэг ш дээ.  Уг дуучны хоолойн чадалтай маргаад байх хүн угаасаа ховор биз дээ.
Миний багад биеэ худлаа магтах муухай гэж сургадагсан. Өнөө тэр сургааль мартагдсан бололтой.

Wednesday, October 10, 2012

Лэфковиц, Кобилка нар химийн салбарын Нобэлийн шагнал хүртлээ



Эсийн хүртэхүй молекулын бүтцийг судалсан ажлаараа багш шавь хоёр (Robert Lefkowitz; Brian Kobilka) химийн салбарын шагнал авсаныг өнөөдөр зарлажээ. Хүртэхүй молекул эсийн хооронд мэдээлэл солилцох, эс гаднах орчноо мэдрэх, цаашлаад орчин тойрондоо зохицоход зайлшгүй хэрэгтэй. Чухам энэ судалгаанд тулгуурлан гаргаж авсан олон эм бэлдмэл өнөө өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Хамгийн наад захын жишээ нь зүрх судасны бэта блокэр, харшлын үед уудаг антихистамин..

Tuesday, October 9, 2012

Франц ба Америкийн квантийн физикчид энэ жилийн Нобэлийн шагналтнаар тодров


Францын Сарж Харош (Serge Haroche) ба Америкийн Дэйвид Уайнланд (David Wineland) нар квантийн бөөмийг устгалгүй ажиглаж болох аргачлал боловсруулж нэвтрүүлсэн ажлаараа энэ жилийн Нобэлийн шагнал хүртлээ. Ийм бөөмийг ялгаж авах тун төвөгтэй, бөгөөд ялагж авсаны дараа амархан шинж чанараа алддаг аж. Мэргэжлийн хүн биш тул хар үгээр тайлбар хийхийг оролдов.

Тавин жилийн өмнө...




Тавин жилийн өмнө Ливэрпүүлийн дөрвөн залуу " Love me do" гэдэг дуу бичүүлсэн нь худалдаанд гарчээ. Тэр үед хэн нэгэн тэдэнд тавин жилийн дараа энэ бичлэгийн чинь ойг Ливэрпүүлд өргөн дэлгэр тэмдэглэж хамгийн олон хүн энэ дууг нийлж дуулна гэсэн бол итгэхгүй байсан болов уу.

- Тэр бичлэгээс хойш Битлз хамтлаг 2 тэрбум цомог заржээ.
- Анхны бичүүлсэн дуу нь тэр дороо Их Британий chart-д 17 д жагссан бол хоёр жилийн дараа Америкт нэгдүгээрт бичигдэж байжээ.
- Энэ дууг Пол Маккартний 16 настайдаа бичсэн байна.
- Өнгөрсөн долоо хоногт Ливэрпүүлд 1631 хүн цуглан дуулж 50 жилийн ойг нь тэмдэглэсэн гэнэ.
- 1964 оны 2 сард тэднийг америк Эд Сулливаний телевизийн нэвтрүүлэгт оролцоход 73 сая хүн үзжээ.
- Энд дууг гурван удаа студид бичсэн бөгөөд бичлэг бүрт өөр бөмбөрчин тогложээ; Пийт Бэст, Ринго Стар, Анди Уайт...


Love, love me doYou know I love youI'll always be trueSo please, love me doWhoa, love me do

Love, love me doYou know I love youI'll always be trueSo please, love me doOh, love me do

Someone to loveSomebody newSomeone to loveSomeone like you

Love, love me doYou know I love youI'll always be trueSo please, love me doOh, love me do

Love, love me doYou know I love youI'll always be trueSo please, love me doWhoa, love me doYeah, love me doWhoa, love me do

Monday, October 8, 2012

Анагаах ухаан физиологийн салбарын Нобэлийн шагнал үүдэл эс судлаачдынх боллоо



Хоёр гурван сарын өмнө хар хүн бид хоёр энэ жил хэн анагаахын салбарт Нобэлийн шагнал авах бишээ авбал зохих талаар ярьж суулаа.
Би: - Энэ жил үүдэл эсийн (stem cell) салбарынхан авах цаг нь болсон байхаа...
Хар хүн: - Яманака авахаар юм хийсэн хөөн, харин Яаниш хажуугаар нь шавар хааж мэдэх юм (нэгэнт боловсорсон арьсны эсийг эргүүлж үүдэл эс болгох туршилт хийж хэвлүүлсэн хоёр хүн: Shinya Yamanaka, Rudolph Jaenisch)...
Б: - Санаа нь Яманакагаас гарсан юм чинь түүнд өгөх л хэрэгтэй. Гэхдээ ганцааранд нь өгөхгүй л дээ..
Х: - Бүр анхдагч гэвэл Жон Гурдон л байна даа (John Gurdon; хамгийн анх мэлхийг клонацийн аргаар үржүүлсэн хүн)...
Б: - Яманака Гурдон гэвэл дэндүү мөрөөдсөн хэрэг болчихдог юм болов уу?


Өнөөдөр Жон Гурдон, Шиняа Яманака хоёр энэ жилийн анагаах ухаан ба физиологийн салбарт Нобэлийн шагнал авах болсоныг мэдээнээс уншаад би жинхэнэ мэргэн бөөдий гэж өөрийгөө дөвийлгөн бодов ккк. Авах ёстой гэж бодсон хүмүүс авсан болохоор сэтгэл өег сайхан байнаа.


Thursday, October 4, 2012

David Bowie: Wild is the wind

Сонсох бүрт сэтгэл хөдлөх миний хамгийн дуртай дуунуудын нэг. Bowie is the Best!



Wild is the wind
songwriters: Dimitri Tiomkin and Ned Washington

Love me, love me, love me, love me,
say you do
Let me fly away with you
For my love is like the wind, 
and wild is the wind
Wild is the wind

Give me more than one caress
satisfy this hungriness
Let the wind blow through your heart
Oh wild is the wind, wild is the wind

You touch me, I hear the sound of mandolins
You kiss me
With your kiss my life begins
You're spring to me, all things to me
Don't you know you're life, itself!

Like the leaf clings to the tree,
Oh, my darling, cling to me
For we're like creatures of the wind, 
and wild is the wind

Wild is the wind 

Wild is the wind

Wild is the wind

wild is the wind