Thursday, September 25, 2008

Оньсого #48

Завгүй завгүй гэсээр оньсого таалгалгүй зөндөө удчихжээ. Одоо завсарлахгүйгээр оньсогоо таалгаад байж болох байхаа. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Тэнгэрээс тэлээстэй
Тэр модноос уяатай
Газраас гагнаатай
Ганц модноос уяатай, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд коммэнтээр үлдээе. Хариуг тавих хүртэл та бүхний үлдээсэн коммэнт харагдахгүй болохыг анхаарна уу?

Tuesday, September 16, 2008

Өвөө

Цайны цагаар гэртээ ирээд хооллож суутал гар утсанд мэссэж ирэх чимээ гарав. Хэдий ийм юм болохыг мэдэж хүлээж байсан ч цээжин дотор ямар нэг ёг хийх шиг. Гэр лүүгээ залгавал өвөө чинь өөд болчихлоо, миний охин сэтгэлээ бариарай гэх ээжийн дуу.

Гурван долоо хоногийн өмнө бие нь муудаад эмч нар найдваргүй гэхэд, за даа бага л зовоосой доо гэж залбирч байсан хэдий ч зүгээр болоод босоод ирээсэй гэсэн горьдлого тасраагүй юмдаг. Наян нэг насалж амьдралын жамаар насыг элээсэн дээ гэж бодсон ч ойр дотныхоо хэн нэгийг алдахтай эвлэрэхэд хэцүү ажээ.

Миний өвөө насаараа тээврийн жолооч хийсэн буурал. Өвөөгийн тухай хамгийн анхны дурсамж мөн л түүний машины кабинаас эхтэй. Ээж аав маань сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад өвөө маань ойрхон гарахдаа намайг эмээ болоод ээж аавын минь хооронд зөөдөг байваа. Замд яваа хүн чинь дуулж зам хороодог юм шүү дээ гэхэд нь жинхнээсээ дуучин болчихсон юм шиг санаж уушигныхаа хэмжээгээр авч өгдөгсөн. Дуулж дуусаад албан ёсоор ёсолж өвөөгөө алгаа таш гэж шаарддаг байж билээ. Өвөө маань чангаар инээж байгаад замын энхэл донхолгүй хэсэг тааруулж рулиэ тавьж байгаад алгаа ташдаг байж билээ. Явж ирэхдээ хоолой сөөчихсөн байх нь элбэг. Эмээ хүүхэд хөөрөгдөж орилуулж байдаг хачин хүн шүү гээд зэмлэхэд том цагаан шүдээ ярсxийлгэж чанга гэгч нь хөхөрдөг байж билээ.

Хамгийн сүүлд хариад буцахдаа уйлан үдсэн түүнийг дандаа л уйлж байх юм. Уулзаж л таараа шүү дээ гэснээ бодохоор уур ч хүрэх шиг. Хөөрхий дөө нас дээр гараад яах ч билээ гэж бодож байсан болов уу. Ингээд бодохоор юмыг дандаа хожуу ухаарах юм даа би. Нас ахих тусам ойр дотны буурлууд маань явж сэтгэлд том том хар нүх үлдээчих юм даа.

Saturday, September 13, 2008

Том хүн болсон нь

Рестораны үйлчлэгч бид хоёрыг хараад дараагийн ширээ сулартал хорин минут болно, хүлээж чадах уу гэлээ. Бид ч хүлээе хүлээе гээд гадагшаа гарч сүүдрэвчний дор байх урт вандан сандал дээр суув. Чанх өөдөөс Abercrombie&Fitch фирмийн нүцгэн шахуу эрэгтэй хүний зурагтай томоос том сурталчилгааны самбар засах болсон хуучин барилгын ханыг эзэгнэж харагдана. Бороо зөөлөн шиврээд салхигүй байсан болоxоор нэн таатай. Нэлээд хугацааны дараа анх удаа санаа зовох, яарч сандрах хэрэггүй, тэр ч бүү хэл ямар нэг шаналгаатай бодол толгойд эргэлдэхгүйгээр хачин сурталчилгааны самбар харж суух үнэхээр сонин бөгөөд таатай мэдрэмж төрж байлаа.

Гудамжаар явах хүмүүс сүүлийн хэдэн сар Бронкст харж дассан хүмүүсээс арай өөр ганган хээнцэр санагдана. Яагаад ч юм хорвоо ертөнцийг тэс өөр нүдээр харж байх шиг эсвэл тэс өөр орчинд орчихсон юм шиг санагдах юм. Энэ миний ажлаа дуусгасаны маргааш төрсөн бодол байлаа. Амьдрал ингээд дуусахгүй ч амьдарлын нэг үе дуусч "том хүн болох нь энэ". Энэ дашрамд манайхаар зочилж, санаа тавьж байсан та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

Friday, September 5, 2008

Алимтай бялуу болоод бас бус...

Хоёр хоногийн өмнө бичсэн ажлаа хураалгаад амьсгаа авахтай болов. Хураалгахын өмнө хүн амьтан дайчилж элдэв алдаа мадаг байх вий гэж шалгаж шалгаж хураалгасныхаа дараа үзсэн өмнө нь үзэгдэж харагдахгүй байсан алдаанууд хэд хэдээрээ буржийгаад байж байх юмаа. Дахиад нэг засварлах боломж бий, тэр үед их л нарийн шалгахаас. Уг нь ажлын талаар бичье гэж бодоогүй юмаа. Юмаа хураалгачихаад жаахан завтай болонгуутаа уулзсан хүн амьтны талаар бичих гэж л ийм гарчиг тавьсан юм.

Манай дарга зуны гурван сард судалгааны ажил хийх сонирхолтой ахлах сургуулийн хүүхдүүд лабораторидоо ажиллуулах дуртай. Миний энд байх хугацаанд манайхаар лав таван хүүхэд дамжсан юмдаг. Франц гаралтай Дафни, оросын еврэй Лариса, ортодокс еврэй Питэр, нэг их шүтлэггүй еврэй Бэн, хятад гаралтай залхуу Франк гээд бүгд л хичээл номондоо сайн сониуч бөгөөд бас угсаа гарал, шашин шүтлэгээсээ хамаараад өөр өөр ааштай хүүхдүүд байлаа. Дашрамд хэлэхэд залхуу Франк ердөө ч залхуу биш, харин шаардлага өндөртэй аав нь залхуу гэдэг болохоор тэгээд үлдчихсэн хэрэг. Дафни, Лариса, Питэр нар одоо бүгд дээд сургуулийн оюутнууд болсон. Харин Бэн маань энэ жил ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд элсэн орж байгаа юм байна. Тэр өнөөдөр ээжийнхээ жороор хийсэн алимтай бялуу өөрөө хийж ирж биднийг дайлав.

Бэний эмээ манай сургуульд профессор байгаад тэтгэвэрт гарсан сүрхий хөгшин бий. Тэр эмээ ноднин жил ач хүүгээ бараг л чихдэж авчирч манай даргад тушаасан юмдаг. Сайн дураараа ирээгүй болохоороо ч тэр үү бусдаасаа арай өөр. Чинээлэг айлын хүү гэдэг нь харангуут анзаарагдана. Ноднин ирэхдээ гранж маягийн замбараагүйдүү урт үстэй, ерөнхийдөө идэвхгүй ч юм шиг хүү байж билээ. Тэгсэн хэрнээ ресторан, үзвэр гэх мэтийн сэдвээр яриа гарахад хамгийн түрүүнд оролцож, заримдаа ажил хийж байгаа хэн нэгнийг шоглож загнуулдаг байлаа. Ямар ч гэсэн бүтэн зун ажиллаад дуусах хэрд хийж байгаа ажилдаа сонирхолтой болж байгаа нь илт мэдрэгдсэн юмдаг. Энэ бас нэг талаар хүнийг голохгүй уйгагүй юмаа тайлбарлаж өгдөг даргын гавьяа гэх үү дээ.

Бэн энэ жил ахлах сургуулиа төгсөөд Сэнт Луйсын Вашингтоны их сургуульд оржээ. Үсээ богинохон засуулаад овоо намба суусан санагдав. Гэхдээ сургуульдаа энэ намар биш өвлөөс явж эхэлнэ. Тэр болтол нэгэн фото зурагчны туслахаар Израйл яваx гэж байгаа. Ирээд Нью Орлэансын үерт нэрвэгдсэн хүмүүст туслахаар сайн дураараа хэдэн сар ажиллах сонирхолтой байгаа гэж ярив. Нээрээ нэг жилийн дотор хэнэггүйхэн дүрсгүй хүү тодорхой зорилготой том эр хүн болж өссөнийг хараад бахархах сэтгэл төрөв. Тэр сургуулийн амралт эхлэнгүүт нэг найзтайгаа хамт Европоор аялаад ирсэн сониноосоо бас хуваалцав. Аялалын тэмдэглэл хөтөлж хөөрхөн вэб сайт хийжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авч амжаагүй тул энд тавихаасаа түдгэлзэв.

Хийсэн алимтай бялуу нь жигтэйхэн сайхан амттай болжээ. Манай ажлынхан ам уралдан магтаад үртэс ч үлдээхгүй хуваагаад идчихсэн. Зургийг нь авдаг байж гэж идсэнийхээ дараа санав. Бялуу идэж байхдаа хоёр жилийн өмнө манайд түр хэдэн сар ажилласан япон залууг дурсацгаав. Яагаад түүний тухай ярих болсоноо санадаггүй ээ, ямар ч гэсэн орой болгон идэх гэж байгаа хоолныхоо зургийг авдаг залуу байж билээ. Нэлээн урт хугацаанд ийм зураг авч мянгаад зурагтай болсон тэр түүгээрээ орчин цагийн урлагийн бүтээл хийх санаатай гэдэгсэн. Хүний сонирхолоо гэж. Саявтар тэр бас ирээд явсан, хоолны зураг авахаа болиод өдөр бүр иддэг тарагны саваа цуглуулдаг болсон гэнэ. Хоёр жилийн дараа тэр савнуудаа өрөөгөөрөө нэг тарааж байгаа зургийг нь авах юм байхаа. Бас л сонин сэтгэж байгаа юм шүү.

Нээрээ ойрд еврэй хүмүүсийн тухай нэлээн бичжээ. Эд нар их сонин ёс заншилтай улс. Еврэй сургуульд сурч байгаагийн хэргээр тэдний соёл түүхтэй танилцах завшаан таарсан хэрэг. Энэ талаар ажлаа дуусахаар хэдэн бичлэг хийе гэж бодоод л байна.