Saturday, December 31, 2016

Шинэ жилийн мэнд!


Энэ блогийг голохгүй уншиж, санаа бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ баярлалаа. Тэр бүр хариу өгч чаддаггүй ч бүгдийг нь уншиж талархаж байдаг шүү. Ирж буй шинэ он амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.
Зураг дээрх гацуур модыг хоёр охин маань томчуудын оролцооргүйгээр чимсэн юм. Аав нь модыг нь тогтоож өгсөн л дөө. Үгүй бас яах вэ том болцгоож л байна. Харин гацуур модыг нь манай байрны хажууд байдаг виноны дэлгүүрээс худалдаж авсан. Энэ дэлгүүрийг ная лав хол гарсан өвөө ажиллуулдаг юм. Дажгүй сонголттой үнэ нь боломжтой, хажуугаар нь өөрийнхөө цэцэрлэгт ургуулсан алим, бас бус ногоо сүпэрмаркэтаас хямд үнээр зарна. Тэр нь бас сайхан амттай. Өвгөн дэлгүүрт нь хүүхэд орж ирэхээр баярлаж том хайрцагтай модтой чихэр гаргаж ирээд л дайлна.
Зул сарын баяраар дэлгүүрийнхээ цонхыг хэдэн зуугаар тоологдмоор олон цөмөөхэй тоглоомоор чимсэн нь хүүхдийн хараа булаана. Манай бага охин лав тэдний цонхны өмнө их удаан зогсдог юм. Зул сарын өмнө унаатай болж амжаагүй тул хаанаас мод авдаг билээ гээд гайхаж байтал өвгөн дэлгүүрийнхээ үүдэнд мод зарна гээд тавьчихсан байсан азтай. Танайх юм чинь гээд бас хөөрхөн хямдруулаад өгсөн. Нэг ийм сайхан дурсамж үлдээх мод заслаа энэ жил. 

Thursday, December 29, 2016

Сэтгэгдлийн хариу

"Minii %-d Trump garsan ni ih zuv. Shiidemgii hun yum hiih baih: Arabuudiig orohiig hyazgaarlana,Mexico US 2-n hoorond hana bosgoj ted nariig huuli busaar orj irehiig haana gej helsen. Arabuud IT, sanhuu, Mexicuud uilchilgee ruu tulhuu ortsgoodog, Tiim ursuldugchid bagasval end baigaa bid nart l iluu ih bolomj garch irne gesen ug."
Өмнөх бичлэгт маань нэг хүн ийм сэтгэгдэл үлдээжээ. Миний хувьд энд хоёр алдаа байна. Нэгд, хэдий Трамп мэксикчүүд болоод арабуудын эсрэг цагаачалалын хатуу бодлого барина гэж зарласан ч зөвхөн тэдэнд зориулсан тогтоол захирамж гаргах нь хууль эрхийн хувьд ярвигтай. Өөрөөр хэлбэл хүний гарал угсаа, шашин шүтлэгээр ялгах нь үндсэн хуулиар бас хүний эрхийн актаар хориотой тул нэг бүлэг хүмүүсийн эсрэг чиглэсэн цагаачлалын бодлого явуулах нь түвэгтэй гэсэн үг. Тэгэхээр бодлого бүх цагаачдад зориулагдах магадлал өндөр тул ерөнхийдөө энэ айлын тогоо өнгийж суугаа бүгдэд хамаатай болох бизээ.
Хоёрт, за яахав ямар аргаар мэксикчүүд, арабуудад зориулсан цагаачлалын бодлого явуулах боломжтой болжээ гэж бодъё. Дөрвөн жилийн дараа хэсэг бүлэг хүмүүсийн амьдрал амархан дээрдэхгүй тул Трампийг сонгосон бухимдал уур хилэн нэг их намжчихгүй биз. Тэгэхэд дараагийн ээлжинд тэр бухимдлыг өөр бүлэг хүмүүс рүү чиглүүлэх хууль эрхийн боломж нээлттэй тул азиуд, монголчууд өөр хэн ч өртөх боломжтой гэсэн үг. Чухам ийм рэторик дарангуйлагч хүчирхэгжих боломж олгож, дэлхийн сүүлийн дайн болоод өнгөрсөн сургамж бий. Бусдыг бариад явахад нь дуугүй байлаа, бараг дотроо баярлаж суутал миний ээлж ирэхэд намайг өмөөрөх хүн байсангүй гэдэг түүх байдаг даа.
Төгсгөлд нь, нэг ийм явцуухан бодол манай хөгжилд саад болдог юм гэж би санадаг. Бурууг бусдаас хайх, эсвэл хэн нэгний азгүйдлээс ашиг хонжоо олохыг хүсэээд ч байгаа юм шиг. Америк том гүрэн, зүтгэж чадвал амьдрал босгох боломжтой зайтай газар. Адилхан л айлд байж бусдыг ад үзэх хаашаа ч байдаг юм, нэг их зөв сайхан зүйл гэж харагдахгүй л юм.

Monday, December 26, 2016

Энэ оныг үдэхсэн гэж яарахуй

Нэг сайхан тухлаж аваад юм бичих завдал гарахгүй явсаар байтал 2016 гэдэг он дуусах тийшээ хэдхэн хоног үлджээ. Нүүдэл суудал, жижиг сажиг ахуйн асуудлуудын араас гарч чадахгүй болохоор өөр хүнд сонирхуулчих юм ховор нь бас нэрмэх юмаа гэж. За он дуусахаас өмнө хэд хоног толгойд эргэлдээд байгаа ундуй сундуй хэдэн бодлоо жагсаагаад, жаахан замбараатай болгочихвол ирэх жил илүү аятайхан байх ч юм билүү.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар илүү амлаж амжаагүй байгаа билээ. Үгүй ер ч гэмээр, гутармаар ч юм шиг. Гэтэл манай монголчуудын сэтгэгдэл бүр ихээр гайхашруулав. Ерөнхийдөө бол тийм баян хүн тэнэг биш л байж таараа. Мундаг ном бичсэн мундаг хүн тэгээд ч БН нам монголд элэгтэй байдаг гэсэн мэссэж их явлаа. Асуудлын гол нь Трамп гэдэг хүн тэнэг эсэх, хэдэн ном бичсэнээс жаахан холуур юм л даа (угаасаа тэр номыг нь хөлсөөр хүн бичиж өгдөг). Өнөөдөр манай улсад нийгмийн, эдийн засгийн, засаглалын олон асуудал бий. Олон хүн энэ асуудлын зангилаа нь хээл хахууль газар авсан, улс төрчид болоод том бизнесийн ашиг сонирхлын зөрчлөөс үүсэлтэй гэж үздэг. Тэгвэл хүмүүс ямар удирдагчийг хүсдэг вэ? Үнэнч шударга, ёс зүйтэй, янз бүрийн хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх цаашлаад өндөр боловсрол, мэдлэг, нийгмийн давхарга бүрийг төлөөлөх чадвар гээд олон чанарыг жагсааж болно. Гэтэл Трамп гэдэг хүн энэ жагсаалтаас нэлээн гадуур тууж яваа шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд худлаа мэдээлэл тараасан (энд ч мань хүн ганцаараа биш), татварын мэдээллээ одоо болтол ил зарлаагүй, Трампийн Их Сургууль нэрээр олон хүн хохироосон, эмэгтэйчүүдийн талаар дундад зууны маягийн үзэлтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидтай дотно, шинжлэх ухааныг үгүйсгэгч, боловсролын төвшин нэг их өндөр биш гээд тоочиж бас болно л доо. Мань хүн сонгогдсоноосоо хойш багаа хэрхэн бүрдүүлж байгаа нь миний л хувьд манай монголын төр засгийн удирдлагатай улам л дөхүү харагдах. Сонгуулийн кампаанийн үеэр хамгийн их мөнгө өгсөн улсууд нь албан тушаал авч байна. Америкийн түүхэн дэх хамгийн олон саятан тэрбумтнаас бүрдсэн засгийн газрыг байгуулж байна. Бизнес эрхэлж байсан хүн ерөнхлийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тангараг өргөхөөсөө өмнө зарах эсвэл өөртэй нь хамаагүй шинэ ТУЗ-д бүрэн даатгах жишигтэй юм байна. Трамп болохоор хүүхдүүддээ удирдлагаа шилжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр бизнесийн асуудал эдний гэр бүлийг орхихгүй гэсэн үг. Цаашлаад хүргэн хүүгээ цагаан ордны тодорхой албан тушаалд дэвшүүлэх арга зам хайж байгаа бөгөөд энэ нь тус улсын Нэпотизмийн эсрэг хуультай зөрчилдөж байгаа болно.
Хүмүүс төрд орохоосоо өмнө баян болсон хүн огт шуналгүй болчих юм шиг андуу боддог. Тэгвэл нийгмийн эрх ашгийн төлөө юу ч хийж байгаагүй хүн ямар зорилготой төрийн эрхэнд гарахыг хүсэх билээ? Трамп бизнесийн ашиг сонирхлоо орхихгүй гэдгээ ч нуусангүй. Тайваний ерөнхлийлөгчтэй утсаар ярьсан нь тэнд зочид буудал барихаар хөөцөлдөж буйтай нь холбоотой гэдгийг хэд хэдэн том сонин шуугиад авсан. Сонгуулийн дараахан японы ерөнхий сайдтай уулзахдаа охиноо байлцуулсан нь ч бас тийм санамсаргүй хэрэг биш гэх юм билээ. Хөвгүүд нь аавтайгаа уулзуулах эрхийг нэлээд хэдэн дойлуураар тарааж байгаа сурагтай дээр гадаад дотоодын зочид нь хүлээж авч байгаа хүнээ гомдоохгүйн тулд Трампийн зочид буудалд бууж орлогыг нь өсгөж байгаа л гэнэ.
Тэгэхээр Трампийн засаглал ер нь манай монгол маягийн засаглалтай илүү ойрхон болох төлөвтэй. Монголын хувьд хүмүүс АНУ, хятадын харилцаанд үүсэх дов сондуул манайд ашигтай байж магад гэж харж байх шиг. Гэхдээ тэр ашиг түр зуурынх л байх, нэгэнт манай засаглал аливаад хурдан рэакц үзүүлэх чадвар муутай тул нэг их том өөрчлөлт авчрахгүй бизээ.
Тэгвэл энэ засаглалын өв юу байх вэ? Эмэгтэйчүүд, үндэсний болоод цөөнхийн эрхийн талаар гарсан дэвшил ухрах магадлалтай. Трамп дээд шүүхийн эзгүй байгаа суудалд шүүгч томилох ажилтай. Тэр нь үр хөндөхийн эсрэг үзэлтэй хүн байх болно гэдгийг нуугаагүй. Конгрес ба сенатийн олонх нь бүгд найрамдах намынхан тул дурын хүнээ томилох боломжтой. Обамагийн санал болгосон шүүгчийг энэ намынхан зориудаар хэлэлцэхгүй унагаад удаж байгаа. Гэр бүл төлөвлөлтөнд зарцуулах санхүүжилтийг бууруулах хандлага байгаа.
Байгал орчны ба дэлхийн дулаарлын судалгаа түүнтэй холбоотой гарсан хууль зохицуулалт буцах магадлалтай. Угаасаа дулаарлыг ил эсэргүүцдэг хэд хэдэн хүн түүний засгийн газарт орсон. Хамгийн түрүүнд дулаарлын судалгааны санхүүжилт өртөх байх. Энэ нь мөн л Трамп газрын тосны комапнид хувьцаа эзэмшдэгтэй холбоотой. Саявтар Өмнөд Дакотад болсон уугуул иргэд, газрын тосны компанийн тэмцэл өөрөөр эргэх магадлалтай. Угаасаа бид ялагдаагүй шүү дээ гэж газрын тосныхон мэдэгдсэн.
Угаасаа засгаас шинжлэх ухааныг санхүүжүүлэх нь буруу гэж үздэг хүн төсөв барих болсон тул шинжлэх ухааны бусад салбарын санхүүжилтэнд өөрчлөлт орох байх. Боловсролын сайд нь дунд сургуульд эволюцийн онол заахыг эсэргүүцдэг тэрбумтан гээд дүр зураг тааруу л бууж байна.
Гэхдээ Олон эрх ашиг хуулиар хамгаалагдсан, зохицуулагдсан байдаг тул алга урвуулахтай адил ч бас байхгүй л дээ.Тэгээд ч олон сая хүний эрх ашиг хөдөгдөхөд бүгд чимээгүй бууж өгөхгүй, их л олон шүүхдэлт болох байх.
Миний ажигласнаар хэсэг хүн баяжихаар бусдынх нь амьдрал дагаад дээшилнэ гэдэг либэртариан үзэл лав бидний хувьд тийм зөв зам биш юм шиг санагддаг. Хүний нэг амьдралд хэдэн байшин, хэдэн хувцас, хэдэн машин хэрэгтэй вэ? Дэмжээд томруулсан бизнесүүд жижиг бизнес бий болох хөгжих орон зайг хааж боодог үзэгдэл хаа сайгүй. Одоо л сайн сайхны үлгэр жишээ болсон болохоос Билл Гэйтс гуайн монополчлол олон бизнесийг дампууруулсан шүү дээ. Өөрөө өөрийгөө тэжээх боломж байхад нь боож хаачихаад дараа нь өглөг маягийн юм өгөөд өгөөмөр царайлах бас тийм. Тэгэхээр бид арай өөр зам, өөр зорилго, өөр мөрөөдөл хайх нь зөв болов уу? Бид цөөхүүлээ, манай зах зээл жижиг, газар зүй цаг агаарын бас соёлын өвөрмөц тогтолцоотой. Тэгтэл заавал бусдыг дуурайж буянаа барах шаардлага бий билүү? Би ядуу зүдүү амьдаръя гээгүй шүү дээ. Боломжийн байр орон сууц, эрүүл саруул орчин, сайн чанарын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг 3 сая хүн хүргэх тийм хэцүү гэж үү? Хүн аятайхан амьдрахад өөр юу хэрэгтэй вэ?
Энэ олон дайн мөргөлдөөн гол нийгмийн шударга бишид бухимдсан олны уур хилэнг ашигласан бас л эрх мэдэл, эд баялагийн төлөөх шунал өрддөг. Ер нь мөнгө шүтэхээ болиод шуналаа хянах аргатай бол нийгмийн бүх биш ч ихэнх асуудал шийдэгдэх байх даа.
Энэ оны сүүлийн бичлэг жаахан бараан болчихлоо. Наастр тийм болохоор өөр арга алга. Харин ирэх жил төсөөлсөнөөс өөр гэгээлэг байх болтугай гэж ерөөгөөд дуусгая даа.