Thursday, December 31, 2009

Шинэ оны мэнд!!!


Зүс үзээгүй ч дотно танил болсон найз нөхөддөө болоод манайхаар орж гардаг хэн бүхэнд ирж буй шинэ оны мэнд хүргэж, ирэх онд амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.

Wednesday, December 16, 2009

The name of the rose


Умбэрто Эко хэмээх италийн түүхчийн бичсэн анхны роман гэнэ. 1327 онд италийн уулархаг нутагт байрлах хийдийн (abbey) лам нар учир битүүлгээр үхнэ. Хэргийг мөрдөх үүрэг авсан Баскэрвиллийн Уйллиам хэмээх бэнэдэктин ( Benedictine) лам түүний туслах Адсо нарт оногддог. Хийдийн лам нарын амьдрал болоод шашны гүн ухааны тухай сонирхолтой өгүүлсэн санагдсан. Дээр нь тэр үеийн ном хэвлэх аргачлал, хийдийн барилгуудын тухай бичсэн хэсгүүд бас их сонин байлаа. Энэ номоор Шон Коннорын тоглосон ижил нэртэй кино хийсэн нь бас олны таашаалд нийцсэн гэдэг (би өөрөө үзээгүй юм). Нууцлаг хэргийг мөрдөөд учиг тайлагдахад хэрэг гарах шалтаг нь харин инээдтэй өчүүхэн зүйл байсанд жаахан гонсойсон юмдаг. Энэ номыг шашны гүн ухаан талаас нь шинжилж бичсэн олон өгүүлэл хэвлэгдсэн юм билээ. санаа нь бас сонин л доо. Мухар сүсэг эсвэл муйхар зангаас болоод Аристотелийн бичсэн ховор бүтээл үгүй болж байгаа юм. Ер нь ямар ч шашны номлолыг явцуу өнцгөөс харж түүндээ нийцүүлэх гэсэн санаа ямар их хор уршиг тарьж болох вэ гэдгийг хэлэх гэсэн болов уу гэж би дотроо дүгнэв. Нөгөө талаар сүм хийдийн тогтолцоо эрх мэдэл, эд баялагтай орооцолдоод ирэхээр уг шашны гол зорилго сайхан бүхэн үгүй болчихож байгаа юм уу. Дээд лам нар эрх мэдлээ булаацалдаад ирэхээрээ насаараа ядуу байж сүсэгтэн олонд үйлчлэх тангарагаасаа няцаж, хүн юм хойно улам шунаж билгийн нүд нь сохорчихов уу гэлтэй.
Нэг ийм номыг шотландад өнгөрөөсөн бороотой хэдэн өдөр уншсанаа мартахаасаа өмнө тэмдэглэж авсан нь энэ.

Tuesday, December 8, 2009

Germinal


Дунд сургуулийн уран зохиолын хичээл дээр социалист реализмийн том төлөөлөгч Эмиль Золягийн тухай үзэж байсан санагдана. Түүний бичсэн "Урхи" гэдэг зохиол (англи орчуулгын нэр нь "The drunkard" гэдэг юм билээ) тухайн үедээ надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлж билээ. Энэ ном Les Rougon-Macquart хэмээх хорин боть цувралын нэг байсныг хожим олж мэдсэн. Урхи номын гол баатар Жервеза хүүхний хүүгийн тухай бичсэн Germinal (монгол орчуулга байдаг эсэхийг мэдэхгүй болохоор нэрийг монголчилж төвдсөнгүй) гэдэг номыг саявтар олж уншсан юм. Энэ зохиол Золягийн хамгийн шилдэг бүтээлд тооцогддог юм байна.
Арван есдүгээр зууны сүүлд Францын хойд хэсэгт орших нүүрсний уурхайн ажилчдын ажил хаялт, уурхайчдын амьдралын хатуу хөтүүг нүдэнд үзэгдтэл бичжээ. Өлсгөлөн, баялaгийн шударга биш хуваалт, хүнд хүчир ажилд нухлагдсан хүүхэд эмэгтэйчүүд ерөнхийдөө хар бараан амьдрал... Ном хүнд хэцүүг дүрсэлж эхлэхэд нь хойшоо дээрдэх болов уу гэсэн горьдлого тээсээр цааш уншвал улам дордох юмаа. Ном дуусахад сэтгэл нэг тийм гунигтай хөндүүр болчих шиг санагдсан. Золя энэ номоо бичихийн тулд өөрөө олон уурхайгаар явж, уурхайчидтай уулзсан юм гэдэг.

Monday, November 23, 2009

Үхрийн бөөрөн үргэлжлэл

Мартсанаа санаад үргэлжлүүлбэл... BBC телевизээр "Дэлхийг ная хоногт тойрсон нь" гэдэг цуврал нэвтрүүлэг гараад дуусав. Олны танил арваад хүн хоёр хоёроороо буухиалан ная хоногт дэлхийг тойрохдоо монгол нутгаар дайрч байх юм. Монголоор дайрч яваа хоёр малчин айлд саатангаа тэмээ сааж, ямааны боодог амсаж байх юм. Аль нутгийг нь хэлж мэдэхгүй сумын бололтой наадам таарч аялаж яваа залуу бас барилдаж үзэж байна. Даанч хамраа гэмтээчих шиг болсон. Үгүй яахав хүний нутагт нутгийн минь тасархай дотно сайхан санагдсаныг хэлэх хэрэггүй бизээ. Британид байгаа хүмүүс BBC iPlayer дээр үзэж болох юм байна лээ шүү.
Телевиз гэснээс манайх гэдэг айл зурагтгүй болоод жил тойрох гэж байгаа юм байна. Энд нүүж ирээд л зурагт аваагүй өдий хүрчихэв. Сүүлийн үед хүүгийн талаас хүчтэй шахалт үзүүлж байгаа учир нэг юм бодох болсон бололтой. Зурагтгүй амьдрал их таалагдаад байгаа ш дээ. BBC сувгийн нэвтрүүлгийг интенетээр үзэж болно. Нэгэнт зурагт байхгүй юм чинь яг л сонирхсон нэвтрүүлгээ л үзэхээс хэрэгтэй хэрэггүй бүхнийг үзэж дөрвөлжин хайрцаг ширтэж суухгүй тэр хэрээрээ цаг хэмнээд байгаа гэж бодогдоно.

Аа тийм сар орчмын өмнө дөө, Жеимс Уотсон (James Watson) авгайн лекцэнд суусан юм байна. Уг нь бол үе үе болчимгүй юм ярьж хэвлэлийн бай болдогийг нь бодоод юу ярих бол гэж хэрэгт дурлаж очсон юм. Очсон хойноо мундаг хүн бол мундаг л байдаг юм байна гэж ойлгоод гарсан. Ная гарчихаад "Би хорт хавдарыг эмчлэхсэн гэж мөрөөддөг" гэж ярьж байх. Зүгээр мөрөөдөх биш бас шинэ соргог асуудал онол дэвшүүлж байна лээ. Яахав энэ санаа үнэн зөв эсэхийг цаг хугацаа харуулах биз, харин миний хувьд урд өмнө сонсоогүй олон сонин дуулсан нь их олзуурхууштай санагдсан юм байна. Хорин тавхан насандаа том нээлт хийсэн хүн мундаг байхаас яахав дээ.
Нээрээ бас Гордон Брауны тухай хэдэн үг бичихсэн гэж бодоод байгаа. Миний бодлоор тэр тун азгүй ерөнхий сайд боловч улс төрч биш жинхэнэ төрийн хар хүн шиг санагддаг (хар хүнийхээ үгийг зээлдэв). Азгүй гэдэг нь ерөнхий сайд байх хугацаа нь эдийн засгийн хямралтай давхацсан учраас тэр. Уг нь ийм л хүн төр толгойлж баймаар снагдаад байгаа юм даа. Ирэх жилийн сонгуулиар эрх барьж байгаа хөдөлмөрийн нам сонгогдож чадахгүй болов уу гэсэн таамаг яваад байгаа. Өрсөлдөгч консерватив намын дарга харин ёстой гулжганасан улс төрч. Хүмүүс яагаад энэ ялгааг олж харж чадахгүй байнаа?


Хэ хэ сурсаныг сураар боож болохгүй хойно жаахан улс төржөөд авлаа. Дараа энэ тухай зав гарахаар тухтай бичнээ. Бичлэгээ харсан баахан харчуудын зураг болчихсон байх шив.

Thursday, November 19, 2009

Үхрийн бөөр

За хө нэг үхрийн бөөр шиг бичлэг бичээд орхиё. Сүүлийн хэдэн сар ганц бие өрх толгойлсон эмэгтэй болж хувирав. Салж сарнисан юм биш шүү, хар хүн өөр хотод ажилладаг болоод тэр. Алба амины асуудлыг амжуулах гэж тэрхэндээ түүртээд компьютэрийн өмнө өнгөрөөх цаг танагдаж орхисон. Гэртээ ажилдаа санаа зовоод, ажил дээрээ болохоор гэртээ санаа зовоод хаа ч тайван сууж болохгүй юмаа. Хааяа сонин хачин сонсохоороо бичихсэн гэж өндөлзөвч цагт хавчигдаж хойшлогдсоор боломж гарахаар хөөх юу билээ хө гэж шилээ маажсан шиг өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Сониноос паспортаа сугуулах гэж элчин сайдын яам орсон юм байна. Хаа очиж их аятайхан сэтгэгдэл төрсөн шүү. Яагаад ч юм элчин гэхээр засвар хийх болчихсон хуучин байр, албан тасалгаа амины сууцны зааггүй, хуучин хивсний таагүй үнэр, ханан дахь хүний сэтгэлд торохооргүй хямд зураг санаанд буудаг юм. Харин Лондонгийн яам өөр цэвэрхэн цэлгэр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй гээд л магтаад баймаар байлаа. Ядаж л ханандаа өвөрмөц содон гоё зураг хадсан юм билээ.

Элчин орсон далимаараа Лондонгийн Кэнсингтон дүүргээр жаал сэлгүүцсэн. Байгалийн түүхийн болоод шинжлэх ухааны музеи үзсэн юм байна. Бас яахав орчин тойронтойгоо бага багаар танилцаж л явна. Энэ дүүрэгт хатан хаан Викториагийн нөхөр Алберт хун тайжид зориулан бариулсан олон дурсгалт газрууд байдаг юм байна. Ануухандаа өөд болсон нөхрийнхөө хойноос хатан хаан үхэн үхтэлээ дөчөөд жил гашуудсан юм гэнэлээ. Кэнсингтоны цэцэрлэгт бариулсан дурсгалын цогцолборыг урлагийн сайхан бүтээл гэмээргүй ч хатан хааны чин хайрын бэлэгдэл байж дээ гэж уярмаар. Угаасаа хун тайж залуухан хатан хааны олон шийдвэрт зөв нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг юм билээ.

Ойрд телевизийн BBC сувгаар "Амьдрал" нэртэй амьд ертөнцийн тухай цуврал баримтат кино үзэж байгаа. Байгал дэлхий юутай гайхамшигтай гэж дуу алдмаар сонин гойд кино байх юмаа. Шалбааганд амьдардаг уушигт загас амаараа шавар ухаж үүр засаад түрс шахна. Түрсэндээ агаар дутах вий гээд эр загас амаараа үүр лүүгээ хэдэн өдрийн турш зогсоо зайгүй агаар зөөхийг харвал уярмаар. Далайн луу гэх сонин халбэртэй загасны (далайн амьтны) эр нь түрсээ боловсортол биедээ тээдэг юм байна. Өвөл болохоор Канадаас Мексик хүртэл хэдэн мянган километр нүүдэллэж ичдэг эрвээхий гээд сонин хачин амьтад олон байх юмаа. Британид байгаа хүмүүс BBC iPalyer дээр үзэж болох юм байна лээ шүү. Киноны анги болгоны төгсгөлд үзүүлсэн амьтдын зургийг яаж авсанаа бас сонирхуулдаг нь сайхан санагдсан.

Энэ зун намрын заагаар овоо хэдэн ном уншсан юм байна. Эргээд бодсон дандаа их дарамттай гунигтай номнууд уншжээ. Сүүлдээ өөрөө сэтгэлийн гутралд орох шахав. Энэ тухай дараа тухтай бичнээ.

Соронзон ба Сувдан охины хүсэлтээр Кембрижийн их сургуулийн номын сан уруу бодон бодон байж нэг өдөр ажлаа зохицуулаад аппаратаа үүрээд очсон чинь "Өнөөдөр манайх номоо тоолж байгаа учир нийтэд үйлчлэхгүй" гэсэн зарлалтай хаалга мөргөөд буцсан. Гэхдээ бас хоосонгүй гадна талынх нь зургийг авсанаа тавилаа. Барилга нь шинэхэн юм билээ. Энэ номын санд Их Британид хэвлэгдэж буй бүх ном байдаг юм гэсэн.





Үүдэндээ ийм номон баганатай...

Харин Тринити коллежийн номын сан жижиг боловч илүү сонин санагдсан. Кристофэр Врэний (Christopher Wren) зургаар 1695 онд баригдсан энэ номын санд хүн үзмээр олон сонин ном үзмэр байдаг юм билээ. Кристофэр Врэн гэгч Английн хамгийн алдартай архитекторч гэнэ. Зөвхөн Лондонд түүний зургаар барьсан 55 сүм байдгаас xамгийн алдартай нь ариун Полын (Saint Paul's) катедрал юм байна. Энэ номын санд 13-р зууны үед хэвлэгдсэн гоёомсог Библийн судрууд, Францын Луй хааны хатан Австрийн Аннагийн хэрэглэж байсан мөргөлийн судар, Исаак Ньютоны ажлын гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, хэрэглэж байсан цаг, таяг, зохиолч Милнэгийн Винни Пүү зохиолын гар бичмэл гээд сонин сонин үзмэрүүд байна лээ. Харамсалтай нь номын сан дотор зураг авахыг зөвшөөрдөггүй юм билээ.

За байз өөр бичмээр юм зөндөө л байх шиг санагдсан цагаа болсон ингээд санаанд ордоггүй гэж. Дараа санахаараа нэмнээ.

Sunday, November 8, 2009

Цэцэгчин бүсгүй



Манай ажил том эмнэлэгийн түргэн тусламжийн тасагтай залгаа. Ажилдаа ирж буцахдаа заавал тэдний үүдээр өнгөрнө. Хүмүүний амьдарлын эрээн бараан хойно есөн шидийн хүн үзэгдэнэ. Тэр нэг өдөр бүрий болсон хойно гэрийн зүг алхаж явахад гудамжны ёлтгор гэрлийн доохно нэг тийм дэгжин бүсгүй харсан юм. Зэгзгэр өндөр түүний урт цайвар үс цагаан шаргал пальтоны мөрөн дээр асгараад нэг л донжтой. Тэр хөлдөө жийсэн өндөр өсгийт гутлынхаа өсгий дээр эргэлдэнхэн хэн нэгнийг хүлээж буй бололтой. Харин гартаа дунд зэргийн хэмжээтэй час улаан өнгөтэй цэцэг усалдаг данх барьсан нь нүдэнд торох нь тэр. Хаа нэгтээ худалдаж авсан ч байж болох гэж бодсоор ойрхон зөрвөл тэр нь данх биш харин данхны хэлбэртэй цүнх байж таарав. Хүмүүсийн сонирхолоо гэж...

Wednesday, November 4, 2009

Ааш хөдлөх бас хэрэгтэй




Настр муутай үедээ гаргасан шийдвэр хамгийн зөв шийдвэр байдаг гэвэл итгэх үү? Австралийн сэтгэл судлаачид ийм ажил хэвлүүлжээ. Гунигтай эсвэл уцаартай байхдаа хүн сэтгэн бодоx, аливааг эрэгцүүлэх чадвар өндөр байдаг гэнэ. Хүн чухам ийм үедээ анхаарлаа сайн төвлөрүүлж, орчин тойрноо анхааралтай ажиж чаддаг байна.

Tuesday, November 3, 2009

Өглөө

Чихэвчний хөгжимд Норовбанзад агсаны дуулсан Уяхан замбуу тивийн наран эгшиглэхэд хос нүдний энд багтамгүй тал нутаг цэлийнэ. Тэнгэрт нэг ч үүлгүй, нарны туяа хязгааргүй уудам талыг өмчлөн эзэмдэхэд нүд гялбаж, гараараа саравчлан алсын бараа харж зогсов би. Тэртээд хэдэн бараан адуу борооны усан цөөрмийн эрэгт хэсэг нь өвс хазлан хэсэг нь толгой хаялан зогсож харагдана. Ай даа уртын дуу гээч юутай гайхалтай, үзэж харж байгаа бүхэнтэй минь зохилдохын цагт энэ миний нутаг билээ гэсэн бодол өөд өгсөж хамрын самсаа шархирав. Хэсэг адууг чиглээд гүйв би. Ойртоx тусам тэвчээр алдрах мэт улам хурдлав. Гэнэт хөдөө нутагт үл зохилдох чанга гэгч машины дохио хангинаж, би гэдэг хүн сэрүүн зүүднээсээ сэрвэл, нөгөө л байдаг газраа давчуухан гудмын голд данхар том жипний өөдөөс харан зогсож байх. Машин дотроос жолоочийн нүд хилэнтэй гялалзаж харагдана.

Monday, November 2, 2009

Авцалдаагүй


Хаврын намуухан орой ажлаа тараад алхаж явлаа. Түмэн янзын шувуу жиргэж, саяхан дэлгэрсэн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиод нэн таатай. Гэнэт амар амгаланг эвдсэн моторын чанга дуу арханаас хадаж, газарт элгээрээ наалдсан мэт навтгар хар спорт машин хажуугаар минь сүнгэнэн өнгөрөх нь тэр. Тасарсан бодлын хэлхээ эвээ эргэн олох гэж мунгинах зуур тэрхэнтэй нөгөө хар машин зогслоо. Дотроос нь ямар хүн гарах бол хэмээн сониучирхан ажвал, том даавуун торонд бичиг цаас түнтийтэл чихээд барьсан, саарал хөвөн даавуун даашинзтай, буурал толгойтой жар хол гарсан болов уу гэмээр эмээ бууж ирэв. Спорт машиныг зөвхөн тийм хүн барина гэсэн дүрэм журам үгүй ч энэ дүр зураг миний хувьд нэг л авцалдаагүй сонин санагдаж билээ.

Sunday, November 1, 2009

Шотланд нутгаар хэсүүчилсэн нь - 4

Шотландын өндөрлөг газраар (Highlands) явсан хэдэн зургаа оруулав. Highlander гэсэн нэр энэ нутгаас гаралтай юм болов уу гэж таамаглав. Уг нь мэддэг хүнээс асууя гэж бодсон боловч завдал болсонгүй.











Sunday, October 25, 2009

Шотланд нутгаар хэсүүчилсэн нь - 3

Хүүхдүүдэд маань хамгийн таалагдсан газар Стирлинг цайз (Stirling castle) байлаа. Гаднах хэрэм зарим барилга бүр 1380 аад онд баригдсан боловч 1543 онд онд Шотландын тавдугаар Жэймс хаан одоо байгаа хэлбэр зохион байгуулалтаар нь гүйцээсэн бөгөөд 1930 аад оныг хүртэл цэргийн түшиц газар байжээ. Шотландын тусгаар тогтнолын төлөөх хамгийн чухал тулалдаанууд мөн энэ хавьд болж байжээ.




Цайзын дотор цэргийн хуаран, хаад ихэсийн сууц, том гал тогоо, хаадын хүлээн авалтын том танхим, мөргөлийн сүм гээд нэг жижгэвтэр хотын дайтай юм билээ.




Цайзын хэрэм дээрээс холын бараа сайхан харагдах бөгөөд ойролцоо хадан толгой дээр бидний сайн мэдэх Уиллиам Уоллост (William Wallace) зориулсан дурсгалын цогцолборын цамхаг сайн харагдана. Энэ цамхагийг 1869 онд барьж дуусгасан юм байна. Энэ цамхагт дайчин эрийн хэрэглэж явсан сэлэм хадгалагдаж байдаг гэсэн. Бидний хувьд цаг давчуу таараад тийшээ орж амжаагүй.




Sunday, October 11, 2009

Ам нээвэл...

Нээрээ ам нээсэн дээрээ нэг юмыг шүүмжлэхгүй бол унтаж чадахгүй шинжтэй. Өглөө босоод өнөөдөр сонин гарчиглаж суутал "Хүүхдийнхээ хүйсийг захиалж болно" гэсэн нийтлэл байх юм. Эхчүүд xоол хүнсний тусгай дэглэм баривал охин хүү аль хүссэнээ төрүүлэх боломжтой гэж бичжээ. Эмэгтэйчүүдийн "Хатагтай" эмнэлэг тийм үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эмч нар нь ийм боломжтой хэмээн баталж байгаа гэж бичжээ. Арай ч дээ, хэн нэг боловсрол нимгэн тийм юм яриад явж байвал хөөрхий дөө гээд өнгөрөх санж. Бүхэл бүтэн анагаахын сургууль дүүргэсэн эмч нар ийм юм ярьж хүмүүсийн толгой эргүүлж байгаа нь тун харамсалтай. Түүнийг нь манай тэргүүлэх эмнэлэг хэмээн нийтлэл бичиж байгаа Өнөөдөр сонины рэйтинг миний хувьд навс унав.

Хүүхдийн хүйс үр тогтоож буй эр бэлгийн эс X юм уу У хромсом тээж яваагаас хүү төрөх үү охин төрөх үү гэдэг шалтгаалнаа гээд арван жилд анх сонсож явлаа. Эмэгтэй хүний хоолны дэглэм үүнд яж нөлөөлөх нь тун ойлгомжгүй. Түүнээс хойш биологийн мэргэжлээр олон шатны сургууль дамжихад энэ зарчим өөрчлөгдөөгүй юмдаг. Харин манай монголд л ийм юм яригдаад түүнийг нь сонин сэтгүүлүүд нийтлээд байдаг нь гайхалтай. Жил гарны өмнө би бас хаана ч билээ төрөөгүй ургийн хүйс солино гэж уншаад бас л энд бичиж байсан.

Миний бодлоор энэ бол бусдыг хууран мэхэлж хэдэн төгрөг олох гэсэн оролдлого тэр ч утгаараа хуулийн энэ хүмүүс өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй байх. Ийм утгагүй юмыг хэвлэж дэвэргэж байгаа сонингийнхон бас л хариуцлага хүлээх хэрэгтэй болов уу. Зөвхөн дуулианы хойноос хөөцөлдөж үнэн зөв мэдээлэл хүргэх үүргээ мартах нь олон сонины хувьд энгийн үзэгдэл болсон мэт. Энэ талаар хэл ам хийх хүн гарахгүй юм байх даа.

Шотланд нутгаар хэсүүчилсэн нь-2

Алба амины ажилд нухлуулаад хавьд блогдох зав зай гарсангүй ээ. Бодоод байсан шотланд явсан сэтгэгдэл бүдгэрэх тийшээ болчихжээ. Уг нь сайн бэлтгээд чамбай бичлэг хийе гэж бодсон боловч тэр цагийг хүлээвэл мөд ирэхгүй оргиод маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гээд хагас хугасаас нь оруулж байя гэж шийдэв.
Аялалын тухай ярихаасаа өмнө Соронзон, Сувдан охин хоёрт амласнаа мартаагүй байгаа шүү гээд дуулгачихъя. Жаахан тэсэж үзээрэй.

Бидний шотланд нутагт буусан анхны хот Хэлэнсбүрг (Helensburgh). Атлантын далайн Firth of Clyde гэх булан (peninsula-гэдгийг ингэж тааж орчуулаад байгаа эсвэл тохой гэх юм болов уу?) д орших 1776 онд байгуулагдсан рашаан сувилалын жижиг хот. Шотлаnдчууд далайн булан тохой эсвэл нуурыг Loch (лоx) гэж нэрлэдэг бөгөөд уг хотын байрлах булан Gare Loch нэртэй юм байналээ. Далайн шорвог агаар амьсгалж хэд хоноход хүүхдүүд маань хоолонд жигтэйхэн орсон.

Хажуу байрны хөршүүд тун найрсаг хэзээний танил хүмүүс шиг мэндэлж, яриа өрнүүлэх нь англид дассан бидэнд сонин байлаа. Хаанаас ирсэнийг маань сонирхоод монгол гэвэл "аан морьтой монгол, нутагтаа морьтой юу?" гэсэн нь бас тэр болгон таардаггүй асуулт байв. Ихэнхдээ "Монгол гэдэг чинь хаана байдаг билээ?" гэсэн асуултанд дассан надад тун аятайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Хөршүүд ярих дуртай ч аялагад нь дасаагүй би хагас хугасxан ойлгох нь бас тиймэрхүү.















Tuesday, August 25, 2009

Шотланд нутгаар хэсүүчилсэн нь-1

Саяханыг болтол Шотланд бол Англи орны нэг хэсэг юм гэсэн ойлголттой байлаа. Энэ бодлоо шотланд хүнтэй хуваалцсан бол тун эвгүй байдалд орох байжээ. Яагаад гэвэл Их Британи бол бидний ярьж заншсанаар зөвхөн Англи биш харин Англи, Уэлс, Шотланд гэсэн гурван хэсгээс бүтдэг. Шотландчууд бол гарал үүслээрээ англичуудаас тэс өөр юм гэнэлээ. Өнөөгийн шотландчуудын өвөг дээдэс бол Ирландаас нүүж ирэгсэд болоод (хаанаас ч юм ирсэн) далайн дээрэмчид гэнэ. Бодвол викинг гаралтай улс байсан болов уу. Ямар ч гэсэн 11-р зууныг хүртэл кэлтик овгийн скот хэлээр ярьдаг байсан гэх. Орчин үед хүн амын 30% хувь нь энэ хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн баримт хаа нэгтэй харсан санагдана. Бүгд англиар ярих боловч нутгийн өвөрмөц сонин аялагатай, дасаагүй хүн ойлгоход бэрх. Бас нутаг нутгийн аялга хоорондоо ялгаатай гэх, бидний ихэнх цагаа өнгөрөөсөн баруун хэсгийн оршин суугчид тун өвөрмөц аялагатай юм гэнэлээ.

Засаг захиргааны хувьд Их Британи ба Умард Ирландын Вант Улсын бүрэлдэхүүн хэсэг ч эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо англиас арай өөр. Жишээ нь ерөнхий боловсролын сургуулийн бүтэц өөр, өөрийн гэсэн шалгалтын тогтолцоотой. Шотландад оршин суугч хэн бүхэн болоод Их Британиас бусад Европын холбооны улсын иргэд дээд боловсрол үнэгүй эзэмших эрхтэй. Хөл бөмбөг, рэгби гэх спортын төрөлд шотланд Их Британиас тусдаа баг гаргаж өрсөлддөг юм байна. Одоо ч гэсэн тусгаар улс байгуулах хүсэл сонирхолтой хүмүүс нэлээд бий, тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулах сураг гарч байна лээ.

Ерөнхийдөө англичуудад таатай бус ханддаг юм уу гэж ажиглагддаг. Энэ нь тусгаар тогтнолын төлөөх олон жилийн тэмцэл, түүхээсээ улбаатай болов уу. Энэ жилийн Уимбилдоны аваргын төлөө өрсөлдөж түрүүлчихэж магадгүй гэгдэж байсан шотланд тэннисчин Анди Муррай хөл бөмбөгийн дэлхийн аваргад англи л биш бол хэн ч түрүүлсэн яахав гэж ярилцлага өгч байсан юм гэнэлээ. Хүмүүсийн ааш зан англичуудаас өөр. Илүү нээлттэй хүмүүс санагдсан. Замд таарсан хэн бүхэн бидэнтэй тун найрсаг харьцаж, эртний танилтайгаа таарсан мэт хууч хөөрч байсныг тэмдэглүүштэй. Магад энэ бүхэн мэддэг хүмүүстээ сонин биш байх гэж бодсон ч сэтгэгдэлээ хуваалцахгүй байж төвдсөнгүй. Үзсэн харсанаа дараагийн бичлэгтээ оруулъя.

Monday, August 24, 2009

Эргээд ирлээ



Хүүхдүүдийн зуны амрлат эхэлмэгц хөлөнд хий орчих шиг зүгээр сууж болохгүй хаашаа ч юм яарч алсад одмоор санагддаг. Энэ жил нутаг явах төлөвлөгөөтэй байсан ч визээ сунгуулах гээд паспортаа хураалгасан тул хил давах эрхгүй ч зуны дэлгэр цагт яаж гэртээ суугаад байхав гээд Шотланд нутгаар гурван долоо хоног хэртэй тэнүүлчилж яваад ирлээ. Явсан нохой яс зууна гэгчээр яваагүй газар явж, уулзаж байгаагүй хүмүүстэй таарч, энд байхад сэтгэл яагаад хөндүүр, хөнгөн гунигтай байдгийнхаа учрыг олчих шиг болсон шүү. Ямар ч гэсэн явсан газрынхаа сониноос зураг хөрөгтэй бичлэг бэлдэж байгаа, та бүхэнд сонин байх болов уу гэж бодож байна. Эзгүйд орж гарч байсан та бүхэндээ баярлалаа.

Monday, July 13, 2009

Ах дүү Карамзаов

Миний хамгийн удаан бас хамгийн их догдолж, шаналж уншсан ном. Хугацааны хувьд бараг хоёр жил уншсан байхаа. Зав зай багатай дээрээ уншихад жаахан түвэгтэй орчуулга таарчихсан байсан. Нөгөө талаар сэтгэл эмтэрмээр хэсэгт хүрэхээр цаашаа унших тэнхэлгүй болчих шиг санагдаад хэдэн сарын завсарлага авч байсан юм байна. Уншиж дуусаад Достоевский үнэхээр агуу зохиолч байжээ гэж дүгнэв. Энэ ном хайр сэтгэл, детектив, ах дүү гурвын харьцаа, эцэг хүүхдүүдийн харьцаа, хүн чанарын тухай, шашны гүн ухаан гээд олон параллел үйл явдалыг нарийн холбож нэг зохиолд багтаасан нь гайхалтай.
Хамгийн сул хэсэг хайр сэтгэлийн дүрслэл байсан санагдсан юм байна. Би сайн ухаж ойлгоогүй байж магад ч зохиолд гарч буй эмэгтэйчүүд бүгд сэтгэлийн хөдлөлөөр хайр сэтгэлийн асуудлаа шийдээд байх шиг, нэг тийм хялбарчилсан юм уу гэж бодогдов. Гэхдээ хайртай хүнээ бүхнээс дээгүүр тавьж хүсэн хүлээсэн Груша хүүхний нүдэн дээр хайртай хархүү нь хэн ч биш хувирч байгаа хэсэг үнэхээр гайхалтай. Бодвол Груша тэр болтол өөрийгөө таниагүй, юу хүсч байгаагаа мэдээгүй явсаных юм болов уу.
Уншихад хамгийн түвэгтэй хэсэг (энэ хэсэгт орчуулагч хуучин англи хэл хэрэглэсэн байв) шашны гүн ухаантай холбоотой яриа, домог байсан. Гэхдээ алив сүсэг бишрэл мухар, догматик хэлбэрт орохоор анхны зорилгоосоо хэрхэн өөр болдогийг хэрэв Ийсүс дахиж төрөөд өнөөгийн сүм хийд түүний сэтгэлд яагаад ч хүрэхгүй харин ч сэтгэл нь гонсойх байсан гэсэн санаа өнөөгийн бидэнд ч хамаатай юм уу гэж бодов. Бодоод байхад шашин гэдэг уг үндсэндээ бол хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй хандах, нүгэл үйлдэхгүй байх гээд хүмүүсийн харилцааны ёс зүйг тодорхойлсон санаа агуулдаг боловч, яг амьдрал дээр (хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас) үндсэн үзэл санаанаасаа хазайж, мухар сүсэг болж хувирах нь элбэг гэдэг санааг Достоевский гуай номондоо дэвшүүлжээ гэж ойлгоод байгаа.
Хүний үзэл санаа төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил харилцааны чухлыг бас энэ номноос харж болно. Карамазовын хөвүүд хайр энэрэл гэдгийг мэдэлгүй өссөн нь эргээд тэднийг нэг бол танхай балмад ч юм уу (Митя) эсвэл бэртэгчин, хүйтэн хөндий (Иван) хүмүүс болж өсөх нөхцөл болжээ. Харин Алёшагийн хувьд эхээсээ удамшсан тогтуун зан чанар сүмд олж авсан боловрол нь ах нараасаа өөр хүмүүжил үзэл бодолтой хүн болгосон харагддаг.
Энэ номыг Достоевский дуусагж амжаагүй юм гэдэг. Дуусгаагүй ном ингэж хүчтэй сэтгэгдэл төрүүлж байхад дууссан хойноо ямар байх байсан бол гэсэн бодол дагуулж төгсөв.

Sunday, July 12, 2009

Лондонгийн наадам

Та бүхэн сайхан наадав уу? Бид хэд Лондон хотын монголчуудын наадам үзэж, хуушуур идэж, бөх үзэж ойрын хэдэн жил наадаагүйгээрээ сайхан наадлаа. Хүмүүсийн яриагаар Лондон хотын монголчууд нийлж наадмаа тэмдэглэдэг болоод зургаан жилийн нүүр үзэж байгаа аж. Гучин хоёр бөх барилдаж, хүүхдийн гүйлтийн тэмцээн, шатар даамын тэмцээн, бас сайхан хувцасласан (мэдээж үндэсний хувцас) хүмүүсийг шалгаруулаад ойрд ийм олуулаа цугаласаныг хараагүй бидний сэтгэл хөөрч сайхан байсан. Наадмын талбайн хуушуургүй бол ямар наадам байхав гэдэг, авч идсэн хуушуур ямар сайхан амттай байваа?

Дурдмаар сонин сайхан гэвэл жил жил энэ наадмын талбараас буяны хандиваар боссон машины цуваа Улаанбаатарыг зорин хөдөлдөг юм байна. Унаж очсон машинаа монголд хэрэгцээтэй газар нь хандивлачихаад ирдэг бололтой. Эмнэлгийн түргэн тусалмжийн машин хэд хэд харагдсан. Бас хоёр гурван мотоцикл ч явж байх юм. Харамсалтай нь энэ цувааны нэг жолооч бөхийн барилдааны нэгийн даваанд эвгүй унаж хөлөө бэртээгээд үлдсэн. Их харамсаж байгаа бололтой. Уг нь засуулаар барилдааны арга барил заалгаж наадмын талбайд их л удаан зогссон, балетчин аятай дэвж шаваад их л хөгжилтэй эхэлсэн барилдаан жаахан бүтэлгүй төгсөв.

Charity rallies цуваа дохиогоо хангинуулаад гарахад нь сэтгэл хөдөлж, аль нэг машинд ороод суучихмаар санагдаж байлаа.


Энэ жижиг машинд гурван бадриун эр суугаад хөдөлж харагдсан. Их Британи, Норвег, Ливаны далбаагаар гоёсон харагдана лээ.




Энэ машинд гурван жижигхэн өвөө суугаад хөдөлж байна лээ.


Үндэсний хувцасаар гоёсон хүмүүс их сайхан харагдав. Хүүхдүүд бүр хөөрхөн.






Бөхийн барилдааны сүүлийн даваа.