Thursday, October 31, 2013

Сонин яриа сонссон нь

Ойрд ажил нэг их амархан бүтээд л байна. Бүтэлгүйтэж хаширсан хүн шиг хэзээ нөгөө ажил бүтдэггүй үе эхлэх бол гэж хүлээгээд байвал яахав ккк. Ажил урагштай болохоор тэр үү хоног өдөр улам хурдан жирэлзээд л, нэг мэдсэн энэ хүрээлэнд ажиллаад бараг хоёр жил хагас болчихсон байх юмаа. Сая энд ирээд хийсэн ажлын тайлан тавихдаа л ухаарлаа ш дээ. Одоо тэгээд унтаа сэрүүний хооронд хол явсаар байх уу, зориглоод гэртээ ойр өөр ажил олохоор эрэлд мордох уу гэдэг асуулт тулгараад байгаа. Түүнээс гадна манай гэр бүлийн хувьд бас их шинэ сонин юм тохиож байгаа юм.
Өчигдөр ажлынхаа хонгилоор алхаж явсан манай хүрээлэнгийн орос профессор миний тайлангийн тухай хэдэн үг солихоор саатсан юм. Түүнийг Юрий гэнэ, жар дөхөж л яваа болов уу насны хүн. Манай оюутнууд түүнээс их айдаг юм, сэминар энэ тэр дээр их шалгаадаг бопохоор тэр байх. Тэр миний ажилтай холбоотой жаахан ярьж байснаа, "Чи монгол гэлүү, өмнө нь мэдээгүй тун харамсалтай хэрэг боллоо. Би одоо удахгүй нутаг буцна. Оросоор ярина биз дээ?" гээд л баахан шалгаав. Оросын думын харьяа (шууд удирдлага дор) маш их мөнгө хөрөнгө зарж, дэлхийн шилдэг их сургуулиудтай өрсөлдөх хэмжээний сургууль байгуулж байгаа юм байна. Тэгээд мөн л шилдэг газраар ажиллаж байгаа оросуудаа урьж залсан гэнэ. Мань хүн ч буцахдаа дуртай байгаа гэсэн. Казакууд бас Астанад Назарбаевийн нэртэй их сургууль мөнгөөр зодож босгож байгаа юм билээ. Житэйхэн их мөнгө болоод хөнгөлөлт амласан ажлын зар сүүлийн үед нэлээн яваад байсан. Тэгээд ярьж байснаа Юрий би их сургуульд Цэдэнбалын хүү Зоригтой нэг ангид сурч байлаа, бид нэлээн сайн найзууд байна гэсэн нь содон сонсогдож байлаа. Ярианы өнгө нь тэр найзаа одоо ч дотноор дурсаж явдаг бололтой юм билээ.

Tuesday, October 29, 2013

Нярай хүүхдийг чанга өлгийдөх буруу

Өнөөдөр ийм нийтлэл BBC хуудаснаа гарчээ. Уламжлалаар Их Британид хүүхдээ өлгийддөггүй ч сүүлийн жилүүдэд дулаахан, тайвшруулдаг, сайн унтууладаг гэсэн шалтгаанаар нярай хүүхдийг өлгийдөх тохиолдол олширсон гэнэ. Хүүхдийн хөлийг тэгшилж байгаад боох нь түнхний ясны хөгжилтийг боомилдог учир эдний хүүхдийн эмч нарын зөвлөлөөс хүүхдээ өлгийдөхөөс аль болох зайлсxийх зөвлөмж гаргажээ. Энэ талаар хийсэн судалгааны ажлын үр дүн Archives of chilhood disease гэх сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Орчин үед өөрчлөгдсөн биз миний бага залууд хүүхдээ чанга өлгийдөж бай хөл нь тэгшxэн болно гэдэг байсан. Тоо баримт мэдэхгүй ч тодорхой үеийнхний дунд түнхний гажиг харьцангуй олон байсан санагддаг. Түнхний гажиг мөн өөр олон шалтгаанаар бий болдог ч энэ талаар судалгаа хийвэл сонирхолтой үр дүн гарах болов уу.

Monday, October 28, 2013

Хойрго өдрүүд

Бичихэд хойрго өдрүүд үргэлжилсээр л. Хувь хувьсгалын ажил хааяа олддог бичих цагийг маань хумсалсаар л. Өнөөдөр унтаа байдлаа сэргээж орчин тойрны баахан юм хамж шимж байгаад бичдэг ч юм уу гэж бодлоо. Уг нь иймэрхүү юм бичихсэн гэсэн жагсаалт яваад л байгаа юм, нэг болохоор эв таарахгүй, үгүй бол зав таарахгүй гэдэг шалтаг тоочихоос.
Ямар ч гэсэн химийн салбарын Нобэлийн шагналтнуудыг энэ жил дурдаагүйдээ уучлал хүсье. Яг тэр өдөр боломж таараагүй, нэгэнт зарлаад хэд хоночихсон хойно нэг их шинэ соргог биш юмыг олон мэдээний хуудастай зэрэгцэн зарлаад ч яахав гэж бодсон тал бий. Химийн урвалын компьютэржсэн загвар хийсэн хүмүүс авлаа гэв үү. Карплус (австрийн уугуул), Лэвит (өмнөд африкт төрсөн их британи, израйлийн иргэн), Уоршэл (израйл, их британийн иргэн) гээд америкт ажилладаг хүмүүс юм билээ. Хэдэн сарын өмнө дөө манай мэдээллийн хуудаснуудаар монгол хүн ирэх оны Нобэлийн шагнал авах нь тодорхой боллоо гээд зарлаад байсан, тэр үед нь тийм эрт тодорхой болно гэж байхгүй дээ гэж бодсон ч дандаа илүү амалдаг гээд чимээгүй өнгөрчихсөн юм. Уг нь шагнал олгох комиссынхон санал хураасан өдрөө зарлаж байгаа болохоор эртнээс тодорхой болох нь юу юм. Хоёрт шинэ нээлт тэр дороо шагнал авах гэж үгүй болов уу, ядаж хэдэн жилийн шалгуур давах хэрэгтэй байлгүй дээ. Гэхдээ нээрээ тийм боломж бий ч юм билүү гээд итгэл дайгаад хүлээж байхаас…
Сонин хэвлэлийн хуудаснаа шүүмжлүүлээд байгаа ганц хоёр хүнийг өмөөрөөд дуугаръя гэж бодогдоод байгаа. Нэг нь соёлын сайд Оюунгэрэл, нөгөө бас тэр яаманд ажилладаг Оргил гэдэг залуу. Хэр ажилладагийг нь хажууд байхгүй болохоор сайн мэдэхгүй зүгээр хүний нүдэнд ил харагдсан ажлаас нь дүгнээд хэдэн үг холбоё гэж бодлоо. Оюунгэрэл сайдыг динозаврын яснаас өөр юм хөөцөлдөхгүй байна гэсэн шүүмжлэл их яваад байгаа юмаа. Хүмүүс тэр динозаврын ясны ач холбогдлыг сайн ухаарахгүй байх шиг. Өнгөцxөндөө нэг Баагий хулгайгаар хил давуулсан хэдэн ясыг эргүүлж авсан хэрэг мэт боловч, ядуу буурай, авилгалд автсанаар нь далимдуулж урлаг соёлын бүтээгдэхүүн хулгайгаар хил давуулж байгаа улсад том сургамж болж байгаа хэрэг. Барууны том музеинүүдэд эртний Египэт, Грек гэх мэт улсаас олон жилийн өмнө мөн л улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг далимдуулж гаргасан урлаг түүхийг хосгүй бүтээлүүд бий шүү дээ. Манайх ч гэсэн энэ тал дээр шуурхай ажиллаж сонор сэрэмжтэй байхгүй бол өөрсдийн түүхтэй холбоотой эд өлгийг монголд биш хаа нэг баян хүний хувийн цуглуулгаас л олж харах хэмжээнд хүрэх тийм холгүй л болов уу. Тийм болохоор чухам энэ ажлыг сайн гүйцэтгэсэн гэж үзээд байгаа. Батаарын дуулианаас үүдээд бас дахиад нэг ясны сураг гараад байх шиг байна лээ.
Тэр Оргил гэдэг хүний National Geographic сэтгүүл монгол хэл дээр гаргасан гэдэг "хэрэгт" оруулаад байгаа бололтой юм. Магад эдийн засгийн хувьд үрэлгэн шийдвэр байж болно, гэхдээ өсвөр насныханд зориулсан танин мэдэхүйн уншчихмаар юм хэр олон билээ, харин ч байхгүй нүхийг бөглөсөн сайн ажил болсон юм биш үү гэж бодоод байгаа юм. Ер нь соёл урлагийн салбар чинь арилжааны салбар биш, тэгээд ч хойч үеийнхэнийг төлөвшүүлэхэд гүйцэтгэх үүргийг нь бодохоор үр ашгийг нь мөнгөөр хэмжээд баймааргүй. Зүгээр сэтгүүл гаргана гээд мөнгийг нь хармаалсан бол өөр хэрэг харин тэр сэтгүүл нь хэвлэгдээд л байгаа биз дээ.
Бурууг шүүмжилж болноо, зөв бурууг нь сайн л тунгааж ялгаж салгаж баймаар юм. Нэг нь гадаад нөхөртэй, нөгөө нь гадаад царайтай гээд л хараагаад байхаас нэг тийм ажил хэрэгч шүүмж харагдахгүй л юм. Энэ нь нэг талаар манай нийгмийн толь нь ч юм уу хэн мэдэх вэ. Нэг тийм харанхуй муухай санагдаад байх болж…

Өнөгөрсөн долоо хоногт Guardian сонин дээр монголын тухай хэдэн нийтлэл гарчээ. Нэг нь Улаанбаатарын агаарын бохирдлын тухай байлаа. Техник технологи хөгжсөн өнөө үед хэдэн арав биш ганц сая хүнтэй хотын асуудлыг шийдэхэд тийм хэцүү баймааргүй л санагдах юм гэсэн ккк. Тэгэвл чи хийгээдэх гэвэл би нь ч чадахгүй л дээ, гэхдээ манайхан чинь юмыг монголчлоод шийддэг дархан ухаантай хүн олонтой шиг л санах юм.

Энэ зун очоод их л олон шинэ хөшөө, суварга, амьтны баримал баригдсаныг харсан л даа. Нэг талаар хөшөө дурсгал түүх соёлын ач холбогдолтой гэх маргах нь гарах л байх. Зүгээр миний хувьд бол тийм урлагийн бүтээл шиг гоё  нь байхгүй л юм билээ, нэг тийм ам хаасан, нэр төдий л байх. Нээх сайхан хөндийгөөр давхиж явсан хадаг яндар намируулсан болхи зааны баримал, тэр нь нөгөө хөдөө нутгийн үзэсгэлэнг шууд гутааж орхиж байна ш дээ. Зүгээр тэр хөшөө барималд зориулсан мөнгөний тоог бодоод үзэхээр асар их байх, ингэхэд бид чинь тийм их мөнгө цацсан хэрнээ олигтой ганц баримал босгох эв дүйгүй улс уу гэмээр. Тэр мөнгөө харин одоо нэн даруй шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулсан бол гэж харамсмаар. Хүмүүсийн яриагаар хөшөө дурсгал чинь хэн нэгний далд бизнес мөнгө олох арга гэдгийг дээр доргүй мэддэг хэрнээ чимээгүй л яваад байх. Одоо тэр нэг орос хүний хөшөө яригдаад байнаа даа. Наян таван сая төгрөг бараг гурван зуун мянган доллар. Хэн ч танихгүй тэр хүний хөшөө манай нийгэмд бидний хойч үед юу авчрах нь тодорхойгүй. Энэ хөшөөг Оюунгэрэл сайд дэмжиж байгаа сурагтай байсан харин энд бол шүүмжлэх нь зөв юмаа.
Ер нь хэн нэгнийг хүдэлж дурсах гэдэг хөшөө босгохын нэр биш шүү дээ. Пушкиний нэг шүлэг байдаг даа, шүлгээр босгосон хөшөө дурсгал нь Алэксандрын багнаас ч өндөр тэр хөшөөг зүглэх ардын зам балрахгүй гэж. Хөшөө дурсгал гэж заавал нэг чулуун, хүрэл баримал байх албагүй ш дээ хө. Түүний оронд тэр хүнийхээ үлдээсэн сургаалыг бодож тунгааж, алдаа оноог нь ярьдаг байвал өөр хэрэг.
Нэг мэдсэн үг олдож орхиж, дараагийн бичлэг хүртэл нэг их удахгүйг бодноо (өөрийгөө нэг их хэрэгтэй хүн гэж бодчихсон ккк…)

Tuesday, October 8, 2013

Хиггсийн "босон"-ы нээлт физикийн салбарын Нобэлийн шагнал авчрав



Бэльгийн Франсуа Энглэр, Их Британий Питэр Хигgс нар жараад онд онолыг нь боловсруулсан Хигсийн босоны нээлтээрээ физикийн салбарын шагналын эздээр тодорлоо. Тэдний энэ онолыг 2012 онд "Large Hadron Collider"-т тавьсан туршилтаар нотолсон байна.
Наян дөрвөн настай Питэр Хигgс манай сургуулийн профессор юм. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх тун дургүй нэгэн бөгөөд шагнал авсан мэдээ аваад утасгүй газар амрахаар явсан гэж Эдинбүргийн их сургуулийн хэвлэлийн албаныхан ярилаа. Манай үүгээр баярласан хүмүүс зөндөө.

Monday, October 7, 2013

Энэ жилийн анагаах ухааны салбарын Нобэлийн шагналтан тодорлоо


Амьд биеийн эсүүд хоорондоо хэрхэн мэдээлэл дамжуулж, харьцдаг механизмыг нээсэн гурван эрдэмтэн (хоёр америк Жэймс Ротман, Ранди Шэкман болоод Германы Томас Судхоф) энэ жилийн анагаах ухааны салбарын Нобэлийн шагналын эздээр тодров. Энгийн жишээ татвал тархинаас гар хөл болоод бусад эрхтэн уруу мэдээлэл эсийн түвшинд хэрхэн дамждаг вэ гэдгийг тайлсан нээлт гэж ойлгож болно.  Чухам энэ ситемийн доголдол Алцxаймэр болоод булчин хатангирших зэрэг мэдрэлийн системийн  олон өвчний голлох шалтгаан болдог. Энэхүү шагнал нь тэдний 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн ажээ.

Thursday, October 3, 2013

Арван сар

Үүргэлж явтал есөн сар шурдхийгээд өнгөрчихжээ. Нас явах тусам цаг хугацаа улам хурдалдаг гэлцдэг оргүй үг биш болтойдогоо.
Аравн сар гараагүй байхад дэлгүүрт ингээд зул сартай холбоотой юм зараад эхэлдэг юм гэнэ. Уг нь 11 сар гаргадаг байсан энэ жил тун шаргуу тактиктай үзэж байгаа бололтой.




Үүгээр сайхан л намар болж байх шиг. Байх шиг гэсний учир гадуур явж зугаалах боломж гараагүйнх. Харин өнгөрсөн хагас бүтэн сайнд энд ойр байх голын эргээр алхангаа blackberry түүж чанамалдав. Нэг килограм орчим жимс түүсэн 4 шил чанамал болдог юм байна.





Жимсний чанамалаа өрөмтэй талхтай идээд л гэвэл та нар гайхах уу? Энд ийм өрөм зардаг юм. Яг л манайхны өрөм байлгадаг зарчмаар хийдэг юм гэнэлээ. Амт нь тун дажгүй. 





Манайд нэг ийм цэцэг байдаг юм. Бараг хоёр жилийн өмнө авсан байхаа, авахад цэцэглэчихсэн байсан, нэг их удаагүй цэцэг нь унасан. Түүнээс хойш цэцэглээгүй, үхчихсэн юм байлгүй гээд хаях гэхээр навч нь ногоон. Энэ зун бараг бүтэн сар амраад ирсэн усгүй байсан юм байж ингээд цэцэглэчихсэн байвал яах уу. Би байхгүй бол ингээд болдог юм байна. Хэр зэрэг цэцэгчин бэ гэдгийг тод томруун харуулаад байгаа биз кк?



Манай ажлаас намайг 11 сард Сингапур гэдэг газар хуралд яв гэхээр нь за гээд билет, буудлын захиалгаа хийчихсэн юм. Явах дөхөөд ирсэн болимоор санагдаад болохгүй юм, ямар учиртайг мэдэхгүй. Би ч уг нь тэнүүчилж явах дуртай л хүн юмсан. Сингапурыг сайн мэддэг хүн байвал заавал үзэж харах, идэж уух юу байдаг талаар зөвлөгөө өгөөрэй.