Sunday, March 31, 2013

Аз жаргалтай гэрлэлт




Өнөөдөр BBC цахим хуудсан дээр аз жаргалтай гэрлэлтийн шалтгаан юу вэ гэсэн нийтлэлд Чарльз Дарвиний гэрлэлтийн тухай бичсэн нь сонин санагдсан тул хэсгээс нь авч өөрийн бодолтой холилоо. Нийтлэлд олон жил ханилсан жаргалтай хосууд байхын тулд тэдэнд нэгэндээ тэмүүлэх хүсэл тачаал, инээд наргианч чанар, итгэл хүлээх, даах чадвар байх ёстой гэж томьёолжээ. Энэ бас л голыг нь олоод хэлчихэв үү гэж санагдав.

1863 онд залуу Чарльз Дарвин гэрлэлтийн тухай бодлоо гэрлэхийн ашигтай болоод ашиггүй талын жагсаалт маягаар тэмдэглэсэн нь өнөөг хүртэл хадгалагдсан байдаг аж. Ашиггүй талыг жагсаалтанд хүүхэд өсгөх өртөгтэй асуудал, гэрлэсэн хүн агаарын бөмблөгөөр нисэх аргагүй болно гэх мэтийн шалтгаан орж. Ашигтай талд нь болохоор нас өндөр болоход хань ижилтэй, найзтай байх, ямар ч гэсэн нохойноос дээр гэж бичиж үлдээжээ. Түүний энэ тэмдэглэл этгээд хэдий ч мань хүн гэрлээд хэн хүнд тохиодоггүй аз жаргалтай амьдарч, насан өөд болохдоо хэлсэн сүүлийн үгс нь "Миний хайр, миний олдошгүй хайр" байжээ.
Нийтлэлийг зохиогчийн бодлоор Дарвиний гэрлэлт хүсэл тачаалаар дүүрэн байсны гэрч нь тэдний төрүүлж өсгөсөн 10 хүүхэд (тэд 17 жилийн дотор 10 хүүхэд төрүүлжээ). Түүний эхнэртээ бичсэн захидал, эхнэрийнх нь эрдэмтний тухай бичсэн тэмдэглэл нэгнийхээ тухай хошигнолоор арвин байсан нь инээд наргианаар дутаагүйнх биз гэж. Дарвиний эхнэр Эмма сүйт залуудаа "бидний гэрлэлтийн дараа чи миний тухай бүхэл бүтэн онол гаргах бөгөөд намайг уурлаж аашлах үед чи "Энэ юуг баталж байна вэ?" гэж бодлогшрох биз" гэж бичсэн байдаг. Итгэл хүлээх даахын хувьд Эмма бүсгүй өөрөө христос шашинд үнэнч нэгэн байсан ч нөхрийнхөө эволюцийн онолын төлөө тэмцэлд үргэлж дэмжиж хажууд нь байжээ.  Тэр үед чинь бурхангүйн үзэлтэй байх чинь хүнийг нийгмээс тусгааралах хангалттай шалтаг болж байсныг дурдах хэрэгтэй биз. Нийгмийн байр сууриа үл хэрэгсэн нөхрийнхээ талд зогсоно гэдэг бас л том зориг байгаа биз.



Saturday, March 30, 2013

Урт өвөл


Ноднин өдийд дулаахан, мод ногоороод гоё хавар болж байсан бол энэ жил өдөр болгон шахуу цас хаялсаар. Цаг агаарын урдчилсан мэдээ 4 сар дуустал дулаарахгүй гэж байх шив. Энд дулаараад ч нэг их халахгүй л дээ, тэгээд тэр үү би үе үе нэг их сайхан халууцах юмсан гэдэг. Өнгөрсөн зун Газар дундын тэнгисийн эрэг дээр амрахдаа халуунд түүртэж тэрхэндээ сандарсан. Хүссэн юм хүзүүгээр орооноо гэж тэр байх.
Зуны дурсамж гэх үү хэдэн зураг оруулав. Өвлийг давах сэтгэл санааны бэлтгэл гэх үү.



 Сүүдэр бараадмаар аймаар халуун өдөр Bormes Les Mimosas гэдэг хотоор алхаж билээ.
Урд өмнө хараагүй тансаг цэцгэс олон байлаа.













 Энэ Martigues гэдэг хот доторх суваг. Иймэрхүү газраар явахаар яагаад ч юм уран зураг санаанд буугаад байдаг юм.





17-р зуунд баригдсан талхны пийшинд ийм пицца хийж идсэн. Зуухандаа байсан уу, ердийн үед хийдэг пиццанаас илүү амттай болсон санагдсан. Зуухны гаднаас зураг авахаа мартсан байна. Олуулаа байсан болохоор бэлэн болсон пиццаны зураг авах завдал болоогүй дуусчихсан. 




Жимс ногоо, яг сезон таарсан үеийн жимс ногоо амттай бас тансаг үнэртэй.

Friday, March 29, 2013

Уламжлал, түүх, хүүхдүүд

Ноднин өдийд охин маань эртний Египетийн тухай сургууль дээрээ сурч сурсанаа эцэг эхчүүдэд үзүүлэхэд нь очиж чадаагүй гээд энд бичсэн дээ. Энэ жил харин хүүхдүүд эмээ маань жижиг охин байхдаа сэдвээр хоёр сар хэртээ ярилцаж бас сурсанаа эцэг эхчүүдэд үзүүлэхэд нь очлоо. Хүүхдүүд эмээ эсвэл өндөр эмээгийнхээ охин байх үеийн зураг, тэд нар багадаа яаж амьдарч байсан, ямар тоглоомоор тоглож байсан, тэр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр үзэсгэлэн гаргажээ. Ангийнхаа гадаа жижиг ваннатай усанд нидрүүлэг тавьчихсан хүүхдүүд жижиг алчуур угааж үзэж байгаа харагдсан. Багшийнх нь ярьсанаар энэ хамгийн сонирхолтой үзмэр, хүүхдүүд угааж үзэх гээд дугаарладаг гэж байв шүү. 
Дараа нь эцэг эхчүүдэд зориулж эхлээд хуучны хүүхдийн дуу, шотландын хуучны дуу, Глазгоу хотынхны дуулдаг байсан дуу сүүл рүүгээ Битлзийн дуунаас дуулж сонирхуулав. Концертний дараа хүүхдүүд шотландын уламжлалт ceilidh (кэйли гэж дуудна) цугларалтын бүжиг бүжиж үзүүллээ. Ceilidh гэдэг нь хүмүүс албан ёсоор цуглаж бүжиглэдэг залуучууд хоорондоо танилцдаг арга хэмжээ л дээ. Бүжигнүүд нь хялбархан хоёр, гурав, дөрвөөрөө нийлж бүжиглэдэг их хөөрхөн. Хүүхдүүдэд ингээд бүр багаас нь заадаг юм байна. Иймэрхүү гэж үзүүлэх гээд видео оруулав.




Дунд сургууль төгсөх, дээд сургууль цуглах ёслол, хурим найранд ceilidh заавал ордог юм. Дээр нэг шотланд хуриманд очсон хүмүүсийг зогсоож зааж байгаад бүгдийг нь бүжиглүүлчихдэг юм билээ. Бүжиг зөвхөн нэг хамтрагчтай дуусахгүй дунд нь олон сольдог болохоор тэр хэмжээгээрээ хүмүүс хоорондоо нүүр хагарч дараа нь уулзаж ярихад арай дөхүү болдог юм билээ.
Тийм байсан ийм байсан гээд онол төдий юм ярьсанаас ингээд бодитой насанд нь тохируулаад уламжлал түүхээ заадаг нь их сайхан санагдав.