Wednesday, October 1, 2014

Сургууль

Хол ажилладаг, эрт явж орой ирдэг гээд том охиныхоо сургууль хавиар эхний гурван жил тун тоотой эргэлдсэн юм билээ. Харин одоо өдөр бүр очиж авна, сургуулийн нээлттэй өдөр болоод эцэг эхийн хуралд ойрмогхон суув. За тэгээд бусад эцэг эхчүүдтэй хүүе хааятайгаа, бас овоо хэдэн хүн таньдаг болоод байгаа. Ажиглаж харсан сонссоноо нэгтгэвэл нэг иймэрхүү…
- Эцэг эхийн хурал гэхээр бүгд цуглаж хуралддаггүй. Багш нь хүүхэд бүрийн эцэг эхтэй цаг тогтоож ганцаарчилж уулздаг. Тэгээд хүүхдийн дэвтэр ном, хийсэн зурсаныг бас үзүүлнэ. Шалгалт хяналтын ажлын дүнг танилцуулна. Цаашдаа юунд анхаарахыг бас хэлнэ. Надад энэ их зүгээр санагддаг. Бага сургуульд нэг багштайгаа уулзана. Хүүг ахлах сургуульд байхад хичээл бүрийнх нь багштай уулздаг байв. Охины сургуу;ьд ердөө 2 эрэгтэй багш байдгийн нэг нь эдний ангийг энэ жил авч байгаа юм. Их чамбай хүн бололтой гэж бодогдсон. Бусад эцэг эхчүүдийн яриагаар бас гайгүй сайн багш гэж дуулдсан. Муу тал нь хүүхдийнхээ төвшнийг бусад хүүхдүүдтэй харьцуулах арга байдаггүй юм.
- Нээлттэй өдрөөр эцэг эх нь хүүхдүүдийнхээ ангийг нь үздэг юм билээ. Хүүхдүүд тэгээд л хийсэн юмаа танилцуулаад, бас хүүхдийнхээ өдрийн ихэнх цаг өнгөрөөдөг газрыг үзэх сонин байлаа. Эдний анги танхимын зохион байгуулалат бидний мэддэгээс арай өөр. Хүүхдүүд хэд хэдэн бүлэг болоод ширээ тойрч суудаг юм байна. Аа тийм хичээлийн хэрэглэл, ном, дэвтэр сургуулиас өгнө. Ангид нь хэрэгтэй бүх юм нямбай өрөөстэй юм билээ. Зурсан зураг, хийсэн ажлыг нь дэлгэж тавьсан байсан их дажгүй сэтгэгдэл төрсөн. Эднийх сургуулийн тохижилт энэ тэрээрээ мундаг газруудтай өрсөлдөөд байхгүй ч хүүхдүүд сурах аятайхан орчин бий болгосон нь сайхан санагдсан.
- Их Британид ихэнх сургууль дүрэмт хувцас өмсдөг. Сургуулийн эмблэмтэй цамц, ноосон цамц, тэднийг голдуу сургуулиас захиалж авна. Харин өмд, даашинз, юбка супэрмаркэтаас авч болно. Хар, хөх, саарал өнгөтэй, үнэний хувьд тун боломжийн. Дээр монголын сургуулийн дүрэмт хувцасны үнийн жагсаалт харсан эндхээс л лав хамаагүй илүү үнэтэй юм билээ. Ихэнх сургууль хүүхдүүдийг цулгай хар өнгөтэй гутал өмсөхийг шаарддаг. Ямар нэг брэндийн эмблэм хээ угалз байхгүй цув цулгуй. Тийм гутал дэлгүүрүүдээр зарна, хүүхдүүд ихэвчлэн адилхан гутал өмссөн харагддаг. Нэр усыг нь нааж өгөхгүй бол биеийн тамирын хичээлийн дараа холилдож солигдчих гээд байдаг юм билээ. Ноднин охин маань нэг хөлдөө багадсан нөгөө хөлдөө томдсон гуталтай ирээд холио солиогоо гаргаж чадахгүй шинэ гутал авахуулсан.
- Сургуулийн үүдэнд хаяж гээсэн эд зүйлсийн агуулах байх. Тэр дотор нь оймс, дотуур хувцас тэр бүү хэл өвлийн куртка хүртэл явдаг юм. Үгүй тэгээд куртка хаячихаад ирж авдаггүй улс байдаг юм билээ.
- Сургуулийн цэвэрлэгч өвөө хүүхдүүдийг бас их халамжилна, их хөөрхөн. Эцэг эх нь хоцорч ирсэн тохиолдолд хүүхдүүд өвөөтэй сууна. Их сайхан зантай гоё хүн байдаг юм.
- Эдний баримталдаг зарчмын нэг нь хөрөнгө чинээ харгалзахгүй хүүхэд бүр сурах эрхтэй гэдэг. Тэр утгаараа дүрэмт хувцас хямд, хичээлийн хэрэглэл өөрсдөө авах шаардлагагүй, бага ангийн сурагчид үдийн хоол үнэгүй иддэг юм байна. Бид бас бодмоор л байгаа юм.
Хэд хоногийн өмнө л бичих юм зөндөө юм шиг оргиод байснаа яг бичихээр ингэсгээд өөр юм санаанд орж ирэхгүй байх чинь. Дараа санавал нэмнээ.