Sunday, July 10, 2011

Гластонбурийн хөгжмийн наадам

Их Британийн зуныг хөгжмийн наадмууд үгүйгээр төсөөлөх аргагүй. Рок, поп, метал, панк, сонгодог, жаз, ардын язгуур, электрон хөгжмийн гээд байж болох бүх жанрын 116 наадам болдог гэсэн тоо википэдиад байх юм. Хөгжмийн наадмууд өнгөрсөн зууны далаад онд үүссэн хиппи хөдөлгөөнтэй холбоотой. Анхандаа хөгжил бол мөнгө олох хэрэгсэл биш харин олон нийтийн хүртээл байх ёстой гэсэн үзэл баримтлалаас үүссэн гэдэг. Өдгөө хамгийн алдартай Гластонбурийн наадамд дунджаар 3-4 хоног үргэлжилж, 150000 хүн оролцдог гэсэн баримжаа бий. Задгай талбайд зассан 2-3 тайзан дээр 3-4 хоногийн турш дуртай хөгжмөө амьдаар сонсох нь сайхан хэрэг. Энэ жилийн Гластонбурийн наадамд олны танил U2, Beyonce, Coldplay, Pulp, Elbow, Paul Simon гээд (таньдагаас) олон хамтлаг дуучид ая дуугаа өргөж, оролцогчид бороо шавар хайхралгүй сайхан нааджээ.
Наадмын үзэгчдийн сонирхолтой зурагндуудыг интэрнэтээс хуулж тавив (өөрөө яваагүй учир өөр арга байсангүй).





Усны гутал тун чухал гоёо...







Thursday, July 7, 2011

Эр эм өндгөн эс?

Би тавдугаар ангидаа эм бэлгийн эс өндгөн эс, эр бэлгийн эс сперматозойд гэж заалгаж байлаа. Харин Өнөөдөр сонины үрийн банкны тухай нийтлэл эр эм өндгөн эс гэж ташаарсан байх юм. Магадгүй онлайн сонин гээд хяналт сул байх л даа гэхдээ л ийм бүдүүлэг алдаа гаргаж болохгүй шүү дээ. Цаашлаад бэлгийн эс болоод хуруу шилэнд бий болсон хөврөлийг сольж холин андуурсан байна. Англи хэл халтар хултар мэддэг хүмүүс хаа нэгтэй нийтлэгдсэн мэдээг сайн ойлгоогүй байж бүдүүн тойм орчуулаад тавьсан бололтой юмаа.
Саяхан л Л.Түдэв гуайн нөхөн үржихүйн тухай өгсөн ярилцлагын тухай бодлоо хэлсэн билээ, гэтэл "Энэ тухай доктор Л.Түдэв “Эмнизмийн үе эхлэх гэж байна. Эхийн эрхт ёс тогтох нь. Хүүхэд тогтоох чадваргүй эр маш их болсон. Эрчүүдийн чалх доройтож байна” гэж ярианыхаа завсарт дурдаад өнгөрснийг саналаа" гэсэн байх юм. Би Түдэв гуайг зохиолч хүн гэж бодсон ойрдоо нөхөн үржихүйн мэрэгжилтэн болсон болтой юмаа. Ямар ч баримтгүй, судалгаагүй ийм айхавтар дүгнэлт гаргаад байхыг "их зоригтой" хүн гэхүү юу гэхэв?

Эдээрээ оролдвол....

Цөмийн хаягдал монголд агуулж болзошгүй тухай мэдээлэл сэтгэл өвтгөнө. Миний ойлгосноор нэг талаас АНУ, Японы засгийн газар, хэвлэл мэдээлэл ийм яриа болсон гэх, харин манай Монголын засгийн газар ийм юм огт болоогүй ш дээ, тэд нар биднийг гүтгэж байна гэсэн шүү юм яриад сууж байх юм. www.golomt.org сайтанд ийм яриа хэлэлцээ болсон гэдгийг баримттай мэдээлсэн байхад үгүй гээд тас гүрийгээд байгаа манай засгийн газар яасан ч арчаагүй юм бэ гэмээр. Японы хэвлэл л бидний төлөө дуугарч засгийн газраа шүүмжилж байх шив. Мэдээж ямар ч хор уршиггүй байсан бол хаа холоос монгол уруу тээвэрлэж булахын хэрэг юу байх билээ. Өнгөрсөн долоо хоногт Нью Мэксик муж улсад гарсан хээрийн түймэр цөмийн хаягдал булсан цэг уруу нэлээн ойртож тэндхийн засаг захиргааг нэлээн сандаргасан нь булаад мартчихаж болохгүй эд гэдгийг харуулаад байнаа даа.
Миний хамгийн гутарч байгаа зүйл энэ талаар их хурлын нэг ч гишүүн асуулга тавьсангүй ээ. Сэжигтэй аргагүй чимээгүй байгааг бодохоор аль хэдийн тохироод урдчилгаа мөнгө аваад идээд уучихсан байж чадах л хүмүүс гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. Манайд цөмийн хаягдал булах эрх зүйн боломж байхгүй (номоороо бол), харин хуулиа эргэж харна гээд байгаа нь боломжтой болгож үүд хаалгаа нээх гээд байх шиг. Уг нь энд л эх орон, ард түмэн гэж цээжээ дэлдэгч гишүүд ач тач үзэлцэж уг үндсийг нь ухаж малтмаар гэж санагдаад болдоггүй ээ.
Дүлий дүмбэ оргиод оргиод байгаа засгийн газрыг хаячихаад АНУ, Японы элчин сайдын яaмдын өмнө эсэргүүцэл илэрхийлбэл ядаж л тавгүйцэх байлгүй дээ. Баян чадалтай улсын иргэд л эрүүл орчинд амьдрах эрхтэй болчихсон юм шиг. Монголчууд бид хаягдал бий болгосон цөмийн энэргиэс ямар ч ашиг олоогүй, бидэнд юу ч наалдаагүй байхад хог шаарыг нь агуулж ирээдүйгээ бүрхэг болгох ёстой билээ? Ингээд бодохоор бидний эрх америк, япон болоод хогоо монголд агуулахыг санаархаж буй хэн бүхний дор орчихоод байгаа биз. Мөнгө төлөх юм гэх, эрүүл мэнд, хүн амын амьдралын баталгаанаас илүү үнэтэй мөнгө гэж байдаг юм уу. Хүүхэд байхад авга эгч маань эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг гэдэгсэн, зүв зүгээр байгаа хангай дэлхийг онгичиж, хор булаад юу хийнэ. Ингэж байж ирээдүйд цөмийн энерги ашиглах боломжтой болно гэх, дагуулах эрсдэл нь дэндүү их. Түүний оронд нөхөн сэргээгдэх энергийн үүсвэрт хөрөнгө оруулж, тийм үйлдвэрлэл, технологи боловсруулахад анхаармаар. Цөмийн түлш хийдэг болбол хаягдалыг нь бид өөрсдөө агуулах асуудал босч ирнэ. тэртээ тэргүй ухаад эхэлчихсэн баялаг байна, зөв зарцуулаад, хүндээ хөрөнгө оруулбал сайхан амьдрах боломж нь бий болчихно. Тийм болохоор байгаагаа болгоод цөмийн асуудлыг аюулгүй болгох чадвар, технологи бий болтол хойшлуулбал яасан юм. Газар дэлхий дээр зөвхөн бид амьдраад дуусахгүй, бүгдийг ухаж идчихээд үр хүүхэддээ бид чинь юугаа өвлүүлэх болж байнаа?
Цаашдаа бусдын сарвайсан болгоныг алга тосож авахаа больё, тэр тусалмж нь эргээд тэдний ашиг сонирхолдоо хүрэх нуман тулгуур болчихоод байна шүү дээ. Манжийн хаад цол хэргэмээр монгол ноёдыг урхиддаг байсан нь АНУ Элбэгдорж ерөнхийлөгчид ямар ч билээ шилдэг лидэр шагнал олгосноор давтагдаад байна уу даа. Шагналыг нь авчихсан хүн өөрийнхөө (монгол хүн гэдэг утгаар оруулав) төлөө чангахан дуугарах эрхгүй болчихоод байгаа юм биш үү. Харийн төр бидний эрх ашгийг хэзээ ч чухал гэж үзэхгүй. Өөрийн нутаг орондоо хэрэгтэй зүйл хийснээр ажил нь дүгнэгдэж, дахин сонгогдох боломж нэмэгдэнэ. Америкчууд хөөрхий монголчуудыг аварсан баатар билээ гэж нэгнийг магтахгүй, харин хортой хогноос салгаж өгсөн гээд нэгнээ магтаж урамшуулна шүү дээ. Харин манайд бол гадны эрх ашгийн төлөө хөлөө хугалчихийн дайтай л юм болох. Ай тэгээд чадалтай хэмээн аархах улсыг аргалаад гарчихдаг гүйлгээ ухаан, холын хараатай хүн манай төр засгийн толгойд ер нь алгаа. Бүгдээрээ л өнөөдөр би баяжвал бусад нь хамаагүй гэсэн уралдаан тэмцээний тамирчид юм уу хайшаа юм.
Ер нь ингээд гадагшаа явж гарын үсэг зураад байгаа гэрээнүүдий жагсаалт, чухам яг юу тусгасныг мэдээлдэг, тэр мэдээллийг сонирхсон иргэн бүр үзэх боломжтой байх хэрэгтэй юм шигээ. Тэгвэл ийм яриа хэлэцээ болсон эсэх, хэн гээч гарын үсэг зурсан нь тодорхой болно шүү дээ.
Ингэхэд Улаанбаатарын том сурталчилгааны самбар түрээслэх үнэ хөлс ямар байдаг юм бол? Чадал хүрвэл хотын төвийн хэдэн самбарт энэ цөмийн хаягдалын тухай баримтыг нь томоор бичээд тавьчих юмсан. Дарга нар хажуугаар нь өдөр бүр гарна, айхгүй ч аягүй гэгчээр бага ч гэсэн дарамт болох болов уу?
Байгаа газраараа жишээ авбал ямар нэг ийм том асуудал болоход парламэнтийн хурлаар шуурхай асуулга тавьдаг. Ерөнхий сайд болоод сөрөг хүчний удирдлага болсон бүхнийг нягтлан асууж мэтгэлцдэг юм. Дор сонин байх болов уу гээд нэлээн дээхнэ болсон төсөв хэлэцэх мэтгэлцээний видеог уг ингэж л асуудлыг олон талаас харах хэрэгтэй юм гэдгийг үзүүлэх гэж оруулав. Төр барьж байгаа тал нь гаргасан боловсруулсан төслөө танилцуулна, сөрөг хүч нь бид засгийн эрхэнд байсан бол ингэж асуудлыг шийдэх байсан гээд өөрсдийн хувилбарыг мэдүүлнэ. Энэ нь сонгогчид өөрсдийн тойргийн гишүүд яаж ажиллаж байгааг дүгнэх боломж олгоно. Дашрамд дурдахад хурлын танхимд компьютэр, гар утас барьж орохыг зөвшөөрдөггүй юм гэнэлээ, харин саяхнаас таблэт компьютэр оруулах зөвшөөрлийн талаар ярьж байгаа юм билээ.
Энэ голын ширээ насанд хүрсэн хоёр хүний гар, хоёр сэлэмний урттай, дээхнэ үед маргаан халж сэлэм сугалах тохиолдол гарч байж, тэр цагт хэн хэн нь өртөхгүй арга хэмжээ авсан нь тэр гэнэ.

Saturday, July 2, 2011

Үр хөндөлтийг яаж бууруулах вэ?

Өнөөдөр сонин сүүлийн хэдэн сар үр хөндөлтийн тухай эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, мэрэгжилтэн, засгийн газрын гишүүд, парламэнтийн гишүүд гээд олон хүн хамарсан санал солилцох яриа хэлэцүүлэг өрнүүлж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн долоо хоногт олны танил хүндэлж явдаг зохиолчдын нэг Л. Түдэв гуай мөн энэ асуудлаар уг сонин ярилцлага өгчээ.
Үр хөндөлт нөхөн үржихүй гэдэг хүн болгон санал нийлдэггүй ярвигтай асуудал. Нэг талаасаа эмэгтэй хүний эрх, нөгөө талаас үр хөврөлийн эрх ашиг, хүний амь насны хэрэг болчихоод байдаг. Дээрх хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн санаа бодлыг сонсоод байвал хориглох, хязгаарлах нь зөв гэсэн үзэл бодол дийлээд байх шиг. Санаа нь хэрвээ үр хөндөлт хориотой байсан бол монголын хүн ам өдийд 4 сая хүрэх байсан, үр хөндөлт чөлөөтэй байгаа учраас хүн ам дорвитой өсөхгүй байна, цаашлаад хорих хэрэгтэй гэсэн үзэл цухалзаад байх шиг. Миний бодлоор энэ арай өрөөсгөл дүгнэлт шиг санагдаад байгаа юм. Нэгдүгээрт, үр хөндөлтийг хүн амын өсөлттэй шууд хамааруултай гэж үзэх буруу, хоёрдугаарт, хэрэгцээ нь байгаа учраас үр хөндөлт хийдэг эмнэлэг олширсон, нэгэнт хэрэгцээ байгаа учраас хориглоод асуудал шийдэгдэхгүй ээ. Хууль бусаар үр хөндөөд эхэлнэ, тэр хэмжээгээрээ бүр олон хүн эрүүл мэндээрээ хохирно. Үгүй дээ боломжтой нэг нь хятад уруу явчихна биз дээ.
Үр хөндөлт гэдэг тийм сайхан хүн дурлаад байх зүйл биш. Энэ талаар гүн ухаантан, шашин, төрийн зүтгэлтнүүд хангалттай маргаад нэг тийш шийдэж чадаагүй байгаа нь нууц биш. Үр хөндөлтийг хуулиар хориглосон улсуудад ялангуяа ядуу дорой африкийн орнуудад гэр орондоо, эмнэлэгийн бус аргаар үр хөндөлт хийж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг нь хориглоод асуудал шийдэгдэхгүй гэдгийг бэлэхнээ харуулаад байгаа юм.
Манайд ерээд он хүртэл үр хөндөлт хориотой байсан хэдий ч энэ бас тийм ховор үзэгдэл байгаагүй шүү дээ. Жирэмслэлт зогсоох найдвартай аргуудын тухай нэг их нууж хаалгүй ярьцгаадаг л байсан, одоо ч үр хөндөлтийг нэг их сүртэй юм биш гэж үздэг нь нууц биш. Харин бид энэ асуудалд арай прагматик хандаж, Хойд Америк, Европтын орнуудын жишээгээр урдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүн өгнө гэж хувьдаа бодоод байгаа юм. Дэлхийн хэмжээгээр нөхөн үржихүйн талаар сургуульд бага ангиас нь эхэлж заасан орнуудад (Скандинав, Умард Европын орнууд) хүсээгүй/төлөвлөөгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоо цөөн байдаг нь мэдлэг хэр чухлыг харуулж байгаа хэрэг. Хүүхэд тээх насны насны эмэгтэй эмчид үзүүлэхэд жирэмсэнээс сэргийлэх ямар арга хэрэглэдэг вэ гэж заавал асуугаад энэ талаар зөвлөгөө өгдөг бөгөөд жирэмсэнээс сэргийлэх эм, хэрэгсэл үнэгүй олгодог. Ийм үйлчилгээ хүн бүрт хүрч чадвал хориглосон хориглоогүй үр хөндөлтийн хэрэгцээ буурна, тэр хэмжээгээрээ эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайжирна. Тоо чанарын талаар бас бодох л хэрэгтэй. Манайд эмэгтэйчүүдийн жирэмсэлээс сэргийлэх гол арга нь үр хөндөлт болчихоод байгаа нь худлаа биш. Энэ тал дээр эмч, эмнэлгийн ажилтан нар санаа тавьж ажилламаар харагддаг. Үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх тал дээр тааруу, эмчтэй ганцаарчилж уулзах боломж ховор (нэг өрөөнд таних танихгүй олон хүн шавчихсан байдаг). "Жирэмсэн юм уу, яах гэсэн юм, авахуулах юм уу?" гэж хамгийн түрүүнд асуудаг нь гажуудлыг бэлэхнээ гэрчилж байгаа биш гэж үү.
Магад ингэлээ гээд хүн амын өсөлтийн асуудал шийдэгдэхгүй шүү дээ гэж маргах нэгэн гарах байх л даа. Энд гэр бүл хэдэн хүүхэдтэй байх нь эдийн засгийн байдалтай шууд хамааралтай гэчихвэл нэг их алдаа болохгүй биз. Өнгөрсөн нийгмийн үед эдийн засгийн хувьд ирээдүй ямар нэг хэмжээгээр баталгаатай байсан нь хүн амын өсөлтөнд таатай нөлөөлсөн. Сургууль цэцэрлэг, эмнэлгийн туслалцаа, дээд сургуульд хамрагдахад мөнгөний хэрэгцээ байсангүй ээ. Хүүхэд гаргаад эргээд ажилдаа орох баталгаа байсан учраас хүүхэд гаргахад цааргалаад байх зүйл байсангүй. Харин ерээд онд төрөлт буурсан нь ирээдүйн баталгаа байхгүй, мөнгөөр бүх юм хэмжигдэх болсонтой холбоотой. Сүүлийн хэдэн жил харин эдийн засгийн өсөлттэй уялдаад төрөлт нэмэгдэж байгаа шүү дээ. Үүнтэй холбоод нэг жишээ татъя. Их Британий хөдөлмөрийн нам арваад жилийн өмнө хүүхдийн ядуурал бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлж, орлого багатай бол цэцэлэрлэгийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс даах гэх мэт хүүхдийг дэмжих олон арга хэмжээ авсан юм. Хэдий энэ бодлого төрөлт нэмэгдүүлэх зорилт тавиагүй ч өнгөрсөн хүн амын тооллогоор нэг эмэгтэйд ноогдох хүүхдийн тоо эрс өссөн гэдэг. Ингэхээр хүн амын өсөлтийн хөшүүрэг эдийн засгийн баталгаатай байдал гэж харагдаад байгаа биз?
Амьдралын төвшин дээшилж, ирээдүй баталгаатай болохын цагт хүүхдүүдээ тойруулан суулгаад жаргаж суух нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл биш гэж үү? Тэрнээс өдөр хоногоо аргацааж, маргааш юу болохоо мэдэхгүй байхад олон хүүхэд гарга гэж шаардах утгагүй. Төрөх эмнэлэгт ор байхгүй, цэцэрлэг, сургуулийн багтаамж хэтэрчихсэн гэсэн хэрүүл яваад л байдаг, хүн амаа өсгөе гэж байгаа бол хүүхэд амьдрах, сурах таатай орчныг нь бий болгох хэрэгтэй гэж санах юм.

PS: Түдэв гуайн яриагаар эхэлсэн хойно "...Буруу нь юу байх вэ. Уг нь байх л ёстой юм. Гадаадад дунд сургуулийн ахлах ангийнханд евгеникийн хичээлийг заадаг. Хүнд байгалиас олгосон ганц үйлдвэрлэлийг яаж боловсон болгох тухай хичээл л дээ. Энэ олон улсын хэллэгийг би угсаа зүй гэж орчуулсан, бас л онохгүй байгаа юм. Насанд хүрсэн хүмүүсийн бэлгийн харьцааны соёлыг заадаг хичээл оруулахыг Боловсролын сайдад ч хэлж байлаа. Гэтэл хөтөлбөрт нь байхгүй. Оросууд нэг хэсэг эсэргүүцэж байгаад заадаг болсон л доо. Хүн хуц, ухна шиг байж болохгүй шүү дээ, ухаантай юм бол. Монголчууд евгеникийн соёл байхгүй. Гэтэл хүүхэд олохгүй байх маш олон хэрэгсэл гарчихсан. Өөрийгөө хүндэтгэдэг хүүхэн бүр тэрийг мэдэж, ашиглах хэрэгтэй шүү дээ." гэснийг уншаад гайхав. Евгеник нь "хүн амын удмын санг селекцийн аргаар сайжруулах" онол юм шүү дээ. Сонгодог жишээ нь фашизм... Америкчууд өнгөт арьстан, ядуу зүдүүчүүдийг хүчээр үргүй болгох ажиллагаа явуулж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш харин ийм үзэлд шүммжлэлтэй хандах болсон. Монголд ийм соёл байхгүй нь харин ч бахархууштай хэрэг. Өнөө үед ийм онол номлодог улс байдгийг дуулаагүй юм байна. Ярилцлага авсан сэтгүүлч тодруулж асуугаагүй нь харамсалтай.
Цаашлаад эрэгтэй эмэгтэй хоёул байж хүүхэд олдог атал эрчүүдийн хариуцлагын талаар нэг ч үг унагаагүй нь бас сонин. Уг нь Түдэв гуай шиг олны хүндэтгэл хүлээсэн хүн бас л хариуцлагатай ярилцлага өгөх хэрэгтэй шүү дээ.