Tuesday, April 4, 2017

Багш хүн хүүхдийг хайрлаж энэрэх чадвартай байх ёстой.

Багш хүнд байх хамгийн эрхэм чанарын нэг нь хүүхдийг хайрлаж, энэрэх явдал юм болов уу гэж боддог. Хичээлийн агуулга, сургах арга барилыг хүн хүсэж байвал сурчихна. Харин багш болоод хүүхдийг хайрладаг, тэдний төлөө сэтгэл гаргадаг нь сайн багш болдог байх. Миний аав, ээж хоёр багш байлаа. Хөдөө багшилж байхдаа амралт дуусаад ирээгүй, эсвэл дотуур байрнаас оргосон хүүхдийн араас хөөцөлдөж гэрээр нь явна, очсон хүүхдээ бас эцэг эхийг нь аргадаж авчирна. Тэр үед дунд ангийн хүүхдүүдээ гэртээ мал дээр гаргах сонирхолтой эцэг эхчүүд олон байжээ. Ялангуяа охидоо гэртээ авч үлдээд хүнтэй суулгаж, аж ахуйдаа туслуулна гэх.
Хотод орж ирсэн хойноо анги даадаг ээж маань бас л хичээлээ тасалдаг, дүрсгүй хүүхдүүдийн гэрээр орой явна. Эцэг эх, эмээ, өвөөг нь сайн танина. Заримтай нь найзална, заримыг нь загнана. Хүүхдүүдийн гэр орны амьдралыг мэднэ, өнчин өрөөсөн, гачигдал дутагдалтай нэгний хойноос бүр их шургуу явдаг байж билээ. Тэр бүхний цаана энэ хүүхдийг амьдралтай залгуулчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэл л байсан байдаг.
Өнөөдөр 29 дүгээр сургуулийн багш нар өмгөөлөгч хөлсөлж, хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь хачирхалтай санагдав. Сурах, боловсрох эрхээ шаардаж жагссан хэдэн сөөсгөр хүүхдийг эсэргүүцэж, сургуулиас хөөнө гэж сүрдүүлэн ичиж зөвсөн шинжгүй олуулаа чихцэлдэн зогсох хүмүүст багш гэх эрхэм сайхан нэр томджээ. Багш хүн зүй нь энэ тэмцлийн нөгөө талд хүүхдүүдийн төлөө явж байх ёстой биш гэж үү? Хариуцаж байгаа сурагч нь бэлгийн дарамтанд орсон сураг байгаа бол тэрний хойноос үнэн мөнийг олж, хохирсон хүүхдийг хамгаалахын төлөө явж байх ёстой биш үү?
Угаасаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд дохионы хэл мэдэхгүй багш хичээл заадаг гэдэг нь утгагүй хэрэг юм. Хүн бүр дохионы хэл мэдэхгүй учир амьдралд бэлдэж байна гэсэн ядуухан тайлбар хийж байна. Гэхдээ энэ нь сонсгол муутай л болохоос бие бялдар сэтгэц эрүүл хүүхдүүдийг сонсголтой хүнтэй харьцах төдий л боловсрол хангалттай гэж тавлаж байгаа хэрэг шиг санагдлаа. Хүүхдийн танин мэдэхүйд хүнтэй харьцах харилцаа маш чухал. Бүр бага нялх цагаасаа санаа бодлоо чөлөөтэй солилцож чаддаг болбол бүр сайн. Тэгэхээр өөрийгөө нээж, орчноо танин мэдэх нь амны хайрцаг уншиж, бусадтай ойлголцох чадвараас илүү чухал гэсэн үг. Сонсгол муу төдийгөөр хэн нэгний сурч боловсрох боломжийг хаах нь нийгэмд илүү хохиролтой. Тэр хэмжээгээрээ хийгмийн хөгжилд ихийг бүтээж, хувь нэмэр оруулах хүний тоог цөөлж байнаа л гэсэн үг. Компьютерийн програм бичих, зураг зурах, баримал барих, машин техник зохион бүтээх, механик, архитектур гээд заавал сонсголтой байх шаардлагагүй олон салбар, мэрэгжил бий. Тэдэнд сурах боломж нь л хэрэгтэй.
Харин тэр сургуулийн багш нарт тийм сэтгэл алга. Хайр, энэрлийн сураг ч алга. Хорвоо дэлхий уужим, чи хүсвэл юуг ч хийж чадна гэж зоригжуулж, цонх нээж өгөх ёстой багш нь сурах эрхээ шаардсан хэдэн хүүхдийг хөөнө гээд л сууж байна даа.

Баавгай

Шаргал өнгөтэй нэлээн хуучирсан тоглоомон баавгай. Том охиныг жаахан байхад нь дэлгүүрт таараад авч өгсөн юм. Яагаад авч өгсөнөө сайн санадаггүй. Нэг их онцгой юмгүй, байдаг л нэгэн баавгай. Манайд ирээд охины гараас буусангүй ээ. Хамт унтана, хооллоно, гадуур явахдаа хамт явна. Охин бүр том болсон хойноо ч хол явахдаа үүргэвчиндээ хамгийн түрүүнд хийнэ. Юу гээчийг арчиж, хэдэн удаа ч угаагдсан юм мэдэхгүй. Угаасаар байгаад биенийх нь зарим хэсэг бүүр шалчийчихсан хөөрхий.
Бага охин ой жаахан өнгөрөөд эгчээсээ баавгайг нь булаагаад авчихсан. Миний баавгай л гэнэ. Гэрт өөр олон баавгай болоод бусад төрлийн зөөлөн амьтан байгаа ч өнөөх л шаргал баавгай охины оронд нь хамт унтаж, явсан газар бүр нь дагалдана. Охин шөнө тэмтрээд байхгүй бол миний баавгай алга гэж уйлж сэрнэ. Орой охиноо унтуулахдаа баавгайг бүртгэж, унагахгүй шиг аятайхан байрлал олж тавихыг хичээнэ би. Хоолоо идэхдээ жижигхэн тоглоомон сандал ширээн дээр тавьж суулгаад хоолноосоо халбагадаж өгнө.
Өчигдөр манайд том хэрүүл боллоо. Шалтгаан нь өнөөх баавгай. Том охин би баавгайгаа буцааж авмаар байна, чи зөндөө удаан хэрэглэлээ гэнэ. Дүү нь үгүй шүү энэ чинь миний баавгай гэнэ. Дуу чангарч зарим нь уйлав. Арга тасраад бага охиндоо дэлгүүрээс шинэ баавгай авч өгье гэсэн чинь зан нь тэр дороо хувираад хөөрхий баавгайг эгчдээ өгөөд энийгээ ав гэнэ. Тэгээд надад чи тэгээд битгий царай муутай баавгай авчихаарай гэж захив. Тэгэж байтал эгч нь тайвширсан уу, ухаарсан уу, за за чи миний баавгайг ав ав гэсэн дүү нь үгүй би шинэ баавгай авах гэж байгаа гээд тоосонгүй.
Саяхан л хэрүүлийн алим болж, дуу шуугиан тарьж суусан баавгай хүүхдийн өрөөний шалан дээр гологдоод эвгүй гулдайн суухыг хараад яагаад ч юм шинэ баавгай авч өгье гэсэндээ гэмшив.

Monday, February 27, 2017

Цагаан сарын дурсамж

Миний санадаг хамгийн анхны цагаан сар хөдөө өнгөрсөн юм. Би дөрөв, таван настай байсан юмдаг уу даа. Ээж, аав хоёр дээд сургуулиа төгсөөд хөдөө нэг суманд томилогдоод удаагүй байсан цаг. Хорин хэдтэй тэр хоёр бусдын жишгээр өөрсдөө ул боов хийж, ууцаа чанаад, ээж гурван биедээ шинэ хөвөнтэй дээл оёж өмсүүлж байсан их тод санагддаг. Миний шинэ дээл навчин хээтэй бор торгоор хийснийг би овоо хэдэн жил өмссөөн. Сумын төвийн багш нарын ихэнх нь багш нарын гэх том хашаанд амьдардаг байлаа. Битүүний орой хашааны хамгийн ахмад болох нэг багшийн ээжийнд айл бүр савтай цай, тавагтай бууз барьж ороод битүүлж билээ. Шинийн нэгэнд нар мандахаас өмнө босч цайгаа чанаж, буузаа жигнээд нар ургахтай зэрэг гурвуулаа золгож байлаа. Тэр үед мөр гаргасан эсэхээ санахгүй байна. Дараа нь томчууд яасныг мэдэхгүй, би гэдэг хүн хашааныхаа хэдэн хүүхэдтэй нийлж аваад сумын төвийн бараг бүх айлаар олж бэлэг цуглуулсан байхаа ккк. Бүгдээрээ шинэ дээл өмсчихсөн додигор хүүхдүүд бөөн аз жаргал. Эхлээд хашааныхаа айл тэгээд гараад гудамжаа гүйцээгээд, дараа нь бүр өөр гудамжаар ороод. Айлын өгсөн бэлгийг дээлийн өвөртөө бас малгайндаа хийж аваад дүүрчихээр нь гэртээ орж ирж орон дээрээ асгаад л буцаад их зугаатай байсан юм шиг байгаа юм. Айлууд өөрсдийн хийсэн алган чинээ том хавтгай боов, хоёр гурван ёотон эсвэл цаастай чихэр, 12 мөнгөний дэвтэр, балын харандаа, баллуур голдуу өгч байлаа. Арай ховор таарсан нь дөрвөн төгрөгний үзэг, зургийн дэвтэр, өнгийн харандаа, усан будаг байв.
Дараа нь сургуульд орох жилээ Улаанбаатарт нүүж ирээд хотод цагаан сар болдоггүйд нь их гонсойж билээ. Тэр үед хотод цагаан сар хийхийг хориглодог, битүүний орой заавал урт хурал хийдэг байсан санагдана. Шинийн нэгэнд ажил, сургууль тасалбал хатуу шийтгэлтэй. Бид эмээгийндээ бүүр орой болсон хойно очиж битүүлээд өглөө нар мандахаас өмнө хальт золгож, эмээгээсээ бэлгээ аваад сургуульдаа явдаг байлаа. Мөр гаргах, тухтай сууж цайлах зав гардаггүй байв. Хориотой ч гэсэн хүмүүс ямар нэг хэмжээгээр ёсолж тэмдэглэнэ. Сургуулийн хүүхдүүд чихэр солилцоно, жаахан том болоод золгодог болсон. Хэн нь ахмад гэдгээ өдөр цагаар тооцно шүү дээ ккк.
Цаг өөрчлөгдөж цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг болоход би гэдэг хүн нутгаасаа гараад явчихсан байжээ. Хамгийн сүүлд хориод жилийн өмнө цагаан сараар гэртээ байж таарсан юм. Эмээ, өвөө, аав маань бүгд амьд мэнд элэг бүтэн сайхан баярлаж билээ. Эмээ битүүнд яг өөрийн гарын хоол бэлдэнэ. Тэрэн шиг тансаг сайхан амт байдаггүй л гэж боддог. Шинийн нэгэнд өвөөгийнд очоод битүүлгийнх нь үлдсэн хуушуурнаас идэх бас гоё. Ааваараа өглөө чанасан мах огтлуулаад сайхан шаргал цайнд хийж идэх бас л тансаг мэдрэмж шүү.
Хүний газар явахдаа монголчууд ойр бол нийлж тэмдэглэнэ, ойр үгүй бол гэр зуураа. Ном ёсоор нь таваг засч тэмдэглэх нас арай болоогүй гэж үздэг тул бууз жигнээд, сайхан хооллоод хүүхдүүдээ аль болох сайн баярлуулах гэж үздэг дээ. Өргөн дэлгэр тэмдэглэж үзээгүй ч том болсон хойноо цагаан сараар их сайхан баярладаг байж билээ гэсэн дурсамж үлдэг гэж боддог юм. Би хүүхдүүддээ гарын бэлэг бэлдэнээ. Тэрийг бол их эртнээс бодож, нэг их үнэтэй биш гэхдээ санаанд хоногших бэлэг авах гэж хичээдэг. Нөгөө л дараа нь дурсамж болж үлдэх юм гэсэн үг. За тэгээд нэг их удалгүй энэ хэддээ монголын цагаан сарыг үзүүлчихвэл тэгээд том хэрэг бүтэх юм даа.
Энэ жил ганц хоёр хүн уриад жаахан өргөн дэлгэр битүүлчих санаатай байсан бага охин гэнэт өвдөж эмнэлэгт хэвтээд амжаагүй. Багтраа өвчин хөдөлсөн байгаад түргэний машинаар эмнэлэг явж их л адал явдал боллоо.
Өчигдөр хальт дэлгүүр орж идэх юм цуглуулаад бууз жигнэж, бялуу хувааж хэр тааруу битүүлэг хийсэн. Хэдэн бууз илүүчлээд шинийн нэгэнд гээд хөлдөөчиxсөн. Орой тэрийгээ жигнэж идээд, бэлгээ тараана даа. Бэлэг аваад царай нь яах бол гэж бодохоор инээд хүрээд байх юм.
Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу?

Friday, February 3, 2017

Дунд сургууль

Гурван долоо хоногийн өмнө манай тосгоны дунд сургуулиас хүүхэд тань хойтон гадаад хэлний хичээл авах шаардлагатай тул ямар хэл сурах хүсэлтэйгээ сонгож мэдэгдэнэ үү гэсэн захиа ирсэн юм. Нэг сард шүү дээ, охин маань ирэх намар дунд сургуульд орно. Өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ямар нэг хөтөлбөрт хамрагдах боломжтой тул сонголт хийнэ үү гэсэн эмайл ирсэн. Өчигдөр дунд сургуульд намар элсэж орох хүүхдүүдийн эцэг эхчүүдийг цуглуулж танилцуулах яриа хийв. Манай тосгоны сургууль муждаа ч биш улсдаа сайнд тооцогддог сургууль бөгөөд өчигдөр тэр ярианд суухдаа аргагүй юмаа гэж бодогсон.
Америкт хүүхдүүд бага сургууль буюу 5-р ангиа дүүргээд дунд сургуульд гурван жил, ахлах сургуульд дөрвөн жил сурдаг. Хүүхдийн сэтгэлзүй, физиологийн их өөрчлөлттэй давхацдаг тул дунд сургуульд суралцах үе хамгийн ярвигтайд тооцогддог. Ер нь 6-8 ангийн үе хүүхдүүн хамгийн хурдан өсөлттэй давхацдаг гэнэ. Яриа нээсэн сургуулийн захирал эцэг эхчүүдэд хүүхэддээ санаа зовох хэрэггүй бид маш сайн харж хандах болно гэж тайвшруулсан өнгө аястай эхэлсэн юм. Ярианд голлох үүргийг 6-р ангийн долоон сурагч гүйцэтгэв. Тэд сургуульд энэ сургуульд орохоосоос өмнө юунаас бэрхшээж байсан, юу хэцүү байсан гэх мэт эцэг эхийн асуултанд хариулсан нь зүгээр багш нар яриад өнгөрөхөөс арай л илүү сонирхолтой байлаа.
Энэ дунд сургууль баригдаад хэдхэн жил болж байгаа юм байна. Их сайхан тохитой, анги танхим нь уужуу саруул барилга байна. Биднийг номын санд цугуулсан, бас л сайхан танхим байлаа.
Дунд сургуульд 750 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Манай тосгонд дөрвөн бага сургууль бий, тэнд төгссөн бүх хүүхдүүд нэг л дунд сургуульд цуглаж сурдаг. Хичээл өглөө 8:15 д эхэлдэг ч сургуулийн хаалга 7:00 гэхэд нээгдэнэ. Эрт ирсэн хүүхдүүд өглөөний сагсан бөмбөг тоглох програмд оролцох эсвэл номын санд сууж даалгавраа хийх, ном унших боломжтой. Хичээл үдээс хойш 2:51-д тараад хагас цаг хэртээ багш нар тухайн өдрийн даалгавар болоод ямар нэг ойлгомжгүй байгаа асуудалд хариулж тусалдаг. Сургуулийн номын сан дөрвөн цаг хүртэл ажилладаг, сургууль орой 6 цагт хаалгаа барьдаг гэж байна. Багш нар гэрийн даалгавар болоод хэзээ хурааж авах календарийг интэрнэт портал дээр тавих ба хүүхдүүдийн дүн, багшийн дүгнэлтийг эцэг эхчүүдийн мөн цахим хуудаснаас үзэх боломжтой. Хүүхдүүд багштайгаа бас эмайлээр харьцах боломжтой. Хичээлийн дараа хүүхдүүд сайн дурын клуб, дугуйланд хамрагдах боломжтой. Охин гадаад хэлэнд франц хэл сонгосон, сонгосон ч гэж хар хүн бид хоёр сонгуулсан. Сургуулийн найрал хөгжимд орох сонирхолтой гээд бүртгүүлсэн.
Хүүхдүүдийн эхэндээ хамгийн түгшдаг асуудал  шүүгээний түгжээгээ онгойлгож чадахгүй байгаад хичээлээсээ хоцрох явдал гэсэн ккк. Тийм учраас хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 6-р ангийнхныг авчирч шүүгээний цоож онгойлгохыг зааж өгдөг юм байх. Ассултанд хариулсан долоон хүүхэд долуулаа цоож хамгийн хэцүү асуудал байсан гэж байна.
Энэ сургуульд гурван guidance counsellor ажилладаг гэнэ. Нэг нь эхний жил хүүхдүүдийн бага сургуулиас дунд сургуульд шилжих үед тусалдаг, нэг нь ерөнхийдөө сахилга батын асуудал хариуцдаг бололтой, нэгнээ шоглох, дээрэлхэх асуудалд гол төлөв анхаардаг, гурав дах нь сүүлийн жил хүүхдүүдийн мэрэгжил сонгох, их дээд сургуульд элсэх бэлтгэлд нь зөвлөж тусалдаг юм байна.
Сайн гэж үнэлэгдсэн сургууль, бас дээр нь захирал, багш нарын хандлага их зүгээр санагдлаа. Ерөнхийдөө бид нар хүүхдүүдийг чинь сайн сургаж өгнө, санаа зовох хэрэггүй гэсэн маягийн мэссэжтэй. Би ч тайвширлаа ккк. Ирэх сард хүүхдүүдийн хичээлийн хуваарь гарчихна гэнээ. Их эрт юмаа төлөвлөдөг юм байна. Одоо тэгээд дунд сургуулийн багш, guidance counsellor нь бага сургуулиудаар явж хүүхдүүдтэйгээ танилцдаг гэнээ. Тэгээд хичээлийн жил дуусахаас өмнө лав л хоёр удаа хүүхдүүдийг дунд сургуультай нь танилцуулах юм байх.
Санаанд хамгийн их таарсан зүйл бол хүүхдүүд сургуулийн цагаар гар утас хэрэглэхийг хориглодог. Утас хэрэглэсэн тохиолдолд хурааж аваад оявахад нь өгдөг гэнэ. Утас хэрэглэдэггүй хүүхдүүд цөөнгүй гэсэн нь миний санааг амраав. Охиндоо утас авч өгөхгүй бол бусдаас ялгагдчих юм болов уу гэж санаа зовж байсан юм.

Monday, January 16, 2017

Буруу зөвлөгөөнөөс биеэ хамгаалах тухай

Нью Иорк таймс сонинд өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөний буруу үр дагавараас хэрхэн сэргийлэх вэ гэсэн нийтлэл гарчээ. Элдэв зөвлөгөө хаа сайгүй олширсонтой холбоод хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд тоймлон орчуулах гэж оролдлоо. Цаг давчуу тул нарийн шалгаж чадсангүй. Хэн нэгэнд хэрэг болох биз гэж найдъя.

Эрүүл мэндтэй холбоотой ялангуяа хооллох талаарх мэдээ, зөвлөгөөг хэзээ ч битгий эргэлзэхгүй шуудхан хүлээж авч бай.
Аарон Э. Каролл

Анагаахын салбарын судлаачид ажлынхаа үр дүнг нийтлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан шинжлэх ухааны ололттой хөл нийлүүлэхийн тулд энэ үр дүнд тулгуурлаж олон нийтэд зөвлөмж гаргах нь зүй. Энэ зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээхийг өөрсдийн үүрэг гэж үздэг. Харин энэ явц, дамжлагын дунд заримдаа ямар ололт нь нотлогдсон, ямар нь тун өндөр магадлал бүхий таамаг вэ гэдгийн ялгаа зааг арилчихдаг гэмтэй.
Саявтар Харшил ба Халдварт Өвчнийг Судлах Үндэсний төвөөс самрын харшлын талаарх зөвлөмжөө өөрчилсөн нь намайг энэ талаар бодоход хүргэсэн юм. Харшил судлаачид хүүхдүүдэд  самрын уураг агуулсан бэлдмэл, бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн зургаан сартайгаас нь эхлэн өгөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь ялангуяа энэ самрын харшлын өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд маш үр дүнтэй гэдгийг тэд бас онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү зөвлөмж болоод үүнийг гаргахад хүргэсэн судалгааны талаар би өмнө нь дэмжиж бичиж байсан билээ. Маш чамбай төлөвлөсөн судалгаа/туршилтаар нярай үедээ газрын самрын уураг орсон хоол хүнс хэрэглэсэн хүүхдүүдийн энэ самрын харшлын эрсдэл огт хэрэглээгүй хүүхдүүдээс илэрхий буурсан байсан юм. Судлаачдын хэрэглэсэн тооцоогоор газрын самрын уураг хэрэглэсэн долоон хүүхэд тутамд харшилд өртөөгүй хүүхдийн тоо нэгээр хорогдсон бол бол эрсдэл өндөртэй бүлэгт энэ тоо дөрвөн хүүхэд тутамд нэг байжээ. Энэ бол маш тодорхой, өндөр ач холбогдолтой үр дүн юм. 
Гэхдээ үүний өмнөх зөвлөмж нь мэдээж дундаж зууны үед гарсан юм биш гэдгийг санах нь чухал. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи 2000 оныг хүртэл хүүхдийг гурван нас хүртэл нь газрын самар огт өгч болохгүй гэж зөвлөж байжээ. Тэгвэл дээрх туршилтын үр дүнг харгалзаж үзвэл, уг зөвлөмж газрын самрын харшилтай хүүхдийн тоог цөөлөх биш харин ч нэмж байсан болж таарах нь ээ. 
Энэ бол цорын ганц жишээ биш. Хүүхдийн эмчийн хувьд миний бие Академийн болоод бусад эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан онгоцонд хүүхдийн тусгай суудал тавих хэрэгтэй эсэх, хүүхдийг хаана унтуулах нь зөв эсэх, ашгийн төлөөх эмнэлэгийн байгууллагууд гэх мэт асуудлаар гаргасан зөвлөмжүүдийн талаар энэхүү буландаа олон ярьж бичиж байсан бөгөөд хэрвээ зөвлөмжийн ард баттай нотолгоо үгүй бол ийм зөвлөмж тус биш ус болж болох вий гэж санаа зовж буйгаа цаг тухайд нь илэрхийлж байлаа.
Мэдээж Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи санаатайгаар буруу зөвлөмж тараагаагүй, тэгээд ч тэд алдаа гаргасан цорын ганц байгууллага бас биш юм. Жишээ нь, хөхний хорт хавдар оношлох зорилготой бүх эмэгтэйчүүдийн хөхний рентген зураг авах нь чамбай нягталсан судалгааны дагуу тогтоосон хэм хэмжээ биш. Үр ашиг, эрсдэлийн тооцоогоор тийм ч зөв үйл ажиллагаа биш гэдэг нь харагдсан тул хамрах хүрээг нь багасгаж байгаа юм. Цаашлаад түрүү булчирхайн хорт хавдрын оношлогооны шинжилгээ мөн л иймэрхүү асуудалтай тулгараад байгаа. Цэвэршлийн үед эмэгтэйчүүдэд өгдөг дааврын эмчилгээ 2000 оноос өмнө бараг бүх эмэгтэйчүүдийг хамарч байсан бол Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Урдчилсан судалгаагаар үр ашиггүйд тооцогдоод хэрэглэхээ больсон байна. Харин өнөөдөр магад дааврын эмчилгээ байхгүй байгаа явдал зарим эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насанд хохиролтой байж болох тухай эргэлзээ эргэн ирсэн байдаг. 
Бүх салбарын дундаас зөв хооллолтын талаарх зөвлөмж бол хамгийн толгой эргүүлсэн замбараагүй байдаг нь яах аргагүй үнэн билээ. Хүнсний өөх тос хязгаарлах зөвлөмж нь нүүрс усны хэрэглээг өсгөсний улмаас таргалалтын тархалтыг улам дэвэргэсэн гэж судлаачид үзэж байна. Кофений талаарх нарийн судалгаа эрүүл мэндэд муу нөлөөгүй гэдгийг саяхан нотлох хүртэл энэ ундаа хавдар үүсгэх чадвартай бүтээгдэхүүний жагсаалтанд байсан билээ. Цаашлаад өглөөний цайгаа заавал ууж бай, ус ихээр ууж бай, чихэр орлуулагч хэрэглэж бай гэх мэт ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнд тулгуурласан баталгаагүй зөвлөмж бидний амьдралд баттай байр суурь эзэлж хэдийнээ амжжээ. 
Зөвлөмж ихэнхдээ хүмүүст тус нэмэр болох зорилготой бий болдог. Бид тодорхой бүлгийн хүмүүст үр дүнтэй байгаа зөвлөмж бусдад мөн хүртээлтэй гэж боддог. Хөхний хавдрын эсвэл түрүү булчирхайн хавдрын өндөр эрсдэлтэй хүмүүс ойр ойрхон шинжилгээ өгөх шаардлагатай байж болно. Харин бүх нийтийг хавтгайд нь хамруулаад эхлэхээр буруу зөрүү алдааны тоо нэмэгдэж үр ашиг нь буурдаг. Дааврын эмчилгээ магад залуугаараа саваа авахуулсан гэх мэт шалтгаанаар цэвэршиж байгаа бүлэгт илүү үр дүнтэй байж болно. Харин үлдсэн хүмүүст үр дүн байхгүй хэрнээ эмчилгээний дагуул шинж тэмдэг илрэх эсвэл бүр муу үр дагавартай ч байж болох юм.
Зарим тохиолдолд зөвлөмж аливаа ажиглалтын зөвхөн сайн тал дээр тулгуурласан байдаг нь асуудлын ярвигтай талыг нь орхигдуулдаг талтай. Жишээ нь, нярай хүүхдийг хаана яаж унтуулах талаарх зөвлөмж зарим талаараа эцэг эх, хүүхдүүдийн хувьд муу үр дагавартай байх тохиолдол байж болно (жишээ тул байж болно гэснийг дахин онцолъё). 
Гэхдээ ямар нэг зөвлөмж буруудах нь ихэнхдээ чамбай судалгаанд тулгуурлаагүй байдгийнх. Тохиолдлын, хяналтын бүлэг оролцсон (randomized, controlled) судалгаа биш ажиглалт төдийд суурилсан зөвлөмжүүд энд багтана. Энэ нь ямар нэг үйл явдлын шалтгаан биш ердөө хамаарлын ажиглалт төдий тул үүнд суурилсан зөвлөмж олон байгууллагын нэр хүндийг унагаадаг. 
Харамсалтай нь хоол хүнсний талаарх зөвлөмж бүх болохгүй асуудлуудыг зэрэг агуулж байдаг зовлонтой. Өөх тосыг хязгаарлах, нүүрс ус хязгаарлах, глүтэнгүй хоолны дэглэм барих эсвэл самар идэхгүй байх зөвлөмжүүдэд буруу зөвлөгөөний шинж тэмдгүүд бүгд илэрдэг байна. Ямар нэг дэглэм тодорхой бүлгийн хүмүүст таатай нөлөөтэй байж болно. Харин түүнийг бүх хүнд хамаатуулан зарлаж зөвлөх нь эрүүл мэндийн олон байгууллагын гаргадаг нийтлэг алдаа юм. Судалгааны үр дүнд эерэг ажиглалтын хажуугаар эсрэг үр дүн гараад ирэхээр яадаг вэ? Зарим байгууллага сөрөг эсвэл өөрсдийн таамгаас зөрсөн ажиглалтыг орхигдуулдаг нь ёс зүйгүй үйлдэл. Харин олон жил өнгөрсөн хойно энэ бүгдийг эргэж харахдаа бид юу бодож ийм юм хийсэн байнаа гэж харамсах хэрэг гарвал яах билээ?
Амьдралын хэв маягаа өөрчлөх нь хүний эрүүл мэндэд ямар нэг эмчилгээнээс илүү үр дүнтэй байж болох талаарх ажиглалт, баталгаа нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ иймэрхүү зөвлөмжүүд тамхи бүү тата, архи хэт их уухгүй бай, биеийн тамир хий, эрүүл хоолло гэх мэт маш ерөнхий, ямар нэг мэдэгдэхүйц том өөрчлөлт шаарддаггүй. Тэгэхээр аливаад жорыг нь тохируулж бай гэвэл хамгийн зөв зөвлөмж байж мэдэх юм. 

Энэ бол олон жилийн турш миний өөрийнхөө бичсэн хоол хүнсний талаарх зөвлөмжөө эргэж хараад төрсөн бодол бөгөөд сүүлийн үед бичсэн нийтлэлүүд маань чухам ийм философид тулгуурласан юм. Магад хүн бүр жорыг нь тааруулж чаддагсан надад ийнхүү үзэг цаас нийлүүлэх хэрэгцээ үгүй болох юм даа.