Sunday, December 30, 2007

Оньсого #16 хариу

Оньсогоны хариу хуруу, хумс юмаа. Бумаа ах, Хикари, Заяа, Жаагий нар зөв таасан байна. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.
Манайхаар саатан зочилдог хэн бүхэнд ирж байгаа шинэ жилдээ аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй.

Thursday, December 27, 2007

Оньсого #16

Баяртай давхацсан энэ долоо хоногт богинохон оньсого нэгийг таалгая. Миний багад хүн болгон мэддэг байсан оньсогын нэг шүү.
Арван эмгэн мөс үүрнэ, тэр юу вэ?
Хариуг энэ ондоо багтааж тавина. Та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, December 26, 2007

Майкл Блүүмбэрг


Хүндэтгэж явдаг улс төрчдийн нэг маань Нью Иорк хотын захирагч Майкл Блүүмбэрг юм. Польш гаралтай еврей гэр бүлд 1942 онд Бостон хотод төрсөн тэрбээр Жонс Хопкинсийн их сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр суралцаж төгсжээ. Санхүүгийн software үйлчилгээний Bloomberg LP компаниа байгуулж амжилт гарган тэрбумтан болсон нэгэн юм байна. Форбс сэтгүүл 2007 онд түүний хөрөнгийг 11.5 тэрбум доллар хэмээн зарлаж, хөрөнгө чинээгээрээ америкт 34 дүгээрт бичигдсэн байна. Зүгээр л мөнгө олоод суусангүй олсоноо хуваалцдаг хөрөнгө чинээтэй хүмүүсийн жагсаалатанд бас нэлээн дээгүүр бичигддэг байна. Өөрийн суралцаж төгссөн Жонс Хопкинсийн их сургуульд 1996-2005 оны хооронд 300 сая доллар хандивласан гэдэг. Зөвхөн энэ сургуулиар зогсохгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүүхдүүдийг тамхинд орохоос сэргийлэх байгууллага, халдварт өвчинтэй тэмцэх байгууллага зэрэг олон газар 2004 онд 134 сая, 2005 онд 144 сая, 2006 онд 165 сая доллар тус тус хандивлажээ.
Бизнест хүчээ сорьж амжилт байгуулсан тэрээр 2001 онд Нью Иорк хотын захирагчийн сонгуульд оролцож ялсан байна. Гэхдээ зүгээр нэг хотын захирагч болсонгүй, хотын захирагчийн албатай ирдэг цалин пүнлүү, эрх ямбаас татгалзаж олныг шуугиулж амжсан юм. Хотын төсвөөс бэлэг тэмдэг төдий жилд 1 долларын цалин авдаг тэрбээр хотын захирагчийн сууц болох Gracie mansion д амьдрахаас татгалзан, өөрийн байрандаа амьдарч өглөө бүр ажил уруугаа метрогоор ирдэг гэсэн шүү.
Хотын захирагч болоод хотын бар ресторанд тамхи татахыг хориглосон ба энэ оны эхнээс хотын хоолны газруудад транс тосны хүчил буюу маргарин хэрэглэхийг мөн болиулжээ. Эдгээр шийдвэр дор бүрдээ олон эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хүмүүст нэр олохын төлөө биш зөв бодлогын төлөө санасандаа хүрч чадсан даа. Хотын нийтийн сургуулиудад ч бас бүтцийн томоохон өөрчлөлтүүд хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа харагддаг. Миний бодлоор энэ хүн холыг харж прагматик шийдвэр гаргадаг санагддаг, тэр нь ч олны талархал хүлээсэн нь 2005 онд улиран сонгогдсоноор харагдсан юм. Өөрөө няцаасан хэдий ч түүнийг АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэсэн таамглал явсаар буй. Энэ хүн үнэхээр сайн ерөнхийлөгч болж чадах зангарагтай хүн харагддаг.
Хувийн ашиг харж биш ажлаа сайн хийхийн төлөө явж чадах хэдэн ийм хүн манайд байдаг бол ч гэж бодогдоод байх.

Monday, December 24, 2007

Saturday, December 22, 2007

Оньсого #15 хариу

За энэ удаад оньсого таах гэж оролдсон хэн бүхэнд боломж олдсон гэж бодож байна. Орж үзсэн болон таалцсан хэн бүхэнд маш их баярлалаа.
Оньсогоны хариу гэрийн хаалга тотго юмаа. Заяа зөв таажээ. Хүмүүс савх, багана гэж хариулсан нь бас энэ оньсогоны хариу байж болохоор юм байна гэж бодогдууллаа.

Friday, December 21, 2007

Андуурал

Бүдэг гэрэлд битгий ном уншиж бай, хараа чинь муудна гэж аль бага байхын аав маань хэлдэгсэн. Биед шингэн дутаахгүйн тулд өдөрт 8 аяга ус уу, бид тархиныхаа зөвхөн 10% ийг ашигладаг гээд өдөр тутам хүмүүс болоод тэр ч байтугай эмч нарын итгэдэг, хэрэглэдэг ажиглалтууд яг үнэндээ бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдаж байгаагүй, ихэнх нь буруу болохыг Америкийн Индианагийн Их Сургуулийн хэсэг нөхөд тогтоож, British Medical Journal д хэвлүүлжээ.
1. Шингэнээр дутахгүйн тулд өдөрт дор хаяж 8 аяга ус уу. Энэ бол ердөө л цуурхал гэнэ. Хүн өөрт хэрэгцээтэй шингэнийг жимсний шүүс, сүү, тэр ч байтугай цай, кофеноосоо ч авах чадвартай байдаг гэнэ. Гэснээс чухам ийм итгэл үнэмшил нөгөө савласан усыг моодонд оруулж, том бизнес болгосон шүү дээ.
2. Бид тархиныхаа зөвхөн 10% ийг л ашигладаг. Энэ бас буруу ойлголт гэнэ. Хүн тархиндаа бага ч гэсэн гэмтэл авахад л оюун ухаан, ааш ариншинд өөрчлөлт гарч, заримдаа бүр комд орох тохиолдол олон байдаг. Тархины соронзон дүрслэлийн зурагнуудаас харж байхад тархинд идэвхгүй байгаа хэсэг ерөөсөө харагддаггүй гэсэн шүү.
3. Хүн үхсэний дараа ч хумс, үс нь ургадаг. Хүн үхсэний дараа бие хатаж, агшихад хумс, үс ургасан юм шиг харагдахаас тэд ургадаггүй. Үс, хумс ургахад шаардлагатай дааврын комплекс үйл ажиллагаа хүнийг үхэхэд бас зогсдог учраас дараа нь үс, хумс ургах ямар ч боломж байхгүй гэнэ.
4. Бүдэг гэрэлд ном унших нүдэнд муу гэдэг бас батлагдаагүй ажиглалт гэнэ.
5. Үс хусахад эргээд ширүүн, өтгөн болж ургадаг. Энэ групийнхны тайлбарлаж байгаагаар үсгүй байгаад эргэж ургахад хүнд илүү ширүүн, өтгөн болчихсон мэт санагддаг болохоос үс өөрөө өөрчлөгддөггүй гэсэн байх юм. Энэ харин яах аргагүй миний ажигласнаас зөрөөд л байгаа юм даа.
6. Эмнэлэгт гар утас хэрэглэх хортой. Эмнэлэгт байгаа олон багаж төхөөрөмж гар утастай цахилгаан соронзон интерференц үүсэх магадлал нь бас л батлагдаагүй юм байхаа.
7. Цацагт хяруулын мах триптофан хэмээх амин хүчлээр баялаг учраас нойр хүргэдэг. Нягтлаад үзэхэд тахиа, цацагт хяруул, үхрийн мах ойролцоо хэмжээний триптофан агуулдаг нь тогтоогджээ. Харин их хоол идсэний дараа тархинд дахь цусны эргэлт багасгадаг учраас нойр хүргэдэг гэж тайлбарласан байна.
Тэгэхээр алив ажилглалт зөвлөмжийг судлалгүйгээр шууд шүүрч авч хэрэгжүүлэх бас буруу юмаа. Тунгааж бодож, батлагсан эсэхийг нягтлах хэрэгтэй юм байна шүү. Нөгөө талаар зарим ажиглалт батлагдаагүй болохоор буруу гэж бодох нь учир дутагдалтай юм шиг санагдаад байх.

Thursday, December 20, 2007

Оньсого #15

Энэ долоо хоногийн оньсого:

Эгч дүү хоёр эн чацуухан, тэр юу вэ?

Та бүхний хариулт бичсэн дороо гарахгүй, бүтэн сайнд бүгд харагдана шүү. Тааж болгооно уу?
Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавья.

Wednesday, December 19, 2007

Potluck lunch


Зул сарын баяраа ажил дээрээ potluck lunch маягаар тэмдэглэсэн юм. Энэ нь хүн болгон ямар нэг хоол хийж авчраад хамтдаа идэж, баяраа тэмдэглэсэн хэрэг. Нөгөө бэлэгнүүдээ бас задалсан. Ямар ч байсан сайхан болж өнгөрлөө. Хүмүүс сэтгэл гаргаж сайхан хоол хийцгээжээ, зургийг нь тавилаа

Chicken with rasberry souse

Potato pancakes

Guacomole

Sticky sweet rice balls with edamame beans, spinach walnut salad

Brownies, khuushuur, polish sausages

Cupcakes, rice rolls with eggs, indian sweet potatoes with cabbage

Spanish omelet, spinach with stawberries

Tuesday, December 18, 2007

Анхны сэтгэгдэл 2- Нью Иоркт нүүж ирсэн нь

Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юмаа. Анх ирээд, учраа олох гэж будилж мунгинаж байсан маань дээр болоод өнгөрсөн шиг зарим нэг таарч байсан хүмүүсийн нэрийг санах гэж оролдоод барахгүйг бодоход их биш хугацаанд хэрэндээ олон юм болоод өнгөрсөний шинж юм болов уу даа.
Ямар ч байсан анх ирсэн газраа төвхөнөж ядаж байтал сургалтын хоёр жил яах ийх зуургүй өнгөрөөд, төгсөх хаяанд ирчихсэн байсан юм. Энд оюутан хүн сургууль дотор долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй, зуны амралтаар харин мэрэгжилтэй холбоотой бол хаана ч бай 40 цаг ажиллах зөвшөөрөл олгодог юм л даа. Хорин цаг ажилласан ажлын хөлс юм болохгүй л дээ. Харихаасаа өмнө хүн л юм болохоор бас хэдэн цаас олоод явчих санаатай, сургуулиа төгсөөд жил хагас ажиллах зөвшөөрөл өгдөгийг нь ашиглах санаатай ажил баахан эрэвээ. Байсан хот маань жижиг болохоор олон сургууль, судалгааны төв байхгүй, тэгээд ч том хотод нь амьдарч үзье гэсэн бодол өвөрлөж наашаа хайсан хэрэг. Эрсэн хүн олдог жамаар одооны даргатайгаа холбоо барьж, утсаар ярилцлага өгөөд авъя гэсний дагуу, цаашаа яах нь бас тодорхойгүй учир гэрийнхнээ гэртээ буцаагаад "Том алим" (big apple гэдгийг үгчилж орчуулав) уруу ганцаараа нүүв. Утсаар ярихад дарга маань их л баргил хоолойтой нас тогтсон болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм байна. За даа надад Нью Иоркт таних мэдэх хүнгүй гэхэд санаа битгий зов, би тосоод авна гэсэн юмдаг. Бас ч гэж дассан газраасаа таньдаг мэддэг хүмүүсээ орхиод явах эвгүй л байлаа. Гээд яахав дээ, шөнөжингөө явдаг нислэгээр яваад өглөөний 6 цагт зорьсон газраа буулаа. Онгоцноос шинэ даргаа өглөө эрт босгочихов уу даа гэж санаа зовсоор гарч ирэхэд, нэг тийм өндөөр нарийхан залуухан хүн миний нэр бичсэн цаас бариад зогсож байдаг байгаа. За даа, өөрөө амжихгүй болоод хүн явуулж дээ гэж бодоод дөхөж очоод нэр усаа хэлтэл өөрөө дарга маань байж таарсан. Ер нь манай дарга шинээр ирж байгаа хүн болгоныг онгоцны буудлаас тосож авдаг заншилтай, ховорхон сайн хүн дээ.
Мэдээж америкт байгаа хүн болгон шахуу хаа нэгтэйгээс ирсэн байдаг хойно ирландаас ирсэн, ирэхдээ тэндээ анагаахын дээд төгсөөд наашаа ажил хайж ирсэн гэж байгаа. Ирсэн хойноо нөгөө ногоон картны сугалаа бөглөж ногоон карт авсан гэж байсан. Нэг хэсэг хүүхдийн эмч байгаад нэг хэвийн амьдарлаас уйдаад судалгааны ажил хийхээр шийдэж, Yale их сургуульд PhD хамгаалсан гэнэлээ. Ажилдаа үнэн голоосоо дуртай, уйгагүй ажилсаг гэгч юу болохыг энэ хүнээс мэдэж авсан гэж боддог. Хэзээ унтдаг юм бүү мэд, өглөө бүхнээс түрүүнд ирж, орой сүүлдэсхийж явна, гэсэн хэрнээ сүүлийн үед гарч байгаа кино ший, концертноос хоцорно гэж байхгүй. Бас дээр нь тийм ийм ном уншаад, тийм шинэ хоол хийж сураад ч гэх мэт юм ярьчихсан явж байх. Чөлөө заваараа East Village-ийн Арслангууд гэдэг rugby багийн дасгалжуулагч хийнэ. Манай Мэригийн хажууд жинхэнэ ирланд хүн л дээ. Бас нэг сонин санагдсан зүйл гэвэл ээж, аав хоёр нь хоёулаа эмч, саяхан болтол Саудийн араб, Бахрейнд анагаахын дээд сургуулиудад багшилж байсан явдал юм. Арабын орнуудад лав 15 жил амьдарсан юмдаг. Бас оюутан байхдаа зуныхаа амралтаар Бостонд ирж хараар ажиллаад эхнэртээ сүй тавих алмаазан шигтгээтэй бөгж авах мөнгөө хуримтлуулсан гэж ярьдаг юм.
За тэгээд энд ирээд үнэхээр их балмагдсан гэж байгаа. Байсан газраасаа явахад хүн болгон Нью Иорк их өөр шүү гэж хэлээд л байсан, би ч дотроо за ямар өөр улсад очих гэж байгаа биш гээд тоогоогүй нээрээ эрх биш нэг хэлээр ярьж, адилхан мөнгө хэрэглэдгээс өөр адил төстэй юм тун цөөхөн байсаан. Хэл нэг гэснээс эндхийхэн жигтэйхэн хурдан ярьдаг санагдаж байсан, бас Нью Иорк аялга гэж байгаад байх шиг. Зарим үгнүүдийг арай өөрөөр дуудаад байдаг (жишээ нь: coffee-kwofee гэх мэт). Түм түжигнэсэн энэ газар чимээ шуугиан ихтэй, бас тийм ч цэвэрхэн газар биш гээд эхний өдөр бараг л наашаа ирсэндээ харамсаж байлаа. Том газар юм болохоор байр, амжиргаа үнэтэй, тэгээд ч аятайхан байр олох гэж хэд хоног улаа эргэтэл яваад ганцаараа гайгүй байр хөлсөлж дийлэхгүйгээ ойлгоод Нью Иоркийн уугуул Жийн гэх итали гаралтай 50 гаруй насны эмэгтэйн байшинд нэг өрөөг нь хөлсөлж түр суух болсон юм.
Жийн хойд Бронкст италичууд голдуу суудаг хэсэгт гурван давхар, дотроо 4 тусдаа сууцтай байшинтай. Өөрөө 3 унталгын өрөө бүхий нэг сууцандаа сууж, үлдсэнийг нь хүмүүст хөлслүүлнэ. Насанд хүрч, тусдаа гарсан гурван хүүхэдтэй, сувилагч мэрэгжилтэй. Нөхөр, ээж хоёроо ойрмогхон хорт хавдарт алдсан ганцаараа амьдардаг эмэгтэй байсан юм. Ганцаараа үлдээд эвгүй байсан биз, намайг ирэхэд ханьтай хэмээн их л олзуурхсан юм. Хүүхдүүд нь ч гэсэн ээж нь ганцаардахгүй гээд намайг их л талархан хүлээж авсан нь шинэ газар ирсэн надад бас таатай байлаа.
Жийний эмээ ээжийг нь багад америкт италиас цагаачилж ирсэн юм гэнэлээ. Ёстой нөгөө цагаачдын дамжиж өнгөрөх Эллис арлаар дамжиж иржээ. Дараа тэнд хамт очиж дурсгалын самбар дээрх нэр усыг нь хүртэл харуулж байсан. Одоо тэр цагаачдын дамжих газар музей болоод бид хэд очиж үзсэн нь тэр. Угсаа гарал, соёлоо нэлээн хадгалж үлдсэн хүн шиг санагдаж билээ. Ярихдаа хүртэл гараа зангаж ирээд л итали гаралтай гэдгийг нь таахад төвөггүй. Итали хоол хийж, хөгжим сонсох боловч, гарал үүслээ нэг их зарлаад байх нь ховор.
Орой ажлаас ирэхэд оройн хоол хийж тавьчихаад хүлээж суудагсан. Ус тог хэмнэнэ гээд юмаа хамт угааж байя гэж тохирсон, мэдээж би ажил ихтэй болохоор тэр болгон угааж чадахгүй, харин Жийн маань бүгдийг нь угаагаад нямбай гэгч нь эвхээд тавьчихсан байх. Өөрөө астматай, бас жин ихтэй хүн болохоор долоо хоногт 2 удаа хүнд хөлс өгч гэрээ цэвэрлүүлнэ. Би гэдэг хүн ингэж анх удаа хүнээр өрөөгөө цэвэрлүүлж үзсэн нь тэр. Ямар ч гэсэн гэр бүлсэг ийм сайхан уур амьсгалд тун амархан дасч хийх ажлаас өөр санаа зовох юмгүй хэдэн сар амьдарсан юм даа.
Жийний амьдрал бас дандаа ийм амар сайхан байгаагүй гэдэг. Насны залууд нөхөрт гарч гурван хүүхэдтэй болоод удаагүй байхад нь вьетнамын дайн гарч нөхөр нь тэнд үрэгдсэн юм гэнэлээ. Дайны тухай яриа түүнд үргэлж хөндүүртэй ярихад хэцүү сэдэв байсан. Тэгээд гурван жаахан хүүхдээ тэжээх гэж хог хүртэл түүх цаг байсан гэж ярьдаг юм. Олон ажил сольж, Нью Иоркийн анхны эмэгтэй таксины жолооч болж байжээ. Сүүлд нэг оросын еврей гаралтай шүдний эмчийн нарийн бичгийн ажил хийж байхад нь тэр эмч тусалж дэмжсэний хүчээр коллежид суралцаж сувилагч болсон юм байна лээ. Тэр эмч одоо ч түүний хамгийн дотны найз гээд гэр бүлээрээ ирж очиж байгаа нь сайхан санагдаж байсан юм байна. Сүүлд шотланд гаралтай хүнтэй гэр бүл болсон, тэр нь харин жаахан бие муутай хүн байсан юм уу гэж ажиглагдсан юм байна. Өөрөө зовлон үзсэн болохоор ч тэр үү тэр их өгөөмөр зантай, хүнд тусархуу хүн л дээ. Ямар нэг баяраар хүүд маань бас ээжид маань захиа бичиж ямар нэг бэлэг явуулдаг байв.
Дараа хамт амьдрахаа больсон хойно ч ярьж хүүг маань ийш тийш дагуулж явж юм үзүүлдэг байсан. Нью Иорк хот түүний гэр бас бахархал нь байсан юм. Оройн хоолоо идчихээд орой үдэш болтол олон сэдвээр ярьж хөөрч маргалдаж суусан маань одоо ч санаанаас гардаггүй сайхан дурсамж болон үлджээ. Дөрвөн жилийн өмнө дөө тэтгэвэрт гараад Флорида уруу охиндоо ойртож нүүгээд холбоо тасарсан даа. Гэсэн хэдий ч би одоог хүртэл энэ хүнийг дурсаж баярлаж явдаг юмаа.
Жийний амьдрал үнэхээр америк мянган боломжийн орон гэдгийг хэлээд байх шиг санагддаг юм. Зовлонг давж, өөрийн амьдралаа босгосон чадалтай эмэгтэй гэж бахархмаар.
Ингээд би гэдэг хүн энэ их хотод ганц жил болох гэж ирээд өнөөг хүртэл саатсан байх юмаа.

Monday, December 17, 2007

Эрх чөлөөний хөшөө хүрэх замд


Замдаа ийм хэдэн далбаат завьтай тааралдаад олзуурхан зургийг нь авсан юм. Олон өнгийн далбаанууд сааралтсан тэр өдрийг чимэх мэт харагдсан юмаа.

Sunday, December 16, 2007

Оньсого таагчдад зориулсан зарлал

Оньсого таалгаж эхлээд хэдэн сар болоход таадаг, сонирхож үздэг хүмүүсийн тоо олон болжээ. Уншигчид маань дэлхийн бөмбөрцгийн олон талд цагийн өөр өөр бүсэд амьдардаг болохоор оньсого таахад хоцорчихоод байна гэсэн гомдол их гардаг. Пүүж харин тун сайхан санаа гаргалаа. Оньсого тавьсанаас хойш хариуг тавих хүртэл хүмүүсийн комментийг харуулахгүй байхаар шийдлээ. Тэгэхээр эрт орой блогт орж ирсэн хүн бүхэнд оньсогоо таах боломж гарах юм байна. Хэрэгтэй санал гаргасан Пүүжид талархлаа.

Saturday, December 15, 2007

Оньсого #14 хариу

Оньсогоны хариу гол мөрөн гэж Бумаа ах зөв таалаа. Зөв таасныг Заяа аль хэдийн биччихсэн байна. Оньсого таасан болоод, сонирхсон та бүхэндээ их баярлалаа. Дараагийн тав дахид дахиад нэг оньсогоор уулзацгаая.

Нью Иоркийн зул сарын гоёл

Зочин ирэхээр л нэг юм гэрээсээ гардаг болсоноо сая анзаарав. Оюутан ахуй цагийн ганц найз минь ирж хоёр хоног гялайлгав. Бас амжаад хэдэн зүйл үзүүлэх гэж гараад өөрөө гаралгүй удсанаа мэдрэв. Хот гоёлоо зүүгээд гэрэл чимэглэл нь нүд гялбуулаад сонин байлаа.


Union square т зул сарын зах гарчээ.

Рокэфеллэр төвийнх хотын хамгийн том мод засдаг, ирсэн хүн бүхэн заавал үзэх зүйлийн нэг болоод удаж буй. Хүн болгон үздэг болохоор тэр хэсэг газар олон мянган хүн чихэлдэж хурдан алхахад бэрхтэй байлаа.

Тавдугаар өргөн чөлөөний дэлгүүрүүд цонхныхоо гоёлоор уралдаж хүмүүсийн анхаарал татах аж. Картиерийн дэлгүүр жилийн жилд байшингаа тэр чигээр нь том бэлэг боочихсон мэт чимэглэдэг хэвээрээ, Фендигийнх хоёр том гялгар гэрэлтдэг бүсээр гоёсон харагдсан. Saks Fifth avenue, Macy's, Lord and Taylor гэх том дэлгүүрүүд үзмэрийн цонхоо зул сарын сэдвээр гоёод ойртож үзэх аргагүй олон хүн өмнөө цуглуулсан байдаг.

Thursday, December 13, 2007

Оньсого #14

Гүн хөх өнгөтэй
Гүйх хол замтай
Аялахад саадтай
Амьдрахад тустай
Шавар элэгтэй
Шороон хэрэмтэй, тэр юу вэ?
Заяа найзын маань өгсөн дахиад нэг гоё оньсого. Тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд тавья.

Tuesday, December 11, 2007

Буруу зөвийн дэнс

Өнөөдөр зурагтаар мэдээ үзэж байтал арван хэдэн жил хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суусан эр цагаадаж гарлаа гэж байх юм. Миний бие энд ирсээр ийм тохиолдол гарсаныг олон сонсож байсан юм байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө хорь гучин жил шоронд суух ямар сайн байхав дээ. Ийм тохиолдолд нөхөн олговор гээд мөнгө өглөө гэж дуулдах, гэхдээ л тэр мөнгө хүний амьдарлын тэр олон жилийг яаж ч нөхөх билээ. Тэгээд өөрийн эрхгүй манайд ийм асуудал бас байдаг болов уу гэж бодогдоод байдаг юм. Элдэв шар сонин уншиж байхад гүтгэгдээд шорон оронд орчихсон гэх сурвалжлагууд байж л байдаг, харин нягтлан шалгаад үнэн мөнийг тогтоосон нь хэд байдаг юм бол доо.
Ардчилал, эрх чөлөөний эх орон гэх боловч миний ажигласнаар энд шүүхийн системийн гажуудал дэндүү олон гардаг шиг санагдаад байдаг юм. Хилс шийтгэгдсэн улсын дотор хар бор улсууд олон байх нь арьс өнгөөр ялгаварласан бодлого саяхан болтол явуулж байсны бас нэг гэрч юм болов уу даа. Хэдий хүнийг гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгахгүй гэж байгаа ч яг нарийн дээрээ тулбал тэрхүү үзлийн үлдэгдэл амь бөхтэй оршсоор байгаа нь олон юман дээр ажиглагддаг юмаа.
Мэргэжлийн хүн биш болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй, гэхдээ ажиглаж, сонссоноо сийрүүлбэл, энд алив хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдолд, шийдвэрийг энгийн иргэдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг гаргана. Гэхдээ алив шийдвэрийг энэ 12 хүн санал нэгтэй гаргасан байх шаардлагатай юм шиг ажилглагддаг. Шүүхийн бүрэлдэхүүнд ор гэж дуудагдсан тохиолдолд хүн болгон очих үүрэгтэй. Надтай хамт ажилладаг хүмүүсийн олонх нь ингэж дуудагдаж байсан юм байна. Тэр байтугай жил гарны өмнө надад бас нэг тийм дуудлага ирсэн гэж байгаа. Би тэгээд иргэн биш гэдгээ баталж виз энэ тэрийнхээ хуулбарыг явуулж байсан юм байна. Энд орох хүмүүсийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорууд тохиролцсоны үндсэн дээр сонгодог. Сонгогдсон хүмүүс тухайн хэргийн тухай янз бүрийн мэдээллийн хэрэгслээр сонсож мэдээгүй байх ёстой гэсэн болзол тавина. Уг хүнийг хэрэгтэй танилцахаасаа өмнө шүүгдэгчийг буруутай гэж бодохоос сэргийлж байгаа хэрэг. Олонд танил хэргүүдийн хувьд өөрийн үзэл бодолгүй, сонсоогүй хүмүүсийг яаж сонгодгийг бас сайн ойлгоогүй л байна.
Нөгөө талаар хэрэг үйлдсэн ч сайн өмгөөлөгчийн хүчээр ялаас мултарсан хүмүүс бас цөөнгүй харагддаг. Америкийн хөл бөмбөгийн тамирчин байсан Симпсоныг салсан эхнэрээ найз залуугийнх нь хамт хөнөөсөн хэмээн буруутгаж шүүсэн тохиолдол үнэхээр миний гайхлыг төрүүлдэг юм. Эрүүгийн шүүхээр өмгөөлөгчийн хүчээр нэр цэвэр гараад, иргэний шүүхээр буруутгагдаж талийгаачийн ар гэрийнхэнд олон сая долларын нөхөн төлбөр төлсөн гэдэг. Миний таньдаг бүх хүмүүс мань хүний буруутайд эргэлздэггүй юм.
Бүр гайхмаар хэргийн тухай хоёр жилийн өмнө уншиж байсан юм байна. Нью Иоркийн нэг баян (үл хөдлөх хөрөнгийн дилер гэх юм уу даа) эр хэдэн жилийн өмнө сураггүй болсон эхнэрийгээ хөнөөсөн байж болзошгүй гэж шалгагдаж байгаад оргон зайлжээ. Хэдэн жилийн дараа Тексас муж улсад далайн булангаас хэсэглэж, хэрчсэн хүний цогцос олджээ. Энэ хэргийг шалгах явцад нөгөө оргож зайлсан эр хөрштэйгөө муудалцаад энэ хэргийг хийсэн нь тогтоогдсон боловч, эцэстээ аргагүй хамгаалалт хэмээн цагаадаад хүний цогцос гэмтээсэн хэмээн тэнсэн ял авсан байдаг. Түүний сураггүй болсон эхнэрийн яасан эсэхийг одоо хүртэл олж мэдэж чадаагүй байгаа юм гэнэлээ. Эдгээр хэргээс ажиглахад хэрэг хэрхэн шийдэгдэх нь өмгөөлөгчийн чадвараас ихээхэн шалтгаалж байх шиг. Гэвч хэрэг хийснийг нь мэдсээр байж хийгээгүй гэж өмгөөлөх өмгөөлөгч ёс зүйг юу гэж ойлгох вэ.
Ингээд бодохоор мөнгөтэй л бол юуг ч давж болох мэт ойлгогдох юмаа. Миний энэ бодол буруу байгаасай гэж хүсдэгээ нуух юун.

Penny harvest



Рокфеллер төвд цуглуусан 1 цент буюу penny. 100 сая цент буюу 1 сая долларыг хүүхдүүд энэ оны 10 сарын 22 оос эхлэн цуглуулснаа дэлгэж тавьсан нь энэ гэнэ. Мөнгө цуглуулах ажилд 800 гаруй сургуулийн сурагчид оролцжээ. Энэ мөнгийг хүүхдийн боловсролын санд хандивлах юм байна. Дэлгээд тавихад бараг нэг блок (нэг гудамж) урт болжээ. Дуслыг хураавал далай гэж...

Saturday, December 8, 2007

Бурхадын цэцэрлэг

Колорадо муж улсын Колорадо спрингс хотын ойролцоо ийм нэртэй үндэсний цэцэрлэг (national park) байдаг. Элсэн чулууны сонирхолтой тогтолцоо бүхий энэ хэсэг газрын нэрийг уугуул америкийн индианчууд өгсөн гэдэг. Нээрээ л бурхад чулуу өрж тоглож байсан юм болов уу гэмээр өнгө будаг, хэлбэр дүрсний сонин цогц санагддаг.


Ийшээ зочилсон хэн бүхэн ямар нэг төлбөр төлдөггүй (энд бол үзэх юмтай газар болгон шахуу төлбөртэй байдаг), Чарлс Эллиот Пэркинс хэмээх хүний эзэмшилд байсан энэ хэсэг газрыг үр хүүхэд нь үзэх сонирхолтой хэн бүхэнд үнэ төлбөргүй үзүүлэх болзолтойгоор Колорадо cпрингс хотын захиргааны мэдэлд шилжүүлсэн гэж байх юм.

Оньсого #13 хариу

Заяа хамгийн түрүүнд хоёр оньсогыг зөв таалаа. Эхнийх нь хонь (зарим хүн хариуг нь хонины сүүл ч гэдэг, аль аль нь зөв байж болох), дараагийнх нь бөөр. Оньсогыг сонирхож, таахад оролцсон та бүхэнд бүгдэд чинь их баярлалаа.

Friday, December 7, 2007

Чойжин ламын сүм






Нэг л намуухан, Улаанбаатарт ийм газар олон байдаг бол сайхнаа гэж бодогдож байлаа. Энэ сүм хорьдугаар зууны эхээр баригдсан ба язгууртан голдуу хүмүүст зориулж хурал хурдаг байсан гэдэг. Бага байхад нэгэн том ламын занданшуулсан цогцос энэ сүмд бий гэх явган яриа сонсож байсан. Үнэн эсэхийг мэдсэнгүй. Олон сайхан баримал бүтээлтэй боловч тайлбарлаж, таниулахдаа нэг тийм тааруухан санагдсан. Гэхдээ л нүд хужирлах юм ихтэй юм байна лээ.

Thursday, December 6, 2007

Оньсого #13

Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрөөд л нэг мэдсэн оньсого таалгах цаг болчихжээ. Нэг тийм хөөрхөн оньсогонууд бага байхад хүүхдүүд их хэлдэг байж билээ.

Өөхөн бөмбүүлэй
Араг сэгсээхэй, тэр юу вэ?

Хөөрхөн хүүхэн
Хөвөнд боодолтой, тэр юу вэ?

За тэгээд таагаад байгаарай, хариуг бүтэн сайнд...

Хөөрхөн баримал


Хуучнаар ХИД (одоо юу гэж нэрлэдэг болсон юм бол?) ийн тэнд нэг ийм хөөрхөн баримал байдагсан. Одоо байгаа болов уу?

Tuesday, December 4, 2007

Америкт яаж эмч болдог вэ?

Эмчийн мэрэгжил энд нэлээн өндөр цалинтайд тооцогддог. Тэгээд ч олон кино, телевизийн шоунд хүүхнүүд хэрхэн эмч нөхөртэй болоод, хотын гадна том байшинд амьдрах вэ хэмээн мөрөөдөж байгаа нь элбэг харагддагийг та бүхэн анзаарсан биз дээ. Болчихсон хойноо сайхан ч яг тэр өндөр цалин хүртэл олон жил, их мөнгө, эрч хүч шаардагддаг юм байна лээ.
Манайд юм уу, европын улсуудад эмч болохыг хүссэн залуус дунд сургуулиа төгсөөд л анагаахад элсэлтийн шалгалт өгч ордог бол, энд эхлээд дөрвөн жил дээд сургуульд "pre-med" гэсэн ангид суралцаж байж, анагаахын сургуулиудад шалгалт өгч орох эрхтэй болдог. Ер нь оюутнууд их дээд сургуульд орсон эхний жилээ биш хоёр дахь жилдээ мэргэжлээ сонгоцгоодог. Эхний жилээ өөрийн сонирхсон чиглэлээр хичээл авч кредит цуглуулдаг юм байна лээ. Энэ нь бас мэргэжлээ нухацтай сонгоход дөхөмтэй дажгүй хэвшил санагдсан.
Дээд сургуулийн дөрөв дэх жилээ юм уу, төгссөнийхээ дараа "MCAT" гэдэг шалгалт өгөөд анагаахын сургуулиудад элсэлтийн материалаа бүрдүүлж явуулна. Эмч болох сонирхолтой улс олон байдаг болохоор шалгалтандаа өндөр оноо, дээд сургуулийн дүн сайтай байхаас гадна, яагаад эмч болохыг хүсч байгаагаа бичсэн зохион бичлэг элсэлтэнд ихээхэн нөлөөтэй байдаг юм гэнэлээ. Гайгүй материал бүрдүүлсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Шилэгдэж уригдсан ч нэг хэсэг нь эндээс бас л хасагдана. За тэгээд аль нэг сургуулийн шалгуур даваад орчихсон хойно төлбөрийн асуудал босч ирдэг. Анагаахын сургуулиудын төлбөр бусад мэргэжлийн сургалтын төлбөртэй харьцуулбал өндөр байдаг юм байна лээ. Эцэг эх нь боломжтой бол төлбөрийг нь хийдэг хэсэг байхад өөрсдөө банкнаас зээл аван сурч байгаа оюутнууд ихэнх нь байдаг болов уу гэж харагддаг. Анагаах дөнгөж төгссөн хүн дунджаар хоёр зуун тавин мянган долларын өртэй гардаг гэж уншиж байсан юм байна. Энэ нь өндөр өртөгтэй Харвард мэтийн сургуулийг тооцохгүйгээр шүү дээ. Сургалтын төлбөр дээрээ бас байр хоол гээд амьдарлын хэрэглээний мөнгөө бас л зээлнэ шүү дээ. Эхний хоёр жил сургуулийн танхимд хичээл үзээд, сүүлийн хоёр жил нь дор хаяж дөрвөн мэргэшлээр дадлага хийсэн байх шаардлагатай. Дадлагаа төвлөрсөн том эмнэлэгүүдээр хийнэ. Энэ үед нь хүмүүсийг барьж авч уулзах тун хэцүү болчихдог юм байна лээ. Тэр дундаа шаталсан хэдэн стандартын шалгалтууд өгнө.
Ихэнх анагаахын сургуулиудад MD-PhD гэсэн найман жилийн програм байдаг. Энэ програмд орсон оюутнууд 4 жил анагаахын програм, 4 жилийн эрдэм шинжилгээний ажил хийж MD-PhD гэсэн цолтой төгсөнө. Олон жилийн энэхүү сургалтанд хамрагдсан бол сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөр барахгүй харин бүр тэтгэлэг авдаг гэж байгаа. Ийм програмын элсэлт тоотой цөөхөн хүн авдаг ба тун өрсөлдөөнтэй байдаг юм байна лээ. Ийм програм төгссөн хүнд эмчилгээ, судалгаа хослуулах сайхан боломж нээгдэж байгаа хэрэг.
Ингээд сургуулиа төгчихвөл бүх юм боллоо юу гэвэл бас үгүй юмаа. Дараа нь хэдэн жил өөрийн сонирхсон чиглэлээр эмнэлэгт дадлагажигчаар (residency) ажиллана. Энд бас л олигтой эмнэлэгт орохын тулд багагүй өрсөлдөх хэрэг гардаг гэнэлээ. Энэ хугацаанд олон цагаар (долоо хоногт 80 цаг ажиллах энүүхэнд, гол төлөв 24 цагийн ээлжээр ажилладаг) бага цалинтай эмнэлэгийн гол ажлыг нугалцгаадаг гэнэлээ. Бүтэн хоног сэрүүн байх гэж кофе уусаар ходоодоо муутгасан гэж манай дарга ярьдаг юм. Энэ тухай харин "ER", "Grey's anatomy", "Scrubs" гээд телевизийн олон шоу байдаг шүү дээ. Ийм дамжлагаар яваад өнгөрсөн хүмүүс "Scrubs" үнэнд тун ойр гэж хэлцгээдэг юмаа. Дадлагын хугацаагаа дуусгаад дахин "Board exam" өгч хүн бие дааж эмчлэх лицензээ авдаг гэж байгаа. Одоо л нэг гээд амьсгаа авах гэхэд нөгөө сургалтын зардлын зээл төлөх, цааш элдэв жижиг сажиг шүүхдэлцэхээс хамгаалах даатгалд хамаарагдах гээд олсон хэдээ хуримтлуулах цаг бас л хойшлогддог гэнэ.
Америкаас өөр улс оронд анагаах төгссөн хүмүүсийн хувьд эдний "Board exam" гэдгийг өгөөд дадлагжигчаар хэдэн жил ажиллаад лицэнзээ авчихдаг юм байна лээ.
За байз нэг их дааж давшгүй юм шиг юм биччихэв үү дээ. Давах даваагаа давчихвал ч эмч сайхан мэрэгжил шүү.

Monday, December 3, 2007

Secret Santa


Зул сарын баяр дөхөөд хотын гудамж байшин баярын гоёлоо аль хэдний зүүснийг өнгөрсөн хагас сайнд Манхаттан орж дэлгүүр хэсэхдээ олж харлаа. Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Би амьхандаа цагтай уралдаж сургуулиа дуусгах гээд зүтгээд байгаа, зүтгэх тусам цаг улам хурдлах шиг санагдах юм. Ойрд ажил ихтэй завгүй, хүйтэн гээд ажил гэр хоёрын хооронд л явсаар удсаныгаа сая л олж мэдэв.
Хот орж дэлгүүр хэссэн нь бас учиртай. Зул сар тэмдэглэдэг орон бүхэнд энэ өдөр ойр дотныхондоо бэлэг өгдөг заншил бий. Гэр бүл, найз нөхөд, ажлынхан гээд урт жагсаалт цуварна шүү дээ. Зул сар дөхөөд ирэхээр сонин хэвлэлд хэнд хэчнээн гарын мөнгө зул сарын бэлэг гэж өгөх нь тохиромжтой талаар зөвлөгөө хэвлээд эхэлнэ дээ.
Манай ажлынхан цөөхүүлээ байхдаа бүгд нэг нэгэндээ бэлэг өгдөг байлаа. Манай даргад хүүхнүүдэд бэлэг авахад нь эхнэр нь тусалдаг бололтой, жигтэйхэн нямбай бас хэрэндээ чамин чимэглэж боосон бэлэг авчирч өгдөг байлаа. Харин бидэн хэд эргээд даргадаа юу авч өгөх билээ гэж толгойгоо гашилгадаг байв шив. Нээрээ юм болгонтой хүнд юу авч өгөх вэ, дээр нь эрэгтэй. Ер нь нэг их дотно бус эрэгтэй хүнд бэлэг авах хамгийн төвөгтэй санагдаад байдаг юм.
За тэгээд олуулаа болох хэрээр хүн болгонд бэлэг авах хэцүү, байх хэцүү асуудал тулгарахад, хэдүүлээ яриад "Secret Santa" хийж байя гэж тохирцгоосон юм. Ажлынхаа бүх хүмүүсийн нэрийг жижиг цаасан дээр бичиж саванд хийгээд нэг нэгээрээ сугалцгаана. Нэрийг нь сугалсан хүндээ дээд тал нь $20 орчим үнэтэй марзандуу бэлэг авч өгнө. Бэлгээ боогоод очих ёстой хүнийхээ нэрийг тавиад хэн нэгэнд харуулахгүйгээр бэлэгний хайрцгандаа хийнэ. Бэлэг задлах өдөр бүгдээрээ цуглаад бэлгээ задлаад, хэнээс ирсэн бэлэг болохыг таадаг юм. Манайхан голдуу нэг нэгнээ нэр бичсэн бичгийн хэлбэр эсвэл хэр багласан байдал зэргээс хамаараад таачихаад байдаг юм. Жишээ нь манай хоёр япон хүүхэн бэлгээ урлагийн бүтээл шиг л гоё бооно. Польш хүүхэн бол тоохгүй хайш яйшхан гээд, хараад байхад эрчүүд бас гайгүй нямбай боосон харагддаг. Гэхдээ л их хөгжилтэй байдаг юмаа. Харин нэр сугалахад заримдаа өөрийгөө сугалах тохиолдол бас гарсан тул манай програм бичдэг залуу web interphase тай програм бичээд, бид компьютерээр нэрсээ сугалдаг болсон.
Энэ жил надад таарсан хүн саяхан манайд шинээр ирсэн энэтхэг хүүхэн, танихгүй хүнд бэлэг авахад хэцүү байлаа. Гэхдээ л эмэгтэй хүн гэхээр сонголт арай өргөн юм даа гэж бодоод гараад явсан чинь дэлгүүр хоршоо, метро пиг хүнтэй хэцүүхэн л байлаа. Хаана ч очсон аймаар урт дараалал. Хүн ихтэй болохоор дэлгүүрийн юм бүр жигтэйхэн замбараагүй, зарим нь бүр газраар хөглөрнө гээч. Олон газраар орох гэж төлөвлөсөн боловч халшираад анх орсон дэлгүүрээсээ нэг хөөрхөн аяга олж аваад гарах шив дээ. Нэг даваа нь энэ. Цаана нь хоёр зулзага, хань ижил, ээж, хэдэн найз гээд бас жагсаалт гарчихсан байдаг. Дэлгүүр хэсэх дургүй, өдийд бүр аймаар. Ер нь л online shopping хийхээс гэж шийдээд байгаа.

South Street Seaport


"Pier 17" буюу "South street seaport" хуучин усан онгоцны зогсоол байсан газар. Одоо олон дэлгүүр хоршоо, ресторантай, зөвхөн явган хүмүүс явдаг гудамжтай, хүмүүсийн зугаалах дуртай газруудын нэг болжээ. Зогсоол дээр байгаа хуучин хөлөг онгоц одоо музей болсон юм байна. Фултоны гудамжны алдратай загасны зах харин өглөө эрт ажилладаг хэвээрээ гэсэн. Зураг авахад урамтай хуучин шинэ хосолсон газар санагддаг.

Sunday, December 2, 2007

Оньсого #12 хариу

Оньсогоны хариу хонины өвчүү. 12 дагуул нь өвчүүний хуруу, мөнгөн халбага нь матгир хэсэг, пансан алчуур гэдэг нь өвчүүний хормой болж байгаа юмаа.
За энэ долоо хоногийн оньсого таахад олон хүн оролцлоо. Заяа маань бас хүмүүст таахад нь тусаллаа. Арсун хонины өвчүү гэж зөв таалаа. Оньсого өгч, хүмүүсийг хөгжөөж байсан Заяадаа маш их баярлалаа.

Thursday, November 29, 2007

Оньсого #12

За энэ удаад Заяа найзынхаа өгсөн оньсогыг таалгая. Надад жигтэйхэн гоё оньсого санагдсан юмаа.

"Цагаан гуа хатан
Арван хоёр дагуултай
Амны мөнгөн халбагатай
Аржгар пансан алчууртай" тэр юу вэ? Бүтэн сайнд хариуг нь бичье.

Tuesday, November 27, 2007

Намаажээ


Уг нь энэ блогийг өөрийнхөө үзсэн, харсан, уншсан, мэдсэнээ тэмдэглэж байя гэж нээсэн юм. Гэтэл амьдрал маань өнөөдөр үр хүүхдээ тойрон эргэлдэж байгаа болохоор, үзэж байгаа кино нь хүүхэлдэйн кино, уншиж байгаа ном нь жаахан хүүхдийн ном болчихжээ. Өдөрт тохиолдох хамгийн хөгтэй явдал ч хүүхдийн хэлсэн үг байх юмаа. Ингээд хэрэгтэй юм бичиж, бодол санаагаа хуваалцах гэхээр бас л завдал болохгүй байгаадаа уучлал хүсье. Тэгээд бас тэссэнгүй нэг паянгаа хуваалцъя гэж саналаа.
Бага охин маань хэлд орох алдаад инээдтэй юм их хэлдэг болоод байгаа. Үг болгон нь бас сайн ойлгогдохгүй ч санаагаа хүнд мэдүүлээд их сүрхий болж байгаа л даа. Саявтар нэг өдөр охин маань "намаажээ" гээд л байх юм. Би бодоод бодоод юу гэж байгааг нь ойлгосонгүй. Тэгээд миний охин намаажээ гэж юу юм бэ гэсэн над уруу дүрлийтэл харж байснаа хэлээ гаргаад, хоёр чихээ татав. Би сая л нэг юм сармагчин гэж хэлээд байсныг нь ухаараад, жигтэйхэн их инээсэн гэж байгаа.

Monday, November 26, 2007

Төвхөний хийдэд авсан хэдэн зураг




Энэ хийдийг 1653 онд Өндөр гэгээн Занабазарыг Дашлхүмбээс буцаж ирэхэд нь сүсэгтэн олны санаачлагаар уран бүтээл туурвихад нь зориулж барьжээ. Энэ хийд Хангайн нуруунд орших Шивээт улаан (Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг)гэдэг байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд Өндөр гэгээн бүтээлийн сүм барих ажлыг өөрийн биеэр удирдан байгуулж эбэнгачил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэсэн гэдэг.
Өндөр гэгээн энд алдартай олон барималаа бүтээснээс гадна монгол түмний сосёлын том өв соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг зохиосон байна.
Төвхөний хийд монгол нутгийн олон сүм хийдийн адил хэлмэгдэлд өртөж сүйдсэн ч гэлээ хэдэн жилийн өмнөөс дахин сэргээх ажил эрчимтэй өрнөж, аянчин жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Жагсаж зогссон цахлай


Эрх чөлөөний хөшөө үзэж яваад ингээд жагсчихсан цахлай шувууд таарсан юм. Хүн өрөөд тавьчихсан юм шиг инээдтэй байгаа биз?

Sunday, November 25, 2007

Оньсого #11 хариу

Эхний оньсогоны хариу гэрийн бүслүүр, дараагийнх нь өрх. Бум Эрдэнэ ах хамгийн түрүүнд алдаатай байсан ч гэсэн тааж түрүүллээ. Заяа шинэ оньсого өгсөнд баярлалаа. Хариуг нь бодоод бодоод олсонгүй. Миний эмайлээр явуулчихвал би энэ оньсогыг чинь дараагийн долоо хоногт тавья. Оньсого таалцсан та бүгдэд маш их баярлалаа. Дараагийн долоо хоногт нэг шинэ оньсоготой уулзъя.

Thursday, November 22, 2007

Оньсого #11

Дахиад хоёр оньсого.
1. Чи үүгээр яв, би түүгээр явъя, Билүүтийн гол дээр уулзъя, тэр юу вэ?
2. Өглөөний хонь хойшоо бэлчинэ, оройн хонь урагшаа бэлчинэ, тэр юу вэ?

Wednesday, November 21, 2007

Happy Thanksgiving!


Жил бүрийн 11 сарын дөрөв дэх пүрэв гаригт америкчууд талархлын баяраа тэмдэглэдэг. Гэр бүлээрээ цуглаж, цацагт хяруулаа шарж баярлана. Зарим хүмүүс хошигнож энэ өдрийг "Turkey day" гэж байгаа нь элбэг сонсогдоно. Оюутнууд гэртээ харьдаг болохоор манай энэ хавь чимээгүй эл хульхан болчихдог юм.
Түүхийг сөхвөл анх Виржиниа муж улсын Беркли плантаци дахь сууршигчид 1691 онд, Массачусэч муж улсын Plymouth (монголоор яаж галиглахыг олж мэдэж чадсангүй) дахь сууршигчид 1621 онд ургац авсаныхаа дараа бурханд талархаж тэмдэглэсэн байна. Нутгийн уугуул иргэд нүүж ирсэн хүмүүст эрдэнэ шиш хэрхэн тариалахыг зааж өлсөж үхэх аюулаас аварсан хэмээн бүгдээрээ цугралрч баярласан гэх домог яриа ч бас байдаг.
1789 онд Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон энэ баярыг албан ёсны баяр хэмээн зарлаж хууль гаргасан гэдэг.

Хэзээ эхэлсэнийг нь мэдэхгүй юм, ерөнхийлөгч энэ өдөр сонгож авсан нэг цацагт хяруулыг албан ёсоор өршөөдөг заншил бий. Өршөөгдсөн шувуу аль нэг амьтны хүрээлэнд айх аюулгүй насыг бардаг гэнэлээ.
Би энд ирсээр хэд хэдэн удаа цацагт хяруул шарж үзсэн юм. Гол төлөв хүүгийнхээ хүсэлтээр ингэсэн хэрэг. Том шувуу болохоор гоё болгоход нэлээн их чармайлт ордог бололтой. Ямар ч гэсэн шарсан шувуу маань идэж болохоор боловч нэг их сайхан болж байгаагүй юм байна. Сүүлийн хоёр жил цацагт хяруул биш харин нугас шардаг заншилтай болоод байгаа. Арай амттай сайхан болоод байх шиг санагддаг. Энэ жил харин хүү маань эмээтэйгээ Вашингтон хавьд байгаа танилынд маань зочлох учраас шувуу шарах ажлаас чөлөөлөгдөөд байгаа.
Та бүхэнд сайхан баярлахыг хүсье.

Хогноос олсон зураг сая доллар хүрсэн нь


Дөрвөн жилийн өмнө нэгэн өглөө Нью Иорк хотын оршин суугч Элизабэт Гибсон овоолсон хогны хажуугаар гарахдаа хогон дунд нэгэн тосон будгийн зураг байхыг олж харжээ. Тэр би абстракт зурганд тийм сонирхолтой биш, гэхдээ л хэн нэгний бүтээл ингээд хогон дээр хэвтэж байх нь харамсалтай санагдсан гэж ярьсан байдаг. Элизабэт зургийг гэртээ авчирч ханандаа өлгөжээ. Түүний нэг танил нь харин үнэтэй цэнэтэй бүтээл байж юуны магад урлаг судлаач хүнд үзүүл гэж зөвлөсөн байна.
Ингээд судлаад үзсэн чинь энэ зураг 1970 онд Мексикийн зураач Руфино Тамаёогийн "Гурван хүн" (Tres Personajes) хэмээх 20 жилийн өмнө хулгайд алдагдсан зураг байсан гэдэг. Элизабэт бүсгүй зургийг анхны эзэнд нь буцааж өгөөд $15000 шагнал (анх зургийг алдагдахад амласан) авчээ.
Зургийг анх 1977 онд $55000 үнээр Sotheby's дуудлага худалдаагаар Хьюстоны уугуул эр эхнэртээ бэлэг болгон авсан юм байж. Эзэд ойрмогхон энэ зургийг мөн л Sotheby's дуудлага худалдаагаар нэг сая дөчин есөн мянган долларын үнэ хүргэж заржээ. Зарсан орлогоосоо Элизабэт хүүхэнд тодорхой хувь хүртээсэн гэнэлээ.
Хулгайн хэргийг Холбооны Мөрдөх Товчоо шалгасаар байгаа гэнэ. Үнэтэй хог байгаа биз?

Tuesday, November 20, 2007

Тэмээ


Хэдэн жилийн өмнө Хар Хорин ороод буцаж яваад ийм ачаа ачсан машин таарч, би их л олзуурхан зургийг нь аваад сүйд болсон юм. Жолоо барьж явсан ах маань уг машины жолоочтой мэнд мэдэнгээ тэмээгээ хааш нь аваачиж яваа юм бэ гэсэн чинь, хот уруу маханд ачиж яваа юмаа гэж билээ. Эмээ маань тэмээний мах иддэггүй говийн хүн, бид бүгдээрээ нэг тийм. Ах маань түй хэрэггүй асуулаа, сэтгэлд сэвтэй гэдэг нь гэж билээ.

Monday, November 19, 2007

Шөнө...

Шөнө дунд утас дуугарав. Орноосоо унах шахам босч, утас уруугаа харайлгав. Утсанд хүрэх хэдхэн секундэд юу болсон юм бол гэх эвгүй бодол толгойд эргэлдэж, зүрх бачуурна. Тэр жил яг л ингэж шөнөөр утас хангинаж, аавыгаа алдсаныгаа мэдэж билээ. Түүнээс хойш шөнөөр утас дуугарах болгонд муу юм бодогдож, зүрх дэлсдэг болсон юм. Нойрмог сэрж амжаагүй тархинд элдэв бодол эргэлдсээр утсанд хүрвэл испани аялагатай эрэгтэй хүний дуу гарч "лифт засварын газар мөн үү?" гэх нь тэр. Бишээ, утас андуурсан байна гэж уцаартай хэлээд утсаа шидлээ.
Уртаар санаа алдаад, ойрхон байх сандал дээр суулаа. Зүрх салгалсан хэвээрээ, нурууны хүйтэн хөлс асгарсаныг сая л мэдрэв. Босч аяганд ус хийж уулаа. Цаг харвал хоёр цаг. Эмчийн өгсөн зүрхний эмээ уудаг ч юм уу гэж эргэлзэв.
Гадаа уг нь харанхуй байгаа бололтой, гэхдээ их хотын гэрэл тэнгэрт түгэх оддыг харгдуулахгүй нуух аж. Бүрхэг ч юм уу, цэлмэг ч юм уу бүү мэд. Харьцангуй чимээгүй, хааяа холоо гал командын машин дохиогоо хангинуулах нь сонсогдоно. Гэв гэнэт од олж харалгүй олон сар болсоноо саналаа. Цонхонд дөхөөд од харах гэж хичээн хүзүүгээ сунган удаан зогслоо. Олж харсангүй.
Монголд очоод шөнө гадаа гарахад үй түмэн одод гялалзаж, тэнгэр тэднийг даахгүй доошоо унах гэж байгаа мэт ойр харагдаж, тэртээх оддыг шүүрч болмоор юм шиг санагддагсан. Эргээд хүүхэд болж аавдаа ганц эрхлэхсэн. Зөндөө том болсон хойно ч даарах вий, өвдөх вий гэж санаа зовж суудагсан. Олигтой хоол унд хийж идэж чадаж байна уу? Өвөл боллоо, дулаан хувцас бий биз дээ гээд л утсаар ярихад шалгаадагсан. Аав одоо дандаа дэмий юманд санаа зовж байх юм гээд шоолоход, хэ хэ аав нь охиноо санаад л гэдэгсэн. Дахиад нэг удаа ч гэсэн тэр дууг сонсохсон.
Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг гэж хэн хэлсэн юм болоо? Эдгэхгүй, бүх юм яг л өчигдөр болоод өнгөрсөн юм шиг нүдний өмнө эрээлжилж байх юм. Нөхөж эдгээж болшгүй шарх гэж байдаг аж. Орчлонгийн жам гэж мэдэж байвч, арай л болоогүй байсан юм шүү дээ гэх бодол салахгүй дагаж, сэтгэлийн онгорхойг улам томруулах мэт санагдана.

Sunday, November 18, 2007

Оньсого #10 хариу

Оньсогын хариу сонгино арилгах. Олон хүн зөв таажээ. Бумаа ах сонгино гэснээс арилгах гэж дурдсангүй, Заяа хамгийн түрүүнд зөв бөгөөд бүрэн хариулсан байна. Оньсого таалцсан та бүгдэд их баярлалаа. Баасанд дахиад нэг оньсогоор уулзацгаая.

Saturday, November 17, 2007

Dog walker


Нохой зугаалуулагч Нью Иорк хотын нэгэн онцлог гэж хэлж болмоор. Баян чинээлэг хүмүүс, завгүй карьер хөөгчид нохойгоо хүнд хөлс өгч зугаалуулдаг байна. Цалин хөлс эрдмийн ажил хийдэг мань мэтийнхээс хамаагүй өндөр гэж дуулсан юм.
Манхаттенд Central park аар явбал ийм хүмүүстэй олон тааралддаг.

Thursday, November 15, 2007

Оньсого #10

За энэ долоо хоногийн оньсого:

Дүүгийнхээ хувцасыг уйлан тайлна, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд тавья.

Оройн хоол

Ингээд л нөгөө дайллага, цайллагын сезон эхлэх шив дээ. Манай дарга намар ажил сургууль жигдрээд ирэхээр биднийгээ дагуулж оройн хоолонд ордог заншилтай. Анх намайг ирж байхад шинэ хүн ирэх болгонд гадуур оройн хоолонд явдаг байлаа. Цөөхүүлээ байсан болохоор тэр үү, амархан зохицуулж болдог байсан юм. Жил ирэх тусам олон янзын ааш араншин, ёс заншилтай хүмүүсийн тоо нэмэгдээд тэдний цаг зав, дур сонирхолыг тооцоод ирэхээр төлөвлөж гарах нь түвэгтэй болоод цөөрсөн гэж байгаа.
Манайх ирланд, япон, польш, монгол, испани, энэтхэг, франц, америк зэрэг улсуудаас ирсэн арваад хүнтэй, дээр нь тэдний гэр бүлийн хүмүүс, найз залуу, бүсгүй гээд нэмэгдээд овоо том груп болж аваад гарна даа. Манай хоёр америк хоёулаа еврей, нэг нь бүр "observant" еврей (шашныхаа зан заншлыг мөрдлөг болгодог гэсэн үг л дээ). Тэр маань зөвхөн кошэр (kosher) хоол хүнс хэрэглэнэ.
Дэг жаягаа дагадаг еврей айлууд хоёр гал тогоотой байдаг. Яг хоёр тусдаа өрөө биш л дээ, гэхдээ бүх сав суулга, аяга таваг, халбага сэрээ нь махных, сүүнийх гэж хоёр тусдаа, учир нь эд нар мах сүүг хольж болохгүй ёстойд байдаг гэнэ. Түүнээс гадна алив амьтны махыг тодорхой аргаар нядалсан байх ёстой гээд нэлээд түвэгтэй дүрэм журамтай юм байна. Хэдэн мянган жилийн турш энэ дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн байх юмаа. Түүхчид, судлаачдын үзэж байгаагаар мах, сүү холихгүй байх заншил хоол ундаа муутгахгүй, эрүүл ахуй талаасаа ийм шийдэлд хүрсэн гэж үздэг юм байна лээ. Ер нь энэ тухай дараа нэг юм бичье гэж бодоод байгаа. Жаахан ул суурьтай судлах хэрэгтэй болох байх.
За тэгээд энэтхэг маань мах иддэггүй гээд олон шалгуур давж байж кошэр, загаснаас өөр махаар хоол хийдэггүй япон ресторанд хооллох болов. Аргагүй том газар тулдаа бас ийм сонголт олдсон гэж байгаа, жижиг газар бол бүгдээрээ хамт суугаад хооллох газар олдохгүй байсан болов уу. Мэдээж мань мэтийн хэдэн хүмүүс мах байхгүй гэхээр сэтгэл дундуур байснаа тэмдэглэх хэрэгтэй байх.

Хоол унд нь санасныг бодоход дажгүй байлаа. Шинэ зүйл туршиж үзэх ер нь зүгээр юм. Хамгийн гол нь бүгдээрээ цуглараад ганц хоёр шил пиво ууж ярьж хөөрөөд цаг тун хурдан өнгөрсөн л дөө. Сонирхсон хүнд орж үзээрэй гэх байна. Рестораны нэр "Ozu" Amsterdam avenue д, 87 ба 88-р гудамжны хооронд байдаг юм байна лээ.
Өө тэгээд сууж байтал энэтхэг бүсгүйн маань төрсөн өдөр болж таараад, торт лаа болоод Happy Birthday to You гээд ресторанд байсан бүх хүмүүс хоолой нийлүүлж дуулсан нь сайхан санагдсан шүү.

Monday, November 12, 2007

Гэр барьсан нь




Тэр зун Тэрэлжид зусахаар очоод гэрээ барьж байгаа байдал. Тэр үед ингээд л хүн амьтанд үзүүлнэ гэж санаагүй болохоор дууссан хойноо зураг аваагүй юм байна. Одоо эргээд харахаар сайхан санагдаад байдаг юм.

Sunday, November 11, 2007

Оньсого #9 хариу

Энэ долоо хоногийн оньсогыг Пүүж хамгийн түрүүнд тааж түрүүллээ. Жаагий бас зөв хариулсан байна. Манайхаар орж оньсого таалцсан та бүгдэд баярлалаа.
Оньсогын хариу тогоотой өрөм, сүү, хусам юмаа.
Дараагийн тав дахид дахиад нэг оньсоготой уулзацгаая.

Thursday, November 8, 2007

Солгой хүмүүс түргэн сэтгэдэг үү?

Австралийн судлаачид солгой болон баруун гартануудыг харьцуулсан судалгаан дээр үндэслээд солгой хүмүүс компьютер тоглоом болон алив спортын төрөлд илүү амжилт гаргадгийг тогтоожээ. Үүний үндэс нь солгой хүмүүс түргэн сэтгэдэгтээ бус харин тархины баруун хэсгийг голчлон ашигладаг бөгөөд энэ хэсгээс алив мэдээлэл зүүн мөч уруу тархины зүүн хэсгээс баруун мөч уруу хүрэхээс илүү түргэн очдогт байдаг гэж тайлбарласан байна. Түүнээс гадна солгой хүмүүс алив үйлдэл хийхдээ тархины баруун зүүн хэсгийг хоёуланг нь ашиглах чадвар арай дөнгүүр байдаг гэж тодорхойлжээ.

Оньсого #9

Олон хүн таах биз гэж найдаад нэг ийм оньсого тавилаа.

Дээрээ дэн шар
Дундаа дун цагаан
Доороо азай буурал, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд..

Tuesday, November 6, 2007

Lombard Street, San Francisco


Энэ гудамж АНУ-ын хамгийн их тахиралдсан гудамж гэж алдаршсан юм. 1922 онд тэр хавийн газрыг эзэмшиж байсан Карл Хэнри гэгч уг гудамжны дэндүү өгсүүр хэсгийг машин аюулгүй өгсөж уруудах нөхцөлийг хангахын үүднээс ингэж тахиралдуулах санааг гаргаж, замыг 1923 онд барьж дууссан байна. Одоо бол Сан Францискод зочилсон хэн бүхний үзэх ёстой газруудын нэг болсон.

Monday, November 5, 2007

Аймаар ном (The Tiny Trapeze Artist by Suzzane Weyn)


Хүүгийнхээ хэрэггүй гэсэн номнуудыг ухаж байгаад бага насны хүүхдэд зориулсан хэдэн үлгэрийн ном олж ихэд олзуурхаад охиндоо өгсөн юм. Охин маань бүгдийг нь сонирхож үзээд, их л зугаатай байгаа бололтой. Тэр дундаас Мийп гэдэг хулганы тухай үлгэртэй номыг надад авчирч уншуулсан юм л даа.
Эрт урдын цагт Мийп гэгч жижигхэн гөлчгий өнчирч хоцроход, нэгэн сармагчингийн гэр бүл түүнийг өргөж авч өсгөсөн юмсанжээ. Түүнийг бяцхан хөөрхөн гэж бүгд л өхөөрдөж хайрладаг байв. Мийп ах дүүсийнхээ адилаар модноос нодонд дүүлж тоглохыг хүсэх боловч бие жижигтэй учраас дүүлэн харайж арай л чаддаггүй байж. Нэг нартай өдөр бүлэг анчид ойд ирээд Мийпийн гэрийнхнийг тороор бариад аваад явчихжээ. Хөөрхий хулгана зөндөө их уйлж гансран сууж байтал, тэртээд хүүхдийн аврал эрсэн дуу гарчээ. Гүйгээд очвол нэгэн охин голд унаад модны мөчрөөс зүүгдэн усан дээр тогтож байв. Эргэн тойронд нь том том матрууд гэтээд хэцүү хэрэг болсон байв. Мийп хамаг хүч ухаанаа дайчилж модноос модонд дүүлж охинд урт мөчир бариулж аварчээ. Охин тэр хавийн тосгоны ноёны охин байгаад, Мийпийг гэртээ дагуулж очжээ. Охины аав түүнд баярласан талархсанаа илэрхийлээд, түүнд ямар нэгэн тус хэрэгтэй эсэхийг асуухад, бяцхан хулгана өөрийнхөө гэр бүлийнхнээ аврах хүсэлтэйгээ хэлжээ. Ноён тэр даруй анчдыг дуудаж Мийпийн гэрийнхнийг суулахыг тушаав. Тэд бүгдээрээ баяр хөөртэй уулзацгааж, ойдоо буцан амар сайхан жаргажээ. Гэсэн ийм үлгэрийн зурагтай ном байсан юм л даа. Үлгэрээ уншуулж дуусаад охин маань уйлаад, дахиад тэр номонд ойртоогүй. Яaгаад тэр билээ гэсэн чинь, өөдөөс "Аймаар ном" гэж хариулсан. Яг дуудлагаараа бол "Аймаая мом" гэсэн л дээ. Сахалтай анчид л айлгачихсан бололтой. Одоо харин Микки маустай номоо өдөржингөө таарсан хүнээр уншуулаастай.

Sunday, November 4, 2007

Оньсого #8 хариу

Оньсого дэндүү хэцүү байв уу, ямар ч гэсэн хүн таах гэж оролдсонгүй. Оньсогоны хариу чихэж чанасан хонины ходоод юмаа. Дараагийн баасанд дахиад нэг оньсоготой уулзъя.

Thursday, November 1, 2007

Хорт хавдараас хэрхэн бултах вэ?

Дэлхийн Хавдар судлалын хүрээлэн 7000 судалгааны үр дүнг харьцуулан дүгнэж шинэ зөвлөмж гаргажээ. Хүмүүс өндөр насалдаг болсон мөн тодорхойгүй олон шалтгаанаар хорт хавдараар өвчлөх тохиолдол улам олон болж байгаа билээ. Ерөнхийдөө хорт хавдарын 1/3 тохиолдол нь хүмүүсийн амьдарлын хэв маягаас хамааралтай гэж үздэг юм байна. Тэгвэл бид энэ зөвлөмжийг дагавал эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой байх нь ээ. Үүнд хамгийн эхэнд биеийн жингээ хасах шаардлага бичигджээ. Насанд хүрсэн хүн 21 наснаас хойш жин нэмэхгүй байх нь ялангуяа хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна гэсэн байх юм. Цаашлаад архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мах тэр дундаа утсан болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, чихэрлэг ундаа (энд хийжүүлсэн ундаа бас жимсний шүүс хамаарна) хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэнэ шүү.
Нярай хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхэд өсөөд илүүдэл жинтэй болохгүйгээс гадна ээж нарын хөхний хавдар тусах эрсдэлийг багасгадаг байна. Мэдээж биеийн тамир оролдох бас хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 30 орчим минут, хүүхдүүд дор хаяж нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай гэжээ.
Гэхдээ хорт хавдарын 60аас илүү хувь нь амьдарлын хэв маягаас хамааралгүй, удамшлын эсвэл тодорхойгүй шалтгаанаас болдог байна. Ямар ч гэсэн өөрсдөөс хамаарах зүйлсийг мөрдлөг болговол бас учиртай гэж бодогдов.

Оньсого #8

За энэ долоо хоногийн оньсогоо таацгаагаарай.

Өлсөж үхжээ гэхэд өөх үмхээстэй
Хөлдөж үхжээ гэхэд дах нөмрөөстэй
Нохойд бариулжээ гэхэд мод бариастай, тэр юу вэ?

Wednesday, October 31, 2007

Trick or treat


Halloween болж бид өнөөдөр "trick or treat" гээд айл хэсэв. Хэсэх ч гэж хүү маань нэг ийм баг өмсөөд найз нартайгаа салаад явчихав. Том болж байгаа тэр юм байх даа, ээж дүүтэйгээ явсангүй гээд жаахан гомдолтой хоцорсон гэж байгаа. Тэгээд ч дүү нь аймаар багнаас нь айж уйлаад байсан л даа.

Охин маань имж болоод гарсан чинь танихгүй айлын хаалга тогшихгүй гээд буцаад ирсэн.

Tuesday, October 30, 2007

Жижиг сажиг..

Манай лабораторийн ханан дээр манайхны ирсэн улс орны төрийн далбааны зурагнууд байдаг юм. Өчигдөр харин манай даргатай ирж уулзсан хятад програмист залуу тэр зурагнуудыг харж байснаа, танайхны хэн чинь монголоос ирсэн бэ гэв. Дарга миний нэрийг хэлтэл тэр над уруу хараад, би ерөөсөө монгол хүнтэй өмнө нь таарч байсангүй энэ тэр гэснээ, нэгэн цагт хятад улс монголын нэг хэсэг байсан тиймээ? гэнэ. Ингэж хэлэх хүн өмнө нь таарч байгаагүй болохоор сонин санагдсан шүү. Би ч тийм шүү хө, чи энийг мэдэж байдаг гайгүй залуу байна шүү гээд л хэлээд тавьчихсан гэж байгаа.

Залбирч суугаа даяанч


Тэрэлж орох замд нэг ийм өрөөд тавьчихсан юм шиг хад байдаг юмаа. Нэг талаас харахад залбирч суугаа хүн шиг...

Saturday, October 27, 2007

Өөх тосны тухай хэдэн үг

Хонины махны зураг хараад Заяа, Rhia нарын үлдээсэн сэтгэгдэл хоол хүнс, эрүүл мэндийн талаар хэдэн үг бичмээр санагдуулав.
Хүний бие организм гэгч 200 гаруй төрлийн өөр өөр бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй эсүүдээс бүтдэг бөгөөд эдгээр эсүүд доголдолгүй үүргээ гүйцэтгэхэд тэр хэмжээгээр өөр өөр бодис тэжээл шаардагдана. Тийм ч учраас бид хоолондоо үндсэн энергийн гол эх үүсвэр уураг, өөх тос, нүүрс уснаас гадна олон төрлийн витамин, минерал, бас бус зүйлсийг хэрэглэх шаардлагатай болж байгаа юм л даа.
Яг ном ёсоороо бол бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийн 50% ийг нүүрс уснаас, 20% ийг уурагнаас, 30% ийг өөх тосноос авч байвал зөв гэж үздэг.
Өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй, илчлэг ихтэй учир энергийн том эх үүсвэр, түүнээс гадна эсийн мембран бүрхүүлийн бүтцэнд ордог, байхгүй байлгаж болдоггүй эд байгаа юмаа. Өөх тосыг тосны ханасан ба ханаагүй хүчил гэж хоёр хуваадаг. Ханасан хүчилд амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх тос багтана. Хүмүүсийг ийм тос бага идэж бай гээд байгаа, яагаад гэвэл ийм тос холестрин ихээр агуулахаас гадна хүний биед холестрины нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестрины хувьд судас бөглөж, даралт ихэсгэдэг дайсан гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа л даа.
Гэхдээ холестрины цусан дах хэмжээ, цусны даралт хоёр шууд хамааралтай бас биш юмаа. Энэ хамаарал холестриныг судас уруу тээвэрлэдэг LDL (low density lipoprotein) бас цуснаас элэг уруу зөөвөрлөх HDL (high-density lipoprotein) хоёрын харьцаагаар тодорхойлогдоно.
Удмаараа өндөр насалдаг (энд нас өндөр ч ухаан санаа соргог, эрүүл чийрэг хүмүүсийн талаар хийсэн судалгаа) хүмүүс болоод тэдний үр хүүхдүүдийн цусан дахь HDL ийн хэмжээ харьцангуй өндөр байдгийг манай сургуулийн нэгэн професор судалж тогтоосон юм.
Харин тийм удам байхгүй жирийн хүмүүс бид амьдарлынхаа хэв маягт бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнд:
1/ Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж түүний оронд ургамлын гаралтай тос түлхүү хэрэглэх
2/ Хөдөлгөөнтэй, идэвхтэй байх
3/ Тамхинаас татгалзах (тамхи татахад HDL хэмжээ багасдаг нь тогтоогдсон)
4/ Omega-3 анигилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх (загас, далайн хясаа, маалингын үрний тос, canola oil*)
Энд маргарины тухай хэдэн үг бас нэмж хэлмээр байгаа юм. Маргарин бол химийн аргаар хатууруулсан ургамлын тос бөгөөд саяханаас хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэй нь тогтоогдсон. Нью Иорк хотын мэр Майкл Блүүмбэрг ресторанд ийм тос хэрэгэлхийг хориглоод хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Алив тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг шалгаж байгаарай.
Би хөдөөнийхөн дандаа л мах, сүү идэж уудаг тэгээд өвдөж хавдаад байдаггүй гэж маргах хүмүүстэй бас таарч байсан юмаа. Хөдөө мал малладаг хүмүүс өглөөнөөс орой хүртэл борви бохисхийхгүй хөдөлж байдаг нь тэдэнд арай ахиу өөх, тос идэх боломж гаргаж өгч байгаа юм л даа. Харин хотод ширээний ард суудаг бидэн шиг хүмүүс хөдөөний малчин эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй барьцаж болохгүй нь ээ. Тэгээд ч ажиглахад хөдөө мал дээр байгаа хүмүүс илүүдэл жинтэй байх нь ховор шүү дээ.
Хоёрт блогчид маань монгол эрчүүд гүзээ сууж байна гэж бичэцгээгээд л байгаа, тэр нь ч бас үнэний хувьтай. Гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмдэг нь бас судалгаагаар тогтоогдсон юм шүү.
Бас л хэдэн үгийг бүрэн монголчилж чадаагүйдээ хүлцэл өчье. Та бүхэнд хэрэг болох мэдээлэл болсон гэж найдъя.
*Тосны манжин гэж монголчлох болов уу. Яг таг мэдэхгүй болохоор англиар оруулав.

Оньсого #7 хариу

Заяа бүсгүй зөв таачихлаа. Алдааг засч өгсөн Пүүжид дахин талархлаа илэрхийлье.

Эхний оньсогын хариу нүд, хоёр дахь нь нүд цавчих: бурхан гэж нүдийг, бургас гэж сормуусыг дүрсэлжээ. Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд чинь баярлалаа. Дараагийн тав дахь өдөр марталгүй орж ирж шинэ оньсогоо таагаарай.

Friday, October 26, 2007

Нутгийн зуныг үгүйлж үзсэн зураг


Намрын сэрүү ороод, дандаа бүрхэг жихүүн болохоор гаргаж үзээд санаа алддаг зураг. Хэдэн жилийн өмнө наадмаар сурын харваа үзсэн юм. Эрэгтэй харваачдын дунд тод хөх үйтэн хуар дээлтэй энэ харваач тун содон санагдсансан.

Thursday, October 25, 2007

Оньсого #7

Дахиад нэг Баасан гариг, дахиад нэг оньсого. Үгүй ээ хоёр оньсого хэлье.

Атгахад атга дүүрдэггүй
Тавихад тал дүүрдэггүй тэр юу вэ?

Бурханаа бургасаар зодно тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд.

Залруулга
Тавихад тал дүүрнэ гэдгийг андуурсан байна. Анхаарч залруулсан Пүүжид баярлалаа. Алдаа гаргасандаа уучлал хүсье.

Wednesday, October 24, 2007

Weird experience

Дөхөөд иртэл зөндөө том байшин байна. Чанх урдаа том том хэдэн хаалгатай боловч ирж байгаа хүүхдүүд хажуугийн подвалын хаалга уруу цувралдан орж харагдав. Тэдний араас дагаад орвол цаана нь цэлгэр том заал, наана нь хэдэн цагдаа, метал детектор, цүнх ачаа шалгадаг рентген камер. Цүнхээ хардаг камерт харуулаад өөрсдөө метал детектороор гарч ирвэл, махлаг бор бүсгүй нааш ир гэж дохиж байнаа. Дөхөөд очвол жижиг гар детектороор гарыг маань алдлуулж байгаад шалгав. Ингэж шалгуулж байтал лав л 15 минут болсон байхаа. Нэг юм дуусаад энд хүлээж бай гэж дохив, удалгүй хар цамцтай хамгаалалтын албаны залуу ирж дээд давхарын оффис уруу хүргэж өгөв.
Та нар биднийг хаагуур яваад байна гэдгийг төсөөлж байна уу? Өнөөдөр хүүгээ Нью Иорк хотын нэгэн "public high school" д хүргэж өгсөн минь энээ. Онгоцны буудлаас өөр газар ингэж сайн шалгуулснаа санахгүй юмаа. Сургууль гэдэг гэгээлэг орчин санагддагсан. Өнөөдөр хүүгээ энэ сонин газар орхиод гарахад, сэтгэл нэг л их эмзэглэв.

Sunday, October 21, 2007

Оньсого #6 хариу

Оньсогоны хариу алаг даага юм.
Олон хүмүүс шаазгай эсвэл үнэг гэжээ. Шаазгай гэхээр нав нав юм уу тэв тэв явдалтай гэж дүрсэлж боломгүй. Үнэгний хувьд алаг биш болохоор хариу болж чадахгүй нь.
Ямар ч гэсэн таахад оролцсон та бүхэндээ маш их баярлав. Дараагийн баасанд шинэ оньсоготой уулзацгаая.

Saturday, October 20, 2007

Хадаг


Дахиад нэг хагас сайны зугаалга болгож Герман, Белги, Голландын хамтарсан монгол жүжигчдийн монгол хэл дээр тоглосон энэхүү киног өнөөдөр Cinema Village-д үзсэн юм. Хөдөө нутагт хүнд аюултай малын өвчин гарсан нэрийдлээр малчдын малыг хурааж аваад, уурхайд ажиллуулна. Уламжлалт амьдарлын хэмнэлийг хүчээр өөрчлөхөд хүмүүсийн амьдралд яаж муугаар нөлөөлж байгааг абстракт хэлбэрээр харуулахыг зорьсон бололтой. Киноны өгүүлэмж бидэнд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шинэлэг хэлбэрээр хөндөж гаргаж.
Дамчаа гуай гол баатрын өвөө, Цэрэндарьзав гуай удган эмэгтэйн дүрийг чадварлаг гарагасан нь уг киног тун дажгүй болгосон санагдав. Манай ахмад жүжигчид үнэхээр мундаг шүү гэж дуу алдмаар л байлаа. Дамчаа гуайн хоолойг сонссон нэг л танил...
Сайхан залуучууд тогложээ. Төгсгөл хэсэг дэх морин хуурын аялгуу ёстой гоё.
Харин санхүүгийн асуудлаас болсон уу, өнгөрсөний тухай өгүүлэхдээ Говийн зэрэглээ киноноос кадр ашигласан байна. Говийн здэрэглээг мэддэг бидэнд бол сонин санагдмаар, харин мэдэхгүй хүнд бол зүгээр байх л даа.
Нью Иоркод маргааш гараад дуусч байгаа юм байна. Боломж олдвол үзээрэй гэх байна.
Кинотеатраас гараад Union square хавиар Түвдүүд Далай багшийн Конгрессийн алтан медаль хүртсэнийг тэмдэглэж баярлаж байхдаа таарсан юм. Талбай дээр зассан тайзан дээр бидний очиход 5 залуу товшуур (иш нь нэлээн урт харагдсан, нэрийг нь мэдэхгүй юмаа) маягийн хөгжим тоглоод дуулж бүжиглэж байлаа. Талбай дээр зүсэн бүрийн хүмүүс цугларсан байсан ч үндэсний хувцасаараа гоёсон түвд бүсгүйчүүд содон гоё харагдаж байсан шүү.

Friday, October 19, 2007

Royal Gorge Bridge, Colorado


Колорадо мужийн Канион хотын ойролцоо байх дэлхийн хамгийн өндөр дүүжин (suspension bridge) гүүр. Энэ гүүр 1929 онд Арканзас голоос 321 метрийн өндөрт баригжээ. Доогуур урсах гол ширүүн урсгалтай том боловч гүүрэн дээрээс тун бага харагдаж байгаа биз?