Friday, February 29, 2008

Амин дэм хэрэглэх талаар

Монголд танил болсон яриа:
- За сайн уу хө?
- Үгүй ойрд бие тааруу, ядраад нэг л бишээ.
- Ядарч байвал витамин тариагаар хэрэглэ.

Зарим нь эмчийн зөвлөгөөний дагуу зарим нь дураараа хэрэглэнэ. Энд ч мөн ялгаагүй хүмүүс дэлгүүрээс мултивитамины бэлдмэл авч өдөр болгон шахуу хэрэглэнэ. Хүмүүсийн тархинд витамин хэрэглэх сайн, элдэв өвчнөөс сэргийлнэ, дархлал сайжруулна, ялангуяа жирэмсэн бол заавал уу. Зурагтаар ийм найрлагатай ийм хүнд сайн гэх зэргээр сурталчилна.
Амин дэм яах аргагүй хүний биед зайлшгүй хэрэгтэй эд. Бид өөрсдөө бий болгож чадахгүй учраас хоол хүнсээрээ дамжуулан авч хэрэглэнэ. Шинжлэх ухаан хөгжөөд ирэхээр амин дэмийг цэвэршүүлж, янз бүрийн найрлагаар зарах болжээ. Гэхдээ биенд сайн гээд хамаа замбараагүй хэрэглэх буруу болж өгвөл байгалийн гаралтай хоол хүнснээс аваад, амин дэмийн бэлдмэл хэрэглэхгүй байхыг хичээ гэсэн зөвлөмж саяхнаас үзэгдэж эхэлсэн юм.
Витамин С дархалааг сайжруулна, илүүдвэл шээсээр гарчихна элдэв гаж нөлөөгүй ууж байхад гэмгүй хэмээн бага байхдаа үрлэн чихэр шиг иддэг байснаа санах юм. Сүүлд учиргүй ихээр хэрэглэвэл судас хатууруулах аюултай гэдэг нь тогтоогдсон.
Витамин А угаасаа тосонд уусдаг ихэдвэл хордлого өгдөгийг хүн бүхэн мэдэх байх. 2002 онд Финляндад 29000 тамхи татдаг эрэгтэйд хийсэн судалгаа А витамин бэлдмэл хэлбэрээр хэрэглэдэг хүмүүсийн уушигны хавдартай болох магадлал эрс өссөн (18%) байжээ.
Витамин Е мөн л удаан хугацаагаар бэлдмэл хэлбэрээр хэрэглэвэл уушигны хавдар үүсэх магадлал 38% (тамхичдад түүнээс илүү хувиар) өсдөг гэсэн дүгнэлтэнд Америкийн Колорадо муж улсад хийсэн судалгаа хүрсэн байна. Харин Е витаминаар баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүст энэ эрсдэл бага байдаг аж. Самар, ногоон навчит ногоо, чидун жимс, эрдэнэ шиш, ургамлын тос энэ амин дэмээр баялаг байдаг. Е витаминыг чухамхүү сул радикалыг биеэс зайлуулж хорт хавдраас сэргийлэх чадвартай хэмээн сурталчилж байсан нь ийнхүү эсрэг үр дүнд хүрчээ. Сайн хэдий ч хэмжээ хэтэрвэл хор болохын жишээ энэ юм уу даа.
Бидний хувьд амин дэмийг хоол хүнснээс л авч элдэв эм бэлдмэлээс хол явах нь зөв болж таарлаа. Харин жирмэсэн эмэгтэйчүүд амин дэмийн бэлдмэл хэрэглэж байхгүй бол болохгүй шүү. Фолийн хүчил үр хөврөлийн мэдрэлийн систем бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай байдаг.

Хос хун


Архангай аймагт Чулуутын гол дээр харсан хос хун

Thursday, February 28, 2008

Оньсого #25

За байз энэ долоо хоногийн оньсогыг бараг л хүн болгон мэдэх болов уу. Намайг бага ангид байхад лав л унших бичгийн сурах бичгэн дээр байдаг байлаа. Миний мэддэг орос хэл дууслаа гэдэг шиг мэддэг оньсого ч хэдхэн үлдлээ дээ.
Оньсого тааж коммэнт үлдээхэд тэр дороо гарахгүй, бүгдийг нь нийлүүлж байгаад бүтэн сайнд хэвлэх юм шүү.

Хоёр хүн ширээнд сууна
Хоёр хүн харуул харна
Дөрвөн хүн шавар нухна
Нэг хүн ялаа үргээнэ, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд тавья, та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, February 27, 2008

Америкийн дараагийн ерөнхийлөгчийн тухай хальт бодол



Энэ оны 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид өрнөж, зурагт сонин, радио, интэрнэтээс нэр дэвшигчдийн тухай бараг л залхатлаа сонсож байх шив дээ. Энэ удаагийн сонгууль АНУ-ын хувьд түүхэн сонгууль болох нь хэвлэл мэдээллийнхнийг улам их шуугиулж байгаа юм. Хэргийн учир түүхэнд анх удаа Африк гаралтай (хар арьстан гэхээр буруудчих юм болов уу гэж бодов) Барак Обама эсвэл эмэгтэй Хиллари Клинтон сонгогдох магадлал өндөр байгаад оршино. Энэ хоёр нэр дэвшигч ардчилсан намаас нэр дэвшигчийн эрх олж авах гэж сунгаанд ач тач үзэлцэж, сонин хэвлэлд өдөр бүр зургаа гаргаж байна даа. Иракийн дайн, Бушийн эдийн засгийн бодлогоос залхсан америкчууд энэ удаад ардчилсан намын төлөө саналаа өгөх болов уу гэсэн таамаглал Клинтон, Обама хоёрын өрсөлдөөнийг улам ч хурцатгаж буй.
Би саналаа өгөх биш надад юуны хамаа гэж бодовч илүү үгэнд дуртай хүн тэсэхгүй сонин гарчиглаж мэдээнд чих тавиад л суух юм. Уралдаан эхлэхэд Клинтон арай л түрүүлж явсанаа сүүлийн хэдэн долоо хоногт Обама чангарч саналын тоогоор арай давуу яваа. Нарийн анализ хийх завгүй би хальт харж уншсанаараа дүгнэвэл Клинтон арай дээр ерөнхийлөгч болж чадах болов уу гэж санах юм. Энд тэнд хальт сонсоход Обама гэж нэг уриа лоозон болсон хүн тулгарсан асуудлыг яг чухам яаж шийдэхээ ярихгүй юмаа. Сайн ярьдаг байх нь америкчуудын хувьд их чухал чанар гэж тооцогдох юм. Хар ухаанаар бодоход бодлого сайтай бол уран гоё ярьдаг байх нэг их чухал биш баймаар. Харин Клинтон миний бодлоор арай амьдралд ойр юм яриад байх шиг. Магадгүй би өөрөө эмэгтэй хүн болохоороо ингэж харж байгаа байж болох. Харин сүүлийн хэд хоног өрсөлдөгч нь давуу байдалтай болоод ирэхээр анхаарлаа аахар шаахар өө сэв эрсэн асуудалд төвлөрүүлж хүмүүсийг өөрөөсөө түлхээд байна уу даа гэж санаа зовох юм.
Нөгөө талаар ажил дээр улс төржиж байгаа улсын яриаг сонсвол Клинтон ардчилсан намын нэр дэвшигч болбол бүгд найрамдах намаас нэр дэвших нь бараг л тодорхой болчихоод байгаа МкКэйний сонгогдох магадлал өснө. Яагаад гэвэл Клинтон нэгдүгээрт эмэгтэй, хоёрдугаарт Обамаг бодвол харьцангуй олон дайсантай хүн гэж байх юм. Манай лабораторийн сонгууль өгөх эрхтэй хүн бүр Обамад саналаа өгөхөд бэлэн гэнэ. Яагаад гэж асуувал тэр их ухаалаг, charismatic бас уран илтгэх чадвартай гэв. Ухаалаг байх мэдээж хэрэгтэй харин нөгөө хоёр чанар тийм чухал гэж үү?
Цаашаа ургуулаад бодвол манайхан хүний ямар чанарыг харж сонгуульд саналаа өгдөг болоо? Сонгууль болгонд таардаггүй ч хоёр удаа санал өгөхдөө намыг нь харж өгсөнөө санаж байна, тэрнээс хувь хүний зан чанар энэ тэр гэж бодоогүйгээ хүн өөнтөглөн бодож байхдаа саналаа. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэгч болох шахав.
За тэгээд аль ч тохиолдолд энэ улс анхны эмэгтэй эсвэл анхны африк гаралтай ерөнхийлөгчтэй болоход тун ойртжээ. Харин сайн ерөнхийлөгчтэй болж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах буй заа.
Зургийг АВС news вэб хуудаснаас авав.

Sunday, February 24, 2008

Оньсого #24 хариу

Оньсогоны хариу зээр байлаа, энэ удаад таасан хүн гарсангүй. Сааралын хэлсэнээр дахиад тавих гэсэн боловч бас хариуг мэдэх хүсэлтэй хүмүүс бий гэж бодоод хариугаа өнөөдөр бичлээ. Таагаагүй оньсогыг дахиж нийтлэх талаар бодож яваа шүү.
Таах гэж оролдож, оролцсон хэн бүхэнд талархалаа илэрхийлье.

Saturday, February 23, 2008

Jack Weatherford: Genghis Khan and the Making of the Modern World


Энэ номыг хоёр жилийн өмнө тавилгүй сууж уншсан юм байна. Миний хувьд баримтанд тулгуурлах гэж оролдсон, аль нэгнийг муулах эсвэл сайлах гэж оролдолгүй, сэтгэлийн хөөрөлгүй, хүнд түүхийн талаасаа зөв бичсэн гэж дүгнэсэн. Номны хөндсөн хамгийн гол асуудал нь Чингис хаан, түүний бий болгосон эзэнт гүрэн орчин үед бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг байлаа, энэ нь гадны уншигчдад тун сонирхолтой байх нь дамжиггүй.
Шуудан холбоо, гадаад паспорт, дипломатын халдашгүй эрх, цаасан мөнгө, зээлийн карт чухам Монголын эзэнт гүрний үед хэрэглэгдэж эхэлсэн байна. Өрнө дорны харилцаа ч чухам л энэ үед цэцэглэж, худалдаа арилжаа өндөр хөгжиж байжээ. Энэ харилцаа холбоо урлагт хэрхэн нөлөөлсөн талаар хийсэн судалгаа их байдаг юм байна. Хэдэн жилийн өмнө Нью Иоркийн урлагийн музейд "Legacy of Gengis Khan" гэсэн үзэсгэлэн гарч, ойрх дорнод болоод европын урлагт монголын байлдан дагуулалт хэрхэн нөлөөлсөн тухай олон үзмэр тавьж сонирхолтой лекц, баримтат кино гарч байсан юм.
Миний хувьд цэргийн тактик, монголын цөөхөн хүнтэй арми яагаад тэр их амжилт гаргасныг тайлбарласан хэсэг шинэ бөгөөд сонирхолтой байлаа. Энд нүүдэлчдийн хоол хүнс, амьдарлын хэв маяг гээд олон талтай анализ хийжээ. Түүнээс гадна монголчууд зүүн европ хүрээд цаашаа мал бэлчээрлэх тохиромжтой газар байхгүй байсан учраас аян дайнаа зогсоосон гэдгийг сонсож байгаагүй юм байна лээ.
Зөвхөн аян дайн хийхдээ амжилттай байгаад зогсоогүй, их гүрэнд явуулж байсан бодлого бас анхаарал татсан юм. Хубилай хаан хятадад нийтийн сургууль анх байгуулжээ. Эргээд бодоход монголчууд л хятадыг нэгтгэж, засаг захиргааны бодлогыг шинэчилж олны талархал хүлээж байжээ.
Энэ номыг уншсан хэн бүхэн Чингис хаан цэргийн жанжин байгаад зогсоогүй, ухаалаг улс төрч, прагматик бодлоготой хүн байсныг олж мэдэх байхаа. Асар том гүрэн байгуулсан ч өөрөө тун энгийн амьдардаг байсныг бас дурдах хэрэгтэй гэж санана. Юань гүрний үед монгол хаад ноёд ордны хашаан дотор гэр барин, жилдээ хэдэн удаа бууриа сэлгэж амьдарч байсан нь анхаарал татсан юм байна.
За тэгээд нэлээн дээр уншсан болохоор бас бус зүйлийг орхигдуулсан байж магадгүй, ямар ч гээд боломж олдвол хүн бүрийг уншаарай гэх байна.

Friday, February 22, 2008

Туршилт

Компьютертэй найзалсан хэдэн сар цусны даралт ихэсгээд сүйд хийх шахав. Угаасаа манайхан гуч гараад л даралт ихэсдэг удамтай. Үзүүлдэг эмчдээ очвол, ингэх гээд байсан юмаа. Хоолны давсаа багасга, тэгэхгүйгээр ямар ч эмчилгээний үр дүн гарахгүй гэж байнаа. Урд өмнө нь эм ууж яваагүйг минь онцлоод, шингэн хөөх эмнээс эхэлье дээ, сар уугаад ирж үзүүл гэж зарлигдав. Эмээ уугаад, давснаас зайгаа бариад хоёр долоо хоног явав, нэмэр болохгүй шинжтэй, яг уусны дараа гайгүй байснаа орой тийшээ өгсөөд л явчих юм.
Дээр улаан манжингийн шүүс даралт сайн буулгадаг гэж уншсанаа санаад туршиж үзэхээр шийдэв. Хоёр ширхэг дунд зэргийн хэмжээтэй улаан манжинг арилгаж угаагаад, хэрчиж саванд хийгээд дээр нь 2 литр орчим буцалсан ус хийж хандлаад бэлэн. Өглөө оройд нэг аяга уусан тэр дороо даралт буугаад, сайхан болоод явчихлаа.
Улаан манжинд байх нитрат (NO3) шүлсэнд байх энзимийн үйлчлэлээр нитрит (NO2) болон хувирч цусны даралт буулгадаг юм гэнэ. Өдөрт 500 гр улаан манжингийн шүүс балган амталж уух нь (гуурсаар уувал үйлчилгээ нь суларна) даралт мэдэгдэхүйц бууруулдаг гэсэн байсан санагдана. Өөр дээрээ туршаад, үнэн юм байна гэж итгээд даралт ихтэй хүмүүсийг хэрэглээрэй гэж хэлэх байна. Нөгөө уншсан эх сурвалжийг эргээд хайсан олддоггүй ээ.

Thursday, February 21, 2008

Jay Leno шоугаар явсан ярилцлага

- Ватиканд төрийг хэн барьдаг вэ?
- Ватиканчууд.
- Бишээ хэн улс орныг удирддаг вэ?
-...
- Яагаав дээ, том малгайтай хүн байдаг ш дээ, хэн билээ?
- Абрахам Линкольн.

Санаа зовоодоо...

New York Times сонинд Бээжингийн олимпод оролцох АНУ-ын тамирчдын хоол хүнсний асуудлаар томоохон нийтлэл гарсаныг уншаад, манайхан юу бодож байгаа юм бол гэж бодлоо.
Америкийн олимпийн хорооноос хоол хүнсний мэрэгжилтний баг саяхан Бээжинд явуулж, тэндхийн дэлгүүр, хүнсний захуудаар зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дээж авахуулж шинжилгээ хийж үзжээ. Нийтлэлд тахианы мах (бусдыг нь дурдаагүй байв) стеройд их хэмжээгээр агуулсан байсныг дурдаад, орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг өөрийн тамирчдад сануулсан байна. Эндхийн үндэсний олимпийн хороо тоглолтын явцад өөрийн гэсэн хоолны газар ажиллуулж, хүнсээ америкаас зөөх юм байна. Яахав баян чадалтай улсын хувьд асуудлаа ингэсгээд шийдчихдэг байж. Харин манайхан юу бодож байгаа бол? Бид ч гэртээ байж хятад хүнс хэрэглэдэг улс. Хориотой сэргээшийн жагсаалтанд байдаг бодис хятад хүнсэнд байдаг талаар хийсэн судалгаа байдаг болов уу? Бээжин манайхаас нэг их хол биш сэтгэл гаргаад хоол ундаа аваад явах бодол бий болов уу?
Үнэхээр уг сурвалжийг тогтооход хэцүү хүнсний зүйл хэрэглээд олон жил хөлсөө дуслуулж олсон амжилтаа баллачих вий гэж санаа зовоод байх юмаа.

Эрээвэр хураавар.

Уур биеийг зовооно бас дээр нь дархлаа сулруулж, шарх эдгэх явцыг удаашруулна. Америкийн Охайо мужийн их сургуульд хийсэн судалгааны дүн ингэж гарчээ. Энд уураа гаргадаг бас гаргахгүй дотроо хадгалдаг хүмүүсийн аль аль нь багтаж байгаа гэнэ. Уур хүрсэн үед хүний цусан дахь стресс гормон кортизолын төвшин нэмэгдэж тэр хэмжээгээрээ биеийн халдвартай тэмцэх чадвар, шарх эдгэх процесийг мэдэгдэхүйц удаашруулдаг юм байна.

Богинохон хугацаанд нүдний хор гаргах нь хүмүүсийн ой тогтоолтонд сайн нөлөө үзүүлдэг байна. Зургаахан минут унтаад сэрсэн хүмүүс, унтаагүй хүмүүстэй харьцуулахад ой тогтоол шалгах тестэнд өндөр оноо авдаг гэнэ. Энэ судалгааг Германы Дуссэлдөрф хотын эрдэмтэд хийжээ.

Сүүлийн үед илүүдэл жинтэй хүүхдийн тоо ялангуяа үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад нэмэгдэж байгаа нь давсны хэрэглээ өссөнтэй шууд холбоотой гэдгийг Английн судалгааны хэсэг хийсэн ажил дээрээ тулгуурлаж дүгнэжээ. Давс их хэрэглэдэг хүүхдүүд хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уудаг гэнэ. Хүнсэнд хэрэглэх давсаа 10-20% багасгахад л жин хасахад мэдэгдэхүйц нэмэр болох ба ийм хэмжээний хорогдол хоолны амтанд хэр барагтай нөлөө үзүүлэхгүй гэнэ.

Уурласан уураа гаргахүй дотроо барих ялангуяа эмэгтэйчүүдийн зүрх судсанд тун муу нөлөөтэй гэнэ. Cэтгэл санаа тогтворгүй үедээ ойр дотныхонтойгоо ярьж зөвлөж, дотроо уудалж байх нь чухал гэнэ шүү.

Өнөөдөр ВВС ийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл харж суугаад иймэрхүү зүйл мэдэж авлаа. Мэдэж явахад илүүдэхгүй болов уу.

Оньсого #24

Өнгөрсөн долоо хоногийн оньсогоноос болж шүүмжлүүлж бас шоолуулав. Энэ удаад гоё бөгөөд цэвэрхэн оньсого нэгийг тавилаа, тааж болгооно уу.

Галбын говиор нутагтай
Гадсан шовгор малгайтай
Мэнэнгийн говиор нутагтай
Мэтгэр гадсан малгайтай, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд.

Monday, February 18, 2008

Бейсбол тойрсон дуулиан

Америкийн бейсбол гэгч спортыг би сайн ойлгодоггүй юмаа. Анх энэ сургуульд ороход orientation week гэгчээр бидэнд Янкий багийн тоглолт үзүүлсэн боловч учрыг нь олоогүй гэж байгаа. Дэлхийн аварга нэртэй сүртэй тэмцээнд нь АНУ тэгээд Канадын ганц хоёр баг ороод л, түрүүлсэн нь дэлхийн аварга болчихоод байгаа харагдаад байдаг юм. Харин саяхнаас мэдээгээр тамирчид нь сэргээш хэрэглэдэг энэ тэр гээд шуугиан тарих болсоныг хальт сонсож байсан юм байна. Угаасаа сэргээшийн шинжилгээ энэ тэр саяхнаас л авч эхэлсэн бололтой. Нөгөө алдартай Барри Бонд гэдэг нөхөр стеройд хэрэглсэн нь тогтоогдсон ч хэд дэх ч гэнэв "home run" хийж баахан алдарших шив. Конгресс хуралдаж энэ талаар хууль батлах сураг гараад удаж буй. Өнөөдөр мэдээгээр Нью Иоркийн Янкий багийн нэртэй тамирчин сэргээш хэрэглэснээ хүлээж уучлал гуйх гэж жүжиг тавих шахав. Нэр усыг нь мэдэхгүй, тэрбээр ингэж ярьж байх юмаа:
- Би хурдан гүйж, хүч тамир орох гэж сэргээш хэрэглэсэн юм бишээ (тэгээд яах гэж гэж хэрэглэсэн юм бол?). Хүн надад хэрэг болдог гэхээр нь туршиж үзсэн юм. Хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж байна энэ тэр гээд, хэвлэлийн төлөөлөгчдийн асуултанд хариулах болоход:
- Би өөрийгөө худал хуурмаг юм хийсэн гэж бодохгүй байна гэж авсан.
Олимп, дэлхийн аваргын тэмцээн болоод сэргээш энэ тэр болохоор ядуу зүдүү орны тамирчид л илрээд байх шиг харагддаг нь, мөнгө ихтэй улс бол боловсронгуй тэр бүр амархан илэрдэггүй бодис хэрэглэдэг учраас тэр гэсэн яриа хэзээ билээ чих дэлсэж байсан. Шижилгээ хийдэг газрууд авсан дээжээ дараа боловсронгуй тест гарахаар шинжилнэ гэж хөлдөөж хадгалдаг юм гэнэлээ. Ноднин tour de France д түрүүлж явсан нөхрийн цусны улаан эсний тоо жирийн хүнийхээс хамаагүй их гарч, цус сэлбэсэн байна гэсэн хардлагад өртөөд авсан ч тамирчин өөрийгөө би угаасаа л тийм "өөр" хүн гэж хаацайлаад гарчих шиг болсон. Ингээд бодохоор сэргээш хэрэглэгчдийн арга нарийсаад, сүүлдээ элдэв тэмцээний дүн үнэн худалд итгэх хэцүү болж дээ. Түрүүлж байгаа хүнийг юу хэрэглэсэн бол гэсэн хардлага салахгүй юмаа. Манай хэдэн бөхчүүд наадмаар бас л хэрүүл дагуулаад байдаг. Нөгөө хүнлэг сайхан наадам, шударга өрсөлдөөн гэдэг хий хоосон зүйл болж орхив уу гэж өөрийн эрхгүй санагдах юм. Баригдалгүй хэрэглэсний зол, баригдсан болоод хэрэглээгүй учраас байранд ороогүйнх нь хохь юм уу?

Бүтэн есөн ярд

"Whole nine yards" хэмээх хэллэг бүгдээрээ, бултаараа гэсэн утгаар хэрэглэгддэг. Жишээ нь, "I was mugged. They took my shoes, wallet, my purse-the whole nine yards." гэвэл "Би гутал, түрийвч, цүнх гээд байсан бүхнээ дээрэмдүүлчихлээ" гэж утгачилж ойлголж болох нь ээ.
Энэ хэллэгийг дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн нисгэгчид гаргасан гэж олонх хүн итгэдэг гэнэ. Тэр үеийн онгоцны пулёмёт (ингэж бичдэг билүү?) бууны сумны тууз 9 ярд хэмжээтэй байгаад, сумаа дуустал буудахыг бүтэн есөн ярд гэж хэлцдэг байсан юм байх. Гэхдээ сумны тууз яг 9 ярдын хэмжээтэй биш, тэгээд ч энэ хэллэг Вьетнамын дайны үеэс үүсэлтэй, эсвэл 1961 онд Ралф Бостоны тогтоосон уртын харайлтын хэмжээтэй холбоотой гэх мэт олон таамаглал байдаг. Гарал үүсэл дээр нь санал нийлэхгүй ч хэрэглгэдэх утга нь хаана ч ялгаагүй гэнэ шүү.

Sunday, February 17, 2008

Etretat, France


Ла Маншийн хоолойн эрэг дээр...

Оньсого #23 хариу

Энэ оньсогоны хариу нус нийх юмаа. Зүүдчин, Idea хоёр зөв таалаа. Оньсого өгсөн Тэнэмэл бүсгүй, таалцсан та бүхэнд талархав.

Thursday, February 14, 2008

Оньсого #23

Та бүхэнд Тэнэмэл найзынхаа явуулсан оньсогыг толилуулъя, тааж болгооно уу?

Бөн бөн гүйгээд ирэхээр нь
Бөөрөн дундуур нь татаад хаячихна, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд.

Wednesday, February 13, 2008

Армаантик биш хүн

Гэгээн Валентиний өдөр гэдгийг баярын мэнд хүргэсэн эмайл, коммент аваад сая л саналаа. Мэндчилгээ явуулсан та бүхэндээ их баярласан шүү. Миний багад манай монголд энэ баярыг тэгтлээ өргөн тэмдэглэх битгий хэл дуулсан хүн ховор байсан байхаа.
Энэ баярыг Хойд ба Өмнөд Америкийн иргэд өргөн тэмдэглэдэг уламжлалтай юм билээ. Католик лам сүүлд гэгээн хэмээн тодорсон Валентин гэх ламтны нэрээр нэрлэсэн энэ баярын үүх түүхийг сөхөж үзье гэж бодогдлоо. Домог яриагаар бол ямар нэг шалтгаанаар гэрлэж болохгүй дурлалт хосыг гэгээн Валентин гэгч адислан гэрлүүлж, тэр утгаараа дурлалт хосын бэлэг тэмдэг болсон гэх. Яг түүхээрээ бол гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Валентин нэртэн олон байсан бөгөөд 1969 оныг хүртэл католик сүм хийд 11 Валентиний өдөр тэмдэглэдэг байжээ. Тэр олон Валентин дундаас Ромын, мөн Терни хотоос гаралтай хоёр Валентиний аль нэг нь энэ баярын эзэн байх магадлалтай гэнэ. Сонирхолтой нь архив болоод түүхийн судруудаас энэ хоёр хүний аль аль нь хайр дурлалыг ивээн тэтгэсэн баримт байдаггүй юм байна.
Гэгээн Валентиний өдрийн романтик дурлалтай холбоотой анхны баримт Geoffrey Chauser ийн 1382 онд бичсэн "Тэнэгүүдийн парламент" хэмээх Английн хоёрдугаар Ричард хааны Бохемийн Аннатай сүй тавьсаны нэг жилийн ойд зориулсан шүлэг юм байна. Уг шүлгэнд гарч буй Валентин бол Генуя хотын ширээт лам байсан бөгөөд сүүлд гэгээн Валентинтай андуурагдсан бололтой гэж үздэг юм байналээ.
Үүх түүх нь баримттай биш ч гэсэн дэлхийн олон оронд энэ өдрийг хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж амттан цэцэг өгөх баяр болгон тэмдэглэсээр хэдэн зууныг өнгөрөөжээ. Зөвхөн энэ өдөр мэндчилгээ хэвлэдэг компаниуд 1 тэрбум орчим долларын ашиг олдог гэнэ шүү. Цэцгийн баглаа, амттаны бизнес ч мэдээж ашиг орлого арвинтай байдаг биз.
Миний хувьд энэ баярыг тэмдэглэж явсангүй. Харин хүү маань бага сургуульд байхдаа 2 сарын 14 нд зөндөө олон мэндчилгээ авчирсанаар ийм баяр байдаг юм байна гэж ойлгож билээ. Угаасаа эсэргүү сэтгэхүйтэй би аль болох тойрч гарах гэж хичээгээд олон хүнээс армаантик биш тодорхойлолт авчихсан юм. Гэснээс монголд хэдэн хүүхнүүд Титаник киноны тухай ярьж байхтай таараад надад энэ кино таалагддаггүй гээд хэлчихсэн бас дээрх тодорхойлолтыг бататгаад авсан гэж байгаа. Хамгийн инээдтэй нь манай хүн бид хоёр 2 сарын 14нд анх болзоонд явж байлаа. Тэр үед энэ өдөр баяр гэж мэддэггүй байлаа, мэдэж байсан бол нэг өдрөөр хойшлуулахгүй юу.
Энд энэ баярыг үнэн сэтгэлээсээ тэмдэглэж байгаа хүмүүсийг шүүмжлэх гээгүй юм шүү ойлгоорой. Баяр тэмдэглэж байгаа хүн бүхэнд сайхан баярлаж, зөвхөн жилдээ ганц өдөр биш өдөр бүр нэг нэгнээ ойлгож, хайрлаж яваарай гэх байна. Хайр гэдэг гэгээлэг сайхан зүйл. Даанч илүү үгтэй, зөрүүд гөжүүд би тэмдэглэж төвдөхгүй л явна.

Эллис арал (Ellis island)

Эллис арал дээр байрлах цагаачдыг бүртгэн нэвтрүүлэх газар 1892 оны 1 сарын 1 ээс 1954 оны 11 сарын 12 хүртэл ажиллаж нийт 12 сая цагаачдыг шалган нэвтрүүлсэн гэдэг. Одоо энд цагаачдад зориулсан музей байрлаж тухайн үед цагаачдыг ямар шалгуураар нэвтрүүлж байсан тухай дэлгэрэнгүй үзмэрүүд тавьсан байдаг. Дээр дурдсан 12 сая хүмүүс тухайн хугацаанд АНУ д ирж суурьшсан цагаачдын 70% нь юм гэнэлээ. Одоо 100 сая гаруй америкчуудын өвөг дээдэс чухам энэ газраар дамжиж америкт хөл тавьжээ.
Анх ирсэн цагаачдыг 6 төрлийн эрүүл мэндийн үзлэгээр оруулж, хувий чанартай 29 асуултанд хариулуулдаг байж. Эдгээр шалгуураар халдварт өвчин тээгч, сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод гэмт хэрэгтнүүдийг илрүүлж буцаадаг байсан юм гэнэлээ. 1924 оноос цагаачлалын асуудлыг тухайн улсад суух АНУ ын элчин сайдын яаманд хариуцуулснаар үүгээр дамжих цагаачдын тоо эрс цөөрч улмаар 1954 онд хаажээ.
Монголчуудын сайн мэдэх "Загалмай зүүлгэсэн эцэг" киноны гол баатар Дон Корлеон Эллис арлаар дамжин Нью Иорк хотод ирдэг шүү дээ.




Monday, February 11, 2008

Сонирхол татсан баримал


Нэг ийм баримал Манхаттаны хамгийн урд үзүүрт, Эрх чөлөөний хөшөө хүрэх усан онгоцны зогсоолд (Battery park) ойрхон байдаг. Албан ёсоор хэн гэдэг хүн хийснийг мэдэхгүй ч аз жаргал эрж энэ улсад тэмцэн ирж хөл тавьсан олон цагаачдад зориулсан гэдэг нь харсан хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз? Ямар ч гэсэн би л тэгэж боддог байлаа.
Харин саявтар энэ бол Марисол Эскобар (Marisol Escobar) гэгч барималчийн дэлхийн хоёрдугаар дайны үед Германы шумбагч онгоцны халдлагад өртөж сүйрсэн худалдааны усан онгоцноос тэнд ажиллаж байсан багийн гишүүдийг аварсаныг тэмдэглэсэн хөшөө гэдгийг олж мэдсэн юм. Уг хөшөөний зарим хэсэг нь усан дор байрладгаараа онцлог гэнэ.

Айхавтар шивээстэй хүн хараад төрсөн бодол


Америкт ирээд хамгийн содон харагдсан зүйлсийн нэг нь хүмүүсийн шивээс байлаа. Цэцэг навч, хүний хөрөг, нэр юу эс байх вэ, цаашлаад могой, аалз, хохимой толгой гээд тоочвол ч зөндөө. Сүүлийн үед хятад ханз үсэг их харагддаг болсон санагддаг. Бага байхад цэрэг цуухаас ирсэн зарим ах нар гар дээрээ ганц нэг үсэг шивүүлсэнийг харж явснаас эрээн мяраан том шивээс ерөөсөө үзэж байгаагүй юм билээ. Би хувьдаа хүн залуу насандаа сонирхож л шивээс тавиулдаг юм болов уу гэж бодож байсан бас биш юмаа. Анх ирээд удаагүй байхдаа нэг хоолны газар оройн цагаар ажилладаг байлаа. Манайд ширээ цэвэрлэж, хүмүүсийг мэндэлж угтдаг эмээ ажилладаг байсан юм. Эелдэг ёсыг бодоод насыг нь асууж зүрхлээгүй ч дал лав гарсан хүн байсан. Тэр эмээ хөлний шагай, шилбэн дээрээ (нүдэнд ил харагдах нь тэр, цаагуураа мэдээж байгаа гэж таамаглав) их том, нарийн зурсан шивээснүүдтэй. Би залуудаа л хийлгэж дээ, нас ахиад ирэхээр өөрт нь төвөгтэй санагддаг болов уу гэсэн юм боддог байсан нэг өдөр манайд биеэрээ дүүрэн шивээстэй залуухан бүсгүй орж ирэхэд нөгөө эмээ чинь харин дахиж тийм ийм шивээс нэмж хийлгэх санаатай энэ тэр гээд л ярьж гарахад нь тун их гайхсан юмдаг.
Эрүүл ахуйн талаасаа шивээс бас тийм ч сайхан эд биш бололтой. Шивээс хийж байгаа газрууд багажаа бүрэн дүүрэн ариутгаж чаддаг болов уу? Тийм газруудад зөвшөөрөл олгохдоо ямар шалгуураар дүгнэдэг юм бол? Ямар ч гэсэн зүүгээр арьсан доогуур хатгаж байгаа болохоор ариутгал муутай газар бол элдвийн халдварт өвчин авахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дээр нэг хов жив бичдэг сэтгүүл дээр жүжигчин Памэла Андэрсэн тэр үед сууж байсан нөхрөө элэгний С вирус шивээсний зүүгээр дамжуулан халдаасан хэмээн нэхэмжлэл гарган шүүхдэж байсан санагдана.
За яахав яаж ийгээд аз таараад халдварт өвчин авахгүй бол залуу насандаа шивүүлсэн хохимой толгой ч юм уу тиймэрхүү зураг нас тогтсон хойно хүний нүдэнд тороод хэцүү л байх байх даа. Шивээсийг лазерийн туяагаар арилгаж болно, гэхдээ мөнгө бас цаг их ордог гэсэн шүү. Судалгаагаар шивээс арьсны хорт хавдрын эрсдэлийг бас нэмдэг гэж харж байсан юм байна. Хэрвээ та хэзээ нэгэн цагт япон явна гэж төлөвлөж байгаа бол жижиг ч бай шивээстэй хүнийг нийтийн усан сан, халуун рашаанд оруулдаггүй гэнэлээ.
Бүр арга ядвал ядаж өөрөө уншиж чадах шивээс хийлгээрэй гэж зөвлөх байна. Англид 19 настай охин найз залуудаа хайр сэтгэлээ илэрхийлж нэрийг нь хятад ханзаар гэдсэн дээрээ шивүүлжээ. Харамсалтай нь үерхэл удаан үргэлжилсэнгүй, шивээсээ яаж өөрчлөх талаар зөвлөгөө авахаар өөр нэг салонд очвол ханз уншиж чаддаг нэгэн таараад тэр шивээс залуугийн нэр биш харин "супэрмаркэт" гэж байгааг тайлж уншиж өгсөн гэдэг. Одоо тэр охин шивээсээ арилгах гэж мөнгөө хуримтлуулж байгаа гэнэлээ.
Эцэст нь хүний нүдэнд өртөх том шивээстэй байх нь хүмүүсийг ажилд ороход ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг гэсэн судалгаа бас гарсан юм байна лээ. Том шивээстэй хүн бас нэг их найдвартай сайн ажилтан шиг харагддаггүй бололтой юмаа.
Би хувьдаа шивээстэй болъё гэж бодож байгаагүй, цаг үе өөрчлөгдөөд шивээс моодонд орсон энэ цагт энэ тухай бодож байгаа хүн байвал дахиад жаахан бодоорой л гэж зөвлөх байна.

Sunday, February 10, 2008

Нутаг


Гэрээ санахад нэг ийм дүр зураг хамгийн түрүүнд буух юм. Хөдөө явж байхад цаг хугацаа зогсчих шиг нэг тийм налгар тайван болчихдог. Тэгэж явж байж л хуримтлагдсан хур стрес тайлагдаж жинхэнэ утгаараа амарсан болох шиг санагдах. Яг одоо нэг ингээд амарчих юмсан.

Оньсого #22 хариу

1. Тэнгэр, од
2. Сар
Энэ хоёр оньсогыг багадаа сонсоогүй хүн бараг л үгүй биз дээ. Таалцсан Ганаа, Тэнэмэл, Тэлмэн охин, Арсун нартаа баярлалаа. Ганаа бүр идэвхтэйгээр хоёр удаа таасныг тэмдэглэх хэрэгтэй байхаа.

Friday, February 8, 2008

Оньсого #22

Битүүрч яваад оньсого таалгахаа мартахыг шахав. Энэ удаад маш амархан хоёр оньсого тавилаа. Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд.

1. Захгүй хөнжил
Зайгүй сувд, тэр юу вэ?

2. Мөсөн дээр мөнгөн аяга, тэр юу вэ?

Wednesday, February 6, 2008

Цагаан сарын дурсамж

Миний санах хамгийн анхны цагаан сар хөдөө суманд өнгөрсөн юм. Ээж аав маань багшийн дээд сургууль төгсөөд хөдөө суманд томилолтоор ажиллаж байсан үе таарсан хэрэг. Би зургаа орчим настай байсан болов уу. Аав ээж хоёр маань хөдөө ажилласан хэдэн жил хотод төрж өссөн тэдний хувьд амьдарлын том их сургууль байж, тэнд л жинхэнэ утгаараа насанд хүрсэн гэж ярьцгаадаг байлаа. Аргагүй ч юм уу, оюутан байхдаа эцэг эхтэйгээ байранд амьдарч байсан тэдэнд том өөрчлөлт байсан биз.
Манайх сумын төвд багш нарын гэх хашаанд амьдардаг байлаа. Их том лав арван хэдэн айл байдаг байсан санагдана. Ээжийнхээ хийсэн хүрэн торгон дээлээр гоёод их сэтгэл өндөр байсан маань одоо ч тодхон санагдах. Битүүний орой айл бүр бууз баншаа таваглаад, тавгийн идээ, халуун саваар цайтай хашааныхаа хамгийн ахмад гишүүнтэй айлд битүүлж байсан юм байна. Шинийн нэгэнд хавийн хүүхдүүдтэй нийлж аваад сумын төвийн бараг л бүх айлаар орж бэлэг цуглуулсан байхаа. За тэгээд цуглуулсан бэлгэнд зүсмэл боорцог, чихэр, дэвтэр, харандаа голдуухан. Миний хувьд юу авч байгаа нь сонин биш зүгээр л бэлэг цуглуулах нь сайхан байсан байхаа. Өвөртөө багтахаа болихоор малгайндаа хийгээд, завсар зайгаар нь гэртээ орж орон дээрээ асгачихаад л гараад чавдчихаж байсан юмдаг.
Дараа хотод орж ирэхэд цагаан сар тэмдэглэх нь бараг л хориотой шахуу, хөдөө суманд байсан шиг өргөн дэлгэр тэмдэглэж байгаагүй санагдана. Битүүнд эмээгийндээ очиж хоноод, шинийн нэгэнд хичээлтэй тул өглөө эрт гэгч нь харанхуйгаар гараад л явдаг байж дээ. Харин оюутан болоод нутгаасаа явсан хойно юм чөлөөтэй болж хүн бүхэн баяраа өргөн тэмдэглэх боломжтой болсон нь олзуурхууштай ч сүүлийн үед баярын утга учир алдагдаж байна уу гэмээр юм сонсогдох болжээ.
Ноднин цагаан сараар төрийн түшээд золгосон тухай сонины нийтлэл уншаад гайхаж нүд орой дээрээ гарах шахсан юмдаг. Ёс мэдэхгүй хүнд багт наадмын тухай дүрсэлж бичсэн юм уу гэмээр, хэн юу өмссөн зүүснийг их л тод томруунаар дүрсэлсэн байсан. Тэгээд сүрхий гангалалгүй даавуун дээл өмссөн эсвэл дээл огт өмсөөгүй нэгнээ муулсан аястай бичсэн нь бүр хачирхалтай. Уг нь юугаа өмсөх тэр хүний эрх байлтай. Надад бол алт мөнгөн бүс, эрдэнээр гоёсон түшээдийг хардах талдаа, даруухан нэгнийг нь өмөөрмөөр санагдсан юм байна. Ганганаараа манай мантгар шар ерөнхийлөгчтэй дүйх хүн байхгүй юм шиг байгаа юм. Ямар ч улсын эрхтэн дархтан хаан биш бол элдэв эрдэнэс алт мөнгөөр гангараад байж харагдахгүй л юм. Хаадын хувьд ч гэсэн тэр гоёо нь улсын өмч байж, ёслолын үед тэд зөвхөн зээлэн хэрэглэдэг болоод удаж байгаа гэж хаа нэг дуулсан юм байна.
За ийм бэлэг дэмбэрэлгүй юм яриад яахав, харин орж гарч сараачсан мөрүүдийг минь голохгүй уншиж, бодол саналаа хуваалцдаг та бүхэндээ сар шинэдээ сайхан бөгөөд зөв шинэлж, ирж яваа шинэ жарандаа золбоо хиймрьтой байгаарай гэж ерөөе. Өөртөө бол цагаан сар нутагтаа тэмдэглэх цаг ойртох болтугай гэж хэлэх байна.

Sunday, February 3, 2008

Canola талбай


Энэ Францад Норманд нутгаар явж байхдаа авсан зураг юм. Дулаан газар болохоороо тариалалт эрт эхэлдэг бололтой дөрвөн сард тосны манжин (монголоор ингэж орчуулах байх гэж таалаа, толь бичгээс олсонгүй) хүний бүсэлхий шүргэх дайтай өндөр ургачихсан, байрлаж байсан байшингийн үүднээс ингэж харагдаж байлаа. Хэдийгээр гоёмсог цэцэг биш ч тод шар өнгө нь нүд өөрийн эрхгүй булааж байсан юм.

Saturday, February 2, 2008

Оньсого #21 хариу

Ээлжит оньсогоны хариу нь шар шувуу юмаа. Арай хүнд байв уу энэ удаад тийм ч олон хүн оролцсонгүй, бас зөв таасан хүн гарсангүй. Ямар ч гэсэн оролцсон та бүхэндээ баярлалаа.
Тэлмэн охин яагаад дөрөв дэх өдөр оньсогоо нийтэлчихэвээ гэж асуусан байсан. Монголын цагаар тааруулсан ухаантай. Заримдаа ажил ихтэй болчих гээд байхаараа урдчилаад бэлдчихдэг юмаа.