Thursday, April 28, 2011

Эрбэн соoхор


Миний амьдралд тохиосон хамгийн хүнд өдрийн дурсамж...
Зургаан жил өнгөрсөн ч сэтгэлд үлдсэн шарх аниагүй онгойсон хэвээр.
Өчигдөр үүр шөнийн заагаар хайртай аавыгаа зүүдлэв. Үгүй болсон хүнийг зүүдлэх муу гэдэг ч би аавыгаа зүүдлэхдээ дуртай. Хэдхэн хором боловч элэг бүтэн байх хэчнээн жаргалтай.
- Миний охин санаа зоволгүй яв даа. Аав нь ардах ажлыг чинь амжуулаад болгочихно, чи надад санаа зоволгүй урдахаа хий гээд духан дээр үнэрлэх хоромд цагийн сэрүүлэг гонгиноод сэрээчихэв. Учиргүй харамсмаар ч хормын төдий уулзалт хэчнээн сайхан байсан гээч...

Monday, April 25, 2011

Gao Xingjiang: One Man's Bible


Үгчилбэл нэг хүний ариун судар гэмээр авч жаахан бүдүүлэг сонсогдох. Энэ хятадын зохиолч Гао Шинжян өөрийн амьдралаас сэдэвлэсэн хятадын соёлын хувьсгал түүний уран бүтээл, хувийн амьдрал, сэтгэхүйд хэрхэн нөлөөлсөн тухай дурсамж маягаар бичсэн ном. Зохиолч 2000 онд утга зохиолын салбарын Нобэлийн шагнал хүртсэн бөгөөд 1987 оноос хойш Франц улсад амьдрач байгаа юм байна.

Бодоод байхнээ соёлын хувьсгалын тухай уншиж байсан ч тэгтэл тод томруун дүрсэлсэнтэй таарч байгаагүй юм байна. Энд зөвхөн эд материал, биед учрах зовлон биш харин сэтгэл санааны дарамтны тухай айхавтар мэдрэмжтэй бичсэн юм билээ, өөрөө туулж өнгөрүүлсэн амьдрал хойно аргагүй биз.

Хүүхэд байхад даа зурагтаар хятадын соёлын хувьсгалын тухай баримтат кино үзүүлсэн юм. Тэр кинон дээр мянга мянган хүн жагсаж байгаад Мао удирдагчийнхаа бичсэн улаан номыг өргөөд үнэн санаанаасаа хашгирч (юу гэж хашгирч байсаныг мэдэхгүй..) байхыг үзээд их л хачирхалтай санагдаж билээ. Тэр үед бид ч гэсэн октябрийн баяр, майн баяраар жагсаж уриа лоозон хашгирч явсан ч түүндээ итгэж үнэмшиж байснаа санадаггүй юм. Магад тэр уриа лоозон амьдралаас хол ойлгомжгүй байсанд тэр биз. Харин тэр киног үзээд энэ хятадууд юун аймаар үнэнч юм хэмээн тоомжиргүй бодоод өнгөрч билээ. Энэ ном чухам хүмүүс яагаад тэгэж авирлаж байсны тайлбар байлаа. Хэдий хэлж байгаа уриа лоозондоо итгэхгүй ч хардлага төрүүлэхгүйн тулд бүхнээс чангаар лоозон хашгирч, дуугаа дуулах хэрэгтэй болдог байж. Өөрөөсөө хардлагыг холдуулахын тулд хэн нэгнийг буруутгах нь хэвийн үзэгдэл байжээ. Сүүлдээ эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн хэнд ч итгэх аргагүй хачин нийгэм бий болох. Хэнд ч итгэх аргагүй болохоор нүүрэндээ хуурамч төрхтэй баг өмсөж өдрийг өнгөрөөгөөд орой ирэхэд тэр баг нүүрний мэдрэлийн судастай орооцолдоод авахад айхавтар өвдөх ч авахгүй бол бүр тамтай хэмээн дүрсэлсэн нь надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм байна.

Friday, April 22, 2011

Earth day-3

Өнөө өглөө блогныхоо статистик үзэж байтал 2 жилийн өмнө "Earth day" өдөрт зориулсан бичлэгийг өнөөдөр олон хүн нээж үзсэн байх юм. Би энэ өдөр байгал орчноо хамгаалах тухай бичлэг жил бүр оруулж байя гэж зорилго тавиад өнгөрсөн 2 жил дараалан бичлэг оруулсан боловч энэ жил зав муутай тул эртнээс бодож бэлдэх зав гарсангүй харин ч бараг хоосон хоцрох шахсандаа уучлал эрж байна.
Огт дуугүй сууснаас гээд энэ удаад тамхины ишний хор хөнөөлийн тухай хэдэн үг тэрлэе гэж саналаа. Бид хот хөдөө хаана ч татаад хаясан тамхины иш хараад нэг их юм бодохоо болиод уджээ. Дэлхий даяар жилд 5.6 триллион тамхины иш хаягддаг гэсэн судалгаа саявтар гарсан байх юм. Түүнээс багагүй хэсэг нь зориулалтын хогны саванд биш хотын гудамж талбай, хөдөө зүгээр л газар хаягддаг бөгөөд бороо салхинд туугдан гол, тэнгис далайн усанд орох нь олонтаа. Хогны саванд биш зүгээр газар хаясан тамхины иш зөвхөн гооүзэмжийн асуудал биш харин байгал орчинд том хор хөнөөл дагуулдаг тухай судалгаа Tobacco control сэтгүүлд саявтар хэвлэгджээ. Нэг литр усанд орсон хэг ширхэг тамхины иш тэр усанд байгаа амьд организмын 50% ийг хөнөөх чадалтай хор ялгаруулдаг бөгөөд тэр дундаас загас хамгийн олноор хорддог гэсэн байх юм. Дэлхийн дулаарал, нүүрстөрөгчийн давхар ислийн нөлөө олон зүйлийн амьд организмыг мөхөөж, цаг уурын өөрчлөлт, хүн амын өсөлт хүнсний хямрал дуудаж буй. Хүнсэнд өргөн хэрэглэдэг загасны нөөц дууслаа гэсэн мэдээ байнга л гарч байх юм. Тиймээс зөвхөн өөрийгөө хордуулаад зогсохгүй хүрээлэн байгаа орчноо хордуулж байгаагаа ухамсарлаад татаж дууссан тамхиныхаа ишийг хогны саванд хийж заншицгаая. Далайд дусал нэмэр гэдэг нэг хүн ч гэсэн ингээд заншчихвал тиймээ?

Saturday, April 16, 2011

Thursday, April 14, 2011

Сэтгэгдэлийн хариу: шинжлэх ухааны нийтлэл хайх, сонгох тухай хэдэн үг..

Гарчиг жаахан оновчгүй болсон байж магад энэ бичлэг бол "Мэдэхэд илүүдэхгүй" бичлэгт үлдээсэн судалгааны ажлуудыг ямар сэтгүүлээс уншдаг вэ гэсэн асуултын хариу юм. Биологи анагаах ухаан эрчимтэй хөгжиж, тэр хэмжээгээрээ хэвлүүлж буй судалгааны ажил болоод ажлуудыг хэвлэдэг сэтгүүлийн тоо тун олон болжээ. Тэр олон дундаас өөрийн ажилтай холбоотой эсвэл сонирхож буй судалгааны талаар хэвлэгдсэн материалыг шүүж олох зарим тохиолдолд цаг шаардсан шаггүй ажил байдаг. Миний хувьд энэ вэбсайтанд бүртгүүлээд өөрийн сонирхож буй сэдэв, холбоотой үг өгүүлбэрээр хайлт хийж тухайн сэдвээр хэвлэгдсэн ажлыг өдөр өдөрт нь эмайлээр авдаг. Мэдээж хэвлэгдэж байгаа нийтлэлийн тоо маш олон тийм болохоор хайлт хийхдээ аль болох нарийвчилсан байвал зүгээр. Жишээ нь, сонирхсон сэдвээ зөвхөн хорт хавдар гээд өгчихвөл өдөрт хорт хавдартай холбоотой хэдэн зуун нийтлэлийн жагсаалт өөрт чинь ирнэ. Харин ходоодны хорт хавдар, цаашаа нарийвчлаад хоол хүнс ба ходоодны хорт хавдар гэж хайх үгээ оруулбал арай нарийсч ходооны хорт хавдарт хоол хүнс хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа орж ирнэ. Шинжлэх ухааны аль ч салбарт далайцтай шинэлэг ажлын үр дүнг Nature, Science сэтгүүлүүдэд нийтэлдэг. Долоо хоногтоо нэг удаа юу гарсан байна гээд хальт харчихаад яваад байдаг юм.

Олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой, жинтэй ажлууд нийтлэгдэхэд хэвлэлийн том агентлагууд хялбарчлан тайлбарлаж олон нийтэд хүргэдэг. Миний блогтоо тавьсан судалгаа гол төлөв олон нийтийн мэдээллийн хэрэгслээр (BBC news, New York Times гэх мэт) тарсан ажлууд байдаг. Ийм мэдээ үзээд харин зохиогч эсвэл ажлын сэдвээр нь энэ сайтнаас хайж эхийг нь олоод сонин гэж үзвэл бичлэг болгон оруулдаг.

Өөр олон янзын аргууд бий байх, гэхдээ энэ 2 сайтнаас ихэнх мэдээллээ олж авдаг даа.

Sunday, April 10, 2011

Хагас сайны аялал

Өчигдөр Шотландад ховор тохиох нартай дулаахан өдөр гэртээ өнжих тун харамсалтай санагдсан тул хотоос холгүй 2 нуур үзэж салхинд гарлаа. Глазгоу хотын нэг онцлог хотоос гараад нэг их удалгүй сайхан нутаг үзэх боломжтой. Газрын өнгө ногоорч амжаагүй ч нүдний чилээ гаргаж алсыг ширтэх тун сайхан байлаа. Явсан газрын хэдэн зургаа оруулбал:






















Monday, April 4, 2011

Milan Kundera: The unbearable lightness of being

Энэ номны нэрийг монголчлох гэж янз бүрээр үзээд дийлсэнгүй ээ, донжийг нь олоод оновчтой орчуулж чадах хүн байвал тус болно уу гэж хүсэх байна. Чехийн зохиолч Милан Кундэрагийн энэ ном түүний хамгийн сайн зохиол гэж утга зохиол судлаачид үздэг. Үйл явдал 1968 онд зөвлөлтийн арми чехэд орж ирсэн үетэй давхцах бөгөөд энэ үйл явдал болоод ерөнхийдөө дарангуйлал, коммунизм хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг мэс заслын эмч Томаш түүний эхнэр Тэрэзa бас нууц амраг Сабинагаар төлөөлүүлэн үзүүлжээ. Гүн ухааны эрэгцүүлэл ихтэй, хүнд ихийг бодогдуулсан ном байлаа. Сонирхолтой санагдсан хэсгүүдээс (эрэгцүүллээс) дурдвал:
- Сталины хүү Яковын үхлийн тухай (үнэн эсэхийг мэдэхгүй) өмнө нь дуулж байгаагүй хувилбар. Уншаагүй хүмүүсийн сонирхол буурах учир ингээд орхилоо.
- Эдипүсийн домог ерөнхийдөө өөрөө мэдэлгүй хийсэн муу үйлдээ хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй юу гэсэн эрэгцүүлэл.. Энэ эрэгцүүлэл их юм бодогдуулахаар.
- Хамгийн их таалагдсан эрэгцүүлэл бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн гэх боловч энэ дүр хэр үнэн дүр вэ? Жишээ нь хүн идсэн ууснаа ялгадас болгон гадагшлуулдаг харин бурхан яадаг бол? Хэрэв бурхан бие засдаггүй бол хүн түүний үнэн хуулбар биш, харин бие засдаг бол бурхан гээч тийм ариухан зүйл биш болчихно. Энэ хэсэг бидний багадаа Ленин багш бие засдаг байсан эсэх тухай маргадаг байсан үеийг санагдуулж билээ. Энэ маргаан одооны хүүхдүүдэд их сонин санагдах байх даа.
Нэгэнт дөхүү сэдэв таарсаных сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа Сүхбаатарын тухай маргааны талаар илүү үг хэдийг хавчуулмаар санагдаад сууж болсонгүй. Өнөөдрийн Washington post гарчиглаж суутал Мартин Лютэр Кингийн тухай бас сонин нийтлэл гарсан нь бүр далим болчихлоо.
Уг нийтлэлийн гол утга нь Мартин Лютэр Кингийн амьдрал, хувийн зан чанар ном, кинонд бодит байдлаас их хол тусдагийг шүүмжилжээ. Нийтлэлийг бичигч Кингийн үйл хэрэг ариун байсан хэдий ч Кинг өөрөө жир нүгэлтэн байсан юм шүү гээд: тэрбээр архи ууж, тамхи татаж, нууц амраг олонтой байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Яагаад гэвэл энэ бүхнийг дэлгэвэл арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл ямар нэг байдлаар үнэ цэнээ алдчих мэт санагддаг учраас. Гэхдээ хүн гэдэг хүн, алдаа мадаг, муу зуршилгүй төгс хүн гэж үгүй учраас энэ бүгдийг нуух нь утгагүй харин ч үнэнийг ил тод байлгах нь түүний гаргасан алдааг хэн нэгэн дахин гаргахаас сэргийлэх учиртай гэсэн байгаа юм.
Сүхбаатарын хувьд ч гэсэн бас ижил; тэр хүн тухайн үеийн түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн. Сайн үйл хэргийн төлөө зүтгэсэн хүн бас өөгүй өндөг шиг байдаггүй, өөтэй байлаа гээд үйл хэрэг хямдардаггүй л гэж бодогдох юм. Харин муу сайныг нуугаад ирэхээр нөгөө хүнийг тахин шүтэх гэдэгт дөхчих гээд байгаа биз?
За нөгөө номны тухай эхэлсэн маань баахан нуршуу маргаан болчихов уу? Харин энэ номыг боломж гарвал уншаарай, ихийг бодогдуулах юм билээ. Уншсан нь бодлоо хуваалцвал бас их талархана шүү.