Wednesday, July 3, 2013

Бидний араншин


Явах өдөр дөхөөд л би гэдэг хүн санаагаараа харьчихаад сууж байнаа. Явахаас өмнө амжуулах ажил их байдаг, замдаа Истанбулд ганц хоног саатна гэсэн бас тэнд үймээд байх шиг нэг тийм түгшүүртэй санагдаад ч байх шиг. Хамт ажилладаг америк хүүхэн тэнд амьдардаг найз уруугаа утас цохиж намайгаа тайвшруулав.
- Манай найз одоо бүх юм тайван болсон, санаа зоволтгүй гэж байна. Нөгөөх чинь чамайг хаа хүрч яваа юм гэхээр нь монгол гэлээ. Тэгсэн пөөх харин монгол чинь хэцүү газар ш дээ. Халаасны хулгай нь бүр гаарчихсан гэж байна. Би чамайг харьж яваа юмаа гэсэн... гэж хуучлав. Надад гомдолтой санагдсан ч халаасны хулгайчдыг яаж өмөөрөхөө мэдэхгүй зогстол нөгөөх чинь мэдсэн юм шиг
- Халаасны хулгайч хаа сайгүй л байдаг ш дээ тээ? гэнэ. Би:
- Үгүй ээ манайд арай их байдаг юмаа л гэсгээд салав.
Ямар ч газар хулгайч худалч улсууд бий. Гэтэл монгол нутаг яахаараа ийм алдартай болчихдог билээ гэсэн бодол төрлөө.

Би анх халаасны хулгайчтай арваад насандаа таарч байлаа. Тэр зун хүн ихтэй автобусанд нэг хүний гар хажуугаар чихээд, тэр гарыг дагуулаад харвал өмнөө зогссон хүний халаасыг өөрийн юм шиг онгичсон хулгайч байлаа. Би юм хэлэх гэсэн дуу гардаггүй ээ, бас хэнд юу гэж хэлэхээ мэддэггүй. Цочирдоод нөгөө хулгайчаас нүд салгаж чадсангүй, тас ширтээд байхаар халаас ухагч эрх биш болиод над уруу гараа зангидаж зангаад автобуснаас буугаад явчихсан юм. Орой гэртээ ирээд болсон явдалаа яривал өвөө маань пээ хүү минь тэд нар чинь яасан сайн хардаг нүдтэй юм гээд нүдийг чинь зүсчихдэг юм. Харсан ч хараагүй мэт явж бай гэж сургаж билээ.
Баруун Европын орнуудаар дэлгүүрт хулгай хийдэг монголчуудын тухай их дуулддаг. Голланд хүнтэй суугаад очсон монгол хүүнийг дэлгүүрт орохоор худалдагч нь дагаад алхаад байдаг гэсэн яриа байдаг даа. Цаашлаад өнгөрсөн жил Францын нэг жижиг хотод гоо сайхны бараа хулгайлдаг нэг бүлэг хүмүүсийг барьсан тухай мэдээ харсан. Хоёр гурван жилийн турш гэв үү хулгай хийж байсан бараг хагас сая еврогийн хохирол учруулсан гэсэн байхаа. Хулгайлсан бараагаа монгол уруу контэйнэрээр явуулдаг байсан гээд зураг хөрөг нь гарчихсан байсан.

Олоон жилийн өмнө монгол уруу 1970-аад оны үед аялсан нэг хүний яриа сонссон юм. Тэрбээр монголчуудад ямар нэг эд зүйл чинь таалагдвал яаж ийж наймаалцаад авах гээд зүтгэчихдэг юм билээ гэж ярьсан бас санаанаас гардаггүй юм.
Ингэхэд бид чинь хүний юм илүү харж явдаг соёлтой улс уу? Энэ юунд байдаг юм бол?
Хулгайг өөгшүүлдэг, жигшдэггүй тийм заншил яваад байдаг байх.
Хамгийн наад захын жишээ бусдын хөрөнгөнд гараа дүрдэг сайн эрсийг шүтдэг асуудал мөн үү. Тэдний тухай домог хэлцэж, одоо бүр хөшөө дурсгал босгодог болсон юмдаг уу. Суурин соёлтой хүмүүст ойлгох хэцүү эд байх л даа. Баячуудаас аваад ядууст тараадаг нэртэй ч чухам хэдийг аваад хэдийг нь тараасан баримт байхгүй байхаа даа. Тэгээд л тэднийгээ магтаад л хийморьтой гэж шүтээд л байдгийг сайн ойлгодоггүй юмаа. Үнэндээ бол хэн нэгэний хөдөлмөр шингэсэн эд хөрөнгийг чи чинээлэг учраас гээд туугаад явчих аймаар ш дээ.
Бас сайн үйл хийсэн бол ганц удаа хулгай хийхэд яахав гэсэн үзэл байх юмаа. Нөгөө Энхбаярыг баривчлах үеэр зарим хүмүүс их өрийг тэглэсэн гавьяатай хүн улсаас жаахан юм аваа л биз гэсэн яриа яваад байсан бас л сонин. Нүүдэлчний сэтгэхүй гэх үү?
За тэгээд өөр хүнийг ухаж байвал надад хамаагүй гэсэн сэтгэлгээ бас муухай. Тэр хулгай хийж байгаа хүнийг харсан ч хараагүй дүр үзүүлдэг нь тэднийг улам өөгшүүлдэг байх даа.
Энд болохоор хааяа цүнх онгорхой явбал хүмүүс цүнх чинь онгорхой байна гээд сануулаад байдаг юм. Бидэнд нэг тийм сэтгэл яагаад дутуу байдаг юм бол?
Номын хулгай хулгай биш гэсэн хачин яриа бас явна. Хэн нэгэн мөнгөөрөө худалдаж авсан юм хямдхан ч бай авахдаа санаа зовдоггүй бас аймаар шүү.
За тэгээд хаа ч явсан монголын тухай шүүмжлэлд таарсан хариу өгч чаддаг ч энэ хулгайн асуудал дээр тайлбар хийх өмөөрөх хэцүү, дэмий л хүний өмнөөс ичих юмдаа хөөрхий... Сайн дураараа хулгайчдыг толгой дээрээ гишгүүлсэн ард түмэн үү бид?