Wednesday, September 26, 2012

Муу хүн идсэнээ

..гэдэг ч Францаар явчихаад хоол ундны тухай ярихгүй байж бас арай болохгүй юмаа. Хоол, хооллох гэдэг Францын түүх соёлд томоохон байр суурь эзэлнэ. Энэ тухай ярьж бичиж байгаа хүмүүс арвангурав билүү арвандөрөвдүгээр Луй хааны ахлах тогооч хүлээн авалтны цэсэндээ тавьсан загас цагтаа ирсэнгүй гээд амиа хорлосон түүхийг дурддаг. Энэ түүх гэхээр тэр тогооч цэсэн дэх хоолоо цагтаа хийж хүргэхээс гадна хоол хэр чухал болохыг  хэлээд байна гэж ойлгоод байгаа. Түүнээс гадна Францчууд хачин сонин юм иддэгээрээ алдартай, америк, англичууд тэднийг мэлхий гэж хочилдог нь Франц хүмүүс мэлхийний гуя иддэгтэй холбоотой гэнэ. За өөрийн туршлага дээр идэж үзсэн сонин хачин хоолноос дурдвал:

1. Huitre (англиар Oyster)




Монгол хэлний толь бичигт хясаа гэж ерөнхий орчуулсан байдаг. Гэхдээ хясаа дотроо бас олон янз тэр бүрт нь тааруулж оноосон нэр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Энэ хясаан доторх нялцгай биетнийг түүхийгээр нь (зарим хүн амьдаар нь ч гэдэг) иддэг. Францчуудын хамгийн дуртай хоолны нэгэнд орох байх, шинэ жил, зул сарын баяраар их иддэг юм билээ. 
Анх удаа амсахад надад нялцгар зүйл хөвсөн далайн ус ууж байх шиг санагдсан. Таатай санагдаагүй учир шууд гулгуулаад залгичихсан хэ хэ. Нэг их сайхан санагдаагүй ч хүн өгвөл ёсыг бодоод амсаад л өнгөрнө. Харин нэг удаа нэг алдартай тогоочийн хясаа яаж идэх тухай зааврыг сэтгүүлээс уншсан юм. Тэнд толгойгоо ялигүй гэдийлгээд хясаагаа амандаа хийгээд зажил гэсэн байлаа.  Тэр зааврыг дагавал нялцгай биетэн чинь нэг тийм чихэрлэгдүү амттай, далайн давстай нийлээд бас тийм муухай эд биш юм билээ, гэхдээ л би дуртай гэж хэлж чадахгүй. Францчууд бол oyster идэх далайн хошууг үнсэх шиг гэж зүйрлэдэг юм билээ. 
2. Escargot (Эмгэн хумс)
Эмгэн хумсыг дун дотор нь сармис, сонгино, цөцгийн тосоор амталж зууханд жигнэнэ. Эмгэн хумс өөрөө нэг их гойд содон амт байхгүй ч сайхан амталсан бол дажгүй. Манай хүүхдүүд их дуртай иддэг.
3. Мэлхийний гуя
Нэг их хурц содон амт байхгүй, мөн л сармисаар амталж шарна. Далайн амьтан, загастай ойролцоо гэх үү. Нэг их сүйдтэй гоё биш, бас муухай биш.
4. Foie gras (фуа гра гэж дуудна)
Энэ нугасны өөхөлсөн элэг, францчуудын хамгийн дуртай хүнсний нэг. Зул сарын баярын ширээнд заавал байх бүтээгдэхүүн. Нугасыг эрдэнэ шишээр бордож элгийг нь өөхлүүлдэг гэнэлээ. Ингэж өөхлүүлсэн элэг жирийн галуу нугасны элэгнээс амт чанарын хувьд өөр. Ийм элгийг коньяк, калвадос (исгэсэн алимны шүүсийг нэрсэн архи), мадэйра дарсаар даршилж байгаад жигнэж болгоно. Нутаг болоод айл бүр бас өөр өөрийн онцлог жортой байх. Нэг их торго шиг гилгэр texture бас амт нь гоё. Их Британид ийм элэг зардаггүй, учир нь амьтны эрх ашиг хамгаалах байгууллагууд нугасыг хүчээр таргалуулах нь тамлаж байгаа хэрэг  гэж үздэг бөгөөд энд тэдний нөлөө их байдгийнх байх. Яг хуулиар хорисон эсэхийг нь мэдэхгүй ч foie gras зардаг рестораны цонхыг хагалах, ажиллагсадыг нь хоргоох энүүхэнд, тиймээс энд зардаггүй гэж нэг англи хүүхэн тайлбарласан юм байна. Аа тийм энэ элгийг хүйтнээр талханд дээр тавьж иддэг.
5. Ris de veau (aнглиар sweetbread; calf thymus, болор толь дээр тимус гэсэн байна, оноосон монгол нэр байдаг гэж бодож байна, мэддэг хүн байвал хэлж өгөөрэй)
Анатомийин хувьд цээжний хөндийд зүрхний ойролцоо, мөн хоолойнд байх булчирхай. Энэ булчирхай дархлалын системд Т-cell боловсруулах чухал үүрэгтэй. Энэ булчирхайг цэвэрлэж давстай усанд сойж байгаад сүүнд чанадаг. Ингээд янз бүрийн соусаар амталж, ногоо эсвэл шарсан төмсөөр хачирлана. Амт нь тун дажгүй гэж дүгнээд байгаа.

Амттан талхны хувьд Францтай өрсөлдөх газар тун цөөхөн болов уу. Хоол хүнс өв уламжлалынх нь чухал хэсэг болохоор тэр байж мэднэ. Ер нь жирийн хүнсний дэлгүүрийн тавиураас л харьцуулахад францчууд илүүрхээд байгаа юм.  Давс, чихэр амтлагч юу ч байсан тун нарийн тааруулна даа.
Миний хамгийн дуртай бялуу жимсний цэлцэн (mousse) -тэй бялуу. Францчууд bavarois гээд байдаг юм. Суурь нь сүү, цөцгий, өндөгний шар орсон custard хэмээх сүүмс, жимсний чанамал, жэлатин, яг нарийн жорыг нь мэдэхгүй юмaa. Ямар жимс орсоноос шалтгаалаад янз бүрийн төрөл байна. Ийм бялуу хийж сурах миний мөрөөдөл.



Бас creme brulee мөн л custard суурьтай, хатуу caramel бүрхүүлтэй.




Санаанд байгаа нь иймэрхүү, мартсан зүйл байгаа байх. Өөрөө идэж туршиж үзсэнээ бичиж байгаа болохоор ямар нэг бүрэн төгс жагсаалт биш гэдгийг дахин хэлье. 



Tuesday, September 25, 2012

Хөгжимтэй ням гариг


Уржигдар орой Жорж Майклдав. Би өмнө нь иймэрхүү концэрт үзэж байсангүй ээ. Миний ноднин жилийн төрсөн өдрийн бэлэг. Уг нь өнгөрсөн 12 сард үзэх байсан боловч дуучин хатгаа тусаад хойшилсон юм. 
Симфоника нэртэй тоглолт нь найрал хөгжимтэй, тэр хэрээрээ жааз маягтай байсан нь сэтгэлд хүрэв. Би ер нь нас явах хэрээр жааз сонсох дуртай болоод байгаа юм, ямар учиртайг мэдэхгүй.
Анх удаа үзсэн концэрт учир орчин тойрноо сайн харж явлаа. Үзэгчдийн ихэнх нь 40 -өөс дээш насны хүүхнүүд байлаа. Тоглолтын танхимд ороход цүнх шалгаж байна, согтууруулах ундаа гаднаас авч орж болохгүй гэнэ. Харин дотроо архи пиво зардаг юм билээ. Концэртийн турш хүмүүс юм авч ууж нааш цааш холхидог юм байна. Бидний суудал эгнээний захад таарсан байсан тул тэр болгон босох гэж жаахан ядаргаатай. Анх удаагаа их олон халамцуу хүүхэн нэг дор цугларсаныг харлаа ккк. 
Миний өмнө зүүн Европын бололтой залуухан хос сууж таарсан. Над шиг анх ийм концэрт үзэж байгаа улс бололтой. Өөрсдийнхөө зургийг минут тутам аваад л байх юм. Зураг авах болгонд нь гэрэл зурсxийж ардаа сууж байгаа улсыг бухимдуулав. Хүмүүс ам амандаа бувтнаад л байхаар нь би тэр хоёрыг наад зургийн аппаратныхаа гэрлийг болиулаачээ, нүд сохолчих гээд байна гэлээ. Хүүхэн нь нүд чинь сохрохгүй ээ гэж ирээд хэрүүл хийх шинжтэй, сохолчих гээд байнa гэснийг шууд үгчилж ойлгосон бололтой. Наадах чинь ард чинь байгаа хүмүүст төвөг болоод байна гэлээ, залуу нь харин уучлаарай гээд больчихлоо. Бухимдаад л байхаар ингээд хэлж яриад асуудлаа шийдчихсэн нь дээр биз дээ. Хар хүн бид 2 гэртээ өөрсдийнхөө зургийг авсан, энд авсаны ялгаа юу юм бол гэлцээд өнгөрөв.
Тоглолт цагаасаа 20-иод минут хоцорч эхэлсэн. Хоёр цаг гаруй чинь яах ийхийн зуургүй хурдан өнгөрдөг юм байна. Хуучин шинэ дууны харьцаа 1:1 хавьцаа.. Мэдээж найрал хөгжимтэй дуулж байгаа болохоор хуучин дуунуудын найруулга өөрчлөгдсөн. Дээр нь Франк Синатра, Дэвид Боуи болоод бас бус хүмүүсийн дуунаас дуулсан юм байна. Сайхан байсаан... Залуу насны дурсамж сэргэж энэ тэр... 
Бидний суудал тайзнаас нэлээн хол таарсан. Зураг энэ тэр авах гэсэн аппаратны чадал хүрэхгүй байна лээ. Туршиж үзсэн нь нэг ийм арзгар гарчихсан, гэхдээ яахав дурсамж болоод үлдэх юм.




Ажлынхан дараа хэнийг үзэх вэ гэсэн Дэвид Боуи л орж ирэх шив. Гэхдээ энэ ч бүтэхгүй мөрөөдөл, тэтгэвэрт гарлаа гэж зарлаагүй мөртлөө тайзан дээр дуулаагүй их олон жил болж байгаа, дуулна гэх найдлага бараг үгүй биз. Энэ жил хүмүүс Олимпийн нээлт хаалтан дээр их харсан дуулаагүй. Манай ажлынхан ч гэсэн дуу нэгтэй Дэвидийг бол үзнэ гэсэн. Пол Маккартни даанч дуулж чадахаа байсан юм билээ.
£30 орчим үнэтэй билэт таарвал Том Жонсийн дуулахыг үзнээ. Дал гарчихаад энэ жил T in the park фэстивалд алж өгсөн гэсэн. Залуу дуучдаас Адэл, бусдыг нь бол мэдэхгүй ээ... Хар хүн болохоор Pink Floyd, KT Tunstall гэж байна лээ. Ер нь энэ бритүүд дуу хөгжим сайтай улс шүү. Хамт ажилладаг англи залуу дандаа бoроо орж байдаг газар хүмүүс хөгжим бичиx цаг завтай байдгийнх юм байлгүй гэж тайлбарласан.
Та нар бол хэний тоглолтыг мөнгө хайрлахгүй үзэх вэ?




Wednesday, September 19, 2012

Цэнхэртээд байна даа хө


Feeling blue
Үгчилбэл бүх юм цэнхэр санагдаж/харагдаж байна гэж болох. Гэхдээ энэ үгийг уйтгарлах гуниглах гэсэн утгаар хэрэглэдэг. Жишээ нь би арваад хоногийн өмнө хүүгээ Эдинбүргт оюутны байранд оруулчихаад felt blue. Гэр чимээгүй дүнсийгээд ч байх шиг. Түүнээс гадна хажууд байхгүй болохоор есөн шидийн юманд санаа зовох. Юмаа хаях вий, түлхүүрээ хаячихаад гадаа даарч зогсох вий, мөнгөө хаяад хоолгүй өлсөх вий гэж ирээд л юу эс байхав. Тэгэснээ бас өдөр болгон утсаар ярьж яршиг болохгүй санаатай их тэвчиж байнаа. Хүүд өөрт нь болохоор бие даан амьдарч юмаа өөрөө зохицуулах сайхан байх шиг, сайхан байхаас ч яахав дээ.

Саявтар Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Мит Ромнийгийн "Обамаг сонгосон хүмүүс бол татавар төлдөггүй, нийгмийн халамжинд дулдуйдсан хүмүүс" гэж ярьсан бичлэг нь дэлгэгдэж бөөн шуугиан тарих шив. Энэ үйл явдалыг хэвлэлийнхэн "He put his foot in the mouth" буюу Ромний хөлөө амандаа хийв гэж мэдээлж байгаа юм. Дуулиан тарих хөлөө амандаа хийхийг харьцуулах гэж юу байхав харин хөлөө амандаа хийх нь өөрөө өөрийгөө хорлох, өөртөө дэгээ тавих гэсэн утгаар хэрэглэдэг байна. Мит Ромний чинь зайлуул намынхаа арваад хүмүүсээс шалгарч нэр дэвшигч болсон арай гайгүй нь гэж харж байсан бас л аймаар хүн байгаа биз. Ер нь бүгд найрамдах намынхан гэж аймшгийн хүмүүс байх юмаа. Тэр Мишээл Баахман, Сара Пэйлин, Санторум гээд дундад зуунаас ирсэн улсууд шиг юм ярина, тэрийг нь хүмүүс дэмжих нь бүр сонин. Саявтар сэнатэд тус намаас нэр дэвшсэн Тод Эйкин юу гэчихэвээ, "жинхэнээсээ хүнчиндүүлсэн эмэгтэй жирмэсэлдэггүй" гэж хүн амьтны нүд амыг орой дээр нь гаргах шив. Мань хүн үр хөндөлтийг хүчингийн үр дүн байсан ч хорих хэрэгтэй гэсэн үзэл бодлоо тэгэж тайлбарласан байгаа юм. Дээр нь америкийн эрүүл мэндийн даатгалд чинь жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг зэрэг хамаардаггүй. Тэгсэн мөртлөө эрчүүдийн Виаграг даатгал даана гэж байгаа. Энэ америкчуудаа гэж...


Tuesday, September 11, 2012

Түрүүний бичлэгээ үргэлжлүүлбэл...


Соронзон Франц үнсэлтийн тухай дурджээ. За иймэрхүү юм бичих авьяас хүрэхгүй тул француудтай холбоотой өөр төрлийн үнсэлтийн тухай дурдъя. Францад хоёр хүн таараад мэндлэхдээ нэг нэгнийхээ хацар дээр үнсдэг. Заримдаа огт танихгүй хүнтэй ч тэгэж мэндлэх тохиолдол байна. Үнсэх ч гэж өөрийн гэр бүл болоод дотны хүмүүс биш бол хацраа хацарт ойртуулаад хий "ммаа" гээд болоо. Гэртээ бол өглөө нэг нэгэнтэйгээ үнсэж мэндлээд орой унтахдаа мөн үнсэж сайхан нойрсохыг ерөөнө. За даа харчууд нь хаа нэг үнсэхгүй гар барьж мэндэлж харагддаг юм. Би болохоор хүүхдүүдээ л гэхээс өөр хүмүүстэй нэг их үнсэлдээд байх сонирхолгүй учир бас тиймэрхүү.  Хажиг хүн юм шиг байгаа юм. Олон ч удаа явсан гэхэд нэг их ойр биш хүнтэй дэндүү ойртож мэндлэх тийм таатай санагддаггүй. Гээд яахав усыг нь уувал ёсыг нь дага гээд явна л даа.

Бас нэг сонирхолтой санагддаг юм юy вэ гэхээр бид соёлын хувьд француудтай их ойр. Яаж гэж гайхаж байна уу? Түрүүний бичлэгт Соронзон Эдит Пиафф, Мирэй Маттэй, Жо Дассан гээд бичсэнийг харж байгаа биз дээ. Эднийг азид монголчуудаас өөр мэдэх хүн тун цөөн гэчихвэл нэг их буруудахгүй. Цаашлаад монголчууд францын утга зохиолын томчуудыг сайн мэднэ ш дээ. Тийм ази үндэстэн бараг л байхгүй болов уу. Тэгээд ярихаар нөгөө францчууд чинь их гайхнаа. Та нар манай соёлыг яасан сайн мэдэж байнаа гэж ирээд л. Харин одооны залуус сайн мэддэг эсэхийг мэдэхгүй юм. Францчууд өөрсдөө ч Эдит Пиафф, Жо Дассандаа хайртай. Мирэй Маттэйг мэддэг ч нэг их яриад байдаггүй, яагаад гэж асуухаар сайн дуучин ч жаахан тэнэгдүү гэцгээнэ. Харин фарнцаар ярьдаггүй орнуудад их алдартай гэнэ.

Тэр үед дуулж байсан Жулиен Клэрк, Алан Сушон, Эдди Митчэл, Жак Брэл, Нино Фэррэр гээд жагсаавал уртаас урт жагсаалт болно. Цаашилбал намайг дунд сургуульд байхад Voyage, voyage гэдэг дуу үдэшлэг болгонд тавьдаг байлаа. Францчууд энэ дуугаа сайн мэднэ, манайд их алдартай байлаа гэхээр бас гайхацгаадаг юм. Энэ соёлын солилцоо орос францын харилцаатай их холбоотойнх биз. Цагтаа оросын язгууртнууд зөвхөн францаар ярьдаг байсан цаг түүхийн хувьд тийм ч хол биш. Оросоор дамжиж маньд ирсэн юм биз. Гэхдээ бид өөрсдийнх нь колони байсан вьетнамчуудаас илүү хүлээж авсан байдаг нь бас л сонин. 

Tuesday, September 4, 2012

Франц орон францчуудын тухай хэдэн үг


Франц орны газрын зургийг хэд хэдэн янзаар зурж болно. Мэдээж хот, мужаар нь, дараа нь тухайн орон нутгийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр нь. Жишээ нь аль нутаг ямар дарс хийдэг вэ гэхээр нэг иймэрхүү зураг гарна.



Аль нутагт ямар хөрсөнд ургасанаасаа шалтгаалж дарс өнгө амт үнэр нь өөр. Бордо нутгийн улаан дарс өтгөн, биетэй байхад, Бургундийнх нь шингэн, арай хөнгөн гэх мэт.
Аа тийм бас ингээд үйлдвэрлэдэг бялсагаар нь бас ингээд газрын зураг хийж болно. Дөрвөн зуу гаруй төрлийн бяслаг бас л нутаг мужаараа ялгаатай.


Тэр бүү хэл талхны төрлөөр нь бас зурж болдог юм байна.



Чухам ийм орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн Францын эдийн засгийн гол хөшүүрэг болж байдаг гэхэд хилсдэхгүй болов уу? Муж хэсэг бүр өөр өөр маягийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр нь тухайн нутгийнхаа гол нэрийн хуудас болдог энэ тэр гээд.
Энэ тухай бид ч гэсэн бодож иймэрхүү маягаар ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг дэмждэг болчихвол. Магад цөөн гэх ч тийм нутаг нутгийн цагаан идээ бол бидэнд бий шүү дээ.
Буриад цөцгий, цөцгийн тос, Булган эсвэл Дундговийн айраг гээд...

Надад Франц хүмүүс анхандаа их зөрүүд санагддаг байв. Өөрийн үзэл бодлыг заавал мэдүүлнэ тэр болгон хүний ятгалганд орохгүй. Зүгээр нэг зөрүүд бас биш юмаа, тэр хэмжээгээрээ бусдын санаа бодлыг сонсоно, ерөнхийдөө өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой хүмүүст хүндэтгэлтэй ханддаг. Америкчууд мөнгөтэй хүнийг үнэлдэг бол Францчууд үзэл бодлоор нь дүгнэнэ гэх үү. Боловсрол үнэгүй байх ёстой, ээлжийн амралт бол хамгийн наад захын эрх гэх мэтийн асуудал дээр бол санал нэг их зөрдөггүй юм билээ. Энэ бол өөрийн уулзаж ярьсан цөөхөн хүн дээр хийсэн дүгнэлт юм шүү дээ. Тийм болохоор жаахан бүрэн биш дүгнэлт байж магадгүй.
Франц хүүхнүүд их ажилсаг санагддаг. Гэр орны ажлаасаа гадна өөрсдөө бас тийм ганган гоёмсог байдлаа хадгалж чаддаг. Францчууд ерөнхийдөө яаж хувцасласанаараа бараг л танигдах болов уу? Хүүхнүүд нь дэгжин хүзүүний зүүлт (их том байх нь элбэг), ээмэг, хүзүүний алчуур их хэрэглэдэг. Зүгээр хэрэглэх биш бас донж маягийг бол янзтай тааруулна. Харчууд нь бас хүзүүний ороолт алчуур бас их зүүнэ. Ноосон цамцаа мөрөн дээрээ тохсон нь бараг л дүрэмт хувцас гэлтэй. Гэхдээ хүн бүр өөр өөрийн төрхөө сайн хадгалж чаддаг гэх үү, энэ бол ялангуяа дундаж болоод настай хүмүүс дээр их ажиглагддаг. Хэдэн жилийн өмнө дөө танил эмэгтэй монголоос дээлний мөнгөн товч захиж авчруулсан юм. Яах гэж байгаа юм бол гэж гайхасгээд өнгөрсөн. Дараа нь таарсан товчнуудаа хоёр хэсэг болгоод гархилаад тийм том ээмэг болгоод зүүчихсэн явсан. Бүүр сүүлд нь бас бөөгнүүлээд хүзүүний зүүлт болгочихсон байсан нь их  өвөрмөц дэгжин харагдаж билээ.
Хамгийн хачирхалтай санагддаг зүйл бол ойр дотныхондоо өгсөн өхөөрдсөн нэр хоч. Амьтны хүрээлэн тэр чигтээ явж байгаа юм чинь. Миний туулайхан, муужгай, нугас, буга согоо гээд л явж өгнө шүү дээ. Байчихаад жижиг хүүхдээ бөөсxөн минь гэж дууддаг байвал яахав?
Хоол унд Францчуудын амьдралд маш том байр суурь эзэлнэ. Хоолны тухай их ярина, таарсан хүмүүс ерөнхийдөө их сайн хоол хийдэг юм билээ. Хоолны төрөл амт чанар гээд зогсохгүй, хоолоо яаж идэх нь бас дэг жаягтай. Оройн хоолонд хэдэн хүн урьсан бол тэднийгээ ширээнд суудлыг нь зааж суулгана. Тэгэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийг холилдуулж бас яриа хэр таарахыг нь харж хуваарилна. Тэгээд ямар дарс уух вэ гэдэг бас л дээгүүр тавигдах асуудал. Франц орныг өнгөцxөн хальт дүгнэвэл иймэрхүү. Боломжоороо нэмж бичихийг бодноо.