Friday, October 30, 2015

Утас

Охины сургуулиас сургуульдаа гар утас авч явдаг хүүхдүүдэд зориулсан дүрмийг танилцуулсан захиа ирэв. Хичээлийн эхэнд багшдаа хураалгаад тарахдаа авах ёстой гэнэ. Хичээл дундуур утас хэрэглэсэн тохиолдолд захиралд хураалгах бөгөөд эцэг эхчүүд нь захиралтай уулзаж авах юм гэнэ. Охин маань утас байхгүй л дээ. Эдний сургууль бага сургууль гэхэд хичээл тараад утас барьчихсан гарч ирэх хүүхэд мэр сэр байдаг юм. Гэрээдээ өөрөө алхдаг хүүхдүүд гээд бас бус шаардлага байдаг л байх. Бид очиж авдаг болохоор охинд утасны хэрэг байхгүй.
Ноднин нэг хэсэг би хэдэн нас хүрээд утас барьж болох вэ гэж асуудаг байсан. Энэ жил тийм юм ярихаа яагаад ч юм больчихож. Угаасаа манайхан бүгд утас хэрэглэхдээ тааруу хүмүүс л дээ. Хүү Их Британид нүүж ирээд 15 байна уу, 16 байна уу настайдаа смарт ч биш жирийн утастай болж байсан. Ангидаа ганцаараа смарт биш утастай байсан гэсэн. Өөрөө утсанд нэг их сонрихолгүй байсных юм уу ийм тийм гомдол тавьж байгаагүй. Ахлах сургуулийн төгсөх ангид ороход нь смарт утас авч өгч байлаа.
Хар хүн саяхан болтол бас жирийн утас барьдаг байв. Тэгсэн хэдэн сарын өмнө утас нь эвдрээд шинийг авахдаа смарт утас авсан. Утас бараг хэрэглэдэггүй хүн чинь одоо бас үе үе утас самарддаг болчихоод байгаа.
Би нь ганцаараа жирийн Нокиа утастай ккк. Утас хэрэглэхдээ тааруу. Хүн залгахад авч ерөөсөө амждаггүй. Хүний явуулсан зурвасыг хэдэн өдрийн хойно хардаг. Түүнээс болоод заримдаа янз бүрийн юмнаас хоцрох тохиолдол байна. Цүнхгүй гарвал утсаа мартсан байх нь элбэг. Хүмүүст надтай хурдан холбоо барья гэвэл эмайл бич гэдэг юм. За тэгээд залгаж ярих шаардлагатай бол эхний удаад авч амжихгүй. Хоёр минут хэртээ хүлээж байгаад дахиад залгаарай гэдэг кк.
Над шиг хүн монголд бараг байхгүй байх л даа. Өнгөрсөн зун Их Сургуулийн ангийнхантайгаа уулзахаар очиход над шиг жирийн утастай хүн их олон байсан. Бүгдээрээ ажлын садаа, цагийн гарз учир смарт утас барьдаггүй гэж байв.
Энэ жил хүү утсаа солино гээд хамт дэлгүүр орсон миний барьдаг шиг жирийн Нокиа утас чинь £1 энэ тэр гэсэн үнэтэй болчихсон юм байна лээ. Яваандаа олдохоо байх юм шиг. Тэгвэл нөгөө хүмүүсийн барьдагийг авах хэрэг гарах л байх даа.

Monday, October 19, 2015

Бас л хошуу нэмчихье

Зурагтаар нэг эмэгтэй нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй гэчихсэн юмуу даа. Үгүй тэр харааж зүхэж байгааг нь ээ, бурхан минь яасан ч ууртай, бас хүний хэрэгт хошуу дүрсэн улс байдаг юм. Энэ хандлагыг харвал эмэгтэй хүн нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй бол энэ нийгэмд хэрэггүй хүн  гэж олонх нь үздэг бололтой юмаа. Нөгөө юун тэгш эрх юун хүний эрх. Энэ олон дунд ганцxан хүн л хүний сонголтыг хүндэл гэж дуугарах шив дээ. Бас нэлээн хэд хоногийн өмнө нэвтрүүлэгч Чимгээ хүчирхэг эмэгтэй бол нөхөртөө нэмэр чимэг болдог хүүхнийг хэлнээ гэж тодорхойлох шив. Бас л эмэгтэй хүний үнэлэмж нь эхнэр.
Дэлхийн нийт хүн амын 1% нь ямар нэг бэлгийн амьдралын сонирхолгүй хүмүүс байдаг гэдэг. Дээр нь ямар нэг шалтгаанаар хүүхэд олох боломжгүй улсыг нэмчихье. Овоо хэдэн хувь болно биз. За тэгээд ажил мэргэжлийн тодорхой зорилоготой, түүндээ хүрэхийн тулд хувийн амьдралаа хойш тавьсан хүмүүс бас бий. Ийм улсыг нийгэмд ямар ч нэмэргүй гээд хасчихъя гээд байна уу. Хувь хүнийхээ хувьд дарамттай зовлонтой энэ хүмүүс харин улс орны эдийн засгийн хувьд жирэмсэний амралт авахгүй, хүүхэд өвдлөө гэж чөлөө нэхэхгүй харин жирэмсэний амралтын мөнгийг тань нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлж байгаа хүмүүс шүү дээ хө.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд физиологийн ялгаа бий, гэхдээ тэр нь дээр илүү гэx ялгаа байхгүй. Харин тийм сонин ялгааг бидний амьдарч байгаа нийгэм, хүүхдээ хүмүүжүүлэх арга барил бий болгодог. Наад захын жишээ, эрчүүд эмэгтэйчүүд жолоо муу барьдаг гэж шоолонгуй ханддаг. Тэр ялгаа физиологийнх биш зүгээр хөвгүүд их багаасаа л жолоо барих дадлага хийж эхэлдэгтэй холбоотой гэж би боддог. Багаасаа машинаар тоглож өснө, өнөө бол удрирдлагатай машин маневрийг их жоохноосоо сурч байгаа. Эвлүүлдэг, удирддаг тоглоомоор тоглох хожимдоо жолоо барихад хэрэгтэй олон чадвар суулгадаг. Багаасаа сурсан дадлага гэдэг бас их чухал. Тэгвэл охидууддаа бид нар ямар тоглоом авч өгдөг вэ. Хүүхэлдэй, янз бүрийн нүүрний будаг шунх, гал тогооны хэрэгсэл. Иймэрхүү тоглоом жолоо барих техник сэтгэлгээнд ямар нэг нэмэр байхгүй. Охид хөвгүүд багаасаа өөр өөр тоглоом сонирхдог гэсэн судалгаа бий, гэхдээ тэрийг нь дэвэргээд тэс өөр тоглоомоор тоглуулах бас буруу байх.
Эмэгтэйчүүдийн сэтгэж бодох чадвар хэнээс ч дутахгүй гэдгийг харуулсан том жишээ Мари Кюри. Үеийнхээ эрчүүдээс хамаагүй сүүлд их сургуулийн босго алхсан тэрбээр хоёр удаа Нобэлийн шагнал хүртсэн эмэгтэй. Францын алдартнуудын Pantheon бунханд заларсан анхны эмэгтэй. Тэр тухайн үеийн жишгээр нөхөрт гарч хүүхэд гаргасан. Харин түүний ажлыг ойлгож дэмжиж хамтарч ажилласан нөхөр, хүүхдүүдийг нь асарч байсан хадам аав хоёр түүнд ийм боломж олгосон юм.
За цаашлаад эр хүн чинь охидуудтэй тоглодоггүй юм гэж хөвгүүддээ хэлж байхыг олон сонсдог уу та нар. Эмэгтэй хүн шиг уйлаад гэх ч юм уу, энэ нь цаагуураа хөвгүүдэд эмэгтэй хүний байр суурь доогуур гэдгийг их багаас нь сургаж байгаа гэсэн үг тийм үү? Яагаад охид хөвгүүд хамт тоглож болохгүй гэж, яагаад хөвгүүд уйлж болохгүй гэж?
Эрчүүд эмэгтэйчүүд жэндэр яриад бидний эрхийг хохироож байна, эрчүүд эрт үхэж байна гэсэн гомдол гаргадаг. Эцэг эхчүүд охидынхоо боловсролд илүү анхаардаг нь нийгэм дэх байр суурь хэцүү гэдгийг мэддэгийнх. Энэ чинь нарийндаа бол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн үр дагавар байгаа биз. Исланд улсын эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн байр суурь дэлхийд хамгийн сайнд тооцогддог. Исланд улс бад эрчүүдийн дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Нийгмийн тэгш байдал эрэгтэй, эмэгтэй бүх хүнд ашигтай. Аав нь гэр орныхоо ажилд оролцдог бол хүүхдүүд нь насанд хүрээд үеийнхнээсээ илүү өндөр цалинтай байдгийг харуулсан гэр бүлийн судалгаанууд байдаг. Ийм хүүхдүүд эргээд сайн эцэг эх болдог ч гэдэг. Хүүхдүүд гэр бүлийн харилцааны динамикийг маш эрт маш сайн ойлгодог. Хүүгээ уйлахад нь эр хүн уйлдаггүй юм гэхийн оронд яагаад уйлсаныг нь асууж бай.

Friday, October 16, 2015

Эмнэлэг, харшил

Өчигдөр хоёр охин маань хоёулаа эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан байв. Том охин нэг жижиг мэс засалд орсны дараах үзлэг, бага охин маань харшлын эмчид үзүүлсэн. Том охины эд эсийн шинжилгээний хариуг үзүүлэх ёстой байсан ч хариугаа олоогүй кк. Шинжилгээний материал лабораторид хүрэх нь хүрсэн л гэнэ. 
Бага охин маань хүнсний харшилтай, өчигдөр шинжилгээ хийсэн бүх төрлийн самар, өндөгнийх гэж гарч байна. Энэ нөхөр хоолонд муу байдаг нь бас харшилтай холбоотой юм шиг байгаа юм. Одоо тэгээд идэж уух юм авахдаа маш болгоомжтой, орцыг нарийн шалгаж, харшлын эсрэг эм үргэлж авч явж байх ёстой болов. Анх эгчийнхээ идэж байсан Nutella иднэ гээд байхаар нь талхан дээр жаахныг түрхээд өгчихсөн амыг нь тойрч улайгаад, уйлаад сандаргасан. Эгч нь бас үе үе харшил хөдөлдөг болохоор эм авчихсан байсан аминд орсон. Өндөгтэй кийш гараараа барьж идэхээр гар нь загатнаад уйлганаад байдаг бас тийм учиртай болж таарав. Чухам яагаад ийм болсоныг нь гайхаад л сууна. Ах эгч хоёр нь хоёулаа экзэмтэй, жаахан жаахан харшилтай гэдхээ яг ийм тодорхой биш, том болох хэрээрээ гайгүй болцгоосон. Эмчийн хэлсэнээр самрын харшил гайгүй болдоггүй гэнэ дээ.
Өчигдөр тэгээд саяхан ашиглалтанд орсон Хатан хаан Элизабэтийн нэрэмжит шинэ эмнэлэгт анх очиж үзсэн нь тэр. £842 саяар баригдсан маш том эмнэлэг, Оддын дайн киноны Үхлийн од гэдэг хочтой. Глазгоy хотын олон хуучин эмнэлэгийг хааж ийш нь нүүлгэсэн. 


Хүүхдийн эмнэлэг нь гэрэл гэгээтэй тухтай гоё юм билээ. 
Хүлээлгийн танхим нь ийм олон тоглоом, бас компьютэртэй, хүүхдүүдэд их зугаатай байсан. 





Сайхан эмнэлэг гэвч ямар хүн төлөлвлөлт хийсэн юм мэдэхгүй, яг ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд кк. Тэр хавиар нэг тийм муу ус үнэтрсэн. Энэ талаар ер бодоогүй юу, эсвэл тэдний үнэрлэх мэдрэмж сайнгүй юм уу мэдэхгүй ээ ккк.


Thursday, October 8, 2015

Хэнд юунд хэрэгтэй гэж

Өмнөx бичлэгт маань атомын жижиг хэсэг масстайг батлах хэнд юунд хэрэгтэй юм гэж асуужээ. Би хувьдаа шинжлэх ухааны нээлт бүхэн чухал гэж боддог. Хэдий бидний цуглуулсан мэдээлэл асар их гэлээ ч тайлбарлаж чадахгүй олон асуудал байсаар л байгаа. Би онолын физикч биш, нарийн ширийн асуудлыг тайлбарлаж чадахгүй байх гэхдээ дээрх асуултанд уншсан, сонссон болоод өөрийм мэргэжлийн туршлагаас санаа аваад хариу өгөх гэж оролдъё.

1. Ер нь атомын жижиг хэсгүүдийг судлах ямар хэрэгтэй юм бэ? Атомын бүтцийг ойлгох нь хамгийн түрүүнд байгал дээрх процессийг ойлгож, тайлбарлах цаашлаад ашиглахад маш хэрэгтэй. Химийн урвалыг багцаалаад атомууд хоорондоо холбогдож нэгдэл бий бий болгох эсвэл ямар нэг атомын нэгдэл задрах гэж тодорхойлбол ийм урвалгүй юм бидний эргэн тойронд байхгүй. Чухам ямар атомууд хоорондоо нэгдэх эсвэл задрах вэ гэдгийг атомын бүтэц өөрөөр хэлбэл атомыг бүтээдэг жижиг хэсгүүд тодорхойлно. Сургуульд тоймлоод протон, неитрон, электрон гээд заадаг. Цаана хүмүүс бага мэддэг маш олон хэсгүүд бий. Жишээлбэл, неитрино (өмнөх нийтлэлд дурдагдсан), пион, кваркс, ламбда барион, хиггсийн босон (нээсэн хүн нь 2 жилийн өмнө салбарынхаа Нобэлийн шагнал хүртсэн) гээд урт жагсаалт бий. Чухам эдгээр хэсгүүдийн шинж чанар ямар урвал хэзээ хаана явах вэ, ямар энерги зарцуулагдах/ялгарах вэ гэдгийг тодорхойлно. Химийн урвалын механизмыг ойлгох нь зөвхөн байгалийн процессийг тайлбарлаад зогсохгүй техник технологийн салбар, анагаах ухаан, бүх төрлийн үйлдвэрлэл, эрчим хүчний эх үүсвэрийн судалгаанд маш их ач холбогдолтой.
Анагаах ухааны салбараар жишээ авъя л даа. Шинэ эм бүтээх, үйлдвэрлэх нь тэр чигээрээ химийн процесс. Шинэ синтетик бодис гаргаж авах эсвэл байгалийн түүхий эдээс хэрэгтэй бодисоо ялгаж авахдаа химийн урвал дээр суурилсан технологи хэрэглэж байгаа. Цаашлаад орчин үеийн оношлогооны технологи мөн энд хамаарна; MRI, компьютерийн оношлогоо мөн л атомын жижиг хэсгүүдийн шинж чанарт тулгуурласан аргууд.
Бүр гэр зуурын цахилгаан хэрэгсэл, шинэ материал гээд тоочоод байвал барагдахгүй. Ер нь химийн урвал хэрэггүй юм юу вэ гэвэл илүү богино жагсаалт гарах биз.
2. Тухайлаад неитриногийн тухай хэдэн үг хавчуулаад орхиё. Мэргэжлийн биш учраас нарийн ширийн тайлбар хийж чадахгүй. Миний ойлгож байгаагаар неитриногийн нээлт энергийн спектр болоод цөмийн бэта задралыг тайлбарлахад хэрэг болсон гэдэг. Цөмийн задралд оролцдог гэхээр цөмийн энергийн салбарт тун чухал. Масстай массыг тодорхойлохын хэрэг юу вэ? Энерги масс 2 хоорондоо нарийн хамааралтай. Тэгэхээр цөмийн задралыг судлахад хэрэгтэй байх нь. Цөмийн энергийг өнөө ашиглаж байгаа ч жолоодож чаддаггүй нь энергийн том эх үүсвэрээс татгалзах үндэс болчихоод байдаг. Тэгэхээр ийм судалгаа хэрэгтэй.
Нөгөө талаар неитрино чинь маш жижиг, масс тодорхойлох нь тийм амар асуудал биш. Ямар ч байсан атомоос салгаж авчраад жинлүүр дээр тавьж болохгүй. Тиймээс судлаачид маш нарийн багаж хэрэгсэл зохион бүтээж, нарийн бодож боловсруулсан томьёолол хэрэглэсэн байж таараа. Энэ болохоор цэвэр хүний оюун ухааны чадамж, тийм ч учраас үнэлэгдэх ёстой зүйлүүдийн нэг.
Дутуу нэмчихмээр юм байвал бодлоо үлдээгээрэй, баярлана шүү. Би нь хүүхэд унтах хооронд хам хум иймэрхүү юм сараачив.

Wednesday, October 7, 2015

2015 оны хими, физикийн салбарын Нобэлийн шагналтнууд



Энэ оны химийн салбарын шагналыг Шведийн Томас Линдал, Америкийн Пол Модрик, Туркийн Азиз Санкар нар хүртжээ. Эс хуваагдахад ДНX молекул хувилагддаг. Энэ процессийн явцад гарах алдааг эс хэрхэн засдаг механизмийг судлаачид юм байна. Ийм алдаа засагдахгүй бол яадгийн наад захын жишээ нь хорт хавдар. Цаашлаад удамшдаг янз бүрийн эмгэгийн шалтгаан  болох нь бий.



Өчигдөр физикийн салбарын шагналтнуудыг зарласаныг алгассандаа хүлцэл өчье. Sub-atomic particle гэдгийг яаж орчуулах вэ (мэддэг нэг нь зөв нэр томьёог хуваалцвал баярлана шүү) гэж бодож байснаа чадалгүй орхигдуулсан байна. Үндсэндээ атомыг бүтээх жижиг хэсэг неитриногийн масстай гэдгийг баталсан Японы Такааки Кажита, Канадийн Артур МкДоналд нар хүртсэн байна.

Monday, October 5, 2015

2015 оны анагаахын салбарын Нобэлийн шагналтнууд






Анагаах ухааны салбарын энэ оны Нобэлийн шагналд Ирландын Уйллиам Кэмпбэл, Японы Сатоши Омура, Хятадын Юуюу Ту нарыг шалгаруулжээ. Кэмпбэл Омура нарын гэдэсний паразит хорхойны эмчилгээнд оруулсан хувь нэмрийг харин Юуюу Ту-ийн хумхаа өвчний эмчилгээнд оруулсан хувь нэмрийг үнэлж шагнасан байна. Юуюу Ту нь хятадын шинжлэх ухааны салбарт Нобэлийн шагнал хүртсэн анхны судлаач бөгөөд дэлхийн 12 дахь эмэгтэй эрдэмтэн гэнэ.

Friday, October 2, 2015

Үртэй хүний жаргал зовлон

Эхлээд том охин өвдөв. Энэ нөхөр их өндөр халуурдаг сонин хүүхэд, дээр нь астматай. Хоолой нь өвдсөн гэж эмч оношлов. Шөнө астма нь хөдлөх вий гэж босч эргэж тойрно, арай гайгүй болсон бага охин халуурч хонов. Зүрх хурдан цохилоод зовиуртай уйлах. Хэлж мэдэхгүй хүн чинь өрөвдмөөр. Биеэ тааруу болохоор өдөржин тэврүүлээстэй, гэрийн ажил энэ тэр байхгүй кк. Тэгсэн хүү ирэв. Ирээд л тосгуур дахь аяга шанага угаагаад, дүүгээ сургуулиас нь авлаа. Цуйвангийн гурил зуурч, элдэж, хайрч өгөв. Орой дүүгээ дагуулаад дэлгүүрээс амттай юм авч өгнө гээд гарсан.