Tuesday, March 24, 2009

Кэмбрижийн их сургуулийн бүтэц

Таарсан гарчиг тавих гээд их бодсон ч оновчтой нэр олж өгч чадсангүй ээ. Уг санаандаа энэ сургуулийн коллэжийн бүтцийн талаар бичих гэсэн юм л даа. Танилцуулгаас харахад Кэмбрижийн их сургууль 31 коллэжтэй гэсэн байдаг. Харин тэр коллэж гээч нь бидний мэддэг таньдагаас арай өөр юм байна. Үүх түүхээс нь сөхөж үзвэл үзэл бодол (дундад зууны үе байсан учраас шашны үзэл баримтлал хамгийн чухалд орох болов уу) нийлсэн тус сургуулийн оюутан судлаачид нийлж коллэж байгуулдаг байжээ. Коллэж гэхээр оюутан судлаачид амьдарч, хооллох, хамт мөргөл үйлдэх газрыг хэлээд байгаа юм байна. Ихэнх коллэжүүд оюутны байр, хоолны танхим ба мөргөлийн сүмээс бүрдэнэ. Ийм систэм дагаж мөрддөг хоёрхон сургууль байдаг нь Кэмбриж, Оксфордын их сургууль юм байна. Нэгэнт шашны үзэл баримтлал коллэж байгуулахад чухал байсан учраас ихэнх коллэж xристийн шашин болоод библийн сургаалиас эхтэй нэртэй байдаг. Эдгээр коллэжүүд бүгд санхүүгийн хувьд бие даасан, харьяалагдах газар ба үл хөдлөх хөрөнгөнийхөө эзэн нь байдаг гэнэ.

Кэмбрижийн хамгийн анхны коллэж Peterhouse 1284 онд байгуулагджээ. Харин хамгийн залуу коллэж Homerton 1976 онд байгуулагджээ. Хэдий өөр өөр коллэжид хамаарагдах ч хичээлийн хувьд оюутнууд мэрэгжил чиглэлээрээ ялгаа зааггүйгээр сурна. Коллэжийн амьдарлын нэг чухал үйл явдал долоо хоног бүр болдог албан ёсны оройн хоол гэнэ. Энд коллэжийн гишүүд тухайн коллэжийн эмблэм бүхий хар нөмрөгөө өмсөж ордог гэнэ. Ерөнхий дүр зураг Harry Potter киноны хоолны танхимыг санагдуулам аж. Жирийн оюутнууд нийтийн урт ширээнд сууцгааж, судлаач болоод багш нар өндөрлөсөн тавцанд зассан ширээнд сууцгаадаг гэнэ.


Peterhouse college

Коллэж зөвхөн оюутнууд элсүүлэх биш жил бүр өөр өөрийн шалгуураар судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний залуу ажилтнуудад тэтгэлэг олгон элсүүлдэг. Ингэж элссэн ганц бие судлаачид коллэжийн нийтийн байранд үнэгүй суух эрхтэй. Гэр бүлтэй хүмүүст байрны хөлсний тусламж хэмээн мөнгө олгодог юм байна. Саяхныг болтол коллэжийн гишүүн байхад ганц бие байх ёстой гэсэн дүрэм мөрдөгдөж байжээ. Зөвхөн санхүүгийн дэмжлэгтээ биш ямар нэг коллэжийн гишүү болох нь нэр төрийн хэрэг учир тэтгэлэг авах уралдаан их өрсөлдөөнтэй байдаг гэнэ.

Олон коллэжийн учрыг олохгүй мунгинаж байгаад эндхийн оюутнаар тайлбарлуулж ойлгосноо энд буулгав.

Friday, March 20, 2009

Англи оронтой танилцахуй

Хэн ч бай нэг газраас нөгөө уруу нүүхдээ шинэ хуучнаа харьцуулж үздэг байж таараа. Миний хувьд мөн л ялгаагүй Англид ирсэн эхний хэдэн сар ажил төрөл болоод амин хувийн асуудлуудаа шийдэхэд энэхүү хоёр орон юугаараа ялгаатай төстэй болохыг харьцуулж харсан зарим ажиглалтаа хуваалцвал:

Англичууд америкчуудыг бодвол ёсорхуу улс шиг эхэндээ санагдсан. Гэхдээ хэн нэгэнд санаа тавьж байгаа нь зүгээр нэг эелдэг зангийнх биш чин сэтгэлийнх байдаг юм уу гэж харагддаг. Америкчууд сав л хийвэл шүдээ ярсxийлгэж инээмсэглэдэг тэр нь заримдаа инээмсэглэл биш зүгээр л нүүрний булчин хөдөлгөх төдий үйлдэл байх нь олантаа. Харин эндхийн хүмүүс ховорхон инээмсэглэх ч тэр инээмсэглэл сэтгэлийн угаас байх шиг.

Бас нэг содон санагдсан зүйл гэвэл энд ирсээр гар утсаар чанга хашxирах шахам ярьж байгаа улстай таарсангүй. Америкт ажил дээр ч, нийтийн унаанд ч хүссэн хүсээгүй хүний хувийн яриа сонсогдож заримдаа түвэгтэй санагдах нь бий. Эндхийнхэн гар утсаар ярих болбол их намуухан дуугаар эсвэл хүнгүй газар очиж байж ярьдаг юм байна лээ. Хоорондоо ч бас нэг их чанга ярихгүй юмаа. Эхэндээ үүнд нь дасахгүй чих хатуутай хүн шиг юу гэнээ гэж их олон асуусан гэж байгаа.

Авууштай сайхан санагдсан зүлсийн дунд байгал орчиндоо санаа тавих, хогоо боловсруулах бодлого орно. Саяхан сонинд дундаж америк хүн жилд дундаж европ хүнээс хоёр дахин их нүүрсxүчлийн хий бий болгодог гэж бичсэн харагдсан. Манайх Нью Иоркт том олон сууцтай байшинд амьдардаг байв. Уг нь бол хогоо ангилж хаях ёстой ч хогны өрөөнд ороход хаа хамаагүй нийлүүлээд хийчихсэн байх нь олантаа. Хог ачдаг хүмүүс тэр байтугай ангилаад хийсэн хогийг нийлүүлээд нэг уутанд хийж байх энүүхэнд. Уг нь бол нэг их олон ангилал үгүй цаас, хуванцар сав болоод шил, бусанд хог гэсэн гурван хэсэгтэй юм л даа.

Эндхийнхэн хогны асуудалд арай буурьтай бөгөөд өөриймсөг ханддаг юм байна. Манай энэ хавийнхан хогоо дөрөв ангилна. Шил, лааз, дахин боловсруулж болох цаасыг тусад нь, хуванцар сав бас тусдаа, амархан задарч болох хоолны үлдэгдэл хаягдал, цаасан хайрцаг нэг хэсэг, дөрөв дэх нь аль нэг ангилалд ороогүй бусад хог орно. Шил, цаас, хуванцар савнуудыг ангилж дахин боловсруулдаг үйлдэврүүдэд зараад орлогыг хотын захиргаа авдаг гэсэн. Амархан задрах хоол ундны үлдэгдэл хогоор ялзмаг боловсруулж газар тариалан эрхлэгчдээд зарна. Инээд боловсруулж болох бүхнийг ашиглаад үлдсэн хог нь газарт булагддаг байна. Түүнээс гадна хэрэглэсэн зай, хуучин хувцас, гутал, хуучин ном цуглуулж авдаг цэгүүд томоохон супэрмаркэтийн ойролцоо олноор харагддаг. Ингээд ангилахаар манай гэрээс гардаг булагдах хог маш их багассан бөгөөд бид хэд үүндээ их сэтгэл хангалуун байгаа.

Харин ажил төрөл хөөцөлдөхөд удаан бүтдэг, алба амины олон асуудлууд олон шат дараалсан хүнд суртал, бичиг цаас америкийг бодвол олон болохоор ажил удаан бүтдэг санагддаг. Жишээ нь банкны хаяг солих, төлөвлөсөн төлбөр хийх гэх мэт америк өөрсдөө интэрнэтээр хийж болох олон зүйл дээр энд заавал банкинд хандсан захиа бичиж тэр нь олон хонож байж нэг юм болно. Магадгүй бид хэд жаахан азгүй байсан ч байж болох, эсэвл буруу банк сонгосоных байж мэднэ.

Ажил дээр бол зохицуулалт дүрмийн тоо харьцангуй эх, аливаа нэг туршилт тавихын тулд олон зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг нь сонин санагдав. Энэ нь ихэнхдээ ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилготой боловч нэг их оновчтой биш байх нь элбэг. Нөгөө талаар энэ тал дээр зохицуулалт багатай америкт хүн өөрөө хохироод үлдэх магадлал өндөр бололтой.

За тэгээд өөрт ажиглагдсанаа зах зухаас нь бичвэл иймэрхүү. Цаашдаа сайн танилцвал хуваалцах сонин олон таарах буйзаа.