Friday, February 19, 2010

Могойны шивэр?


Дөрөв хүрэх гэж буй охин маань хэдэн хэлний дунд төөрөлдсөн үү үеийнхнээ бодвол орой хэлд орсон юмдаг. Хэлд орохын хажуугаар биеэ дааж сурах гээд хэрхэндээ түүртэж яваа юм хөөрхий. Хөөрхий гээд байсан бас хүний хөөрхийлж байгааг тэрүүхэндээ чадамгай далимдуулаад амжина. Орой болохоор хүний өвөрт яажшуухан орчихдог юм билээ гэж бодлоо уралдуулж, миний өрөөнд ийм тийм амьтан байна, айж байна гэх мэт шалтаг тоочно.
Нэг орой миний орон дотор могой явж байна гэж гомдоллов. Хаанаас даа охин минь, могой энд байхгүй шүү дээ гэж тайлбарлаад хөнжлийг нь сөхөж харуулав, орон доогуур нь шагайлгав. Маргааш нь харин
- ээжээ, миний орноос могойны шивэр үнэртээд байнаа гээд хошуугаа цорвойлгов.

Сургууль дээр нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тухай ярьж л дээ. Манай хүн ирсэнээ өөрийгөө заагаад би бол эмэгтэй, агаа бол эрэгтэй гээд их сүрхий. Би:
- Аав чинь? гэвэл
- Эрэгтэй гээд л их додигор хэлж байна.
- Би юу билээ гээд өөр лүүгээ заавал, над уруу нухацтай гэгч харсанаа:
- Та бол ээжээ шүү дээ. гэв.

Sunday, February 7, 2010

Амьд домог

Монголд амьд сэрүүн байгаа домог болсон хамгийн алдартай хүн хэн бэ? гэсэн асуултанд хариулах гээд чадахгүй мунгинаж сууна. Тэр өдөр Асашорюү зодог тайллаа гэсэн мэдээ уншсан болохоор тэр үү, Асашорюү л мөн байх гэж санагдах. Өнгөрсөн зун даа эндхийн "The Guardian" сонин хагас бүтэн сайны хавсралтаараа дэлхийн бүх орны тухай танилцуулга хэвлэж билээ. Тэнд бас тухайн орны амьд домог гэсэн хэсэг байсан санагдана. Монголын хэсэгт миний мэдэхгүй хүний нэрийг хүүхдийн зохиолч гээд тавьчихсан байж билээ. Тэр хүн сайн зохиолч нь үнэн болоод нэр нь гарсан биз, гэхдээ амьд домог гэхээр миний хувьд хөгшин залуу хэн ч бай таньдаг байх ёстой болов уу гэж бодогдоод байх юм.
Би миний хувьд домог гэж нэрлэх хүндэлж явдаг хүмүүсээ жагсааж үзлээ. Чингис хаан, Ринчин, Эрдэнэ, Лодойдамба, Норовбанзад, Цагаан Цэгмид гээд урт жагсаалт болж буй ч тэд бүгд биднийг орхиод явчихсан хүмүүс байх юм. Энэ бидний хэн нэгнийг амьд байхад нь ойшоодоггүй зангийн уршиг юм болов уу? Таны хувьд тэгвэл өнөөгийн монгол амьд домог хэн бэ? Дэлхийн олон оронд тархан суугаа бас нутагтаа амьдарч байгаа монголчууд хэр санаа нийлэх бол гэсэн сониуч бодол төрөөд та бүхнээс асуухаар шийдэв. Хариугаа сэтгэгдлээр үлдээнэ үү?