Thursday, January 31, 2013

Антибиотик мөөгөнцөрдөхөд хэр хамаатай вэ?


Түрүүний бичлэгт үлдээсэн асуултанд товчхон хариулах гээд үзье.
Нянгийн халдварыг антибиотикоор эмчилнэ. Харин хэрэглэж байгаа антибиотикнуудын үйлчилгээ зөвхөн нэг төрлийн нянгийн эсрэг байдаггүй учраас хүний биед амьдардаг хэрэгтэй нянгуудыг бас үгүй хийж орхидог гэмтэй. Энгийн тоо дурдая л даа; хүний бие 10 трилион эсээс тогтдог, харин хүний биед амьдардаг нян, мөөгөнцөр зэрэг бусад бичил биетэн хүний эсийн тооноос 10 дахин олон. Зарим нь өвчин үүсгэх чадвартай, зарим нь хүний биед ашигтай. Хүн яагаад тэр болгон өвчилдөггүй вэ гэхээр, салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг орчин, хүний дархлааны систем эдгээр нянг үржиж олон болгохоос сэргийлж байдаг болохоор тэр. Нэг нянгаас болж өвчлөхгүй тэр нь үржээд хэдэн сая хүрэхэд л бид өвдөж гэж мэднэ шүү дээ. Тэгвэл хүний биед байх ашигтай олон нянгийн нэг хэсэг нь тэр салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг байхыг нь зохицуулж байдаг байна. Антибиотик хэрэглэхэд энэ нянгууд бас үрэгдэнэ тэр хэмжээгээрээ хүний салслаг бүрхэвчийн хүчиллэг чанар өөрчлөгдөж мөөгөнцөр үржихэд тааламжтай болж ирнэ. Тиймээс антибиотикийн хэрэглээ мөөгөнцөр үржих таатай нөхцөл үүсгэдэг  гэдэг нь үнэн юмаа.

Friday, January 25, 2013

Антибиотикийн зохистой хэрэглээ аминд тулсан асуудал


1928 оны 8 сард Алэксандр Флэминг гэгч шотланд эрдэмтэн ээлжийн амралтнаасаа буцаж ирэхдээ хүн төрлөхтөний түүхэнд нэрээ үлдээх тухай бодоогүй байх. Тэрбээр staphylococcus нянгийн шинж чанарыг судлах ажил хийж байсан бөгөөд амраад явахдаа нянгийн өсгөврөө лабораторийн ширээн дээрээ мартаад явсанаас хамаг хэрэг үүссэн гэдэг. Сар гаруй яваад ирэхэд мөнөөх питрийн тавагнуудад нь хөгц ургасан байсан бөгөөд сайн ажиглавал хөгцний ойр хавьцаах нян устаж харин хол байсан хэсэг нь хэвээрээ байжээ. Тэрбээр хөгц нянгийн эсрэг хор ялгаруулдагийг тогтоож уг хөгцнийхөө нэрээр пэнициллин гэж нэрлэжээ. Цаашлаад энэ хор зөвхөн staphylococcus ч биш хатгаа, мэнингит, дифтэри зэрэг халдварын нянг устгах чадвартай байсныг тогтоосон нь өнөө бидний мэдэх антибиотикийг анагаах ухаанд хэрэглэх замыг нээж, 1940 онд цэвэршүүлсэн пэнициллинээ гаргаж авчээ. 1945 он гэхэд эм үйлдвэрлэх технологийн боломж бүрдсэн байна. Пэнициллиний нээлтээс өмнө уушигны хатгаа, тэр ч бүү хэл жижиг сажиг шархнаас болж амиа алдах эсвэл эрэмдэг зэрэмдэг болох энүүхэнд байсан гэхэд хилсдэхгүй бизээ.

Тэр цагаас хойш технологи ч их сайжирч химийн аргаар олон төрлийн антибиотик хийдэг болж, эдгэдэггүй гэдэг байсан олон өвчинг нэг их сүйд бололгүй эмчилдэг, бид ч энэ тухай сүйдтэй юм бодолгүй антибиотик хэрэглэж заншжээ. Тэр бүү хэл антибиотикийн зохисгүй хэрэглээ өнөө антибиотикт дийлдэхгүй нян бий болгож. Мэрэгжилтэнүүд ийм нянгийн халдвар тархвал олон хүний аминд хүрэх аюултай болохыг сануулж бичих боллоо.

За манай монголчууд бол антибиотикийг тун замбараагүй хэрэглэдэг хүмүүсээ. Одоо өөр болсон эсэхийг мэдэхгүй лав хоёр гурван жилийн өмнө эмийн сангаас дуртай антибиотикоо аваад өөрийгөө эмчлэх боломжтой байлаа. Тунгийн тохиргоо бүү хэл, чухам ямар нянд юу ууж байгаа нь тодорхойгүй. Ийм хэрэглээ эцэстээ антибиотикийн үйлчилгээнд дарагддаггүй шинэ төрлийн нян бий болгож байгаа юм шүү дээ.

Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа ханиад хүрэнгүүтээ антибиотик уудаг явдал. Нэгд ханиад вирусээр үүсдэг учир антибиотикийн хэрэг байхгүй, хоёрт тэр ууж байгаа антибиотик чинь хүний хоол боловсруулах эрхтэн ходоод гэдсэнд байгаа хүнд ашигтай нянг устгаж үгүй хийнэ. Ханиад хүрэхээр хүний дархлалын систем суларсанаас хоолой, амьсгалын дээд замын халдвар нянгаас үүснэ, тэр тохиолдолд антибиотик шаардалагтай бол хэрэглэнэ. Хэрэглэхдээ бас таарч тохирсон болж өгвөл тодорхой нянгийн эсрэг үйлчилгээтэйг нь уух нь зөв. Мэдээж юуг яаж уухыг эмч л тодорхойлно шүү дээ. Тиймээс ихэнх улсад антибиотикийг зөвхөн эмчийн жороор авах боломжтой байдагаа.

Дараагийн том алдаа бол өвчний шинж тэмдэг буурч биеэ жаахан сайжрангуут эмээ хаядаг. Энэ чинь эргээд эмэнд дийлдэхгүй шинэ төрлийн нян бий болгох үүд хаалгыг нээж өгөөд байгаа юм шүү дээ. Дутуу хаяна гэдэг биед байгаа нянг дутуу устгаад орхиж байна. За тэр эмэнд устаж амжаагүйнүүд нь дараагийн ээлжинд эмэндээ дасчихсан дийлдэхээ байна гэсэн үг. Өнөөгийн байдлаар антибиотикт дарагддаггүй сүрьеэ, бэлгийн замын хэд хэдэн халдвар, мөн staphylococcus, streptococcus, E.coli төрлийн нянгийн төрөл эмэнд дарагддаггүй гэж бүртгэгдээд байгаа. Ийм халдвар ямар нэгэн шалтгаанаар их өргөн тархахад хүрвэл гамшгийн хэмжээний хохирол үүснэ, олон хүний амь сүйднэ гэж мэрэгжилтэнүүд сануулаад байгаа. Ер нь болж өгвөл антибиотик хэрэглэхгүй байх байх хэрэглэвэл тунгаа зөв тохируулж, эмчилгээг дуустал хийх хэрэгтэй гэсэн зөвлөмж байна. Та бүхэн бас бодно бизээ.

Чухам та өнөөдөр ийм нян бий болох боломж бүрдүүлэхэд магад өөрөө өвчлөхгүй харин ойр байгаа нялх нойтон хүүхэд, өндөр настан хамгийн түрүүнд өртөх юм шүү. Тиймээс зөвхөн таны хувийн асуудал биш байгаа биз. Манай эрүүл мэндийн сайд иймэрхүү асуудал уруу ер ойртохгүй юмаа. Миний бодлоор энэ тухай ярьж хэлж, сурталчлах, эмч нараа сургах гээд хийх ажил их л харагдах юм. Мань хүн ганц хүний төлөө л яваад байх юм, ерөнхий сайд нь ажлаа хийсэнгүй гэхгүй л юм (хүрд эргүүлэх боломж таарангуут бас улс төржөөд авав ккк).


Wednesday, January 23, 2013

Итгэл үнэмшил ба хууль


Сая Обама тангараг өргөхдөө өөрийнхөө жинхэнэ итгэл үнэмшилдээ тулгуурласан үг хэллээ гэж бодлоо. Бүгд найрамдахчууд Обамаг дэндүү либэрал гэж шүүмжилдэг, америкчууд ер нь хуучинсаг үзэлтэй хүмүүс тул мань хүн эхний 4 жилд тун болгоомжтой байсан. Энэ нь түүнийг дэмжиж сонгосон хүмүүсийн нэлээд хэсгийг нь гонсойлгож байсан билээ. Харин одоо дахиж сонгогдох юм биш гэсэн үү зоригтойгоор жинхэнэ өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэв үү дээ. Энд нийгмийн альч давхаргын хүмүүсийн тэгш эрхийн тухай онцолсон нь анхаарал татав. Арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага хамаарахгүй хүн бүрт тэгш эрх байх ёстой гэсэн итгэл үнэмшил тодоос тод сонстов. Мэдээж яриад бүтэх биш үүнд хүрэхийн тулд хууль журам боловсруулах нь хууль тогтоогч төр барьдаг хүмүүсийн ажил. Америкчууд, зөвхөн америкчууд ч биш ардчилсан нийгэмд амьдрадаг хүн бүхэн өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлаж хууль тогтоогчоо сонгодог бизээ. Тэр утгаараа сонгох сонгогдох эрх, түмний сонголт хэн нэгний явцуу эрх ашиг, үзэмжийн хэрэг биш юмаа.

За тэгээд тэр итгэл үнэмшил дээр тулгуурлаж сонгогдсон эрхмүүд хууль боловсруулж баталнаа. Тэр хууль нь хүмүүсийн үзэл бодол, өмч хөрөнгө болоод ардчилсан хэмээх нийгмийн үнэт зүйлийг дээдэлсэн байх зарчимтай байх тийм үү. Тэгвэл манай өнөөгийн эрх баригчдын барьж гүйгээд байгаа хуулийн төслүүдийг юу гэж ойлгох вэ.
Би хувьдаа нэг хүн нэг явцуу эрх ашгийн төлөө хууль боловсруулж батлуулах гээд гүйгээд байна гэж ойлгоод байгаа. Уянга гэдэг гишүүн төрийн тэргүүн байсан хүмүүс юу хийж болох болохгүй жагсаалт маягийн юм барьчихсан, бас цаашлаад эвслийнхээ даргыг хэргээс чөлөөлүүлэх хуулийн төсөл,  Батзандан болохоор Оюунгэрэлийг их хурлаас гаргах, нөгөө Удвал сайд нь даргаа эмнэлэгт хэвтүүлэх гээд будилж сайд нарын эмнэлэгт хоригдол эмчилдэг болоод дуусч байгаа юм шив дээ хөөрхий. Баабар гуай энэ талаар зүүн талаар нь гүйцэж түрүүлээд гээд сайхан бичсэн байна лээ.

Дээрх хууль тогтоомжууд нь (Удвалын алдаанаас бусад нь) үндэсний аюулгүй байдал гэдэг халхавчтай логикоор бодвол үндсэн хуультайгаа харшилдсан байгаа биз. Хүмүүс яахав үндэсний аюулгүй байдал гэнгүүт өө тэгэлгүй яахав зөв гээд алгаа таших шинжтэй. Дээр нь төрийн том албан тушаал хааж буй хэдхэн хүнтэй хамааралтай гэнгүүт өө надад хамаагүй юм чинь яахав яахав гээд толгой дохих. Өнгөц харвал албан тушаалаа хувийн ашиг сонирхолын үүднээс ашиглах боломжгүй болгох гэсэн санаа, харин цаагуур нь бодвол бидний таны эрхийг бага багаар хумслаад байгааг олж харсан болов уу?

Жишээ нь, Оюунгэрэл гишүүн Улаанбаатарын Хан Уул дүүргээс нэр дэвшиж сонгогдсон хүн (намын жагсаалтаар биш). Сонгогчид гадаад нөхөртэй гэдгийг нь мэдэж байсан тэгээд энэ бол асуудал биш гэж үзээд энэ хүнийг сонгосон тийм үү? Энэ сонгогчдын хувьд хүлээж авах аргагүй асуудал байсан бол энэ хүн сонгогдохгүй байсан. Энэ бол ардчилалын зарчмаар Их Хурлын гишүүний гэр бүлийн хүний харьяалалын асуудал шийдэгдсэн гэж би ойлгоод байгаа юм. Харин одоо хууль гараад Оюунгэрэл гишүүн ажлаа өгөх болбол түүнийг сонгосон сонгогчдын эрх зөрчигдөж таараад байнаа даа. Хэдэн жилийн өмнө ард түмний сонголтыг луйвардлаа гээд жагсаал цуглаан удирдаж байсан хүн өөрөө эргээд хүмүүсийн сонголтыг боох гээд байна уу даа энэ чинь... Үндэсний аюулгүй байдал энэ чинь гэж ирээд Оюунгэрэлд хандсан ил захидал ч бичсэн байх шиг.

Гадаадынхан тагнуулдъя гэвэл хэн нэг төрийн дээд албан тушаалтан болох найдвартай хүмүүсийг тагнуулуудаараа эргүүлдүүлж суулгаад өчнөөн жил хүлээгээд л байдаг чинь бараг үлгэр биз дээ. Харин гадаадад томилолтоор яваа эхнэртэй харчууд уруу гоё хүүхэн явуулаад л хэргээ бүтээчих юм биш үү. Эсвэл шуудай хүүдий мөнгө харуулахад дуртай нэг нь гэр бүлийн хүн нь монгол уу биш үү гэдгээсээ хамаарахгүй ш дээ, итгэл үнэмшил, хүний чанараасаа л хамаарч авах авахгүйгээ шийднэ биз дээ. Тэгээд нэг их эрлийз хурлийз, монгол биш гээд шуугина. Түүхээ эргээд харахаар халх Занабазар, түвд Жавзандамбын хийсэн амьдарсан түүх өөр л юм хэлээд байгаа биз дээ энэ чинь.

Анхны хэвлэлийн бага хурал дээрээ гадаад улсуудад тийм жишиг бий гэсэн хэрнээ ямар улсад байдгийг нь хэлээгүй. Гадаадынх л байвал манайхаас дээр байдаг юм уу. Орос, хятадын жишиг нэг өөр, Еврoпын холбооны улсын жишиг нэг өөр. Хэрвээ Европын жишиг байсан бол нэрлээд хэлэх байсан тийм биш байх гэж хардав. Эдний deputy prime minister манайхаар бол шадар сайд юм уу Ник Клэг гэдэг хүн испани эхнэртэй ш дээ. Эд нар тэр тухай еөөр ярьдаггүй, тийм харьяалалын хууль байхгүй угаасаа байх ёсгүй юм.   За цаашилбал өнөөдөр хэдэн хүний эрхийг хязгаарлаж болно. Дараа нь сэмхэн энд хамаарах хүмүүсийн хүрээг тэлээд байвал яах вэ? Өнөөдөр гадаадын харьяат гэр бүлтэй байж болохгүй гэж байна, дараа нь хэн нэгнийг нэмэх хууль зүйн боломж гаргаж өгөөд байгаа нь бас аймаар л байхгүй юу даа.

Дараа нь тэр гадаадад өмч хөрөнгөтэй байж болохгүй энэ тэр гэсэн бүтэхгүй заалтууд байна. Үгүй бүтдэг бол баярлах байлаа. Даанч тийм хөрөнгөтэй хүний өмч өөрийнх нь нэр дээр байдаггүйг бүгд л мэдэж байгаа ш дээ. Тэгээд яах юм, төрийн том албан тушаалтаны гэр бүл, үр хүүхэд цаашлаад ах дүү аав ээжийнх нь эрхийг хязгаарлах юм уу? Яаж хязгаарлаж яаж хянах юм? Түүнийхээ оронд банк санхүүгийнхээ үйлчилгээ, бүртгэлийг боловсронгуй болгоход болно ш дээ. Эх үүсвэр нь мэдэгдэхгүй их мөнгө гараад ирэхэд нь мэддэг, бас шалгадаг болчиход ингээд л хүний эрхэнд халдаад байх хэрэггүй болноо доо.

Эцэст нь тэр сэтгэгдэл хянах Сайханбилэгийн санаачилга бол бүр онигоотой. Цахим хуудаснууд өөрсдөө л хууль гэхгүй шийднэ биз дээ. Хамгийн тод томруун жишээ нь бидний хэдэн блгочид байна ш дээ. Би бол хэн нэгнийг хараасан бас насанд хүрээгүй хүүхдүүдэд тохиромжгүй гэж үзсэн сэтгэгдлийг цэнзүүрлэдэг. Харин Дамдаа болохоор сэтгэгдэлд хязгаарлалт тавьдаггүй, уншигчиддаа юу дуртайгаа хэлэх талбар тавьж өгдөг. Тэгээд өөрийн итгэл үнэмшил баримталдаг зарчмын дагуу болоод л байгаа биз дээ. Ийм хууль батлагдвал эргээд үг хэлэх эрх чөлөөнд халдах үүд хаалга нээж өгсөн хэрэг болно шүү дээ.

Төгсгөлд нь хууль гэдэг чинь нэг хүн ингэмээр юм байна гээд өөрийнхөө ч юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлээд бичдэг эд бишээ. Нийгмийн нарийн ширийн харилцаа, хүний эрх ашиг, аюулгүй байдлыг зохицуулж байх учиртай сайн бодож, тохируулж хийх учиртай эд гэж би ойлгодог. Сайн хууль гэдэг түүх цаг хугацааны шалгуурыг давж чадах бас ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой юм. Сонирхолтой жишээ дурдвал өнөөгийн Францын нийгмийн олон асуудал Напалеоны үзэглэсэн хуулийн дагуу шийдэгддэг юм билээ. Бид ч бас тийм л холыг харж чадсан чамбай хуулиудтай байгаасай даа.

Wednesday, January 16, 2013

Вакцинжуулалтын тухай нийтлэл


Ийм нийтлэл FB дээр олсоноо зуун хувь санал нийлж байгаагийн хувьд хуулж тавилаа. 

Статус шинэчлэлт
Оруулсан: Anar Ganbold
Аан, за за...
Хүн болгон өөрийгөө бусдаас гойд гэж ерөнхийдөө боддогоороо яг адилхан. Гэхдээ жоохон жоохон юмаараа л бас ялгаатай. Тэрийг нь анзаарж таашаал авах бөөн кайф. Жишээлбэл, даварсан хаанаас зугтаж улс байгуулсан болхоор америкд янз бүрийн хуйвалдааны донтой гарууд элбэг; Оросууд анх үүсэхээс ээ л гадаадуудын дарамтан доор байсан болхоор бас бөөн паранойд сэтгэлгээтэй. Хятадууд одоогийн хэт үндэсэрхэг үзлээрээ өнгөрсөн зуун жилийн азгүйтлээ компенсацлдаг. Монгол хүний сэтгэлгээ бас зарим талаараа ориг. Согтохлээрээ бардаад бас тэрийгээ нүүдэлчин сэтгэлгээ гэнэ. Хаанаас хэн юу ч гэсэн хамаагүй дагана. Яг салхинд хийсч байгаа гялгар уут. Бодвол хээр тэнэж байхад баттай байтугай эх сурвалж байхгүй байсан болхоор үнэн худлын шалгуур сэтгэлгээнд нь ерөөсөө үүсээгүй байх. Есүхэй дээр нэг гар ирээд хасагууд 2 хоногийн цаанаа ирж явна гэхлээр итгэхгүй гэвэл авгайгаа дээрэмдүүлэх эрсдэл нь нэмэгдэнэ шт... Олон арван мянган жилийн туршид ийм мэдээллийн тарчиг нөхцөлд үүссэн сэтгэлгээний онцлог нь харин одоогийнх шиг хэт их мэдээллийн үед нэг л сайн зохицож өгөхгүй байгаа юм. Дэлхий сөнөнө- аан за за, хүн сармагчинаас үүсээгүй- аан за за, вакцин хортой- аан за за... Өөр газар ч гэсэн дэлхий сөнөхтэй давхцаад хүмүүс ууланд бүгээд байсан л даа, гэхдээ тэнд тэгэж бүгж байгаа хүмүүсийг харах гэж очсон хүмүүс их байсан. Монголд бол халтар царайт гарж байгаа мэт болсон. Олон утгагүй юманд итгэх дундаас вакциныг муу гэдэгт итгэдэг хүмүүсийн сэтгэлгээ лаг сонирхолтой. Өөр газар вакцин эсэргүүцэгчид байж л байдаг. Гэхдээ тэр дэмжигч, эсэргүүцэгчид нь өөрсдийн бодолдоо бат тогтсон бүлэг болоод хуваагдчихсан. Монголд бол юм мэдэхгүйдээ хоёрын хооронд болчхоод байгаа хүн нь илүү их юм шиг. Аюултай ч биш бүүр хортой шүү...
Дэлхийн төгсгөл, хүний үүсэл гэх мэт нь гүн ухааны чанартай хүний суурь итгэл гэж тайлбарлаж болох. Талибан вакцины эмч нарыг алдаг нь хүртэл вакцин эсэргүүцэгчидтэй харьцуулахад алдаатай ч гэсэн ядаж логиктой - лалын соёлын эсрэг хийж байгаа барууныхны явуулгатай тэмцэж байна гэж өөрсдийгөө боддог байх. Ертөнцийг үзэх үзэл гэх юм уу даа. Харин вакцин хортой гээд байгаа гарууд бол цэвэр техникийн асуудал дээр улайм цайм бүлтрээд байгааг үл ойлгомуу. Иймэрхүү ёоёотой гаруудтай зууралдах нь цагийн гарз гэж бодох хүн байх. Гэхдээ эволюцийг үгүйсэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй болхоор гаруудыг тоохгүй байж болно. Харин вакцин үгүйсгэж байгаа гарууд хүүхдүүдийн эрүүл мэнд, амьдралаар тоглож байгаа болхоор жирийн хүмүүст зөв мэдээлэлийг нь өгөхгүй байх нь айлын хүүхэд зодуулаад орилоод байхад орохгүй байхтай адил хариуцлагагүй явдал болох болвуу гэж бодоод бас салхи гаргамаар санагдав.
Вакцинд хийлгэхгүй хүмүүсийг хоёр бүлэг болгож болох байх. Эхнийх нь их актив- өөрөөр хэлвэл уриалан дууддаг, хэвлэж нийтэлдэг, идэвхитэй эсэргүүцдэг. Монголчуудын мэдэх жишээ бол эмэгтэйчүүдйин эмч Л. Баярсайхан, гал үндэстэн холбооны Э. Одонгэрэл нар. Нас хүйс боловсрол орлого харгалзахгүйгээр вакцин эсэргүүцэж байгаа нь төрөлхийн паранойд хандлагатайг нь харуулж байгаа болхоор ийм хүмүүстэй эрүүл ухаанаар харьцаж дийлэхгүй байх. Пассивууд нь бол хөрөнгө, боловсролоос үл хамааран итгэмтгий, сүрдэмтгий хүмүүсийн ерөнхий зураг харагдаад байдаг юм. Активууд нь пассивуудаа яаж мунхруулж байгааг нь сайн үзвэл хэд хэдэн нийтлэг логикийн но байна. Энэ бичлэгт алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ч санаанаасаа зохиож бичээгүйгээ батлахын тулд хаанаас ямар мэдээлэл авсан аа ишлэн бичлээ. Хэрэггүй бол илгасна биз...
1- “Чанартай вакциныг баруунлуу явуулаад, чанаргүйг нь ядуу улсруу явуулдаг”- дэлхийд нэг тийм бүх үйлдвэрлэгдсэн вакцины сайн мууг тогтоогоод мууг нь ядуу бидэнд хүргүүлдэг нэг тийм айхтар нарийн систем байх шиг байна. Сүүлдээ нарийсаад “чанарыг А, В, С гэж ангилдаг” гэдэг болж. Бодвол энэтхэгүүд дураараа үржээд байгаа болхоор тоог нь хязгаарлах гэж байгаа юм байлгүй. Вакцины үйлдвэр болгоны олон мянган эзэд, ажилтан, хувьцаа эзэмшигчид энэ маш нууц бүлэгт ороод, ДЭМБ-ийн ядуу улсуудад зориулсан вакцин худалдан авалтыг өөртөө ашигтайгаар шийдэж аль муу сери нь ямар улсад очихийг нууцаар нарийн зохицуулж чаддаг бололтой. Хэрэв тэгэж чаддаг бол АНУ-ын ТTГ-аас мундаг байх нь. Баян улсууд өөрсдөө вакцинаа худалдаж авдаг болхоор тэдний ЭМЯ-нд бас хүн нь байдаг байж таарна. Уг нь бол ядуу улсууд олон жижиг худалдан авалт хийхийн оронд нийлүүлээд нэг том захиалга үйлдвэрт нь өгвөл хямдаар авч болдог болхоор ДЭМБ ядуу улсуудын вакцинжуулалтын ажилд тусалдаг юм. Дээрээс нь вакцины зардалд дотаци өгдөг. Вакцинд зарсан нэг доллар болгон өвчний эмчилгээний 18 доллар хэмнэдэг гэсэн байсан. Тэгэхлээр байгаа жоохон мөнгөөрөө аль болох олон хүүхэд тарих нь зөв менежмент байж таараа. Энэ зарчмын дагуу олон хүүхдэд хэрэглэх тунг нэг савлаж бас зардал хэмнэдэг. Нээрээ Энэтхэг, Нигерийг үргүй болгох гэж байгаа бол маш муу л ажиллаж байгаа бүлэг байна даа. Хүн ам нь сүүлийн 40, 50 жилийн турш улам нэмэгдсээр л... Тийм хуйвалдааны онолд дуртай юм бол Роберт Ладлумын Матаризын Тойрог номыг олж уншицгаагаарай, Жейсон Борны гурвалыг бичсэн зохиолч. Тасархай, итгээд наачхана. Дууссаныхаа дараа харин номноосоо гарах хэрэгтэй.
2- Хоёр дахь таамаглал нь эмийн компаниуд вакцинаар аймар их мөнгө хийгээд баяжаад байна гэдэг. Мэдээж аймар их мөнгө гэдэг ойлголт харьцангуй. Тэгэхлээр эмийн том компаниуд жилд хэдэн долларын гүйлгээтэй байдгийг үзэх хэрэгтэй. Ийм мэдээлэлийг АНУ-ын үнэт цаасны хороонд мэдүүлсэн байдлаар нь харж болно. Эмийн компаниуд хувьцаа гаргасан байдаг болхоор эргэлтийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх ёстой, буруу мэдээлсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг. 2009 оны баримтаас хархад эмийн бизнесээр хамгийн өндөр гүйлгээтэй компани нь Жонсон ба Жонсон /61,9 тэрбум ам. доллар/ байсан байна [1]. Эхний аравт бичигдсэн компаниудын хамгийн бага нь 22,3 тэрбум ам. долларын гүйлгээтэй Германы Байер Хэлскер байсан байна [2]. Харин дэлхийн нийт эмийн зах зээлийн хэмжээ Английн эмийн компаниудын холбооны тооцоолж байгаагаар 2009 онд 800 тэрбум ам. доллар байсан байна [3]. Харьцуулахад Монголын ДНБ 2009 онд 10,63 тэрбум ам. доллар байсан гэж АНУ-ын ТЕГ-ынхан үзсэн байхад [4] ОУВС 6 тэрбум ам. доллар байсан гэж үзсэн байна [5]. Гэтэл нөгөө вакцинууд маань нийт хэдэн долларын зах зээлтэй вээ? Тоо бас л судалгааны эх үүсвэрээсээ хамаараад янз бүр, гэхдээ ДЭМБ-ийн баримтан дээр 24 тэрбумыг тэмдэглэсэн байна [6]. Вакцинаар дэлхийн хамгийн их борлуулалт хийсэн компаниудыг нөгөө л АНУ-ын ҮЦХ-нд 2009 онд мэдэгдсэн байдлаар нь жагсаавал эхэнд нь Английн ГлаксоСмит Клайн 5,772 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 12,8% [7], хоёрт Францын СанофиАвентис 4,980 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 8,3% [8], гуравт АНУ-ын Мерк 3,631 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 13,2%-ийг олсон байна [9]. Вакцины судалгаа, үйлдвэрэлэл, түгээлтийн хүндрэлүүд нь жирийн эмнийхээс их байдаг болхоор /байнга хүйтэн байлгах хэрэгтэй г.м/ цэвэр ашгийн хэмжээ бага, зах зээлийн хэмжээ нь хурдан өсөж байгаа ч /2016 онд 56,6 тэрбум ам. доллар болох тооцоо байна [9]/, жишээлбэл, антибиотикийн 2009 оны зах зээлтэй харьцуулашгүй /2009 онд 78 тэрбум ам. доллар/ бага байгааг эмийн компаниудын өөрсдийн тооцоо нь харуулж байна [10]. Эмийн компаниудад хамгийн их борлуулалт өгдөг эмийн бүлгүүд бол зүрх судасны эмүүд 160 тэрбум ам. долларын зах зээлтэй, сэтгэц, төв мэдрэлийн системийн эмүүд- 132 тэрбум ам. доллар, антибиотикууд 78 тэрбум ам. доллар, хавдрын эмүүд 49 тэрбум ам. доллар [10]. Өөрөөр хэлбэл өвчнөөс урьдчлан сэргийлэхээс илүү хууч өвчид зориулж эм үйлдвэрлэх нь ашигтай байгаа учир туршлагатай чадалтай компаниуд шинэ вакцины судалгаанд хөрөнгө зарах явдал аа багасгаж байна.
3- “Өөр хүмүүс вакцинжуулагдвал би тариулах хэрэггүй”- энэ бас буруу ойлголт, аль болох олон хүн дархлаатай байжээж нярай, дархлалын хомсдолтой эмзэг хүмүүсээ хамгаалж, халдвар дэгдэхгүй, тархахгүй байх боломжийг бүрдүүлдэг. Энийг сүргийн дархлаа гэдэг. Гадаадаас халдварт өвчтэй хүн ирэх зарим тохиолдолд вакцин хийлгээгүй хүн өвчнийг тараах, хүндрүүлэх үүр болох тохиолдол байдаг. Вакциныг дархлааны хомсдолтой зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсээс бусдад бүгдэнд хийж байж дархлааг бүрэн үйлчилдэг болгоно, халдвар гарсан ч хор нөлөө багатай эмчилж болно.
4- Дараагийн нэг хэлдэг үг бол “эрүүл хүүхдэд бактери вирус тарих хэрэггүй, өөрөө олж аваг”- гарууд зөвхөн ханиад томуу мэтийн лайт өвчинг л вакцинддаг гэж бодоод байх шиг байна- үгүй л байхгүй юу. Саа гэж нэг лай байсан, вакцины ачаар мартсан бололтой. Энэ бол вакцины гавьяа. Өөрийнх нь хүүхэд нь өрөөл татанхай болвол байгалийн юм зүгээр гэх нь байна л даа. Цэцэг өвчин арьсыг алаг эрээн болгож хүүхдийг насаар нь эрэмдэг болгодог байсан. Азаар, цэцэг өвчин одоо байгальд байхгүй, бас л вакцины гавьяа. Гахайн хавдар эрэгтэй хүүхдийг үргүй болгодог, бас вакцины ачаар бүгд мартаж. Өвчний вирус, бактерийн халдвар авсан хүүхэд болгон үхэж, зовохгүй ч багагүй хувь нь эрүүл мэнд, амь насаараа хохирдогийг гарууд мартсан байна. Улаан бурхан 2000 онд л гэхэд дэлхий даяар нийт 800000 /найман зуун мянга/ хүүхэд алсан, харин вакцинжуулалтын ачаар 2010 онд энэ тоо 139000 болж буурсан гэж ДЭМБ тооцоолсон байна [11]. Гэхдээ л цаг болгон 15 хүүхэд хамгаалж болох өвчнөөс болоод нас барж байна. Вакцин эсэргүүцэж байгаа хүмүүсийн хүүхдүүд энэ статистикт орсон бол яах байсан бол? МУ-д энэ өвчнөөр 2007 онд 6 хүн өвчилсөн гэж ЭМХҮТ-ийн тайлан дээр бүртгэгдсэн байна, нас баралт байхгүй [12]. Ховор болхоор хүмүүс арьсан дээр улаан тууралт гараад жоохон халуураад болоо гэж боддог юм шиг байгаан. Уг нь бол эмчлэхгүй бол өвчлүүлсэн хүүхдүүдийнхээ 10%-ийг тархины үрэвсэл мэтийн хүнд өвчнөөр алж чаддаг халдвар. Монголын вакцинжуулалт нь 98,4% байсны гавьяа. АНУ зэрэг ЭМ сайтай газар устгагдсан гэж үздэг, гэтэл 2011 онд 222 хүн өвчилсөн байна, үүнээс 86% нь вакцинаа ямар нэгэн шалтгаанаар тариулаагүй байсан байна. Үлдсэн 14% нь нярай, гадаадын иргэд гэх мэт шалтгаантай байсан байна. Вакцин тариулаагүй нярай хүүхдүүдийн дунд 4 нь ах эгч нь зориудаар вакцин тариулаагүйгээс болж халдвар авсаны улмаас дам халдвар авсан байсан байна. Хэрэв эргэн тойронд нь байгаа том хүүхдүүд дархлаажуулагдсан байсан бол сүргийн дархлааны зарчмын дагуу тэр нярайнууд халдвар авахгүй байх байсан. Тэгэхлээр вакцин эрэгүүцэнэ гэдэг нь зөвхөн тухайн хүний хувийн сонголт биш юм. Өрөөл бусдын хүүхдийг хамгаалах үүрэг тэр хүмүүст байгааг харуулж байгаа бөгөөд үүнийг зөрчвөл нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байна гэж үзэх үндэслэл бий болж байгаа юм. Ийм учир Унгарт л гэхэд вакцинаа хүндэтгэх бус шалтгаанаар бүрэн хийлгээгүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт авдаггүй.
5- “гаж нөлөө ихтэй, хийлгэхгүй”- ямар вакцины ямар гаж нөлөө гэдэгээс бүх юм хамаарна. Бүх гаж нөлөө адилгүй. Хүмүүсийн санаанд ордог өрөөл татанхай болгодог үхүүлдэг гаж нөлөөнүүдийг хүнд гаж нөлөө гэж ангилаад 100000 /зуун мянга/ тун тутамд нэгээс их тохиолдох магадлалтай бол вакциныг хэрэглээнээс хасах хүртэл арга хэмжээ авдаг. Одоо эргэлтэнд байгаа вакцинуудын гаж нөлөөг олон жил олон улсад тандсан судалгаанаас хархад хүнд гаж нөлөөтэй вакцин байхгүй болсон.
6- “мөнгөн устай”- мөнгөн ус нь гажиг үүсэгдэгийг баталсан ямар ч судалгаа баримт байхагүй ч одоо мөнгөн устай вакцин үйлдвэрлэхгүй байгаа
7- “Вакцинд байдаг вирус бактери нь эргээд өвчин үүсгэдэг”, “жоохон хүүхдэд гэнэт тийм их бактери вирус тарих нь муу”- вакцины үйлчилгээний механизмын талаар мэдлэг муу байгаагийн шинж. Вакцин болгон өөр бүтэцтэй байдаг ч гол зарчим нь дархлааны тогтолцоонд өвчин үүсгэгчийн нийтлэг уургийг таниулж цагаан эсүүдээр эсрэг бие үүсгүүлдэг. Тэр нийтлэг уургийг, уургийн хэсгийг эпитоп гэдэг. Эпитопыг хэд хэдэн аргаар биед оруулж болдог. Өвчин үүсгэгчийг химийн бодисоор сулруулж/устгаж байгаад тарих арга их хэрэглэгддэг байсан. 1963 оноос 1996 он хүртэл хэрэглэгдэж байсан амаар уудаг саагийн сулруулсан вакцин 2,4 сая тунд нэг удаа саажилт үүсгэх магадлалтайг илрүүлсэний дараа үхүүлсэн вирусын гаралтай тариагаар эхлэж дархлаажуулдаг болсон. 1997 оноос хойш вакцины гаралтай саа бүртгэгдээгүй. Тухайн уургийг эсвэл уургийн хэсгийг дангаар нь нийлэгжүүлдэг ДНХ-ийн хэсгийг өөр амьд биетэд суулгаж байгаад /ген өөрчлөгдсөн амид биет/ гаргаж авах шинээр хэрэглэгдэх болсон. Энэ аргыг ген рекомбинацын арга гэдэг. Шинэ вакцинууд энэ аргаар үйлдвэрлэгддэг болсон учир вакцин тарихад өвчин үүсгэх боломж байхгүй. Уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн вакцины тохиолдолд ч гэсэн тунд агуулагдах өвчин үүсгэгч эпитопын тоо нь халдварын үед авах хэмжээнээс хэд дахин бага байдаг.
8- “Ядуу орнуудад вакцин туршдаг”- монгол улсын эмийн хуулиар зөвхөн 3 өөр улсад анх бүртгэгдээд 3-аас доошгүй жил болсон, ДЭМБ-ийн баталгаатай үйлдвэрлэгчээс эм, вакцин импортлохыг зөвшөөрдөг учир туршилтын шатанд яваа ямар ч эмийг их хэмжээгээр оруулж ирэх боломж байхгүй /ганзагын аргаар орж байгааг энд дурьдсангүй/. Үүнээс гадна вакцин авах процесс нь ДЭМБ-ийн өөрсдийн шалгаруулалтын явцын дагуу сонгогдсон үйлдвэрлэгчээс ДЭМБ-ийн тохирсон үнийн дагуу МУ худалдан авж байгаа учир чанарын шаардлага хангаагүй вакцин нийлүүлэгдэх магадлал маш бага. Элэгний үрэвслийн В вирусын вакцинтай холбоотой хийгдсэн МУ-ын өөрийн судалгаанаас хархад вакцинжуулалтын улмаас үүссэн эсрэг биеийн хэмжээ хүүхүүдэд хангалттай түвшинд байгааг харуулсан нь хэрэглэгдэж байгаа HBV эсрэг вакцин лав үр дүнтэй байгааг батлаж байгаа юм. Тэр судалгаанд илэрсэн нэг доголдол бол харин хүйтний улиралд орон нутагт тарьсан вакцин нь хэрэгтэй эсрэг бие үүсгээгүй байх магадлал харьцангуй өндөр байсан нь вакцин хадгалалтын горим алдагдсан байх /хөлдсөн/ магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна [13].
9- “Вакцин тархины хөгжлийг гэмтээдэг”, “хавдар үүсэгдэг” энэнд бол хэлэх ч үг алга. Ямар баримт байна? Хэн тэгэж байна? Youtube ээр гарсан бичлэг болгон үнэн байдгүйг гарууд эрх биш мэдмээр юм аа. 2012 онд Монголд байгаа улсууд шүү дээ уг нь, ямар Афганистан, африк, Пакистан биш дээ. Жоохон тархиа ажиллуулмаар юм.
Вакцин бол маш нарийн бүтэцтэй эмзэг бараа. Үзүүлэх үйлчилгээ нь ч гэсэн ээдрээтэй механизмаар явагддаг. Гаж нөлөө ямар ч эмэнд байдаг. Гэхдээ тэр гаж нөлөө нь чухам яг вакцинаас болж үүдсэн үү, эсвэл цаг хугацааны хувьд давхардав уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ихэнх вакцинаас болж нас барлаа гэсэн мэдээлэлүүдийг мэргэжлийн үүднээс шалгахад тохиолдолын чанартай үхэл, эсвэл өөр өвчний улмаас байсан нь мэдэгддэг. Монголд сүүлийн хэдэн хоногийн өмнө сонин дээр гарсан хөл мэдээгүй болсон охины тухай мэдээлэл ч гэсэн вакцинтай холбоотой гэхээсээ илүү тохиолдолын чанартай мэдрэлийн өөр өвчин байсан байх магадлалтай. Гиллян-баррегийн өвчин мэдрэлийн үрэвслийн цочмог хэлбэрээр илэрдэг, хэсэг хугцааны дараа өөрөө эдрэгэх нь олонтаа. Энэ ч байсан байж болно. Статистикийн аргаар судлаж байж вакцин суумгай болгож байгаа эсэхийг баттай хэлж болно. Хүн болгонд үзүүлэх гаж нөлөө нь ч адилгүй. Адилхан өвчин хүртэл өөр өөрөөр илрэх тохиолдол байдаг. Зарим хүүхдүүд вакцин хийлгээд удаан халуурна, зарим нь халуурахгүй. Зарим нь толгой нь эргэнэ, зарим нь эргэхгүй. Хүний өөрийн онцлогоос хамаарах болхоор зөвхөн вакцины гаралтай гэж хэлхэд хэцүү. Нэг судалгаанд хэсэг хүнд В вирусын вакцин, нөгөө хэсэгт нь плацебо /эмгүй тариа/ тариад гаж нөлөөг судалсан байна, өвчтөн, эмч нар ямар тариаг нь авч байгааг мэдээгүй бөгөөд бүгд вакцин тариулж байна гэж бодсон байна. Илэрсэн гаж нөлөөг шалгахад хөнгөн /толгой эргэх, өвдөх гэх мэт/ хэлбэрийнх нь хоёр бүлэгт адилхан давтамжтай байсан нь гаж нөлөөнд хүний сэтгэлийн байдал хүртэл нөлөөлж болхыг харуулж байгаа юм.
Энэ бүгдээс хархад орчин үед мэдээлэл тараадаг, тархдаг, олж авдаг аргууд өдөр ирэх тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа учир иргэд аль болох найдвартай, албан ёсны эх сурвалжид хандаж байх хэрэгтэйг харуулж байна. Мэргэжлийн албад, мэргэжлийн хүмүүс харин шинэ үетэй зохицож ажиллаж сурахгүй бол дутуу, удаан, хангалтгүй мэдээлэл хүргэж байгаа нь хүмүүсийг төөрөлдүүлж, итгэл алдуулж, хариуцлагагүй хүмүүсийн өгөөш болход хүргэж байгааг анхаарах хэрэгтэй байна. Буруу мэдээлэлийг санаатай тарааж байгаагаас болж зөвхөн тэдэнд итгэсэн хүний хүүхдүүд хохироод зогсохгүй та бидний хүүхдүүд ч хүртэл гэмтэх магадлалтай байгаа учир бүгд мэдлэгээ дээшлүүлж, шаардлага тавьж, хүүхдүүдээ хариуцлагтайгаар вакцинжуулах хэрэгтэй байна.
1. Johnson, J.a. 2009 Fourth-Quarter and Full-Year Results. 2009; Available from:http://www.jnj.com/connect/news/financial/20100125_130000.
2. Healthcare, B. Annual report 2009. 2009; Available from:http://www.bayer.com/en/annual-reports.aspx.
3. ABPI. Global pharmaceutical industry and market. 2011; Available from: http://www.abpi.org.uk/industry-info/knowledge-hub/global-industry/Pages/industry-market-.aspx#fig1.
4. CIA. Annual report. 2009; Available from:https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html.
5. IMF. Annual report. 2009; Available from:http://www.imf.org/external/pubs/ft/weo/2012/02/weodata/weorept.aspx?pr.x=63&pr.y=9&sy=2010&ey=2017&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=948&s=NGDPD&grp=0&a.
6. WHO, Reducing risks to health, promoting healthy life. JAMA: The Journal of the American Medical Association, 2002. 288(16): p. 1974-1974.
7. Kline, G. Annual report. 2010; Available from:http://google.brand.edgar-online.com/EFX_dll/EDGARpro.dll?FetchFilingHTML1%3FID=7088103&SessionID=7zmvHFqxm7HIH77.
8. Sanofi. Annual report. 2009; Available from:http://www.sec.gov/Archives/edgar/data/1121404/000119312510054671/d20f.htm.
9. Alliance, T.W.B.a.G. Immunization Financing Toolkit. 2010; Available from:http://www.who.int/immunization_financing/tools/Brief_15_Vaccine_Market.pdf.
10. AstraZeneca. AstraZeneca annual report. 2010; Available from: http://www.astrazeneca.com/Investors/SEC-filings.
11. WHO. WHO report on measles. 2000; Available from:http://www.who.int/mediacentre/factsheets/fs286/en/.
12. төв, Э.м.х.ү., ЭМ-ийн үзүүлэлтүүд, 2007, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв: Улаанбаатар. p. 27.
13. Davaalkham, D., et al., Administration of hepatitis B vaccine in winter as a significant predictor of the poor effectiveness of vaccination in rural Mongolia: evidence from a nationwide survey. Journal of epidemiology and community health, 2007. 61(7): p. 578-584.

Tuesday, January 15, 2013

Түргэн хоол тийм сайхан эд биш


Өнгөрсөн долоо хоногт монголд KFC-ийн салбар нээгдэх гэж байна гэж уншаад яах нь вэ гэж бодож байсан юм. Мэдээж оруулж ирж байгаа хүмүүс нь дэлхийд алдартай гэж ирээд л бөхийн цол уншиж байгаа аятай. Яагаад би баярлаагүй вэ гэдгээ тайлбарлах гэж оролдъё. Хамгийн нэгдүгээрт ийм хоолны газруудын түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулаад хөлдөөдөг. Өндөр илчлэгтэй, хэт их давс, өөх тос агуулсан хоолоо маргаринд шарж зардаг шүү дээ. Маргарин гэдэг чинь өөхөн тосноосоо илүү хортой эд гэж зарлаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгааг та бүхэн эрх биш мэдэх байлгүй. Дээр нь энд хоол идсэн хүн чинь хийжүүлсэн ундаа бас ууна. Түргэн хоолны газар олны хэрээр таргалалт болоод таргалалт бодисийн солилцооны эмгэг өсдөг нь нууц биш.
Өчигдөр эндхийн сонин хэвлэл дээр түргэн хоолны газруудтай холбоотой бас нэг шинэ судалгааны тухай гарчээ. Дэлхийн 51 орны 13-14 настай 319 мянга, 31 орны 6-7 настай 181 мянган хүүхэд оролцсон судалгаа юм байна. Олон орныг хамарсан болохоор газар зүй болоод ахуй соёлын ялгаа үр дүнд нөлөөлөхгүй, бас маш олон хүүхэд оролцсон нь судалгааны үр дүнгийн чансаа өндрийг харуулсан чамбай судалгаа болж.
Өсвөр насныхан (13-14 настнагууд) долоо хоногт гурваас дээш удаа бүргэр, пицца, шарсан төмсний төрлийн хоол иддэг бол хурц хэлбэрийн багтраа өвчнөөр өвчлөх эрсдэл 39% өсдөг гэжээ.  Харин 6-7 настангуудын хувьд эрсдэл 27%-иар өссөн байна. Зөвхөн багтраа биш амьсгалын дээд замын өвчлөл, экзэмийн өвчлөл бас нэмэгддэг юм байна. Харин энэ өссөн эрсдэл долоо хоногт гурваас дээш удаа шинэ жимс иддэг бол 11-14%-иар буурдаг гэжээ.
Монголчууд бидний хувьд энэ мэдэж байвал зохих судалгаа болов уу. Ялангуяа Улаанбаатарын агаарын бохирдол амьсгалын замын өвчнийг тэртээ тэргүй хөөрөгдөж байгаа, дээр нь эрүүл болоод шинэхэн жимс ногоо идэх боломж тааруу учраас эрсдэл бүр өндөр байх магадлал өндөр.
Амьдрал дээр тас хорих түвэгтэй, хүүхдүүд иймэрхүү хоолонд дуртай байдаг нь үнэн. Тэр тохиолдолд сард нэг хоёроос илүүгүй байхаар зохицуулах нь зөв болов уу.

Friday, January 11, 2013

Гоё бас муухай

1. Дэйвид Боуи (David Bowie) өнгөрсөн 10 жилд чимээгүй явсанаа шинэ дуу бичүүлсэнийг олж мэдэв. Энэ дуу нь гоё, харин бүтэн цомгийг нь 3 сар хүртэл хүлээх нь муухай.. Гурван сард цомог гарангуут нь худалдаж авна гэж анаад сууж байгаа. Энэ хүн нөгөө хэний билээ хэлдэгээр өөр од шүү.




2. Данийн телевизийн олон ангит "Аллага" (The Killing) цуврал гоё. Цувралын гол дүр Сара Лунд бас гоё. BBC үзүүлдэг болохоор зар сурталчилгаа байхгүй гоё, дээр нь хоёр ангийг нэг дор үзүүлж хорхой дардаг бүр гоё. Гурамсан цуврал юм билээ, би сүүлчийнхийг нь энэ жил үзсэн. Зохиолч нь энэ цуврал ингээд дуусаа дахиж бичихгүй хийхгүй гэсэн (муухай...). Энэ Скандинавийнхан яаж ийм амьсгаа бөглөчих гэсэн айхавтар цуврал хийдэг улс юм бүү мэд.


3. Айпад дээрээ монголын радиогийн апп худалдаж авсан юм. Заримдаа ажилладаггүй нь муухай ч ажилласан үедээ гоё. Хоол хийж байхдаа "Москва орчмын үдэш" дууны түүх, Орхоны хөндийн шувууд ба амьтадын тухай нэвтрүүлэг, Шарын голын ногоочин айлтай хийсэн ярилцлага, болоод үдшийн үлгэр сонссон гоё. Нэвтрүүлгүүдийн чанар сайн байна лээ, хүмүүс даанч телевиз, FM радио, интернэт гээд сонсохоо байсан юмдаг уу. Энэ апптай хамт "Элгэн нутаг" FM-ийн апп авсан. Нэвтрүүлэгчид нь уртаашаа 200 гаруй л үг хэрэглэдэг, хэлээ зажилдаг, хүнд хэрэгтэй юм юу ч явдаггүй муухай.

4.  Masterchef Professional гоё: Жилд мэргэжлийн мэргэжлийн бус гэсэн хоёр тэмцээн явдаг юм. Манай гэрийнхэн том жижиггүй бүгдийг нь үздэг. Тэр үеэр манай хоолны зардал мэдэгдэхүйц нэмэгдэх бөгөөд шинэ хоолны жор олныг туршиж үздэг. Мэргэжлийн тэмцээний шүүгч Michel Roux jr-ийн бэлтгэсэн жорууд гайхалтай гоё. Боломж гарвал түүний Лондонд байдаг Le Gavroch ресторанд хоол идэж үзэхсэн гэж мөрөөддөг.


5. OMD (Orchestral Manoeuvres in the Dark) Enola Gay дуу гоё. Саяхан энэ дууны тухай түүх сонссон сонин байлаа. Enola Gay гэдэг нэртэй онгоцоор Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм билээ. Онгоцоо нисгэгчийн ээжийнх нь нэрээр нэрлэсэн гэнэ. Түүхийг нь сонсоод дууны үгийг уншвал утга санаа нь шал өөр болоод явчихсан бас гоё.



Songwriters: MC CLUSKEY, ANDREW

Enola gay, you should have stayed at home yesterday 
Aha words can't describe the feeling and the way you lied 

These games you play, they're gonna end it more than tears someday 
Aha enola gay, it shouldn't ever have to end this way 

It's 8:15, and that's the time that it's always been 
We got your message on the radio, conditions normal and you're coming home 

Enola gay, is mother proud of little boy today 
Aha this kiss you give, it's never ever gonna fade away 

Enola gay, it shouldn't ever have to end this way 
Aha enola gay, it shouldn't fade in our dreams away 

It's 8:15, and that's the time that it's always been 
We got your message on the radio, conditions normal and you're coming home 

Enola gay, is mother proud of little boy today 
Aha this kiss you give, it's never ever gonna fade away

Wednesday, January 9, 2013

Самар хагалагч



Манайхан орчуулахгүйгээр Шелкунчик гэдэг шиг санаж байна, зул сарын баярын бэлэг тэмдэг болсон энэ балетийн хөгжмийг Петр Ильич Чайковский ахай бичсэнийг хүн бүр мэддэг бизээ. За даа би найм есөн настай л байсан болов уу, энэ балетийн хөгжмөөр хийсэн оросын хүүхэлдэйн кино үзэж анх танилцаж билээ. Тэр үед их л сэтгэл хөдөлж, цээж дотор эрвээхэй дэвэх шиг санагдсанаа ерөөсөө мартдаггүй юм. Одоо ч энэ хөгжмийг сонсох дуртай.
Арван хоёр сард Шотландын балетийнхан Глазгоу-д энэ бүжгэн жүжгийг тоглосонд олзуурхан охиноо дагуулж үзсэн билээ. Охиноо балчирдаад жаахан уйдах болов уу гэсэн жүжиг дуусан дуустал тайз уруу тас ширтэн үзсэн шүү. Ирээд дээрх зургийг зурсан юм, их л сүрхий сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Надад энэ жүжгийн хоёдугаар хэсгийн хөгжим ялангуяа төгсгөлийн вальс маш их таалалгддаг. Сонсох бүрд яг л анх мэдэрсэн сэтгэлийн хөдлөл давтаж, би гэдэг хүн эргээд жаахан охин болчих шиг санагддаг юм.

Monday, January 7, 2013

Шинэ оны анхны бичлэг


За та бүхэн сайхан баярлаж, сайхан амарцгаасан биз дээ. Би нь бахь байдгаараа хүүхдийн амралт эхлэнгүүт гараад уржигдар л нэг юм гэрийн бараа харлаа. Ууж идэж зугаалах гоё ч, амралт дуусаад байдагтаа ирж өөрийнхөө оронд унтах ч бас сайхан шүү. Амралт болгоноор хэсээд алга болдог болохоор манайх гэдэг айл энэ байранд нүүж ирээд жил гаруй болж байж тохижиж амжаагүй, өрөө болгонд бас хонгилд хэд хэдэн цаасан хайрцаг задраагүй байж л байдаг. Доторхийг нь жил гаруй болоход үгүйлээгүй юм хойно хэрэггүй хог новш юм байлгүй дээ гээд гаргаад хаячихаж арай түвдэхгүй л байна. Хананд өлгөх зургануудаа энэ хананд гээд түшүүлж тавьчихаад өлгөөгүй (за энэ бол миний буруу биш хар хүнийх юм биз ээ), тэр нь шал цэвэрлэх болгонд түвэг болсоор. Ирэх жил гэртээ өнжөөд хүн шиг тохижсон чинь бас нүүх болчихдог юм болов уу ккк.

Миний хувьд энэ жил их сайхан жил болох нь ээ. Энэ зун монгол явах тодорхой болсон, адгуу хүн чинь хоног тоолоод эхэлчихсэн. Амьтан ах дүүтэйгээ тав тухтай уулзах юм шүү гэж бодоод байна. Хамгийн сүүлд хариад үерт боогдоод арваад айлаар хоёр өдөр хальт мөлт орсон болоод гарсан. Уулзсан ч юм шиг уулзаагүй ч юм шиг онцгүй юм билээ.

Энэ жилийн цагаан сараар ганц гэрээр биш хоёр айл нийлж битүүрэх байх. Энд амьдардаг залуутай сая онгоцны буудал дээр таарч, өнөөх маань цагаан сараар хэсэх айлтай боллоо гээд их баярлаж, бидэнд ч бас шинэ сонин сайхан байх нь гээд их бэлэгшээж байгаа. Өнөөдөр бас энд шотландын нэг сургуульд сурдаг бололтой залуу уулзах юмсан гэж эмайл бичжээ. Үгүй ингээд олуулаа болох шинжтэй, энэ завшааныг ашиглаад би гэдэг хүн гэр орны тохижилтын ажлыг хурдасгаж, цагаан сараар ямар ч гэсэн хайрцагаа суллаж, хэдэн зургаа өлгөсөн байя гэж зорилт тавиад байна. Цаг нь ирсэн баахан шалтаг тоочоод хийгээгүй сууж чадах л хүн шүү ккк.

Зорилт гэснээс блогдоо олигтой бичлэг оруулаагүй уджээ. Ямар ч гэсэн оны өмнө уншсан хэд гурван номныхоо тухай, сая тэнүүчилсэн Луар голын хөндийн хаадын ордын тухай мартахаасаа өмнө бичих юм шүү. Тэгэж хэсэж явахдаа цагтаа мөнгө хөрөнгийг хайр найргүй үрж тансаглаж байж гэж ойлгож болох авч эцэстээ ингээд түүхийн гэрч болж үлдэх нь сайхан хэрэг юм уу даа. Лондонгийн өнөөгийн төрхийг бий болгосон хунтайжийг цагтаа английн парламент, жирийн иргэд жигтэйхэн их шүүмжилдэг байсан гэдэг. Гэтэл өнөөдөө Лондон хотын нүүр царай тэр хүний хийснээр л байгаа юм даа. Өнөөдөө нэг их сүйдтэй биш санагдах юм хэдэн зуун жилийн хойно үнэд орж, тэр бүү хэл бидний цаг үеийг тодорхойлох ч юм уу хэн мэдлээ.


Шэнонсоо ордон (Chateau de Chenonceau)


Шамбор ордон (Chateau de Chambord)


Шэвэрний ордон (Chateau de Cheverny)

Би чинь өнгөрсөн зуны аялалынхаа тухай бичиж дуусгалгүй орхисноо яаж ийгээд дуусагх юмсан гэж бодоод л байна. Хэд хэдэн янзын хоолны жор туршсан, зурагнууд нь байж байгаа эмхэлэмээр болчихож. Хийх юм их байнаа, завгүй жил болох нь, үгүй тэгээд хийх юмгүй гиюүрсэнээс хамаагүй дээр биз дээ. Та бүхэн ч гэсэн энэ жил завгүй байгаарай даа.