Sunday, October 16, 2011

Хойд Солонгосын ажилчид Монголд?

Хоё хонoгийн өмнө BBC мэдээгээр шотландын "Edinburgh Woollen Mill" компанийн зардаг ноолууран эдлэл монголд хойд солонгосын ажилчдын гараар бүтдэг гэжээ. Сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод очиж нягтлан шалгасан байна. Үнэхээр "Ээрмэл" хувьцаат компанид хойд солонгосын ажилчид ажилладаг юм байна. Тэднийг уг компани халуун устай байр, хоол ундаар хангаад харин цалинг нь Хойд Солонгосын засгийн газарт төлдөг гэнэ. Цалингийн хэдэн хувь нь ажилчдын гар дээр ирдэг нь тодорхой биш, ингэхэд Ээрмэл хувьцаат компани дарангуйлагчийг санхүүжүүлж байгаа хэрэг биш үү? Их Британийн "Edinburgh Woollen Mill " компани ямар учраас ийм сонин гэрээ байгуулж ажиллаж байгаа хэрэг вэ, энэ нь цаашлаад хүний эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа хэрэг бус уу гэж BBC асуудал тавьж байх юм.
Ингэхэд ямар шугамаар ямар гэрээгээр ийм ажилчид монголд орж ирсэн нь надад сонин санагдлаа. Монгол залуусаа мянга мянгаар нь харь оронд илгээдэг атал хойд солонгосоос ажилчид авчирч ажиллуулж байдаг. Ингэхэд ажилчдын цалингаа ямар түвшинд бодож хойд солонгосын засгийн газарт төлж байгаа бол? Хойд Солонгосын засгийн газрын гэрээгээр учраас их бага лав биш байгаа. Явсан нь байг гэхэд үлдсэн дунд нь ажил хийгээд амжиргаагаа дээшлүүлэх чадалтай хүн байж байгаа ш дээ.
Нөгөө талаар дарангуйлагчийг тэтгэж, хүний эрхийг зөрчиж байгаа улсын тоонд орчихож байгаа юм шүү дээ. Нөгөө ардачлалын үлгэр жишээ энэ тэр гээд байсан хаана байна? Энэ хэнбугайн хийсэн бизнес юм бол? Ер нь яахаараа манай төр Хойд Солонгостой сүүжрээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Арай ч дээ...
Эндээс эх нийтлэл болоод бичлэгийг үзэж болно.

Friday, October 14, 2011

Норманд нутаг

Францын баруун хойд хэсгийг эзлэн орших Норманд нутаг Францын газар нутгийн 5%-ийг эзэлдэг аж. Үүх түүх нь энд ирж суурьшсан викинг гаралтай хүмүүсийн нутаг гэх. Викингчууд хот тосгод дайрч дээрэм тонуул хийгээд болохгүйд нь тухайн үеийн эзэн хаан нутаг тасалж өгч, Норман гүнлэг хэмээн нэрлэсэн гэдэг. Өдгөө энэ нутаг засаг захиргааны хоёр мужид хуваагддаг (Haute-Normandie, Basse-Normandie); дээд доод Норманд. Энэ зун дээд болоод доод Норман нутгаар овоо хэдэн хоног хэсүүчлэх боломж таарсан юм.
Дээд Норманд нутаг хөдөө аж ахуйн том бүс нутаг. Бороо хур ихтэй, үржил шимтэй хөрсөнд юу ч тарьсан сайхан ургадаг гэлцдэг юм байна. Улаан буудайн ургац жилдээ хоёр удаа авдаг гэж уулзсан тариаланч хэлж байсан. Норманд бас сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай. Хүрэн алаг Норманд үнээний сүү тослог ихтэй, ийм сүүний цөцгий, цөцгийн тос, бас тослог зөөлөн бяслаг (brie, camamber) нь алдартай.
Эндхийнхэн алим их тарина, цаг агаар нь тохиромжтой болоод тэр биз. Алимны нухаш, алимтай бялуу, исгэсэн алимны шүүс (cider; манайхаар бараг бараашиг гэвэл болмоор), бас шүүсээ нэрж хийсэн алимны архи (calvados) нь энэ нутгийн онцлох бүтээгдэхүүн аж.

Гахайн цусан зайдас төмс алины нухаш, алимны бараашигтай

Эндхийн үнээтэй бас газар тариалан эрхэлдэг хоёр ч фэрмээр зочлох завшаан таарсан юм. Бидний байрлаж байсан байрнаас холгүй томоохон фэрмийг нэг залуу авга ахтайгаа хамтарч ажиллуулдаг. Яг хэн нь эзэн болохыг мэдэхгүй учраас ажиллуулдаг гээд тавьчихлаа. Өөрийн болоод түрээсний 40 гаруй га газарт маалинга, эрдэнэ шиш, арвай, улаан буудай тариад хурааж байхтай нь таарсан юм. Тариагаа хураагаад сүрлээр нь том том ороомог хийгээд фэрмдээ жимбийтэл хурааж... Залуугийн ярьсанаар аав нь энэ фэрмийг ажиллуулж байгаад тэтгэвэртээ гарсан, эднээс холгүй амьдардаг. Тариалнгаас гадна 200 аад үнээ саадаг гэсэн байх юм.


Сүрлэн бухалнууд

Нөгөө нь хуучны танил фэрмэр. Эднийх бас тариа тарьж 50 орчим үнээ саадаг. Хоёр хоног тутам 2000 литр сүү тушаадаг гэсэн байх шүү. Нэг үнээнээс хоногт 20 литр сүү гардаг гэхэд нь анх их л гайхаж билээ. Үнээний фэрм их тохьтой, үнээгээ цахилгаан саалтуураар саана, саасан сүү нь шууд 4000 литрийн багтаамжтай хөргүүртэй манайхны хэлдэгээр ёмкст шууд орчихдог юм билээ. Тавиас олон үнээ саах сонирхолгүй, жил бүр илүү гарсан тугалаа борлуулдаг гэж байсан. Эхнэр нь фэрмийн ажил цаг наргүй, амралт авч ийш тийш аялах юм үзэх боломж гардаггүй гэж гомдоллоод авна лээ.





Эднийх хэдэн жилийн өмнө фэрмийнхээ "байшинг" өвлөж авсан юм. Хашилтанд хийсний учир байшин нураад гаднах 4 хананаас өөр юм үлдээгүй басныг тэр жил очиход харуулж байсан юм. Хоёр жилийн дараа нөгөө байшингаа сайхан засаж янзлаад орчихсон байна лээ. Тохь тух бол ярих юмгүй.

Байшингийн дотор (гаднах зураг авахаа мартсан байна лээ)

Доод Нормандад түүх дурсгалын олон газраар явсан учир хүмүүсийн аж амьдралтай нэг их ойр танилцаж чадаагүй. Дээд нутгаа бодвол цаг агаар нь дулаан бас үзэх харах юм ихтэй учир жуулчин овоо цугладаг гэх. Дээр дурдсан Ренёнвилийн цайз доод Нормандад бий. Бас алдартай Mont Saint Michel үзэх боломж гарсан, энэ тухай тусад нь бичнээ.




Ла Маншийн хоолойн эрэг; өмнө зүгийн эргийг бодвол хүн сэлүүхэн

Дэлхийн хоёрдугаар дайны баруун фронт Их Британи, Америкийн цэргүүд Нормандын эрэг дээр бууж эхэлсэн. "Байлдагч Райаныг аварсан нь" гэдэг киноны үйл явдал чухам энэ нутагт болсон хэрэг. Гэхдээ кино зургаа Ирландад авсан юм билээ. Бид Colleville тосгоны америкийн дайчдын оршуулгын газраар орсон юм байна. Дайн гээд ярих нэг хэрэг ч энд ирсэн хэн бүхэнд амь үрэгдсэн залуу хөвүүдийн хойноос харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ.



Omaha beach

D day-д зориулж барьсан бетонон усан онгоцны зогсоолын үлдэгдэл

Thursday, October 13, 2011

Бэлэг дэмбэрэл үү, зөрүүдийн шинж үү...



Охин маань нэгдүгээр ангийн сурагч болоод хоёр сар өнгөрчээ. Энд тэнд таньдаг үсэг таарвал дуудаж сонирхуулаад байхыг бодоход юм сурч байгаа юм байлгүй дээ. Өчигдөр багш нь анги дээрээ хийсэн зүйлсийг нь нэгтгэсэн хавтас өгч явуулжээ. Үгүй яахав муруй хазгай үсэг тоо бичсэн баахан цаас, бас хэрэндээ их л чармайдаг бололтой. Олон хуудсан дунд энэ цаас миний анхаарлыг татсан юм. Эвлүүлж бичсэн анхны үг нь юм уу даа, монгол хүн болсон хойно охин минь морь гэж анх бичжээ гэж бэлэгшээв. Цаашаа хартал багш нь уг нь туулай гэж бич гэсэн бололтой юмаа. Манай хүний сараачсан олон үсгэн дунд туулайтай ойр юм ердөө ч алга. Аа тийм тэр улаан бөндгөр нь зүрх юм гэсэн. Ингэхээр бас өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд хүн болж таарав уу?