Friday, August 26, 2011

Хадрианы хэрэм

Уг нь сонин хачин ихтэй сайхан амарсан юмсан, даанч тухтай сууж аятайхан тэмдэглэл бичих зав нь олдохгүй байсаар сонин хуучрах шинжтэй. Эхнээс нь бага багаар зураг хөрөг оруулж байдаг юм уу гэж бодлоо. Глазгоу (Glasgow) хотоос Нью Каасл (New Castle) орох замдаа эртний Ромын эзэнт гүрний хил дээр барьсан Хадрианы хэрэм (Hadrian's wall) дээр үдэлсэн юм. Энэ хэрмийг МЭ 122 онд Ромын эзэн хаан Хадриан гүрнийхээ хилийг эргэх үеийг тохиолдуулан барьж эхэлсэн бөгөөд шотланд английн өнөөгийн хилээс арай өмнүүр тухайн үедээ 120 км урт, 5-6 м өндөр, гурван метр орчим өргөн байжээ. Өдгөө уг хэрмээс тун жаахан туурь үлдсэн, хэрмийн чулууг 18-р зууны үед зам барихад өргөн хэрэглэж байсан нь улам их нэрмээс болсон гэдэг.
1987 онд дэлхийн соёлын өв хэмээн зарлагдсан энэ хэрмийн туурь жилдээ олон мянган жуулчин зорьдог газар болжээ. Хэдий яг чухам ямархуу байгууламж байсныг тааж хэлэхэд бэрх ч архелоги, түүхчдийн судалгаанд тулгуурлан ямархуу байгууламж байсан, аль хэсэг нь ямар үүрэгтэй байсан, тухайн үед ямар хоол иддэг байсан гээд олон мэдээллийн самбар туурийг улам сонирхолтой болгожээ. Энд орон нутгийн түүх, соёлоо сайн судалж сурталчлах, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах эргээд орон нутаг, оршин суугчиддаа аялал жуулчлалын орлого болон эргэж ирдэг сайхан жишээний нэг энэ хэрэм юм.

Хамгаалалтын цэргийн хуаран байсан барилгын үлдэгдэл


Энд харуулын шовгор байсан гэнэ





Sunday, August 21, 2011

Амралт, амралт...

Амарч яваад ирлээ. Энэ жил Глазгоу хотоос машинаар гараад Нью Кааслаас Амстэрдам орох усан онгоцонд сууж, ерөнхийдөө дорx маршрутаар, сонин сайхан зүйл үзэж, олон айлаар зочлов. Хоёр жилийн өмнө байна уу даа "In Bruges " гэдэг английн кино үзсэнээс хойш очиж үзэхсэн гэж мөрөөдөл болсон Брүүж хотод очиж хүслээ биелүүлэв. Колин Фаррэл, Ралф Финнэсийн тоглосон их дажгүй энэ кинонд Брүүж хот өвөрмөц дүр бүтээсэн нь очих хүсэл төрүүлсэн юм. Дундад зууны үеийн худалдааны том төв, дэлхийн хамгийн баян хотуудын нэг байсан түүх тансаг архитектурт нь мөрөө үлдээж өдгөө олон мянган жуулчин хүлээж авдаг сайхан хот байна. Цаашаа Францын дээд, доод Норманд, Бриттани нутгаар хэсүүлчилж, Ла Маншийн хоолойн элсэн эрэг дээр хэд хоног хэвтлээ. Франц гэрийн эзэгтэй нар их ажилсаг юм гэсэн дүгнэлт хийв. Түүх соёлоо чандлан хадгалбал хойддоо хэдэн үеэрээ түүнийгээүзүүлж, товхийсэн амь зуулга болгож болдогийн жишээ жилдээ дэлхийд хамгийн олон жуулчин хүлээж авдаг Франц гэмээр. За тэгээд хоол унд бол ёстой янзтай гэхээс өөр юу гэхэв. Үзсэн харсан сониноо зураг хөрөгтэй нь цуврал бичлэг болгох санаатай. Аялах дуртай улсад сонин байх болов уу гэж бодлоо.