Sunday, September 30, 2007

Сонирхолтой хагас сайн өдөр

Мidwest-д амьдардаг унгар найз бүсгүй манайд ирж хэд хоноод, ажил гэрийн хооронд эргэлдэж байсан амьдарлыг маань орвонгоор нь эргүүлж орхив. Хагас бүтэн сайнд юу хийх вэ гэхээр нь, чи шийд дээ гэсэн биш хэлсэн үгэндээ ороогдож хагас сайнд бүтэн дэлгүүр хоршоо хэсэв. Би гэдэг дэлгүүр хэсэхдээ тун тааруу нөхөр. Найз бүсгүй болохоор хоёр жил энд ирээгүй гээд худалдаж авах зүйлсийн уртаас урт жагсаалттай. Би сүүлдээ за би авсан юмыг чинь хараад сууж байя гээд үүдний сандал дээр сууж цаг нөхцөөх шив. H&M ийн үүдний вандан дээр суугаад шилэн ханаар гудамжаар явах түм буман хүнийг харж нүдээ баясгав. Нээрээ түм түжигнэж бум бужигнасан газар шүү энэ Нью Иорк. Өндөр нам, өргөн нарийн зүсэн бүрийн хүмүүс shopping хийгээд л сүлжилдээд л гэснээс дэлгүүрүүдэд палааж цамц нь мэдэгдэхгүй хувцас их зардаг болжээ. Дангаар нь өмсвөл дэндүү богино ч юм шиг, өмдөн дээр өмсөхөөр нөгөө бидний багад форм дээрээ өмд өмссөн охид санагдмаар сонин харагдаад, за даа моод мэдэхгүй надад бол хэцүүхэн эд санагдлаа.
Нээрээ тэгээд хүн харжээ суусан чинь гудамжны нөгөө талд эр эм хоёул гуйлга гуйж байхыг олж харав. Гайгүй цэвэрхэн хувцасласан байх юмаа, харин хар тамхи хэрэглэдэг болов уу гэмээр цонхигор шарангуй царайтай хүмүүс байх юм. Хүүхэн нь залуугийнхаа мөрийг дэрлээд нүүрээ нуусхийсэн маягтай гудамжны вандан сандал дээр сууцгааж байв. Залуу үе үе зүүн гараа маажаад л байх. Харж суугаад, би ер нь ягтаа тулбал ингээд сууж байх зориг хүрэх болов уу гэж өөрөөсөө асуугаад хариулж чадсангүй. Нэгэнт тохиолдоогүй юмыг төсөөлөх хэцүү байх л даа. Намайг дор хаяж нэг цаг тэнд суухад нэлээн олон хүн мань хоёрт юм өгч харагдсан. Нээрээ америкчууд тэр талдаа гар султайд ордог юм гэсэн. Эхлээд нэг хар хүүхэн, тэгээд байтал дунд эргэм насны цагаан хүүхнүүд, эрчүүд гээд, харин ази хүн юм өгч харагдсангүй. За даа манай монголчууд бол хүний газрын гуйлгачинд юм өгч болохгүй гэсэн хуультай бусад нь харин яадаг юм бол?
За тэгээд нэлээн байж байтал гэрэл дохиогоо гялалзуулсан цагдаагийн машин дэлгүүрийн өмнө ирж зогсоод л дотроос нь зүлгэчихсэн юм шиг хоёр цагдаа гараад ирэхээр за даа нөгөө хоёрыг маань хөөж туух нь дээ гэж бодсон тэгсэнгүй харин миний сууж байсан дэлгүүр уруу ороод нэг ч удалгүй хоёр залуухан бүсгүйг гавлаад гаргаад ирдэг юм байна. Бодвол дэлгүүрт хулгай хийхийг завдсан байх л даа, гэхдээ нэг их ядуу зүдүү царайгүй 20 иос хэтрээгүй болов уу гэмээр охид байсан. Нэг их ичиж тэвдсэн шинжгүй гарч ирээд цагдаагийн машинд суугаад явчихсан би ч энэ эдийн шуналаа гэж хэцүү юмаа гэж бодсоор үлдсэн юм.
Удалгүй миний ч ялын хугацаа дуусч би гэдэг хүн цаг гаруй суусан суудлаасаа ховхорч оройн хоол идэхээр товлосон ресторанаа зүглэх шив дээ. Явж байхдаа нээрээ би өнөөдөр гэрээсээ гараагүй бол ийм сонин юмтай таарахгүй байсан даа гэж бодож байлаа. Явсан нохой яс зуудаг гэж үнэн үг шүү.

Оньсого #3 хариу

1. Өрхний оосор
2. Өрх

Энэ удаад оролцсон хүн бүхэн ямар ч байсан нэгийг нь таасан байлаа. Зүүдчин ах хамгийн түрүүнд хоёуланг нь тааж түрүүлэв. Заяа бас хоёуланг нь таасан байна. Зэлмэ, Артагнан 2 өрхийг нь таагаад, өрхний оосрыг таасангүй. Оньсого таалцсан та бүхэндээ маш их талархав. Дараагийн баасан гаригт дахиад нэг оньсогоор уулзъя.

Friday, September 28, 2007

Хөөрхөн


Амьтан бүрийн зулзага хөөрхөн гэж. Парист Эйфэлийн цамхагийн хажууханд Сена мөрний эрэг дээр нэг ийм гэр бүл хараад тэсэлгүй зургийг нь авсан юмаа. Амьтны зулзага бүр хөөрхөн гэж үнэн шүү.

Оньсого #3

За байз хэцүү оньсого таарахаар хэцүүдээд, амарханыг тавихаар амархандаад байх юмаа. Энэ удаад бас л амархан талын 2 оньсого тавилаа.

1. Гэрийн гадаа гэдэн годон тэр юу вэ?
2. Өдөр гурвалжин шөнө дөрвөлжин тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайна тавья.

Wednesday, September 26, 2007

Ниагара хүрхрээ


Морины тах хүрхрээ

Ниагара хүрхрээ Америкийн Нью Иорк муж, Канадын Онтарио мужийн хил дээр байрладаг, хойд Америкийн хамгийн их устай хүрхрээ юмаа. Уг хүрхрээ Ниагара голын нэг хэсэг бөгөөд их мөсдөлтийн төгсгөлд цэвдэг хайлахад үүссэн гэж үздэг.
Ниагарагийн хүрхрээ хоёр хэсэг юм. Хамгийн том нь Морины тах (Horse shoe)нэртэй, заримдаа Канадын хүрхрээ ч гэдэг, 53 метр өндрөөс унадаг, 792 метр өргөн гэж байгаа. Америк Канадын хил Морины тах хүрхрээн дундуур дайрч гардаг юм гэнэ лээ. Нөгөөх нь Америкийн хүрхрээ (American fall) гэсэн нэртэй 21 метрийн өндрөөс унадаг, 323 метрийн өргөнтэй. Энэ хоёр хүрхрээгээр усны түвшин өндөр үедээ минутанд 5720 куб метр ус нэг секундэд унадаг гэдэг. Энэ их усыг ашиглаад усан цахилгаан станц барьсан юм байна лээ.

Америкийн талаас ингэж харагдав

Үндсэндээ хоёр хүрхрээ хоёулаа Канадын талаасаа бүтэн харагдана. Гол Америк талаасаа Канад уруу урсаж байгаа болохоор хил гарахгүйгээр хоёуланг нь зэрэг харах боломж байхгүй юм байна лээ. Америкийн талдаа байгалийн парк маягаар янз бүрийн барилга байшин бариагүй их аятайхан, харин хил даваад Канад тал нь өндөр өндөр зочид буудал казино барьчихсан болохоор хил давахгүй болохоор тэр сарайж сэрийсэн өндөр байшин энэ байгалийн сайхны сүрийг дарчихсан юм шиг сонин харагддаг. Тэнд очоод л зэрлэг онгон байгал байхын үнэ цэнийг яс махандаа ортол ойлгов. Бод л доо тийм сайхан том хүрхрээ гээд харахад элдэв сурталчилгаа гэрэл гялбуулсан нэг тийм олон байшин харагдахаар урам хугармаар. Аз болоход цаашаа Монтреал орох зорилготой Канадын визтэй байсан болохоор хил давж хоёр хүрхрээг бүтэн харах завшаантай явсан юм байна.
Хил гаран гэснээс бас хөгтэй явдал тохиолдоод амжсан юм байна. Хилээр машинтай гараад ирсэн паспорт шалгаад визтэй хүмүүсийг оффисдоо оруулж тамгаа дардаг юм байна л даа. Яагаад ч юм миний хил гарахад дандаа дөнгөж сургууль төгссөн болов уу гэмээр залуухан охид хөвгүүд хилийн байцаан дээр ажиллаж байсан юм байна. Тэгээд цааш оффис уруу нь ортол үсээ гялалзтал тосолсон 21-22 той болов уу гэмээр залуу миний паспортыг лав 5 минут эргүүлж тойруулж үзэж байснаа "таныг тэгээд яг ийм паспортаар Америкчууд буцаагаад оруулах юм биз дээ" гэж асуусан. Би ч тэгдэг юмаа л гэлээ. Өмнө нь ийм паспорт үзэж байгаагүй болохоор жаахан гайхаад байх шиг байсан. Уг нь тийм олон хөлийн газар мэдмээр юм гэсэн шүү юм бодож зогслоо.
Хил давах боломжгүй тохиолдолд "Maid of the mist" гэсэн усан завиар хоёр хүрхрээнд хоёуланд нь нилээн дөхөж очдог юм байна лээ, дөхөөд очиход тэр их ус жигтэйхэн сүртэй байлгүй яахав. Бас Америк талын "Cave of the winds" Америк хүрхрээний ёроолд очсон бас усан хулгана болтлоо норсон гэж байгаа. Ороход гялгар уутан цув, сандаал өгдөг ч шалба нордог юм байна лээ.

Завиар ойрхон очиход

Ямар ч гэсэн боломж олдвол очоод үзэхэд харамсмааргүй газар, элдэв барилга бариагүй бол харин ч тун гоё газар гэж хэлмээр л байлаа.

Tuesday, September 25, 2007

Дахиад л хонины мах


Ойрд гэрээ их санаад байх шиг, бас махсаад байгаа юм уу, энэ зургийг л тавимаар санагдаад байлаа. Тэр жил Тэрэлжид байхад өвөө минь ингээд янзлаад тавьчихсан байж билээ.

Monday, September 24, 2007

Төрийн далбаа


Өнөөдөр Нью Иорк хотноо НҮБ-ын ерөнхий ассемблей нээгдэж байгаа. Энэ үеэр Рокефеллэр төв орон орны далбаагаар гоёчихсон байдаг юмаа. Тэнд монголын далбаагаа харах бас л сайхан байдаг шүү. Зураг авах үед салхигүй байсан учраас далбаа намирч тэнэгэр харагдсангүй.

Sunday, September 23, 2007

Оньсого #2 хариу

Татах оньсогыг унь гэж зөв таажээ. Өгсөн хаягаар чинь таван чихрээ явуулсан шүү. Ганаа уурга гэж тун дөхүүлсэн байна. Оньсого таахад оролцсон та хоёртоо их баярлалаа. Ирэх баасан гаригт дараагийн оньсогоо тавинаа.

Saturday, September 22, 2007

Байгал орчинд нөлөөгүй амьдрах нь

Хүмүүн бидний байгал орчинд үзүүлэх нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж тэр хэрээр дэлхийн цаг агаарын өөрчлөлт, олон зүйлийн амьтан ургамлын мөхөл, озоны цоорхой, цэвэр усны нөөц багаслаа гээд мэдээ сүүлдээ бараг л чихэнд дасал болж эхэлсэн шиг санагдана. Олон орны судлаачид удаа дараа энэ бүгдийн гол буруутан нь "green house gases" гэдгийг тогтоогоод удаж буй. "Green house gas" ийн бүлэгт нүүрсхүчлийн хий, усны уур, метан, азотын исэл, озон ордог байна. Эдгээр нэгдлүүд агаар мандлын бүрэлдхүүнд ордог бөгөөд нүүрс, байгалийн хий шатаахад агаарт байх хэмжээ нь ихэсч байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, дэлхийн цаг уурын байдал сүүлийн хэдэн жил эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Дэлхийг хамарсан дулаарал, түүнийг дагаад олон зүйлийн амьтан ургамал мөхөөж байгаа нь "green house gas" бидний орчинд улам ихээр нэмэгдэж байгаатай шууд хамааралтай юмаа. Олон хүн байгууллага чухам энэ буруутай этгээдийг яаж бууруулах вэ гээд л толгойгоо гашилгаж, янз бүрийн санаачлага хөдөлгөөн өрнөж байгаа юм байна.
Тэнцвэр хадгалахад хамгийн чухал хүчин зүйл бол дэлхийн ногоон бүрхүүл ой мод юмаа. Жилээс жилд ой модны эзлэх талбай багасаж байгаа нь судлаачдыг ихээр санаа зовоход хүргээд буй. Нүүрсхүчлийн хийг бид амьсгалах тоолонгоор агаарт цацаж, харин машин, онгоцоор зорчих, дулааны цахилгаа станцад үйлдвэрлэсэн цахилгаан хэрэглэхэд бүр ихээр ялгаруулж байгаа. Дээр нь өдөр тутам хэрэглэж байгаа хүнс, өргөн хэрэглээний зүйлс мөн л нүүрсхүчлийн хийг асар ихээр үйлдвэрлэн байж бий болсон байдаг. Сүүлийн үед ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бий болсон нүүрсхүчлийн хийний хэмжээг тодорхойлж индексжүүлэх санаа, оролдлого их моодон ороод байгаа юм байна лээ. Саявтар англид төмсний чипс үйлдвэрлэдэг нэгэн компани бүтээгдэхүүнийхээ уутан дээр "carbon index" тавьж эхэлсэн байна. Энэ нь үйлдвэрлэлт, баглаа боодол, сав баглаа боодлыг хог болоод боловсруулахад зарцуулах енерги бас ялгаруулах нүүрсхүчлийн хий дээр үндсэлсэн индекс тоо юм.
Хэд хоногийн өмнө BBC news вэб дээр Нью Иорк хотод амьдардаг нэгэн зохиолчийн гэр бүл хэсэг хугацаанд байгал орчинд ямар нэгэн нөлөөгүй нэг жил амьдрах туршилт хийж байгаа тухай бичжээ. Ингэхийн тулд Колин Бийвэн гэгч энэ залуугийнх тогоо таслуулсан гэнэ. Тэгээд ч зогссонгүй жорлонгийн цаас, саван, шампунь, элдэв гоо сайхны хэрэгсэл хэрэглэхээ болиод байгаа юм байна. Гялгар уут, элдэв хуванцар савнаас бас татгалзах хэрэгтэй болсон гэнэ. Энэ хугацаанд энэ гэр бүл зөвхөн "second hand" эд зүйл худалдаж авдаг, хүнсний зүйлээ даавуун уутанд савалж авдаг, бидний ярьдгаар барианы шилэнд кофегоо хийж авдаг, шилээ дахин хэрэглэдэг, машин болон нийтийн тээврээр явахгүй, хүрэх газраа явган юм уу, эсвэл дугуйгаар явж хүрдэг, хувцас, цэвэрлэгээнд ургамлын тос, соод, цууны хүчил хэрэглэж, угаалгын машин хэрэглэхээ больсон гэж байгаа. Компютерээ нарны зайгаар ажиллуулдаг юм байх. Хоол хүнсний үлдэгдлээ хогонд хаяхгүй гэртээ ялзмаг хийж боловсруулдаг гэж байгаа. Ямар ч гэсэн эднийх нэг жил ингэж амьдраад, энэ тухайгаа гэрийн эзэн ном болгох санаатай байгаа гэнээ.
Энэ тухай уншаад бодоод байсан манай монголд бол малчин түмэн үнэхээр байгал орчинд хор хөнөөлгүй амьдардаг юм байна шүү дээ гэж бодогдлоо. Ихэнхдээ яг хөдөө байгаа хүмүүс тог хэрэгэлдэггүй, хэрэглэдэг нэг нь нарны зай, эсвэл салхин хөдөлгүүр хэрэглэдэг шүү дээ. Түлшинд аргал хэрэглэнэ. Усны хэрэглээ бол хоттой харьцуулбал хамаагүй бага. Тээвэрт морь, үхэр тэрэг хэрэглэдэг (сүүлийн үед машин мотоцикл элбэг болсон харагддаг). Энэ талаар судалгаа хийгээд сурталчилбал эко туризм хөгжиж байгаа өнөө үед олны сонирхол татах бас нэг гарц юм биш үү гэж бодогдоод байгаа юм. Монголд 7 хоног "carbon neutral" амьдарч үзнэ үү гээд л уривал ирнэ дээ.
За хтоын бид нарт бол "carbon neutral" амьдрах хэцүү л дээ. Гэхдээ бага гэлтгүй энэ талаар санаа тавьж бодож байвал хийх зүйлс байдаг л юм байна.
1. Тогны хэрэглээгээ багасгах. Бямбаа дээр блогтоо бичсэн байсан л даа. Зурагт, компютер гэх мэт цахилгаан хэрэглсээ залгуураар нь салгах, угаалгын машинаа оройн цагаар хэрэглэх, цахилгаан шат аль болох хэрэглэхгүй байх гээд тоочвол олон юм гарна л даа. Бодоод үзвэл нэг их түвэггүй, хэвшчихвэл боломжийн цаг зав үрээд байхгүй.
2. Усны хэрэглээгээ багасгах. Аяга шанагаа бөөгнүүлж байгаад крантандаа усаа тосож савандаад дараа нь зайлах (ингэхэд зүгээр ус гоожуулж угааснаас хамаагүй бага ус орно), шүдээ сойздож байхдаа усаа хаах, усны крант чинь дусаалж байвал засуулах гээд бас олон арга хэмжээ авч болох нь.
3. Хуванцар нэг удаагийн сав, баглаа боодол хэрэглэхээс зайлсхийх. Жишээ нь дэлгүүрээс савласан ус авдаг бол томыг авах. Жижиглэн боосон бараанд олон баглаа бодол хэрэглэгдэнэ. Эсвэл зүгээр ус шүүгч аваад тавьчихвал савласан ус худалдаж авах хэрэггүй болно гэсэн үг. Даавуун тор хэрэглэх нь байгал хамгаалж байна гэсэнтэй дүйцнэ гэнэ шүү.
4. Air conditioner аль болох бага хэрэглэх.
5. Хогоо ангилах.
6. Цаасан эдлэл авахдаа дахин боловсруулсныг сонгох, бас цайруулагч хэрэглээгүй бор цаас байвал бүр сайн.
7. Мэдээж машинаар явахаас аль болох татгалзах, яваган алхаж болох газар бол алхаж байх, дугуйгаар явах, бүр болохгүй бол нийтийн тээвэр хэрэглэх.
8. Юм худалдаж авахдаа тухайн газар аль болох ойрхон үйлдвэрлэгдсэнийг сонгох. Холоос импортолсон бол тэр хирээрээ их енерги зарцуулсан байгаа. Жишээ нь бид нар зусланд хөршөөсөө сүү худалдаж авдаг байвал тун сайн гэсэн үг.
9. Аль болох химийн бодис бага хэрэглэсэн бүтээгдэхүүн худалдаж авах. Энд бол organic гээд байдаг юм. Үнэ өртөг нь өндөр л дөө, гэхдээ боломж олдвол санахад илүүдэхгүй нь.
10. Мод тарих, ойжуулах энэ бол одоогоор мэдэгдэж байгаа байгал орчинг нөхөн сэргээх хамгийн сайн арга гэнэ шүү.
За тэгээд хэрэгжүүлэхэд боломжийн санаануудыг бичлээ. Далайд дусал нэмэр гэдэг ганц гэлгүй санаж явбал өлзий болох бизээ.

Thursday, September 20, 2007

Оньсого #2

За эхний оньсого жаахан хүндэдсэн бололтой. Одоо арай амарханыг таалгая. Шагнал уу? Бий, бий таасан хүн таван ширхэг баавгайтай чихэр.
Урт хар хүн утсан дөрөөтэй, тэр юу вэ?
Хариуг бүтэн сайнд тавья, гэхдээ наана нь таах хүн гарах байлгүй.

Сонин байшин


Ийм сонин байшин Канадын Quebec мужийн хамгийн том хот болох Монтреал хотод харсан юм. Холоос харсан болохоор зураг нь их тодорхой биш байж магадгүй. Quebec гэснээс энэ мужид франц үндэстэн зонхилон суудаг. Бүх албан хэрэг, бизнес, сургалт франц хэл дээр явагддаг. Төв суурин газрынхан нь англи францыг чөлөөтэй хослуулж ярина, харин хөдөөдөө англи хэлгүй хүн олон гэж дуулсан юм байна. Канадаас тусгаарлах сонирхолтой, хүчтэй улс төрийн намуудтай. Гэхдээ олон нийтийн санал асуулгаар ард түмний олонхийн дэмжлэг авч чадаагүй гэдэг. Америк, францийн аж ахуй, соёл хосолсон сонирхолтой газар.

Wednesday, September 19, 2007

Манай цонхоор харагдсан солонго


Тэлмэн охины зураг шүлгийг хараад надад бас солонгоны зураг байгаа гэдгээ саналаа. Аймаар дуу шуутай бороо асгаж байснаа гэнэт нар гараад томоос том солонго татсаныг цонхоороо харж зургийг нь авсан гэж байгаа.

Tuesday, September 18, 2007

Маалингын талбай


Энэ Францын Норманд нутагт хавар маалингын талбайд авсан зураг. Маалинга гэж энэ ургамлын үрнээс тос, ишнээс утас гаргаж авч хэрэглэдэг. Маалинган даавуу (linen) бат бөх, хөнгөн, эдэлгээ сайтай гэж хүн бүхэн мэдэх байхаа. Сүүлийн үед зуны хувцасанд өргөн хэрэглэгддэг болсон харагддаг. Маалингын үрнээс (flax seed) гаргаж авсан тос будаг, чий маажин (паалан, лак) хатаахад эрт үеэс хэрэглэгдэж байсан гэнэ. Орчин үед найрлагынхаа хувьд (omega-3 fatty acid) хүнсэнд өргөн хэрэглэхэд тохиромжтой гэж моодонд ороод байгаа. Үр хэлбэрээр эсвэл тосыг нь тараг, овьёосны каш зэрэг бүтээгдэхүүнд баяжмал маягаар хэрэглэдэг.
Багадаа маалинга гэж уншиж байснаас харж байгаагүй юм байна лээ. Надад бол их гоё цэцэг санагдаад байгаа. Ийм гоё цэцэгтэй том талбай үнэхээр сүртэй сайхан харагдаж байсан шүү.

Хос хэлтэй байх нь...

Канадын Иоркийн Их Сургуулийн судлаачид 30-88 насны 104 хүн дээр хийсэн судалгаан дээр үндэслэн хос хэлтэн (bilinguals) байх нь тархийг хөгширч, зөнөхөөс (dementia) хамгаалдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. байна. Өмнөх судалгаануудаар хөгжим тоглох, бүжиглэх, ном унших, үгийн сүлжээ бөглөх, шатар тоглох зэрэг тархиа ажиллуулах шаардлагатай үйлдлүүд байнга хийдэг хүмүүс Alzheimer өвчин тусах магадлал багатай байдгийг тогтоосон байна.
Судалгаанд оролцогчдын тал нь зөвхөн англи хэл мэддэг канад хүмүүс, нөгөө хэсэг нь тэнд амьдардаг англи, тамил хэлээр чөлөөтэй ярьдаг энэтхэгчүүд байсан ба оролцочид бүгд дээд боловсролтой, дундаж давхрагынхан гэнэ. Тэдний хэл яриа, логик, тодорхой үйлдэлийн хариу өгөх хугацааг харьцуулахад хос хэл мэддэг хэсэг нь бүх шалгуураар зөвхөн англи хэлтнүүдээс илүү байжээ. Түүгээр ч тогтохгүй хос хэлтнүүдийн нас ахихад оюуны чадавхийн буурал нь нөгөө бүлэг хүмүүсийг бодвол удаан байсан гэнэлээ.
Багаасаа хос хэлтэн байх нь өсөж, хөгжиж байгаа тархины эсүүдийн сүлжээ бий болоход тааламжтай нөлөө үзүүлдэг болов уу гэж таамаг дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ судалгааны үр дүнд тайлбар хийхдээ судалгаанд оролцогчид хоёр өөр орны өөр ёс заншил, боловсролын системтэй гэдгийг бодолцох хэрэгтэй гэжээ.
За тэгэхээр үр хүүхдээ хос хэлтэй өсгөх нь хойшдын амьдралд нь зөвхөн мэдлэг, боловсролын түвшин гээд зогсохгүй, цаашлаад эрүүл мэндэд нь ашиг тусаа өгөх нь ээ.

Monday, September 17, 2007

M&M дэлгүүр


Times Square-т M&M чихрийн дэлгүүр байдаг юм. Зураг дээр байгаа цилиндэр савнуудад чихрийг өнгө өнгөөр нь ялгаад хийсэн нь гоё харагддаг юмаа. Тэгээд чихэр авах хүн дуртай өнгөнөөсө шилээд гоожуулаад авчихдаг юм байна лээ. Хүүхдүүдийн очих дуртай газрын нэг дээ.

Sunday, September 16, 2007

Хариу

Амласан ёсоор тааврын хариуг оруулж байна. Энэ бол буу юмаа.

Хээмсүүхэн биетэй гэж бууны хэлбэрийг дүрсэлжээ (Хээмсүүхэн гэж яг юу гэсэн үг болохыг олсонгүй. Мэддэг хүн байвал хэлж өгнө үү?)
Хэсэг бараан адуу гэж сумыг хэлжээ.
Зарах сайн хүү нь буудаж байгаа хүн гэнэ.
Зандрах сайн дуу нь буудахад гардаг чимээг хэлжээ.

Ямар ч гэсэн таах гэж оролдож сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд маш их баярлалаа. Анхны удаа болохоор бас шагнал энэ тэрийг дутуу бодсон байна. Дараа нь бас арай хялбар оньсого оруулъя, шагнал энэ тэрийг ч бас сайн бодолцъё. Та нар ч гэсэн цааш үр хүүхэд найз нөхөддөө энэ оньсогыг таалгаарай.

Friday, September 14, 2007

Оньсого

Намайг багад манай эмээ (түрүүн дурдсан нь биш нөгөө эмээ) зөндөө их оньсого таалгадагсан. Би лав өөр хаана ч сонсож байгааүй оньсого хэлээд байдаг байсан шүү. Ихэнхийг нь мартжээ, бүгдийг нь таг мартахаас өмнө бичиж авъя гэж бодлоо. За байз,

Хээмсүүхэн биетэй
Хэсэг бараан адуутай
Зарах сайн хүүтэй
Зандрах сайн дуутай, тэр юу вэ?

Таасан хүнийг шагнана гэх гэсэн чинь юугаар шагнахаа бодоод бодоод олдоггүй. Таасан хүнийг аймаар мундаг гэж өргөмжлөе, тэгэх үү? Хариуг нь 2 өдрийн дараа тавинаа.

Mongolian Folktales


Монгол ардын аман зохиолыг эмхэтгэсэн ийм ном олоод их л олзуурхлаа. Герман улсаас монголд сууж байсан элчин сайдын америк эхнэр Хиллари Роу Мэттэрних (сонсголоороо галиглав), Пүрэвийн Хорлоо гуайтай хамтарч эмхэтгэж орчуулаад 96 онд хэвлэгдсэн юм байна. Чимэглэлийг Норовсамбуугийн Баатарцог гэдэг хүн хайчилбараар хийсэн нь их аятайхан болж гэж санагдсан.
Олзуурхсаны учир гэвэл энд өсч торниж байгаа, англиар хэлд орж байгаа үрсэд бас монгол үлгэртэй танилцах нэг суваг нээгдэв үү гэж. Эсвэл шинээр англи хэл сурч байгаа хүүхдүүдэд бас мэддэг үлгэрээ уншвал хэл сурахад дөхөмтэй байж магадгүй юмаа. За тэгээд багадаа уншиж сонсож өссөн Эрхий мэргэн, Өвгөн арслан хоёр, Эвтэй дөрвөн амьтан, Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ, Заан хулгана хоёр гээд 24 үлгэр домог орсон байна. Нээрээ бас заримыг нь мартсан байснаа сэргээж саналаа.

Thursday, September 13, 2007

Эйфэлийн цамхаг



Эйфэлийн цамхаг яг чанх дороосоо ингэж харагддаг юм байна лээ.

Wednesday, September 12, 2007

Солиорол

Сая сонин.мн дээрээс мэдээ уншиж байгаад "Судас барьж ургийн хүйс сольж болно" гэсэн гарчигтай ярилцлага Өнөөдрийн монгол гэдэг сонин дээр гарсныг хараад мэл гайхаж цэл хөхрөв. Ярлцлагын эзэн нь “Хасу Манал” эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны магистр Ц.Нарантөгс гэдэг хүн гэнэ. Тэгээд хүний судсаар өвчнийг оношлох боломжтой гэж, тэр ч яахав, дээр үед тийм л аргаар маарамба хүн эм барьдаг байсан юм чинь. Тэгээд цаашаа уншсан чинь юу вэ, явж өгч байнаа, хүний хувь заяа тэр байтугай дайсагнах дайсан, найз нөхдийн дүр төрхийг судас бариад мэдэж болно гэнэ, арай сэрүүдмээр юм биш үү гэж бодлоо. Тэгэснээ жирэмсэн эмэгтэйн судасыг бариад ямар хүүхэд тээж байгааг мэдэж болно, бүр цаашилбал тэр эмэгтэйн тээж байгаа ургийн хүйсийг судас бариад сольж болно гэжээ. Аймаар мундаг байгаа биз? Тэгээд ургийн хүйс жирэмсний 7-8 дахь долоо хоногт тогтдог гэсэн байх юм, инээд ч хүрэх шиг. Дахиад энэ чинь хэн билээ гээд нэр усыг харвал Анагаах ухааны магистр гэсэн байх юмаа. Тэгэхээр тэр хүн манай Анагаах Ухааны Их Сургуулийг дүүргэсэн байж таарнаа даа. Эсвэл диплом худалдаж авсан хүн юм болов уу? Арай ч дээ 21-р зуунд ийм юм яриад бас яриулаад хэвлүүлээд байгаа улсуудыг юу гэх вэ? Надад бол цэвэр солиотой гажиг хүмүүс гэмээр санагдлаа. Ёох ёстой инээх ч хэцүү, уйлах ч хэцүү гэдэг шиг..
Цаашлаад бүр түвдэд зөндөө очиж байсан тэгээд түвдийн еөрөнхийлөгчтэй уулзсан гээд л, хүүеэ ийм юм хэвлэдэг сонин бас байж болдог л юм байх даа?

Төмсний улаан



Энэ нээрээ гоё гэдэг үг багадмаар гоёхон цэцэг шүү. Багадаа учир мэдэх биш таарахаар нь зулгааж авчраад гэртээ усанд хийгээд дэмий хатаачихдагсан. Хүмүүс бас үндэсийг нь ухаж аваад байдаг шиг санагдаж байна. Нээрээ үр хүүхэддээ цэцэг навч дэмий битгий тасалж бай гэж сайн захих юм шүү.

Tuesday, September 11, 2007

9/11...

Тэр өдрийн өглөө тэнгэр цэв цэлмэг, нар ээгээд л, намрын налгар өдрүүдийн эхлэл байсан юмсан. Өглөө босч цайгаа уугаад гарахын тэндээр, байрны эзэн авгай, нааш ир дээ энд аюултай осол болжээ гэв. Очоод харвал онгоц дэлхийн худалдааны төвийг мөргөчихлөө гэж гарч байх юм. Яг тэр үед хэнд ч тодорхой мэдээлэл байгаагүй, ээ золгүй осол болж дээ гэж бодоод ажилдаа гарч явлаа. Ажил дээрээ ирэхэд хүмүүс террорист энэ тэр гээд л яриад байх, би арай ч үгүй байлгүй гэсэн юм бодоод өрөөндөө ортол, нээрээ аймшигтай юм болсоныг ажлынхан маань дуулгаж билээ. Тэрхэн үед надад үнэхээр хэлэх үг олдоогүй гайхаж зогстол манай дарга "Яг одоо ээж, аав уруугаа утастаад чи аюулгүй газар байгаа гэдэгээ мэдэгд. Хэрвээ тэд нар зурагт чамайг ярихаас өмнө үзвэл санаа нь зовоод хэцүүднэ шүү дээ. Албаны утсаараа одоо ярь" гэхэд нь л нэг юм сэхээ авсан юмсан. Нээрээ бас сүрхий хүн шүү, надад бол тийм юм бодогдохгүй л байгаа юм чинь. Бод л доо, монголд байгаа хэзээ ч Нью Иоркт ирж байгаагүй хүн ийм аймшигтай юм дуулаад тэнд байгаа үр хүүхэддээ санаа нь зоволгүй яахав. Тэгээд л залгалаа, утас таг. Гар утас таг, ганцхан радио л ажиллаж байсан юм байна. Хэдэн цаг өнгөртөл нэг юм утас ажилд орж гэр лүүгээ ярьж билээ. Манайхан харин үзэж амжаагүй унтаж байсан юмдаг.
Манай ажлын цонхоор хоёр өндөр харагддаг байж билээ. Тэр өдөржингөө утаа тэндээс уугьсаар тоос манаруулан хоёр өндрийг нурахад бид бүгдээрээ цонхоороо нулимсаа арчин, чив чимээгүй харж зогссонсон.
Энэ бол үнэхээр аймаар, үгээр хэлэхийн аргагүй муухай хэрэг л дээ. Гэхдээ надад хүмүүс энд эндсэн 3000 хүний төлөө ингэж удаан гашуудаж, дурсаж, улс төржиж, хэрэлдэж, шүүмжилж, уйлж байгаа мөртлөө Иракийн дайнд өнгөрсөн 100 мянган энгийн иргэдийн тухай бараг л дурсахгүй байгаа нь шударга биш санагддаг. Тэнд байгаа, энд байгаа хүмүүсийн амь өөр үнэ цэнэтэй гэж үү? Миний хувь ямар ч хүний амь, хүний л амь болохоор хаана ч байсан эрхэмээс эрхэм л гэж боддог.

Өндөр өвөө (Хэлмэгдэгсдийн өдөрт зориулав.)

Энэ өдөр хэзээ ч уулзаж байгаагүй өндөр өвөөгөө дурсаж бичье гэж бодлоо. Түүнийг Дамба гэдэг байжээ. Түүхийг бол олоон жилийн хойно эмээгээсээ сонссон юм. Уг гарлаараа бол одоогийн Буриадын Чит мужид байх Өнгөө гэдэг газар төрж, өссөн гэдэг. Оросод иргэний дайн, улаан хувьсгал гарахад дүрвэж 1923 онд Монголд ирээд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ирж суужээ. Монголд ирээд хэдэн жил тайван сайхан амьдарч гэнэ. Учиргүй их хураасан хөрөнгө байсангүй гэхдээ ядуу зүдүүгийн тоонд ч бас багтаж байсангүй. Манай аавынхаа хэдэн үеэрээ гөрөөчин хүмүүс байсан гэж эмээ минь ярьдаг байсан юм. Байдгаас хэдэн сайхан адуутай айл байсан гэх. Анх Ерөө суманд бага сургууль байгуулагдахад хамгийн түрүүнд хүүхдүүдээ аваачиж өгсөн гэдэг.
Миний өвөө бага сургууль төгсөөд, багийн дарга хийж байгаад Улаанбаатарт Санхүүгийн техникум байгуулагдахад орж суралцсан анхны төгсөгчдийн нэг л дээ. Өвөөг маань хотод сургуульд байсан хойгуур нутагт нь нөгөө айхавтар цэвэрлэгээ гэгч юм болж өнгөрсөн гэнэлээ. Тэр үед Оросоос ирсэн буриадуудад онцгой хэрцгий хандаж байсан гэлцдэг.
Нэг л өдөр ногоон малгайтнууд ирээд Дамба өвөөг бариад, адуу малыг нь туугаад, гэрийг нь битүүмжлээд явчихсан гэж байгаа юмдаа. Өвөөг сургуульд эмээ ууган охиноо бага гээд Дамба өвөөд хань болж үлдсэн байсан, орох оронгүй гадаа хаяад явсан гэж байгаа. Өндөр өвөө маань "учир нь олдоно, надад хийсэн хэрэг байхгүй юм чинь удахгүй эргээд ирнэ" гээд ачигдаж гэнэ. Тэгээд эрэгэж ирээгүй л юм даа. Сүүлд нь сонсохноо шүүх энэ тэр гэлгүй, шууд л хээр буудаад хороосон юм гэнэлээ. Өөрийг нь хороогоод зогсоогүй өвөөг минь насан туршид нь эсэргүүний хүүхэд гэж ад шоо үзэж байсан юмдаг.
Үүх түүхийг нь сайн мэдэх эмээ маань өнгөрөөд олон жил болж, багадаа сонсож байсан болохоор зарим нарийн ширийнийг санахгүй юм. Ямар ч гэсэн одоо санаж байгаагаа бичээд авъя гэж бодлоо. Дараа нь үр хүүхэддээ захиж хэлбэл.
Монгол ах дүүс, нутаг нэгтэнээ хороож, тарчлааж байсан яасан муухай үе байсан юм. Дараа нь цагаатгалаа, нөхөн олговор өглөө гэж дуулдсан, хүний амийг хэдэн төгрөгөөр үнэлж болно гэж үү? Миний л мэдэхийн МАХН албан ёсоор уучлал гуйгаагүй л байгаа, өөрсдийгөө ямар ч буруугүй гэж боддог юм болов уу?

Monday, September 10, 2007

Flatiron building


Зураг дээрх байшин бол Нью Йоркийн хамгийн алдартай бас хуучны барилгуудын нэг. Нэрийг нь үгчилж орчуулбал "хавтгай индүү" гэх юм уу даа. Хэлбэрийг нь тодоpхойлж ингэж нэрлэсэн гэнэ. Харин албан ёсны нэр нь бол "Fuller building" гэхдээ энэ нэрээр нь мэдэх хүн цөөхөн байхаа.
Индүүн байшин маань 1902 онд баригджээ. Европынхонд бол залуухан сонсогдох байх, гэхдээ Америкдаа бол хуучинд орно л доо. Архитекторч нь Даниел Бурнхам, Жон Уэллборн Рүүт гэдэг хүмүүс байж. Бас "Beaux-Art" стилийн барилга, 87 метр өндөр, 22 давхар гэнэ. Индүүний үзүүр хамгийн нарийн хэсэгтээ хоёрхон метрийн өргөн гэнэлээ шүү.
Анх харахад их сонин барилга санагдсан юм. Ирсэн зочин болгоноо аваачиж үзүүлдэг заншилтай болоод овоо удаж байнаа. Үзэхийг хүсвэл Манхаттэнд 23-р гудамж, 5-р өргөн чөлөөний уулзвар дээр байдаг юм шүү.

Sunday, September 9, 2007

Шекспир Шекспирийг бичээгүй гэв үү?


Англид Вилльям Шекспир үнэхээр өөрийн алдартай бүтээлүүдээ өөрөө бичсэн эсэхийг тодруулах хөдөлгөөн өрнөлөө гэж өнөөдөр дууулав. Уг хөдөлгөөнд бас хэд хэдэн нэр хүндтэй хүмүүс (жүжигчид, зохиолчид) багтаж байгаа гэнэ.
Архивт хадгалагдсан бичиг баримтаар Вилльям Шекспир 1654 онд Стратфорд-апон-Авон гэдэг газар ядуу, бичиг үсэггүй гэр бүлд төрж өссөн юмсанжээ. Тэр хэзээ ч төрж, өссөн нутгийнхаа тухай зохиолууддаа дурадж байгаагүй нь хачирхалтай хэрэг гэж дээр дурдсан хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм байх. Түүгээр ч барахгүй 16-р зуунд харц ядуу, боловсролгүй гэр бүлд өссөн хүн яахаараа тэр үеийнхээ дээдэс язгууртны амьдарлыг сайн мэдэж, зөвхөн тэдний тухай зохиол бичиж байсан нь хамгийн сонин, бас хэзээ ч Италид очиж байгаагүй хэрнээ тухайн үеийн италийн аж байдал, ёс заншлыг гайгүй нарийн дүрсэлсэн байдаг нь хамгийн том эргэлзээ төрүүлж байгаа юм байх.
Дээр нь мань хүн бичсэн зохиолынхоо төлөө хөлс авсан баримт байдаггүй, өнгөрөхийнхөө өмнө үлдээсэн гэрээслэлийн үг үсэг найруулганд Шекспир гэж таних ул мөр огтхон ч байхгүй гэнэ. Эдгээр баримтан дээр тулгуурлаад гаргасан "Conspiracy theory" ooр бол язгууртан гаралтай нэг нөхөр Шекспирийн нэрээр бичиж байсан байх магадлал тун өндөр гэнэ дээ.
Ер нь иймэрхүү сэжиг, хардалт, явган яриа шинэ биш гэнэ. 20 дугаар зууны эхэнд бас л хэсэг бүлэг нөхдүүд нийлж иймэрхүү таамаглал дэвшүүлж байсан байна. Тэр бүлэгт бас л нэр төртэй хүмүүс болох Марк Твен, Орсон Уэллс, Чарли Чаплин нар багтаж байжээ.
Гэхдээ болвсрол нимгэн гэр бүлээс гаралтай ч уншиж бичиж сураад, угаасаа байгалиас заяасан авьяас байхад нэрд гарч болохгүй гэж үү? Тухайн үед итали сэргэн мандалтын төв байж, тийм ч болохоор италийн туахи ном зохиол олон байгаад, очиж үзээгүй ч уншсандаа тулгуурлаад бичиж болохгүй нь юу байхав дээ.
Нээрээ Шекспирийг Шекспир өөрөө бичсэн юм болов уу?

Хөх сүм


Энэ жижигхэн сүм Эрдэнэ Зуугийн хийдэд хамгийн анх баригдсан барилга юм гэнэлээ.

Arthur W. Upfield: No Footprints In The Bush


Нэг ийм жижигхэн детектив уншлаа. Зохиолч нь Англид төрсөн боловч насанд хүрсэн амьдарлынхаа ихэнхийг Австралид өнгөрөөсөн юм гэдэг. Тэгээд Австралид өрнөх үйл явдалтай цуврал ном олныг бичсэн юм гэнэлээ. Номын гол баатар нь Напалеон Бонапарт нэртэй австралийн аборигин, цагааны эрлийз мөрдөн байцаагч, хянуур няхуун бас асар их тэвчээртэй хүн гэж дүрслэгддэг. Зохиолын үйл явдал 20-р зууны эхний хагаст болж байгаа болохоор гол баатар маань их хавчилга, дарамтыг сөрөн байж мөрдөн байцаагч болсон гэж дурдсан байдаг. Яг үйл явдал нь нэг их таалагдсангүй. Зохиол эхэлэхэд Австралийн төв нутагт замаар явж байсан машиныг нэгэн онгоц ирж бөмбөгдөж дэлбэлчихээд яваад өгнө. Машинд сууж явсан цагдаагийн офицер болон түүний төв уруу байцаахаар авч явсан гэрч аборигин газар дээрээ нас барна. Манай гол баатар бөмбөгдөлтийн гэрч болж таардаг. Хэргийн эзэн бас аборигин, цагааны эрлийз залуу Рэкс МкФэрсон, эцгийнхээ өмч хөрөнгийг (тэр нь нутгийнхаа хамгийн гайгүй хөрөнгөтэй хүн юм шиг байгаа юм) өөрийн болгохын тулд янз бүрийн үл бүтэх оролдлого хийгээд барахгүй болохоор өөрийн үеэл, аавынхаа хайртай зээ Флораг хулгайлна гэж заналхийлдэг. Флора тэр хавьдаа гайгүй царайлаг бүсгүй, бас өөр залууд хайртай гэж байгаа. Бүгдээрээ Флораг хэргийн учир тайлагдтал эндээс өөр аюулгөй газар оч гэж ятгаад дийлэхгүй. Нөгөөх нь би гэрээсээ ийм юмны төлөө явахгүй, өөрийгөө хамгаалж чадна энэ тэр гээд үлдсэнээ, аймаар өчүүхэн юманд хууртаад, толгой уруугаа түнхийтэл цохиулаад хулгайлагдаж орхино доо. Тэгээд л Флораг буцааж авах гэж бөөн юм болоод, өчнөөн хүн үхээд, яахав эцэстээ тэр аваргдаад дуусна л даа. Ер бараг л Холливудын кино шиг. Надад эмэгтэй хүнийг иймэрхүү маягаар дүрслээд байх нь таалагдсангүй. Ямар ч логикгүй бусдын амь насаар дэнчин тавиад л, гэхдээ тэгэж дүрслэхгүй болохоор зохиолын гол судас байхгүй болчих юм уу даа.
Гэхдээ энэ номын тухай бичих шалтгаан нь гэвэл Австралийн уугуул хүмүүсийн тухай, бас байгалийн тухай үнэхээр тод томруун дүрсэлсэнд байгаа юм. Аборигин хүмүүсийн амьдрал, тэдний байгалтай зохицох чадвар, мөр хөөх, утаан дохиолол, шүтлэг бишрэл, хуримын ёс энэ тэр гээд тун сонин, шинэ зүйлүүд олж мэдсэн. Утаан дохиогоор бол утсаар ярьж байгаа юм шиг л мэдээлэл солилцоно, бас тэр мөр хөөх гэж их том урлаг байх юмаа. Иймэрхүү донж эвийг нь тааруулсан шигтгээ энэ номыг их сайн чимсэн юм байна лээ.
Энэ номыг боломжтой бол олоод уншаарай гэж хэлэх байна.

Friday, September 7, 2007

"Mother Goose & Grimm" by MIKE PETERS

"Gay Pride" парад




Энэ зурагнуудыг гурван жилийн өмнө Сан Францискод нэг weekend ээр зугаалж явахад, "Gay Pride" парад таарч авсан юмаа. Зураг дээр байгаа хүмүүс олон өнгийн урт бөмбөлөг үлээж чимэг хийсэн нь их сонин содон харагдсан. Миний үзсэн хамгийн сонирхолтой парад байлаа. Дээр нь зохион байгуулалт их сайтай юм байна лээ. Тийм том парад болж байхад цагдаа бараг харагдаагүй. Нью Йоркод бол том том хаалт энд тэнд тавиад гудамжаар дүүрэн цагдаа болчихдог юмаа.
Ер нь ингэж авсан зурагнуудаа эргэж үзэж, хүмүүстэй хуваалцах гоё юмаа. Олон зураг авсаны хэрэг одоо л гарч байна уу даа.

Элиoт Паттисон: Усанд хүрсэн чулуу (Eliot Pattison: Water touching stone)


"Түвдэд салхи бүхний эхлэл болдог. Салхи маанийн дарцгийг хөгжөөж, хүйтэн халууныг бас газрыг ундаалах усыг хөөж авчирна. Энэ л салхи үүлийг тууж, уулыг хөмрүүлэх гэж оролдон элээх бөлгөө." Ном ингэж эхэлнэ. Энэ эхлэл надад жигтэйхэн уянгалаг санагдсан юмаа.
Энэ ном Шан Тао Юн хэмээх Бээжинд дээгүүр албан тушаал эрхэлж байсан мөрдөн байцаагч байгаад эрх дархтай нэгний авилгал, булхайг илчилсэнээс болж өөрөө хэрэгтэн болж, Түвдэд байх хорих лагерьт цөлөгдсөн хятад мөрдөгчийн тухай цуврал романы нэг юм. Тэнд байхдаа түвд лам нартай дотносож, Буддын сургааль сонирхсон нь бас л хорихын албан тушаалтнуудад шалтаг болж суллагдахдаа ямар ч бичиг баримтгүй, Түвдээс гарах эрхгүй хүн болж хоцорсон гэдэг.
Номын гол үйл явдал Түвд, Шинжааны хил орчимд өрнөнө. Зохиол эхлэхэд түвд, казак нүүдэлчин хүүхдүүдэд ном заадаг багш бүсгүй хүнд хорлогдоно. Тэр бүсгүй багшлахын хажуугаар бас өнчин хүүхдүүдийг асардаг байсан ба нас барснаас нь хойш түүний асрамжинд байсан эрэгтэй хүүхдүүдийг хэн нэгэн нэг нэгээр нь егүүтгэж эхэлдэг. Түвд лам нар Шаныг энэ хэргийн учрыг олж өгөөч гэж явуулна. Яг үнэн хэрэг дээрээ багш бүсгүй, нэгэн нууц хийдийн хувилгаанаар тодорсон хөвгүүнийг харж хамгаалах үүрэгтэй гэлэнмаа байж таарна.
Хэргийн учрыг олоход нь Шанд казак бүсгүй Жакли, Жаклигийн сүйт залуугийн аав, орос наймаачин Марко гэх мэт олон хүмүүс туслах бөгөөд энэ хүмүүсийн амьдарлын түүх, хүсэл мөрөөдлийн тухай дүрслэн өгүүлсэн байдаг. Казак, түвд, уйгар хүмүүс үндэсний цөөнх учраас хэрхэн хавчигдаж байгаа харин энэ хүмүүс тэр хэрээр хат сууж, түүх соёлоо авч үлдэх гэж чадлынхаа хэрээр тэмцэж байгаа тухай сэтгэл өвдмөөр тодорхой сайхан бичжээ. Олж аваад, цагаа гарган уншихад харамсахааргүй юм байна лээ.

Thursday, September 6, 2007

Тарган хонины гуя, шинэхэн өрөм


Энэ зургийг хоёр жилийн өмнө Тэрэлжид зусахдаа авсан юмаа. Ээж, аавын найз нарын хаяа түшиж, гэрээ бариад бүтэн зуныг өнгөрөөсөн юмсан, мөн ч сайхан байсан шүү. Айлын эзэгтэй Дэжидмаа эгч нэг хором ч зүгээр суудаггүй ажилсаг, нар салхинд гандсан хүрэн бор царайтай тэр наснаас овортой мэт харагддаг ч инээхэд нь ярайх тэв тэгшхэн, цав цагаан шүд даруй 20 жил залуужуулчихав уу гэмээр санаддагсан. Хөөрхий дөө, чадал тэнхэйтэй нэг нь жуулчны бааз барина гээд олон жил буусан зуслангаас нь хөөсөн сурагтай байсан, уг нь хүн идээшиж дассан нутгаасаа хөөгдөх учиргүй л юмсан.

Үхэшгүй мөнхийн Цагаан уул цэцэг


Нас уртасч юуны магад гээд эрвээхий дээр нь суусан юм болов уу? Хоёр жилийн өмнө Тэрэлжид авсан зураг.

Wednesday, September 5, 2007

Бостон явсан тэмдэглэл

Жаахан том гарчиг өгчихлөө. Уг нь манай эндээс нэг их хол биш ч гэсэн хэдэн жил болоход очиж үзэж амжаагүй байсан юмаа. Тэгээд 2 сар гарны өмнө зорьж очиж үзсэн болно.
Бостон бол Америкийн хамгийн ууган хотуудын нэг л дээ. Анх анлиас дүрвэж ирсэн пуритан шашинтай хүмүүс Shawmut хойг дээр 1630 онд хот байгуулсан гэдэг. Анх Trimountaine (Гурван уул) гэж нэрлэж байснаа сүүлд Бостон нэртэй болжээ. Энэ хотод Америкийн түүхэнд бичигдсэн олон том үйл явдлын эхлэл тавигдсан, хамгийн баян түүхтэй хотуудын нэг л дээ. Томоохноос нь дурдвал 1770 аад онд Бостон хотын оршин суугчид болон улс төрчид Америкийг Их Британиас туурга тусгаарлахад их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Америкийн тусгаар тогтнолын төлөө гол тулалдаанууд мөн энэ хотын эргэн тойронд болсон юм гэнэлээ. Мөн 19 дүгээр зуунд Америкт боолын ёсыг устгах хөдөлгөөн бас эндээс эхтэй. Түүхийг өнгөцхөн сонирхвол ийм.
Тэгээд 6 сарын сүүлийн нэг сайхан нартай өдөр Нью Йоркоос Chinese bus аар гарсан юм байна. Эндээс Бостон ороход 4 цаг орчим явдаг, автобусны билетний үнэ $15/талдаа. Ер нь эндээс хямдахн билетээр Вашингтон, Бостон, Филаделфи гээд томоохон хотууд уруу явдаг автобусны компани хэд хэд байдаг юм байна лээ. Тэнд очоод хотын төв орчимд зочид буудалд буусан. Хэдийгээр Массачусэц мужийн байтугай New England ийн хамгийн том хот гэлээ ч машин тэрэг гэлгүй, хүрэх газраа хоёр зээрдээрээ яваад юмаа үзчих боломжтой юм байна лээ.
Эндээс гарахдаа хот үзэхээс гадна хоёр зорилго тавьсан нь: халим үзэх (халим үзүүлдэг тур зөндөө байдаг юм байна лээ), нөгөө нь сайхан sea food идэх (хүн болгон тэгээрэй гэж захисан учраас).

Boston downtown skyline


Quincy market


The state house

Харвардын их сургууль энд байдаг гэдгийг хүн болгон мэдэх байхаа (тодруулахад Харвард Бостон хотод биш харин залгаа Кембрижэд байдаг). Мөн алдарт Massachusetts Institute of Technology (MIT) Харвардтай тохой залган байрладаг.

MIT campus

Whitehead Institute (MIT campus)

Brood Institute (MIT campus)

Бостон 18 дугаар зууны үеэс эхлээд Америк Европыг холбосон чухал боомт байсан гэдэг. Хойг болохоор гурван талаасаа усаар хүрээлэгдсэн, усан онгоц, далбаат завь их хэрэглэдэг юм байна.


Зуны улиралд халим Атлантын далайн энэ хэсэгт олноороо нүүдэллэн ирдэг гэнэ. Ер нь 9, 10 сар гартал загас, далайн бусад амьтнаар хоолож тарга тэвээр аваад өвөл болохоор өмнөд зүгийн дулаан усыг (орныг гэх нь хаашаа юм) зорьдог гэнэ. Бостонд усан онгоцоор халим байгаа газар аваачиж үзүүлдэг тур олон байдаг юм байна. Халим нэлээн элбэг бололтой, ихэнх нь заавал үзүүлэх баталгаа өгч байна, тухайн өдөр халим таараагүй тохиолдолд дараа үнэгүй авч явах ваучер өгдөг юм байна. Би ч за тэгээд усан доторх амьтан усан дээрээс яаж сайн харагдах вэ дээ гээд нэг их сүйд бололгүй явсан юм. Бидний замд 3 зүйлийн (humpback, blue fin, гуарв дах нэрийг нь санадаггүй) 5-6 халим таарсан. Ямар ч гэсэн төсөөлж байснаасаа их юм олж үзсэндээ их баяpлaсан юм байна шүү. Бүтэн бие нь харагдахгүй ч бас их сонирхолтой байcaн. Мөн аялалын туршид үзсэн харсан халимны тухай тайлбарлаж байсан нь улам сонин болгож байсан юм байна. Туршлагатай хүмүүс бол нурууг нь хараад тийм зүйлийн, төдий насны, тиймэрхүү хэмжээний гээд баримжаа хэлчихэж байна лээ.





За ямар ч байсан энэ аялалаас сэтгэл хангалуун буцаж ирсэн шүү. Нөгөө хавч, хорхойгоо ч бас олоод идсэн, сайхан байна лээ.

Хачирхалтай...



Янус нэртэй, 10 настай 2 толгойтой яст мэлхий төрсөн өдрөө Швейцарийн Женев хотын Байгалийн Түүхийн музейд тэмдэглэсэн гэнэ шүү.
source: BBC news website

Tuesday, September 4, 2007

Манай цонхоор...

Суух нь сууж
Зогсох нь зогсож
Суниасан гудамж
Харах нь харна.
Толя хүү дуу аялж
Томоотой Борис дуугүй сууна.
Хөлөө Николай унжуулаад
Хөдөлгөж савлаж тоглоно.

Танай цонхоор зөвхөн
Тал гудамж л харагдах юм.
Манай цонхоор тэгэхэд
Улаан талбай маш сайхан харагддаг юм.

гээд С. Маршакийн шүлэг багадаа цээжилж байсан санагдчихлаа. "Танайхаар сонин юутай вэ?" гэдэг ном байсан юмдаг.
Манайх энэ байрандаа нүүж ирээд бараг 2 жил болчихжээ. Анх манай цонхоор Манхатэний skyline маш сайхан харагддаг байлаа. Орой шөнө болоход Empire State Building ийн орой өнгө өнгийн гэрлээ гялалзуулаад л, цонхоороо харахад урамтай байлаа. Гэтэл манай сургууль шинэ барилгаа манай цонхыг таглаад барьчихсан одоо тэгээд цонхоор харахад шинэ барилгын яндан л харагдах юмаа, урамгүй гэж яаваа.

James Morrison: The Letter

Сүүлийн үед энэ дууг их сонсож байнаа.

Tracy Chapman: Baby Can I hold you

Гоё дуу..

Sunday, September 2, 2007

Зуныг үдэхүй..


Зун дууслаа. Америкчууд албан бусаар 9 дүгээр сарын эхний даваа гаригийг (Labor Day) зун дууслаа гэж үздэг. Tэгээд санаа дагаад ч тэр үү, нээрээ бүгчим халуун нь намдаад, оройдоо сэрүүхэн болчихдог юмаа. Наранд биеэ шарах сүүлийн боломж гээд өчигдөр Brooklyn-д байх Brighton Beach уруу гараад шидчихэв. Уг нь Нью Йорк хотод олон beach бий л дээ. Brighton Beach манайхаас нэлээн хол, автобус, метро дамжаад бараг хоёр цаг явна, өөрөөр хэлбэл өдрийн талыг унаанд өнгөрөөнө гэсэн үг, гэхдээ л тийшээ явах өөр нэг шалтгаан бас байдаг юмаа.
Brighton Beach бас "Бага Одесс" гэдэг нэртэй. Миний сонссоноор Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас гадна байдаг хамгийн том орос коммунити гэж байгаа. Метроноос гараад ирмэгц л Оросод ирчихэв үү гэмээр санагддаг юм. Дэлгүүр хоршооны хаяг, зарлалын самбар орос болоод явчихна даа. Brighton Beach avenue-г дагаад Орос, Молдав, Узбек гээд хоолны газар, хүнсний дэлгүүр, номын дэлгүүрүүд, дотор нь орвол танил ном, хөгжмийн CD, хуучин, шинэ цагийн кинонууд гээд байх, надад бол жигтэйхэн танил, дотно санагддаг юмаа.
За тэгээд метронд удаан явах юм чинь гээд унших ном авсан юм байна. Гэхдээ түм түжигнэсэн том хот болохоор метронд удаан явахад заавал сонин хачин зүйл таардаг юмаа. Би бол Улаанбаатараар зүйрлэвэл 7 буудал, Дамбадаржаа хавийн хүн л дээ, эндээ бол нөгөө муу нэртэй Bronx. Нээрээ дээр нэг бичиг баримтны асуудал гараад энд суудаг монголын консул орсон чинь үүдэнд нь суудаг настай эгч намайг хаана амьдардагийг дуулаад "Хүүхээ тэгээд чиний байдаг газар чинь нээрээ энэ зурагтаар гараад байдаг шиг тийм аймаар газар уу?" гэж билээ.
Bronx ийн хувьд ч нэг тийм муу нэртэй л дээ, ер нь оршин суугчдын нэлээн хэсэг нь эндхийн харууд, Пуэртө Рико, Доминикан, Ямайкаас ирсэн улсууд байх. Энэ дүүрэгт доогуур орлоготой хүмүүст зориулсан хотын өмчлөлийн байр их олон бий. Тэгээд яахав ядуу зүдүүчид нь олон болохоор болох болохгүй юм их гарна л даа. Харин яг хойд захдаа ирланд, италичуудын суудаг 2 хэсэг хороолол бий. Харин тэр хэсэгт нь янз бүрийн "өнгөтэй" хүн нэг их харагдаад байхгүй. Манай сургуулийн байр тэр итали хэсэгт нь байдаг юм. Үнэн худлыг мэдэхгүй, сургуулиас италийн мафийн бүлэглэлд мөнгө өгч энэ хавийг элдэв гэмт хэргээс сэргийлж байдаг гэсэн яриа яваад байх, ямар ч байсан энэ хавь ийм тийм хэл үггүй тайван л даа. Өө тийм би анх энд ирээд нэг настайвтар итали (italo-american гэвэл зөв байхаа) эмэгтэйн нэг өрөөнд жил хэртэй амьдарсан юм. Тэгтэл таньдаг ангол залуу Нью Йорк үзэх гэсэн юм, байрны эзэн чинь илүү өрөөгөө ганц шөнө хөлслүүлэх болов уу гэхээр нь, би дамжуулж тэр ирэхээр болсон юм. Тэгээд ирэх хүн ч ирэв, тэгтэл байрны эзэн авгай надад "чи ягаад энэ хүнийг надад хар гэж хэлээгүй юм бэ?" гэдэг байгаа. Би танд Ангол гэж хэлсэн биз дээ л гэлээ, тэгтэл тэгсэн, тэглээ гээд би яаж хар гэж мэдэх юм бэ гэж миний нүдийг орой дээр гаргах шахав. Ер нь америкчуудын газар зүй, америкаас гадуурх хорвоо ертөнцийн талаар мэдлэг тун тааруухан л даа. Гэхдээ зайлуул манай байрны эзэн тэр зaлуугийн аюулгүй байдалд санаа зовоод л тэгэж хэлсэн юм байна лээ л дээ. Тэгээд нөгөөхийг чинь дагуулж айл амьтны хүмүүстэй танилцуулсан гэж байгаа, тэгэхгүй бол танихгүй мэдэхгүй хар бор хүнийг барьж аваад зодсон хэрэг бас гардаг гэсэн. Ингээд бодохоор энэ америкийн эрх чөлөөний орон гэдэг худлаа юм шигээ. Нью Йорк л гэхэд маш олон газраас ирсэн түм буман хүнтэй, гэвч тэд ирсэн нутгаараа хэсэг бүлэг болж амьдарахаас нэг их холилдоод байхгүй. Тийм болохоор л орос, хятад, солонгос, энэтхэг, япон, грек, итали, польш, еврей гэхчилэн янз бүрийн хорооллууд байх, тэндээ өөр өөрсдийн уламжлалт хоолны газрууд, хүнсний дэлгүүрүүд, сүм хийд гээд хотын тэр хэсгийг бас ч гэж өвөрмөц сонин болгож байгаа юм л даа, гэхдээ нэг тийм "ghetto" маягаар өдий цаг үед тусгаарлагдаж амьдрах бас хаашаа ч юм дээ. За тэр ч яахав, бүр хадуурч хоцорлоо.
Миний зорьсон газар бол Улаанбаатараар Яармаг, Нисэх хавьцаа юм уу даа. Аа тийм бас энэ хотын нийтийн тээврийн талаар бас жаахан тайлбар хийх хэрэгтэй болох нь. Ерөнхийдөө америкийн тоотой хэдэн том хотоос бусад газар бол нийтийн тээвэр гэх ойлголт бараг л байхгүй гэхэд болно. Зарим газар бол машин зам дагаад явган хүний ч зам байхгүй. Нью Йорк бол харин нийтийн тээвэр хөгжсөн, машингүй амьдрах боломжтой газарт орно. Гэхдээ л Европтой харьцуулашгүй. За тэгээд хагас бүтэн сайнд замын засвар энэ тэр гээд маршрут, хуваарь нь өөрчлөгдөнө, удаан хүлээлгэнэ, нэг тиймэрхүү. Харин хагас сайнд тун азтай байлаа. Автобус, метро алийг нь ч их хүлээсэнүй, замд $1 ийн М&М зардаг хүүхдүүдээс өөр сонин болгочих юм тааралгүй яваад зорьсон газраа хүрлээ.
Метроны буудлын хажууд молдав рестораныхан гадаа нарийн боов зарж байна. Тэндээс аарцтай тэргүүн, хажуугийн дэлгүүрээс савласан ус, талхан торхтой, цөцгийтэй мөхөөлдөс (нөгөө 60 мөнгөний мөхөөлдөс гэж байсан даа) аваад далайн эрэг рүү очлоо. Зуны ид үейиг бодвол хүн багатай аятайхан байсан юм байна шүү. Учиргүй бүгчим халуун ч алга, хүн сийрэг газар очоод дэвсгэрээ дэвсээд жаахан дугхийж орхив.
Би зун болохоор л яаж ийгээд борлох гэж зүтгэдэг зантай. Уг нь арьс хөгшрүүлнэ, хорт хавдарын эрсдэл нэмнэ гэж мэдсэн ч, жаахан ч гэсэн борлохгүй бол зун болоогүй юм шиг санагддаг. Харин хамт ажилладаг хоёр япон хүүхэн зун урт ханцуйтай цамц, өмднөөс яж ч халуун болсон салахгүй бас дээр нь далабагар малагай өмсч нүүрээ нарнаас халхална. Борлохоос үхтэлээ айдаг, сонин шүү.
Хоёулаа явсан болохоор нэг нэгээрээ ус уруу очсон юм байна (нэг нь юмаа харж үлдээд..). Би сэлж чаддаг ч далайн усанд зүрхэлж орж чаддаггүй, зүгээр л эргээр нь ус туулав. Эрэг дээр зогсоод далайн ус түрж, татахыг мэдэрч зогсох сонин байлаа. Ус татрахад хөл доорх элс нураад, хүчтэйхэн түрлэгтэй өдөр бол савж унах шахдаг юм. Тэгээд дээр хүүхэд байхад ээж маань далайн түрлэг дэлхий, сар хоёрын таталцалаас болдог юм гэж тайлабарлаж өгсөнийг санав (ээж маань физик, одон орны багш байсан юм л даа).
Brighton Beach хоёр гурван км үргэлжилдэг, уг нь газар орчинд нь ялгарах зүйл байхгүй ч баруун хэсгийг нь Coney Island гэж нэрлэдэг юм. Эргээс 300 аад метр хэртэй явган хүний модон замтай тэрийгээ Broadwalk гэж нэрлэдэг юм байна лээ. Зам нь гайгүй өргөн, бас захаараа зөндөө олон вандан сандалтай. Орос эмээ өвөө тэр сандлууд дээр сууцгаагаад нарлангаа хууч хөөөрцгөөгөөд л. Broadwalkаа дагаад бас овоo хэдэн ресторантай: Волна, Татьяна, Зимний сад, Москва гээд. Зуны цагт гадаа суугаад далайн эрэг харж суухад их сайхан байдаг юмаа, яг л оросын нэг амралтын газар очсон юм шиг санагдана гээч.
Цаг хагас хэртэй эрэг дээр саатаад Brighton Bazar орж, өтгөн зөөхий, утсан гахайн өөх, хар талх, заганы консерв гээд л танил дотно хүнс цуглуулав. Нээрээ ийшээ орохоор хүүхэд насаа дурсдаг юмаа. Багадаа идэх дуртай байсан баавгайтай чихэр энэ тэр, зефир, пастэл, молоко, кисел хүртэл байна гээч. Дэлгүүрийн худалдагч нарын зарим нь анлглиар ярьж чадахгүй, миний хувьд орос хэлний давтлага болно. Зугаатай шүү.
Ингээд л зун баяртай болох шив дээ. Хойтон зун хаана байж таарах бол?