Wednesday, September 29, 2010

Нэг ийм онигоо

Саявтар нэг танил маань ийм инээдтэй онигоо эмайлээр явуулсаныг орчуулж үзмээр санагдаад болдоггүй ээ. Жаахан болхи болсон бол уучлаарай.

Эмэгтэй хүний дотуур хувцасны наймаа хийдэг еврэйн дэлгүүрт нэг араб эр хар өнгөтэй лээвчиг сураглан орж иржээ. Дэлгүүрийн эзэн байгаа лээвчигнээсээ үзүүлбэл араб эр харж байснаа:
- Энэ ямар үнэтэй вэ, гэж асуухад
- Аан, шинэ загварын лээвчиг 20 еврогоор зарнаа гэж эзэн хариулав.
Араб эр бодож зогссоноо хоёрыг худалдаж аваад явлаа.
Хэд хоногийн дараа мөнөөх араб дахиад л ирж гэнэ.
- Нөгөө хар лээвчигнээс чинь дахиад байна уу гэж асуужээ. Мөнгөний үнэр авсан еврэй:
- Бий бий, эрэлт ихтэй болохоор нь манайх үнээ нэмсэн. 40 еврогоор зарнаа гэжээ.
Араб эр энэ удаад тавыг худалдаж авчээ.
Долоо хоногийн дараа араб эр дахиад л нөгөө дэлгүүрт ирээд:
- Нөгөө лээвчигнээс чинь арвыг худалдаж авъя гэжээ. Еврэй эр:
- Эрэлт ихтэй одоо бараг дуусч байгаа, манайх 50 еврогоор зарна гэхэд, араб эр зөвшөөрч, 500 евро тоолж өгчээ. Еврэй эрийн сониуч зан дотроос нь хатгаад болсонгүйд тэрбээр:
- Та ингэхэд энэ олон лээвчигээр юу хийдэг юм бэ гэж асууж гэнэ. Араб эр:

- Аан, би энэ лээвчигний аягыг нь хайчилж аваад, танай еврэй эрчүүдийн өмсдөг киппа малгай болгоод 100 еврогоор зардаг юмаа гэж гэнэ.

Friday, September 24, 2010

Аяны богц 3-Хээрийн хоол амттай...

Хэрлэнгийн эрэг дээр жирийн тогоонд хорхог хийж идсэн нь.











Thursday, September 16, 2010

Аяны богц 2-Хэрлэн зорих зам зуурт

Баянталд хоносон анхны шөнө бороо оров. Гэрийн эзэд бороо дагуулж ирдэг буянтай хүмүүс хэмээн манийгаа магтаж, хайр найргүй төөнөсөн нарны илч буурч, амьсгаа авахтай болоход зугаалганд хэрэгтэй бүхнээ ачиж аваад зүүн хойшоо чиглэн гарлаа. Орсон бороо газар чийглээд тоос шороогүй хар замнаас дутахгүй сайхан цагаан замаар явсаар зорьсон газраа хүрсэн юм. Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдын зааг хавьцаа Долоон болдог гэдэг газар голын эрэг дээр буудаллаж хоёр хоносон.
Баянталаас гараад энгүй талаар давхиад байх шиг харин зорьсон газар дөхөхөд Хэнтий нурууны салбар уулс хөхрөн дүнхийгээд газрын байдал хурдан солигдсон юм байна.





Мотоциклтой ямаачин...


Замын сонин гэвэл цагаан зээрийн томоохон сүрэг таарч хэдий тааруу ч гэсэн хэдэн зураг дарах боломж олдсонд ихэд олзуурхав.






Сар шувуу гээд ийм том шувуу байдгийг олж мэдэв.


Замдаа буусан булгийн ойр жижиг мэлхий олон таарч хүүхдүүд нэг нэгийг өмчилж аваад авчирч үзүүлсэн нь энэ. Чадвар дутаад жаахан фоксгүй гарчихсан.



Энэ булгийн ус нэг тийм хүхэрлэг амттай, гэрийн эзний хэлсэнээр газрын тосны амт гэнэ.


Ерөнхийдөө газрын өнгө цагаан гандуу байсан хэдий ч булгийн ойролцоо нов ногоон байсан нь усны үнэ цэнийг мэдрүүлэх шиг.




Зам зуурт бараг айл таараагүй, ус үгүй болоод тэр гэсэн.

Tuesday, September 14, 2010

Аяны богц 1-Баянтал



Анхны төлөвлөгөө Баянталд амьдардаг ээжийнхээ найзынд зочлоод цаашаа Хамарын хийд орох байлаа. Явахын өмнөхөн нэг танил маань хав халцгай Баянтал орж юу үзнэ гэж бодоов хэмээн шоглож билээ. Хотоос урагш жаахан яваад л газрын өнгө шаргал болж ирээд Баянтал дөхөхөд өвс ногоо гэх юм үлдсэнгүй. Хэзээ нэг цагт амьдрал буцалж байсан болов уу гэлтэй хаалга цонхгүй хэдэн угсармал байр, байсан барилгыг нураасны үлдэгдэл овоолсон тоосго, хэрзийж хоцорсон бетонон тулгуурууд хараад нээрээ наашаа дэмий ирэв үү дээ гэсэн бодол толгойд зурсxийв. Гундуухан саарал бүхнээс арай онцгой тод шар өнгөөр будсан байшингийн гадаа ирж зогсоод гэрийн эзэдтэй мэндлэх агшинд эвгүй сэтгэгдэл бүхэн оромгүй арилаад наашаа ирсэндээ ихэд олзуурхаж билээ.









Гэрийн эзэгтэй миний аав ээжийн нэг ангийн багын найз нүдээрээ инээмсэглэсэн гоё эгч байлаа. Цэргийн байгууллагад насаараа ажилласан нөхөр нь тэтгэвэрт гарахад нь оросын цэргийн нислэгийн бааз байсан энэ газар байшин хувьчилж өгсөнийг авч эндхийн айл болсон гэнэ. Саалийн цөөхөн хэдэн үнээтэй, зуу гаруй ямаатай өөрсдийнx нь тодорхойлсоноор болсоон илүү яахав гэсэн амьжаргаатай айл. Жижиг сажиг амь зуулгын юм бичээд байгаа нь тэдний амьдрах ур ухаан, ажилсаг чанарыг дурдах гээд байгаа ухаантай. Тэрүүхэндээ монголчилсон дотроо душтэй тохилог цэвэрхэн байшин, шилэн хүлэмж, хашаандаа тарьсан хэдэн мод, зүлэг (харамсалтай нь энэ жил тарьсан үрийг нь хорхой юу ч үгүй идчихсэн байсан) зүгээр суудаггүй, ажилсагийг нь илтгэнэ.
Цай буцлах зуур гэдэг шиг л хоол унд бэлэн болж ширээ тойрч тухлан суухдаа хүн өөрөө газар нутгаа тодорхойлох хамгийн чухал хэсэг юм уу даа гэсэн бодол төрсөн юм. Энэ жил миний явсан газруудаас хамгийн халуун дулаан дурдатгал тэнд л байсан нь энэ бодлыг батлах шиг.
Оросууд эндээс явахдаа баазаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэнэ. Дараагийн хэдэн жил нь засаг захиргааны хувьд Улаанбаатарын харьяа гээд тэрхэндээ хөл хөдөлгөөнтэй, дунд сургууль, цэцэрлэг эмнэлэгтэй, хүмүүст хийх ажилтай подхийсэн суурин байж. Яг хэдэн онд гэлээ дээ, Улаанбаатарын харьяанаас гарахад л ингээд эзгүйрчихсэн юм гэж эзэгтэй ярьж байсан. Нарийн ширийн учрыг би мэдэхгүй ч энэ их буруу шийдвэр байжээ.
Ээж аавын ангийн бас нэг "охин" Шаамараас ирж, тавь гарсан ангийн гурван "охидууд" эгээ л арван хэдтэн шиг инээдэм наргиан болох нь аялалын маань нэг чимэг. Ээжийгээ ингэж хөгжилтэй байхыг хараагүй удсанаа тэгэхэд л санав. Ирсэн зочиддоо зориулж гаргасан ямааны гэдэс, хорхог, гэрийн эзэгтэйн өөрөө дарсан кимчи, Шаамараас ирсэн эгчийн өөрөө ургуулж дарсан улаан байцаа, өргөст хэмх гээд амттан өрж байгаад ойр амьдрах нутгийн нөхдөө цуглуулаад тэр өдрийг сайхан өнгөрөөж билээ. Гэрийн эзэн хуучин маягаар "Уяхан замбуу тивийн наран" дуугаар дугараа эхлүүлэхэд сэтгэл тийм гэхийн аргагүй хөдөлж, Шаамарын эгч баргилдуухан хоолойгоор нүдээ хагас аньж, гараа энгэртээ аваад толгойгоо хоёр тийш үл ялиг ганхуулан дуулсан сайхан дуунууд сэтгэлд уянгалсан хэвээр. Тэрхэн үед бүгдийг мартаад энд үлдчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогсон.


Нутгийнхны шүтдэг Дархан уул


Голио их элбэг, том ч гэж жигтэйхэн хүүхдүүдийн сонирхолыг их татсан



Гэрийн эзэд ийм халуунд олон жаахан хүүxдүүдтэй Хамaрын хийд орно гэдэг зам мэдэхгүй та нарын хувьд хүндрэлтэй аялал болно, тэгсэнийхээ оронд бидэнтэй энүүхэнд Хэрлэнгийн хөвөөнд оч гэснээр аялалын төлөвлөгөө өөрчлөгдөж маргааш нь бид Хэрлэн голыг зорьсон юм.

Wednesday, September 8, 2010

Аяны богцоо задлахуй...


Хамгийн сүүлийн бичлэгээс хойш чамгүй урт хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нүүж сууж, нутагтаа амарч, шинэ газар төвхнөх гээд ажил ихтэй байсан болохоор энэ бүхэн нүд ирмэх зуур болоод өнгөрсөн мэт санагдах. Мэдээж хамгийн сонин содон гэвэл гэртээ харьж ах дүүтэйгээ золгосон, хөдөө нутгаар аяласан маань орох болов уу. Аялалаа товчхон тодорхойлбол:
1. Хараад ханашгүй гоо үзэсгэлэн
2. Онгон зэрлэг
3. Алжаал тайлсан хэрнээ бас ядарсан
4. Амь өрссөн
5. Шинэ танилууд
6. Адал явдал
7. Ах дүүтэйгээ золгосон гээд урт жагсаал үргэлжлэх нь. Аялалын шахуу төлөвлөгөө болоод төлөвлөгөөгүй бороонд саатсанаа оруулбал Улаанбаатарт 7 хүрэхгүй хонож таарсан нь амьтан ах дүү, найз нөхөдтэйгөө уулзах боломжийг богиносгосон тул гэртээ харьсан ч юм шиг үгүй ч юм шиг сэтгэгдэлтэй буцаж ирэв. Угаасаа гэртээ хариад хэдий удсан ч буцах болоход чамлагдаад байдаг хойно хэмээн сэтгэлээ тайтгаруулах оролдлого бас л амжилт муутай. Нас явах тусам нутгаасаа буцах улам л хэцүү болоод байх шинжтэй. Очих бүрд нүүрний үрчлээ нь нэмэгдэх хэдэн хөгшчүүлээ, танигдахгүй болтолоо өсөх хэдэн бөндгөр хүүхдүүдийг орхихдоо сэтгэл өвдөж, нулимсаа дундлах нь бараг л заншил болж орхио юу даа.
Буцахын өмнөхөн америк хоолны газар болсон арга хэмжээнд оролцвол голдуу Улаанбаатарт ажилладаг болов уу гэмээр гадныхан цугларч таарсан юм. Хоолны газар ажиллуулдаг мексик төрхтэй залуус, халуун усгүй удсан хийгээд яаж халуун усгүй угаалга хийx талаар туршлага солилцох элчинд ажилладаг болов уу гэмээр европ хүүхнүүд, олон улсын харилцааны дээд сургуулийн аспирант, монголоор ус цас шиг ярих орос бүсгүйг хараад яагаад ч юм учиргүй атаархаж билээ. Би ч гэсэн ингээд амьдрахсан гэдэг хүсэл тэрхэн зуурт хоолонд хүргэсэн мэргэжлээ ад үзмээр ч болох шиг. За ийм гунигтай бодол ч яахав, явсан газрынхаа сонинг хэд хуваагаад, төрсөн сэтгэгдэл бүдгэрэxээс өмнө шуурхай оруулах бодолтой, та бүхэн таалаx биз хэмээн найдна.