Sunday, June 29, 2008

Оньсого #42 хариу

Эхний оньсогоны хариу сар, дараагийнх нь од байлаа. Ганаа, Мөнхбаатар хоёр зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Thursday, June 26, 2008

Оньсого #42

Сүүлийн хоёр долоо хоног оньсого зөв таасан хүн таарсангүй ээ. Энэ удаад арай амархан хоёр оньсого тавилаа.

Ганга мөрний эрэг дээр
Ганц цагаан шувуу сууна, тэр юу вэ?

Үдэш ургасан цэцэг
Өглөө босоход хагдарна, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд.

Sunday, June 22, 2008

Оньсого #41 хариу

Энэ оньсогыг багадаа сонсож байсан болохоор олон хүн таах болов уу гэж бодсон зөв таах хүн гарсангүй. Оньсогонд орсон олон үгийн утгыг мэдэхгүй юм гэсэн коммэнт олон үлджээ. Зарим үгийг чадан ядан тайлбарласан боловч тус болоогүй бололтой. Оньсогоны хариу сонгино байлаа. Сонгины иш отго нь, сахал мундаа гэж үндэс, хурц үнэрийг нь заарь хэмээн дүрсэлжээ. Оньсого таах гэж оролдсон та бүхэнд баярлалаа. Ямар ч гэсэн шинэ оньсогоноос гадна хэдэн шинэ үг сурсан байх гэж найдаж байна.

Thursday, June 19, 2008

Ховорхон..

Ид ажилтай үеэр Euro2008 болоод сэтгэл санаа хоёрдуулж, ажил цалгардуулах юмаа. Миний хувьд юм бичихэд үдээс хойш нэг цагаас тав зургаа хүртэл хамгийн үр бүтээлтэй цаг. Цагийн зөрүү тооцохоор хөл бөмбөгийн тоглолт яг давхцаад, ажил хийсэн нэртэй компьютэрийн өмнө сууж байвч нүд нөгөө дэлгэц үрүү хялайгаастай. За яахав одоо хэдхэн хоног үлдлээ.

Дэлхийн аварга, европын аваргаар л хөл бөмбөг үздэг би мэдлэг муутай ч тэрүүхэндээ аль нэг багийг таалаад дэмжихээр ихэнхдээ хожигдчихоод байдаг талтай. Жишээ нь, дэмжиж байсан франц, чехийн багууд хожигдоод хасагдаж орхисон. Харин өчигдөр өнөөдөр хоёр ховорхон таарах азтай өдрүүд байлаа. Дэмжиж байсан оросууд шведийг, германчууд португалийг хожоод, ажлаа цалгардуулсан ч сэтгэлийн асар их ханамжтай шөнө дөлөөр сууж байна даа. Яагаад энэ хоёр баг гэхээр би гэдэг хүн аль таарууг нь сонгож дэмжих гээд байдаг зуршилтай. Сонголт ийм болохоор хожигдоод байдаг нь аргагүй ч юм уу. Оросууд ЗXУ задарсанаас хойш том тэмцээнд амжилт гаргаж байгаагүй гэнэ. Харин энэ жил өнгөтэй сайн баг гарчээ, дандаа залуухан хүүхдүүд. Харин германы хувьд тойргийн тоглолтонд тийм сайн байгаагүй, португали болохоор шуугиан тарьсан алдартнуудаар дүүрэн. Бас нэг шалтгаан гэвэл итали португалийн багийн тоглолт надад таалагддаггүй юмаа. Сиймхий ашиглаж эсрэг багийнхнаа түлхэж ёврохдоо мэргэжлийн мөртлөө өөрсдөд нь хүрэв үү үгүй юу баашлаад хэвтчихдэг талтай. Үгүй надад л тэгэж харагдаад байдаг, дүрэм журам сайн мэдэхгүй болохоор буруу ч байж болох.

Харин том мөрөөдөл үзүүр түрүүнд хорват испани хоёр үлдвэл сайхнаа. Тэгвэл аль нь ч түрүүлсэн хамаагүй ээ. Ингэж хөвсөлзөж байгаа хэрнээ нэгнийх нь ч нэрийг мэдэхгүй тууж яваа. Таарсан ч хөгжөөн дэмжигч бол...

Оньсого #41

Оньсого таалгах цаг болчихжээ. Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Орой дээрээ отготой
Оочин дундаа сахалтай
Сахлан дундаа мундаатай
Мундаан дундаа заарьтай, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавья. Та бүхэн тааж болгооно уу?

Тайлбар:
Хүмүүс зарим үгний утгыг ойлгохгүй байна гэсэн коммэнт үлдээжээ. Ингээд зарим үгсийн тайлбар нэмж бичлээ.
мундаа - залаа сэрвээ
заарь - содон үнэр гаргадаг булчирхай юм байна. Харин отго бол нөгөө хэргэм зэрэгтэй хүмүүсийн малгайны чимэг (отго жинс гэж ярьдаг даа). Одоо ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье.

Tuesday, June 17, 2008

Ижил хүйстэнээ сонирхох олдмол чанар биш

Он удаан жилийн туршид ижил хүйстэн байх нь нэг төрлийн өвчин эсвэл ямар нэг байдлаар гаж юманд дуртай улсын асуудал хэмээн тэд олон нийгэмд гадуурхагдаж иржээ. Ардчилсан нийгэм тэдний эрхийг хамгаалах улмаар бусадтай адил тэгш эрх эдлүүлэхийн төлөө олон зүйл хийж байгаа ч чухам хүн яагаад ижил хүйстэн болчихдог нь тодорхойгүй, хүмүүс мөн л буруу хүнд уруу татагдсанаас эсвэл ямар нэг өвчин мөн биш талаар маргалдсаар л.

Ямар ч гэсэн энэ бол төрөлхийн онцлог мөн гэсэн анхны баталгаа өнөөдрийн PNAS (Proceedings of the National Academy of Sciences of the USA) (1) сэтгүүлд хэвлэгджээ. Шведийн Каролинска их сургуулийн судлаачид ижил хүйстэн эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тархины MRI болоод PET дүрслэлийг heterosexual эрэгтэй эмэгтэй хүмүүсийнхтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дээрх дүгнэлтэнд хүрчээ.

Эрэгтэй хүмүүсийн тархины баруун хэсэг зүүн хэсгээсээ том тийм ч учраас баруун зүүн тэгш хэм алдагдсан байдаг бол эмэгтэй хүний тархи тэгш хэмтэй баруун зүүн талын хооронд ялгаагүй байдаг аж. Тэгвэл ижил хүйстэн эрэгтэйн тархины бүтэц heterosexual эмэгтэйн бүтэцтэй ижил, харин ижил хүйстэн эмэгтэйнх heterosexual эрэгтэй хүний тархины бүтэцтэй ижил байдаг аж. Судалгаанаас тархины бүтцийн энэ ялгаа нь хүүхдийг эхийн умайд байх үед бий болоx магадлалтай гэнэ.

Энэ судалгаа шинжлэх ухаанд анх ижил хүйстэн хүмүүсийн онцлогийг харуулсан ажил болжээ. Үүний үр дүнд ийм хүмүүс тархины бүтэц, үйл ажиллагааны онцлогоос хамаарч бэлгийн өөр чиг хандлагатай болсон учир тэднийг гадуурхах нь утгагүй хэрэг гэдэг батлагдсан болно.

1. Savic I., and Lindstrom P. (2008) PET and MRI show differences in cerebral asymmetry and functional connectivity between homo- and heterosexual subjects. PNAS

Sunday, June 15, 2008

Оньсого #40 хариу

Энэ удаагийн оньсого олны танил биш байжээ. Саарал ганцаараа таах гэж оролдов. Оньсогоны хариу эмээл байлаа. Эргээд харвал мэддэггүй хүн таахад хялбар биш байжээ. Ямар ч гэсэн оньсого таах гэж оролдсон та бүхэндээ баярлалаа. Ирэх долоо хоногт арай амархан оньсого тавья.

Saturday, June 14, 2008

Ертөнцийн бүсгүйчүүд бүгд адилхан юм уу даа

Охиныг маань багад нь харж байсан Франц бүсгүй нутаг буцах болж, тоглоомын талбайд танилцацгаасан хэдэн бүсгүйчүүд нийлж парти зохион байгуулаваа. Колумби, Бразил, Франц, Энэтхэг, Австри, Израйл, Мексик намайг тоолбол нэг монгол нийлээд арав гаруй хүүхнүүд дашрамд дурдахад бүгд ээжүүд нийлж нэг оройг сайхан өнгөрөөв. Америкт байгаа хэрнээ бидний дунд америк хүүхэн байсангүй ээ. Ажил мэргэжлийн хувьд гурван эмч, эдийн засгийн багш, бизнес эрхлэгч, хоёр хуульч, нэг зураач үлдсэн нь биологичид байв.
Ярьж суухад зан заншил, хэл соёл өөр ч гэсэн эх хүн, эмэгтэй гэсэн утгаараа олон зүйл дээр санал нэг байх юмаа. Яриа ерөнхийдөө хүүхдүүдийн асуудал уруу хэлбийж ийм хоёр сэдэв голлож байх юмаа:

1. Хүүхдүүдээ хэрхэн commercial сэтгэхүйгээс хол өсгөх вэ? Бусад газар ямар байдгийг мэдэхгүй, энд бол эмэгтэй хүүхдийн хувцас ягаан өнгөтэй, дээр нь Диснейн ямар нэг гүнжийн зурагтай байх нь элбэг. Дээр нь Барби, Братз гээд хүүхэлдэйгүй бол хүн биш болчих гээд байдаг талтай. Бид яахаараа эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ягаан юм уу цэнхэр биш харин ногоон, шар, улбар шар, хүрэн өнгийн хувцас хийж болдоггүй юм бол гэж ярилцав. Охидтой улс аль болох эндхийн стереотип маягаас зайлсхийдэг арга барилаа солилцов. Хөвгүүдтэй ээжүүд буу шийдмээс хол байх гэсэн хандлага их байнаа. Бүгдийг хорих хаашаа гэхдээ хорвоо ертөнц Диснейн хэдэн гүнжээр хязгаарлагдахгүй, бас ягаан цэнхэр хоёроос өөр олон гоё өнгө бий гэдгийг ойлгуулах нь чухал юм уу даа.

2. Бэлгийн хүмүүжлийн тухай яриа голлож байнаа. Европоос ирсэн хүүхнүүд багаас нь хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьдаг бол бусад нь аль болох энэ сэдвээс зайлсхийдэг болох нь ажиглагдав. Энэ талаар хамгийн нээлттэй улсын нэг болох Голландад өсвөр насны охидууд жирэмслэх нь хамгийн бага байдаг бол, харьцангуй хуучинсаг консерватив үзэлтэй латин америкийн орнуудад энэ тоо хамгийн өндөр байдаг гэнэ. Франц бүсгүй хүүхдүүддээ 3-4 настайгаас нь эхэлж эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биейин онцлог, хүүхэд яаж төрдөг талаар тайлбарлаж эхэлдэг бол Колумбийн католик шашны сургуулиар хүмүүжсэн бүсгүй иймэрхүү мэдээллийг 18 настайдаа бэлгийн хүмүүжлийн хичээл дээр дурдах төдий сонсжээ. Мэдээлэл нээлттэй байх тусам сөрөг үр дагавар багасдаг ажээ.
Миний хувьд энэ талаар эцэг эхээсээ ер сонсож байсангүй. Сургуульд ч нэг их сүрхий зааж сургасан нь үгүй. Одоо харин цаг үе өөрчлөгдөөд арай нээлттэй болсон гэж найдна.
Хүүхдүүдэд яаж энгийнээр ийм асуудлыг тайлбарлаж өгдөг арга барил бас сонин байлаа. Ямар ч гэсэн хүүхэд эцэг эхийн оролцоотойгоор бий болдог гэдгээс эхэлдэг юм байна. Яваандаа хүүхэд яаж төрдөг, цаашлаад хүүхэд яаж бий болдог талаар нас биед нь тохируулж тайлбарлаад байвал нэгэнт нууц биш учраас хүүхэд тэр болгон ийм асуудал уруу хэт их сонирхоод байдаггүй гэнэ. Аав нь ээжийнх нь умайд үр суулгаж хүүхэд бий болдог гэж тайлбарлах их аятайхан арга санагдав. Миний хувьд хүүдээ энэ талаар яаж тайлбарлахаа мэдэхгүй будилж явсан учир хүмүүсийн туршлагаас сонсоход таатай байлаа.
Дөрөвдүгээр ангид байхдаа хамгийн анх эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өвдөгөө нийлүүлбэл жирэмсэн болдог хэмээн ангийнхаа охины амнаас анх сонсоод тэрхэндээ хөвгүүдээс аль болох хол суух гэж хичээдэг байж билээ. Мексик найз маань бассэйнд орвол жирмэсэн болох магадлалтай гэж сонсоод усанд сэлэхгүй удснаа сонин болгож хөөрөв. Буруу мэдээлэл буруу үр дагавартай болохоор аль болох илэн далангүй, үнэн бодитоор тайлбарлах нь чухал болохыг олон хүний яриа батлав.
Хүүхдүүдээсээ хол цагаа сайхан өнгөрөөх гэсэн бид хэд ингээд хүүхдүүдийн тухай ярьсаар тарж одов. Ертөнцийн хүүхнүүд хоорондоо адилхан юмаа даа.

Thursday, June 12, 2008

Juno


"Чамд үнэхээр хайртай хүн бол чамайг муу сайн бүхэнтэй чинь яг байгаагаар нь хайрлаж чадна. Муухай ч бай сайхан ч бай тэр хүн чиний хонгоноос нар манддаг гэж итгэдэг" хэмээн аав нь 16 тай охиндоо хайр сэтгэлийн талаар зөвлөгөө өгөхдөө хэлсэн үг жигтэйхэн их таалагдав. Найруулагч Жэйсон Райтманы найруулсан "Juno" гэдэг кино үзсэн минь энэ. Нас залуу ч хэрсүү, бие даасан охин жирэмсэн болчихоод тулгарсан асуудлаа хэрхэн шийдэж байгаа нь сонирхолтой байлаа. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд үзүүлбэл сургамжтай санагдав. Сүүлийн үед хүүдээ ухаарал хайрласан кино үзүүлэх гэж их хичээж байнаа.
Энэ кино зохиолоороо өнгөрсөн жилийн Оскарын шагнал хүртсэн бөгөөд гол дүрд тоглосон Эллэн Пэйж шидэг эмэгтэй дүрд нэр нь дэвшсэн юм.

Оньсого #40

Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Ангаан тангаан мод
Алаг тэхийн эвэр
Зуун бухын арьс
Зусмал зээрийн шандас, тэр юу вэ?

Бүтэн сайнд хариуг нийтлэе.

Wednesday, June 11, 2008

Statue of Liberty


Эрх чөлөөний хөшөө Нью Иорк хотод айлчилсан хэн бүхний үзэж харах зүйлсийн жагсаалтанд тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Нью Иоркод амьдарсан энэ хэдэн жил ирсэн буцсан бүгдийг дагуулж очсоноо тоолбол арваад удаа явсан байх юм. Энэ хөшөөг 1886 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Францын ард түмнээс бэлэг болгосон юм гэдэг. Уг хөшөө Манхаттан арлаас урагш байрлах Эрх чөлөөний (Liberty island) арал дээр байрлах бөгөөд нутаг дэвсгэрийн хуваариар Нью Жерси мужид багтах ч Нью Иорк хотын бүрэлдэхүүнд ордог аж.
Эрх чөлөөний хөшөөний эх загварыг Фрэдэрик Бартолди хэмээх уран барималч гаргасан бөгөөд дотоод заслын загварыг Эйфэлийн цамхагийг зохион бүтээгч Александр Эйфэл хийжээ. Хөшөө францын ард түмний хандиваар санхүүжигдэн босчээ.
Ган тулгууртай цэвэр зэс хөшөө нэг гартаа бамбар, нөгөө гартаа бичигтэй хавтан барьсан эмэгтэйг дүрсэлсэн. Бамбарын галын уг эх зэс байсан боловч сүүлд цэвэр алт болгожээ. Хөшөөний эх дүр эртний Ромын боолчлол дарлалаас аврагч бурхан Либэртасаас санаа авсан гэдэг. Хөшөө урагшаа алхсан байрлалтай нэг хөлд нь тасарсан гав гинжийг дүрсэлсэн байдаг. Хөшөөний анхны арай жижиг хувилбар 1870 онд хийгджээ. Энэ хувилбар одоо Парис хотын Люксэмбүргийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг аж. Норвегоос олборлож, Франц, Бельгид цэвэршүүлсэн зэсээр бүтсэн хөшөөг Нью Иорк хот уруу 350 хэсэг болон тээвэрлэж угсарсан байна. Хөшөөний арван нэгэн хошуутай од хэлбэрийн суурийн эхийг америкийн архитект Ричард Хант (Richard Hunt) зохиосон юм байна. Сууринаасаа бамбар хүртэл 46.5 метр өндөр хөшөөг босгоход 113 тонн ган, 27 тонн зэс оржээ.
Эрх чөлөөний хөшөөг ойрхоноос үзье гэвэл Манхаттаны урд үзүүрт байх Battery park-аас билэт авч усан онгоцоор Liberty арал орж болно. Усан онгоц замдаа Эллисийн арал дээр бас зогсдог болохоор тэнд байх музейг бас үзэж болно. Амралт баярын өдрүүдээр өглөө эртхэн очихгүй бол билэт зарагдаад дуусчихдаг гэмтэй. Билэт олдсон ч зарим үед урт дараалалд хэдэн цаг зогсдог нь цаг давчуу яваа нэгэнд хэцүү. Харин усан онгоцны зогсоолд ойрхон Staten Island ferry зогсоол бий. Энэ ferry Манхаттан Staten island хоёрын хооронд явдаг үнэгүй тээврийн хэрэгсэл бөгөөд эрх чөлөөний хөшөөний хажуугаар нэлээн зайтай явж өнгөрдөг. Ингэж үзэхэд цаг хэрийн хугацаа хэрэгтэй.

Tuesday, June 10, 2008

Yves Saint Laurent


Өнгөрсөн долоо хоногт Францын алдарт хувцасны загвар бүтээгч Ив Сан Лоран өөд болжээ. Франц улс төрийн хэмжээний хүндэтгэл үзүүлж, ерөнхийлөгч нь тэнд харагдав. Мэдээж алдар цуутай загварын ертөнцийнхөн, жүжигчид бүгд очжээ. Миний хувьд нэртэй загвар бүтээгчдийг нэг их сонирхоод байдаггүй. Энэ нь нэгд хувцас хунарт нэг их анхаарал тавьдаггүйтэй, бас нөгөө талаар үнэтэй фирмийн хувцас авч өмсөх бэл бэнчин нэгэнт үгүй болохоор дэмий сонирхоод яах билээ. Цаашилбал нөгөө загварын шоу энэ тэр харж байхад гуалиг загвар өмсөгчдийн мөрөндөө тохсон хувцаснуудаас надад зохиж таарах юм ховор харагдаад байх шиг болохоор энэ талын мэдлэг тун муу ч дээрх их хүндлэл сониуч занг минь хөдөлгөж орхив.
Тэгвэл Ив Сан Лоран гэгч хорин нэгэн насандаа Кристиан Диорын ахлах загвар бүтээгч болсон ба сүүлийн тавин жилд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өөрлөгдөж байгааг соргог мэдэрч тэдний хувцаслалтанд хувьсгал хийсэн хүн гэнээ.
Түүний хийсэн бүтээсэн моод мэдэхгүй над мэтэд ч хүртээлтэй гэнэ шүү. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эрс өөрчлөгдөж, улам бүр олон эмэгтэй ажил эрхлэх болсон байна. Үүнийг дагаад ажил хэрэгч эмэгтэйд зориулсан хувцасны загвар зохиох хэрэгцээ бий болжээ. Тухайн үед бэлэн хувцас худалдаж авах нь бэлтэй улсын хэрэг байж. Ив Сан Лоран ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан сонгодог загвар бий болгосон ба өмдийг эмэгтэйчүүдийн өдөр тутмын өмсгөлийн нэг болгоход том үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Чухам энэ хүний ачаар бэлэн хувцас нийтийн хүртээл болох эхлэл тавигджээ.
Ив Сан Лоран загварын ертөнцөд хамгийн их нөлөөтэй бүтээгчийн тоонд ордог байжээ. Түүний бүтээл олон олон бүтээлчдэд уран бүтээлийн санаа авчирч, тухайн цаг үедээ загварын чиг хандлагыг тодорхойлдог байсан гэнэ.
Өмднөөс салдаггүй надад хүндэлж дурсах хүн нэгээр нэмэгдсэн нь энэ. Нээрээ өмд өмсөж болдоггүйсэн бол яанаа гэж бодогдов.

Тайхар чулуу


Баатар эр аймшигт аварга могойн нүхийг таглаж тавьсан гэх домогтой Тайхар чулуу. Энэ домгийг мэдэх хүн эхээр нь бичиж тусална уу?
Эрээн мяраан болтол нэр усаа сараачсан нь сэтгэл эмзэглүүлсэн юм. Болдог бол бүгдийд нь угаагаад хусаад хаячихмаар. Алдартай хаан эсвэл цэргийн жанжин шиг би энд ирэв гэж бичих нь юунд хэрэгтэйг ер ойлгохгүй юм.

Monday, June 9, 2008

Whale Rider


Уламжлалаа хадгалж үлдэхийн тулд шинэчлэл заавал хэрэгтэй юм гэдгийг энэ кино хэлээд байна уу гэж бодлоо. Шинэ Зеландын Маори овгийнхны соёл, уламжлалаа хадгалж үлдэх гэсэн тэмцэл, тэртээ холоос халим хөлөглөн ирсэн овгийн ахлагчийн тухай домог, саад тотгорыг жижигхэн биедээ баймгүй тэнхээгээр даван туулж байгаа охин гээд сэтгэл хөдөлгөсөн сайхан кино байлаа. Найруулагч Ники Каро гэгч найруулсан 2002 оны энэ киноны гол дүрд тоглосон Кийша Касл Хьюс (Keisha Castle-Hughes) охин тэр жилдээ Оскарын шагналын шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшиж байжээ.
Томчууд хүүхдүүд аль алинд нь тохирсон болохоор гэрээрээ сууж байгаад үзсэн, дараа нь хүүтэйгээ энэ талаар ярилцав. Аа тийм маорийн хака бүжиг үзэх дуртайнх энэ кинонд бүжиг, бас бус урлагийн талаар учрыг нь тайлбарлаад сайхан гаргасан байна лээ.

Sunday, June 8, 2008

Оньсого #39 хариу

Энэ оньсогоны хариу хараацай шувуу байлаа. Sol@ce, Хикари, Заяа, Бадка, Саарал, Бум Эрдэнэ нар зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Thursday, June 5, 2008

Оньсого #39

Оньсого таалгах өдөр иржээ, ийм нэг оньсого таалгая.

Үйлэн хар нөмрөгтэй
Үзүүр салаа сүүлтэй
Өвс шавран гэртэй
Өт хорхойн идэштэй, тэр юу вэ?

Энэ оньсогыг мөн л "Монгол ардын оньсого" номноос авлаа. Тааж болгооно уу, хариуг бүтэн сайнд.

Wednesday, June 4, 2008

Чулуутын голын хэдэн зураг




Аавтайгаа хамгийн сүүлд хамт явсан аялалын маршрут Хар Хорин, Тэрхийн цагаан нуур байлаа. Замдаа Архангайн нутагт Чулуутын гол дээр хоёр хоног саатаж, аав, дүү хоёр загасчилсан юм. Дүү маань "алив аав ахиухан загастай газар олоод буучихъя" гэж бөөн инээдэм болсонсон. Хоёр жилийн дараа яг тэгэж явсан замаараа дахиад нэг явах завшаан таарсан ч аав минь байгаагүй болохоор нэг юм дутуу сэтгэл дундуурхан санагдаж билээ. Гэхдээ л энэ нутгаар дахин дахин очмоор санагдаад байдаг юм.

Tuesday, June 3, 2008

Сурсан бүхэн эрдэм

Сүүлийн хоёр гурван сар хэдэн жил хийсэн ажлаа базаж бичих гэж арай л уйлахаас наахнуур явна. Санаагаа цэгцтэй гаргаж, бас ч гэж цогц мэдээлэл хүнд өгч чадах нь хэрэндээ авьяас бас цаг хугацаа их шаардсан эд юмаа. Дээрээс нь төрөлх хэлээр биш болохоор толгой дээрх хар үүлс улам зузаарчих шиг. Угаасаа би гэдэг хүн эх монгол хэлээрээ ч муухан бичдэг нэгэн. Ойр дотныхон маань хааяахан бичдэг эмайл уншаад шоолцгоодог юм. Нөгөө талаар дунд сургуульд байхад монгол хэл дээр зөв бичгийн дүрмэнд их анхаарал тавихаас найруулан бичлэг болоод санаагаа ончтой гаргах талаар дорвитой зүйл заагаагүй мэт санагддаг. Зөв бичгийн дүрмийг тангад ном шиг цээжилсэн нь одоо ч санаанд байдаг хэрнээ зохион бичлэг яаж бичих талаар заасан юм гэж толгойд үлдээгүйг бодоход нэг их том ач холбогдол өгч байгаагүйнх юм болов уу гэж өөрийгөө зөвтгөөд байгаа.
Энд болохоор зөв бичгийн дүрмээс илүү элдэв зохион бичлэгт их цаг, хүч заран заадгийг хүүгийнхээ даалгавар хийхэд туслах явцдаа ойлгосон юм. Англи хэл, уран зохиол, түүхийн хичээл аль аль нь долоо хоног бүр ямар нэг сэдвээр бичих даалгавар өгдөг бөгөөд тэр даалгавар хийхэд манай гэрийнхэн бүгд оролцож хагас бүтэн сайны турш бичиг цаастай зууралддаг гэж байгаа. Тэгэж байж сурсан хэдэн зүйлээ сийрүүлбэл:
- Хамгийн түрүүнд юу бичих вэ гэдгээ тодорхойлж, бичлэгийнхээ бүтцийн төлөвлөгөөг гаргах (өөрөөр хэлбэл хэлэх гэсэн гол санаануудаа бичнэ гэсэн үг).
- Дараа нь гол санаануудаа тодорхойлж жишээ эсвэл өмнө нь нийтлэгдсэн бүтээлээс авах ишлэлээ тодорхлойлох.
- Дээрх хоёр алхамын дараа бичсэн ажил маань нэг тийм урт жагсаалт мэт харагдана. Бүх баримт болоод санаагаа жагсаалт болгосны дараа тэднийгээ өгүүлбэр болгож хооронд нь уялдаа холбоотой болгон эцсийн хэлбэрт оруулж бичнэ.
Ингэж бичихээр цаг их орох боловч гаргах гэсэн санаа орхигдохгүй, цэгцтэй сайхан болдог юм байнаа. Хүүгийн маань хувьд баримт, жишээ гээд юмаа бичсэний дараа тэр бүгдийг зангидсан дүгнэлт бичих хамгийн хэцүү байдаг шиг санагддаг.

Би гэдэг хүн ажлаа бичиж эхлэхдээ дээрх заавраар биш ердөө л уншсан болоод бодсоноо бүгдийг нь нийлүүлээд бичээд байсан, эргээд уншихаар эмх цэгц муутай болчих шиг болохоор нь дахин дахин арилгаад л урагшаа алхалгүй хэдэн сар болов. Дээрээс нь бүх мэдээллийг дахин боловсруулж өөрийн үгээр илэрхийлэхэд бүр түвэгтэй. Ингэж хэсэг яваад даргадаа учраа хэлбэл, лабораторийн хамт ажилладаг хоёр оюутантай нийлж долоо хоног болгон бичсэнээ сольж уншиж бай гэдэг юм байна. Гурвуулаа бүгдийг шинээр эхэлж, дэс дараагаар нь төлөвлөгөө гаргаж, зөвхөн бичих ажлын төлөвлөгөө гаргахад гурван долоо хоног зарцуулав. Энэ гурван долоо хоногийн дотор зөндөө ихийг сурч, одоо л нэг учир зүйгээ олоод бөөн баяр. Цаана нь зөндөө ихийг хийх хэрэгтэй ч зөв эхлэл гэдэг үнэхээр чухал ажгуу. Хүүгээ одоо эхлэж байгаа болохоор хожим нь ээж шигээ будлахгүй байх гэж найднам.

Энд ирээд миний сурсан бас нэг том зүйл бол компьютер ашиглах байлаа. Анх ирэхдээ интернэтээс мэдээлэл авах, эмайл бичих, word, excell ашиглах гээд л мэддэг орос хэл дуусаа байв. Хэдэн жил ажиллахдаа статистик анализ хийх, компьютер дээр зураг схем хийх, database ашиглаж хэрэгтэй хүснэгт хийх гээд олон зүйл сурсан юм. Энэ бүгдийд хамт ажилладаг залуусаас сурсандаа олзуурхаад байгаа. Цаашдаа жижиг програм бичээд сурчихвал гээд бас их санаад байгаа. Ямар ч гэсэн элдэв хүснэгтээс хэрэгтэй мэдээллээ сонгоод шинийг хийчихтэйгээ болсон. Нөгөө мэддэг хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа гэмээр ч өөртөө бол бас нэг сурсан эрдэм.
Програм бичдэг залууст биологийн чиглэлээр ажиллахад өргөн боломж байдгийг сануулж хэлэхэд илүүдэхгүй байхаа. Сүүлийн үеийн ажлын зар харахад computer biologist авна гэсэн зар хаа сайгүй харагдах юмаа.

Sunday, June 1, 2008

Оньсого #38 хариу

Энэ оньсогоны хариу данх байлаа. Хикари, Саарал, Чука нар зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.