Tuesday, July 17, 2012

Амстэрдам


Зуны амралт гээд л гараад шидчихлээ. Newcastle- аас ийм усан онгоцонд суугаад шөнөжингөө явсаар Амстэрдам оров. 




Энэ голланд хүмүүс яасан ч өндөр юм. Угаасаа намхавтар хүн чинь бүүр газрын бэтэг аятай л санагдаж байлаа. 
Анх төрсөн сэтгэгдэл Яасан үнэтэй газар вэ гэж байна. Хотын төвд машины зогсоол өдрийн 50 евро гэсэн ккк... Зочид буудлаасаа үнэтэй шахуу. Зочид буудлын өглөөний цай 20 евро, тэссэнгүй буудлын хүний нүүрэн дээр нь түс хийтэл инээд алдав. 
Хотоор машины түгжрээ байхгүй юм. Харин дугуйтай хүн маш олон байна. Дугуйтай улс нь дүрэм журамгүй бололтой, улаан гэрлээр дайрч унагачих гээд байх. Явган хүний замаар нь дугуй мотоциклээ тавьчихаад алхахад жаахан төвөгтэй. Дээр нь нэг их цэвэрхэн бас биш юмаа.
Нэг тийм уужуу тайван налгар хүмүүс байдаг юм байна. Хэлний проблэм алга, таарсан хүн бүхэн англиар цааргалахгүй сайн ярьж байна. Тийм болохоор ийш тийш явах юм үзэх харахад аятай.







Нөгөө алдартай улаан дэнлүүнийн хорооллоор явлаа. Шилэн хаалганы цаана дотуур хувцастай хүүхнүүд янз бүрээрээ үйлчлүүлэгчээ хүлээгээд сууж байх юм. Ингээд сууж байх яасан үйлтэй заяа гэгч вэ л гэж бодогдов. Хүн биш бараа таваар шиг. 
За тэгээд голланд улсын иргэд бол нөгөө айхавтар марихуана татаж болно гээд ... байх юм. Орохдоо бичиг баримтаа шалгуулдаг юм байна. Зөвхөн үүнд зорьж ирдэг гадны жуулчид олон байсныг болиулах гэж зөвхөн эндхийн иргэн байх ёстой гэсэн хуультай болжээ. Иймэрхүү төрлийн бараа таваар бэлэг дурсгалын зүйл их зардаг юм байна. 


Хотын дундуурх суваг их гоё харагдах юмаа. Суваг дагуух олон байшин хазайсан харагдсан. Ялангуяа гудамжны өнцгийн байшингууд унах вий гэмээр. Ийм хазайсан байшин дотроо бас шал нь налуу байдаг болов уу гэж бодов...
Ингээд нэг өдрийг өнгөрөөгөөд замд дахин гарлаа. 











 Цэцгийн зах





















Завтайсан бол үүгээр ормоор л байлаа.

Friday, July 6, 2012

Уимблэдон


Британичуудын зуныг Уимблэдонгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ жил 1936 оноос хойш анх удаа Их британий тамирчин үзүүр түрүүнд үлдэж байгаагаараа бүр онцлогтой. Хүмүүс ч бөөн баяраа л болж байна. Мэргэжлийн теннисчдийн хувьд Уимблэдонд ялах хамгийн нэр төртэй хэрэг гэж би ойлгоод байгаа.
Үзүүр түрүүнд үлдсэн Анди Маррэй (Andy Murray) бол Глазгоу хотод төрсөн шотланд залуу юмаа. Сүүлийн хэдэн жил их британийн номер нэг тэрвээр дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг гэлээ Гранд слам ялагч хараахан болж чадаагүй байгаа. Техник болоод авьяасаар бусдаас дутахгүй ч сэтгэлийн тэнхээ дутуу гэсэн шүүмжлэл байнга сонсогддог. Энэ жил домогт Иван Лэндлийн дасгалжууллар тун өнгөтэй яваа нэгэн. Дандаа үзүүрлэдэг гээд дандаа л томруулсан шилний дор шинжлүүлж байдаг болохоор нь энэ жил ялаасай гэж би үнэн сэтгэлээсээ хүсч байгаа юмаа.


Нөгөө талаар Их британичууд ч гэсэн түрүү авалгүй удсаных одоо бас ээлж нь болсон гэж бодоод байгаа.
Их британий хэвлэлүүд Андиг хожоод байвал манай британий тамирчин гээд л магтаж байснаа хожигдонгуут нь өө нөгөө шотланд залуу болчихдог гэсэн шог яриа ч бий. Энэ нь түүнийг шотланд гэж гадуурхаж буй мэт харагдавч мань хүн өөрөө ул суурийг нь тавьсан гэх. Хэдэн жилийн өмнө дөө хөл бөмбөгийн дэлхийн ч билүү, европын ч билүү аваргын тэмцээний үеэр нэг сэтгүүлч аль багийг дэмжиж байгааг нь асуухад "Англи биш бол хэн ч яахав" (Anybody but Engish) гэж хариулсаны гор нь тэр юм гэсэн ккк. Нээрээ өнгөрсөн дэлхийн аваргаар англид байсан туг дарцагаа намируулаад л хүмүүс английн багийг дэмжиж байгаа гэж сүртэй байсан. Энэ жил европын аваргаар шотландад байж таарахад ер хөл бөмбөг болж байгаа шинжгүй байна лээ. Харин тиймэрхүү тэмцээний үеэр "Англи биш бол хэн ч яахав" гэсэн бичигтэй футболка их гүйнэ. Сүүлдээ арьс өнгөөр гадуурхсан хэрэг энэ тэр гэж гомдол гараад больсон юм шиг байна лээ.

Хадуурвал энэ тэмцээний үеэр Их британичууд Pimm's гэх ундаа уудаг.
Жор: Pimm's (жинтэй төстэй 25% спирт агуулсан архи), хийжүүлсэн нимбэгний шүүс, жижиглэж хэрчсэн жүрж, өргөст хэмх, гүзээлзгэнэ, гааны навч...


Уухад таатай үнэнхүү зун цагийн ундаа болой...

Wednesday, July 4, 2012

Шинжлэх ухаанч үзлийн тухай хэдэн үг


Санаа орж ирэнгүүт нь бушуухан буулгаж авахгүй бол завтай болохоороо гээд хойш тавичихаар тэгээд лөөлөө болох юм. Сааралын шинжлэх ухаанч боловсролын талаар дээр үлдээсэн сэтгэгдэл бас л миний сэтгэлийг эмзэглүүлж явдаг асуудлын нэг билээ. Залуу үеэ та нар сурахгүй байна гэж зэмлэх бас өрөөсгөл юм. Зүгээр наад захын жишээ татвал надтай мэрэгжил ойр монголдоо тэргүүлэх хоёр "эрдэмтэний" ярилцлага нэлээн дээр сонин.мн хуудас дээр гарсаныг уншаад нэг их гутарч билээ. Тэргүүлж явах ёстой эрдэмтэд ийм аймаар ташаарсан бодолтой байхаар яаж шинжлэх ухаанч болоод хүмүүнлэг нийгэм байгуулах билээ дээ. Олон мянган жилийн турш эрдэмтэн гэдэг нэр хүмүүнлэг ёсны бэлэг тэмдэг байсаар ирсэн. Аливаа муу муухайн эсрэг бичиж ярьж сөрж зогссон хүмүүсийн тоо Сократаас эхлээд зөндөө бий. Харин манай хоёр эрдэмтэний ярилцлагаас нэг тийм шинжлэх ухаанч биш "үнэр" гараад байх юмаа. 
Нэгдүгээр ярилцлага нь Хүн судлалын үндэсний төвийн захирал Батсуурь гэдэг хүнийх. Генетикийн ухааныг шашин шүтлэгтэй холбоод авч өгсөн байнаа. Цаашлаад монголчууд дээрээс заяасан тусгай хүмүүс, тийм ч учраас Гитлер дэлхийн хоёрдугаар дайнд ялсан бол бид тусгай "статустай" байх байлаа. Тэр нь нэг их дээр биш бас доогуур биш гэнэ. Ийм яриа анх сонсож байгаа биш л дээ, магад Гитлер Чингисийн цэрэг дайны чадавхийг үнэлсэн нь монголчуудад "хайртай" гэсэн ташаа бодол төрүүлсэн юм байлгүй. Эрдэмтэн хүний хувьд ийм юм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзээд байна. 
Хоёрдугаар ярилцлага нь биологийн ухааны доктор профессор Самбуу гэдэг хүний ярилцлага байна (хаана ажилладагийг нь тавиагүй байх юм). Монгол хүмүүсийн ген бас нөгөө л Чингис хаан тийм байсан учраас бид тийм бас тусгай улсууд гээд баахан жишээ. Цаашлаад монгол хүүхнүүд гадаад хүнтэй сууж болохгүй харин эрчүүд гаднаас бэр буулгаж болно гэсэн байх юмаа. Цус холилдох муу гэснээ бас цус ойртож болохгүй гээд эсрэг тэсрэг юм яриад байх. Энэ болохоор логикийн хувьд ч гэсэн тааруу дүгнэлт. Еврэй хүн еврэй ээжтэй байж албан ёсоор еврэй хүний тоонд ордог. Яагаад гэвэл хүүхэд төрөхөд эх нь хэн бэ гэдэг 100% тодорхой учраас. Харин эцгээр бол ДНХ шинжилгээ энэ тэргүй бол батлах тийм амар биш биз дээ, айн? Цаашлаад  нөгөө л хэдэн хүүхнүүдийг муулах гэсэн санаа яваад байна уу? Ер нь гадаад эхнэртэй эрчүүд хийморилог, хүүхнүүд бол муу муухай болчихдог нь бас л муухай...
Эрлийз болохоор яс чанар муудна гэх шиг, тэгэж ямар ч шинжлэх ухааны үндэсгүй, муухай юм ярьж болохгүй ээ, тэр тусмаа нэр хүндтэй эрдэмтэн хүн гээд бүр байж болохгүй асуудал. Арьс өнгөний үзэл цухалзуулсан хэргээр ДНХ молекулийн бүтцийг нээсэн хүний нэг болох Жэймс Уотсон ажлаасаа хусуулж л байсан. Манайд ч гэсэн иймэрхүү сонин юм хэвлэл мэдээллээр ярьж төөрөгдүүлж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох цаг болжээ. 
Цэвэр цус гэж ингэхэд юу юм бэ? Тайлбарлахад их хугацаа орох тул ганц хоёр жишээ л татъя. Ашкэназийн еврэйчүүд олон зууны турш "цэвэр цустай" үлдэхийн тулд зөвхөн дотроо гэрлэцгээдэг байсан. Өнөө анагаах ухаанд мэдэгдэж байгаа удамшлын өвчний нэлээд хэсэг нь зөвхөн энэ бүлэгт тохиодог. Цэвэр цус дээрээ цус ойртсоны жишээ нь Их Британий пакистан гаралтай хүмүүс олноор суудаг Брадфорд хот. Энд төрөлхийн хэлгүй дүлий, хараагүй хүүхдийн тоо жирийн хүн амын дунджаас олон дахин өндөр байдаг. Энэ хоёр жишээ бол цус ойртолтын туйл болсон жишээ, манайд иймэрхүү асуудлаар нэг их дуулиан болгоод байхаас яг судалгаанд тулгуурласан тоо баримт байхгүй ээ. Дээрх жишээнд дурдсан хэмжээн хүрээгүй ч энэ талаар бодож явахад илүүдэхгүй бизээ. Тэрнээс шинжлэх ухааныг нэг их дуулиан болгоод ч юм уу эсвэл хэн нэгний үзэл бодлын багаж болгоод байх нь зүйд нийцэхгүй ээ. 
Өөр бусад нийтлэл үзэж байхад манайд бид тусгай гентэй, бусдаас илүү хүмүүс гэсэн үзэл бодол их дэлгэрч байгаа юм байна, тэрийг нь нэр хүндтэй эрдэмтэн гэх хүмүүс бас дэвэргэж байгаа зэрэг нь тоогүй санагдсан шүү.
Хүн гээч тэртээ холын Африкт үүсээд нүүж сууж явсаар дэлхийд тархсан амьтан. Дээрх хүмүүсийн яриад байгаа ген буюу ДНХ молекулын бүтцээр нь авч үзвэл нэг их том ялгаа байдаггүй юм. Тэр ч байтугай биднээс тэс өөр зүйл болох шимпанзийн ДНХ бүтэц хүнийхтэй 90% гаруй хувь таардаг гэж байгаа. Энэ бол яаж ч хөдөлгөшгүй баримт. Яахав тэгээд яагаад Европийнхон шаргал үстэй, азийнхан навтгар хамартай, африкийнхан хар байдаг юм гэсэн асуулт гарнаа даа. Тэр бол тухайн бүлэг хүмүүсийн дасан зохицох чадвар, эволюцийн үр дүн юм. Нар ховор үздэг хойд зүгийнхэн Д витаминий дутагдалд орох эрсдэл ихтэй учир цайвар арьстай тэр хэрээрээ нарны туяа шингээх чадвар өндөртэй бол, урагшаа хар бор улс чинь нарлаг газар Д витаминий илүүдлээс сэргийлж бор арьстай болсон байх жишээтэй. Мөн иддэг хоол хүнсэндээ дасан зохицсон хойд туйлд ойр амьдрадаг хүмүүс, эсвэл өндөрлөг газар хүчилтөрөгч сийрэг орчинд дассан Төвдүүд гээд наад захын жишээ. Тэрнээс хэн нэгэн нь ямар нэг илүү заяатай учраас бусдаас дээгүүр гэсэн үзэл төөрөгдөл юм шүү дээ. Ийм үзэл ямархуу эмгэнэлд хүргэж болохыг дэлхийн хоёрдугаар дайны жишээ бэлэхнээ харуулна. 
Харин улс үндэстнийг бусдаас ялгах онцлог бол амьдрах ахуй орчин, хэл соёл гэж би хувьдаа үздэг. Монголчууд бид энэ тал дээр азтай улс, бидний нүүдэлчин ахуй бидэнд аливаа юманд хурдан зохицох чадвар, гүйлгээ ухаан заяасан. Тэрнээс бидний ген бусдынхаас илүү дутуугийнх биш билээ. 
Арван наймдугаар зууны үед Европт тахир дутуу, ухамсар дорой хүмүүсийн үр хүүхэдтэй байж болох эсэх тухай асуудал хөндсөн евгеникийн хөдөлгөөн анх бий болсон. Энэ хөдөлгөөн сүүлд нацизмийн хүмүүсийг хувааж ангилах зарчмын үндэс суурь болсон бөгөөд олон гутамшигтай үр дагавар дагуулсан. Нөгөө арьс өнгөөр ялгаварлах, угсаа гарлаар нь ялгаж хядах чинь ийм л үзэл бодолд тулгуурласан байдаг. Тэгэхээр аливаа үндэстэн ястаны ДНХ молекулын бүтцийн онцлог орчиндоо дасан зохицсон шинж чанараас гадна хүн төрөлхтөний түүхийг судлах нэг гол хэрэгсэл болдог. Энэ утгаараа хэн хаанаас гаралтай түүхийн урт хугацаанд хаагуур нүүдэллэж байж вэ гэдгийг тогтоох нэг хэрэгсэл болохоос тэр нь сайн энэ нь муу гэсэн үг биш. Шинжлэх ухааныг галзуу солиотой үзлээр бузарлахаа болимоор юмаа.  Хүмүүсийг мунхруулж харанхуй байлгаx хэнд ашигтай вэ? 
Энэ талаар чухам ийм асуудал сонирхдог монголын судлаач эрдэмтэн Хэрлэн ойлгомжтой сайхан тайлбарласан ярилцлага энд өгсөн байна. Зав гаргаад уншиж үзээрэй.
За би энд юу гэх гээд л мунгинаад байна вэ гэвэл, хэл соёл, үндэсний тусгаар тогнол зэрэг асуудлыг генетиктэй битгий холиод бай л гэх гэсэн юм. Ингэж холиод уй гашууд хүргэсэн бэлээхэн түүх байна, түүний оронд соёлын өв, хэл, монгол ахуйгаа яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг асуудалд анхаарал хандуулмаар байна шүү дээ.
Нэлээд хэдэн жилийн өмнө нэг танилынхаа хэлсэн үгийг энд зээлдвэл "Хүмүүс хэдий арьсны өнгөөр гаднаасаа ялгаравч бүгд л зүсэхэд улаан цус урсгадаг биз дээ" гэсэн. Аа тийм энэ Европ зүгийн язгууртанууд л өөрсдийгөө хөх цустай гээд андуураад байдаг болохоос үнэн л үг.

Sunday, July 1, 2012

Хүсэлтийн хариу


MRowan- ы Макбэтийн талаар жаахан тодорхой бичээч гэсэн хүсэлтийн хариу болгон хэдэн үг холбоё. Би чинь утга зохиол эсвэл театрийн нарийн мэдлэгтэй шүүмжлэгч биш учир хүмүүсийн санаанд хүрэхгүй байж мэдэх тул урдчилаад уучлал хүсье.
За юу үзсэн жүжгээс юу таалагдсанаа жагсаавал:
1. Зохиолч. Шекспирийн талаар нэг их олон үг нурших хэрэггүй бизээ. Дөрвөн зууны тэртээ бичсэн зохиолууд нь өнөөгийн хмүүсийн амьдрал сэтгэхүйд ойр тусдаг гэдэг утгаараа агуу. Өнөө үед ч гэсэн Ромео Жулиет, Отэлло маягийн драм хаа сайгүй хүний амьдралд тохиосоор, олон хүний шийдэл мөн Шекспирийн жүжигтэй ойр байдаг түүний хүний сэтгэл зүйг сайн мэддэг байсны гэрч болов уу...
2. Макбэт. Энэ зохиол өөрөө бас мундаг. Нөгөө хүний эрх мэдэл, эд баялагийн төлөө шунал хязгааргүйн жишээ. Өнөөдөр жүжгийн баатруудын нэрийг манай улс төрчдийн нэрээр солиход хутга бариад дайрдагаас бусдаар бол нэг их зөрөөтэй биш. Эд нар relevant гэж ярьдаг даа. Хуучирдаггүй, үнэ цэнээ алддаггүй зохиол. Хоёрт энэ жүжгийн үйл явдал шотландад өрнөдөг тэр утгаараа надад бас шинэ өнцгөөс харах боломж олдсон гэх үү дээ. Эндхийн үүх түүx бага зэрэг гадарладаг болоод ирэхээр улам сонирхолтой болчихож байгаа юм. Монгол хэл дээр орчуулсан зохиолыг багадаа уншсан байх нэг их сайн ухаж ойлгоогүй санагддаг. Харин энэ удаад Макбэтийг жинхэнэ ёсоор бодитой үнэлэх завшаан таарав.
3. Жүжигчин. Энэ талаар өмнөх бичлэгт дурдсан. Яах аргагүй сайн жүжигчин, өөрөө шотланд хүн болохоороо илүү мэдрэмжтэй байсан байж мэднэ. Надад шотланд аялага, ер нь нутаг нутгийн өвөрмөц аялага таалагддаг. Бүгдээрээ нэг л янзаар ямар нэг ялгарах зүйлгүй ярьдаг байсан бол уйтгартай яа. Хадуурвал надад манай баруун монголын аялага бас их таалагддаг. Шотланд аялага баруун монгол аялагатай холбоотой юм шиг санагддаг яагаадыг мэдэхгүй.
4. Театрт юм үзэх гоё. Надад ингэж явах боломж тэр болгон олддоггүй тийм болохоор ямар нэг баяр тэмдэглэж байгаа шахуу юм болно шүү дээ. Ядаж энэ өдөр хичээж гоё хувцасаа өмсөөд, нүүрээ угаагаад гардаг болохоор тэр байж мэднэ.
За одоо санаaнд хүрээгүй юм юу вэ гэвэл:
- Би түрүүний бичлэгт тавилт сэтгэлд хүрсэнгүй гэж дурдсан. Жүжгийн сонгодог хэлбэрээс өөр маягаар ганц хүний шоу болгож тавьсан нь жүжигчин хэдий сайн байлаа ч бас зохиолд гарах нарийн ширийнийг бас бага сага алдагдуулах талтай байх. Миний хувьд Макбэтийг анх удаа үзэж байгаа болохоор зарим шийдлийг ойлгоогүй байж болно. Харин хүмүүс их сайн хүлээж авч байсан, эдний дунд сургуульд Макбэтийг бараг нэг улирал нухдагийнх биз. Нэгэнт зохиолыг нэвт шувт мэдэж байвал өөр тавилт илүү гоё санагдаж болох байх. Харин сайн мэдэхгүй над шиг хүнд зарим хэсэг хүрээгүй гэх үү. Хүү маань гурван шулмын хэсэг сайн гарсангүй гэж байна лээ. Мань хүн Макбэтийг эндхийн жишгээр нухсан л даа.

Энд хамаагүй нэг зураг: нэг их том тайлбар хэрэггүй байх Гангаа эгчээс ирсэн гайхуулмаар бэлэг...