Tuesday, November 25, 2014

Tarte aux pommes

(хүсэлтийн хариу)


Орц (25 см диамэтэртэй тартны саванд тохируулсан):
100 гр элсэн чихэр
200 гр гурил
1 ш өндөг
100 гр цөцгийн тос
Чимх давс
5-6 ш том алим

Өндөг, элсэн чихэр давсаа нийлүүлээд, чихэр уусаж хөөсөртөл хутгана. Дээр нь шигшсэн гурилаа бүгдийг нэг дор нэмээд бантангийн гурил шиг болтол нь үрсэний дараа жижиглэсэн цөцгийн тосоо нэмж эвлэтэл нь нухна. Гурил нухахад их наалдаж байвал жаахан хуурай гурил нэмж болоx юм Эвлэсэн гурилаа гялгар уутанд боож хөргөгчинд 30 минутаас нэг цаг хүртэл амрааx зуураа 2-3 ширхэг алимаа хальсалж голыг нь аваад жижиглэн хэрчээд бага зэрэг усанд 15 минут хэртээ зөөлөртөл бас ус ширгэж багастал буцалгана, харин түлж болохгүй. Алимны сортоос хамаарч чанах хугацаа өөр байж болохоос гадна энэхүү тартанд исэглэн алим илүү тохиромжтой санагддаг. Болсон алимаа миксэрдэж зутан болгоно.
Үлдсэн алимаа хальслаад голоос нь салгаад 5 мм хэрийн зузаан хагас дугуй хэлбэртэй зүсч бэлдэнэ.
Амарсан гурилаа тартны хэвэндээ тохируулж, наалдуулахгүйн тулд хуурай гурил сайн үрж элдэнэ. Элдсэн гурилаа хэвэндээ дэвсээд өнцөг булан бүрт нь сайн хүргэж наана. Ийм гурил өөрөө их эмзэг амархан урагддаг. Уранхайг илүү гарсан гурилаараа нөхөөд нааж болох тул нэг их санаа зовох хэрэггүй. Үүний дараа гурилаа мөн гялгар уутаар бүрж хөргөгчинд хагас цаг орчим амрааж болдог. Гурилан гэрийн ёроолыг сэрээгээр хэд хэдэн газар хатгаад, калькан цаас эсвэл тугалган цаасаар бүтээж шарах шүүгээнд 180 градуст 15 минут болгоно. Ингэхдээ цагаан будаа, шош зэргийг цаасан дээрээ тавьж хүндрүүлж өгвөл тарт гоё хэвтэй болдог.
Болсон гэрээ гаргаад алимны зутангаа жигдхэн тарааж дэвсээд дээр нь хэрчсэн алимаа өрөөд бага зэрэг хайлсан цөцгийн то багцаар арчиж болно. Бэлэн болсон тартаа 200 градуст 30 минут жигнэж болгоно.
Энэ гурилан гэрийг бусад жимсний болоод шоколадны тартанд хэрэглэж болно. Дээр нь тавих шанз хэр чихэрлэгээс хамаарч элсэн чихэрнийхээ хэмжээг тохируулна. Хэвэндээ хийгээд илүү гарсан гурилыг охин маань жигнэмэгийн хэвээр таслаад жигнээд идчихдэг юм.