Monday, December 31, 2012

Шинэ оны мэнд!


Манайхаар орж гардаг хэн бүхэнд ирж байгаа шинэ оны мэнд хүргэж, ирэх жил санаснаа гүйцээж, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн яваарай гэж ерөөе. Би гэдэг хүн чинь ингээд зургаа дахь удаагаа уншигч олонд шинэ жилийн мэнд хүргэж байгаа юм байна. "Time flies when you are having fun" гэдэг шиг цаг хугацаа тун хурдан өнгөрчээ. Миний бичсэнийг тоож уншиж, бодол санаагаа хуваалцаж байдаг та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү.

Wednesday, December 12, 2012

Хүүхдийн таргалалттай холбоотой сэтгэгдлийн хариу


Түрүүний бичлэгт " Хүүхдийн таргалалт нээрээ их асуудал, би бас энэ тал дээр их санаа зовдог юм. Охин маань жоохон жин нэмээд байдгаараа л хорьж цагдаж байна. Яавал дээр вэ? Хорих тусам идээд байх шиг " сэтгэгдэл үлдээжээ.

Хүүхэд өсөж байгаа тул жингийн асуудал том хүнийхээс өөр. Том хүний жин илүү эсэхийг BMI (body mass index)-ээр тодортхойлж болно, харин хүүхдэд яг тийм гэсэн заалт хэмжүүр тогтоох аргагүй. Нөгөө талаар өсөж байгаа бие физиологийн хувьд өөр, тийм болохоор том хүн шиг тосгүй эсвэл нүүрс ус хорьсон хоолны дэглэм бариулах эргээд муу нөлөө үзүүлэх тал бий. Цаашлаад хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг бас бодож үзэх хэрэгтэй байх. Чи тарган байна гэх юм уу, хоолны дэглэм барих хэрэгтэй гэсэн яриаг тун гүнзгий хүлээж авдаг, өөртөө итгэлгүй болох мөн хоолоо хорих, идсэн хоолоо буцааж бөөлжих муу зуршилтэй болох эрсдэл бий.

Миний бодлоор хамгийн түрүүнд хүүхдээ идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хамгийн чухал. Америкийн хүүхдийн эмч нар хүүхэд бүр өдөрт дор хаяж 1 цаг идэвхтэй хөдлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гадаа тоглох, биеийн тамирын дугуйланд явах, явган алхах, дугуй унах, усанд сэлэх гээд олон арга зам бий. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж хүүхдүүдтэйгээ хамт алхдаг, тоглодог бол бүр илүү үр дүнтэй. Өдрийн нэг цаг тийм ч хэцүү урт хугацаа биш шүү дээ. Манайхаар жишээ авбал; эндхийн сургуулиуд үдийн хоолны дараах их завсарлагаар цаг агаарын ямар ч нөхцөлд хүүхдүүдийг хагас цаг хэртэй гадаа тоглуулдаг. Манай охин сургуулиа тараад өдөр өнжихөд хоёр цаг хэртээ биднийг ажил тартал байна. Өдөр өнжихийнхөн цаг агаар сайхан бол хүүхдүүдийг гадаа, бороо шороотой үед сургуулийн биеийн тамирийн зааланд тоглуулдаг. Гэхдээ зарим өдөр охин маань зураг зураад гараагүй байх тохиолдол бий. Охины сургууль манай гэрээс 15 минут хэртээ алхах зайтай, охин өглөө оройд нийлээд хагас цаг хэртээ алхана. Долоо хоногт хоёр удаа биеийн тамирын хичээл ордогийг бас дурдах хэрэгтэй байх. Хагас бүтэн сайнд бид ядаж нэг өдөр нь хотоос чадвал хотоос гадагш гарч ууланд алхах, үгүй бол энд ойр байх цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг. Далимд нь бас тоглоомын талбайд тоглоно. Ингээд бодохоор нэг цагийн норм нэг их зовоод байлгүй биелэж байгаа биз.

Дараагийн асуудал зурагт үзэх, компьютэрийн ард суух цагийг багасгах. Ер нь нэг суурин дээр нэг л цаг суух хязгаарлалт тавих нь зөв байх. Манайх ажлын өдрүүдэд оройн хоолны дараа зурагтаа асаадаг, тэр үед гол төлөв 8 өнгөрчихсөн байна, охин 9 цагт орондоо ордог, харин хагас бүтэн сайнд өдрийн хоолноос өмнө зурагт асаадаггүй. Оронд орох гэснээс хүүхдээ хангалттай унтаж чадаж байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй байх. Нойронд муу байх нь бас таргалалттай холбоотой. Тогтмол нэг цагт унтаж босч хэвших нь зөв. Хүүхэд чинь гар утастай бол шөнө өрөөнөөс нь өөр газар байлгах, өрөөнд нь зурагт, компьютэр тавихгүй байсан нь зүгээр. Сургуулийн насныхан дор хаяж 9-10 цаг унтах ёстой гэдэг юм билээ.

Мэдээж хооллох дэглэм чухал. Хүүхдүүдийн хувьд жин хасна гээд өлсгөж болохгүй, харин тогтсон зөв хэвшилтэй болох хэрэгтэй байх. Өглөө, өдөр, оройн хоол, бага үд, үдээс хойш жижиг snack өдөрт 5 удаа идэхээр зохицуул гэсэн зөвлөмж бий. Өглөө, өдөр, орой гол хоолнууд шим тэжээл сайтай хүүхэд дуртай бол хоолны хооронд өлсөж чихэр сахар идэх гээд байхгүй. Амттанг зөвхөн өдөр оройн хоолны дараа өгвөл зүгээр. Тэр үед хүүхэд цадчихсан байх учир нэг их идээд байхгүй. Snack чихэр, жигнэмэг, шарсан төмс, зайрмаг, бялууны оронд тараг, жимс, шарсан талх (бага зэрэг цөцгийн тос, жимсний чанамалтай, эсвэл түрхдэг шоколадтай), лууван, улаан лооль, өргөст хэмх байвал зүгээр гэж боддог, охиноо тиймэрхүү дэглэмээр л хооллодог. Хүүхдийн таргалалтын хамгийн том шалтгаан эднийхний хэлдэгээр junk food; энд түргэн хоолны газрын хоол, элдэв амттан гээд илчлэг өндөртэй, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний зүйл орно. Ийм хүнсний зүйл голдуу чихэр, өөх тос, давс ихтэй байдаг.

За чихэрлэг ундаа бол хамгийн хэрэггүй эд. Мэдээж хүүхдүүд дуртай, хааяа нэг баяр ёслолоор авдаг байвал зүгээр. Нэг аяга ундаа чинь дор хаяж 50-60 гр чихэр агуулсан байдаг (та цайндаа 5-6 халбага чихэр хийж ууна гээд төсөөл дөө?). Жимсний шүүс бол эрүүл хүнс гэсэн ойлголт бий, витамин C, бас бус бодис агуулдаг нь үнэн боловч бас л маш их чихэртэй. Тийм болохоор өглөөний цайнаас бусад үед хүүхдэд өгөх хэрэггүй. Манайхан хар ус гээд усанд тааруу, уг нь бол цангаа хамгийн сайн тайлдаг гэм хоргүй ундаа чинь ус шүү дээ. Сүү гэж бас их сайхан тэжээллэг ундаа байна. Бид чинь багадаа ууж өссөн хүйтэн хар цай эсвэл хүйтэн хярам чинь эрүүл ахуйн үүднээсээ тун сайн ундаанууд юм шүү дээ.
За чихэр жигнэмэгийг тас хорих бас хэцүү. Ер нь эрүүл хоол хүнсний тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж, яагаад ундаа ууж чихэр идэх муу талаар тайлбарлаж өгвөл зүгээр. Хүүхдүүд бага гэлтгүй их сайн сонсдог юм байна лээ. Өөрсдөө ухаарах нь их чухал шүү.

Monday, December 10, 2012

Модон өмд өмсөцгөөх үү


Би уг нь энд тэнд уншсан нийтийн эрүүл мэндтэй холбоотой судалгаа нийтлэлүүдийг блогтоо оруулна гээд жагсаалт болгож бичээд хадгалчихдаг юм. Сүүлийн үед зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин нийтийн эрүүл мэндийн хамгийн хорлонтой дайснаар тодорч, ийм мэдээлэл маш их хэвлэгдэх болжээ. Нөгөө жагсаалт маань нэг их замбараагүй урт юм болж, заримыг нь эхнээс нь мартаж эхэлж байх шив. Материал байхад яагаад бичихгүй байна гэсэн шүүмж ирнээ дээ. Шүүмжлэлийн хариу би гэдэг хүн сүүлийн үед мөн л дээрх асуудлуудтай холбоотой төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ тухай бичих гэхээр блог бичиж таашаал авах биш ажилтайгаа л зууралдсан мэт болчихоор зугтаагаад байх шиг. Унасан бөхөд шалтаг мундахгүй, миний шалтаг энэ. Нүглээ цайруулж хэдэн мэдээ товчхон оруулбал:

1. Хэрвээ та ажил дээрээ өдрийг сууж өнгөрүүлдэг бол зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал болоод тийм төрлийн өвчнөөр нас нөгчих эрсдэл тань суудаггүй хүмүүсийнхээс өндөр байх нь. Өдөржин суучихаад оройдоо дасгал хийдэг хүмүүсийн эрсдэл тийм сүрхий буурдаггүй гэнэ. Харин нэг дор 45 минутаас илүү суухгүй, суух хугацаагаа аль болох танаж чадвал ажлынхаа дараа дасгал хийснээс илүү үр дүн өгнө гэсэн зөвлөгөө их олон харагдаж байна лээ. Үүнтэй холбоотой Америк, Европын хэд хэдэн компани оффисийнхоо ширээг өндөрсгөж зогсоогоор ажиллах боломжтой болгосон гэнэ. Зарим нь бүр ширээтэй нь treadmill холбож өгсөн гэнэ. Удаан суухгүй байх хамгийн олон арга байна; компьютер хэрэглээгүй юм уншиж байх үедээ босож зогсох, өөр өрөөнд суугаа нэгэндээ юм хэлэх бол эмайл бичилгүй өөрөө биеэрээ хэл хүргэх, нийтийн тээврийн унаанд суухгүй байх, гэртээ зурагт үзэх цагаа багасгах, явган алхах гэх мэт. Нийтийн унаа хүлээж зогсохдоо бас унаан дотор ч гэсэн аль болох юм түшихгүй байвал бүр сайн. Хүн тэнцвэрээ хадгалж зогсоход (ялангуяа хөдөлж байгаа галт тэрэг, автобусан дотор) хэвлий нурууны булчин ажиллаж байгаа тул  бас давхар ашигтай.
Ер нь модон өмд гэгчийг олоод өмсчихвөл тэгээд болчих гээд байгаа биз?

2. Шинэ жил дөхөж ууж иддэг сезон дөхсөтэй холбогдуулаад; хэрвээ та тамхи татдаг бол архи ууж шартахдаа тахи татдаггүй нэгнээс илүү хүчтэй шинж тэмдэг мэдэрдэг гэнэ. Ийм дүгнэлтийг Америкийн Брауны их сургуулийн 113 оюутны дунд явуулсан судалгаанд тулгуурлаж хийсэн юм байна. Баяр ёслолоор согтууруулах ундаа хэрэглэж байгаа бол ус, цай, ундаа их хэмжээгээр уу гэсэн зөвлөгөө байна. Согтууруулах ундаа шээс туух үйлчилгээтэй, тиймээс шартах нь шингэн дутсаны хурц хэлбэр юм.

3. Их Британийн Кингс коллежид 50-иас дээш насны 8000 гаруй оролцогчтой хүний ой санамжийг шалгасан судалгааны үр дүн тамхидалт хамгийн муу нөлөөтэй гэж гарчээ. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин бас нөлөө үзээлдэг боловч тамхитай арай дүйж очдоггүй гэнэ. Гэхдээ тамхи татах нь өөрөө зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх магадлалыг эрс өсгөдөгийг дурдах хэрэгтэй байх.

4. Энэ оны 10 сард Lancet сэтгүүлд гарсан нийтлэлд тамхи татдаг эмэгтэйчүүд 30 хүрэхээсээ өмнө тамхиа хаявал уушигны хорт хавдар болоод зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг эрс бууруулдаг гэжээ. Энэ нийтлэлтэй холбоотой нэг судлаач (нэрийг нь санадаггүй ээ) 40 жилийн турш өдөрт 10 ширхэг тамхи татах нь 20 жилийн турш өдөрт 20 ширхэг тамхи татахаас илүү хортой гэж хэлсэн байна лээ.

5. Эмэгтэйчүүд ба тамхи гэснээс ээж нь жирэмсэн байхдаа тамхи татаж байсан бол хүүхдийн төрөлтийн жин буурдаг, бас дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ. Жижиг төрөх нь насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх бас хэт таргалах эрсдэлийг жирийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад хэд дахин нэмдэг. Мөн ийм хүүхдүүдийн багтраа өвчнөөр өвдөх магадлал маш өндөр. Хүүхдийн эрүүл мэндэд учрах хохирол зөвхөн ээж нь жирэмсэн байхдаа тамхи татахаар зогсохгүй, бусад гэр бүлийн гишүүд гэртээ тамхи татдаг бол бүр нэмэгдэнэ. Машин дотор хүүхдийнхээ хажууд тамхи татвал машины хөдөлгүүрээс гарах утаа тамхины утаатай нийлээд бүр их хор уршиг тарьдаг байна.

Өнөө өндөр хөгжилтэй орнуудын хувьд таргалалт зүрх судасны өвчин эдийн засгийн маш том дарамт болж байгаа билээ. Энэ дарамт цаашаа улам өсөх хандлагатай байгаа. Манайд ийм дарамт одоо эхнээсээ мэдрэгдэж байгаа байх. Миний таньдаг гуч гарсан эрэгтэй хүн болгон шахуу гүзээтэй, талаас илүү нь тамхи татдаг, архи бас чамгүй хэрэглэнэ. Ингэж болохгүй шүү гэвэл ихэнх нь миний таргалах бусдад ямар хамаатай гэх, уг нь бол хамаатайн цаагуур хамаатай. Ирээдүйд сургууль цэцэрлэг барих мөнгө эсвэл үр хүүхдийн чинь тэтгэвэр таны эрүүл мэндийн үйлчилгээнд явна гэдгийг сана. Улс эдийн засаг гэхээ больё бүр зүгээр өрхийн эдийн засагт байнга эм уух эмчинд үзүүлэх эмнэлэгт хэвтэх чинь бас л чамгүй дарамт авчирна шүү дээ. Үгүй дээ л өвдөж хүний гарт орчихоод үр хүүхэддээ дарамт болохыг хэн ч хүсэхгүй биз дээ.

Одоо миний хувьд хамгийн их санаа зовж байгаа асуудал хүүхдийн таргалалт. Ер нь нүүдэлчдийн сэтгэхүй байх, тарган цатгалан байвал нүнжигтэй харагддаг гээд. Монголд очоод гудамжаар алхаж явахад эсвэл гадаадад суугаа монголчууд цугларахад хамгийн түрүүн мяраатай хүүхдүүд их олон харагддаг болсон байна лээ. Хүмүүс хүүхэд юм чинь яахав, ер нь тарган байсан нь хөөрхөн ч гэдэг юм уу янз бүрийн тайлбар хийдэг. Хүүхэд ч гэсэн илүүдэл жинтэй бол чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх магадлал бусадтай харьцуулахад илүү. Таргалалт өсөж байгаа биеийн бодисын солилцоонд өөрчлөлт үзүүлж цаашдаа зүрх судасны өвчнөөр өвчлөх суурь бэлдэж өгдөг. Зөвхөн зүрх судасны системээр зогсохгүй цаашлаад бусад эрхтэн системд муугаар нөлөөлнөө. Хүүхэдтэй хайртай бол чихэр ундаагаар бүү эрхлүүл. Тэр чинь явж явж хүүхдээ хорлож байгаатай дүйх гээд байна шүү.

За тэгээд он дуусах ч дөхөж, шинэ онд амлах амлалтандаа болж өгвөл оруулаад гэр бүл үр хүүхдийнхээ ирээдүйд том хувь нэмэр болгоосой гэж хэдэн үг сараачив. Би өөрөө ч гэсэн суудаг цагаа танана гэж өөртөө амлаад байгаа.




Friday, December 7, 2012

Өвөл


12 сарын 1-ийг охин маань өвөл эхэлнэ гээд нэг их догдлон хүлээгээд л байлаа. Би нэг их юм бодсонгүй, тиймээ миний хүү өвөл болно гээд л яваад байсан. Яг нэгний өглөө охин өглөө босонгуутаа цонхоор харчихаад өвөл болоогүй байна, цас алга гээд уйлдаг гэнэ. Өвөл өдөр болгон цас ордоггүй юм гээд л баахан тайлбарлав. Харин хоёр хоногийн дараа анхны цас орсон, ороод удалгүй хайлаад ус болж, шөнөдөө хөлдөөд мөс болж хүн амьтныг тэрхэндээ л бөнжигнүүлэв.
Энд өвөл нэг их хүйтрэхгүй ээ, их л хүйтэрлээ гэхэд температур хасах арав дотроо, ерөнхийдөө бол нэмэх нэгээс тавд эргэлдэнэ. Гэхдээ л өвөл их даарнаа, даардагийн учир байшингууд дулаалга муутай, дан цонхтой байх нь элбэг. Манайх гэхэд 3.7 м өндөр таазтай аймаар том цонхтой байр. Цонхнууд нь бүгд зүгээр л дан шилтэй, дотроосоо халаагаад халаагаад дулаан тогтдоггүй юм. Халаалт тавиад гадаа гудамжинд алдаад л дуусна даа.
Өвлийг дулаан давахын тулд цонхноосоо шал хүрсэн дулаан болоод гэрэл нэвтрүүлдэггүй даавуугаар давхарлаж хөшиг оёж тавьсан бас ч гэж гайгүй нэмэртэй юм билээ. Жилийн жилд өвлийн бэлтгэл хэмээн эсгий шаахай хүн бүхэнд авдаг юм. Авдаг ч гэж ээж минь л явуулна л даа. Дээр нь бид дөрөв нэг нэг хөвөнтэй дээлтэй, өвөл бол тэрэн шиг сайхан юм гэж үгүй.
Өвөл гэрийнхэнтэйгээ skype-даж байхад тэд гадаа хасах гуч гэсэн хэрнээ футболкатай бид нэмэх тав гэсэн хэрнээ хөвөнтэй дээлтэй пөөнийж суух.  Энд удаан амьдарвал харин ч даарч сурах шинжтэй. Би л гэхэд энэ жил урд жилүүдээс арай бага даарч байгаа гэсэн кк. Энэ шотландуудын чийрэг байх нь аргагүй юм даа.
Манай байрны ард нэг шинэ барилга бий. Тэр байранд майктай, футболкатай хүмүүс өвөл цонхоор харагдахаар нь аймаар атаархана шүү дээ. Өөрийн байрсан бол цонхоо давхарлаад ханаа дулаалаад пүнхийлгэж суухгүй юу. Энэ байрыг дулаалъя гэсэн ч эрх нь байхгүй болохоор тиймхэн. Эднийхэн байгал орчин, нүүрсxүчлийн хий гэж яриад байгаа мөртлөө хамгийн наад захын цонх давхарлаж, байр дулаалахыг хуульчлахгүй л байгаа юм даа. Тэгвэл нөгөө эрчим хүчний компаниуд нь дампуурах байх л даа.
Нээрээ би дан цонхтой байр энд л анх удаа үзэж байгаа ш дээ. Сүүлийн үед баригдсан барилгууд мэдээж давхар цонхтой. Манай оффист суудаг канад залуу давхар цонхтой ч хананы дулаалга сайн хийдэггүй болохоор шинэ байр ч гэсэн сэрүүн талдаа гэж шүүмжилж байсан. Харин хуучин барилгууд бол архитектур, түүхийн ач холбогдолтой ангилалтай, их чухал ангилалтай барилгууд бол цонхоо сольж болдоггүй юм гэсэн. Манай байр хуучных, харин ямар нэг ангилалд ордог эсэхийг нь мэдэхгүй юм байна.
Ажил дээр нэг дэх өдөр их хүйтэн бусад өдрүүдэд гайгүй. Хагас бүтэн сайнд хүрээлэнгийн халаалтыг тэр чигт нь хаадаг гэсэн. Тэгээд нэг дэхэд халаалтаа өгнө, хоёр өдөр хөрсөн барилга дулаацах гэж бараг бүтэн өдөр болно. Бусад өдөр арай дулаан ч халуун биш. Удаан суувал даарнаа. Тийм байхад л ханцуйгүй даашинз, цамц, богино банзал өмссөн хүүхнүүд яваад байдаг бас л чийрэг нөхдүүд дээ. Тэгсэнээ зун заримдаа халаалтаа тавина, эд нарын учрыг бас сайн ойлгохгүй л байгаа юм.
Гэхдээ даарлаа гээд нэг хоёр сар л болно. Хоёр сарын дундаас гайгүй болчихноо. Магадгүй нэг их удаан даардаггүй болохоороо эд нар түвэг түвэг гэж боддог юм байлгүй. Энд удаан амьдарвал харин ёстой халууцаж чадахаа больчихдог юм билээ. Энэ зун халуун газар очоод гөөмөн их сандарсан шүү.