Sunday, August 16, 2015

Le Grand K


Хэмжил зүйн тухай олон асуулт аль бага байхын толгойд эргэлддэг байваа. Жишээ нь нэг килограммын туухайг яаж яг нэг килограм гэж мэдэх вэ? Юутай харьцуулж зөв гэдгийг мэддэг юм бол? Урт, өнцгийг хэмжих шугамыг яаж алдаагүй хийдэг бол гэх мэт. Саявтар ББС-ээр хэмжил зүйн тухай сонин цуврал гарч асуултнуудынхаа хариуг авсан нээх сайхан болж энэ тэр.
1940 онд Германы арми Францыг эзлэхдээ нэг жижгэвтэр газрыг тойрч өнгөрсөн байдаг. Тэр нь Парисын ойр орших Олон улсын хэмжил зүйн төвийн байр байсан гэдэг. Тэнд Le Grand K нэг килограммын эх туухай гурван өөр орны төлөөлөгчийн гурван түлхүүрээр зэрэг онгойлгодог сэйфэнд хадгалагддаг юм байна. Энэ нь хэмжил зүй хэчнээн чухлыг харуулж байгаа биз. Энэ эх туухайг хувилж килограм нэгжийг хэрэглэдэг орнуудад явуулдаг юм байна. Дэлхийд гуравхан улс килограм нэгж хэрэглэдэггүй; тэр нь АНУ, Либери, Мянмар гурав.
Нэг килограм гэдэг 1 литр усны хайлах хэм дэх жин гэж тодорхойлдог юм байна. Le Grand K платиниум, иридиумын хайлшаар хийсэн бөгөөд жилд хэдэн микрограммаар жингээ алдаж байгаа нь эрдэмтдийн санааг маш ихээр зовоож байгаа гэнэ. Энэ асуудлыг шийдэхээр хоёр баг ажиллаж байгаа юм байна. Нэг нь америкт, нэг килограм жинг дэлхийн татах хүчнээс салгахад шаардагдах цахилгаан хүчийг тодорхойлохыг зорьж байгаа гэнэ. Энэ аргыг ваттын жинлүүр гэнэ. Энэ лабораторийн барилга тавилга гээд бүх юм нь цахилгаан оронд нөлөөлөхгүй тулд мод хуванцар гэж байна. Нөгөө нь германы баг жинг Авогадрийн тоогоор тодорхойлохыг зорьж ажиллаж байгаа. Нэг моль элементэд агуулагдах атомын тоог Авогадрийн тоо гэнэ. Энэ багийнхан нэг килограм силикон бөмбөлөг агуулагдах атомын тоог олчихвол өөрчлөгдөхгүй тогтвортой эх хувилбартай болно гэж үзэж байгаа юм байна. Ямар ч өөгүй силикон бөмбөлөгийг хийх нарийн мэдрэмжтэй машин байхгүй тул Авсрталийн линз хийдэг хүн гараараа хийдэг гэнэ. Хэдхэн атомын хэмжээтэй овгор товгорыг гараараа мэдрэх чадвартай энэ хүн ийм бөмбөлөг хийхэд бараг нэг жил болсон гэдэг.
Сонирхолтой сайхан нэвтрүүлэг байлаа. Цаана нь бусад хэмжүүрийн тухай ангиуд бий гэсэн ч их орой гардаг болохоор үзэж амжаагүй.

Friday, August 14, 2015

Хэвлэсэн бүхэн үнэн биш, зөвлөгөө өгнө гэдэг хариуцлага

Би гэдэг хүн 5 жил бодисын солилцооны эмгэг, зүрх судасны өвчин, таргалалттай холбоотой судалгааны төвүүдэд ажиллаж байсан маань энэ талаарх мэдээлэл, шинэ судалгаа үзэх сонсох боломж нээж өгчээ. Манайд ч энэ талаар их ярьж бичдэг болсон юм байна. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим хуудсуудаар буруу ташаа мэдээлэл их явдаг нь сэтгэл түгшээдэг. Зүгээр дурын хүн биш мэргэжлийн хүмүүс ч илт буруу ярих нь олон. Манайд анагаахад хүний физиологийг хэр сайн заадаг вэ? Клиникийн судалгааны аргачлал гэж хичээл ордог болов уу? Ажаад байхад шинэлэг юм ямар нэг хурал зөвлөгөөнөөс олж мэдээд тэр тухай ярихдаа илүү дутуу хачир нэмдэг, эсвэл их хуучин мэдээлэлтай байдаг, эцэст нь судалгааны арга барилын ямар ч суурь байхгүй учраас дүгнэлтээ их гоомой гаргадаг нийтлэг дутагдал голчлох юмаа. Саяхан эрүүл хооллох талаар 2-дугаар эмнэлэгийн хоол зүйч ийм ярицлага өгсөн байна. Ерөнхийдөө дажгүй зөв ярьсан юм байнаа байна. Овоо зөв явж байснаа дундуур нь гэнэт сонин мэдээ орж ирэх нь гайхалтай. Бүгдийг нь тайлбарлах цаг зав үгүй тул ганц хоёр жишээ дурдаад өнгөрье. Энэ тухай миний бичээд байдгийн учир нь та нар минь янз бүрийн мэдээллийг нухацтай бодож хүлээж авах хэрэгтэй шүү, хэвлэсэн бүхэн зөв биш, алив эрүүл мэднийн зөвлөгөөг уншихдаа аль болох цаана нь ямар судалгаа юу байна вэ гэж сонирхож байгаарай л гэх гэсэн юм. Иймэрхүү жишээ маш олон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.

"Хамгийн сайн өглөөний цай гэвэл үр тарианы төрөл тэр дундаа овьёос будааны төрлүүд гэж үздэг"- энэ хуучирсан мэдээлэл. Өглөө уураг агуулсан хүнс тэр дундаа өндөг хэрэглэж бай гэсэн зөвлөгөө сүүлийн 2 жилд яваад байгаа. Нүүрс ус агуулсан хүнс амархан задардаг/шингэдэг учраас хурдан өлсгөдөг. Тиймээс эслэг, уураг өглөөний цайнд орох нь зөв.

"Би сая эмнэлгийнхээ эмч нарт нэг сарын турш баланстай хоол идүүлэх хөтөлбөр явуулсан юм. Тэр хөтөлбөр маань дуусаад би яг одоо репортыг нь бичээд сууж байна л даа. Хөтөлбөрт хамрагдсан эмч нар маань хоолидэж эхлэхээсээ өмнө урьдчилсан шинжилгээ өгсөн. Дуусаад бас урьдчилсан шинжилгээ өгсөн. Гэтэл эмч нар маань даралтын эмээ уухаа больчихсон. Би хоолоо бэлтгэхдээ давс, өөх тос маш бага хэрэглээд, таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон, зөв цэвэрлэж, зөв боловсруулсан хоол өгсөн юм л даа. Давс ер нь бараг л хэрэглээгүй гэж болно. Гэтэл даралт ихтэй эмч нар маань даралтны эмээ уухаа больчихсон, бие хөнгөрөөд сайхан байна гээд эерэг өөрчлөлт орсон. Бас цусны сахарын хэмжээ нь илт буурсан. Нэг эмчийн
цусны сахарын хэмжээ нь 10-тай өндөр гардаг байсан чинь энэ хөтөлбөрийн дараа 6-аас дээш гарахаабольсон байгаа юм. Гол нь тэр эмч нар бага давстай, бага хоол гэдгийг мэдээгүй, өмнө иддэг байсан хоолнуудаа санагалзаагүй. Яагаад гэвэл бүх амин дэм байгаа болохоор хурдан цадаж, шаардлагатай амин дэмээ авсан байгаа юм. Миний таньдаг IV цахилгаан станцын хоол зүйч маань бас ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн чинь эмч нарын ерөнхий эрүүл мэндийн байдал эрс дээшилсэн байгаа юм. Тэгэхээр баланстай хооллоод л сурчихвал элдэв өвчнөөс хол байж чадна. Эрүүл байхад оройтсон гэж бодох хэрэггүйг энэ хөтөлбөр баталсан." -Энэ хөтөлбөр юуг баталсан нь тодорхойгүй. Хэрвээ судалгааны тухай ярих гэж байгаа бол хэдэн хүн оролцсон, үр дүн хэдэн хүнд гарсаныг, бас яаж хэмжсэнийиг заавал дурдах ёстой. Наад зах нь энэ судалгаанд нэг дор ажилладаг хүмүүс оржээ. Тэд бүгд нэг л цайны газар хооллодог байж. Тэр цайны газрын хоол өөх тос давс ихтэй тааруу хоолтой. Судалгаанд хоол өөрчлөгдсөн нь оролцсон хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж үзвэл нийт иргэдэд хэр хамааралтай вэ?

"Жимсийг хоолтой хамт хэрэглэх бас зохисгүй. Жимс чихэрлэг учраас тодорхой хэмжээгээр илчлэг өгдөг. Гол нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг болохоор хоолыг шингээх тал бол байдаг. Гэхдээ жимс, ногоог хамтад нь хэрэглэх ер нь дэмий. Аль болох зайтай хэрэглэх хэрэгтэй."- анх удаагаа жимс хоолтой хамт хэрэглэх зохисгүй гэж сонсож байна. Хоолны дараа бялуу амттаны оронд жимс хэрэглэ гэдэг зөвлөгөөг яах билээ. Жимс чихэрлэг ч эслэг агуудаг учраас цусан дахь глюкозын хэмжээг огцом өсгөдөггүй сайн талтай гэдэг дээ уг нь.

"Үр тарианы төрөл хэрэглэхгүй байна гэдэг чинь гаднаас ямар ч энерги авахгүй, өмнө нөөцөлсөн энергиэ л зарцуулж байна гэсэн үг."- буруу өөх тос, уураг хэрэглэхэд энерги авна.

"Бидний улаан хоолой чинь хоол идсэний дараа ходоод руу хоолыг бага, багаар оруулж байдаг. Ходоод тэр бага багаар ирж байгаа хоолыг боловсруулж нарийн гэдэс рүү жаахан жаахнаар өгч байх ёстой."- хүний физиологи сайн мэддэггүй бололтой. Улаан хоолой чинь хоол нөөцөлдөг сав болчихов уу. Уг нь сурах бичигт хоол залгиур хоолойноос ходоодонд ороход 7 секунд болно гэдэг л дээ.

"Жирэмсэн эхчүүд хоол хүнсэндээ үхрийн элэг, ногоон байцаа, шош зэрэг фолийн хүчил, төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй."- баруун Европт А витамины илүүдэл урагт хортой тул жирэмсэн эхчүүдийг элэг идэж болохгүй гэдэг. Дараа нь өөрөө А витамин илүүдвэл элгэнд маш хортой тухай ярьсан байх юм.

"Харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүнд цитрусын төрлийн жимс, өндөг ордог"- Дархлааны систем алив бодисыг хэр хүлээж авахаас шалтгаалж ямар ч хүнс харшил үүсгэж болно. Ийм хоёрхон төрлөөр хязгаарлагдахгүй. Өөр юманд харшилтай ч дээрх 2 хүнсэнд харшилгүй бас байж болно.

Зүгээр нэг ажиглалт та бүхэнд сонин бас юм бодогдуулж магадгүй гээд энд хавчуулаад орхиё
Сүүлийн 30 жилд дэлхий даяар таргалалт маш хурдан нэмэгдэж байгаа. Баян барууны орнуудаас халиад хөгжиж буй орнуудад ч таргалалт эрүүл мэнд, эдийн засгийн асуудал болоод эхэлчихсэн гэдгийг мэдэж байгаа бизээ.
Таргалалтын гол шалтгаан их идсэнийх гэж үздэг. Их идэхдээ хүнсний бүх төрлөөс их иддэг болсон уу? Тоо баримт харъя; сүүлийн 30 жилд хүмүүсийн идэх уураг болоод өөх тосны хэмжээ бараг өөрчлөгдөөгүй юм байна. Харин 1980-аад оноос өөх тос багасгах зөвлөмжийн дагуу хэрэглээ харин ч буурсан (хүнсний нийт илчлэгийн 40% байснаа 30% болсон). Уургийн хэрэглээ 15% хэвээрээ. Хэрвээ өөх тос уургийн хэмжээ өөрчлөгдөөгүй юм бол юу нэмэгдсэн бэ? Нүүрс усны хэрэглээ нийт илчлэгийн 40% байснаа 55% болж нэмэгджээ. Түүнээс цардуул 49%-иас 51% болж өссөн бол фруктозын хэрэглээ 8%-иас 12% болж нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн дунд фруктозын хэрэглээ зарим тохиолдолд 15% хүрсэн байдаг.
Сүүлийн 30 жилд хүмүүсийн сахарын (2 дахин өссөн) хэрэглээ тэр дундаа фруктозын хэрэглээ их өссөн нь харагдаж байгаа биз? Фруктозын хэрэглээ таргалалт болоод бодисын солилцооны эмгэгтэй ямар хамааралтай болох талаар ойрд их ярьж бичдэг болсон байна. Сахароз (элсэн чихэр) нэг глюкоз нэг фруктозын молекулаас тогтдог, жимсний шүүс фруктоз ихээр агуулдаг, эрдэнэ шишийн сироп бол цэвэр фруктоз (их хямд, америкчууд ундаа болоод бэлэн боловсруулсан хүнсэндээ маш их хэрэглэдэг, эрдэнэ шиш тарьдаг тариачдын болоод хүнс үйлдвэрлэгчдийн том лобби байдаг гэдэг, европт хориотой). Манай Кока Кола чихрээр амталсан байдаг уу, эрдэнэ шишийн сиропоор амталсан байдаг уу?

Хүнд зөвлөгөө өгнө гэдэг хариуцлагатай ажил. Буруу ташаа мэдээ тараагаад хүний эрүүл мэнд хохирвол яана. Нөгөө талаар уншигчид ч гэсэн нийтлэгдсэн бүгд үнэн бодит мэдээ биш гэдгийг санаж давхар өөр эх үүсвэрээс шалгаж байх хэрэгтэй.

Thursday, August 6, 2015

Амралт дуусав

Ингээд зуны амралт дуусав. Сар хэртээ тэнэх шив, тэнэх ч гэж хадмын хавьцаа л хүүхэд жаахан болохоор их хол явах сонирхол байсангүй. Зун эндээс явахгүй бол сэтгэл санаа жаахан гутруу байдаг, цаг гаартай холбоотой л доо. Нээх сайхан нар шарах биш, хавар намар шиг л. Хааяа бас нартай өдөр таарнаа гэхдээ олон биш. Хадмын хавьцаа ч нэг их нар шараад байдаг газар биш, гэхдээ манай эндхийг бодвол дулаан, хөдөө газар болохоор хүүхдүүд агаар салхинд бас далай ойр. Сайхан өдөр таарвал тэд маань шавиагаа ханатал давстай ус залгих. Хүүхдэд өөр юу хэрэг байхав дээ. Энэ жил бороотой сэрүүн таарлаа, манай энд бүр дор байсан гэнэ. Явсан нь яамай гэсгээд л.
Жил бүр "Шотландад тавтай морил" гэсэн самбартай хилийн дээс давмагц л аадар бороо цутгадаг энэ жил бас давтагдав. Бага охин сар орчим дураараа гарч орж байсан одоо эрх чөлөө хаагдаад сэтгэл дундуур байгаа. Байранд өдөржин гарч орох хэцүүгээс бас бороо элбэгтэй тиймэрхүү байгаа. Том охин харин гэрээ санасан бололтой.

Энэ жил том охин үнээний фермэрийнд оччихоод дараа ирэхдээ хэд хоноё гэж байна. Үнээ саахад оролцсон нь сайхан байсан бололтой.



Халуун өдрийн зууш айлд зочлохдоо гоё өнгөтэй юм байна гээд зургийг нь авсан. Хүрэн манжин загасны түрс лав орсон юм билээ, бусдыг нь бичиж аваагүй мартсан байна.


Байшингийн үүднээс авсан зураг. Ийм гөрөөс их ойр ирсэн, энэ хавьд овоо олон харагддаг ингэж ойр ирэхийг нь анх удаа харав.



Ла Маншийн хоолой


Дуртай амттан. Энэ жил нэлээн жин нэмсэн ккк…


Villedieu-les-Poêles гэдэг хот. Үгчилбэл тогооны бурхан хот. Эднийх зэс сав суулгаараа алдартай. Аль л дундад зууны үеэс хийж байсан гэдэг. Занаж байгаад жимсний чанамалын тогоо авав. Олон жил харсан юмоо. Тэгээд би хэрэглэхгүй л дээ. Манай хар хүн чанамалын мастер. Зэс халуун сайн дамжуулдаг болохоор түлдэггүй хоол унд хийхэд сайн гэлцэх юм билээ.



Бидний байсан айлын хөршийн нохой сайн дураараа манайд өргүүлсэн. Их хүмүүжилтэй сайн нохой. Хүүхдүүд шавиагаа ханатал нохой ноолж авсан. Гэртээ ирсэн хойноо хоолны үлдэгдэлээ хараад нохойгоо санаж энэ тэр…



Үеэлүүд


Бага охины үс авах найрны бялуу. Их дургүй авахуулсан.




Хясааны ферм



Дээр үеийн зууханд пицца хайрч идсэн. Их сайхан амттай болдог юм билээ.






Далайн эрэг дээр ингээд номын сан байдаг юм байна. Биеэ шарангаа ном уншаад, дотроо овоо их номтой юм билээ. Би лав 2-3 ийм номын сан харсан.