Monday, November 23, 2009

Үхрийн бөөрөн үргэлжлэл

Мартсанаа санаад үргэлжлүүлбэл... BBC телевизээр "Дэлхийг ная хоногт тойрсон нь" гэдэг цуврал нэвтрүүлэг гараад дуусав. Олны танил арваад хүн хоёр хоёроороо буухиалан ная хоногт дэлхийг тойрохдоо монгол нутгаар дайрч байх юм. Монголоор дайрч яваа хоёр малчин айлд саатангаа тэмээ сааж, ямааны боодог амсаж байх юм. Аль нутгийг нь хэлж мэдэхгүй сумын бололтой наадам таарч аялаж яваа залуу бас барилдаж үзэж байна. Даанч хамраа гэмтээчих шиг болсон. Үгүй яахав хүний нутагт нутгийн минь тасархай дотно сайхан санагдсаныг хэлэх хэрэггүй бизээ. Британид байгаа хүмүүс BBC iPlayer дээр үзэж болох юм байна лээ шүү.
Телевиз гэснээс манайх гэдэг айл зурагтгүй болоод жил тойрох гэж байгаа юм байна. Энд нүүж ирээд л зурагт аваагүй өдий хүрчихэв. Сүүлийн үед хүүгийн талаас хүчтэй шахалт үзүүлж байгаа учир нэг юм бодох болсон бололтой. Зурагтгүй амьдрал их таалагдаад байгаа ш дээ. BBC сувгийн нэвтрүүлгийг интенетээр үзэж болно. Нэгэнт зурагт байхгүй юм чинь яг л сонирхсон нэвтрүүлгээ л үзэхээс хэрэгтэй хэрэггүй бүхнийг үзэж дөрвөлжин хайрцаг ширтэж суухгүй тэр хэрээрээ цаг хэмнээд байгаа гэж бодогдоно.

Аа тийм сар орчмын өмнө дөө, Жеимс Уотсон (James Watson) авгайн лекцэнд суусан юм байна. Уг нь бол үе үе болчимгүй юм ярьж хэвлэлийн бай болдогийг нь бодоод юу ярих бол гэж хэрэгт дурлаж очсон юм. Очсон хойноо мундаг хүн бол мундаг л байдаг юм байна гэж ойлгоод гарсан. Ная гарчихаад "Би хорт хавдарыг эмчлэхсэн гэж мөрөөддөг" гэж ярьж байх. Зүгээр мөрөөдөх биш бас шинэ соргог асуудал онол дэвшүүлж байна лээ. Яахав энэ санаа үнэн зөв эсэхийг цаг хугацаа харуулах биз, харин миний хувьд урд өмнө сонсоогүй олон сонин дуулсан нь их олзуурхууштай санагдсан юм байна. Хорин тавхан насандаа том нээлт хийсэн хүн мундаг байхаас яахав дээ.
Нээрээ бас Гордон Брауны тухай хэдэн үг бичихсэн гэж бодоод байгаа. Миний бодлоор тэр тун азгүй ерөнхий сайд боловч улс төрч биш жинхэнэ төрийн хар хүн шиг санагддаг (хар хүнийхээ үгийг зээлдэв). Азгүй гэдэг нь ерөнхий сайд байх хугацаа нь эдийн засгийн хямралтай давхацсан учраас тэр. Уг нь ийм л хүн төр толгойлж баймаар снагдаад байгаа юм даа. Ирэх жилийн сонгуулиар эрх барьж байгаа хөдөлмөрийн нам сонгогдож чадахгүй болов уу гэсэн таамаг яваад байгаа. Өрсөлдөгч консерватив намын дарга харин ёстой гулжганасан улс төрч. Хүмүүс яагаад энэ ялгааг олж харж чадахгүй байнаа?


Хэ хэ сурсаныг сураар боож болохгүй хойно жаахан улс төржөөд авлаа. Дараа энэ тухай зав гарахаар тухтай бичнээ. Бичлэгээ харсан баахан харчуудын зураг болчихсон байх шив.

Thursday, November 19, 2009

Үхрийн бөөр

За хө нэг үхрийн бөөр шиг бичлэг бичээд орхиё. Сүүлийн хэдэн сар ганц бие өрх толгойлсон эмэгтэй болж хувирав. Салж сарнисан юм биш шүү, хар хүн өөр хотод ажилладаг болоод тэр. Алба амины асуудлыг амжуулах гэж тэрхэндээ түүртээд компьютэрийн өмнө өнгөрөөх цаг танагдаж орхисон. Гэртээ ажилдаа санаа зовоод, ажил дээрээ болохоор гэртээ санаа зовоод хаа ч тайван сууж болохгүй юмаа. Хааяа сонин хачин сонсохоороо бичихсэн гэж өндөлзөвч цагт хавчигдаж хойшлогдсоор боломж гарахаар хөөх юу билээ хө гэж шилээ маажсан шиг өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Сониноос паспортаа сугуулах гэж элчин сайдын яам орсон юм байна. Хаа очиж их аятайхан сэтгэгдэл төрсөн шүү. Яагаад ч юм элчин гэхээр засвар хийх болчихсон хуучин байр, албан тасалгаа амины сууцны зааггүй, хуучин хивсний таагүй үнэр, ханан дахь хүний сэтгэлд торохооргүй хямд зураг санаанд буудаг юм. Харин Лондонгийн яам өөр цэвэрхэн цэлгэр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй гээд л магтаад баймаар байлаа. Ядаж л ханандаа өвөрмөц содон гоё зураг хадсан юм билээ.

Элчин орсон далимаараа Лондонгийн Кэнсингтон дүүргээр жаал сэлгүүцсэн. Байгалийн түүхийн болоод шинжлэх ухааны музеи үзсэн юм байна. Бас яахав орчин тойронтойгоо бага багаар танилцаж л явна. Энэ дүүрэгт хатан хаан Викториагийн нөхөр Алберт хун тайжид зориулан бариулсан олон дурсгалт газрууд байдаг юм байна. Ануухандаа өөд болсон нөхрийнхөө хойноос хатан хаан үхэн үхтэлээ дөчөөд жил гашуудсан юм гэнэлээ. Кэнсингтоны цэцэрлэгт бариулсан дурсгалын цогцолборыг урлагийн сайхан бүтээл гэмээргүй ч хатан хааны чин хайрын бэлэгдэл байж дээ гэж уярмаар. Угаасаа хун тайж залуухан хатан хааны олон шийдвэрт зөв нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг юм билээ.

Ойрд телевизийн BBC сувгаар "Амьдрал" нэртэй амьд ертөнцийн тухай цуврал баримтат кино үзэж байгаа. Байгал дэлхий юутай гайхамшигтай гэж дуу алдмаар сонин гойд кино байх юмаа. Шалбааганд амьдардаг уушигт загас амаараа шавар ухаж үүр засаад түрс шахна. Түрсэндээ агаар дутах вий гээд эр загас амаараа үүр лүүгээ хэдэн өдрийн турш зогсоо зайгүй агаар зөөхийг харвал уярмаар. Далайн луу гэх сонин халбэртэй загасны (далайн амьтны) эр нь түрсээ боловсортол биедээ тээдэг юм байна. Өвөл болохоор Канадаас Мексик хүртэл хэдэн мянган километр нүүдэллэж ичдэг эрвээхий гээд сонин хачин амьтад олон байх юмаа. Британид байгаа хүмүүс BBC iPalyer дээр үзэж болох юм байна лээ шүү. Киноны анги болгоны төгсгөлд үзүүлсэн амьтдын зургийг яаж авсанаа бас сонирхуулдаг нь сайхан санагдсан.

Энэ зун намрын заагаар овоо хэдэн ном уншсан юм байна. Эргээд бодсон дандаа их дарамттай гунигтай номнууд уншжээ. Сүүлдээ өөрөө сэтгэлийн гутралд орох шахав. Энэ тухай дараа тухтай бичнээ.

Соронзон ба Сувдан охины хүсэлтээр Кембрижийн их сургуулийн номын сан уруу бодон бодон байж нэг өдөр ажлаа зохицуулаад аппаратаа үүрээд очсон чинь "Өнөөдөр манайх номоо тоолж байгаа учир нийтэд үйлчлэхгүй" гэсэн зарлалтай хаалга мөргөөд буцсан. Гэхдээ бас хоосонгүй гадна талынх нь зургийг авсанаа тавилаа. Барилга нь шинэхэн юм билээ. Энэ номын санд Их Британид хэвлэгдэж буй бүх ном байдаг юм гэсэн.





Үүдэндээ ийм номон баганатай...

Харин Тринити коллежийн номын сан жижиг боловч илүү сонин санагдсан. Кристофэр Врэний (Christopher Wren) зургаар 1695 онд баригдсан энэ номын санд хүн үзмээр олон сонин ном үзмэр байдаг юм билээ. Кристофэр Врэн гэгч Английн хамгийн алдартай архитекторч гэнэ. Зөвхөн Лондонд түүний зургаар барьсан 55 сүм байдгаас xамгийн алдартай нь ариун Полын (Saint Paul's) катедрал юм байна. Энэ номын санд 13-р зууны үед хэвлэгдсэн гоёомсог Библийн судрууд, Францын Луй хааны хатан Австрийн Аннагийн хэрэглэж байсан мөргөлийн судар, Исаак Ньютоны ажлын гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, хэрэглэж байсан цаг, таяг, зохиолч Милнэгийн Винни Пүү зохиолын гар бичмэл гээд сонин сонин үзмэрүүд байна лээ. Харамсалтай нь номын сан дотор зураг авахыг зөвшөөрдөггүй юм билээ.

За байз өөр бичмээр юм зөндөө л байх шиг санагдсан цагаа болсон ингээд санаанд ордоггүй гэж. Дараа санахаараа нэмнээ.

Sunday, November 8, 2009

Цэцэгчин бүсгүй



Манай ажил том эмнэлэгийн түргэн тусламжийн тасагтай залгаа. Ажилдаа ирж буцахдаа заавал тэдний үүдээр өнгөрнө. Хүмүүний амьдарлын эрээн бараан хойно есөн шидийн хүн үзэгдэнэ. Тэр нэг өдөр бүрий болсон хойно гэрийн зүг алхаж явахад гудамжны ёлтгор гэрлийн доохно нэг тийм дэгжин бүсгүй харсан юм. Зэгзгэр өндөр түүний урт цайвар үс цагаан шаргал пальтоны мөрөн дээр асгараад нэг л донжтой. Тэр хөлдөө жийсэн өндөр өсгийт гутлынхаа өсгий дээр эргэлдэнхэн хэн нэгнийг хүлээж буй бололтой. Харин гартаа дунд зэргийн хэмжээтэй час улаан өнгөтэй цэцэг усалдаг данх барьсан нь нүдэнд торох нь тэр. Хаа нэгтээ худалдаж авсан ч байж болох гэж бодсоор ойрхон зөрвөл тэр нь данх биш харин данхны хэлбэртэй цүнх байж таарав. Хүмүүсийн сонирхолоо гэж...

Wednesday, November 4, 2009

Ааш хөдлөх бас хэрэгтэй




Настр муутай үедээ гаргасан шийдвэр хамгийн зөв шийдвэр байдаг гэвэл итгэх үү? Австралийн сэтгэл судлаачид ийм ажил хэвлүүлжээ. Гунигтай эсвэл уцаартай байхдаа хүн сэтгэн бодоx, аливааг эрэгцүүлэх чадвар өндөр байдаг гэнэ. Хүн чухам ийм үедээ анхаарлаа сайн төвлөрүүлж, орчин тойрноо анхааралтай ажиж чаддаг байна.

Tuesday, November 3, 2009

Өглөө

Чихэвчний хөгжимд Норовбанзад агсаны дуулсан Уяхан замбуу тивийн наран эгшиглэхэд хос нүдний энд багтамгүй тал нутаг цэлийнэ. Тэнгэрт нэг ч үүлгүй, нарны туяа хязгааргүй уудам талыг өмчлөн эзэмдэхэд нүд гялбаж, гараараа саравчлан алсын бараа харж зогсов би. Тэртээд хэдэн бараан адуу борооны усан цөөрмийн эрэгт хэсэг нь өвс хазлан хэсэг нь толгой хаялан зогсож харагдана. Ай даа уртын дуу гээч юутай гайхалтай, үзэж харж байгаа бүхэнтэй минь зохилдохын цагт энэ миний нутаг билээ гэсэн бодол өөд өгсөж хамрын самсаа шархирав. Хэсэг адууг чиглээд гүйв би. Ойртоx тусам тэвчээр алдрах мэт улам хурдлав. Гэнэт хөдөө нутагт үл зохилдох чанга гэгч машины дохио хангинаж, би гэдэг хүн сэрүүн зүүднээсээ сэрвэл, нөгөө л байдаг газраа давчуухан гудмын голд данхар том жипний өөдөөс харан зогсож байх. Машин дотроос жолоочийн нүд хилэнтэй гялалзаж харагдана.

Monday, November 2, 2009

Авцалдаагүй


Хаврын намуухан орой ажлаа тараад алхаж явлаа. Түмэн янзын шувуу жиргэж, саяхан дэлгэрсэн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиод нэн таатай. Гэнэт амар амгаланг эвдсэн моторын чанга дуу арханаас хадаж, газарт элгээрээ наалдсан мэт навтгар хар спорт машин хажуугаар минь сүнгэнэн өнгөрөх нь тэр. Тасарсан бодлын хэлхээ эвээ эргэн олох гэж мунгинах зуур тэрхэнтэй нөгөө хар машин зогслоо. Дотроос нь ямар хүн гарах бол хэмээн сониучирхан ажвал, том даавуун торонд бичиг цаас түнтийтэл чихээд барьсан, саарал хөвөн даавуун даашинзтай, буурал толгойтой жар хол гарсан болов уу гэмээр эмээ бууж ирэв. Спорт машиныг зөвхөн тийм хүн барина гэсэн дүрэм журам үгүй ч энэ дүр зураг миний хувьд нэг л авцалдаагүй сонин санагдаж билээ.

Sunday, November 1, 2009

Шотланд нутгаар хэсүүчилсэн нь - 4

Шотландын өндөрлөг газраар (Highlands) явсан хэдэн зургаа оруулав. Highlander гэсэн нэр энэ нутгаас гаралтай юм болов уу гэж таамаглав. Уг нь мэддэг хүнээс асууя гэж бодсон боловч завдал болсонгүй.