Tuesday, October 25, 2016

Сургууль

Нөгөө байр маань бүтэж бид ирэх долоо хоногт орох оронтой болох гэж байгаа. Хар хүн анх үзчихээд барьцааны мөнгөө хаяад өөр байр хаймаар санагдсан гэсэн. Их л жижиг юм билээ. Би нь тэгээд одоо байнга суух сууцгүй түр байранд суугаад байж болохгүй тул орохоос өөр аргагүй гэж аргадав. Ингээд байр болсон, сургуулийн асуудал нээгдэж байгаа юм.
АНУ-ын нийтийн сургуулийн санхүүжилт нь тухайн орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээнээс хамааралтай гэнэ. Тэгэхээр байр үнэтэй газрын сургууль илүү санхүүжилттэй гэсэн үг. Бас л харгис байгаа юм шүү гэж бодогдсон. Манай орох гэж байгаа байр хоттой залгаа учраас хотын хойд дүүргийнхэн яаж ийж аргалаад хүүхдээ оруулчих гээд байдаг бололтой юм уу даа, сургуульд хүүхэд бүртгүүлэх гэдэг бас ярвигтай асуудал юм байна. Нэгд бүх бичиг баримт, аппликэшнээ нотриатаар батлуулах ёстой гэнэ. Тэр бүү хэл байрандаа биднийг суулгаж байгаа эзэн нь энэ хүмүүст байр хөлслүүлж байгаа үнэн бөгөөд эндээс нүүхэд нь 30 хоногийн дотор танайд мэдэгдэнэ гэсэн бас нотриатаар батлуулсан захиа бичиж өгөх ёстой гэнэ.
Өмнө нь төрсөний гэрчилгээ, хаягийн баталгаа, вакцинжуулалтын баримтаа бариад очиход өдөрт нь сургуульд оруулдаг байснаас тэс ондоо орчин бололтой. Яахав сайн тал нь аятайхан орчин, сайн сургалт, хүүхдийн ирээдүйд хэрэгтэй л юм даа гэж өөрийгөө тайвшруулж сууна.
Санаагаар болдог бол сургуулийн санхүүжилт тухайн дүүргийн татварын орлогоос бус ямар нэг тэгшитгэсэн стандартаар явах нь зөв юм шиг. Ухаандаа хүүхэд эцэг эхийн орлого, нийгмийн гарлаас үл шалтгаалж боловсрол эзэмшихдээ ижил тэгш гараанаас эхэлнэ гэсэн философийг л яриад байгаа юм. Дэлхийн хамгийн баян улс байж ийм юман дээр хөгийн царайлдаг нь шог ч юм шиг ккк.

Thursday, October 13, 2016

Blowing in the wind

Эр хүн хэмээн дуудуулахын өмнө хүн
Хэр урт замыг туулах ёстой билээ хө?
Зөөлөн элсэнд тухтай унтахын тулд тагтаа
Хэчнээн далайг гатлах ёстой билээ хө?
Үүрд хоригдохоосоо өмнө их бууны сум
Хэдэн удаа нисэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Далайд уусан урсахаас өмнө уул
Хэчнээн сар жилээр дүнхийх ёстой билээ хө?
Жинхэнэ эрх чөлөө амсахын тулд хүн
Хэдий хугацаатай орших ёстой билээ хө?
Хараагүй үзээгүй дүр үзүүлэхийн тулд хүн
Хэдэн удаа буруу харж болох билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Хөх тэнгэрийг харахын тулд хүн
Хэдэн удаа дээш харах ёстой билээ хө?
Хүмүүсийн уйлааныг сонсохын тулд хүнд
Хэдэн чих хэрэгтэй билээ хө?
Үхлийн ихийг ухаарахын тулд хүн
Хэчнээн хагацал үзэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.

Боб Дилан гуай утга зохиолын Нобелийн шагнал авсаныг тохиолдуулж дуртай дуугаа орчуулах гэж оролдсоноо тавилаа. Хүмүүс энэ хүн авах ёстой ёсгүй талаар маргаж л байна. Харин энэ хүний дууны шүлгүүд бол өнөөгийн дуучдынхтай харьцуулахын аргагүй өөр гэдэг нь яалт ч үгүй үнэн билээ.