Thursday, September 29, 2016

Нүүж дуусдаггүй айл


Нэг газар суурьших хүсэл маань биелэх болоогүй бололтой. Манайх энэ намар буцаад л Нью Иорк уруу нүүв. Энэ нүүдэл их удаж байнаа. Долоон сард Шотландаас гараад Монгол, Францаар дамжиж явж явж энд ирээд гурван долоо хонов. Ирээд амьдрах байр олтол түр хугацаагаар амьдарч байсан оюутны байрандаа буулаа. Манай оюутны байр гурван цамхагтай л даа. Би оюутан байхдаа хоёрт нь амьдарч байсан юм. Энэ жил амьдарч үзээгүй гурав дах цамхагт байрлаж байгаа, гүйцээх ёстой л юм байсан юм шиг байна ккк.
Том охиноо ахынх нь явж байсан сургуульд түр өгчихлөө. Хол байранд орвол шилжиж таарна, гэхдээ зүгээр гэрт нь суулгаад байлтай биш. Ингээд байсан бууриндаа ирээд танил сургууль, эмч, байр гээд явсан ерөөсөө эндээс яваагүй ч байсан юм шиг сонин сэтгэгдэл төрөх.
Өмнө нь оюутны байранд амьдарч байсан болохоор байр хайхын зовлон үзээгүй юм. Харин одоо бол үзэж л байна. Миний хувьд хамгийн чухал үзүүлэлт сайн сургуулийн дүүрэг байх хэрэгтэй. Тэгээд дараа нь дөрвөн хүн багтчих, нийтийн тээвэрт ойр, чимээ шуугиан багатай аятайхан орчин гээд жагсаалт хөврөх л юм. Азтай гэх үү тохиолдлоор сайн сургуультай газар байр олсон чинь 11 сараас нааш сулрахгүй гэсэн. Оюутны байртайгаа ярьсан 11 сар хүртэл байж болмоор болоод явчихаар нь нөгөө байрыг үзээгүй байж орлоо гээд барьцааны мөнгө төлчихсөн. Аймаар бүдүүн зүрхтэй байна уу? Яахав, том орон сууцны барилга л даа. Тэнд нэг айл гараад дараагийн айл орохын өмнө заавал хана, шалыг нь будаж засдаг болохоор заваан гэх асуудал байхгүй. Талбай нь тэд орчим гэж үл хөдлөх хөрөнгийн агент хэлсэн. Аятайхан эсэх нь доторх зохион байгуулалтаас нь л шалтгаалах юм. Хамгийн гол нь яг Нью Иорк хоттой залгаа жижиг хот/тосгон, сургууль маш сайн, галт тэрэгний буудал 5 минут алхах зайтай, жижиг учраас чимээ шуугиан багатай. Нээх аз дайрчихсан ч юм шиг үгүй ч юм шиг сонин санагдаад байгаа кк. Үнэндээ энэ хотыг их л онилж байж ирсэн юм. Жижиг хот болохоор хөлсний байр нь цөөхөн биз, зар ховор харагддаг.
За тэгээд барьцаа төлчихлөө гээд манайх болсон гэсэн үг биш юм. Нөгөөдүүл чинь бидний хэр зэрэг хөлслөгч болохыг шалгана шүү дээ. Худалч хүнд бараг л амаа ангайж шүдээ тоолуулах шахуу юм болно. Өрхийн орлого, крэдитийн түүх, ажлын тодорхойлолт бол наад захын шаардлага. Цаашлаад бүр их юм нэхдэг бас аппликэшн бөглөсөн хөлс энэ тэр гээд явж өгдөг газрууд байна. Бүх юм бүтээд бэлэн болсоны дараа байр хариуцсан үл хөдлөхийн төлөөлөгчид нэг жилийн байрны хөлсний 8-10% тай тэнцэх хөлс өгдөг. Манай хувьд албан ёсны шийд ирэх долоо хоногт гарна гэсэн, хүлээгээд л сууж байна даа.