Wednesday, September 30, 2015

Хоол унд

Гэр зуурын хүн чинь хоол унд их эргүүлэх юмаа. Уйдамхай хүнд өдөр бүр тогоо шанага нийлүүлэх нэг тийм, сонирхолтой болгох гэж янз бүрийн жор турших. Энэ зун мах бага идэх зорилгоор махгүй хоолны туршилт хэдийг хийлээ. Махгүй гэхээр нь тойроод байдаг бас гайгүй жор, хоол байдаг л юм байна. За тэгээд хоол хийчихээд зураг авахаа мартах нь олон юм. Авч амжсан хэдэн зураг;

Прованс стилээр хийсэн сонгино улаан лооль, хулуу (courgette)


Зун хөнгөн маягаар хооллоход дангаар нь эсвэл маханд хачир болгоод идсэн ч болно, их зүгээр. Том жижгээсээ хамаарч 6-8 ширхэг бөөрөнхий сонгино, 6 ширхэг улаан лооль, 4 ширгэх хулуу. Манайд ургадаг/зардаг хулуу нь арай өөр, том байдаг юм билээ. Ийм 20-21 см талтай саванд чидун жимсний тосонд жижиглэн хэрчээд зөөлөн галаар хагас цаг хэртээ чанаж болгосон сонгиноо дэвсээд, дээр нь улаан лооль, хулуугаа 0.5-1 см хэртээ хэрчин өрж тавина. Тэгээд давс, перец янз бүрийн нарийн ногоо (яншуй, rosemary, thyme, marjoram) цацаад, жаахан тос жигдхэн тараагаад 150 градуст 50 минтаас цаг хагас хүртэл жигнэж болгоно. Болгож байхад ногоо их хуурай харагдаж байвал тос нэмж болно. 

Энэ намар ББС-ээр Рик Стайн гэдэг тогоочийн Венецээс Истамбул хүртэл аяласан хоолны тухай цуврал их таалагдсан. Үзүүлсэн жорноос нь грекийн аварга шоштой ногооны рагу, галактобурэко гэдэг бялуу туршиж үзсэн дажгүй болсон. Хоёулаа хийхэд амархан, нэг их олон юм шаардахгүй дажгүй юм билээ. Жорыг эндээс үзэж болно, хүсэлт гаргавал заваар орчуулж оруулж болно. 



Ийм нэрсний тарт хийсэн, их хялбар бөгөөд гоё амттай. Намар нэрс яг сайхан болсон үед хийж таардаг. Энэ жил 2-3 удаа хийж амжсан юм байна. Гаднах гурилан гэр нь энэ алимны тартныхтай адил. Болсон гэр дээрээ бүйлсний самрын нунтаг дэвсэнэ, дараа нь нэрсээ хийнэ. Тэгээд өндөг, цөцгий, чихрээ нийлүүлж хутгаж байгаад тартаа дүүргэнэ. 200 градуст хагас цаг орчим жигнэж болгоно.


Хар хүн энэ жилийнхээ blackberry чанамал хийсэн. Энэ жимсийг монголоор юу гэдэг юм болоо? Болор толинд бөөрөлзгөнө, үхрийн нүд гэсэн байх юм аль аль нь биш (үхрийн нүд-black currant, бөөрөлзгөнө-rasberry). Манайтай ойр урсдаг Кэлвин голын дагуу энэ жимсний бут их элбэг. Сүүлийн 2 жилд өвөлжин идэх чанамал хийгээд байгаа. Энд зун өдөр урт болдог учир жимс илүү чихэрлэг байдаг гэж гүзээлзгэний тухай бичлэгтээ дурдсаныг санаж байгаа биз дээ.

Энэ бас нэг төрлийн хулууны шөл (butternut squash)
Янз бүрийн ургамлын нэртэй сайн тольтой болж авах юмсан. Давс ордоггүй онцлогтой шөл. 


Ер нь хоолны жорны хавтас маань улам томроод л байгаа. Бас овоо туршлага сууж байна. Сайн жор муу жорыг ялгахтайгаа, хоол хийх янз бүрийн аргачлал сурч байна. Бялуу тэр дундаа франц patisserie-д мундаг болох юмсан гэж мөрөөддөг. Саад нь их бялуу туршихаар зарим нэг хүмүүс таргалах гээд хэцүү. Гэхдээ жагсаалт хийсэн creme brulee, bavarios бялуу, chocolate fondant, macaron толгойд нь яваа. 








Thursday, September 24, 2015

Ойлгомжгүй юмнууд

Хэзээ ч билээ дээ арал дээр амьдрадаг хүмүүсийн араншин өөр, тэр утгаараа бритүүд япончуудтай төстэй гэж уншиж байсан юм. Японд очиж үзээгүй ч овоо олон япончуудтай харилцаж байсныхаа хувьд тэр нийтлэг чанарыг арай олж харж амжаагүй. Харин бритүүдийн хувьд нутагт нь байгаагийн хувьд нэлээн сайн ойлголттой болж авсан ч ойлгомжгүй бас дасдаггүй юм нэлээн таардаг. Ойрд ой санамж тааруу болсон учраас зарим нь орхигдох биз, санахаараа нэмэхийг бодноо.


1. Сантехник. Холигчгүй халуун хүйтэн усны тусдаа цорго. Дэлхийн 2-дугаар дайны үеэр Черчилл гуай ЗХУ-д гэрээнд гарын үсэг зурахаар очихдоо холигчтой цорго үзээд ихэд сайшааж тэмдэглэлдээ бичсэн гэж яриа байдаг. Миний багад Улаанбаатарт анх баригдсан зарим орон сууцнууд тийм тусдаа цорготой байсныг санадаг, гэхдээ хүмүүс ихэнхдээ резинэн хоолой ашиглаад гэрийн нөхцөлд холигч хийж хэрэглэдэг байсныг мэдэх юм. Анх энд ирээд байрандаа орохдоо хамгийн их гайхсан зүйл гал тогоо, ванны өрөөний цоргонууд халуун хүйтэн тусдаа байсан нь. Эхлээд их л хуучны юм хэрэглэдэг юм байх даа гэж бодож байсан, дараа нь тийм тусдаа цорго одоо ч дэлгүүрүүд зардаг хүмүүс худалдаж авдагийг хараад маш ихээр гайхсан гэж байгаа. Бритүүдтэй энэ тухай ярихад тусдаа цорго тийм хачирхалтай юм гэж хэн ч боддоггүй, тэр байтугай тусдаа цоргоны ашигтай тал гээд сонин сонин юм ярина. Ихэнх нь хоолойд үлдсэн ус холигчтой болохоор бүлээн болоод бактери үржих нөхцөл болдог гэж тайлбарлана. Уг тайлбар дээр үеийн усны баллонтой бойлэр хэрэглэдэг хүмүүсийн хувьд үнэний хувьтай харин өнөө үед тийм юм байхгүй гэсэн тайлбар энд амьдардаг гадны хүн бичсэн байсан кк. Халуун усны цоргоноос час халуун ус гоождог болохоор гараа ихэвчлэн хүйтэн усаар угааж таарна. Хүйтэн ус, бүлээн усыг бодвол илүү муу угаана, тэр хэмжээгээрээ хүний гаранд үржих бактерийн тоо харин улам их баймаар. Хуучин ажлын дарга шүдээ угаагаад цэв хүйтэн усаар амаа зайлах нь зүгээр ш дээ гэж байсан, холигчтой цоргоор цэв хүйтэн ус гоожиж болно гэдгийг ойлгож амжаагүй юм шиг байгаа юм. Хамгийн тэнэгдүү гэмээр тайлбар бас хамт ажилладаг нэг хүн шүдээ угааж амаа зайлчихаад нулимахаар тосгуурын дунд байх ганц цоргонд толгойгоо цохичихдог гэж авсан, юу ч гэхэв дээ ккк. Ерөнхийдөө миний амьдарч байсан газруудаас сантехник нь хамгийн хуучны бүдүүлэгдүү газар. Анх бид зохиосон гээд цаашаа дэвжиж хөгжсөнийг тоогоогүй орхисных байх. Ер нь бол нээх сайхан халуун шүршүүрт орно гэдэг бас хүн бүрт заяах хувь тавилан биш ккк. Өөрийн байр бол сайныг хэрэглэдэг байх. Хөлслүүлж байгаа байрны бойлэр дандаа хуучин, хүчин чадал муутай таардаг. Усанд орж байхад хэн нэгэн гал тогоонд ус нээвэл тэгээд л шүршүүр чинь цэв мөс болох энүүхэнд. Хүмүүс цахилгаан шүршүүр их хэрэглэдэг. Арай хямд тусдаг гэдэг юм билээ гэхдээ л нэг тийм жул сонин санагдаад байдаг даа.
2. Эмнэлэгийн байгууллагууд. Эдний үндэсний эрүүл мэндийн салбар олон нийтийн хамгийн хайртай байгууллага, ихэнх хүмүүс манай ситем дэлхийд нэг ноймор л гэнэ. Харин өөр улсаас ирсэн хүмүүс ихэнхдээ санаа нийлдэггүй. Ялангуяа америкаас ирсэн хүмүүс их гайхнаа. Америкт ямар нэг юм анзаараагүйгээс алдаа гаргасан бол дараа нь шүүхэд дуудагдах магaдлал өндөрийнх үү, бас бизнес талдаа учраас хийсэн үйлчилгээ болгондоо мөнгө авдагийнх уу, маш их шинжилгээ хийнээ. Тэр нь хүмүүст бас нэг тийм аятайхан сэтгэгдэл төрүүлдэг байж мэднэ. Харин энд бол эсрэгээрээ аль болох бага үзлэг, шинжилгээ хийнэ. Юм болгоныг шинжилсэний ашиг гэж байхгүй, харин ч зарим тохиолдолд хор болох талтай гэж үздэг. Цусны шинжилгээ энэ тэр тийм юм биз, гэхдээ бүр маш энгийн юман дээр ч тиймэрхүү байдаг нь сонин.
Том охин америкт, бага охин энд төрсөн болохоор ялгааг бол маш их мэдэрсэн. Сар болгон үзлэг хийнээ. Америкт жирэмсэн болсон бол харьяа эмэгтэйчүүдийн эмчтэйгээ цаг авч үзүүлдэг. Анхны үзлэгээр жигнэнэ, цус авна, дотуур үзлэг хийнэ. Цаашлаад удамзүйч уруу явуулж бас цусны шинжилгээ хийхээс гадна, гэр бүл дотор ямар нэг удамшлын асуудал бий эсэхийг лавлаж их л нарийн үзнэ. Тэгээд дараа дараагийн үзлэгээр бас л жигнэнэ, гэдэс хэмжиж үзнэ, хуваарийн дагуу өөр цусны шинжилгээ байвал хийнэ. Үзлэг бүрээр нэг л эмч, сүүл рүүгээ таньдаг мэддэг болно. Ээлж таарвал энэ л эмч эх барьж авна.
Энд болохоор эмэгтэйчүүдийн эмч биш эх барих үйлчилгээ гэсэн клиник уруу явна. Эхний үзлэгээр авдаг шинжилгээгээ авна, жигнэж үзнэ. Дахиж биеийн жин үзэхгүй, ямар нэг хэрэгцээтэй мэдээлэл өгдөггүй учраас гэж тайлбарласан. Сар бүрийн үзлэгээр өөр өөр хүн таарна. Ямар нэг асуудалгүй бол төрөхөд ганц эх баригч л байдаг юм билээ.
Америкт хүүхдээ төрөхөөс өмнө хүүхдийн эмчээ сонгодог юм билээ. Төрсөн өдөр нь эсвэл маргааш нь тэр хүүхдийн эмч төрөхөд ирж хүүхдийг үзээд хүлээж авна. Тэгээд ой хүртэл нь сар бүр тэр л эмчдээ үзүүлнэ. Үзлэг бүрээр жигнэнэ, чагнана.
Энд төрсөний дараа 2 долоо хоног нөгөө төрөх эмнэлэгээс эх баригч гэрээр ирж эх хүүхдийг эргэж тойрно. Тэгээд ямар нэг асуудал байхгүй бол дахиж үзэхгүй. Асуудал гарвал өрхийн эмчдээ үзүүлнэ. Эрүүл мэндийн төлөөлөгч гээд нэг хүн ганц хоёр сар гэрээр ирж бас үздэг юм билээ. Энэ төлөөлөгч вакцинаа хариуцна. Охиныг маань төрөхөд нь нэг, дараа нь гэрт ганц хоёр удаа жигнэсэн. Өрхийн эмчийн өрөөнд нялх хүүхэд жигнэх жин байхгүй. Охин маань хоолонд муу байгаад жигнүүлье гэсэн нөгөө төлөөлөгчөө гэртээ дуудаж байж жигнүүлсэн.
Ихэнх тохиолдолд хүүхэд эрүүл саруул бойждог учраас нэг их үзээд байх шаардлагагүй нь үнэн. Гэхдээ Их Британи өндөр хөгжилтэй орнууд дотроо эх нялхасын эндэгдлээр дандаа дээгүүр давхидаг бөгөөд энэ аль болох бага үзнэ гэсэн философи нөлөөтэй гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй. Эмч хүнтэй энэ сэдвээр маргавал бариулж идүүлэх шахна.
Зэргэлдээ Францад эмнэлэгт үзүүлэх тэс өөр. Америк шиг бүгдийг үзнэ гэхгүй ч хүүхдээ жигнүүлье гээд өрхийн эмнэлэг дээр очиход асуудалгүй.
Бритүүд бид эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авдаг гэдэг, гэхдээ ажил хийж байгаа хүн бүрийн нийгмийн даатгал ямар нэг хэмжээгээр санхүүжүүлдэг гэдгийг орхигдуулдаг. Сонгуулиар популизм хийдэг ганц сэдэв. Улс төрч энэ салбарт шинэчлэл хийнэ гээд дуугарчихвал сонгогдох найдвар бараг байхгүй. Маш их мөнгө иддэг салбар. Хүмүүс урт насалдаг болсон, зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа нь санхүүгийн дарамтыг улам их нэмж байгаа ч өөрчлөхгүй гэж гүрийсээр.
3. Үйлчилгээ. Хаа газар үйлчилгээ сайн муу байна л даа. Гэхдээ эднийх их сонин. Америкт байхад бас л сайн муу таарч байсан. Эргээд гомдол тавихад сайн хүлээж авна. Тэр дор нь хүнийг хохиролгүй болгохоос гадна урамшуулал ч өгнө. Монголд зарим үйлчилгээ их шуурхай сайхан. Энд асуудалгүй бол дажгүй. Ямар нэг алдаа асуудал гарвал маш ядаргаатай. Хувийн, улсын байгуулагын ялгаа бараг байхгүй тэр тал дээр. Их л боловсоноор танд түвэг удсандаа уучлал хүсч байна гэнэ. Худалч хүнд тэрнээс өөр арга хэмжээ авахгүй ккк. Тээр жил манай хүн хуралд яваад гэртээ галт тэргээр ирж явсан цас ороод галт тэрэг явах аргагүй болсон гэж байгаа. Тэгсэн бид цаашаа явах аргагүй боллоо, түвэг учруулсандаа уучлал хүсье одоо буу гэсэн гэдэг. Тэгээд бүх зорчигчдоо хээр буулгасан гэж байгаа. Жижиг сажиг юман дээр гомдол тавиад явж болно л доо тийм систем бий, тэр нь бас л түвэгтэй, хойноос хөөцөлдөх маш их цаг авах учраас тэгэсгээд орхидог болсон кк.

Monday, September 14, 2015

Скай арал (The Isle of Skye)

Өнгөрсөн хагас бүтэн сайнд аяласан газар. Шотландын том арлуудын нэг. Байгалийн сонин сайхан тогтоцтой, уул ус жигдэрсэн сайхан газар байлаа. Бороотой сэрүүхэн байсан, тэр ч нэг их гайхаад байх зүйл биш. Энд амьдраад хэдэн жил болохдоо цаг агаар сайхан болохыг хүлээвэл юм үзэж амжихгүй, харин ус нэвтэрдэггүй хүрэм гутал олж аваад, зав гарангуут л яваад бай гэдгийг сайн ойлгосон. 
Шотландын арлуудын гол орлого аялал жуулчлал, бидний явсан газраар том том жуулчны автобус их байлаа. Буудлууд зун намраар пиг, гайгүй үнэтэй сул өрөө цаг тулсан үед олдохгүй шинжтэй юм билээ. Энэ хавийн зочид буудлуудаар дандаа зүүн Европын залуучууд ажилладаг юм байна. Оюутнууд зуны амралтаараа ажиллаж мөнгө хийгээд буцдаг байх. Аялалын хэдэн зураг..















Saturday, September 5, 2015

Хичээлийн шинэ жилийн бичлэг

Энэ талаар бичих гэсээр өнгөрөөд мартах тал руугаа явжээ. Манай эндхийн сургуулиуд 8 сарын 13 цугласан. Шотландад сургууль 6 сарын сүүлээс эхлээд зургаан долоо хоног л амардаг. Англид бол 7 сарын дундаас эхэлж 9 сарын эхээр ордог юм билээ. Мартсан нэг шалтгаан нь энд хичээлийн шинэ жилийн нээлт гэж сүртэй юм ерөөсөө болдоггүй. Жирийн хичээлийн өдөр шиг цуглаад л тараад л болоо. Харин хичээлийн сүүлийн өдөр хүүхдүүд багшдаа цэцэг болоод янз бүрийн бэлэг өгдөг юм билээ. Ажилтай байхдаа сургууль ордоггүй байсан учраас бэлэг энэ тэрийг өнгөрсөн 6 сард л анзаарсан. Ажаад байвал шилтэй юм (вино) хийсэн бэлгийн уут их харагдана лээ.
Охины хичээлээс гадуурх ажил нэмэгдсэн. Эднийх жилийн турш 6-10 долоо хоногийн хугацаатай богино хугацааны спортын дугуйлангууд хичээллүүлдэг. Хүүхдүүд шинэ юм туршиж үзэх, идэвхтэй байлгах зорилготой. Үнэ төлбөргүй, зарим нь үдийн завсарлагаанаар (ийм дугуйланд оролцсон үед нь эцэг эхчүүд өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулна), зарим нь хичээлийн дараа. Охин маань үдийн цайны цагаар орчин үеийн бүжгийн, хичээлийн дараа хөл бөмбөгийн дугуйланд оролцож байгаа. Дуусахаар нь дахиад өөр дугуйлан эхэлдэг, хүүхдэд сонирхолтой зүгээр.
Төлбөртэй ганц дугуйлан нь хөгжмийнх. Бүр 1-2 ангийнхны сонсголыг шалгаж авна. Эхний нэг хоёр жил хөгжмийн хэмнэл, дуу заана, дараа нь шалгаад бас багш хөгжмийн зэмсэгийн боломжоос хамаарч зарим нь хөгжим тоглож сурна. Охинд гитар таарсан. Өөрөө лимбэ юм уу хийл санаатай байсан нь таараагүй. Гэхдээ хөөрхий тоглож сурна гээд гитараа үүрээд явдаг. Хагас цаг гитарын хичээл хагас цаг найрал дуу. Төлбөртэй дугуйлангаас гадна ахлах сургуулийн хөгжмийн багш хичээлийн үеэр ирж дугуйлан хийдэг юм байна. Энэ жил охин ийм дугуйлангийн хийлийн ангид тэнцсэн. Өөрөө хөгжмийн зэмсэгээ худалдаж авна, хичээл нь үнэ төлбөр байхгүй. Тун сэтгэл хангалуун байгаа. Анх удаагаа өөрөө хүссэн юмандаа шалгуулж тэнцээд орсон учраас.
Сургуулиас хамааралгүй Лхагва гаригт охиноо бассеинд явуулдаг. Хичээл учраас төлбөртэй, нэг их биш. Арван хичээлийн блок нь гучин хэдэн паунд байна уу. Хагас сайны өглөө франц сургуульдаа бас явна.
Ингээд хичээл, даалгавар болоод хичээлээс гадуурх ажил (үүнд хөгжмөө давтах цаг бас орно) дуусахад тоглох зав нэг тиймхэн. Нөгөө талаар завтай үедээ компьютэр таблэт үзэх гээд байдаг хүн завгүй байвал бас зүгээр ч юм шиг. Охин завгүй болчихоор дагаад бид хэд бас дураараа хүссэн үедээ гараад явах цаг хумигдчих нь тиймэрхүү юмаа.