Sunday, March 30, 2008

Оньсого #29 хариу

Энэ оньсогыг Ганга, Саарал, Дэстини, Арсун нар манан гэж зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Friday, March 28, 2008

Энэ долоо хоногт юу юу болоод өнгөрчихөв?

Түвдэд болж байгаа хэрэг явдал ингээд ямар нэг үр дүнд хүрэлгүй замхарчих нь дээ гэж бодож байтал, бас ч гэж найдварын оч гялалзав. Хятадууд энэ долоо хоногт гадаадын хэсэг сурвалжлагчдыг Лхас уруу оруулжээ. Гэхдээ чанга хатуу хяналтанд байлгаж, янз бүрийн хүмүүстэй уулзуулаагүй гэнэ. Сурвалжлагчдын ярьсанаар Лхасын хятадууд голцуу амьдардаг дүүргүүдэд амьдрал хэвийн, харин Түвдүүдийн амьдардаг хэсэгт цагдаагийн хяналт шалгалт ихтэй, эвдэж сүйдсэн барилга олон эл хуль байна гэсэн байна. Түвдийн хэсэг лам нар сурвалжлагчдад болсон үйл хэргийн талаар ярих гэж оролдсон боловч цагдаа нар зогсоож. Ямар ч гэсэн тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, зарим нь уйлж байсан гэжээ.
Өнөөдөр АНУ, Европын холбооны хэсэг улс, Австрали, Японы дипломат ажилтнуудыг мөн Түвдэд аялуулахаар авч явсан байна. Тэд юу хэлж ирэх нь сонин байх болов уу. Буш хятадын удирдагч Ху Жинтаог Түвдэд хүний эрхийг хүндэтгэх, Далай ламтай яриа хэлэлцээр хийхийг уриалсан байсан. Өнөөдөр Европын холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар олимпын нээлтэнд оролцохгүй эсэргүүцэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Францын ерөнхийлөгч Саркози шаардлагатай гэж үзвэл нээлтэнд оролцохгүй байж болно гэж мэдэгдэв. Буш харин ямар ч гэсэн олимпын нээлт үзнэ гэсэн юм байх. Ямар ч гэсэн өнгөрсөн долоо хоногийг бодвол бага ч гэсэн шахалт дарамт хятадад үзүүлж л байх шиг байна, яг эцсийн үр дүнг таахад бэрх хэвээрээ байна даа.
Энэ долоо хоногийн эхээр Грект болсон олимпын бамбар асаах ёслолын үеэр хэсэг эсэргүүцэгчид үймээн тарихыг оролдсон боловч нэг их сүйдтэй юм болоогүй бололтой. Олимпын цагирагийг гавны зургаар орлуулсан далбаа барьсан залуу хятадын элчин сайд үг хэлэх үеэр индэрийн хажуугаар гарч цагдаа нарт баригдсан байна.

Бусад газрын сонин гэвэл манай Нью Иоркийн шинэ амбан захирагч бас уушгиа нээж залуу байхдаа хар тамхи хэрэглэж үзсэн гэж хэвлэлийг шуугиулав. Миний бодлоор ажлаа сайн хийж чадаж байвал өнгөрсөн нь ч яамай гэмээр. Эсвэл энэ захирагч хэвлэлийн баатар болох дуртай юм уу хэмээн хальт сэжиглэв.
Францын ерөнхийлөгч шинэ эхнэртэйгээ Англид айлчилсан нь бас том сонин байлаа. Францчууд ерөнхийлөгч болон түүний эхнэрийг ёс алдаж Англичуудын элэг доог болох вий хэмээн түгшин харж байсан юм байх. Саркози ч ер нь хэнэггүй, түргэн ууртайгаараа алдартай. Түүнийг нуруулаг Филип хунтайжийн хажууд дэндүү тагдгар харагдах болов уу, ёслолын зоогийн үеэр гар утсаа хэрэглэх вий гээд л санаа зовох зүйл их байсан юм байхаа. Сая намар Парист болсон хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр хөдөөний фермер гар барихгүй гэсний төлөө хараал тавьж хэвлэлийн баатар болсон. Хуучин эхнэрээсээ салаад удаагүй хэрнээ загвар өмсөгч байсан бүсгүйтэй тун хурдан нэг гэрт орчихсон, эхнэр нь загвар өмсөгч байсан, дуучин, элдэв алдартнуудтай нэр холдогдож байсан гээд бодоод үзэхээр хэцүү л байсан биз. Ямар ч гэсэн бүх юм элдэв шуугиан тарилгүй өнгөрч францчууд уртаар амьсгаа авахтайгаа болов. Англичууд түүнийн эхнэрийн сайхан хувцасласныг шагшиж Жаклин Кеннеди, Диана гүнжтэй жишсэн нь жаахан сэрүүдчихэв үү гэж санасан. Зургаас нь харахаар нэг тийм далаад оноос гараад ирчихэв үү гэмээр хувцас өмссөн харагдсан.

Thursday, March 27, 2008

Оньсого #29

Цаг хугацаа нүд ирмэх зуур өнгөрч, нэг л мэдэхэд оньсого таалгах цаг болчих юмаа. Миний бие завгүй хэмээн харайлгаж, орон гэртээ ч ховор үзэгдэх болсон мөртөө оньсогоноос оньсого хүрэх зайнд хийснээ харахад чамалмаар санагдана. За тэр ч яах вэ? Оньсогоо таалгая.

Цэв цэнхэр пансан хөшиг
Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
Хангай дэлхийг чимдэг хөшиг
Халуун наранд сөхөгддөг хөшиг, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу, хариуг бүтэн сайнд нийтэлье.

Sunday, March 23, 2008

Оньсого #28 хариу

Энэ долоо хоногийн оньсогоны хариу гол, ус юмаа. Саарал, Зүүдчин, Арсун нар зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

No Country for Old Men


Энэ жил хамгийн олон Оскарын шагнал авч олныг шуугиулсан энэ киног зорин байж үзээд жаахан гонсгор хоцорлоо. Миний л мэдэхийн шилдэг эрэгтэй туслах дүр, найруулга, кино зохиол, оны шилдэг кино гээд том том шагнал авсан юм байна. Кино зохиолыг ах дүү Коэн (Cohen) бичиж найруулжээ. Харьцангуй бага хөрөнгө зарсан эднхийхний ярьдагчлан indie (independent) кинонд тоглосон жүжигчдийн сонголт тэдний чадал ярих юм байхгүй сайн (Томми Ли Жонс, Хавиер Бардэм, Вооди Харрилсон) боловч кино зохиол болоод найруулгын хувьд нэг тиймхэн санагдлаа.

Тексаст амьдардаг нэгэн сэргэлэн залуу ан хийж яваад хар тамхины наймаа хийж байсан талууд муудалцаж алаан болсон газар дээр ирж таараад цүнхтэй мөнгийг авч зугтана. Ловэлин гэх энэ залуу сэргэлэн, бас алив зүйлд холын бодолтой нь харагдаж эхнэрээ төрхөмд нь явуулаад өөрөө нуугдах боловч бас л түүн шиг сэргэлэн хар тамхины наймаанд оролцсон хоёр талын хөлсний алуурчид түүнийг олж чадна. Хэргийг мөрдөж байсан шэриф (Томми Ли Жонс) сүүлдээ гэмт хэрэгтэнүүдийг дийлэхгүйгээ мэдэж тэтгэвэртээ гарна. Мөнгө олсон залуу хэдий сэргэлэн ч бас л баригдаж амь үрэгдэнэ. Нэг талынх нь хөлсний алуурчин (Хавиер Бардэм) үнэхээр аймаар хэнд ч дийлдэхгүй бас баригдахгүйгээр үүргээ гүйцэтгэнэ. Ингээд уншихаар жаахан утгагүй байгаа биз? Яагаад гэвэл зохиолын гол санаа ердөө энэ. Кино муу талын ялалтаар төгсөнө. Амьдрал дээр муу талын баатар ялах нь олон ч энэ кинонд тайлбарлаж амжаагүй олон зүйл байх шиг.

Энэ киног хүн үзүүштэй болгосон зүйл бол ердөө чадалтай жүжигчид. Хавиер Бардэм үнэхээр гайхалтай дүрдээ хувирчээ. Түүнийг би өмнө нь Sea inside гэх испани кинонд дөрвөн мөчиндөө мэдээгүй залуу амиа хорлохыг завдаж байгаа тухай тийм айхавтар хүнд кинонд тоглосныг үзэж авьяасыг нь биширсэн юм.
Нас ахих тусмаа улам сайжирч яваа жүжигчний тоонд Томми Ли Жонс орно. Залуудаа тоглосон кинонуудыг нь шимтэн үзэж байгаагүй ч сүүлийн хэдэн жил бүтээсэн дүрүүд нь санаанд сайн хүрээд байгаа санагддаг. Нөгөө талаар бага төсөвтэй indie кинонд сүүлийн үед түлхүү тоглож байгаа болохоор тиймэрхүү кино үзэх дуртай надад олон харагдсан байж болох.

Киног бүхлээр нь дүгнэвэл нэг удаа үзэхэд зүгээр гэмээр. Өмнө нь дуулж сонсоогүй хүнд бол харин гоё санагдаж болох юмаа.

Saturday, March 22, 2008

Зугаатай орой

Өнгөрсөн мягмар гаригт нутаг буцаж буй япон бүсгүйг албан ёсоор гаргаж өгөх арга хэмжээ болгож манай ажлынхан Harlem д байх боулинг тоглоомын газар нэг оройг өнгөрөөв. Энд Harlem ийн талаар хэдэн зүйл дурдах хэрэгтэй болов уу гэж санана.
Энэ дүүрэг Манхаттаны хойд хэсэгт 110 ба 155 дугаар гудамжуудын хооронд байдаг африк гаралтай хүмүүс голдуу оршин суудаг хотын хэсэг юм. Африк гаралтай хүмүүс хотын чухам энэ хэсэгт 1880 аад оноос суурьшиж эхэлсэн юм байна. Арьс өнгөний үзлээс бий болсон мөргөлдөөн олон жилийн турш Harlem хэсэгт хөрөнгө оруулахад саад тотгор болж байснаас болоод 1911-1990 он хүртэл ямар нэг дорвитой эдийн засгийн өөрчлөлт орж байгаагүй, нэг хэсэгтээ байрны хөлс хотын бусад хэсэгтэй харьцуулахад өндөр байжээ. Чухам энэ үе түүхэнд Harlem хэсгийг хар арьстануудын ghetto гэж нэрлэхэд хүргэсэн гэдэг. Энэ нь гэмт хэрэг, хар тамхины наймаа цэцэглэн хөгжих үржил шимтэй хөрс болж өгсөн байдаг. Харин 1990 оноос хойш хотын захиргаа болон чинээлэг хөрөнгө оруулагчид энэ дүүргийг өөд нь татахад хүчин зүтгэж, орон сууцны барилга болоод бусад бизнесийн тоо эрс өсчээ.
Хотын энэ хэсэг хэдий ядуу ч гэсэн олон жилийн турш жааз хөгмийн төв байсан. Алдартай Cotton club энэ дүүрэгт нээгдэж, олон алдартан эндээс л төрөн гарсан юм билээ. Бидний мэдэх Apollo театр бас энд байрладаг.
Архитектурын хувьд Harlem Нью Иорк хотын бас нэг онцлог бөгөөд үзэх ёстой газруудын нэг юмаа.
Боулинг Wii дээр тоглож байснаас өөр туршлагагүй би нэг ч их дуртай яваагүй юм. Тоглоомын газар очихоосоо өмнө ойролцоо байх Dinosaur BBQ ресторанд хооллосноо тэмдэглэх хэрэгтэй байх. Хуучин агуулах байсан юм уу гэмээр газрыг нэг их засварлаагүй энэ газар сүүлийн үед чамгүй нэрд гараад байгаа гэнэ. Янз бүрийн шарсан мах голдуу менютэй, үнийн хувьд боломжийн газар байсныг олзуурхаж дараа гэрийнхнээ оруулах юм шүү гэж тэмдэглэв. Ёстой л есөн жорын улс цугласан газар байлаа. Бидэн шиг хамт ажилладаг болтой нэлээн хэдэн груп улс, гэр бүлээрээ хооллож байгаа хүмүүс, хүүхэдтэй хүн олон, ширээ хүлээх дараалал ч урт байсан. Бид урдчилж захиалга өгсөн нь онож, ширээ хүлээгүй хурдан хооллоод гарсан.
Тоглоомын газар ирээд хүн бүр тэр газраас өгсөн тусгай гутал өмсөх хэрэгтэй болоход нөгөө илүү зантай хүн чинь хэдэн ч өмссөн юм билээ гэж элдэв юм бодоод нэг тиймэрхүү. Бусдыгаа харсан тоож байгаа ч юм алга. Хоёр lane дээр арван хүн хоёр баг болж хуваагдаж тоглов. Манай багт гайгүй тоглодог ганц залуу бусад нь миний өрөөсөн дугуй, эсрэг багт тоглож чаддагууд нь орчихсон нэг тийм тэнцвэргүй тэмцээн болох шив. Муу дээрээ гэгчээр хамгийн анх бөмбөг шидэхдээ хумсаа хугалаад бүр ч хэрэг алга. Эхний тоглолтонд манайх бараа сураггүй хожигдов. Анх сурч байгаа хүнд гэрэлтүүлэг муутай бас хөгжмөө чанга тавьсан нь тээртэй байсан гэж. Хоёр дах тоглолтон дээр манайхан бас ч гэж учраа олцгоож, би гэдэг хүн double strike оноо авч их оноо авсанаар гуравдугаар байранд орж од болох шахав. Эрхий хурууны хумс бараг талаараа хууларсан байсныг маргааш нь манай дарга орж ирсэн хүн болгонд үзүүлж намайг жаал түлэх шив дээ. Хамгийн гол нь хожих хожигдохдоо биш бүгдээрээ хөгжилдөж алжаалаа тайлсан сайхан орой нэг байлаа.

Thursday, March 20, 2008

Оньсого #28

Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Морь биш байтлаа гүйнэ
Могой биш байтлаа атирна, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд.

Wednesday, March 19, 2008

Сүүлийн үеийн мэдээ

Түрүүн би Нью Иорк муж улсын амбан захирагчийн тухай Усан тэнэг гэж бичсэн билээ. Тэр бичлэгээс хойш Спитцэр гуай дарамт шахалтаар огцорч оронд нь Давид Патерсон амбан захирагч болж тангараг өргөсөн өдрөө хэвлэлийнхэнд нууц амрагтай байснаа хүлээв. Эхлээд сайн муугаа ярьчихвал амар гэж бодсон бололтой.
Хуучин амбан захирагчид биеэ үнэлсэн бүсгүй од болж, хэрэг явдал ил болсон цагаас хойш лав $200000 доллар хийсэн гэж хэвлэлийнхэн тооцоолов. Түүний дуулсан дууг маш олон хүн татаж авсан гэнэ. Түүнээс гадна Ларри Флинтийн Хастлэр сэтгүүл нүцгэн зургийг нь сая доллараар худалдаж авах санал тавьсан гэнэ. Өөрөө бас ном бичнэ энэ тэр гэж ярьсан сурагтай. Ингээд бодохоор хэвлэлд нэр гарч л байвал сайн муу үйлдэлийн ялгаа огт байхгүй мэт. Сонин болгон энэ хүүхний тухай юу ч хамаагүй бичээд, хаа хамаагүй эмээ өвөө нь хүртэл гарчихсан явах юм.

Хятадын хэвлэлүүд түвдүүд бууж өгсөн тухай мэдээ цацаж эхэлсэн байна. Хятад ба түвдэд босогчдын өгч байгаа мэдээнүүд тун их зөрж байгаа нь хэрэг явдлыг бодитои дүгнэхэд хэцүү байгаа гэнэ. Ямар ч гэсэн хятадын цагдаагийн газар түвдийн идэвхтнүүдийг гэрээр нэгжлэг хийж нэлээд олон хүн баривчилсан юм байх. Өөрсдөө бууж өгөөгүй улсыг илүү хатуу шийтгэнэ энэ тэр гэж сүрдүүлээд л. Гадны сурвалжлагчдыг Түвдийн үймээн гарсан аль ч хот уруу оруулахгүй хэвээр байна. Гэснээс өчигдөр манай тэнхимийнхэн явж нэгнээ гаргаж өгч пиццагаар үдийн зоог барьсан юм. Элдэвийн л юм ярьж байтал нэг хятад эмэгтэй америкчууд түвдэд болж байгаа хэрэг явдлыг гуйвуулж, байгаа видео бичлэг энэ тэрээ засварласан энэ тэр гээд шүүмжилж алдав. Би арай л ухаан алдаад уначихсангүй. Хятадууд тэгээд бодит байдлыг бүгдийг нь харуулж байгаа хэрэг үү гээд л орхилоо. Олон юм хэлмээр байсан ч тэр ойлгож хүлээж авахгүйг нь мэдэж байсан тул цагаа үрээд яахав гэж бодсон хэрэг. Тэнд байсан бусад газрынхан түүнийг харж толгой сэгрсрээд л өнгөрөв.

Барак Обама өчигдөр арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай үг хэлсэн юм байх. Би сонсоогүй боловч түүхэнд Мартин Лютэр Кингийн хэлсэн үгтэй дүйцэхүйц ач холбогдолтой хэмээн хэвлэлүүд шуугьж байх юм. Манай ажлын Обамаг дэмжигчид энэ талаар хагас өдөр шүүн хэлэлцэв.

Би гэдэг хүн ажлаа дуусгах гээд харайлгаж яваа тул хальт сонсож харсанаа ийнхүү үхрийн бөөр шиг юм болгоод биччихлээ. Бичихгүй байя гэхээр хэл, гар загатнаад болохгүй. Иймэрхүү маягаар хорхойгоо дарахаас. Уншихад төвөгтэй юм бичсэн бол уучлаарай.

Sunday, March 16, 2008

Оньсого #27 хариу

Энэ оньсогоны хариу хуш мод ба самар юмаа. Арсун ганцаараа бүрэн таалаа. Саарал, Заяа, Anonymous, Артаньяан, Бум-Эрдэнэ нар зөвхөн самар эсвэл самрын мод гэж таасан нь бүрэн биш хариулт байлаа. Ямар ч гэсэн таасан болоод таах гэж оролдсон та бүхэндээ баярлалаа.

Saturday, March 15, 2008

Гийнгоо

Тэр жил наадамд морь уяж байсан нэгний уяаны нээлтэнд очих боломж таарсан юм. Сэтгэлд морь унаж буй хүүхдүүд хамгийн тод үлджээ. Түргэний гол хавьцаа байв уу, тэр жил газар гандуу, тэр өдөр бүүдгэр шороо пургиад онцгүй л байсан, тэгээд ч тэр үү авсан зурагнууд бүүдгэр гарчихсан юм шиг санагддаг. Гийнгоо уянгалуулах тэд золбоотой хөөрхөн гэж жигтэйхэн. Бидний сэтгэлд хийморилог сайхнаар буудаг ч тэднийг гэмтэх бэртэхээс болон эрхийг нь хамгаалах асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа билээ. Миний ойлгосноор наадамд бэлдэж хэдэн сараар зүтгэсэн тэдний хөдөлмөр шударгаар үнэлэгддэг эсэх эргэлзээтэй. Хүүхэд юм болохоор нь хэдэн чихэр амттанаар хуураад өнгөрдөг юм шиг байсан. Байдал одоо ямар болсоныг мэдэхгүй. Хэсэг хүмүүс тэдний эрх ашгийг хамгаалах нэг хэсэг их л ярьсан үр дүнгүй тэгэсгээд замхарчих шив.
Магадгүй хүмүүс монгол ахуй зан заншилыг битгий барууны хууль дүрэмтэй холь гэж хэлэх л байх. Гэхдээ тэр хурдан морьдын баян эзэд өөрсдийн хүүхдүүдээр морь унуулсан тохиолдол бий болов уу? Хэрэв надаас хүүгээ хурдан морь унуулах уу гэвэл би үгүй л гэх байна. Цаашлаад энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ гэвэл бас л сайн хэлж мэдэхгүй. Тэгсэн хэрнээ гийнгоолж буй хүүхдүүд харахаар нүдний нулимс бүрхэж, сэтгэл хөдөлдөг.



Friday, March 14, 2008

Жинжиймаа


Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж олдсоныг шуурхай гэгч нь ашиглаж америкт худалдаанд гарсан Машбат найруулагчийн Жинжиймаа киног худалдаж авч үзэв. Тэгээд баасан гаригийн орой бүгдээрээ сууж байгаад үзсэн гоё байсан шүү. Энэ киног монголд хүн их үзэж байсан гэж дуулаад гоё байх гээд бодчихсон байсан болохоор тэр үү санаанд арай хүрсэнгүй.
Хөрөнгө мөнгө муутайгаас болсон байх, зүгээр л видео камераар авчихсан юм уу гэж бодогдсон. Уг нь монголын хөдөө өвлөөр цастайд морьтой явахад ямар гоё чимээ гардаг билээ дээ. Зураг нь байвч чимээ нь байхгүй гонсойлгосон юм байна.
Зохиолын хувьд бас нэг их хүнд итгэгдмээр санагдсангүй. Ялангуяа төгсгөлийнх нь давс чангадчихав уу гэж санагдсан. Гэхдээ л хөдөө нутаг, Улаанбаатараа харж сэтгэлээ баясгаад авлаа. Хүч чармайлт гарган DVD энд гаргаж байгаа уран бүтээлчиддээ талархлаа. Хүмүүсийг энэ DVD худалдан авч уран бүтээлчиддээ дэмжлэг үзүүлээрэй гэж уриалах байна. Amazon.com оос авч болох нь байна шүү.

Thursday, March 13, 2008

Оньсого #27

Энэ долоо хоногт нэг ийм оньсого таалгая.

Найр найр мод
Наян салаа мод
Түр түр мод
Түмэн салаа мод
Мөчир болгон гишүүтэй
Гишүү болгон өндөгтэй
Өндөг болгон уурагтай, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд хүмүүсийн бичсэн хариутай хамт нийтлэе. Та бүхэн тааж болгооно уу?

Tuesday, March 11, 2008

Усан тэнэг

Хөөрхий манай Нью Иоркийн амбан захирагч Спитцэр гуай биеэ үнэлэгч авсан хэргээр огцрох зам нь шуудрах шиг боллоо. Хорин жил ханилсан хань, гурван сайхан охин, олон жил зүтгэсэн карьер, ирээдүйд ерөнхийлөгч болчих магадлал энэ тэрээ нэг далайлтаар үгүй хийчихдэг яадаг нүдний булай вэ гэж халаглахад хүргэв.
Сонин хэвлэл, зурагтаар духан дээрээ хөлсөө бурзайлган уучлал гуйх захирагчийн зургаар дүүрэн. Зарим нь ингэж амьдарлаа үрдэг хүн явч эрүүл биш эмчид үзүүлэх хэрэгтэй гэж номчирхов, зарим нь ажлаа сайн хийж байвал хүний хувийн амьдрал ямар хамаатай гэнэ, зарим нь биеэ үнэлэх хууль зөрчсөн хэрэг огцрох хэрэгтэй гэнэ. Нэгэнт хууль зөрчсөн болохоор шүүхэд дуудагдаж таарах байх, яг одоогоор огцрох талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Манай захиалдаг шар сонин сар гаруй бичих юмтай болж гялайж байх шиг байна. Цаашлаад эхнэр нь амбан захирагчаас сална гэвэл хагас жил хэртэй тэр айлын муу муухайг уудлах биз дээ.
Миний хувьд олон түмнээс уучлал хүсэх захирагчийн хажууд зогсох эхнэр, арван хэдтэй гурван охиныг өрөвдөхийн ихээр өрөвдөв. Хөөрхий хүүхдүүд нь сургуульд явцгаадаг байж таараа. Мэдээллийн бүх хэрэгсэлээр аавынх нь булхайг дэлгээд ирэхээр өсөж томорч байгаа тэдэнд хэцүү байж таарнаа даа. Ийм аавыг усан тэнэг гэхээс яахав.

Monday, March 10, 2008

Улаан дарсны ашиг тус

Арван есдүгээр зуунд европт хүний насыг судасны хана тодорхойлно гэлцдэг байжээ. Тэгэхээр судас хатуурал эрүүл мэндэд ямар их нөлөөтэйг хүмүүс эртнээс мэдэж байсан гэсэн үг байх нь. Нас ахих хирээр судасны хана хатуурч, зөв хооллодоггүй нэгнийх нь холестерин судас бөглөж эхэлдэг. Зарим хүн хоолны дэглэм сахиад ч судас хатуурах өвчнөөс сэргийлж чаддаггүй нь удамшилтай холбоотой ажээ.
Судасны эрүүл мэндийн тухайд саяхан болтол тайлагдаагүй байсан French paradox хэмээх ухагдахуун бий. Францын хойд нутгийнхан өөх тос ихтэй хоол иддэг ч америк англичуудтай харьцуулахад судас хатуурах өвчнөөр өвчлөх тохиолдол харьцангуй цөөн байдаг бөгөөд уг үзүүлэлт урагшаа Газар дундын тэнгисийн эрэг үрүү дөхөхөд улам сайжирдаг байна. Энэ нутгийнхан чидун жимсний тос, эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн ногоо жимс хүнсэндээ хэрэглэдэг. Олон жилийн турш судлаачид энэ үзэгдлийг Францчуудын өргөн хэрэглэдэг дарстай холбоотой гэж үзэж байсан бөгөөд сүүлийн хэдэн жил хэд хэдэн судалгаагаар энэ нь батлагдсан байна.
АНУ-ын Өмнөд Каролина мужид дөрвөн жил 7500 хүн оролцуулсан судалгаагаар архины төрлийн ундаа бага зэрэг (өдөрт 1-2 хундага дарс) хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 38% -аар бага байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Зөвхөн усан үзмийн дарс уудаг хүмүүсийн хувьд бүр илүү тааламжтай үр дүн гарчээ. Энэ судалгаа дээр дурдсан French paradox ын учир шалтгааны нэг байж болох талтай юм.
Усан үзмийн дарсанд байх полифенол хэмээх бодис судас хатуурахаас урдчилан сэргийлдэг байна. Ялангуяа улаан дарс полифенол их хэмжээгээр агуулдаг аж. Бусад хүнсний бүтээгдэхүүнээс какао бас полифенол агуулдаг боловч сүүтэй холиход энэ бодисын хэрэгтэй чанар нь үгүй болдог юм байна.
Английн судалгааны хэсэг олон газрын виноны найрлагыг судалж үзээд Сардины арал, Францын Герс нутгийн улаан дарс эрүүл мэндэд хамгийн ашигтай хэмээн тогтоосон байна. Герс нутаг бол нөгөө бидний мэдэх Шадар гурван цэрэг зохиолын гол баатар Д'Артаньяны төрөлх Гаскон нутаг шүү дээ. Энэ нутгийн вино бусад газрынхаас даруй 2-4 дахин их хэмжээгээр полифенол агуулдаг гэнэ. Нарийвчлаад үзвэл энэ нутгийнханы вино хийх технологи 19 дүгээр зуунаас хойш бараг л өөрчлөгдөөгүй, усан үзмээ 2-3 долоо хоног исгэдэг ажээ. Орчин үейин технологоор вино исгэх хугацаа сайндаа л долоо хоног бөгөөд энэ нь хүнд ашигтай полифенол бий болох боломж олгодоггүй гэнэ. Миний мэдэх виноны мэрэгжилтэн тэр зүгийн вино тийм ч алдартай биш гэж хэлсэн юм. Дээрх судалгааг хийсэн хэсэг вино хийх технологи виноны найрлагыг тодорхойлох гол хүчин зүйл боловч бас зарим усан үзмийн сорт бас полифенол агуулах хэмжээгээрээ ялгаатай байдаг гэсэн байх юм. Tannat, Cabernet sauvignon, Nebbolio сортын усан үзэм полифенол хамгийн их агуулдаг гэнэ.
Боломжтой бол Герс, Сардинаас ирсэн, үгүй бол дээрх хэдэн сортын усан үзмээр хийсэн улаан дарс өдөрт ганц хундага уучихаад байвал судас хатуурлаас сэргийлж болох нь. Бусад төрлийн архи, архины төрлийн ундаанд ийм шинж чанар илрээгүй гэнэ. Ямар ч сайн байсан гэсэн хэтрүүлж хэрэглэвэл элэг бас бусад эрхтэнд муугаар нөлөөлөх учраас ашиг тусыг нь үзэх аргагүй.

Sunday, March 9, 2008

Оньсого #26 хариу

Энэ оньсогоны хариу салхи гэдгийг таагчид маань бүгд зөв таажээ. Та бүхэндээ баярлалаа.

Thursday, March 6, 2008

Оньсого #26

Мэддэг оньсого яг дууслаа гэсэн Болжгоно охин оньсоготой газар зааж өгч баярлуулав. Маш их баярласан шүү. Зааж өгсөн газраас авсан оньсогоо таалгая:

Хөлгүй атлаа хөтөл давна
Гаргүй атлаа гадаахыг ширвээнэ, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд таасан хүмүүсийн хариутай цуг тавина.

Wednesday, March 5, 2008

Сонсголоо хайрлая

Нью Иорк хотын нэг онцлог гэх үү, нийтийн унаа ер хаа ч явсан mp3 тоглуулагч чихэвчээр сонссон хүмүүс явдаг юм. Бүр метронд хүртэл гээч. За тэгээд хүмүүсээс юугаар дутах вэ гээд авсан iPod оо хүмүүсийг дууриаж метронд сонсож үзэх гээд чадаагүй. Дуу чимээ ихтэй болохоор хөгжмөө хамгийн чанга дээр нь тавихгүй л бол сайн сонсогдохгүй. Их чанга тавьчихаар чих дөжирчих гээд дахиж оролдож үзээгүй юм. Зарим хүний сонсож байгаа хөгжим хажууд нь байгаа надад сонсогдохыг бодоход их л чанга тавьж сонсдог юм шиг байна лээ. Дээхнэ нэг нөхөр чихэндээ хөгжимтэй зам гарч яваад ирж явсан машины дохио сонсолгүй дайруулчихсан тохиолдол ч бас гарсан.
Саяхнаас их чанга хөгжим сонсвол сонсгол муутай болно гэсэн анхааруулга харагдах болсон байна лээ. Хүний дуу чимээг гаднаас хүлээж авдаг эсүүд их эмзэг бөгөөд үхчихвэл дахиж сэргээгддэггүй. Их дуу чимээтэй газраас гарч ирсэний дараа чихэнд юм жингэнэх шиг болдог нь уг эсүүд гомдоллож байгаа хэрэг. Зөвхөн чихэвчний хөгжим сонсдог хүмүүс ч биш шөнийн клубууд бас сонсголын том дайсан гэнэ шүү.
Судлаачдын тооцоолсноор хүн 85 дэцибэлээс илүү дуу чимээтэй газар удаан хугацаагаар байвал сонсгол эргэж буцалтгүй муудаж, улмаар дүлийрэх аюултай гэнэ. Тэгвэл тоос сорогчийн чимээ 70 дэцибэл, газар ухдаг өрмийн чимээ 110 дэцибэл, 100 метрээс онгоц хөөрөх чимээ 130 дэцибэл байдаг бол шөнийн клуб мөн л 130 дэцибэлийн чимээ гаргадаг аж. Англид залуусыг чанга хөгжим тавидаг газраар явахдаа чихний бөглөө хэрэглэж байгаарай гэсэн зөвлөмж гаргасан боловч ихэнх нь хөгийн харагддаг гэсэн шалтгаанаар хэрэглэдэггүй гэнэ. Тэгээд загварын оюутнуудын дунд моодны чихний бөглөө зохион бүтээх уралдаан зарласан юм байхаа.
Хөгжим чангаар сонсож, дискоддог (одоо ч клабдах гэдэг болсон байхаа тээ?) залуусаа сонсголоо хайрлаж дээрх зөвлөгөөнүүдийг санаж, болж өгвөл хэрэгжүүлээрэй. Эрүүл явах мянган лангийн үнэтэй гэж өвгөчүүл маань ярьдаг байсан даа.

Луужин

Намар хичээл эхлэхэд хүү маань энэ жил математикийн хичээлд хэрэглэх хичээлийн хэрэглэлийн жагсаалт авчирч өгөв. Дэвтэр, харандаа, үзэг, шугам гээд бусад хичээлээс нэг их ялгаатай зүйл байсангүй. Харин тэр жагсаалтанд compass гэж байх юмаа. Үгүй энэ луужингаар яадаг юм бол гэж гайхаад, нэгэнт авчир гэсэн юм чинь гээд хайж гарав. Манай энэ хавь дэлгүүр хоршоо муутайг хэлэх үү, хагас өдөр яваад олсонгүй. Маргааш нь хол байдаг бичиг хэргийн дэлгүүрт ч тэр луужин алгаа. Яахаараа олоход хэцүү юм нэхдэг байнаа гэж гомдол тавиад, хамт ажилладаг америк залуугаас асуувал compass хаа сайгүй л байдаг шүү дээ гэх юм.
Дараа нь интернетэд орж үзвэл америк, канад, австрали, энэтхэгт compass гэдэг үгийг луужин бас гортиг гэсэн утгаар хэрэглэдэг гэнэ. Би гортигны оронд луужин хайж хоёр өдөр таваргасан юм байна лээ. Эхлээд лавлаж сайн нягталсан бол хаанаас ингэж будилах вэ? Гортиг хажуугийн хүнсний дэлгүүрт ч байж, би худалдаж аваад санаа амрав.

Sunday, March 2, 2008

Парис

Нью Иоркийн East village-д байх IFC кинотеатрт "Rendez-Vouz with french cinema" гэсэн францын кино өдрүүд энэ амралтын өдрүүдэд эхэлжээ. Энэ өдрүүдэд АНУ д хараахан гаргаж эхлээгүй францын шинэ кинонуудыг үзүүлж, кино бүтээсэн уран бүтээлчидтэй уулзуулах юм байна. Бүтэн сайнд "Парис" хэмээх Сэдрик Клапиш (Spanish apartment, Russian dolls) найруулагчийн бичиж найруулсан кино үзэхээр интернэтээр билет захиалсан байсан юм. Уг киноны гол дүрд миний дуртай жүжигчин Роман Дурис тоглосон байхаар нь үзье гэж шулуудсан нь тэр.
Гэрээсээ кино эхлэхээс бараг хоёр цагийн өмнө гарсан боловч яриандаа халаад буудлаа өнгөрч будилсаар эхлэх цагийг бараг тулгаж очоод үзээгүй юмаа үзэх нь тэр. Кинотеатрын гадаа уртаас урт дараалал байх нь бага байхдаа шинэ кино үзэх гэж оочирлодог байсныг санагдуулав. Ярианаас нь ажвал маш олон франц бас оросууд цугласан байлаа. Бүх билет зарагдаж дууссан гээд үзэгчдийн танхим битүү, сүүлдэсхийж очсон бидэнд нэлээн урд эгнээний хажуугийн суудал таарч гонсойлгов. Кино эхлэхэд дэлгэц яг нүүрэн дээр тулчихсан мэт бас бүтэн харахын тулд жаахан гэлжийх хэрэгтэй боллоо. Гэхдээ киноны үйл явдал ид өрнөх цагаар тэр бүгдийг мартаж өөрөө кинон дотор байгаа мэт баясав.
Парист амьдардаг хэд хэдэн хүний амьдрал, баяр гунигийг харуулсан энэ кинонд өмнө дурдсан Роман Дурис, Жулиет Бинош, Фабрис Луккини гээд мундаг жүжигчид гайхалтай тоглоцгоосон санагдлаа. Үхэл амьдрал, хайр дурлал, цагаачлал, арьс өнгөний үзэл гээд олон хүнд сэдэв дүрсэлсэн ч хошин шогийн нарийн мэдрэмжтэй, хоёр цагийн кино тун хурдан дуусчих шиг санагдав.
Киноны дараа найруулагч Сэдрик Клапиш өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэгчдийн асуултанд хариулсан юм. Яахав дэлгэцэнд ойрхон суусан гэж гомдоллосон ч алдар хүндтэй найруулагчийг ойрхоноос харах завшаан таарсанд баярлаж суулаа.

Эдит Пиафын хоёр дуу

La Vie En Rose

Non, je ne regrette rien

La Vie en Rose


Эдит Пиафын тухай кино гарлаа гэхэд нь олж үзье гэж бодсон бодол биелж өчигдөр үзлээ. Дуучны богинохон мөртлөө хатуу хөтүү хэцүү амьдрал, байгалаас заяасан авьяас, алдар нэр энэ бүгдийг багахан хугацаанд багтааж харуулах тийм ч амар байгаагүй болов уу.
Оливиэр Дахан гэгч энэ киног бичиж найруулан Францын залуу жүжигчин Маройн Котилард тогложээ. Эдит Пиафын амьдралыг өгүүлэхдээ он цагийн дарааллаар бус дурсамж маягаар наана цаана оруулж хийсэн нь дуучны намтрыг мэдэхгүй хүнд ойлгоход түвэгтэй болсон санагдлаа. Миний хувьд ганц CD ээс өөр мэдээлэлгүй байсан болохоор жаахан будилж хүлээж авсан гэх үү.
Явуулын циркчин аавтай, дуучин ээжтэй түүний хүүхэд нас дэлхийн нэгдүгээр дайнтай давхцаж, тэр янхны газрын эзэн эмээ дээрээ өсчээ. Есөн настайгаасаа гудамжинд дуулж хоолоо залгуулж байсан тэр сүүлд Парисын алдратай кабарет театр ажиллуулж байсан нэгний хараанд өртөж улмаар алдаршжээ. Гэхдээ л хүүхэд байх үеэсээ бие муу байсан тэрбээр үе мөчний өвчинд нэрвэгдэж, машины осолд орсон нь хар тамхинд донтоход хүргэж 48 насандаа хорвоог орхисон юм байна. Энэ кино Эдит Пиафын амьдарлын хар барааныг голдуу дүрсэлсэн юм уу даа гэж шүүмжилмээр ч магадгүй чухам ийм амьдрал түүнийг тодорхойлсон байж мэдэх.
Киног бүхлээр нь дүгнэвэл тийм ч дуу алдмаар сайн болоогүй боловч гол дүрд тоглосон Марион Котилард үнэхээр сайн тогложээ. Тэр энэ жил америкийн оскар, алтан бөмбөрцгийн эзэн болсон бөгөөд европын олон кино наадмын шилдэг жүжигчний шагнал гардсан нь шагнал нүдээ олжээ гэмээр. Бас нэг онцлох зүйл бол нүүр будалт байлаа. Залуу бүсгүйг өвчинд баригдсан хөгшин болгож тун үнэмшилтэйгээр хувиргасан нь их таалагдсан.
Дуучны алдартай дууны нэрээр нэрлэгдсэн энэ киног тун боломжийн гэж дүгнэв. Үзсэн хүн байвал саналаа хуваалцаарай.

Saturday, March 1, 2008

Оньсого #25 хариу

Оньсогоны хариу тэмээ,

Хоёр хүн ширээнд сууна (хоёр бөх)
Хоёр харуул харна (хоёр нүд)
Дөрвөн хүн шавар нухна (дөрвөн хөл)
Нэг хүн ялаа үргээнэ (сүүл)

Ганаа, Жаагий, Арсун, Заяа нар зөв таалаа. Бумаа ах дөхүүлжээ. Оньсого таахад оролцсон та бүхэнд бүгдэд чинь баярлалаа.