Thursday, August 28, 2008

Хонгилын үзүүрт гэрэл харагдав

Хоёр хүүхэд, хар хүнээсээ өөр хүний царай харалгүй хэд ч хоносон юм бүү мэд. Өнөөдөр ажилдаа очиж хүн амьтантай хүн шиг ярилцаж, амьдрал гэдэг ийм байдаг билүү гэж гайхав гэсэн. Ажлын газрын сонин, шинэхэн хов жив сонсох таатай байна лээ шүү. Одоо арав гаруй хоног гүрийчихвэл ч болчих гээд байдаг. Угаасаа тэвчээр муутай уйдамхай надад хоног ойртох тусам улам хэцүү болоод байх шиг санагдах юмаа. Яршиг ингээд хаячихъя гэж танхайрч нэг үзэв. Дуусдаг юм бол дахиж ийм юмтай орооцолдохгүй гэж нэг тунив. Сэтгэлийн хат муутай хүн нэг даваа давах гэж ная хувирч, гомдол тавьж, үглэж дуулаад ойр хавийнхаа хүмүүсийг овоо зовоогоод авлаа шүү.

Үдээс хойно ажил дээрээ очиж еврэй найзтайгаа хувь болоод хувьсгалын асуудал ярилцаж өнгөрүүлэв. Хувьсгалын асуудал тийм сонирхолтой биш. Хувийн асуудлын хувьд их сонинтой. Найз маань ч гэж уг нь надаас олон дүү залуу л даа, ёс заншлаа хатуу барьдаг, санаандаа таарах еврэй бүсгүй олж гэрлэх зорилготой нэгэн. Энэ хэдэн жил ээж аавынх нь хажуугаар би ч бас хошуу нэмж, еврэй сургуульд явдагийн хэрэг юу билээ энэ тэр гээд амар заяа үзүүлээгүй юмдаг. Жил гаруйн өмнө байна уу даа тэр намайг төгсөхөөс өмнө найз бүсгүйтэй болж, би эндээс явахаасаа өмнө тэр бүсгүйтэй нь танилцана гэж тохирсон юм л даа. Өнөөдөр харин нэг бүсгүйтэй уулздаг болоод овоо удаж байгаа, энэ бүтэн сайнд эцэг эхүүд нь уулзалдах юм гэсэн сонин сонсож баярлав. Манай хүн ч царай нь гэрэлтээд жигтэйхэн жаргалтай харагдаад сэтгэл нэг л өег. Нэг зорилго ч гэсэн миний оролцоогүй бүтэв гэж өөрийгөө магтав.

Monday, August 25, 2008

Заримдаа олон үг дэмий...

Олимпийн аварга Бадар-Ууганы сүүлчийн тэмцээнийг үзэх гэж шөнө хугасласан ч америкийн NBC суваг үзүүлсэнгүй ээ. Маргааш нь бичлэгээр боксын шигшээ тоглолт үзүүлэхдээ хятад тамирчдыг гаргаад бусдыг нь хасчихдаг юм байна. Тэр тоглолтыг үзэх гэж интэрнэтээр хайгаад олоогүй байснаа өнөөдөр Орлоо-гоос олж баярлав. Улаанбаатар телевизийн шууд дамжуулсан бичлэг байна. Ямар ч гэсэн оллоо гээд үзсэн телевизийн тайлбарлагч хамаг урмыг маань хугалж орхив. Халамцуу ч юм уу гэмээр цахиртсан чанга хоолойгоор бокс тайлбарлаж байгаа хүнийхээ урдуур ороод утга авцалдаагүй юм орилоод байх юмаа. Уг нь тэмцээн болсон танхимын уур амьсгал их сайхан байх шиг. Олон мянган хөгжөөн дэмжигчид танхимыг доргитол уухайлж, дуулж байлаа. Тэр уур амьсгалыг хэсэг хугацаанд ч гэсэн тайлбаргүй сонсгосон бол. Тэмцээний үе хоорондын завсарлагаар дасгалжуулагч тамирчиндаа юу гэж хэлэх бол гэж чих тавьсан боловч тайлбарлагч залуу тийм боломж олгосонгүй. Тэмцээнд ялах агшинд аварга маань камер уруу хараад юм хэлээд байсан тайлбарлагч бас л " Манай монголчуудын баяр хөөр үргэлжилж байна. Олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боллоо" гэх мэт утга авцалдаа муутай юм чанга хашгираад сонсож чадсангүй. Тэр хүний сэтгэл хөдөлж баярлаж байгааг ойлгож байгаа ч сэтгүүлч, сурвалжлагч хүний professionalism (монголоор юу гэж орчуулахаа мэддэггүй ээ) гэгч огт алгаа. Заримдаа ч юу байхав тэр танхимд болж буй үйл явдалд ямар ч тайлбар хэрэггүй байсан болов уу.

Ер нь спортын тэмцээн тайлбарлах ур чадвартай улс цөөхөн байдаг юм уу даа. Миний бага байхад тэмцээн тайлбарлаж байгаа улс их сайхан илүү дутуу сул үг унагалгүй ойлгомжтой тайлбарладаг байсан санагдана. Наадмын бөх намуун дуугаар сайхан тайлбарладаг улс олон байлаа. Энэ талаар тусгай хүн мэргэшүүлж бэлтгэхгүй бол болохгүй болжээ. Эднийхнийг харж байхад алив спортын тэмцээнийг тухайн төрлөөр мэргэшсэн голдуу тамирчин байсан хүмүүс тайлбарлах нь бий. Тийм хүмүүс элдэв нарийн ширийн зүйлийг гярхай ажиглаж, арга техникийг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж чаддаг. Жишээ нь, усанд сэлэлтийн талаар сайн мэдэхгүй би тэмцээн үзэж суугаад, дүрэм журам, бассеины төгсгөлд хүрээд эргэх техник ч юм уу аливаа тамирчны гаргасан алдаа юм уу, эсвэл юугаараа илүү гэдгийг нь ойлгож авдаг. Гимнастик, усанд шумбалт, хөнгөн атлетик, бөх, бокс бүгд ялгаагүй. Тэрнээс тухайн тайлбарлаж байгаа хүний сэтгэлийн хөдлөл үзэгчдэд хамаагүй мэт. Харамсалтай нь энэ бичлэгээс ойлгож мэдэх юм цөөхөн байлаа.

Телевиз гэдэг нийтэд хүрч байгаа мэдээллийн хэрэгсэл утгаараа зөв яриа, хэллэг хэрэглэдэг байх ёстой юм шиг. Ингээд болхи, буруу ярьдаг улс гараад байхаар хүүхэд залуусын хэлний боловсролд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Энгийн чөлөөтэй хэв маяг гэдэг болхи буруу ярих гэсэн үг бас биш юмаа. Уг нь би телевизэд мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг гэж бодоод байдаг, андуурсан байх нь ээ. Илүү үгтэй хүн бас л дуугүй байж чадсангүй үглэж орхив. Энэ талаар бодож яваа хүн олон байдаг бизээ.

Sunday, August 24, 2008

Талархал

Ямар ч гэсэн дөрвөн жилд нэг удаа болдог спортын наадам болоод өнгөрлөө. Монголчууд бидний хувьд амжилт арвинтай, мартагдашгүй сайхан наадам боллоо. Хүч чадлаа дайчилж, нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийтэл баярлуулсан тамирчиддаа талархаад ханашгүй. Олимпийн аварга болсон Түвшинбаяр, Бадар-Ууган болоод мөнгөн медалиар энгэрээ мялаасан Гүндэгмаа, Сэрдамба нартаа нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, гэрээсээ хол яваа бидэнд баяр бахдал авчирсанд баярлалаа. Тэд олон залууст спортоор хичээллэх урам зориг, эр чадлын үлгэр дууриал болсон гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн олон наадамд илүү их амжилт гаргана гэж найднам.

Одоо Лондонгийн наадам хүртэл дөрвөн жил бий. Энэ дөрвөн жилд амжилтаа бататгаж цаашлаад ахиулахын төлөө улам шургуу бэлтгэж, биднийгээ дахин дахин баярлуулаарай гэж ерөөе.

Saturday, August 23, 2008

Нойр хулжихуй..

Би гэдэг хүн жаахан санаа зовох юм гарангуут нойр хулждаг зуршилтай. Өчигдөр олимпийн мэдээ уншиж байгаад алтан медалийн төлөө маргааш манай Сэрдамбатай тулах хятад боксчин нутагтаа байгаа юм чинь ялна гэдэгтээ итгэлтэй байгаа гэж ярьсаныг олж харсан санаа зовоогоод нойрыг маань хулжуулчихав. Энэ боксчин хэрдээ олныг шуугиулж байгаа юм билээ. Уламжлалт тулааны урлагийн элемент бокстой хослуулдаг ч гэх шиг. Хятадын боксын төрөлд анхны алтан медаль авчрах найдлага энэ тэр гээд. Хэрэгт дурлаад оролцсон тэмцээнүүдийг нь сөхөж үзвэл сүрхий юмаа. Гэхдээ Улаанбаатарт болсон тэмцээнд Сэрдамбатай хүч үзээд ялагдаж байжээ. Тэгэхээр манай хүн ялах найдлагатай гэсэн үг. Манай тамирчны сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаагаас их юм шалтгаалах болов уу. Шартайхан хүн бол энэ нөхөр яасан их өөртөө итгэлтэй байх юм гээд улам дайчин үзэх байх. Хятадын найдварыг нутагт нь дарж чадвал тэр чухам хамгаас илүү амттай ялалт байх болов уу. Хэ хэ хэд хоногийн өмнө медаль байвал ямар ч яахав шүү юм бодож сууснаа одоо болохоор алт авахгүй бол яанаа гээд унтаж чадахгүй, давруу гэдэг нь.

Бадар-Ууганы хувьд Кубын боксчинтой хүч үзнэ. Ийм тийм гэсэн мэдээлэлгүй болохоор таахад хэцүү. Кубын боксчид сайнаараа алдартай болохоор амаргүй л байх болов уу. Тэмцээнийг булхайтай шүүж байна гэсэн хэл ам тасрахгүй байгаа болохоор илт давуу ялж чадахгүй бол бас хохироод үлдэх вий гэсэн муу санаа салахгүй юмаа. Хоёр тамирчин маань энд шөнө байхад тоглоно, догдлоод бас унтаж чадагүй болох нь ээ. Ямар ч л гэсэн медаль авна гэдэг амжилт, гэхдээ санаа амралгүй эцсээ хүртэл харамсах зүйлгүй үзэлцээд алт аваасай гэж хүсье.

За ингээд ажлын болоод унтах цагийг минь хумсалсан олимп ингээд өндөрлөх нь. Хов жив сонсох нь ээ, энэ олимп зохион байгуулалт сайтай болсон хэдий ч сэтгэл хөдлөх зүйл бага байлаа гэсэн гомдол мэр сэр үзэгдэнэ. Бүх юм нь нэг тийм хиймэл албархуу уур амьсгалтай. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл цаанаасаа зааж өгсөн уриа лоозонтой гээд л байх юм. Угаасаа хятад гэхээр сүжиг алдардаг надад бас л тиймэрхүү санагдав. Харин манай тамирчдын хувь урд өмнө байгаагүй амжилттай сайхан олимп боллоо. Одоо олсон хүрсэндээ сэтгэл ханалгүй цаашаа илүү их амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлж, улам шаргуу бэлтгэл хийгээд 2012 онд бүр илүү амжилт гаргаасай.

Monday, August 18, 2008

Гайхалтай...



Энэ олимпийн нэг онцлог гэх юм уу даа, гуч гарсан эмэгтэйчүүд өндөр амжилт гаргаж байгаа нь бахдалтай санагдав. Марафон гүйлтэнд алтан медлаь хүтсэн Румыны Константина Томеску 38 настай. Тэрээр түрүүлнэ гэсэн тааварт багтаж байгаагүй боловч замын дунд хэрд бусдаас тасарч давуу байдлаа хадгалсаар түрүүлсэн аж. Түүнийг түрүүнд гарахад нь тайлбарлагч ийм эрт тасрах тун аюултай, хамаг энергиэ эрт барчихна гэж байсан боловч хойно хоцорсон түрүүлэх найдлагатай гэсэн гүйгчдийн хэн нь гүйцэж чадсагүй. Дөчин хэдэн км гүйнэ гэдэг аймаар их хатуужил тэвчээр шаардана, тийм болохоор уралдаанаа гүйцээсэн хүн сүүлийн байранд орсон ч бай магтмаар бахадмаар харагддаг юм.


Германы нэрийн өмнөөс тэмцээнд орсон узбек гаралтай 33 настай Оксана Чусовитина гимнастикийн vault төрөлд мөнгөн медаль авчээ. Тэрбээр залуудаа ЗXУ-ын гимнастикийн шигшээ багийн гишүүн байсан бөгөөд хэдэн жилийн өмнө цусны хорт хавдар туссан хүүгээ эмчлүүлэх зардал олохын тулд гимнастикт эргэн орсон гэдэг. Хүч чадлаас гадна уян хатан чанар шаарддаг энэ төрөлд ийм насандаа медаль авна гэдэг үнэхээр гайхалтай.


Энд Америкийн усанд сэлэтийн тамирчин Дара Торрэсийг дурдахгүй байх аргагүй. Гурван төрөлд мөнгөн медаль зүүсэн тэр 41 настай, Бээжингийн олимп түүний оролцсон дөрөв дэх наадам болж байгаа юм байна. Өөрийнхөө охин байж болох насны охидтой эн тэнцүү үзэлцсэн тэр алт зүүж чадаагүй ч гэлээ олимпийн медальд хүрсэн хамгийн хөгшин сэлэгч болжээ. Сүүлийн жилд гурван ч удаа мэс засалд орсон түүний тэвчээр хатуужлыг бахархмаар.

Манай тамирчид ямар ч байсан гурван медальтай болох нь. Алт, мөнгөн медаль авчихсан гэж бодохоор нэг л сайхан. Аз таарвал дөрөв тав ч болох юм билүү. Ямар ч гэсэн боксчид болоод чөлөөт бөхийнхөндөө өндөр амжилт хүсье.

Thursday, August 14, 2008

Олимпийн аварга!!!!!




Жүдо бөхийн -100 кг ийн жинд хүч сорьсон Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн болжээ. Ингээд манайх анхны олимпийн аваргатай боллоо. Бөөн баяраа, бөөн, бөөн баяраа. Түвшинбаяртаа маш их баярлалаа.

Wednesday, August 13, 2008

Сайхан мэдээ

Хийн гар бууны 25 метрийн төрөлд манай тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль авчээ. Хүрэл медалийн эзнээр Германыг төлөөлж буй Д. Мөнхбаяр тодорсон нь бас л сайхан сонсогдов. Олон хүн Гүндэгмааг алтын оосроос атгаад алдав гэж харамсаж байгаа ч ямар ч гэсэн медальд хүрсэн нь миний хувьд онцгой сайхан мэдээ байлаа. Медаль авчирсан Гүндэгмаадаа баярлалаа. Одоо боксчид маань нэгийг дуулгах болов уу гэсэн найдвар үлдлээ. Боломж бүрийг алдалгүй ашиглаж биеэ дайчилж чадвал алт авах бололцоо бийг дурдах нь зүйтэй болов уу.

Боксыг тойрсон хэл ам тасрахгүй байгааг бас бодолцоx хэрэгтэй болох болов уу. Америкийн боксчин ялагдсаныхаа дараа шүүгчид хятадын тамирчны талд илт орж ялалт өгсөн хэмээн гомдол гаргажээ. Өчигдөр болсон спротын гимнастикийн эмэгтэй баг хятадад ялагдсаны дараа америкийн багийн дасгалжуулагч бас гимнастикийн дэвжээний хятад зохион байгуулагч нар манай тамирчны анхаарлыг сарниулж алдаа хийхэд хүргэсэн гээд бас хэл ам хийгээд авсан. Тамирчны нэр дуудсаны дараа эхлэх дохио өгөхөө зориудаар удаасан гэжээ. Хэдий энэ төрөлд оролцож байгаа тамирчид дор хаяж 16 настай байх ёстой ч хятадын шилдэг тамирчдын нэг 14 настай гэсэн хэл ам олимп эхлэхээс өмнө гараад авсан. Олон улсын олимпийн хороо паспортан дээрээ 16 настай гэж бүртгэгдсэн болохоор яаж ч чадахгүй гэсэн байх юм. Ингээд бодохоор хятадууд авсан алтан медалийн тоогоор америкаас түрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулав. Харамсалтай нь олимпийн хороо энэ бүгдийн хажуугаар нүдээ аниад өнгөрч байх шив дээ. Өчигдрийн New York Times сонинд хэрвээ америкчууд ийм шуугиан тарьсан бол, зөвхөөн олимпийн хороо ч биш америкчууд өөрсдөө нарийн учрыг олж буруутай этгээдийг шийтгэх байсан гэжээ.

Түмээгийн өмнөх бичлэгт оруулсан сэтгэгдэл дээр манай тамирчдын нээлтэнд өмссөн хувцас хятадын тамирчдынхаас ялгарсангүй гэснийг уншаад би ч бас сэтгэл дундуур байснаа хэлье гэж бодлоо. Угаасаа нээлт үзэхдээ хаанахын хэн гоё хувцас өмсөв гэж хардаг зуршилтай. Энэ жил эрэгтэй эмэгтэй тамирчдаа өөр өөр өнгийн хувцасаар гоёсон улс их сайхан харагдах шиг санагдав. Ер нь тийм тод өнгийг зоригтой хоршуулсан нь содон сайхан харагдах юмаа. Францын бүсгүйчүүдийн зүүсэн өргөн улаан бүс, Шведийн эмэгтэйчүүдийн өмссөн дал дээлний энгэртэй төрийн далбааныхаа өнгөөр хийсэн цамц бусдаас содон сайхан харагдав уу гэж бодсон. Америкчууд өөрийн алдарт загвар зохион бүтээгч Ралф Лорэний загвараар хийсэн хувцасаар гоёв. Нэг их онцгой биш ч давгүй сайхан болжээ. Надад африкийн тамирчдын үндэсний олон өнгө хосолсон хувцас өвөрмөц бөгөөд хүний нүд булаамаар харагдаж байлаа. Польшууд бүсгүйчүүддээ хослол биш гоёмсог улаан даашинз өмсүүлсэн нь аятайхан харагдахаас гадна ямар нэг хэлбэрт баригдахгүйгээр сайхан хувцалаж болохыг харуулав. Шинэ Зеландынхан маорийн уламжлалт хээ хуар болсон хар хувцас бас л гоё байсан. Ер нь төрийн далбааны өнгө дээрээ уламжлалаа тусгасан хувцас олон байлаа. Манайхан хүний нүд булаам содон харагдаж чадсангүй ээ. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг юм болов уу. Миний бодлоор загвар зохион бүтээгчдийн дунд уралдаан зохиож байгаад шалгаруулбал сайхан санаа оноо гарах юм болов уу. Ер нь үндэсний онцлогоо барихад буруудах зүйлгүй мэт. Манайхан өвлийн олимпод том үнэгэн малгайгаа өмсдөг нь ямар ч гэсэн бусдын анхаарал татаж чадаад байх шиг харагддаг. Зүгээр л өнгө өнгийн дээлээ өмсөөд гарахад л болчихмоор харагдаад байдаг юмаа. Наадмаар сурын талбай дээр олон өнгийн дээл өмссөн бүсгүйчүүд урамтай сайхан харагддаг даа.

За даа тэгээд амжилт гаргаж чадаж байвал хувцас ч яамай гэж бодсон ч илүү амтай хүн дуугай байж бас чадсангүй ээ. Одоо үлдсэн хэд хоногт тэмцээнтэй тамирчиддаа өндөр амжилт хүсье.

Tuesday, August 12, 2008

Сэтгэлийн тэнхээ буюу ялаx хүсэл

Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн тоглолт олон сая хүний (энэ удаад тэр бумаар тоологдоно) анхаарлын төвд байж, тамирчдын ур чадал, сэтгэлийн тэнхээг гайхан шагших боломж олгодог билээ. Миний хувьд энэ жил ажил давхцаад, цагийн зөрөөнөөс хамаараад тэр бүр үзэж чадахгүй байгаа ч интэрнэт гэгчийн ачаар элдэв сонин хачин сонсож сониуч зангийнхаа хорхойг дарж байна даа.

Өмнөд хөршийнхөн олон үзүүлэлтээр урдах олимпийн наадмуудыг давсан нээлт хийлээ гээд л амтай болгон шагшив. Ашигласан технологи, зарсан хөрөнгө, оролцсон хүмүүсийн тоог ажвал үнэхээр сүр хүчийг үзүүлье гэсэн эрмэлзлэл харагдана. Мөнгөөр зодсон боловч нэг тийм сэтгэлд дотно уянгалаг зүйл харагдсангүй гэж дүгнэв. Миний хувьд хүний сэтгэлд хүрэх талаасаа Афиний, Сиднеин, бас Барселоны нээлтэнд хүрсэнгүй ээ. Гэхдээ энэ бол миний хувийн бодол. Өнөөндөр New York Times сонинд нээлтийн ажиллагаанд эх орны тухай дуу дуулсан охин өөрөө дуулаагүй, харин түүнээс арай царай муутай гэж үнэлэгдсэн өөр охин дуулж, талбайд гарсан охин амаа хөдөлгөж байсан талаар сонирхолтой нийтлэл бичжээ. Уг нь хүүхэд бүр л хөөрхөн гэж боддог гэснээс намайг багад нөгөө айхавтар том хурлын илэрхийлэлт ч юм уу, ямар нэг том албан тушаалтанд цэцэг гардуулах хүүхдийг бас л царайлаг, хувцас хунар сайтайгаар нь жагсаан байж шалгаруулдаг байсан санагдчихлаа. Уг нь олимпийн тоглолт өөлөх гэж биш тамирчдын гаргасан амжилт, энэ амжилт сэтгэлийн тэнхээтэй холбоотой тухай бичих гэсэн боловч гол сэдвээсээ хазайж орхилоо.

Энд хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд хүрэл медал авсан Салуквадзе Нино (Salukvadze Nino) хэмээх Гүрж бүсгүйн тухай бичмээр санагдав. Нутаг оронд нь дайн дэгдэж, гэр бүлийнхнийхээ төлөө санаа зовоод шөнө унтаж чадаагүй тэрбээр асар их тэвчээр зааж медальд хүрсэн нь бахархмаар. Медалийн тавцанд мөнгөн медаль авсан орос бүсгүйтэй найрсаг тэврэлдэж, спортын дэвжээ гэдэг улс төр, үзэл бодлын зөрчилдөөнөөс ангид юм гэдгийн үлгэрлэн үзүүлж чадав.

Эрэгтэйчүүдийн 4x400 метрийн өврөөрөө даллах сэлэлтийн буухианд баараггүй түрүүлнэ хэмээн яригдаж байсан Францын баг Америкчуудад хожигдов. Францын багийн найдвар Алан Бернард тэмцээний өмнө Америкчуудыг хожих гэж ирсэнээ зарлаж шуугиан тарьсан билээ. Миний бодлоор энэ тун болчимгүй алхам байж, эсрэг багийнхандаа дутагдаж байсан хор шар, түрүүлэх хүслийг улам оволзуулсан болов уу гэж санагдсан юм. Америкчууд алдарт Фелпсийн хүчээр ч биш харин буухианы хамгийн сүүлийн тойргийн тамирчин Жэйсон Лийзакийн гайхам зүтгэлээр дэлхийн рекорд эвдсэн амжилтаар алтан медалийн эзэд боллоо. Америкийн телевизийн тайлбарлагч тэмцээний өмнө тамирчдын дарааллыг ямар ч хувилбараар бодсон Францчуудыг гүйцэж чадахгүй нь дээ гэж байсаныг бодоход үнэхээр таавар будилуулсан үзүүлэлт болов. Нөгөө талаар түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг Францчууд ам гараагүй бол америкчууд тэгтэлээ түрүүлэх хүсэл нь овозохгүй л байсан болов уу.

Францын бас нэг том найдвар болох усанд сэлэгч Лори Манаду бас л нутаг нэгнүүдээ гонсойлгов. Афиний олимпод 17 настай оролцож алтан медалийн эзэн болсон түүнд алдар хүнд хүндэдсэн бололтой. Элдэв хов живний бай болж байсан нь сэтгэл санаанд нь бас нөлөөлсөн бололтой. Алт битгий хэл ямар ч медаль авч чадсангүй. Магадгүй дэндүү залуугаараа алдаршсаны гор байж мэдэх. Лори Афинд түрүүлсэнийхээ дараа хатуу шаардлагатай дасгалжуулагчаа сольж, италийн сэлэгч найз залуутайгаа хамт амьдрахаар итали уруу нүүсэн том алдаа байсан бололтой. Италичууд түүнийг өөрийн шилдэг тамирчидтай хамт бэтгэл хийхийг зөвшөөрсөнгүй, бас нөгөө найз залуугаасаа салав. Энэ салалт итали, францын шар хэвлэлийг хэдэн сарын турш тэжээсэн билээ. Энэ бүхэн амжилтанд хүрэхийн тулд уйгагүй ажиллах, гаргасан амжилтандаа сэтгэл ханахгүй үргэлж сайжрахын төлөө тэмүүлэхгүй бол байгалиас заяасан авьяас дангаараа бүхний хариулт биш гэдгийг харуулаад байх шиг. Манаду бүсгүйн хувьд тэр өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан байж, тэгээд дайснаа дийлж чадсангүй гэж санагдав.

Ялалт гэдэг нэр төрийн хэрэг, тийм ч учраас ялалтын төлөө бүхнээ зориулж зүтгэж тэр хэрээрээ амжилтанд хүрч байгаа тамирчдыг хараад бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юмаа. Хэдий медальд хүрэх найдлагаүй ч ядуу зүдүү, дайн дажны хөлд нэрвэгдсэн газраас олимпод оролцох эрх авч ирсэн тамирчид бол албан ёсоор цол дуудуулахгүй ч олимпийн аваргууд мөн юм.

Манайхнаас боксчид маань нэгийг дуулгах болов уу гэж найднам. Сэтгэлээ хатааж, одоо л ялахгүй юм бол гэсэн бодлоо хөвчилж чадвал манайханд чадал бол бий. Аравдугаар байранд орсон хүндийг өргөгч Баярмаагаар бас л бахархаж сууна. За тэгээд үлдсэн тамирчид маань амжилт гаргах болтугай.

Thursday, August 7, 2008

Оньсого #47

Энэ долоо хоногийн оньсого:

Худаг биш байтлаа устай
Хонь биш байтлаа хорголтой
Мах биш байтлаа улаан
Бөмбөг биш байтлаа бөөрөнхий, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд сэтгэгдлээр үлдээе.

Tuesday, August 5, 2008

Аав

Ороо морины ганган толгойд
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй
Олноос онцгой миний ааваа
Олондоо хүндтэй дуучин хүн байсан

Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн

Миний аав адуучин ч байсангүй, дуучин ч байсангүй. Гэсэн хэрнээ энэ дууг сонсохоор миний л аавыг хэлсэн юм шиг санагдаж нулимс өөрийн эрхгүй гарах юм. Санаж байгаа мөрүүд энэ. Энэ дууг бүтнээр нь мэдэх хүн байвал өгч туслаарай.

Дуучин байгаагүй ч сайхан дуулдаг хүн байлаа миний аав. Залуудаа багшийн дээдийн цахилгаан хөгмийн хамтлагт гитарчин байжээ. Бага байхад тухайн үедээ нэрд гарч байгаа дууг тоглож дуулдаг байв. Цайны цагаар гэртээ ирж цайлчихаад намуун сайхан хоолойгоор дуулж байгаад явдагсан. Нас ахиад ирэхдээ гитараа болиод ардын голдуу тэр дундаа уртын дуу эвлэг сайхан аялчихдаг болсонсон. Хаана яаж сурсаныг нь манайхны дунд мэдэх хүн байхгүй л болов уу.

Тааж болохгүй амьдралын жам гэж бодовч аавыг минь арай л эрт аваад явчихаа юу даа гэсэн гомдол салахгүй юмаа.

Friday, August 1, 2008

Дуулиан тарьсан эмүүд

Энэ долоо хоногт дуулиан тарьсан хоёр эм бий болсоныг зарлав. Эхнийх нь болох Alzheimer өвчнийг зогсоох чадалтай Rember гэгч эмийг английн судлаачид бүтээжээ. Дэлхийн хүн амын наслалт ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хурдацтай уртасч, насжих тусам өвчлөлтийн эрсдэл нэмэгдэх энэ өвчин олон орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлжээ. Өмнөд солонгост гэхэд л эрүүл мэндийн салбарт зарагдах төсвийн 50% нь энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн асаргаанд явдаг аж. Энэ өвчин чухам юунаас болж үүсдэг нь тогтоогдоогүй байгаа ч удмын болоод гадаад орчны хэд хэдэн хүчин зүйл нэрмээс болдог гэнэ. Rember эмийг туршсан 321 өвчтөний ой санамж 81% иар сайжирсаныг тэмдэглүүштэй амжилт хэмээн үзэж, энэ айхавтар өвчнийг эмчлэх найдвар төрлөө хэмээн олон орны эрдэмтэд үнэлжээ. Уг эм Alzheimer өвчний шинж тэмдэг болох мэдрэлийн эсүүдэд үүсдэг уургийн талст үүсэх явцыг зогсоох замаар өвчтөнүүдэд таатай нөлөө үзүүлдэг байна.

Дараагийн ололт нь америкийн судлаачдын бий болгосон биеийн хөдөлгөөний нөлөөг ихэсгэх чадвартай AICAR ба GW1516 гэсэн хоёр эм аж. Эдгээр эмийг туршсан хулганууд жирийн үеийнхээс 44% иар илүү хурдтай бас 77% иар удаан хугацаагаар гүйх чадвартай болдог гэнэ. Эм PPAR-delta гэсэн мастер генд үйлчлэх замаар бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд чихрийн шижин өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэх болно гэж тооцжээ. Хөдөлгөөн багатай над шиг улсад нэг их чармайлт гаргалгүй жин хасаж бас биеийн тамир хийдэг улсад илрэх таатай үр дүн гарах юм байна. Харин ийм эм худалдаанд гарвал хамгийн түрүүнд тамирчид хүч тамирын сэргээш болгон хэрэглэх магадлалтай учир олон судлаачид тийм ч таатай биш хүлээж авч байгаа аж. Ийм эм уусныг илрүүлэх тест аль хэдийн зохион бүтээчихсэн юм байхаа.

Энэ хоёр ажил анагаах ухаанд ямар ч гэсэн их том ололт юм. Ямар нэг эм бүтээхэд дор хаяж 6-9 жил зардаг гэж бодохоор олон хүний нөр их хөдөлмөр шүү.