Tuesday, July 25, 2017

Номын зар


Таргалалтын анатоми ном маань номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн шүү. Аз хур, Интерном, Мир дэлгүүрт байгаа. Дэлгүүрээс гадна 95520909, 99050702 утсаар захиалаад хотын төвөөс холгүй хүмүүст хүргэж өгч байгаа юм байна. АНУ-д суугаа хүмүүс сонирхвол энд цөөхөн хэдэн ном ирсэн batbayarkhulan@gmail.com хаягаар холбогдоод авч болно. За тэгээд уншаад янз бүрийн асуулт, сэтгэгдэл, шүүмж гараад тэрийгээ хуваалцвал маш их талархах болно. Алдаа онооноосоо сураад дараа дараагийн ажилдаа хэрэгжүүлье.

Saturday, July 15, 2017

Таргалалтын анатоми


Хоёр гурван жил таргалалтын тухай судалгаа, материал цуглуулж хялбаршуулан эвлүүлсэн ажлын үр дүн болох ном маань хэвлэгдэв. Докторын дараах сургалт хийсэн Кэмбрижийн Их Сургуулийн Бодисын солилцооны эмгэг судлах хүрээлэн ба Эдинбүргийн Их Сургуулийн Зүрх судасны эмгэг судлах хүрээлэнд таргалалт болоод бодисын солилцооны эмгэг судлалаар мэргэшсэн олон судлаачтай танилцаж, хамтарч ажиллаж байсан маань монгол хэл дээр таргалалтын талаар олон нийтэд судалгаанд тулгуурласан мэдээлэл хүргэчих юмсан гэсэн хүсэл төрүүлсэн юм. Ийм чиглэлийн мэргэшсэн хүрээлэнд ажиллана гэдэг бас салбарын тэргүүлэгч судлаачдын ажилтай хурал семинараар таарах тул их завшаантай сайхан хэрэг байлаа. Семинар, ярианд судалгааны нийтлэлд байхгүй хууч яриа бас таардаг нь сайхан.
Судалгааны талаар ном бичих, тоймлох төвөгтэй ажил юм. Бараг өдөр бүр шинэ судалгааны үр дүн хэвлэгдэж байдаг. Тэр хурдыг гүйцэхийн тулд бараг сар бүр тойм хэвлүүлэх шаардлага гарах байх. Гэхдээ таргалалтын тухай физиологийн ойлголтууд энэ талаар хийсэн гол судалгаануудыг багцаалаад оруулсан тул нэг их хоцрогдохгүй байхаа гэж найдаж байна. Энэ блогт байгаа зарим бичлэгүүд бас энэ номонд багтсан. Хэрэглэсэн материалынхаа товьёг анагаах болоод биологийн чиглэлээр сурч байгаа, сонирхдог судлаачдад хэрэг болох биз гээд ихэд чармайж нягтлан оруулахыг хичээсэн болно.
Ямар ч гэсэн дотно найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэй нэгэн ажлын ард гарсан. Чухам ямархуу үнэлгээ тавихыг уншигчид мэдэх бизээ.