Wednesday, June 17, 2009

The Bell Jar



Америкийн яруу найрагч, зохиолч Силвиа Плат (Sylvia Plath) өөрийн амьдралаас сэдэвлэж 1963 онд бичсэн энэ номыг хэдэн жилийн өмнө нэгэн танилынхаа ятгалгаар уншсан юм. Силвиа Плат өөрөө bipolar disorder гэсэн оноштой байсан бөгөөд ийм өвчтэй хүмүүсийн сэтгэхүй болоод эмчилгээний тухай сонирхолтой өгүүлсэн энэ номоо хэвлэгдээд сар орчим болж байхад амиа хорлосон юм.

Номын гол баатар Бостоны дагуул хотод амьдардаг Эстэр охин зуны амралтаараа Нью Иорк хотын нэртэй сэтгүүлд дадлага хийнэ. Их хотын амьдрал түүнд гайхалтай санагдах боловч сэтгэхүйн тэнцвэр муутай түүнийг гүнзгий хямралд оруулж амиа хорлох оролдлого хийдэг. Зохиогч 1953 онд тухайн үедээ нэрд гарсан сэтгүүлд бас дадлага хийж байжээ. Цаг үе нь эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, ажил эрхлэх жирийн үзэгдэл болох үетэй давхцаж байгаа юм. Эстэрийн хямралд хойшдын амьдралын тухай бодлууд (айлын эхнэр, ээж болох, эсвэл бие даасан чадалтай эмэгтэй байж чадах эсэх гээд) их нөлөөлсөн юм шиг бодогдсон.

Сэтгэл мэдрэлийн эмнэлэг, эмчилгээ, сэтгэлийн гүн хямралд орсон хүний бодол, тийм хүмүүс орчноо яаж хүлээж авдагийг дүрсэлсэн хэсгүүд сонирхолтой санагддаг. Хэдий нэг залуу эмэгтэйн түүний сэтгэлийн хямралыг дүрсэлсэн боловч нөгөө талаар эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, боловсролд хандах хандлага гээд олон нарийн асуудал хөндсөн зохиол болсон гэж боддог. Жишээ нь, Нью Иоркийн сэтгүүлд амжилтанд хүрэх итгэл найдвар бүхий охидуудыг цуглуулсан авч, цаагуураа та нар эмэгтэй хүмүүс, олон хөлийн газар гайгүй нөхөр олж авахыг сэтгүүлийн удирдлага зөвлөж байгаа нь цаагуураа тэднийг амжилтанд хүрнэ гэдэгт огт итгэхгүй байгаа мэт. Цалин өндөртэй, нөлөө бүхий ажлын байр эрчүүдийнх, энд байгаа боломжоо ашиглаад тийм эр олоод ав ч гэдэг юм уу. Охидууд нэртэй сургуулийн тэтглэлэг олж авахын тулд хөвгүүдээс илүү шаргуу ажиллах ёстой, шаргуу ажиллаад ч олдох боломж бас л тааруу. Ингээд бодохоор цаг үеийнхээ байдлыг сайн мэдэрсэн зохиол байж гэж бодогдсон.

Зохиогч эмнэлэг эмчийн нэрийг өөрчилсөн боловч болсон бүх үйл явдал бодит амьдрал дээр тулгуурласан юм байна лээ. Ямар ч гэсэн эмчилгээ номонд болоод бодит амьдралд амжилттай болж, эмчилгээний дараа Силвиа Кэмбрижийн их сургуульд Фулбрайтын тэтгэлэгээр суралцаж байхдаа нөхөр английн яруу найрагч Тэд Хьюстэй танилцжээ. Хайр сэтгэл түүнд ээлтэй хандсангүй, хэдэн жилийн дараа нөхөр нь түүнийг хоёр хүүхэдтэй нь орхиод өөр бүсгүйтэй ханилж, угаасаа амархан хямардаг Силвиа 1963 онд амиа хорлосон. Амьдралын ёжлол гэх үү тэрбээр өнгөрсөн хойноо тун хурдан нэрд гарсан юм.

2 comments:

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

Tagtaa said...

Sylviagiin tuhai bichjee. yaruu nairgiin huvid hamgiin shildeg tuurvil ni Arial...