
Дөрөв хүрэх гэж буй охин маань хэдэн хэлний дунд төөрөлдсөн үү үеийнхнээ бодвол орой хэлд орсон юмдаг. Хэлд орохын хажуугаар биеэ дааж сурах гээд хэрхэндээ түүртэж яваа юм хөөрхий. Хөөрхий гээд байсан бас хүний хөөрхийлж байгааг тэрүүхэндээ чадамгай далимдуулаад амжина. Орой болохоор хүний өвөрт яажшуухан орчихдог юм билээ гэж бодлоо уралдуулж, миний өрөөнд ийм тийм амьтан байна, айж байна гэх мэт шалтаг тоочно.
Нэг орой миний орон дотор могой явж байна гэж гомдоллов. Хаанаас даа охин минь, могой энд байхгүй шүү дээ гэж тайлбарлаад хөнжлийг нь сөхөж харуулав, орон доогуур нь шагайлгав. Маргааш нь харин
- ээжээ, миний орноос могойны шивэр үнэртээд байнаа гээд хошуугаа цорвойлгов.
Сургууль дээр нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тухай ярьж л дээ. Манай хүн ирсэнээ өөрийгөө заагаад би бол эмэгтэй, агаа бол эрэгтэй гээд их сүрхий. Би:
- Аав чинь? гэвэл
- Эрэгтэй гээд л их додигор хэлж байна.
- Би юу билээ гээд өөр лүүгээ заавал, над уруу нухацтай гэгч харсанаа:
- Та бол ээжээ шүү дээ. гэв.