
Юуны өмнө "Ажил ч жигдэрч байна даа" бичлэгээрээ хүмүүст буруу ойлголт өгсөндөө уучлал хүсэж тайлбар өгөх хэрэгтэй болох нь. Эндээс яваад гэр бүлийн хүнийхээ ажиллаж байгаа хот уруу нүүх тухайгаа бичсэн ухаантай. Тэгэхдээ зун амралтаараа харих тухайгаа бичсэн нь нутагтаа нүүх гэж байгаа мэт ойлголт төрүүлчихжээ. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг тийм өдөр хэзээ нэгэн цагт ирэх биз хэмээн билэгшээе. Зун харьж амарчихаад шинэ газар суурьших юм. Буруу ойлголт өгсөн бол уучлаарай.
Харин өнөөдөр ажил эрж байгаагийн хувьд ажлын зарын тухай хэдэн үг бичих гэсэн санаатай. Энд бас америкт ажлын зар үзэж байхад манайх хэн нэгнийг арьс өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага болоод хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхалгүй зөвхөн тухайн ажилд тохирох чадварыг харгалзаж авдаг "equal opportunity" тай байгууллага гэсэн жижиг тэмдэглэгээ бий. Их британид ажилд орох хүсэлтээ гаргахаас гадна дээрх асуудлуулыг хөндсөн асуултнуудад сайн дураараа хариулах боломжтой. Ингэснээр тухайн байгууллага хэн нэгнийг ажилд авахдаа ямар нэг байдлаар "equal opportunity" (тэгш эрх) зөрчөөгүй гэдгээ тайлагнах боломжтой болно. Хэрэв хэн нэгэн ямар нэг байдлаар гадуурхаж ажилд аваагүй гэж үзэж байвал гомдол гаргах эрхтэй.
Манай үндсэн хуульд ч гэсэн бас хэн нэгнийг арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага болоод шашин шүтлэгээр ялгаварлахгүй бүгд тэгш эрхтэй гэсэн заалт бий. Энэ заалт харин амьдралд хэр хэрэгждэг вэ? Сонингийн ажлын зар гарчиглавал ажил олгогчид нас, хүйс тэр байтугай өндрийн хэмжээ, царай зүс гээд бас бус юм заасан олонтаа харагдах юм. Жишээ нь ямар нэг байгууллагын даргын нарийн бичиг залуу, царайлаг, 170 см ээс дээш өндөртэй, галбир сайтай бас царайлаг байх хэрэгтэй гэх. Миний бодлоор ийм зар өгч ийм зарчмаар хүн ажилд авч байгаа байгууллага, хувь хүн Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж санагдаад байгаа юм. Яагаад чадвартай эрэгтэй, эсвэл нас тогтсон юм уу намхан хүн нарийн бичгийн ажил хийж чадахгүй гэж? Энд нөгөө талаар эмэгтэй хүнийг зүгээр нэг өрөөний чимэглэл мэт үзэж байгаа муухай үзэл цухалзаад байх шиг.
Өөр нэг жишээ, дээхнэ дээ манайх их хуралд суух эмэгтэйчүүдийн квот тогтоох гээд бас чадаагүй нь бас л бодох асуудлын нэг. Манай хүн амын лав талаас илүү нь эмэгтэй тэгсэн хэрнээ парламэнтэд арав хүрэхгүй эмэгтэй гишүүн бий. Улс орон гэж ярихаа больё гэхэд айл гэрийг ганцаараа авч яваа эмэгтэйчүүд олон хэрнээ тэр эмэгтэйчүүдийн төлөөлөл төр засагт байхгүй байгаа нь гажуудал гэмээр. Хуучинсаг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдагаараа нэртэй Афганистаны парламэнтийн гишүүдийн 30% нь эмэгтэйчүүд байгаа нь ичмээр биш гэж үү? Ээж, эмэгтэй хүнийг магтсан шүлэг дуу тоолж барахгүй олон мөртлөө тэднийг яагаад улс орноо удирдах ажлаас гадуурхаад байдаг нь ойлгомжгүй. Шинэ засаглал тогтсоноос хойших 20 жилд ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэг ч эмэгтэй хүн бодитой өрсөлдөгч байж чадсангүй. Үүнийг тийм чадалтай мундаг эмэгтэй байхгүйдээ биш сэтгэлгээний гажуудал гэмээр санагдаад байдаг юм.
Их британий парламэнтийн гишүүдийн 20% нь эмэгтэй. Өнгөрсөн нэг сард эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа хэмээн шүүмжлэгдээд цаашдаа эмэгтэйчүүдийн квот тогтоох тухай яригдаж буй. Руандагийн парламэнтийн гишүүдийн 56% хувь эмэгтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог бол Шведэд энэ тоо 45%, Данид 38% байдаг байна. Ардчилсан зарчим гэдэг засаглал хүн амын төлөөлөл байх ёстой гэдэг утгаараа хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь чухал. Ингээд бодохоор манай орон засаглалын түвшиндээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг орон болчихоод байгаа юм биш үү? Хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн асуудал ийм байхад цааш гарал үүсэл бэлгийн чиг хандлагын тухай ярихын ч арга байхгүй. Хэзээ манайх жинхэнэ утгаараа хүмүүний тэгш эрхийг хүндэтгэсэн улс болж чадах болоо?