
Анхны төлөвлөгөө Баянталд амьдардаг ээжийнхээ найзынд зочлоод цаашаа Хамарын хийд орох байлаа. Явахын өмнөхөн нэг танил маань хав халцгай Баянтал орж юу үзнэ гэж бодоов хэмээн шоглож билээ. Хотоос урагш жаахан яваад л газрын өнгө шаргал болж ирээд Баянтал дөхөхөд өвс ногоо гэх юм үлдсэнгүй. Хэзээ нэг цагт амьдрал буцалж байсан болов уу гэлтэй хаалга цонхгүй хэдэн угсармал байр, байсан барилгыг нураасны үлдэгдэл овоолсон тоосго, хэрзийж хоцорсон бетонон тулгуурууд хараад нээрээ наашаа дэмий ирэв үү дээ гэсэн бодол толгойд зурсxийв. Гундуухан саарал бүхнээс арай онцгой тод шар өнгөөр будсан байшингийн гадаа ирж зогсоод гэрийн эзэдтэй мэндлэх агшинд эвгүй сэтгэгдэл бүхэн оромгүй арилаад наашаа ирсэндээ ихэд олзуурхаж билээ.




Гэрийн эзэгтэй миний аав ээжийн нэг ангийн багын найз нүдээрээ инээмсэглэсэн гоё эгч байлаа. Цэргийн байгууллагад насаараа ажилласан нөхөр нь тэтгэвэрт гарахад нь оросын цэргийн нислэгийн бааз байсан энэ газар байшин хувьчилж өгсөнийг авч эндхийн айл болсон гэнэ. Саалийн цөөхөн хэдэн үнээтэй, зуу гаруй ямаатай өөрсдийнx нь тодорхойлсоноор болсоон илүү яахав гэсэн амьжаргаатай айл. Жижиг сажиг амь зуулгын юм бичээд байгаа нь тэдний амьдрах ур ухаан, ажилсаг чанарыг дурдах гээд байгаа ухаантай. Тэрүүхэндээ монголчилсон дотроо душтэй тохилог цэвэрхэн байшин, шилэн хүлэмж, хашаандаа тарьсан хэдэн мод, зүлэг (харамсалтай нь энэ жил тарьсан үрийг нь хорхой юу ч үгүй идчихсэн байсан) зүгээр суудаггүй, ажилсагийг нь илтгэнэ.
Цай буцлах зуур гэдэг шиг л хоол унд бэлэн болж ширээ тойрч тухлан суухдаа хүн өөрөө газар нутгаа тодорхойлох хамгийн чухал хэсэг юм уу даа гэсэн бодол төрсөн юм. Энэ жил миний явсан газруудаас хамгийн халуун дулаан дурдатгал тэнд л байсан нь энэ бодлыг батлах шиг.
Оросууд эндээс явахдаа баазаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэнэ. Дараагийн хэдэн жил нь засаг захиргааны хувьд Улаанбаатарын харьяа гээд тэрхэндээ хөл хөдөлгөөнтэй, дунд сургууль, цэцэрлэг эмнэлэгтэй, хүмүүст хийх ажилтай подхийсэн суурин байж. Яг хэдэн онд гэлээ дээ, Улаанбаатарын харьяанаас гарахад л ингээд эзгүйрчихсэн юм гэж эзэгтэй ярьж байсан. Нарийн ширийн учрыг би мэдэхгүй ч энэ их буруу шийдвэр байжээ.
Ээж аавын ангийн бас нэг "охин" Шаамараас ирж, тавь гарсан ангийн гурван "охидууд" эгээ л арван хэдтэн шиг инээдэм наргиан болох нь аялалын маань нэг чимэг. Ээжийгээ ингэж хөгжилтэй байхыг хараагүй удсанаа тэгэхэд л санав. Ирсэн зочиддоо зориулж гаргасан ямааны гэдэс, хорхог, гэрийн эзэгтэйн өөрөө дарсан кимчи, Шаамараас ирсэн эгчийн өөрөө ургуулж дарсан улаан байцаа, өргөст хэмх гээд амттан өрж байгаад ойр амьдрах нутгийн нөхдөө цуглуулаад тэр өдрийг сайхан өнгөрөөж билээ. Гэрийн эзэн хуучин маягаар "Уяхан замбуу тивийн наран" дуугаар дугараа эхлүүлэхэд сэтгэл тийм гэхийн аргагүй хөдөлж, Шаамарын эгч баргилдуухан хоолойгоор нүдээ хагас аньж, гараа энгэртээ аваад толгойгоо хоёр тийш үл ялиг ганхуулан дуулсан сайхан дуунууд сэтгэлд уянгалсан хэвээр. Тэрхэн үед бүгдийг мартаад энд үлдчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогсон.

Нутгийнхны шүтдэг Дархан уул

Голио их элбэг, том ч гэж жигтэйхэн хүүхдүүдийн сонирхолыг их татсан

Гэрийн эзэд ийм халуунд олон жаахан хүүxдүүдтэй Хамaрын хийд орно гэдэг зам мэдэхгүй та нарын хувьд хүндрэлтэй аялал болно, тэгсэнийхээ оронд бидэнтэй энүүхэнд Хэрлэнгийн хөвөөнд оч гэснээр аялалын төлөвлөгөө өөрчлөгдөж маргааш нь бид Хэрлэн голыг зорьсон юм.