Tuesday, September 14, 2010

Аяны богц 1-Баянтал



Анхны төлөвлөгөө Баянталд амьдардаг ээжийнхээ найзынд зочлоод цаашаа Хамарын хийд орох байлаа. Явахын өмнөхөн нэг танил маань хав халцгай Баянтал орж юу үзнэ гэж бодоов хэмээн шоглож билээ. Хотоос урагш жаахан яваад л газрын өнгө шаргал болж ирээд Баянтал дөхөхөд өвс ногоо гэх юм үлдсэнгүй. Хэзээ нэг цагт амьдрал буцалж байсан болов уу гэлтэй хаалга цонхгүй хэдэн угсармал байр, байсан барилгыг нураасны үлдэгдэл овоолсон тоосго, хэрзийж хоцорсон бетонон тулгуурууд хараад нээрээ наашаа дэмий ирэв үү дээ гэсэн бодол толгойд зурсxийв. Гундуухан саарал бүхнээс арай онцгой тод шар өнгөөр будсан байшингийн гадаа ирж зогсоод гэрийн эзэдтэй мэндлэх агшинд эвгүй сэтгэгдэл бүхэн оромгүй арилаад наашаа ирсэндээ ихэд олзуурхаж билээ.









Гэрийн эзэгтэй миний аав ээжийн нэг ангийн багын найз нүдээрээ инээмсэглэсэн гоё эгч байлаа. Цэргийн байгууллагад насаараа ажилласан нөхөр нь тэтгэвэрт гарахад нь оросын цэргийн нислэгийн бааз байсан энэ газар байшин хувьчилж өгсөнийг авч эндхийн айл болсон гэнэ. Саалийн цөөхөн хэдэн үнээтэй, зуу гаруй ямаатай өөрсдийнx нь тодорхойлсоноор болсоон илүү яахав гэсэн амьжаргаатай айл. Жижиг сажиг амь зуулгын юм бичээд байгаа нь тэдний амьдрах ур ухаан, ажилсаг чанарыг дурдах гээд байгаа ухаантай. Тэрүүхэндээ монголчилсон дотроо душтэй тохилог цэвэрхэн байшин, шилэн хүлэмж, хашаандаа тарьсан хэдэн мод, зүлэг (харамсалтай нь энэ жил тарьсан үрийг нь хорхой юу ч үгүй идчихсэн байсан) зүгээр суудаггүй, ажилсагийг нь илтгэнэ.
Цай буцлах зуур гэдэг шиг л хоол унд бэлэн болж ширээ тойрч тухлан суухдаа хүн өөрөө газар нутгаа тодорхойлох хамгийн чухал хэсэг юм уу даа гэсэн бодол төрсөн юм. Энэ жил миний явсан газруудаас хамгийн халуун дулаан дурдатгал тэнд л байсан нь энэ бодлыг батлах шиг.
Оросууд эндээс явахдаа баазаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэнэ. Дараагийн хэдэн жил нь засаг захиргааны хувьд Улаанбаатарын харьяа гээд тэрхэндээ хөл хөдөлгөөнтэй, дунд сургууль, цэцэрлэг эмнэлэгтэй, хүмүүст хийх ажилтай подхийсэн суурин байж. Яг хэдэн онд гэлээ дээ, Улаанбаатарын харьяанаас гарахад л ингээд эзгүйрчихсэн юм гэж эзэгтэй ярьж байсан. Нарийн ширийн учрыг би мэдэхгүй ч энэ их буруу шийдвэр байжээ.
Ээж аавын ангийн бас нэг "охин" Шаамараас ирж, тавь гарсан ангийн гурван "охидууд" эгээ л арван хэдтэн шиг инээдэм наргиан болох нь аялалын маань нэг чимэг. Ээжийгээ ингэж хөгжилтэй байхыг хараагүй удсанаа тэгэхэд л санав. Ирсэн зочиддоо зориулж гаргасан ямааны гэдэс, хорхог, гэрийн эзэгтэйн өөрөө дарсан кимчи, Шаамараас ирсэн эгчийн өөрөө ургуулж дарсан улаан байцаа, өргөст хэмх гээд амттан өрж байгаад ойр амьдрах нутгийн нөхдөө цуглуулаад тэр өдрийг сайхан өнгөрөөж билээ. Гэрийн эзэн хуучин маягаар "Уяхан замбуу тивийн наран" дуугаар дугараа эхлүүлэхэд сэтгэл тийм гэхийн аргагүй хөдөлж, Шаамарын эгч баргилдуухан хоолойгоор нүдээ хагас аньж, гараа энгэртээ аваад толгойгоо хоёр тийш үл ялиг ганхуулан дуулсан сайхан дуунууд сэтгэлд уянгалсан хэвээр. Тэрхэн үед бүгдийг мартаад энд үлдчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогсон.


Нутгийнхны шүтдэг Дархан уул


Голио их элбэг, том ч гэж жигтэйхэн хүүхдүүдийн сонирхолыг их татсан



Гэрийн эзэд ийм халуунд олон жаахан хүүxдүүдтэй Хамaрын хийд орно гэдэг зам мэдэхгүй та нарын хувьд хүндрэлтэй аялал болно, тэгсэнийхээ оронд бидэнтэй энүүхэнд Хэрлэнгийн хөвөөнд оч гэснээр аялалын төлөвлөгөө өөрчлөгдөж маргааш нь бид Хэрлэн голыг зорьсон юм.

9 comments:

Oogiinoo said...

Сайхан аялжээ бас сайхан бичжээ. Ингэж нэг бууриа эргэж аялах юмсан удахгүй дэээ удахгүй

Дeстини said...

Баянтал чинь цагаан тал юм байна. Эзгүй хоосон байх тусмаа улам уужим харагддаг газруудын нэг юм шиг. Чи ээжийгээ бас сайхан амраажээ.

Arsun said...

Сайхан аялжээ.
Баянтал: Эрдэнэтийн овоо, Оюутолгой, Төмөртэй гэдэгтэй харьцуулбал эрдэнэс агуулсан тал байхаа. Сүүлийн үед нинжа нар газар нутгийн нэрийг их сонждог болсон гээ биздээ.

Anonymous said...

hmmm ug ni zasaad avbal naad ongorhoi oron suutsnii barilguud shine ueiin barilgatai haritsuulahad yas saitai baigaa daa. haramsaltai yum daa. saihan zulegjuuleed hun amitan suurishuulah yumsan. end zugeer gazriig jaahan horsiig ni sendiilj baigaad l supergrow gedeg yumaar shursheel hedhen honogiin dotor zuleg urguulj baih yum. Mongold yadaj hot suurin gazartaa tegeed nogooruulah yumsaan.

ZAYA said...

Өөрөө дуулж наргиж байгаа юм шиг санагдлаа.
Гантай байна шүү,

ZAYA said...

Баян тал чинь аль аймгийн аль суманд вэ? Дорно говьд байна уу?

Ganga said...

Saihan amarchee. Hairan oron suutsni barilga! Udahgui balgas boloh ni. Ulaanbaatart baidag oron gergui hogni tsegt amidardag humuusees end ireed zasaad yanzlaad suuchihaasai bilee. Yamar ch gazar hudulmurch hun amidarch boldog gej unen shuu. Urgeljleliig huleesen...

peakfinder said...

Oogiinoo >>Үнэхээр сайхан байсаан, бууриа хурдан эргэхийн ерөөл тавья.
Дeстини >> Алсын бараа харна гэдэг их чухал, хүмүүсийн сэтгэхүй, ааш араншинд нөлөөлдөг байх гэж бодоод байгаа. Ээжийгээ амраах биш ээжийнхээ нүүрээр зугаалсан болж таараад байнаа.
Arsun >>Үнэн ч байж мэднэ. Гэрийн эзний яриснаар тэр хавьд газрын тос байх магалдал өндөр гэсэн (усны амт, шаврын найрлагаар мэддэг гэсэн байх шүү).
Anonymous >>Яахав болно л доо. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь амжиргаа дагаж суурьшдаг болохоор амь зуулгын асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу. Тэрнээс гадна цэцэрлэгжүүлэх зүлэгжүүлэхэд ус их хэрэгтэй. Миний бодлоор нутгийн уугуул ургамал (ус бага шаарддаг) таривал илүү үр дүнтэй байх болов уу гэж бодоод байгаа. Хамгийн гол нь бас хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байх. Жишээ нь би л гэхэд тасалгааны цэцэг ургуулж арчилж чаддаггүй хүн шүү дээ.
ZAYA >> Нээрээ сайхан найрлаж билээ. Бороо хур ховор зун болж байна гэж байсан. Энэ одоо Говьсүмбэртээ ордог юм болов уу даа.
Ganga >> Ажил олддог бол хүн суурьших нь дороо биз. УБ аас хоёрхон цаг давхиад орчихно, Төмөр замын дагуу, дэд бүтцийн хувьд бол боломжийн газар.

ZAYA said...

Шивээ-Овоо шиг санагдсиймаа.