Tuesday, May 24, 2011

Glasgow

Глазгоу хотод ирээд бараг жил болжээ. Оршин сууж байгаа нутгийнхаа тухай бичнэ гэж бодсон ч амжилгүй өдий хүрсэн байх юм, цаг хугацаа гэж хурдан юмаа даа. Глазгоу сая гаруй оршин суугчтай шотландын хамгийн том, харин Их Британий гурав дахь том хот (Лондон, Бирмингамын дараа жагсана) юм. Газар зүйн хувьд шотландын доод баруун эргийн бүсэд хамаарах (шотландын хойд хэсэг уулархаг дээд "Highland", төв ба өмнөд хэсэг нам дор доод "Lowland" гэж хуваагддаг) бөгөөд Клайд голын эрэг дээр оршдог. Түүх сөхвөл манай эрний 6-р зуунд энд хүмүүс суурьшиж байсан ба 10-11-р зуунд том хот болон өргөжиж, 15-зуунд Глазгоу их сургууль байгуулагдсан нь уг хотыг энэ бүсийн боловсрол, эдийн засаг, соёлын төв болон тэлэхэд түлхэц болжээ.

Глазгоу 18 зуунд Их Британий Атлантын далайн том боомт болсон нь Их Британий худалдаа эдийн засгийн том төв болгож, тухайн үедээ эзэнт гүрний хоёр дахь хот хэмээн өргөмжлөгдөж байжээ. Арван есдүгээр зууны эцэст Глазгоу хотын хүн ам нэг саяд хүрч хэмжээгээрээ Европт дөрөвдүгээрт (Лондон, Парис, Берлиний дараа) орж байв. Энэ үе бол Глазгоу хотын хөгжлийн оргил үе байсан гэж тооцдог. Хөгжил цэцэглэлтийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн хувьсгал байсан юм. Усан тээвэр (далай, гол), нүүрс олборлолт, хөлөг онгоцны үйлдвэр энэ хотыг Их Британий баян хотуудын нэг болоход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хөгжил урлаг, уран барилга, хотын өнгө төрхөд том хувь нэмэр оруулсан гэж үздэг. Хорьдугаар зууны эх Галзгоу хотын хөгжлийн оргил цэг байсан гэдэг утгаараа энэ үеийн хэв загвар бүхий уран барилга олон. Энд Глазгоу хотын уугуул Чарлс Рэнни МакКинтошийг заавал дурдах хэрэгтэй болох байх, яагаад гэвэл түүний уран бүтээлийн нөлөө энэ хотын өнгө төрхийн салшгүй хэсэг юм. Цаашлаад Жэймс Уатт, Уиллиам Кэлвин гээд физик, инженерийн салбарын аваргуудын амьдарч ажиллаж байсан хот гэдгийг дурдах нь зөв болов уу.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа хотын эдийн засгийн байдал доройтож эхэлсэн бөгөөд 1980 аад оныг хүртэл Глазгоу хотын эдийн засгийн нөлөө суларсан (нүүрсний хэрэглээ багассан, хөлөг онгоцны үйлдвэрлэл өртөг багатай газар уруу шилжсэн гэх мэт шалтгаанаас). Өнгөрсөн зууны наяад оноос банк болоод бизнесийн үйлчилгээний салбар түлхүү хөгжиж хотын эдийн засгийн байдал эрс дээшилсэн юм. Гэвч эдийн засгийн доройтлын үр дагавар өнөөг хүртэл гэмт хэрэг, ажилгүйдлийн хэлбэрээр үргэлжилсээр буй. Тэр утгаараа хотын нэр хүнд тааруу байдаг юм.

Миний хувьд нийтийн тээвэр, сургууль болоод эрүүл мэндийн үйлчилгээ сайтай, амьдрахад тун аятайхан газар гэж дүгнээд байгаа. Ямар ч гэсэн суугаа хотынхоо өнгө төрхийг тодорхойлсон хэдэн зураг орууллаа, болгооно уу.






















7 comments:

Бат-Эрдэнэ said...

Капитан Грантын хүүхдүүд дээр гардаг тээ? Шууд тэр зохиолыг уншдан байсан тухай дурсамж сэтгэлд бууж байна :)

Бат-Эрдэнэ said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Bayarlalaa. Baigaa gazriinhaa tuhai goyo post zaaval hiideg dee, ih l zavgui baigaa yum bolov uu gej bodoj bailaa.

ZAYA said...

Шууд зургийг нь гүйлгэж хараад, хуучны хот байна даа гэж санаад уншихад яг таарлаа.
Сайхан цэвэрхэн юмаа

Anonymous said...

Shotlanduud ooriin parlamenttai biluu?! 90-eed ond ted nar sanal ogood parlamenttei bolhiig demjisen geed sonin medee yavaad baisan. Skets hel her surchiina?! ;)

Barimalch

peakfinder said...

Бат-Эрдэнэ >> Tийм билүү, сайн санадаггүй ээ. Усан онгоц энд барьдаг байсан болохоор магадгүй л юм.
Anonymous>> Ажил холдчихоор чөлөөтэй цаг тун хомс болчих юмаа. Уг нь бичнэ гэж бодсон жагсаалт их урт, тухтай сууж амжихгүй л явна. Энэ шотланд нутаг бичих сонин ихтэй сайхан газар юмсан.
ZAYA >>Хэдий эртний ч гэлээ архитектурын хувьд их хуучинд орохгүй ээ. Эдинбүрг хажууд нь их хуучны маягийн хот шүү дээ. Энэ тухай бичихээр харьцуулаарай. Миний хувьд амьдрахад таатай хот гэж бодогдоод байдаг юм (цаг агаар тооцохгүй бол..).
Barimalch >> Шотланд өөрийн гэсэн парламэнттай. Өнгөрсөн сонгуулиар шотландын үндэсний нам олонх болж засгийн газар байгуулсан, энэ намын туйлын зорилго шотландын тусгаар тогтнол гэдэг. Тусгаарлах тухай олон нийтийн санал асуулга явах байх, гэхдээ хүн амын ихэнх нь тусгаар улс болохыг төдийлөн сонирхдоггүй гэсэн байх шүү.
Эндхийн аялагад дасаж чих онгойж л байна. Гэхдээ Глазгоу аялага их хэцүү заримдаа нэг ч үг ойлгохүй тохиолдол гарнаа. Толгой дохиод л өнгөрдөг ш дээ. Харин охин маань шотланд аялагатай ярьдаг болох шинжтэй. Зарим үгийг бол яг нутгийн аялагаар л авна шүү дээ.

Anonymous said...

Хэдийгээр тэнд очиж үзээгүй ч Шотланд нутгийг шотландчуудын талаар нэлээд сонсож байсныг хэлэх хэрэгтэй. Мел Гибсоны "Хатан зоригтон" киноны Вилльям Уоллесээр 90-ээд онд нийтээрээ өвчилж байсан юм байна. Шотландчуудын кильт хэмээх өмсгөл, манайхаар юу гэж нэрлэвэл дээр юм бол нөгөө алдартай олгой бүхий бигшүүр тэгээд мэдээж виски нь байна. Нээрээ манай компанийн захирал дээр үед Ронни Ламб гэж шотланд хүн байсан. Англиар нэлээд хатуу юм шиг аялгатай ярьдаг байсан. Жюль Верний алдарт "Ахмад Грантын хүүхдүүд" зохиолын "Дункан" хөлөг нь Глазго-д бүртгэлтэй, 90-ээд оны Европын нэлээд цахиур хагалдаг багуудын тоонд "Глазго Рейнжерс" ордог гээд л миний мэдэх Глазго болох шив.