Wednesday, September 14, 2011

Брүүж-Bruges



Белгийн Фландр (Flander) нутгийн хамгийн том хот, далайтай холбосон суваг нь "Умардын Венец" хэмээн алдаршуулжээ. МЭ-ий 4 дүгээр зууны үеэс үүх түүх нь эхлэх энэ хот дундад зууны үеийн хосгүй гоёмсог барилгаараа алдартай бөгөөд ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй хот гэнэ. Дундад зууны үед тухайн бүс нутгийнхаа худалдааны гол төв, хамгийн баян хотуудын нэг байсныг нь хотын өнгө төрх өнөө ч гэрчлэх аж. Эхлээд ноосон болоод даавуун эдлэл, арьс, нэхийгээр эхэлсэн худалдаа, цаашаа үнэт чулууных болон өргөжөөд өнгөрсөн зууныг хүртэл Брүүж очир эрдэнэ засдаг цөөхөн төвүүдийн нэг байсан гэх. 16-р зуунаас хотыг тэнгистэй холбосон суваг шавраар дүүрч эхэлсэн нь худалдаа наймаанд муугаар нөлөөлж, худалдааны төв гэсэн өргөмжлөл нь Антвэрп хот уруу шилжжээ. Магад чухам энэ доройтол Брүүж хот дундад зууны үеийн өнгө төрхөө хадгалж үлдэхэд нэмэр болсон болов уу гэж бодогдсон. Хүн уйдамхай амьтан хойно боломж нь байсан бол хуучин барилгуудаа нураагаад хэд дахин өөрчлөх байсан бизээ.
Яагаад энэ хотыг үзэх хүсэл төрсөнөө түрүүн энд дурдсан билээ.
Брүүж хотын хамгийн алдартай барилга 1240 онд баригдсан хонхот (Bellfry) цамхаг юм. 83 метр өндөр, цамхагийн оройд гарахад мушгирсан 366 гишгүүр бүхий шатаар авирдаг юм байна. Дундад зууны үед ийм өндөр хонхот цамхаг голдуу сүм хийдийн нэг хэсэг байдаг байсан бол энэ цамхаг шашны байгууллагаас тусдаа хотын захиргааны мэдлийнх гэнэ.



Хотын усан сувгаар завиар зугаалах их сонирхолтой, 30 орчим минутын аялал 6 орчим евро, тийм ч үнэтэй биш...




Брүүж ийм торон нэхээсээр алдартай.


Мэдээж шоколадгүйгээр Бельгийг төсөөлөх аргагүй. Хоёр алхаад л ийм шоколадны дэлгүүр таарна.


Ингээд түүх соёлын өвөө дээдэлж, бас амжиргаа болгон ашиглах энэ ухаанаас бид суралцмаар л байгаа юм.





Хотын захиргааны барилга..


2 comments:

Anonymous said...

Belgiig neg uzhed goy baihaa, gehdee interneteer belguud oorsdoo ulsaa ih shuumjilj doosh n hiideg yum bilee. Neg uchir baidag baih.

Barimalch

peakfinder said...

Barimalch>> Эднийх засгийн газаргүй их удаж байгаа ш дээ. Франц, фламандын зөрчил энэ тэрээсээ болдог юм шиг байгаа юм, гэхдээ амжиргаа нь улс төржөөгүй болохоор ингээд болоод л байх юм байна ш дээ.