Friday, May 4, 2012

Хэлмээр яримаар юм байх л юм...

Ингээд хэлчих юмсан гэсэн бодол юм уншиж байхад харваж орж ирсэнээ яг бичих гээд суухаар алга болчих нь хяслантай. Сүүлийн үед Энхбаярын баривчилгаа, Болорболд гэгч хүний вакцинжуулалттай зарласан дайн, Нямдоржийг огцруулах санал хураалт, Хүн судлалын хүрээлэнгийн захирал Батсуурь гуайн арай ч дээ гэмээр ярилцлага гээд илүү дуугарчихмаар олон л үйл явдал болж. Завтай болж байгаад тухтай бичье гээд бодоод байсан үйл явдал хуучраад бодож байсан маань мартагдаж эхлэх шив... Санаж байгаагаасаа хагас хугас дурдвал:

- X. Болорболд гэдэг эдийн засагч, судлаач гэв үү нэг ийм хүн баахан л вакцинжуулалт эсэргүүцсэн ярилцлага нэг хэсэг мэдээллийн сайт болгон дээр гарсан байх юм. Уул шугамандаа охидод гардасил вакцин хийж эхэлсэнтэй холбоотойгоор санал бодлоо хэлсэн бололтой юмаа. Аливаа шинэ эм хэрэглэх гэдэг заавал эрсдэл дагуулдаг, шинжлэх ухаан технологийн хөгжил ямар нэг дайвар үр дагаваргүй эм бүтээхэд арай л хүрээгүй байгаа юм. Тийм ч учраас энэ талаар бодолтой бас эрсдэл бол ашигтай талыг сайн харьцуулж бодох хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн талбар дээр тухайн салбарын мэргэжлийн хүн ярьж байх ёстой юм. Гардасил харьцангуй шинэ вакцин, дайвар үр дагавар бас халдвараас хамгаалах чадварыг үнэлэхэд бас цаг хугацаа хэрэгтэй байгаа нь үнэн. Харин гардасилаас болоод өвчин эмгэгтэй болсон эсвэл үхсэн хүмүүсийн тухай мэдээлэл интэрнэт Youtube-ээр дүүрэн байна хэмээн хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оролдсон нь тун тоогүй. Өнөө үед ямар ч хүн тиймэрхүү мэдээллийг интэрнэтэд тавих боломжтой, тийм мэдээ болгоныг үнэн гэж хүлээж авах бол хариуцлагагүй хэрэг. Тэр тусмаа олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол бүр ч болохгүй. Бодитой дүгнэлт хийе гэж байгаа бол мэргэжлийн сэтгүүлд тавьсан судалгааны нийтлэл хамгийн гол эх сурвалж байх ёстой юм. Энэ талаар сонин хэвлэлийнхэн ч гэсэн бодмоор. Эдийн засагч, улс төр судалдаг хүнээс вакцины талаар асууж ярилцлага аваад байдаг нь учир дутагдалтай. Тэр хүн санаа бодлоо хэлье гэсэн бол мэргэжлийн хүний санаа оноог дагуулж харьцуулж бас тавих хэрэгтэй юм л даа. За яахав Гардасил тийм байж тэгсэн нөгөө хүн чинь бүр ахиад вакцинжуулалтын хор уршигийн тухай дахиад баахан юм ярьж хэвлүүлсэн байвал яахав? Вакцинжуулалтыг эсэргүүцдэг хүмүүс бий. Гэхдээ тийм тэмцэл, хэл ам хүмүүсийин сэтгэл санаа үймүүлж, олон хор уршиг дагуулсан түүх зөндөө байдаг юм. Хамгийн тод жишээ нь гахайн хавдар, улаан бурхан, улаан эсэргэнийн эсрэг (MMR) гурвалсан вакцин аутизм үүсгэдэг гэсэн нийтлэл 1998 онд Их Британийн Лансэт сэтгүүлд хэвлэлгдэж шуугиан тарьсан юм. Уг ажлыг удирдаж хэвлүүлсэн Андрю Уэкфийлд хэмээх эмч уг нийтлэлийг 2004 онд буцааж татсанаар барахгүй, 2010 онд судалгааны ажлын ёс зүй зөрчиж, үр дүнгээ гуйвуулсан хэмээн шүүхийн шийдвэр гаргаж хүн эмчлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон юм. Энэ хүн вакцин үйлдвэрлэдэг эм зүйн компаниас мөнгө нэхэмжилж байсан бүлэг хүмүүсээс вакцины эсрэг мэдүүлэг өгөхдөө 400 гаруй мянган паундын хахууль авсан нь сүүлд илэрсэн гэдэг. За энэ хүн ч яахав, харин энэ шуугиан нийтийн эрүүл мэнд болоод, олон орны эдийн засагт нэлээд хохирол учруулсаныг энд дурдъя гэж бодлоо.
Энэ шуугианы улмаас уг гурвалсан вакцины хэрэглээ Их Британид 96% (1996) байснаас 2002 онд 84%, 2003 онд 61% болон буурсан бөгөөд 1998 онд улаан бурханаар өвчилсөн 56 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2006 он 449 болон өсчээ. Энэ хугацаанд 1 хүүхэд нас барж, 2 хүүхэд насан туршийн тархины гэмтэл авсан байна. 2005 онд гахайн хавдарын 5000 тохиолдол бүртгэгдсэн нь бас л вакцинжуулалтанд бүрэн хамрагдаж байсан үеийнхээс эрс өссөн байдаг. Бүрэн урдчилан сэргийлж болох өвчнөөс болоод насан туршдаа эрэмдэг болох, амь насаа алдах нь тун харамсмаар хэрэг шүү дээ.
Энэ шуугианы улмаас Италид 2003-2004 онд өвчний тохиолдол эрс өссөн бөгөөд үүний улмаас улсын эдийн засагт 17-22 сая еврогийн хохирол учирсан гэж үздэг юм байна.
Африкийн Нигери улсад вакцинжуулалтыг 2001 оноос зогсоосон бөгөөд жилд улаан бурханы 20000 тохиолдол бүртгэгдсэнээс зөхөн 2005 оны 1-5 сарын хооронд 600 хүүхэд энэ өвчнөөр нас барсан байдаг. Мөн энэ улсад дэлхийн халдварт саа өвчний тохиолдолын хагас нь бүртгэгддэг.

Өндөр хөгжилтэй орнуудаас япон улс ганцаараа дээрх гурвалсан вакцины хэрэглээг зогсоосон хэдий ч аутизмын өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь вакцин болоод аутизмын хооронд ямар нэг холбоо байхгүйг харуулсаар байгаа юм.
Аливааг муу сайн гэж хөндлөнгөөс хараад дүгнэх амархан, гэхдээ хэвлэл мэдээллийн талбар ашиглаад өөрийн сайн мэдэхгүй зүйлээр ийм том дүгнэлт хийж олон нийтийг төөрөгдүүлэх нь ёс зүйд таарахгүй Нөгөө талаар ийм хариуцлагагүй мэдээнээс болоод өвчлөл ихсэх улмаар нялх балчир үрсийн амь нас хохирвол хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
Анагаах ухааны судалгаа хийдэг, судлаачийн хувьд вацкинжуулалт бол анагаах ухааны түүхэн дэх хамгийн том амжилтын нэг гэдгийг онцлон хэлмээр байна. Энгийн тоо баримт дурдвал: АНУ-д төрсөн хүүхэд болгоныг бүрэн вакцинжуулж чадвал нярайгаас өсвөр насны 33000 хүүхдийн амийг аварч, 14 сая халдварын тохиолдлоос сэргийлэх юм гэсэн байдаг. Бодууштай л баримт.

Болорболд гэгч эрхэм вакцин хийлгэснээр хүүхдийн дархлаа суларч байна, халдварт өвчин тусах бараг сайн дархлаа сайжирдаг гэж ташаарсан байх юм. Хүн халдвар авахад хүний цусны цагаан бөөм тухайн өвчин үүсгэгч нян, вирусны бүтцийг тогтоодог. Дараа нь тухайн өвчин үүсгэгч таарвал тун хурдан эсэрцүүцэж дарах чадвартай болдог. Вакцин болохоор хүнийг өвчлүүлэхгүйгээр ийм дархлаа суулгаж өгдөг тэгэхээр дархлаа сулруулдаг энэ тэр гээд хаа хамаагүй юм яриад байдаг нь буруу. MMR гурвалсан вакцин, халдварт саа, хөхүүл ханиалга гээд нэлээд олон өвчний вакцин тун үр дүнтэй. Харин ДОХ, сүрьеэгийн сайн вакцин хараахан гараагүй байгаа. Энэ нь тухайн өвчин үүсгэгч нян, вирусны бүтэц, бас удмын мэдээллээ хурдан өөрчилдөг шинж чанартай холбоотой. Цаад нарийн ширийнийг нь мэдэхгүй байж холион бантан хутгасан юм ярьж бичиж, тэрнийг нь бас хэвлэн тараадаг улс болимоороо.


Нэг мэдсэн зөндөө сунжирсан бичлэг болж, бусад асуудлын талаар дараа заваараа бичнээ.

6 comments:

Anonymous said...

Neg talaar arggui vaktsinaas bolj delhiin hun am 100 jiliin dotor 6 dahin osson baih.

Manaid hevlliin hyanalt 0 esvel -10% tuvshind baij magadgui l dee.

naraa said...

Нээрэн вакцин гэснээс энд ирснээс хойш сургууль цэцэрлэг нь хүүхдийнхээ вакцины мэдээллийг өг гээд. Тэгээд би чадах ядахаараа орчууллаа л даа. Тэгсэн чинь Сахуу Татран Хөхүүл ханиадны гуравч вакцины нэрийг хайгаад явж байсан чинь япон сайт дээр гахайн хавдар улаанууд нэг нь бас нэг түгээмэл халдварт өвчний нэртэй вакцин болж гарч ирээд байсан. Тэгээд би бүр эргэлзээд орчуулж чадахгүй зогсчихоод байгаан. Хэрвээ та боломжтой бол монголд хүүхдүүдэд хийгддэг вакцинуудын олон улсын нэршлийг олж өгөөч. Бас улаан эсэргэнэ, улаанууд, бидний ярьдгаар коор гэдэг чинь өөр өөр өвчнүүд үү?Халдварт саагийн вакцин чинь таны дурьдсан MMR уу? Гадаадад явахаар хүүхдийнхээ вакцин өвчний түүхийг орчуулах гэж бөөн юм болох юмаа.

Gavaa Lkhava said...

yuu we? mergejliin bus hun iim mergejliin nariin shiriin zuiliin tuhai olon niited ingej yarij bolohgu sh dee.

ZAYA said...

Манай хэвлэл мэдээлэлд бас их учир байнаа, худлаа үнэн хамаагүй тууж байдаг. Эцсийн эцэст ард нь уншигч нь хохирогч болоод байгааг ойлгохгүй.
Бас тэгээд их улс төрд дуртай, юм л бол УИХ-н гишүүн болох гээд үзээд алдчихна.
Уучилаарай, сэдвээс жаахан хальтирчихлаа.

ZAYA said...

Зөв мэдээлэл ховор юм доо, би бас санаа зовоод л байгаам.
Гадуур дэд сайд охиндоо вакцин хийлгэлээ гэсэн мэдээлэл байхаар өөрөө шахаж байгаа юм чинь... гээд асуудлыг хүндрүүлчих юм.
Зүй нь, дэд сайд охиноо тариулна уу байна уу? хэнд хамаатай юм бэ? гол нь зөв, цэгцтэй, энгийн хүнд ойлгогдох тайлбар мэдээлэл хэрэгтэй байна ш дээ.

peakfinder said...

Anonymous>> тэр үнэн шүү.
naraa >>
Өвчний нэрний асуудал хэцүү, яг тогтсон орчуулга ховор. MMR гахайн хавдар, улаан бурхан, улаанууд (улаан эсэргэнэ) ий эсрэг вакцин. Коор чинь улаанууд, улаан эсэргэнэ мөн юм шиг байгаа юм. Халдварт саа чинь polio.
Gavaa Lkhava>>Санаа нийлж байнаа...
ZAYA>>Ер нь олон нийтэд хүргэх мэдээлэлд анхаарах цаг болсон байхоо. Манайд вакцин бүтээх, эм хийх эрдэм шинжилгээний ажилтнууд бий шүү дээ. Тэд нар л уг нь санаа оноогоо хэлж байх ёстой юм. Харамсалтай нь нэртэй генетикч гэх хүмүүс нь монгол хүний ген бусдаас илүү гэх мэт галзуу солиотой юм ярьж л сонинд гарах юм байна шүү дээ.
Англи хэлтэй хүмүүс бол харин интэрнэтээр мэдээлэл авах чөлөөтэй шүү дээ (YouTube бол зөв эх үүсвэр биш..)