Thursday, April 2, 2015

Логиктой тайлбар байна уу та минь ээ?

Бурхан Халдунд гарахыг завдсан хэдэн өвөрлөгчдийн дуулиан тэр бүр сонирхож байгаагүйг бодогдуулав. Би бол шүтлэггүй хүн, багадаа шашны боловсрол олж байгаагүйнх дараа нь мэрэгжил эзэмшсэн хойно шашин шүтлэг миний итгэл үнэмшилтэй зөрчилдөөд байдаг юм. Гэхдээ бусдын шүтэх эрх, шүтлэгийг хүндэтгэдэг тийм ч учраас гарч болдоггүй уул овоо уруу нь гарах гээд зүтгээд байдаггүй. Интэрнэтээр энэ тухай хүмүүсийн бодол санааг харж байхад хоёр хуваагдсан байдалтай. Нэг хэсэг нь Чингис хааны зарлиг учраас эмэгтэй хүн ба харийн хүн энэ ууланд гарч болохгүй гэнэ. Нөгөө хэсэг нь орчин үеийн нийгэмд яс үндэс, хүйсээр ялгаварлах нь буруу, энэ уламжлал орчин үеийн хуультай хөл нийлэхгүй байна гэж үзжээ. Эхний хэсэг өвөрөгчдийг сөгдүүлсэн арга буруу ч зөв санаатай улс гэж дүгнэсэн байхад дараачийн хэсэг зүгээр л танхай балмад хүмүүс гэж дүгнэж. Эндээс хараад аль аль талынсанаанд нийцүүлчих шийдэл байж болох уу гэж баахан бодлоо.

Манайд зөвхөн Бурхан Халдун ч биш ер нь эмэгтэйчүүд гарах хориотой гэсэн уул овоо олон л доо. Чухам яагаад гэдгийн тайлбар их бүдэг бадаг. Сая хүмүүсийн маргааныг сонсож байхад хэд хэдэн тайлбар дурдагдсаныг өөрийн бодолтойгоо сийрүүлбэл:

1. Тахилгатай уул овоон гарах эмэгтэй хүний биенд муу
- Хүмүүсийг айлгах гэсэн санаа байх. Саудын Арабын том лам хүн эмэгтэй хүн машин барих өндгөвчинд нь муу гэж дуулиан тарьж байсныг санах хүн байгаа л байх. Ямар ч гэсэн итгэхэд бэрх тайлбар. Батлахын тулд эмэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн том судалгаа хийх хэрэгтэй байх.
2. Дээр үед хаад ноёд гадаад эхнэртэй байсан учир нууцаа ууланд гарч ярих гэж ийм дүрэм зохиосон.
- Логикийн хувьд байж болох хувилбар. Тийм бол энэ дүрэм өнөөдөр шаардлагагүй болсон байна гэдгийг анхаарах нь зүйтэй. Тухайн цаг үед хэрэгтэй байсан дүрэм одоо хэрэггүй болсон учир өөрчилж болмоор.
3. Эмэгтэй хүн гарвал тахилгатай уул бузартана.
- Энэ нөгөө мухар сүсгийн асуудал байх даа. Эмэгтэй эрэгтэй хүмүүс хүн төрөлөхтөний түүхэнд зэрэгцэж оршсоор ирсэн. Эмэгтэй хүн эр хүнээс илүү бузартай гэдэг санааг ойлгодоггүй. Эрт дээр үед олон нийгэмд ийм үзэл байсан л юм билээ. Тэрийгээ голдуу эмэгтэй хүний сарын тэмдэгтэй холбож тайлбарладаг. Жирэмсэн болоогүй шинж учраас шийтгэж байсан нь тэр юм болов уу тээ. Энэ миний хувьд хамгийн логикгүй тайлбар.
4. Ноднин тахилгатай ууланд гарсан эмэгтэй хүний дотуур хувцас лефчик хаяцан байсан.
- Эмэгтэй хүн болгон явсан газар болгондоо хувцасаа тайлж хаяад байдаггүй биз дээ? Надад харин энийг их энгийнээр тайлбарлаж болох юм шиг. Санаатайгаар эмэгтэйчүүдийн муу муухайг харуулах гэсэн оролдлого байх. Ууланд гараад хог новш хаядаг эрчүүд байж л байгаа ш дээ. Үнэхээр муу хүн байгаад тэгсэн байг, тэгвэл зөвхөн энэ хүний үйлдлээр бүх эмэгтэйчүүдийг хэмжиж болох уу?

За өөр мэддэг тайлбар энэ тэр байвал сэтгэгдлээр үлдээгээрэй. Миний бoдолоор зөв тайлбарыг нягталж хэлэлцээд орчин үеийн хуулинд таарсан дүрэм журам хийж болно гэж үзээд байгаа. Үнэхээр гадныхан тийм эмзэг сэдэв бол онгоцны буудал зочид буудлуудад энэ тухай аятайхан тайлбарласан товхимол хэвлээд тарааж болно. Бусдын уламжлалыг хүндэтгэх нь соёлтой хүмүүсийн шинж, мэдээлэл сайн байхад заавал тийш авиръя гэж зүтгэх хүн гарахгүй л байх. Тэрнээс мэдээгүй нэгнийг барьж авч бах таваа хангах бол дэмий л юм.
Тэгээд дүрэм журам гардаг юм бол бүгдэд хүртээлтэй баймаар. Яагаав Бурхан Халдунаас шороо авчирсан тул төрийн өргөөнд гал асаахад эмэгтэй гишүүд орж болохгүй гээд байснаа даа? Дараа нь Тайландын ерөнхий сайд эмэгтэй ирээд ороод бүр гал хүртэл асаагаад байсан. Тийм шог дүрэм бол хэрэггүй. Ингэх юм бол хэн ч дагaж мөрдөхгүй ш дээ. Хөөрхий энэ талаар дуугарсан Занаа гуай л баахан муугаараа дуудуулаа биз дээ. Сэтгэлийн хөөрлөөр биш хуульч түүхчид нь сайн судалж байгаа ийм байж болох юм гээд санаачлага гаргахад юу нь болохгүй гэж.
Дараагийн асуудал тэр харийн гээд байгаа нь чухам хэнд хүртээлтэй вэ? Монгол хүн гэдгийг монгол пасспорт нотлох уу? Эсвэл монгол угсаатан байх юм уу? Монгол угсаатан гэвэл өвөрмoнгoлчүүд орох юм биш үү? Халимагийн Илюмжинов ирээд Бурхан Халдунд гарсан л гэдэг тэр өвөр монголчуудаас илүү монгол хүн үү? Энийг хэн тогтоох юм бэ? Үнэхээр тийм бол тэр журмандаа заагаад өгөх хэрэгтэй ш дээ, халимаг хүн болно, өвөр монгол болохгүй гээд. Инээдтэй харагдах байх даа.

Олон оронд янз бүрийн уламжлал байдаг даа. Манайх ийм түүхтэй улс юмаа ингээд ийм уламжлалтай болсон юмаа гээд. Тэр тайлбар нь логиктой бол сонин сайхан. Харин эмэгтэй хүн уул бузарлах учир гардаггүй гэхээр тийм л юм. Нөгөө талаар нэг ийм хууль баталчихсан чинь гарал үүсэл, хүйсээр ялгаварлахгүй гэсэн үндсэн хуультай зөрчилдөөд байвал яах вэ?
Эртний уламжлалаа хамгаалахын тулд хүмүүнлэг тэгш эрхтэй нийгмээс ухрах уу? Тийм улсууд байж л байна. Миний бодлоор эмэгтэйчүүдийн эрхийг сайн баталгаажуулж чадсан улс орнууд баян бөгөөд сайхан амьдралтай харагдах юм байна ш дээ. Тод жишээ нь скандинавийн орнууд. Эртний уламжлалаа сахиж суугаанууд нь ямархууг харж л байгаа байх. Афганистан, Пакистан гээд. Тэгэхээр бид аль замаар явахаа сонгох хэрэгтэй л болох юм байна даа.
Хэрвээ сонгох цаг өнөөдөр бол та аль замыг сонгох вэ?

7 comments:

Piglet said...

Санал нэг байнаа, ингэж сүйд болж туйлшрах асуудал биш л баймаар юм. Манайх ер нь их учир битүүлэг ёс дэгтэй ч юм шиг. Болохгүй, хориотой цээртэй л гэнэ яг ямар учраас яагаад гэдэг нь ихэнхдээ бүрхэг. Дээрээс нь олон жил суурин байж л тодорхой нөхцөл шалтгааныг мэдэх боломжтой асуудлыг ирээд удаагүй болоод гадныханд хэн ч тайлбарлаж өгдөггүй, тэгчихээд ийм юм мэдсэнгүй барьсангүй гээд байдаг нь учир дутагдалтай.

Barimalch said...

Evrop dayar odoo olon myangan sumuudiig hun orohoo bolison geed aguulah oron suutsnii baishin bolgood baina. Yopond gehed 1200 orchim huuramch shashinii bulegleluud baidag gesen. Manaid shashing neg ingej bohirloj shutej baigaad udahgui eruul uhaantai heseg n diilj edgeer ul buteh buddiin, hristiin zavaan sumnuudiig aguulah pc togloomnii gazar bolgono baih gej naidaj baina.

Сүрэн said...

Зөв сэдэв хөнджээ. Тайвнаар, туйлшрахгүйгээр нэг тийш шийдэх хэрэгтэй шүү. Би энэ хоригийг бөө мөргөл, тухайн уулын эзэн савдагтай холбож ойлгож байлаа... үүнд логик тайлбар гэхдээ байхгүй л болов уу. Байгалиас хол, хотод амьдарч байгаа хүмүүст логикоор тайлбарлана гэдэг юу л бол... хөдөө, сүрлэг сайхан хангай, хээр газар ядаж нэг жил амьдрахад нэг тийм мэдрэмж бий болно, даанч тооны хичээл биш учир нэг, хоёр, гурав гээд гаргалгаа хийгээд "батлах" хэцүү л дээ

Anonymous said...

Uuchlaarai tas hundlun yum yarisand. Shine unshigch bna. Bodvol ene olon post dotor TOEFL GRE ugch bn tuhai bgaa bh. Bi bur haigaad oldoggui ee? hehe ymar hesegt ni bgaa ve?

peakfinder said...

Piglet>>Сайн тайлбар л уламжлал цагийн шалгуур давах эсэхийг шийдэх байх. Ялангуяа өнөөдөр хүн амын олонх нь хот суурин газар амьдарч байгаа нь энэ улам чухал болохыг онцолж байх шиг.
Barimalch>> Хориотой байгаад болдог болохоор нэг хэсэг бужигнадаг нь жам юм уу даа. Нөгөө суурь шашинлаг хүмүүжил байхгүй улс чинь өнгөц шүтээд бүр алинг нь алдуулдаг байх.
Сүрэн>> Хөгшчүүл тэгэж тайлбарладаг байсаан. Гэхдээ лус савдаг яагаад эмэгтэй хүнд дургүй юм бол гэж бодож байв уу? Надад тэгэж бодогддог. Уламжлалаа хамгаалъя гэвэл сайн ухуулж сайн тайлбарлах л хэрэгтэй байх. Цагийн шалгуур өнөө олонх нь хот суурин газар амьдрач байгаагаар илэрч байна уу? Энэ цагт яаж авч үлдэх вэ?
Anon>> TOEFL, GRE өгөх тухай бичээгүй юм байна. Яг тодорхой асуулт байвал хариу бичиж болно.

Сүрэн said...

Харин тийм ээ, сайн ухуулж тайлбарлаж, ардын аман зохиол, домог яриа сайн уншуулах хэрэгтэй байх. Хотжих процесс ихсэх тусам энэ асуудал улам ноцтой болж ирнэ болов уу.

Ондоо оронтой ийм асуудлыг жиших хэрэггүй байх, гэхдээ Японд бас иймэрхүү уул байдаг. Бараг бүх юм нь орчин цагийн техник технологи болсон, улс ард нь 100% боловсролтой, мухар сүсэгт автдаггүй ч газар газрын иймэрхүү уламжлалаа хадгалж чаддагийг нь миний хүндэтгэж бас биширдэг чанар.

"Лус савдаг яагаад эмэгтэй хүнд дургүй юм" гэдэг талаас нээрээ бодож байгаагүй юм байна. Миний ойлгосноор иймэрхүү хориг цээр цаагуураа эмэгтэй хүнийг хамгаалах үүрэг давхар агуулж байдаг мэт. Харин дээр үед "хамгаалах хэрэгтэй" гэж үзсэний улмаас бий болгосон хориг орчин цагт хэр ач холбогдолтой вэ гэдэг асуулт мэдээжийн хэрэг урган гарна л даа...

Anonymous said...

Эрт үед овоо тахихын хажуугаар эрчүүд /жаахан забараагүй байсан юмуу даа/ цугларч өөрсдийн нуугдмал хүүхдүүдээ мэдэлцдэг газар байсан гэж дуулсан. Суурин газар болгоны ойролцоо эмэгтэй хүн гарч болохгүй газар гэж байхыг бодоход үнэн ч байж болох.